Аялал үргэлжлэн Наран улсад өглөө эрт газардлаа. Дүү охин тосч бид гэртээ ирлээ. Гэрт бага дүү, ээж хоёр баясчихсан угтав. Ээж ирээд энд мэс засал хийлгээд боолт тавиулсан байв. Мацүмата хэмээх Монгол түмэнд элэгтэй сайн эмч ээжийг маань эмнэлэгт үзээгүйг нь үзүүлэн, эмнэлгийн үйлчилгээ ийм байдаг гэдгийг нь нүдээр нь үзүүлж биеэр нь мэдрүүлсэнийг ээж маань гайхан бахдаж бишрэн сууж байлаа. Надад эмнэлгийн менежмент хичээл зааж, эмнэлгийн мэдээллийн системээр мастер хамгаалах бүх л суурийг нь тавьж зааж, таниулж өгч байсан ач буянтай энэ хүн маань ээжээс маань дусал мөнгө ч гаргалгүйгээр туслаж өгсөнд талархан таны буян нь дэлгэрч байхыг хүсэн ерөөе.
Энэ хүн надад маш их юм зааж өгч, олон газар дагуулан явж үзүүлж, олон газарт Монголын тухай яриулан, 1000 хүнтэй соёлын ордонд илтгэл тавиулан намайг хүний өмнө таван үг хэлэхдээ ичиж улайн зүрх амаар сугарчихгүй болтол нь сургаж өгч байсан түүхтэй. Олон жил өнгөрсөн байна шүү. Аль эртнээс л энэ хүнтэй намайг холбон амьдрал, ирээдүйд бэлдэж байсан юмсанжээ хөөрхий Буурлууд. Тэр үед мэдсэн бол бүүр ч идэвхитэй сурч мэддэг байж золиг гэж. Ядаргаатай юм бэ яасан гээд л олон газраар ихэд ундууцан дагаж явдаг байж билээ ккккк. Миний бүх л зардлыг гарган олон газраар дагуулан олон хүнтэй уулзуулан байхад ёстой түвэгтэй амьтан хайран мөнгө яадаг байнаа. Энэ олон хүн нь хэнд хэрэгтэй юм гээд л боддог мангар байлаа шүү дээ.
Хотын дарга, намын дарга, их хурлын гишүүн, эмнэлэг сургуулийн захиралууд гээд л мөн олон хүнтэй уулзуулан зургаа авахуулсан юмсан золиг гэж. Тэр үед би ямар алдартан биш, нөхөр шигээ мундаг биш дээ үкэ мөн хачин ядаргаатай юм бэ гэж боддог байсан. Гэвч одоо бодоход тэр зургууд эргээд түүх өгүүлж Аянгат Японд сурч, ажиллаж, олон томчуудтай нь уулзан зургаа авахуулж байсны баримт болжээ. За гэвч би ямар өөрийн мундагтаа уулзсан биш дээ. Багш маань л намайг чирч явсны л гавьяа юм. Гэхдээ их олон юм харж ойлгож, мэдэж авч миний ертөнцийг үзэх үзэлд гэгээ оруулсан нь дамжиггүй. Үгүй ядахдаа л тэр томчуудын өрөөнд суухдаа хэрхэн суух, хэрхэн харьцах арга сурч байсан юмдаг. Кккккк. Одоо л энэ тухай эргэн санаж Буурлуудынхаа санааг ойлгон ихэд өрөвдлөө. Амьхандаа муу улаачаа өөд нь татчих гээд байдаг би гээч нь хэнэггүй царайлаад тоохгүй сурах мэдэх харах юмыг нь хагас дутуудуулсанаас зайлшгүйдэг.
Мангар охиноо юм үзүүлж нүд тайлуулж, хүн амьтантай уулзуулан ядахдаа л хэрхэн биеэ авч явахыг сургаж байсан байх нь. За тэгээд Японд түүнээс ч өмнө гэр бүлийнхэнтэйгээ байхдаа нээрээ Кокшюузан Батбаяртай ч чухам марзайтал инээгээд зургаа авахуулчихсан байх юм. Энэ хүн манай хотод ирж Монголчуудтай уулзсан уулзалтад би яаж тэнэж яваад ч орчихлоо мартчихаж. Бодуул би тэнд амьдардаг байсан болоод орсон биз. Гэтэл манай нөхөр хаачсан байсан юм болоо бүү мэд. За ямар би өөрийн сайндаа орсон биш. Найз Япон нар л дааж оруулсан байж таараа. Чухам үнэтэй паатий байсандаг. Ккккк, би гэж ийм л анзааргагүй хүн байж дээ. Зургаа үзэж байж л Өөө нээрээ би залуудаа энэ хүнтэй чинь зургаа авахуулж байсан юм байна гэж санав. Батбаяр гишүүн болчихсон, би удган болчих гэж хахаха. Бөх байсан Батбаяр Их Гишүүн болж мангар байсан би Удган болчих гэж амьдрал гэж баян бөгөөд мөн ч тоглоом наадгайтай юмаа. За Батбаяр гишүүн ч түмэн буман олонтой зургаа авахуулан явсан учир намайг ч бас таних ч үгүй нь тодорхой. Тэр үед тэр мандаж явсан байх шүү. Чухам л Японууд гар бариад л гүйгээд сүйд болоод байдаг байсан.
