( өргөөнд хэрэгтэй нийтлэл оруулж өгсөн Пагмажав Очиртой баярлалаа)
C. Дулам.
Юуны өмнө энэхүү бодролыг “Өдрийн сонин”-д (2011. 12. 24, Бямба, № 309) хэвлэгдсэн цагаас нь хойш болон шавь нар маань блогтоо тавьж, түүнээс улбаалан онлайнаар түгсэн цагаас хойш санаанд оромгүй сонин сайхан санал бодол бичигдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн бичих ёстой юм байна гэж үзлээ. Санал бодлоо илгээсэн хүн бүрт гүнээ талархаж байна.
Юуны өмнө энэхүү бодролыг “Өдрийн сонин”-д (2011. 12. 24, Бямба, № 309) хэвлэгдсэн цагаас нь хойш болон шавь нар маань блогтоо тавьж, түүнээс улбаалан онлайнаар түгсэн цагаас хойш санаанд оромгүй сонин сайхан санал бодол бичигдсэнийг үндэслэн үргэлжлүүлэн бичих ёстой юм байна гэж үзлээ. Санал бодлоо илгээсэн хүн бүрт гүнээ талархаж байна.
Чингэхдээ эхлээд энэхүү бодролыг бичсэн учир шалтгаанаа дурдан гаргах нь зүйтэй гэж үзлээ. Сүүлийн хорин жилд дэлхий дахинд болон манай оронд болсон үйл явдал, өөрчлөлтөд хувь бодгалийн хувьд нэг их сочиж хэлмэсэн зүйлгүй гэдгээ цохон тэмдэглэе. Мэдээж хэрэг миний амьдралын дөч орчим жил нь хуучин соц нийгмийн дунд өнгөрсөн боловч энэ өөрчлөлтийг оюун санаагаараа хүлээн авах бүрэн бэлтгэлтэй байсан маань 1985-аас 1987 оныг дуустал Парисын хэл, иргэншлийн дээд сургуульд гурван жил багшилж, өрнөдийн соёл иргэншил, түүний үнэт зүйлстэй болон техник, технологийн ололттой аль хэдийнээ танилцаж, франц хэлийг шамдан сурч, бүх мэдээллийг олж авах боломжтой байсантай маань холбоотой билээ.
Парисын хаяа хот Нантеррт байдаг угсаатан судлал, социологийн лабо-д нэрт эрдэмтэн, профессор Роберт Амайоны багтай хамтран Монгол-Франц толь зохиоход нь тусалж, Монголд огт сураггүй байсан, хазсан алимын ялгац тэмдэгтэй, тэнд нь үндэслэгч Стив Жобсын хажуугийн галбир (profile) харагддаг “Apple” компанийн “Макинтош” компьютер дээр ажилладаг байсансан. Монголд ирсэн хойноо ч энэ компанийн анхны загварын зөөврийн нөүтбүүкээр ажиллаж, одоо дөрөвдэх компьютерээ элээгээд сууж байна.
Хамгийн гол нь монгол утга соёлоо судлан сурвалжлах, тайлан тайлбарлахыг нэгэн насны маань дуудлагат үйл хэрэг хэмээн мэдэрч, өрнөдийнхөн “нийгэм, соёлын хүн судлал” (Social and Cultural Anthropology) хэмээн нэрлэдэг энэ салбарт олон жил ажиллалаа. Тэгээд энэ мэргэжлийнхээ буянаар өрнө, дорнын олон оронд уригдаж, олон улсын хурал, симпозиумд тогтмол оролцдог, урт богино хугацаагаар лекц уншдаг маань газар газрын их, дээд сургуулийн багш, профессорууд, эрдэм шинжилгээний шилдэг ажилтан, тухайн мэргэжилдээ шинжээчийн зэргэмжид хүрсэн (expert) хүмүүстэй уулзуулж, танилцуулж, үргэлжид шинэ сэргэг бодол, сэтгэлгээ, мэдээлэл авах аз завшааныг бүрдүүлсэн юм.
Одоо ч гэсэн Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуульд, тэр дундаа Юнескогийн түүх, соёлын төлөөлөгчийн газрын анхны зочин профессороор уригдан лекц уншиж байна. Энэ маань бас хувийн аж амьдралд ч их нэмэр нөөлөгтэй, дунджаас дээш амьдралтай явахад маань нөлөөлсөн гэж боддог (ямар хөрөнгө орлогын мэдүүлгээ бичилтэй нь биш). Тэгэхлээр би цагийн цавиргаан, төрийн төвөргөөнд, аж амьдрал, оюун санаагаараа хохирч уруудангаа, гутранги үзэлтэй болчихоод энэ бүхнийг бичсэн юм биш. Тэгээд дээр нь орчин цагийн дэлхийн түгээмэл гурван хэл англи, орос, францаар бүх мэдээллээ олж аваад, дэлхийн газар бүрийн анд нөхөдтэйгөө харилцдаг нэгэн. Ингэхлээр энэ эрин цагийнхаа нүргээнд барьц алдаад, түүртээд байсан юм алга.
Гэвч миний хувийн аж амьдрал хэчнээн сайн сайхан байх нь яахав, гэрээс гаруут нүдний өмнө тохиолдож байгаа бодтой байдал, энэ нь тэгээд дэлхий дэхиний (global) шинжтэй байгаа нь эмзэглэл төрүүлж, хувийн харилцаатай дотоод, гадаад оюунлаг анд нөхдийнхөө санал бодлыг байнга сонсч, харилцан ярилцдаг маань энэ асуудлыг эргэцүүлэн бясалгахад хүргэж, сүүлдээ үзэг цаас нийлүүлэхээс аргагүй болсон билээ. Хэрэггүй юм хийсэн бол үүнээс хэрэггүй юм хийдэг хүн алийг тэр гэхэв. Хэрэгтэй юм байсан бол дэмий алмайрч суугаад алдчихна гэх үү дээ (За, ямар СV-гээ бичилтэй нь биш). “Харанхуй байна” гэж орилохын оронд нэг ч гэсэн гэгээ гаргах гэсэн л хэрэг.
Энэхүү бодролоо “пост-постмодерн” хэмээн нэрлэсний учир нь 1970-аад оны үеэс эрч хүчээ авсан постмодернизмын өгөөжийг бид хүртдэгээ хүртээд, зарим үндэслэлүүд нь цаашид саад тотгор учруулж мэдэхээр төлөвтэй болсон тул түүний дараагийн сэтгэлгээ хэрэгтэй боллоо гэсэн санаагаар ийнхүү нэрлэсэн билээ. Хамгийн наад зах нь постмодернизмын нэгэн гол төлөөлөгч Жан-Франсуа Лиотарын “Постмодерн нөхцөл байдал: Мэдлэгийн тухай тайлан” хэмээх тулгуур бүтээлд “мэдлэг заавал үнэн байх албагүй” гэснээс ямар нэгэн хэмжээгээр үүдэлтэй, ерөөсөө ч постмодерн нийгэмд хуурмаг мэдлэг, мэдээллийн орчин нөмөрч, хүмүүний аж төрөл, хувь заяаг сүйтгэх төлөвтэй болсонд эмзэглэж, үнэн мэдлэг, мэдээллийн төлөө эрмэлзэх чин санаагаа эрэлхийлж байгаа маань энэ нэгэн жишээ болох юм.
Хүмүүн төрөлхтөн хэдүй хэр төөрөгдөн буйг хэлж заадаг хүн нь би биш боловч ямар ч байсан төөрөлдөөд байгааг нь харин бага сага гадарлахын эрхэнд, юунд төөрөлдөөд байгаа юм гэсэн асуултанд “мөнгөний шашинд” гэж эхлээд товчхоноор хариулъя. Тэгвэл яг эсрэгээр үнэн мэдлэг (энэ нь заавал шинжлэх ухааных ч байх албагүй), мэдээлэл нь урьд өмнө бидний мэдэх бүх баялгаас (алт эрдэнэс, орд харш, үйлдвэр уурхай, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгө төгрөг, үнэт цаас өөр юу байдаг юм) эрхэм баялаг, хүмүүний орших, эсэхийг шийдэх үнэ цэнтэй баялаг, амь амьдралын маань авралын од гэдгийг хэлье.