За эхний өдрөө ээж маань гурван охинтойгоо Наран улсад уулзсандаа ихэд хөөрч хариугүй л агаарт ниссэнгүй. Тэгээд нөгөөх охинтойгоо бид чаталлаа. Германаас дүү охин охинтойгоо хамт чатлан бид бас очдог байж гэж халаглалаа. Бид гадагш гаран маргааш явах бэлтгэлээ хийн Монгол тосгон буюу Монгору Мура гэх Монгол цэргүүдийн булш байх дурсалын газар явах төлөвлөгөөгөө нягтлав.
3 сарын 26 нд
Өглөө эрт дүүгийн маань найз гурван Япон иржээ. Биднийг тэд машинаараа Монгол Мура үзүүлэхээр тохирсон байжээ. Тэгэхгүй бол бид энэ хол газар их зардлаар холуу явах байв. Өмнөх хөлдөж осгохоор хүйтэн байсан салхи намдан энэ өдөр онцгой сайхан намуун өдөр болсон юм. Ажлын өдөр бөгөөд энэ өдөр хаалттай байсан тул олон хүн байсангүй. Жинхэнэ ажлаа амжуулах онцгой сайхан боломж бүрджээ. Би харин хэнгэргээ орхиод ирсэндээ харамсав. Гэвч хуураар бүх л ажлаа амжуулсан бөгөөд Эргэлдэн нисэх элээдтэйгээ ярилцан сэтгэл санаа хөөр баясал, аз жаргалаар дүүрэн байсан бөгөөд гутлаа тайлан эх нутгийн талыг минь санагдуулам тэгш сайхан бяцхаан газарт хэвтэж хөрвөөн Нарнаас эрчмийг ихээр буулган энэ бяцхан сайхан довыг амилууллаа. Аянгатын Дов гэж Буурлууд минь нэрлэв.
Энэ дов дээр тааваараа тарвалзан, эргэн тойрны үзэсгэлэнт байгалийг тольдон эх нутгийнхаа дууг дуулан эрчим хүчийг шингээн ирээдүйн нэг сайхан газрын үндэс суурийг харамгүй тавилаа. Энэ дов дээр ирсэн түмэн маань хэвтэж нарыг, тэнгэрийг харан их эрчмийг биедээ шингээн муу муухай бүхнийгээ зайлуулан сайн сайхныг хүсэн сэтгэлээ сэргээж байгаарай. Япон дахь Монголчууддаа болон Япончууддаа энэ нэг хөөрхөн довыг Тэнгэрээс эрчимжүүлэн бэлэг болгон үлдээлээ. Хөх Мөнх Тэнгэр үүрд ивээн энд ирсэн түмэн олонд энерги төвлөрүүлэн энхийг бэлэглэх болтугай. Өвөг дээдүүдийн минь онгон шүтээнийг нандигнан хайрлах энэ соёлтой ард түмэнд мэхийн хүндэтгэл үзүүлье. Тэнгэр та бүгдийг ивээх болтугай.Та бүхэн маань миний авсан зургуудаас бодит байдлыг үзэн үнэлэлт дүгнэлт хийгээрэй. /зургуудыг удахгүй цуврал болгон тавина. Б.Мөнхгэрэл/
Нэгэн цагт дайсан болж байсан ч нөгөө цагт анд бололцох түүхийн их нугачаан дунд өсч өндийх үр хойч үрсүүдийнх нь ухааны цар хүрээг энэ соёл, хүндэтгэл, ухамсар бэлхнээ харуулах бизээ. Аа муу Монголчууд манай арал руу дайрч байлуу гээд л бидний өвөг дээдүүдийн минь шарил онгоныг бусниулсангүй харин ч түүхийн гэрч болгон үлдээж санаа тавин өдий хүртэл цэвэр үзэмжтэй хүндэтгэлтэй авч яваа энэ ард түмэнд Монголчууд бид чин сэтгэлээсээ талархах ёстой. Мөн хүн төрөлхтөн энэ ард түмнээс суралцан үрс хойч бид ухаантай байж үлгэр дуурайлтай байхын үнэн баримт энэ буй за. Бас л болохгүй бүтэхгүй харалган хүмүүс ч энэ улсад байх ч нийт массаараа ер нь зөв ухамсартай соёлтой, түүхээ хүндэтгэдэг, өвөг дээдээ хүндэлж, өв соёлоо нандигнадаг нь гайхамшиг бизээ.