Энэ байдлаас гарах гарц, эцсийн шийдэл нь юу вэ гэсэн асуултыг хүмүүс тавьсан байна. Үүнд маш олон талтай хариулт байж болох бөгөөд өөрийн санаж сэрсэн зүйлээс заримыг нь хуваалцъя. Эхлээд хүмүүн төрөлхтөнд нийтэд нь хамаатай асуудлаас эхэлбэл, бид эхлээд бүх үнэнийг биш юмаа гэхэд зарим хагас үнэнийг нь ч атугай санаж сэрэх, түүнээсээ улбаалаад залуу хойч үедээ ойлгуулах, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх цаг болсон шиг байна.
Намайг сургуулийн сурагч байхад Оросын ургамал зүйч Иван Владимирович Мичурины “Байгалийн хишгийг бид горьдож суух ёсгүй, булааж авах хэрэгтэй” гэдэг үг уриа лоозон болдог байлаа. Тэр цагтаа их л мэргэн сэцэн сонсогддог байсан энэ үг хожим үзэхэд ямар хуйхар харгис номнол байсан нь мэдэгддэг бөгөөд нэгэн цаг үеийнхэн энэ номнолоор явж, “уулыг нурааж, усыг эргүүлэх” “баатарлаг үйлст” шамдан, эх байгалиа сүйтгэх эрдэмд дориун гэгч суралцсан билээ.
Гэтэл дэлхийн нөгөө бөөрөнд үүнээс ч долоон доор номнол гарч ирсэн нь “Надад зорилгодоо хүрэхэд минь тус болж буй бүх зүйл зөв” гэдэг прагматик үзэл баримтлал болно. Ээ, тэнгэр минь, энэ дэлхийн долоон тэрбум хүн тус бүрдээ ингээд үзэлцчих юм бол одоо энэ хорвоо ертөнц дээр чинь юу үлдэх юм бэ? Үүнийг чинь ялимгүй өөрчлөх юм бол “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн өнөөх л аюумшигт гаргалгаанд яах ч аргагүй хүрч очоод байна (Энэ маань ямар аюумшигт үр дагавартай болох талаар 1991 онд миний бие Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын анхдугаар хуралдайн илтгэлд онцлон дурдсан билээ).
Ядаж тэр зорилго нь ямар ч зорилго байж болоход, тэр тусмаа арга нь ямар ч арга байж болоход хамаг аюумшиг нуугдаж байна. Тэгээд газар дээр үг дуугүй үйлчлэгч цөөхөн хэдэн зомби үлдээгээд бусад хүмүүн төрөлхтнийг бултаар устгах зорилготой нэгэн байвал яах юм? Бас л зорилго, арга хоёр нь зөвдөнө гэсэн үг үү? Тэртэй тэргүй, долоон тэрбум хүнийг “тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлэх” нөөц баялаг эх дэлхийд маань байхгүй. Тэгэхлээр үлдсэн жаахан баялгийг цөөн хэдэн “ухаантай” нөхөд л өөрсдөө эзэмшээд, үлдсэнийгээ гаргуунд хаях өөр нэгэн арга бий. Энэ нөхөд маань үнэхээрийн биширмээр ухаантай хүмүүс билээ. Гагцхүү энэхүү их биширмээр ухаанаа ад мөрийн юманд гүйлгэхдээ даанч гарамгай, тийм ч хэв зуршилтай амьдраад удчихсан болохоор энэ дэлхийд үлдсэн нөөц баялгийг хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй.
Эндээс их ухаантай байх, ёс суртахуунтай байх хоёрын хоорондын тэнгэр газар шиг хол зөрүү гарч ирээд байна. “Шунал ихэдвэл шулам болдог” хуулиар билгүүн мэлмий нь сохроод, тэр их ухаан нь байгаль дэлхийд болон бусад хүмүүст аюул гамшиг тарих талдаа л ахиухан гүйнэ гэсэн үг. Гэхдээ ухаантай учраас өөрсдөдөө ашигтай үйлдэл хийхдээ хүн бүрийн сэтгэл оюунд нийцсэн тусгай суртал, шашин, нийтийн соёл бодож олоод, хөлсний агентуудаараа дамжуулан улс орон болгонд түгээдэг. Нэг тийм “моод” шиг юм бий болгодог. Ихэнх хүмүүс өнөө “моодноос” нь хоцордоггүй хүн болох гээд үхэлдэж гардаг, тэгээд мөнөөх сүрхий “зорилго” гээч юм нь биелж, нөгөө “ухаантнууд” маань хүний санаа саванд багтамгүй олз ашиг, орлоготой болж байдаг.
Үгүй ядаж л ойлгож ухаарсан хүн байлаа гэхэд өөдөөс нь юу ч хийгээд нэмэргүй байхаар бодож төлөвлөсөн байдаг. Тэд мөнгийг бүхнээс дээгүүр тавьж, шүтэн биширсээр нэгэн зүйл шашин болгож орхисон. Тэрхүү “мөнгөний шашин” гэхэд л газар дэлхийн ихэнх хүн амыг нэвт эзлээд, өдөр тутмын хэв суртахуун болчихсон тууж явна. “Мөнгө” гэдэг маань амин зуулгын нэг л хэрэгсэл болохоос хүмүүний хамаг үнэт зүйл нь биш шүү дээ. Гэтэл өнөө хүртэл хүмүүн төрөлхтний бүтээсэн бүх үнэт зүйлийг ганцаараа орлочихсон байгаа нь л гайхал төрүүлж байна.
Түүнээс биш, сайн сайхан, аз жаргалтай аж амьдралыг мөрөөдөн дурлахгүй хэн байх билээ дээ? Гагц энэ арга хэрэгсэл гэдгээсээ цааш давраад, бидний олон сая жилийн турш бүтээсэн хүмүүн мөн чанарыг маань эзэлчихсэн сүйтгэлийн шуурга дэгдээж, сүйрлийн манан хадуулаад байна. Хүмүүн бид чухам ингэхдээ тулах ёстойсон уу, эсвэл үгүй юү гэдэг асуулт гарч ирээд байна. Ёстой л нөгөө орших уу, эс орших уу гэдэг шиг.
Өнөөдөр энэ дэлхийд болоод байгаа дайн самуун, өнгөт хувьсгал болон эдийн засаг, санхүүгийн хямралын “далд зохиогчид” нь нэлээд тохиолдолд нөгөө “цөөхөн ухаантнууд” байдаг. Та нар сайн ажаад үзвэл энэ дайн самуун чинь байгалийн баялаг ихтэй газар л болоод байгаа. Байгалийн баялагт нь эзэн суусан хойноо өнөө дайн нь дуусчихаад байгаа даа. Байгалийн баялаггүй газар тийм юм болох нь бараг үгүй дээ. Одоогийн Ливи, Сири хоёрыг л харьцуулаад үз. Үүнийг мэдэж байдаг хүмүүс нь тэдэнд үйлчлэгчид, ашиг болон хишгийг хүртэгсэд, үзэл сурталчид, мөнгөний шашныг номлогчид, хэвлэл мэдээллийн агентууд нь байдаг болохоор илчлэхийг хэзээ ч хүсэхгүй (“хар нүднээс хөмсөг гадуур” гэгчээр), хүссэн ч цаадуул нь “Чи дуугай урдах ажлаа л хий, бид мэдэж байна” гэсэн ганцхан хариултаар амыг нь таглана Эдний далд эздийн хамгийн гарамгай чаддаг юм нь бусдын баялагт эзэн суух, зүрхэн тарни нь “Дэлхийн аль ч баялаг бол зөвхөн минийх” гэсэн аман шившлэг болой.
Гэвч үүнийгээ тэд хаана ч, хэзээ ч бичиж нийтлэхгүй, амнаасаа ч унагахгүй, зөвхөн шившиж байгаад ажил үйл болгон бүтээхэд л оршино. Тэр ажил үйлээ бүтээхэд нь хамгийн их тус нэмэр болдог зүйл бол худал мэдлэг, хуурмаг мэдээлэл. Тэд аливаа баялгийг их бага гэж ч голохгүй, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж юу л бол юуг хамж авахад бэлэн. Мөнгөний шашны сүм хийдүүд нь дэлхий хэрсэн банк- санхүүгийн сүлжээс, хувраг санваартан нь тэднийг удирддаг луйвар санхүүчид (санхүүчин болгон луйварчин биш л дээ), банкны эзэд (banker), номлогчид (missionary) нь газар болгон томилогдсон эдийн засгийн алуурчид болой. Мөнгөний шашинд мунхрагсад нь яг л шашны фанатууд шиг байдаг. Гүрэн дамнасан сүлжээгээрээ дамжуулж, аль хүссэн банк, тэр ч байтугай улс орныг ч, тив бүс нутгийг ч дампууруулж, далд гараараа дэлхийг жолоодож байдаг. Ер нь дэлхийн эдийн засгийн хямрал гээд байгаа юм нь ямагт банк санхүүгийн хямрал байдагт нэг жого байна аа даа.
Гадаад хэлбэр дүрсийн бэлгэдэл нь хүртэл адилхан гээд бод. Католик шашинт өрнөдийн аль нэгэн хотод дээр үед хамгийн өндөр, хамгийн сүрлэг уран барилга юу байсан гэхээр “катедрал” (cathédrale) хэмээх цогчин дуган байсан. Тийм болохоор хот болгон нэг нэг тийм сүрлэг сайхан Нотр-Дамтай, үлдсэнүүд нь мөн “эглиз” (église) хэмээх дагалдах сүм хийдүүд. Тэдний уран барилга нь готик (gothic) хэмээх тэнгэр сүлбэсэн хэлбэртэй. Харин одоо дэлхийн аливаа постиндустриал хөгжилтэй орны хот болгонд хаана тийм өндөр сүрлэг, тэнгэр чичилсэн уран барилга байвал тэр нь банк, санхүүгийн байгууллага л байдаг.
Тэнд нь мөнгөний шашны мөргөлчид өдөр шөнөгүй хөлхөлдөж, ажлаа хийж байдаг. Хэлбэрийн энэ давхцал бас ч санаандгүй юм биш, хүмүүний далд ухамсрын үйлдэл байж мэднэ. Мөнгөний шашны энэ аймшигт сүлжээний гол гогцоог өнөөдөр хүртэл эцэст нь тултал хэн ч тайлж чадаагүй байна. Чадахгүй ч байж магад. Зах зухаасаа шүүрч эхэлж байгаа нь л гэхэд Америкийн Уол-Стритийн “Goldman Sachs”-ийн хэрэг билээ.
Эндээс юу мэдэгдсэн гэхлээр хэрэглэгчдийн дунд хуурамч цуурхал дэгдээж, “санхүүгийн хорт бүтээгдэхүүн” (financial toxic product) гарган, түүн дээрээ тоглож “новшийн гэрээ” байгуулснаас үй олон хүн цалин, тэтгэвэр, хадгаламжаасаа хагацсан агаад, санхүүгийн луйварчид өөрсдийн зөв гэдгийг нотлуулахын тулд бусад нэр хүндтэй санхүүчдийг авлигадан хуурамч нотолгоо гаргуулдаг нь тогтоогдсон юм.
Чингэхдээ энэ бүхэн огт зүгээр суугаад байж болохгүй болмогц нөгөө “цөөхөн ухаантнуудын” хийж буй илүү аюумшигт үйлдлээ халхавчилсан золиосууд ч байж магадгүй. Тэндээс олсон ашиг орлогоо хэдхэн хүн хувааж тансаглаад, ард үлдсэн олон түмнийг амь амьдралаар нь хохироодог, тэгээд наргин цэнгэцгээж байхдаа тэднийгээ “тэнэгүүд” хэмээн элэглэн шоолцгоодог байна. Тэхлээр бидний хэн нь ч гэсэн тэдгээр “тэнэгүүдийн” нэг болой. Өнөөгийн монголчууд бид ч гэсэн “тэнэгүүдийн” тоонд ороход ойрхон байгаагийн нэг жишээ нь Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болох юм бол улс орон байтугай, хувь хүний хөрөнгө, санхүүгийн мэдээлэл манай хөрөнгийн биржээр дамжин бусдын гарт орж, хэзээ ч, хэнийг ч нүд ирмэхийн зуур үгүйрүүлэхэд бэлэн болох юм.
Улс төрчид бол тэртэй тэргүй л барьцааны хүмүүс гэсэн үг. Санхүүгийн ийм үлэм ж болон бичил луйврын загварууд нь манайд “хадгаламж зээлийн хоршоо”, “сүлжээний бизнес” нэрээр орж ирчихээд, аж амьдралаа дээшлүүлчих гэсэн жирийн олныг бужигнуулж байгаагаас бага ч гэсэн санаа авч болох л доо. Энэ бүх үлэмж болон бичил луйврын аль нь ч гэсэн өмнөх бодролд өгүүлсэн ёсоор хүмүүнд заяамал оршдог муу авьяас, “муус хөрөнгөн” дээр тоглож чаддагаараа адилхан.
Дэлхийн банк санхүүгийн төв болох гэсэн өрсөлдөөн, мөнгөний солиоролд хэт автсанаас бүхэл бүтэн улс гүрэн, түүний нийслэл хэрхэн хэлмэгдэж байдгийн сонгодог жишээ нь Саудийн Аравийн Дубай хот юм.
Дэлхийн банк санхүүгийн төв болох гэсэн өрсөлдөөн, мөнгөний солиоролд хэт автсанаас бүхэл бүтэн улс гүрэн, түүний нийслэл хэрхэн хэлмэгдэж байдгийн сонгодог жишээ нь Саудийн Аравийн Дубай хот юм.
Манай сэтгүүлчид тэнд очиж ирээд, баян тансгийг нь ам шүд алдан хэлэх үгээ олж яддаг энэ хотын цаад үнэн байдал арай өөр юм. Дэлхийн хамгийн өндөр цамхаг цогцлуулах, цөлийн дөчин хэмийн халуунд, сэрүүн гудамжтай аялал жуулчлалын арлууд байгуулах мэтийн хоосон мөрөөдлийн улмаас хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгийг сүйтгэж, одоогоор хэн ч хэрэгсдэггүй хорооллууд, эзэнгүй гоёмсог цамхгуудтай болчихоод байж байна.
Мөнгөний шашны номнол нь юу вэ гэвэл орчин цагийн болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл-прагматизм (pragmatism) болно. Би энд прагматизмын өөрийнх нь бодит агуулгыг муучилж хэлээгүй, “болхичлон гуйвуулсан” гэж онцоллоо шүү. Тэд тоталитаризмыг (totalitarism) шүүмжлэхдээ хэдүй гарамгай мэргэн боловч өөрсдөө өөр маягийн тоталитаризмыг бий болгосон юм. Тоталитаризм гэж нэг л үзэл дангаар ноёрхохыг хэлдэг юм бол өнөөдөр мөнгөний шашин дангаар ноёрхож байгаа шүү дээ. Ямар ч сайн сайхан номнол нөгөө тийшээ хэлбийхлээрээ аюул гамшиг тарьдгийн бас нэг жишээ нь энэ. Прагматизмыг үндэслэгч сэтгэгчид (Чарльз Пирс, Уильям Жеймс, Жон Дьюи) маань ийм үр дагалдалд хүрнэ гэж бодоогүй ч байж мэднэ, тэдний зорилго болоод арга нь өөр байсан ч байж мэднэ, тэгээд эцсийн үр дүнг нь мэдрээд, “Ээ, би юу хийчих вэ” гэж халагласан ч байж магад.