Тэр нэгэн цагийн түүхийн тухай би хүнээс сонсож байсан. Далайд үйж үхсэн дайчдын хүүр усанд хөвж гарч ирээд болохгүй байсан хэмээн. Уг нь далайд живсэн бол загасны хоол болоод юмуу алга болдог байтал зөвхөн Монгол цэргүүдийн л хүүр байнга далайдаа хөвөөд байснаас болон эрэг дээр гаргаж ирэн оршуулсан гэж ярьж байсан. Харин өөр үндэстний цэрэг нь оргүй болсон байсан гэж домог сонссоон. Мөн эрэг дээр гарч чадсан болон түрүүн хэсэгт нь буучихсан байсан манай Монгол цэргүүдийг Япончууд шууд гадуур нь хашаа барин тусгаарласан гэж бас сонссон. Тэгээд Япон бүсгүйчүүд ирж хооллож ундлан амьдарсаар хүүхдүүдийг нь авсан гэж байсансан. Лав эхэн үед ирсэн бичиг өргөж ирсэн төлөөлөл Дөрвөн жанжин байсан. Хоёрыг нь цаазласан тухай байдаг. Тэр цаазлуулсан жанжидын нэг нь манай Хадам буурал нөгөө нь багшийн маань буурал дээдэс байсан тухай Багш ярьж байсан.
За юутай ч цаазлуулсан Хадам Буурал маань хүү зайранд орж ирээд эртний Япон хэлээр маш цэвэрхэн гайхамшигтай ярьж байсан түүх бий. Үүний гэрч түүнтэй уулзсан япон хүн Нагира болон түүний хүү бий. Гэвч царай нь хөхөрч үхтлээ айсан тэд зугтаах шахам гарсан юмдаг. Буурал минь хөөргөө түүнд өгөн тайван амгалан байхыг хэлсэн шууд л тэр: Би чадахгүй, гарлаа гээд гарсан. Дараа нь Буурал ихэд эгдүүцэн яасан мулгуу вэ. Өвөг дээдүүд чинь ч биднийг хүндэлдэг байсан юмсан гээд цухалдаж билээ. Харин тэр Япон руугаа буцаад онгоц буудал дээрээ хөлөө хугалан эмнэлэгт хэвтсэндээ.
Монгол Мурад байхдаа тэртээд цэнхэртэн цэлэлзэх далайг харан тэндээс л бөөн усан онгоц арзайтал гарч ирсэн байхдаа хэмээн тухайн үеийн түүхийг төсөөлөхийг өөрийн эрхгүй боддог юм байна лээ. Японд очих Монголчууд маань Монгол Мурад очин эрчмээ авч хүслээ шивнэн, өвөг дээдүүд, Тэнгэрүүдтэйгээ холбогдон гайхамшгийг мэдэрч үзээрэй. Энэ газраас өөр хаана ч ингэж эрчмээ авчих газар Японд олох бас хэцүүдээ орно. Өндөр өндөр барилгууд, өндөр өндөр уулнууд битүү шигүү мод ихтэй байдаг. Юутай ч Буурлууд маань Япончуудад бас талархал илэрхийлж хоёр ч газрыг Тэнгэрийн газар болгон бэлэглэсэн юмдаа. Ер нь нэг хачин юм нь Японд байх өвөг буурлууд маань үр хойч нараа энэ улстай холбон найз нөхөдтэй болгож амьдрал ахуйг нь харж байсанд гайхмаар. Солонгост ч Сартай жанжины үрс хүү байсан шүү дээ. Тэр газар тэдэнд ивээл өгсөн л байж таараа. Ингээд бодохоор учиргүй юм гэж алгоо. Алга.
Монгол Мураг тохижуулан хэдэн амьтан бас тоглоомын талбайтай байв. Хашлагатай байх ямаануудтайгаа уулзав. Бас хэдэн морь жаахан талбайд амьдрах ажээ. Тал нутагтаа тэнүүн талаар давхихыг тэд мөрөөдөж л таараа. Тэд надад маш ойр дотно хайр хүрмээр санагдлаа. За тэгээд хүн амьтан ховор байсан тул би шавиагаа ханатал хөл нүцгэн гүйж, тэр хавиар тоглоом моглоомоор нь тоглож авав.
Энэ өдрийн орой бидний өмнө амьдарч байсан газраас нэг Япон найз маань ирж Орос хоолонд орцгоов. Япон Монголчууд Орос хоолонд орохдоо миний инээд хүрч байлаа. Эртнээс л сайдаж муудаж байсан Орос, Монгол, Япончуудын үр хойч нь нийлэлдчихсээн хоол унд эргүүлээд явж байна гэж дайтаж байсан өвөг дээдүүд маань бодох байтугай зүүдэнд нь орсон болов уу.