Тэгэхлээр өнөөгийн сэхээтнүүд наад зах нь хэний хэд дэх гарын “цэвэрлэгч” нь болоод явж байгаагаа мэдэж л амьдармаар байгаа юм даа? “Цэвэрлэгч” гэснээс ер нь одоо “клиниксийн цаг үе” болоод байх шиг байна. Бид ч гэсэн өдөр тутам, цаг тутам, нэг удаагийн хэрэглээний нойтон алчуураар (нойтон салфетка гэдэг дээ) гар нүүрээ арчаад л хаяад байгаа биз дээ. Энэ маань үнэт зүйлсээ бас ингээд л арчаад хаяад байгаатай агара (агаар биш шүү) нэгэн буй. Хайр сэтгэл гэж хэрэггүй, шөнө болгон нэг нэг хүүхэн хэрэглээд л хаяад байна, гэр бүл, үр хүүхэд гэж хэрэггүй, өөр өөр зочид буудал дамжаад л, угаалгын газар (laundry) нь юмаа өгчихөөд л яваад байна. Чамайг ч гэсэн ил, далд эзэд чинь түүн шиг хэрэглээд л хаяад байна. Яг л “клиникс” гэсэн үг.
Нэг л мэдэхэд чи өөрийнхөө насан туршийн амьдралыг эргээд нэг харсан чинь өөрийн хүссэн биш замаар, зүүдэндээ ч ороогүй үйлээр, толгойдоо ч ороогүй зүйлийг хийчихсэн цохиж явах бий вий. Энэ бол манай эрин цагийн мөнгөний шашны риди шидийн гайхамшиг юм. Нэг л мэдэхэд чамайг хэн нэгэн клиникс болгоод хогийн саванд хаяж байх магадлал бий? Хэдүй их шан харамж – бонус (bonus) амлаад л, аваад л байгаа бол төдүй их клиникс болоод байгаа, хүмүүн мөн чанараа төдүй зэргээр арчуулж, зүлгүүлээд л байгаа гэсэн үг.
Далайд яваа хөлөг онгоцоо “живж байна” гэж хашгирсантай адил юм болохоор энэ бүх үнэнийг хэргийн эзэд нь өөрсдөө задална гэж хэзээ ч горьдолтгүй. Тэгэхлээр “тэнэгүүд” бидний хийж чадах зүйл нь үнэнийг хагас заримдаг ч гэсэн ухаарч сэхээрэх, үр хойчистоо захиж үлдээх, улмаар ёс зүйн үнэлэмжийн баримжаагаа өөрчлөх, ер нь ч цаашдаа (аж амьдралын) философийнхоо морийг юүлэх явдал болоод байна. Тэр нь явж явж эргэлт буцалтгүй алдчих гээд байгаа “хүмүүн мөн чанартаа эргэхийн” нэр юм.
Нэг мөрөөдлөө хэлэхэд, хүмүүн төрөлхтөн өдөр тутмын аж амьдралын энгийн зүйлээс, тухайлбал, задарсан замбараагүй хэрэглээгээ эмхлэхээс эхэлж болно. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн” үлгэрээр хэсэг харайлгасан япончууд маань одооноос байгаль ээжийн сургамжаар хэт хэрэглээгээ бодолцож, зах зухаас нь хумьж эхэлж байна. Хэрэглээнээс юу үлдэж байна гэхлээр далайд хөвж яваа хорин сая тонн хог л овоорч байна. Тэр хогон давалгаа нь өнөөдөр Америк, Канадын эрэг хавийнхныг хэцүүдүүлж байна.
Орчин цагийн болхичлон гуйвуулсан ашиг хэрэглээний үзэл – прагматизмын үндсийн үндэс нь миний бодлоор явж явж, ХVII зууны Францын гүн ухаантан Рене Декартын (лат. Renatus Cartesianus 1596-1650) рационализм, түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ юм. “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” (лат. cogito, ergo sum, фр. je pense, donc je suis) хэмээх философи санаанаас үүдэлтэй энэ үзэл маань соёл иргэншилд нэн чухаг хувь нэмэр оруулсан боловч хүмүүн бидний уг мөн чанарт арга билиг болон хослон оршдог иррациональ талыг үгүйсгэхэд, зүйрлэн хэлбэл, өрөөсөн тал биеийг маань сүүдэр болгон хувиргахад, хатуухан хэлбэл, хүмүүнийг өрөөл татанхай болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Яагаад гэвэл, би сэтгэж байхдаа төдийгүй, мэдэрч байхдаа ч оршиж байдаг. Таван ухаан минь сарнисан ч, тансаг билиг минь тасраагүй л бол оршиж байдаг. Үүнээс юу юу болсон бэ гэвэл, хүмүүний иррациональ талыг тээгч үй олон үнэт зүйлийг үгүйсгэж, яргалан устгах зам руу орсон юм.
Энэ нь рационализмыг үндэслэгчдийн буруу гэхээсээ илүүтэй дахиад уг үзлийг болхичлон хэтэрхийлсэнтэй л холбоотой. Олон зүйл соёл суртахуун, урлаг, урлал, дотогшоо гүнзгийрсэн бясалгал, домог зүй, бэлгэдэл зүйг мохоож мөхөөсөн юм. Гэтэл хүмүүний бүтээлч хүч чадал, авьяас билгийн шавхагдашгүй эх ундарга нь хүмүүний иррациональ талд бас оршиж байдаг. Чингээд өнөөгийн хүн хэн болж хувирах гээд байна гэвэл, өөрсдийн бүтээсэн машины нэгэн төрөл, анхны бодролд өгүүлсэн ёсоор “махан машин” болж хувирах гээд байна. Тэгээд нэг талд нь хиймэл оюун ухаан, нөгөө талд нь заяамал оюун ухаан хоёр л үлдэх гээд байна.
Тэгэхлээр яадаг юм гэж үү, энэ хоёрын алалцаан эхэлнэ гэж бодож байна. Энэ хоёрын ижил төстэй тал нь “эх нярайлах” гэдгийг “том төмрөөс жижиг төмөр тасарч унах” гэхчлэн загварчилна. Алалцаанаас юу үлдэхийг харин хэлж мэдэхгүй юм даа. Чухам ийм аюул нүүрлэж байгааг анзаарсан дээрээс өрнө дэхиний олон иррационалист философи чиглэлүүд (И. Г. Гаман, Ф.Г. Якоби, Артур Шопенгауэр), Фрейдийн сэтгэц задлаг, экзистенциализм (Сёрен Кьеркегор, Карл Ясперс, Мартин Хайдеггер, Жан-Поль Сартр, М.Мерло-Понти) зэрэг философиуд гарсан юм.
Гэвч өрнөдийнхөн өөрсдийн философи сэтгэлгээнд шинэ зүйл авчирсан боловч соёл иргэншлийнхээ хөгжлийн хурдац дунд хүмүүний иррациональ мөн чанарыг бүрэн ойлгох боломжоо нэгэнт гээсэн учраас өөрсдөө “алдагдсан иргэншил” (civilization perdu) болсон гэж ярьдаг. Зарим тохиолдолд энэ нь “моод” хөөцөлдөх, шуугиан- сенсааци дэгдээх явдал болоод өнгөрөх нь ч бий.
Рационализм болон түүний үр хүүхэд нь болох картезиан сэтгэлгээ хүмүүн төрөлхтөнд шинжлэх ухаан, технологийн ер бусын дэвшил хөгжлийг авчирсан нь үнээн. Харин энэ дэвшил хөгжлөөс нь бидэнд сайн зүйлээс илүүтэй саар зүйл л олон тулгарлаа. Атом цөмийн нууцыг нээснээр бидний мэдлэг “ертөнц дотогшоо хязгааргүйг” мэдсэн боловч түүний үр шимээр үй олноор хөнөөх зэвсэг-атом, ус төрөгчийн бөмбөг мэтийг бүтээж бие биесээ ахиухан тоотой алах, улмаар бидэнд заяасан цор ганц алаг бөмбөрцгөө хэд дахин устгах л боломжтой болов. “Цөмийн гар цүнх” хэн нэгэн солиотны гарт орчихвол ухаантай, ухаангүй, баян, ядуу гэх юмгүй цөм л хорвоогоос тонилно.
Генийн нууц кодыг тайлснаар бид хэнээс юунаас үүсээд, хаанаас хаашаа түгэн тархсанаа мэдэх боломжтой болсон авч мөнгөтэй “ухаантнууд” нь мөнгөгүй “тэнэгүүдээ” генийн аргаар газрын хөрснөөс арчих боломжтой болсон төдийгүй, бүүр байчихаад Гитлерийг босгож ирэх ухааны юм яриад байцгааж байна.
Энэ бүхний улмаас хүмүүн мөн чанар маань улам л цөвүүн шинжтэй болж байна. Хаа байна тэр хүмүүнийг төгс төгөлдөр, сайн сайхан болгосон чинь? Нэгэнт олсон ололтоо буцаагаад булшлах нь утгагүй боловч энэ бүхэн яавч сайн сайхан юманд хөтлөхгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Яахав өнгөн талын засал чимэг хийчихэж болох болох боловч эдийн засгийн нэг хямрал болоод л бүхнийг арчиж орхиж байна. Хэдэн жилийн өмнө байсан европ хүний сэтгэлгээ эргээд нэг очиход л өөрчлөгдөөд байна.
Харин хаа очиж, Карл Ясперсын хэлсэн нэг мэргэн үг их үнэн болох нь тодорхой боллоо. “Хүний [хүмүүний] бодот ахуйг шинжлэх ухаанаар танин мэдэх боломжгүй, шинжлэх ухаан бол эд юмсын л тухай мэдлэг өгөхөөс биш, хүнд [хүмүүнд] хамгийн чухал зүйл болох оршихуйн үнэ цэнийг тогтоон өгч чадахгүй” гэдэг л яг үнэн голыг нь олж хэлжээ. Үүн дээр нэмээд хэлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт нээлтүүд нь хэрэв соёл иргэншилт дэлхийгээ устгачихгүй шиг байлгаж чадвал бидний тав тухтай амьдралын бүхий л нөхцөлийг хангаж өгөх нь тодорхой боловч бидэнд байдаг заяамал муу авьяас, “муус хөрөнгөнөөс” маань жаахан ч гэсэн зайцуулж хүчрэхгүй нь ч бас л тодорхой байна.
Шинжлэх ухаан, технологи маань хүмүүний гадаад ертөнцийн болон нийгмийн зүй тогтол, өөрийнх нь биологи, физиологийн хууль жамыг нээж чадах боловч харин хүмүүний оюун санааны оршихуйг ухааран тайлахад ямар ч тус нэмэргүй гэсэн үг. Ийн хэлснээрээ би шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс бүрэн татгалзъя гээд байгаа юм биш, түүнийг болж өгвөл аль болох энэрэнгүй зорилгод чиглүүлье, дахиад л мөнгөний боол бүү болгочихъё гэх гээд байна. Гэвч мөнгөний шашин ноёрхож, МӨНГӨ хаанчилж байгаа цагт тэр бүхэн бүтэхэд даанч төвөгтэй. Тэхлээр би МӨНГӨ хэмээх хаанаа солъё, зүгээр л байх ёстой байрт нь аваачъя, эсвэл сүйрүүлэх тэр их хүчийг нь хүмүүнийг аврахад чиглүүлье, түүний үндэс хөрс болоод байгаа философийг сольё л гэх гээд байна. Дүрсээ юүлье гээгүй, морио юүлье л гэж байгаа ухаантай юм.
С.ДУЛАМ
АЯНГАТ:
Бид С. Дулам багшийн нийтлэлийг уншаад юу ойлговол зохих вэ?
Хүмүүс ихэнхи нь хэрхэн амьдрахаа мэдэхээ байгаад байна.Соёл иргэншлээс тэр чигтээ татгалзах юм уу? Хөгжил гэдгийг тэгээд юу гэж ойлгох вэ? Цааш явах уу, буцах уу, нийлүүлэх үү ямар нэгэн гарц жор байна уу.
Түүхийг ажиглаад үзье. Хүн төрөлхтөн түүхийн бүх л цаг хугацаандаа алдаж онож туршлага хуримтлуулан хамгийн зөв гэсэн Онол хувилбар бүрээр л замнаж иржээ. Өнөөдөр хамгийн зөв ашигтай байсан хувилбар хэдхэн жилийн дараа хамгийн хэрэггүй алдаатай болох нь их байна. Түүхийн цаг хугацааны турш энэ олон сая жилийн явцад хичнээн сайхан амлалт, амжилт, үр дүн гарсан ч заавал бас сөрөг үр дагавар гарна.
Энэ бүх хугацаанд хүн төрөлхтөн байгалийн амьтан гэдэг утгаараа үргэлж л манлайлагч, толгойлогч, ухаантнуудаа урдаа залж тэдний хэлсэн үгээр бүх л замаар нь замнаж үзлээ. Одоо дүгнэлт хийгээд харцгаая. Үргэлж хэн хамгийн сайн ярьсан нь сэтгэсэн нь Онол гаргаж ирж байжээ.
Бусад нь бэлэн юм л харан түүнийг дагаж явдаг. Ер нь яг жаран хөлт шиг л амьдардаг юм байна. Исүүс нэг үг хэлүүл тэр л зөв хамгийн ухаантай гээд л дагана. Будда нэг үг хэлүүл биелүүлээд л сүмд суугаад даянчлаад унана. Гитлер нэг гайгүй юм хэлбэл дагаад л савчихна. Ленин нэг уруу татуул бас дагаад л намирчихна. Тэд бусдаас ухаантай мундаг илтгэгчид удирдагчид байж болох ч ДАГАГСАД өөрсдийгөө харж өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсоон. Ямар олууллаа дагаж намирч савдаг билээ.
Хэрэв Ард Түмэн гэх энэ намирагчид бүгд тархи толгойдоо юм боддог зайлшгүй мэдвэл зохихуйг мэддэг, мэдээллээ задлан шинжлэн дүгнэх чадвартай бол энэ удирдагчид асах их хүчийг олох уу. Түүхийн үйл явцын дараа удирдагч нар л муу нэртэй болно. Гитлерийн фашизм гээд л муулах ч тэр үеийн германчууд болон фашизмыг дэмжигчдийн жагсаал цуглаан, баяр бахдалыг баримтат киноноос маш сайн харсан. Өөрсдөө л алга ташаад үхэх гэж байгаа юм шиг л дэмждэг ш дээ. Эндээс харахад хүмүүсийн ихэнхи нь тархиа ажиллуулах дургүй залхуу юм байна.
Улаан хувьсгалын үеийн бид өөрсдийгөө бас бодоцгооё. Нэг нэг улаан галстук хүзүүндээ зүүчээд л Хэзээд бээээлхэнэээ гээд л дуулдаг байсан биз дээ. Тэгснээ удалгүй 90 онд гудамжинд жагсаад л ардчилал гээд л хашгирч явсан бид. Одоо Ардчилалдаа хулхидуулчаад Социализм, Капитализмыг нь Монголчлохоос аргагүй болчихсоон сууж байна. Америк гээч мөрөөдлийг Ардчилал гэж ойлгон бүгд Баян болохын төлөө зүтгэсэн ч Америкт Баян хүмүүс нь цөөн ядуучууд нь ихийг хараа биз дээ.
Баяжсан дуучид Одууд нь хүртэл аргаа бараад амиа хорлоно. Одууд нь хичнээн олон том хаус, хэдэн зуун машин цуглуулаад ч нэмэр алга. Байсхийж байгаад л хоорондоо холилдон сууна. Хар тамхи татна, архидана, шоронд орно. Хүний амьдралын хамгийн утга учиргүй заваан амьдралаар тэд амьдардаг. Буруу амьдраад Үхээд тэд Тэнгэрт очсон гэж боддог байхдаа зайлуул. Тэд бүгд тэнэг амьдарсныхаа шанг хүртэн зовж яваа.
Монгол гадуурх гял цал болгоныг нь дууриахыг туйлын их хичээж байгаа ч мөнгөтэй баян хүнийг шоронд яаж хийхийг сураагүй , Ардчилалын хэд өөрсдөдөө зориулан хууль зохион гаргачаад буруудвал тэр нь өөрсдөд нь үйлчлэх ёстойг ойлгодоггүй.