Ер нь тэнд алс холоос найз нар маань зорьж ирэн уулзаад буцаж байсан билээ. Өөр өөр хол хотуудаас түвэг гэлгүй төнгө цаасандаа ч харамсалгүй ирээд хэдэн үг сольж жаахан инээж байгаад л салах тэд маань ямар ч учир ерөөлтэй юм хэн мэдхүү.
Куно гэх найз маань эртнээс биднийг ивээн тэтгэж, ач хамгаалалтдаа бөөцийлсөн нэгэн билээ. Тэр ирээд нэг инээдтэй сонин түүх ярьж баахан инээлдэв. Бид түүнээс тэр нутагт байсан бусад нөхдөө асуун мэнд хүргэж тэднээс дайсан бэлгийг авч баясав. Нэг найзаа асуун эхнэр нь сайн уу гэхэд хүнтэй суугаагүй гэх юм. Юу??? Би хэдэн жилийн өмнө Гэгээнтэйгээ ирэхэд чухам суух гэж байна гээд нэг хүүхэнтэй яваа биздээ гэхэд ийм нэг түүх ярьж өгөв.
Түүний танилцсан хүүхэн сувилагч нэгэн бөгөөд тэр нэг ЯМАА худалдаж авчээ. Тэгээд тэр ямаагаа Сан Бэ гэх хайрханд байх бидний нэг найзынд тавьж долоо хоног бүр эргэж очин Ямаанаас болж сэтгэл нийлсэн тэр хоёр чухам суухдаа тулж байжээ. Ишиг байхад нь авсан тэр Ямаандаа бүсгүй амиа тавин хайрлана. Гэтэл борлон болох үедээ зуурдаар нас нөгцжээ нөгөөх ямаа. Тэд ихэд гашуудан ямаагаа яг л хүн шиг оршуулан, хөшөө босгохоор тохирчээ. Гэтэл яг тэр үед Монголын цагаан сар тохиосон юмсанж. Тэр нутагт хамгийн анхны айл нь манай гэр бүл байсан бөгөөд Монголд элэгтэй Япончуудтай тэндээ танилцан цагаан сарыг анх хийж эхэлсэн бөгөөд цагаан сар бүрээр тэд ирж би бууз хийн цагаан сар маань нижгэр баяр болж заншсан бөгөөд бид явсан ч биднээс сүүлд ирсэн монгол хүн бүрийг дараа нь Япончууд өөрсдөө урин цагаан сараа хоолны газар өнгөрөөдөг болсон гэнэ. Уг нь бидний үед бид гэртээ тэднийг урьж бууз болон монгол хоолоор дайлдаг үүдэнд овоорсон гутлуудаа гайхан тэд зураг авдаг байсан юм. Олон найз ирэн манайх маш их хүнтэй найр цэнгээн болно. Нөхөр маань төрөлхийн, удмын найрч учраас чухам л цагаан сарыг жинхэнэ утгаар нь Монгол Японы найрамдлын цагаан сар болгож үлдээсэн юмдаа.
Чухам энэ заншил болоод арван хэдэн жилийн нүүр үзсэн цагаан сарын үед борлон ямаа нас нөгцжээ. Гэтэл нөгөө бидний найз сайхан гар маань тэр үед байсан Монголчуудтайгаа нийлээд ямааг нь оршуулалгүй идчихсэн байжээ. Бүр гэдэс дотрыг нь хүртэл шүү. Түүнээс арьс л үлдээчихсэн байснаас болон Ямаандаа өөрөөсөө ч илүү хайртай бүсгүй уурлан нөгөө мууг минь хаячихсан юм байхаа. Түүнээс хойш тэр бүсгүй тухайн хотын Япон Монголын найрамдлын нийгэмлэгийн юунд ч ирэхээ байсан гэнэ. Бид хэд бүр хахаж цацан байж яриаг нь сонсон инээлээ. Идээд байхдаа яахав дээ. Яг юу гээч болсон юм болдоо гайхмаар юм. Үхсэн ямаа Монгол хүн идмээргүй л юм. Аягүй бол өвчнөөр үхсэнийг нь хэл ойлгохгүй нэг монгол нь маань Японыг бэлэглэж гэж бодоод сайхан гэдэс дотор бүх юмыг нь арилгаад сайхан болгоод идчихсэн юм байлгүйдээ.