Тэгэхээр Харвардад сурсан гэж гайхуулдаг Элбэгдорж, Мөнх Оргил энэ хэд л лав муу л сурч байснаас зайлахгүй. Муу биш юм гэхэд дунд сурсан байх. Хуулийн үр дүн нь хүн бүрт үйлчлэх ёстойг сонсоогүй ирчихсэн биз. Бид интернэтийн буянаар мэдээлэл их уншин юутай ч энэ орнууд буруу юм хийдэг ч хуулиа дээдэлдэг. Хууль нь мөнгөтэй хэнд ч хамаагүй үйлчилдэг. Сайд дарга, ерөнхийлөгч нар ямар нэг асуудалд орооцолдмогч хурдхан бууж ажлаа өгдөг энэ тэрийг нь хараад ойлгоод байгаа. Монголд энэ бүх асуудал эсэргээрээ. Хичнээн их хэрэгт холбогдох тусмаа дээш дэвшдэг. Мөнгөтэй хүн л байвал хууль дүрэм падлийгүй.
Америкийн түүхийг мэдэхгүй бол та нар үзсэн кинонуудаа боддоо. Эхлээд л цагаач дээрэмчид нутгийн ард Индиануудыг хүйс тэмтрэн эзлэн авсан хар түүхээр улсаа байгуулсан. Хажуу хавирганы улс биш бүр хаа байсан Европоос шууд түрэмгийлсэн шүү дээ. Тэгээд энэ улсын газар нутаг алт, эрдэнэсийг тонож дуусгасан. Тэрүүгээрээ л хөгжил гээчийг хийсэн. Хүний юм дээрэмдэж олсон мөнгөөрөө байшин сав барин, бүтээн байгуулалт хийсэнтэй нь хэн маргах юм бэ? Одоо Америк өөрөө ямар байгалийн баялагтай вэ? Одоо тэд сүйрэх дөхөөд ирэхээрээ дан гадны орны баялагтай орнууд руу довтолдог болсон.
Дэлхийн баялагийн хараал идсэн энэ орон хэзээ нэг цагт газрын хөрснөөс арчигдах хувь тавилантай гэж Манай Буурлууд хэлсэндэг. Хийсэн бүтээсэн бүхэн нь амьдарч байгаа бүхэнтэйгээ газраас арчигдах болно. Түүхээ тэд хэрхэн эхлүүллээ. Түүнийхээ хариуг авах болно. Чингис хааныг ч байлдан дагуулагч гэдэг. Гэвч та нар түүхээ бод. Зорилго чиглэл, эхлэл, хийсэн үйлдэл нь бүгд өөр өөр байгаа. Монголчууд эзэлсэн орондоо Монгол хэлийг тулган яриулж сургаагүй. Тэдний соёлыг хүндэтгэн, шашныг нь дээрэлхээгүй, тархи нь ажилладаг, гар нь уран, эрдэмтэн ухаантангуудыг нь өргөн дэмжиж боломж олгон өөд татдаг байсан. Тэс өөр байлдан дагуулалт, тэс өөр үйл ажиллагаа явуулсан юм шүү.
Тэгээд ер нь хүн хир хэрхэн амьдрах ёстой вэ? Хүн хирээ мэдэж үхэж төрөх Үнэн, эргэж буцах хорвоогийн буултаа л санаж амьдармаар. С.Дулам гуай хичнээн л сургууль эрдмийг нь адилхан л дүүргэж сурч байна. Гэвч бусдаас ялгарах нь сайн мууд дүгнэлт хийж, эрүүл ухаанаар харж чадаж байгаа нь бахархалтай. Хүн бүр өөрийн гэсэн ухаантай эрүүлээр сэтгэж ирээдүйгээ харж амьдрах ёстойн үлгэр дууриал энэ бизээ. Энэ хүн барууны соёлд нүдээ өгөөд, мөнгөнд хууртаад, өнгө хараад мунхараагүй, сурах бүгдийг нь гайхамшигтай сураад уригдаад лекц унших хэмжээний чадварлаг төгсчээ. Ингээд биеэ тоогоод Монголчуудыгаа хоцрогдсон бүдүүлгийг гайхаад, хамраа сөхсөнгүй. Дэлхийн хэмжээнд сэтгэн бодож, алсыг харж сургаж байгааг анхааралтай дахин уншиж ойлгоорой.
Залуус маань энэ эрдэмтэн багшийн жишээгээр сурч боловсрон зөв ухаарч хүмүүсийг ойлгуулж, Монгол улсынхаа нэрийг гаргаж амьдараарай. Яагаад би С. Дулам гуайг онцолж бичив гэхээр үлгэр дууриал авах хүн одоо ч Монголд минь байгааг зориуд хэлэх гэсэн юм. Учир нь надад хэд хэдэн залуус Бөөгийн угтай гэдгээ мэдээд хичээл сургуулиа хаямаар, ямар ч сонирхолгүй болсноо бичсэн учраас энэ нийтлэлийг залуусдаа зориулж бичлээ. Бөө болох бол сайхан хэрэг. Илүү аз завшаан, Тэнгэрийн хишиг. Гэхдээ та хэд маань Монгол орны ирээдүйг бүтээх залуус шүү дээ. Монголчууд бүх л түүхийн турш урагшаа хөгжиж явснаас ухарч яваагүй. Бүх л салбартаа Эзэн эрхийг эдлэн цойлж гарч эх орныхоо төлөө чанга дуугарч зоригтой алхам хийж байхыг залуусдаа хүсье.
Би энэ жил хувьдаа ч их баяртай байгаа. Миний нэг дүү Японд доктор хамгаалсан бөгөөд эх орондоо удахгүй эргэн ирнэ. Тэр цаашаа өөр оронд сурах амьдрах бүрэн боломжтой англи, япон хэлний шалгалтуудыг нь өгдөгийг нь өгөөд авах цаасуудыг нь ч бүгдийг нь авчихсан ч эх нутагтаа мэдсэн сурснаа зориулахаар ирж байгаад баяртай байна. Монголд ажил олдох үгүйг бид мэдэхгүй, танил тал гээч юм ч байдаггүй ч зоригтой шийд гаргасанд нь баяртай байна. Би дүү нарынхаа хувийн асуудалд нэг их ороод байдаггүй. Би тийшээ явлаа энд тэнд амьдарна гээд явчуул юу гэхэв дээ.
Нэг дүү маань гадаад оронд эмч хийж байна. Тэр надад хөгшрөөд Монголдоо заавал ирж амьдарна гэж ам өгсөн. Гэвч Монголд хөгшин хүн ирүүл ажил олдоггүй ш дээ. За түрүүчээсээ энэ жилээс л хоол ундандаа хүрч магадгүй болсонд сэтгэл тайвшраад сайхан байна. Сургуулиа төгсөөд ажил олоод өөрийгөө аргалаад л явбал болоо биз дээ. Ганц ажил хийх гэж яасан ч их сурав ядаргаатай юм. Аав минь өнгөрөхөд бага дүү маань 5 нас л хүрч байсан юм даа. Муу эгчдээ чирэгдэж явсаар байгаад том болсон. Одоо намайг чирээд явж байгаа даа. Тавхан настай үлдэж байсан дүү маань эдийн засаг нягтлан бодох мэрэгжилтэй, эмнэлгийн менежментээр Японд мастер, доктор хамгаалчих юм гэж хэн санахав дээ.
Биднийг бага нялхаар нь хаяад үхсэн аавдаа их гомддог байлаа. Олон хүнд зовлонг бид туулсаан. Тэгж байж хатуужиж амьдралыг ухаарсан даа. Амьдрал баян юмоо. Миний аав минь баярлаж уйлж байгаа байхдаа.