Яавч энд үл ойлголцол байсан болоод л үхсэн ямааг Монголчууд цагаан сарын зоог болгосон байх. Эсүүл хуйвалдаад цааш нь харуулаад бүсгүйг панийлдаа юу бүү мэд. Нэг ийм жигтэй явдлыг бидний анхлан байгуулсан Япон Монголын найрамдлын нийгэмлэг гээчийг үргэлжлүүлэн авч явагч шинэчүүд маань түүхэндээ үлдээжээ. Уг нь бол харин ч Монгол гэсэн утгаараа Ямааг нь идэх байтугай өсгөж өгмөөр юм. За юутай ч ийм хөгийн инээдтэй түүхээс болж гэрлэх гэж байсан Япон маань насаараа ганц бие байхаар шийтгэгдчихжээ. Золиг гэж... Уг нь Куно маань анхлан бүхнийг санаачлан энэ нийгэмлэгийг нээж анхны даргаар нь маш сайн ажиллаж байгаад Ямаачин залуудаа итгэл өгч даргын суудлаа өвлүүлсэн юмсан. Гэтэл нөгөөх нь Монголчуудтайгаа нийлээд Ямаадчихсан байх гэж дээ. Бид яахав дээ. Энэ хачин түүхийг нь сонсоод гайхан байсаар өнгөрлөө. Монголчууд маханд дуртай нь дуртай ч арай ч талийгч болсон ямааг идмээргүй юм.
Хамгийн сүүлийн хамгийн инээдтэй өгүүлбэр нь юу байсан гээч. Ямаачин Япон маань тэгээд цагаан сарын ямааны мах ямар байсныг асуухад: Ошикатта гэсэн гэдэг.
Амттай байлаа гэсэн үг. Жинхэнэ Япон Монголын найрамдлын энэ нөхдүүдийг яалтай билээ. Ккккккк. Залуу үеэ гэж.....
3 сарын 27 нд.
Энэ өдөр өглөө эртлэн босоод л охин дүүгийнхээ төгсөлтийн баярт оролцов. Эхний удаа нь энэ хотын соёлын төвд нийт төгсөгчдөд зориулсан баярт нь оролцов. Үдээс хойш нь сургуулийнх нь доктор болсон хүмүүст зориулсан диплом гардуулах ёслолд нь оролцов. За энд онцолж хэлэхэд Монголчуудтай минь яг л ижил чухал баярт тооцогдох баяр ёслол болсон ч тэднийг явсны дараа нэг ч хог лонх байсангүй. Баяраа тэмдэглэж ч сураагүй монголчуудаа бодон өрөвдөж байлаа. Жил бүрийн хонхны баяраар яаж тэр ачит сургуулиа хогтой хутгаж хаяад оддог билээ. Яаж өөрсдөө нохой гурав харагдтал ууж, ноён болсон мэт аашилдаг билээ дээ.
Энд төгсөгчдийнхөө баярт зориулан хэлсэн эрдэмтэн багш нарын үг надад ихийг бодуулав.
Жишээ нь: Та бүхэн сурах зорилгоо биелүүлэн амжилттай төгссөн ч нийгэмд хийх ажил чинь их байна. Дэлхийн эдийн засаг, Байгаль орчны асуудал, Гэх мэт асуудлууд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа учир цаашид энэ чиглэлүүдэд онцгой анхаарч хүчин зүтгэхийг нийт төгсөгчддөө уриалж байх юм.
Харин үдээс хойш сургуулийнх нь төгсөлт дээр үг хэлсэн профессор бас л онцгой үг хэлж байлаа.
...Намайг бага байхад аав минь: Нар алга болно гэхэд би ихэд айж уйлж байлаа. Харин одоо Нар алга болно гэж та бүхэн хүүхэддээ хэлбэл: Яагаад, алга болбол юу болох вэ? Бид яаж амьдрах вэ гэх мэтээр хэлэх шал өөр цаг үед өсөж төрсөн шинэ үеийн хүүхдүүд нэгэнт төржээ. Дэлхий ертөнцийн түүх цаг үетэйгээ уралдан хөгжиж, хүний оюун ухаан тэр хэвээр бас хөгжиж байгаа ч сүүлийн үед дэндүү хэт хөгжлөөс болж хүн Хүн байхаа больж байна. Иймээс та нар хааяа ч гэсэн Сарыг харж бай. Өөр бусдыг харж байгаль дэлхийгээ харж таньж мэдэж байх хэрэгтэй.
Сүүлийн үед доктор хамгаалах цолыг шүүжлэх хандлага их гарч байна. Нэг л сэдвээр эрдэмтэн цол авах нь утга учир нь дутагдалтай, нийгэмд онцын нөлөө үзүүлэх нь хэрэггүй болж байгааг анхаарна уу гэх юм. Иймээс нэг л сэдэв, нэг л мэрэгшлээр эрдэмтэн боллоо ч бусад нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ялангуяа байгаль орчин, байгалийн гамшиг, хөгжлийн бэрхшээл асуудлуудыг харж судлан өргөн дэлгэрээр сэтгэн, байгалиа таньж хараарай гэж захив.
Гэтэл Монголын төгсөлтийн баяр дээр эрдэмтэн багш нар юу хэлдэг билээ. Бүгдийг л магтаад яруу алдраа дуулдаг. Манайхыг төгссөн Чи шүү, Чамайг төгсгөсөн Би шүү гэх нь халаг үг хэлдэг биздээ.
Хүмүүсээ бидний хөгжингүйг гайхан бишрэн дагадаг Япон улсын дээрээсээ дээгүүрт тооцогддог сургуулийн эрдэмтэн профессор нар Яагаад энэ үгсүүдийг сургууль төгсөгчдийн баяр дээр анхааруулж байна вэ? Хүн төрөлхтөний хөгжлийг тэргүүлэгч орнуудын эрдэмтэд маань юуны учир энэ тухай дурдацгаах болов та бүхэн бас оюундаа тунгаана бизээ.
3 сарын 28 нд
Энэ өдөр ёстой муурч унатлаа дэлгүүр хэсэв. Дүү маань намайг бүлтийтэл, бялтайтал гоёж, хүссэн бүхнийг авч өгөн эрхлүүлэв. Харин орой нь ирээд ядарсандаа унаад нам унтахаар хэвттэл тонгочоод унтуулсангүй. Гүрийсэн ч гэсэн огиулж бөөлжүүлсээр Онгод орж ирээд суучихав. Хатан Онго орж иржээ. Хошуугаа цорвойлгоод суучихав. Охин дүү амар мэндийг нь мэдэн асуутал биеэ сэгсэрчээд л хошуугаа унжуулаад уурлаад хэсэг суув. Тэгснээ та нар надад юуу ч зориулж авч өгсөнгүй. Зөвхөн улаачыг л гоёод байна. Ядахдаа Буурлууд гэж ганц дурссангүй гэв. Дүү: Би танд ийм алчуурууд авсан байсан гээд хэдэн ганган нусны алчуур үзүүлтэл: Иймхэн юмаар намайг хуурах нуу гэв. Өршөөгөөрэй та юу хүсээ вэ гэхэд би салбагар гоё юм авах гэтэл та нар ер намайг үзүүлсэнгүй. Энэ улаачыг би мөн ч их дохио өгөн чирэв. Гэтэл тэр өөрөө өөрийгөө л бодон хар хүйтэнд хөлдөж үхэж магад гээд өөрийгөө дулаалах өмд цамцаа л авав гээд уурлан суув.
Нээрээ л салбагар сэлбэгэр олон өнгөөр алагласан юбка миний санаанд үе үе орсон ч Монголд би удах биш дээ. Тэрүүгээр яахын гээд Би хол олон жилээр явахдаа хамаг юмаа тарааж өгөөд, бас далд скочдоод тавьсан хаана юу байгааг ухах арга байхгүй. Монголд намар даарч магад гээд өвөл намрын дулаан хувцас л аваад байсан юм. Тэр салбагар юмны чинь мода өнгөрсөн. Одоо Японд өөр юм мода болж байна. Эд түүнийгээ дагаж дэлгүүрт юмаа тавьдаг. Эрх Хатан минь дээ гэж би учирлахад: Чи тэгэхдээ хайгаагүй гэж уурсав. Охин дүү: За маргааш би тандаа хайж өгнөө гэж амлаж байж явуулав. Өглөө нь яагаа ч үгүй эрт дүү маань та яваад өөрөө хай, заавал хүссэн юмыг нь авч өг гээд мөнгө өгөв. Би дахиад л өнөөх эмгэний хүссэн юмыг хайхаар эргэж буцан явсан газруудаараа бас орон өөр ч газраар орж хөлөө хавдтал тэнэв. Түүний хүссэн юм алга байсан ч би хэдэн алчуур аван тэрний юбканд зүүж өгч сагсалзуулан сэтгэлийг нь амраахаар болов. Балай юм. Нээрээ ч миний хуяг 9 өнгийн юбка шиг сагсгар юм бас байсан шүү дээ. Анх би үүнийг нь хийхдээ Ямар тэнэг юм бэ? Яг сармагчингийн хувцас шиг гэж бодож байсан юм даг. Тэр нөхөр л орж ирээд сагсгар шинэ үеийн гоё юм нэхээд явждээ. Гэвч түүнд таалагдах юмыг нь олж өгч чадлаа.
3 сарын 29 нд.