Газарт үлдээсэн гурван охин нь хүний зэрэгт хүрээд аавынхаа нэрийг гутаалгүй хичээн зүтгэж амьдарч байна. Мангар том охин нь удган болж, удаах нь эмч болж, бага нь эрдэмтэн боллоо. Аавыгаа би их санаж уйлж байна. Хамгийн сүүлд аавыгаа санан уйлж байхад хажууд амьсгалаа мэдрүүлэн үлээж сартай шөнө цонхон дээр гансарч сууж байснаас хойш хэдэн сар явчихаж. Миний аав охин нь онц байсан гээд шагнуулж Догшин Тэнгэр болсон. Түүнд л би гайхаад байдаг юм. Аав зөөлөн сайхан хүн байсан байтал яахаараа Догшин Тэнгэр болдог юм гээд л бодогдоод байх юм.
Аав маань Догшин Тэнгэрийн хүү байгаад угаа бариагүй улмаас 41 насандаа өөд болж байсан. Түүний аав нь аавд ажлаа өгсөн. Миний аавд тэр Догшин Тэнгэр гэдэг нэр нь огт зохиогүй гэж би одоо ч боддог. Энэ Тэнгэрүүдийн ааш аяг гэж хачин байх юм даа. Аавтай би сүүлийн хэдэн сар уулзсангүй. Тэр ажлаа хийхийн хажуугаар миний германд байдаг дүүг манаж харна гээд л хамт явсандаг. Аав минь амьд байсан бол сайхан зайран болсон байгаа даа. Би аавтайгаа уулзахаар уйлсаар байгаад хамаг биеэ өвдчихдөг юм. Нилээн хатуу чанга сэтгэлтэй бол хэмээн Онгодууд маань шаардаж би овоо л болж байтал уйлах юм мундахгүй гарч ирэх юм золиг гэж.
Аянга Чад хийхэд толгой хөлд нь суугаад уйлах гурван сайхан дүү охин бийдээ. Би ч бас азтай золиг шүү. За юутай ч муу аав минь Тэнгэртээ нүүр бардам инээн малийж байвал болоо. Хэрэв бид муу муухай арчаагүй амьдарсан бол Хүний нүүр харж чадахгүй гөлөлзөн түлэгдэх байсан байхдаа. Аав минь гурван Охин төрүүлснээрээ бахархах болноо. Хэрэв би эрэгтэй байсан бол бүүр ч жаатай байхгүй юу. Даанч эмэгтэй нь жаахан тоогүй. Эсүүл эрэгтэй байсан бол зодоо хийгээд байх байсан ч байж магадгүй юм.
Миний амьдрал хүний төлөө амьдрахаар зориулагдсан мэт санагддаг. Дүү нараа хүний зэрэгт хүргэх гэж залуу бага насаа зориулж, дараа нь хүүхдүүдээ хүн болгочих санаатай мөн ч их зүтгэв. Түрүүчээсээ тэд маань гараас гарахнуу гэж байтал одоо бүр ч олон хүний төлөө зүтгэхийг шаардах болжээ. Хэдэн жил шаардах болоо. Хэдэн жилийн дараа үр дүн гарах болоо. Ямар нэг юм хийвэл сэтгэл өндөр байх л Үр Дүн хэрэгтэйдээ.
Ер нь Бөө хүн маш их учир ойлгомжгүй үйл явдлуудад хутгалддаг учраас түүнийг танин мэдэх тайлахын тулд маш их юм мэдэх шаардлага цаанаасаа урган гарна. Монголын түүх байтугай дэлхийн түүх, газарзүй, зурхай од ертөнц, физик, гүн ухаан, үлгэр домог, уран зохиол, ургатал амьтан судлал, хүн судлал, тооны ухаан, анагаах ухаан гээд л маш өргөн хүрээний мэдээлэл шаардах учраас маш их унших судлах хэрэгтэй болдог. Үгүй ядахдаа л Буурлуудын хэлсэн юмс сонирхол түрүүлж одоо орчин цагт түүнийг юу гэж байгаа, хэрхэн өөрчлөгдсөн, зөв үү, буруу юу, юугаараа ялгаатай болж гээд л уншиж мэдэхээс өөр арга байхгүй. Буурлуудын нэг үгнээс л хайхад маш их судлах шаардлага гарна. Ингээд л өөрийгөө голохоос өөр үггүй болдог юм даа.
Бөө бол дэлхий ертөнцийг тэр чигт нь судлах шаардлага өгдөг. Үгүй ядахдаа л мэддэггүй юм гэхэд сонирхон бодож толгойгоо ажиллуулж дүгнэлт хийх зайлшгүй хэрэгтэй. Би ч бас яахав нас явсан хойноо бөө болж аль эрт энэ тухай сонирхож байхгүй яаваа хэмээн халаглаж өдөр цагтай уралдавч их орой мэдээллүүд уншиж байгаадаа харамсдаг. Харин залуугаараа Бөө болсон хүүхдүүд маань Бөө гэдгээ зөв ойлгож чадвал сурах юм асар их байгаагаа мэднэ дээ. Насан туршдаа л судлаач болон хүмүүст мэдсэн мэдлэг, оюун ухаанаа зориулах учиртай.
Чиний хэлсэн хийсэн, мэдсэн мэдлэгээс дараа үе чинь суралцан олон зовлонгоос урьдчилан сэргийлэх буян үйлдэнэ гэдгийг ямагт санаж яваарай. Мөнгө хэрэгтэй нь Үнэн ч мөнгө өөрөө чам руу орж ирдэг, чамайг тойрон эргэлддэг аргийг сурах хэрэгтэй. Энэ бол чиний толгой мөнгө олох гэж зовох биш мөнгө өөрөө толгойд чинь захирагддаг болно. Гэвч мөнгөөр биш БУЯН гэдгээр мөнгийг сольж чадвал чи зөю амьдарч эрүүл орчиныг чи үйлдвэрлэнэ.
Бөөгийн Түүхийг ч хараад байхад их сонин байлаа. Чи хүний төлөө хайр илгээн буян үйлдэх тусам чамд тэр нь эргээд хэд нугаларсан үржсэн Буян болон ирдэг. Чи өөрөө хүнийг хайрлаж чадвал эргээд хүн чамайг хайрлана. Чи хүний зовлонг мөнгөөр үнэлэн туслах ёсгүй. Хүн өөрөө л чамд боломжоороо сэтгэлээрээ өргөл өгөх ёстой. Иймээс Бөө нар ханш тогтоон хүн үзэж засалд хийдэг нь туйлын буруу. Жинхэнэ бөө хүн бол өгөө авааг тэнцүүлнэ гэж ярихгүй Буян үйлдэхийг л гол болгоно. Энэ бол маш сайхан зан чанар байсан. Гэвч энэ сайхан чанарыг хүртэл Хар ертөнц мөнгөний хорвоо үгүй хийжээ. Бүх л юмыг үнэлж хүний сэтгэл, тусыг хүртэл мөнгөөр хэмжүүлдэг болсноос , мөнгөгүй бол амьдрах нөхцөлгүй болгон, Мөнгө гэгч энэ муухай юм ариун буянд хүртэл хутгалдсанаас болж одоогийн бөө нар мөнгөний Бөө нар болсон байна.
Тэднийг бүр буруутгах хэцүүхэн болсон байгаа биз дээ. Гэвч амьжиргааны ойр зуураа л болговол болоо байтал хэдэн саяар нь нэхдэг нь арай даварсан хэрэг. Хүмүүс боломж боломжоороо сэтгэлээрээ л өргөл өгдөг түүнийг нь голж шилэлгүй авч сурмаар. Гэтэл бүр өөрөө нэхэж, өгөхгүй бол тэгнэ ингэнэ гэж сүрдүүлэх нь хуурамч бөөгийн л шинж. Тийм хүмүүсээс бүү айж бай. Чадахгүй болохоороо л сүрдүүлж байгаа юм. Өнөө маргаашгүй талийхнээ төдөн сая гэж хэлэх Бөө нараас бүү ай. Өөр хүнд очоод үзүүлж болно ш дээ. Ер нь бөө нартай уулзвал битгий зовлон ярьж бай. Түүн дээр чинь дөрөөлөөд явах олон муу хүн бий. Чиний зовлонг тэр өөрөө мэдрэх ёстой. Буурлууд нь хэлэх ёстой. Гануц бөө гэлтгүй бүх л мэрэгжлийн хүмүүс бараг ийм болжээ. Гал сөнөөгчид л гайгүй байх шивдээ. Төдөн төгрөг өг тэрэнд нь тааруулж галыг нь унтраана гэвэл яанаа одоо.