Энэ өдөр Хадам Буурлын хөшөөн зүг явах өдөр тул эртлэн босоод л дулаалж авч байгаад автобусаар явлаа. Хөдөө тийш шахуу цагт нэг л автобус явдаг ч яг л энэ хөшөөн дээр нэг буудал нь байж зогсдог юм. Энд би бүх л Монгол дайчдын сүнсүүдээ сэргээн татаж авах чухал үйлээ хийх ёстой өдөр байв. Хадам буурлын хөшөөнд ирхэд маш сайхан байлаа. Даарна гээд дулаан хувцас өмссөнд Буурал ундууцан, өчигдөр зориуд нэхэн байж таарах хувцасыг автал тэс өөр юм өмсөн гарсанд над уурсав. Нар гарсан дулаахан өдөр байлаа. Зузаан цамц халууцуулан хөлс асгаруулна.
Буурлын минь хөшөөнд цэцэг тавьж, бас нэг пиво, цай, хоёр ус байна. Тэдний таглааг онгойлгоогүйг нь онгойлгов. Хөшөөг цэвэрлэх алчуур хүртэл тавьсан байхаар нь цэвэрлэв. Мөн эргэн тойронд энд тэнд хаягдсан хог түүж янзлав. Авч очсон цай, сүүний дээжээ тавин, боов талх, сүүгээ өргөв.
Ингээд л хуурдан ёслолоо үйлдэж цаг хиртээ бөөлөв. Тэр хавиар явсан машинтай хүмүүс зогсож ирж байгаад л гайхан харна. Учир нь би хэнгэрэгтэй ч очиж бас хуурдан хүзүү болон гарын хамгаалалтуудаа авч очсон юм.
Цагаа тулахаар би бас их Чика. Учир нь тэр газар том тулаан болсон газар бөгөөд дараа нь Монгол цэргийн хөлөг онгоц сүйрсэн далайн боомт юм. Яг л энэ газар Монгол цэрэг ирэх сургаар одоо Японы Будда болон алдаршсан лам 300 ч гэлүү, 500 ч гэлүү, 1000 ч гэлүү хувраг ламтайгаа энэ хошуун дээр гаран ном уншин НАРАНД залбирч Монголоос аврахыг нарнаас гуйснаар Далайн шуурга дэгдэн Монгол дайчид усанд үйж үхсэн ДОМОГТОЙ.
Гэвч энэ л Домгийг батлах гэрчлэх мэт тэдэнд зориулсан хөшөөг энэ уулан дээр хийчээд доор нь манай Монгол цэргүүдийн булш хөшөө байдаг газар юм. Би бодохдоо энэ лам нарын сүнс намайг бас алж өгнө биз гэж бодоод амихандаа хуяггүй ч чухам Хар, Улаан эрхээ зүүгээд л хамгаалалтуудаа зүүж ирэв Кккккк.
Хадам Буурлын хөшөөнд бууж байхад нулимс асгаран байлаа. Дээгүүр элээ эргэлдэн ниснэ. Дуусаад шууд л Япон Буддан хөшөөн зүг оч гэлээ. Тэнд очоод л би энэ тэрүүг нь харж их л болгоомжтой мяраалан байтал Буурлууд шууд л хэнгэрэг авчруулаад дэлдэн бүжиглэж гарав. Тэгснээ ороод ирлээ шүү. Хааахахаха инээж байснаа тухлан суухад дүү япон цай амсуулав. Амнаас унах нь гэж голов.Тэнд хэсэг бөөлсний дараа нүдэнд далайн хөвөөн дээр шаргал манан туяатай маш том мананцар үүсэн нэгдэж бөөгнөрөв. Буурал дүүг дуудаад харахыг хүсэв. Дүү маань энгийн нүдээрээ харж чадаж яг тийм байна яасан сонин юм бэ гэлээ. Чи үүнийг наад дүрсэндээ буулгаад үзээдэх гэж зааж өгөв. Дуусаад Буурал дүрсийг үзье гэлээ. Тэнд манан дүрс гарсангүйд Хээцэс чааваасдаа. Түүнийг автал өдий байна даа чааваас. Хүний энгийн нүдээр харагдан байтал магтаад байсан наадах чинь яагаад таг сохор болчихвуу гэв. Тэгснээ арын Будда хүүг заан: Ай энэ ёдор чулуу болчихсон би хүн болчихсон байж байх гэж Хахаха гээд л инээж байсан юмдаг. Дараа нь би зургаа үзээд их баясав Их яравгар буурал буужээ. Миний царай зүс гэж хачин юм байв. Мөн тэр данхалзан ханхалзаж ташаагаа тулан ихэд омог бардам сууж байгаад явсан юм.
Эндээс хөдлөөд би Япон тэнгисийг тахив. Буурлуудын маань хөшөө дурсгал сайхнаараа байсан бөгөөд түүнийг хайрлан цэвэрлэж бас хүндэтгэн өргөл тавьсанд баярласан Буурлууд энэ газар Тэнгэрийн гурван зүйлийг бэлэглэсэн болно.