Эмч нар сүлжээний бизнесийхэнтэй үгсэн хуйвалдаж тэдний эмийг бичиж өгч зарж байна. Дараа нь хир их зарсныхаа тоогоор хувь хүртэнэ. Эмч нар мөнгөөр л өвчин эмчилдэг болсон. Намайг бага байхад манай хүргэн эмч ах өвдлөө л гэсэн хэнийд ч очоод үзэж хараад туслаад ирдэг байсан. Хааяа зарим хүн ахыг хайж ирээд л нэг сүү ч юмуу, мах өгөх гэнэ. Бааяа яах гээв гэхэд ёстой их баярласан шүү. Сэтгэлийн бэлэг та олон удаа бидэнд тус болсон гэдэг байсан. Юм өгсөн өгөөгүй л хэн ч зовсон хэдийд ч гараад л явдаг хүн байсан даа. Би лам бөө нартай хамт амьдарч өсөөгүй болохоор бусдыг нь мэдэхгүй юм.
Гэвч би хүүхдүүдээ бөөлжөөд л суулгаад биш болоод ирэхээр Шагж гуай гэж өндөр шар хүнийг хайж олон гэртээ авчирч толгойг нь бариулдаг байсан. Ёстой нэг буянтай сайхан хүн байсан даа. Миний хоёр том хүүхэд энэ өвөөгөөр илүүлж байж л өссөн. Хамаатан ч биш байсан. Залуу ядуу бид байгаараа баярлан таван төгрөг өгсөн ч духандаа хүргээд л авдаг. Тавин төгрөг өгсөн ч духандаа хүргээд л авдаг хэзээ ч ялгаж салгаж биднийг ядуу гэж байгаагүй. Хэдийд ч ирээд бариад өгдөг тийм буянтай хүн байсан.
Тэгэхээр дээр үед хүн чанар хүмүүст байжээ. Энд нэг кино үзлээ. Улаан оросоос зугтсан оргодлууд 4000км газар явган явж хүнд бэрхийг туулсан тухай бодит түүхээс сэдэвлэжээ. Тэнд Монголын нутгаар явахад дээрэмчин болтой морь унасан Монголчууд ирээд тойрч давхин сүрийг үзүүлэн асуусан ч Оргодлууд ядарч явааг сонсоод явахдаа говьд ангаад зовох вий гээд туламтай ус шидчээд явж байна. Одоо бол юу ч үгүй явж байхад л үгүй ядахдаа хоосон байсных нь төлөө зодоод шоглоод хаядаг нь их шүү. Мөнгөний хар нийгэм Хүн гээч амьтаныг идэж, хэмхэлж байна. Монголд хар тамхи гээч хэдийн орж ирээд өргөн дэлгэр болсон байна. Киноноос л хардаг байсан бузар муухай болгон ил цагаандаа гарч байгаад сэтгэл эмзэглэх боллоо. Энэ бүхнээс эрүүл ухаантай байж л гарах учраас хүн бүхэн гэгээрч ухаарах л хамгийн чухал.
Хэрэглээгээ хянаж шуналын сэтгэлээ барьж, тархиа хөгжүүлэхгүй бол бүгд зомби маягаар л ажиллаж байна. Хүн хэвийн хэмжээнд байгаль орчиндоо амрахын тулд үхтлээ ажиллаж байж хэдэн төгрөг цуглуулж байж л амралтанд амардаг болжээ. Одоохондоо энэ амралтын гайхамшиг сайхныг Монголчууд мэдэхгүй байна. Амралт гэхээр л архидаж зугаалах орилолдож дуулах л санаанд нь ордог. Харин хөгжилтэй орны гэх хүмүүс амбасан үед ингэж архидаж орилолдож дуулж байсан. Харин одоо тэд байгалийн сайханд мөнгө төлж амардаг болсон. Учир нь тэд нутагтаа дураараа энд тэнд очоод амрах гэхээр бүх газар нь эзэнтэй. Эзэн нь хөөх эрхтэй.
Тэд дөрвөлжин байшин, өндөр цамхагууд дундаа ядартлаа ажиллахаас өөр арга үгүй болсон юм. Олсон хэдээрээ гэр бүлээ аваад л хүний газар мөнгө төлөн байгальд амардаг болсон. Монголчууд та нар газар хувьчлал гэж аль хэдийн мэднэ. Та нар газартай болчоод тэнд чинь хэдэн юм ирээд гуаглаад ирвэл хөөдөг биз дээ. Одоохондоо та нар дөнгөж жаахан юм л хараад байна. Баян орнуудын баячуудын хувийн амьдрал жаргал зүвлон руу нь гүнзгий хараач. Тэдний эрүүл мэндэд мөнгө даанч үйлчлэхгүй байгаа юм. Тэд бас хавдар тусах, чихрийн шижин, ядаргаа, нойргүйдэл гээд л бүх төрлийн өвчин тусаад л байгаа юм даа. Харин ч мөнгөтэй тулдаа хэдхэн хоног амралтын газар ирж амарч байна. Харин бусад дийлэнхи галуу дуурайгчид яах вэ. Хэдхэн хүн л баяждаг Капиталист нийгэмд амьдардаг та бүхэн байгаа бүхнийг болоод байгаа бүгдийг нэг сайн боддоо. Таван толгойгоос ашиг ирээд нэг сая төгрөг аваад өөрсдийгөө баяжчихна гэж сэрүүн зүүдлэхээ болимоор. Мөн чанарыг задлан бодоод үзээрэй. Монголчууд бид хөдөө хаа дуртай газраа майхан бариад амарч болдог байсан бол одоо чадахгүй болоод байгаагаа ухаар. Танд 0,7 гэсэн баян хүний жорлонгийн л газар өгч байна. Буёд газрыг нь бөөн бөөнөөр нь гадаадынханд өгч байгааг нүдээ нээгээд хараасай. Чиний эх орон дээр тэд амралтын газар байгуулчаад чи орж чадахгүй өндөр мөнгө авдаг болоод байна.
Гачууртын Монгол шилтгээнийг л та нар бодоод үз. Хамгийн энгийн ойрхны жишээ энэ шүү дээ. Газар хувьчилна гэдэг бол гамшиг дуудаж байгаан л нэг хэлбэр. Тухайн жорлонгийн газраа л минийх гэж бодохоос бусдын газрыг та тоох ч үгүй сэтгэлгээтэй болж байгаагаа нэг өндийгөөд хараарай. Байгаль дэлхийгээ нийтээрээ хайрлах ёстой. Монгол нутгаа газраа бүгдээрээ л хайрлах ёстой. Хүний гэсэн бүхнийг та нар хайрлаж чаддаггүй биз дээ. Газрыг хувьчилж эхэлсэн нь цаашдаа ямар хар санаа нуугдаж байсныг та нар одоо ойлгох болсон. Хятад, Солонгосууд хүртэл том томоор нь газар худалдаж авдаг болсон. Удахгүй бүх л газрыг ингээд зараад байвал жорлонгийн газраас өөр газаргүй Монголчууд та нар яахаа бодоорой.
Хэдхэн жилийн дараа бүх Монголчууд газартай болсон одоо болоо бидний буян гэчихээд л бусад Газар нутгийг маань хэнд зарах гэж байгааг та нар харцгаа. Эдийн засгийн нэг гэмгүй царайлсан алуур энэ мөнөөсөө мөн. Яагаад л Төр газар хувьчлал яаруулан бусад юмаа хийхгүй байж байсхийж байгаад л энэ асуудлыг хөндөн бүгдийг нь газартай болгоно хугацааг сунгав гээд байгаан. Хорин жилийн дотор Монголчууд баян хүний жорлонгийн газартай болон бусад нь эхнээсээ хэний мэдэлд очсоныг санаж сэрж судалгаа явуулж илчлээсэй билээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.