Энд байсан хадан хавцал маш сайхан үзэсгэлэнтэй газар байв. Буурлууд бөөлөх гээд гутал тайлж тавив. Намайг Хатны хүссэн сагсгарыг өмссөнгүй яг л үүнд зориулсан бөөлөөний хувцас бэлдүүлсэн байтал гэж загнав.
Бид тэнд хэнгэргээрээ буув. Дараа нь далайд хуурдав. Номхон дөлгөөн байсан далай хуурын эгшгэнд баясан шуугиж хүчтэй давалгаа үүсэн түрснээс трико өмдийг минь норгож би тайллаа. Ер нь далайд бөөлөх маш аюултай. Хэзээ хэзээгүй л ирээд аваад явчих гээд савчаад давалгаа нь ихсэн цохиод байдаг юм. Үүнийг номхон болон япон далайд хийж байсан бөөлөөн бичлэгүүдээс сайтар ажиглаарай. Гэвч далайд бөөлөх маш сайхан бөгөөд маш их хүч чадал хайр энэрлийг мэдэн хөөрч догдлон яг л нялх хүүхэд ээж аавдаа эрхлэх мэт мэдрэмж өгч давалгаагаараа энхрийлдэг. Далайн мандал дээр бүжиглэн хөвөх ах дүүс төрөл төрөгсөд минь мэдрэгддэг нь нэгэн төрөлдөө Лусын охин байсны минь нотолгоо бизээ.
Энэ хэсэг газар нөхөрт гаргах хадан суудал амилуулан өгөв. Төнн нэгэн тогтоол сонин усанд хамаг зүүж явсан эдлэлүүдийг хийн өрнөөс салах, буян өгөх болгон шившив. Мөн нэг инээдтэй юм нь бөөлснөөс болон долгилох далайн түрлэг ихсэнээс ээжийг эрэг рүү ойр байхыг хэлэхэд ээж миний тайлаад тавьсан гутлыг аваад явахдаа ойр хавьд нь усгүй байтал яг л жаахан устай яг л эм бэдэг мэт хэлбэртэй усанд миний өрөөсөн гутлыг унагаад норгочихов. Үүнийг Буурлууд бэлэгдэн Үр хүүхэд хайрлаг гээд ерөөв.
Ингээд бөөлөө дуусахад өрөөсөн гутал минь шал ус болж нүцгэн хөлтэй өмсөн хотынхоо зүг явлаа.
Наран улсад хийх Тэнгэрийн үйл маань амжилттай дууссан учраас Аянгатын амины эрх чөлөө БАНЗАЙ боллоо.
Үлдсэн өдрүүдэд энд тэндээс найз нөхөд маань ирж уулзан өдөрт л нэгэнтэй нь үнэтэй ресторан хэссээр өдөр өнгөрөөнө.
Тэнгэрийн үйлээ хийж дууссан орой би унтах гэтэл бас л тонгочоод унтуулахгүй Буурал дайран байвч би тас гүрийв. Намайг ажлаа маш сайн хийсэнд магтан байлаа. Гэвч би маргааш өглөө эрт босоод өдөр арван хоёр цаг гэхэд байраа хүлээлгэн өгч гарах ёстой ч одоо нэгэнт маш орой болж бас ихээр ядарсан учир өглөө эрт босно намайг битгий үймүүлээч би амармаар байна гээд л хэвтсээр унтлаа. Мөн надтай зэрэгцүүлээд миний дүү охин бас их тонгочив. Бид арай гэж унтлаа.
Өглөө босоод л би юм хумаа цэгцлэн ачаа бараагаа боож чемодан саваа түгжин, хувцас хунараа бэлдэв. Гэтэл манай гурав тайван гэгч нь хэвтэх нь хэвтээд л идэх нь идээд суух нь суух юм. Цаг хартал өглөөн арав. За юутай ч би юмаа цэгцэлчээд нөгөө хэдийн юмаа цэгцлэхээр л энэ хэд гялалзах нь гээд дуусгачаад л за дараагийнх нь алийг хийхэв гэхэд надаас бусад бүлтгэр том нүдтэнгүүд маань дүрлийн харцгаав. Та ХААЧИХН УУ гэх юм. Харий хөөе 12 цаг боллоо гэхэд өнөөдөр бид явахгүй шүү дээ гэх юм. Ккккккк би гуай л он сараа будилаад, онгоцны билетээ андуураад хамаг юмаа бэлдчихсэн байна гэнээ. Тэд байгаагүй бол хариугүй онгоцны буудал орж байж он сараа мэдэх дөхөв. Ккккккк. Яанаа одоо. Яалтай билээ дээ.
Аянгатын Хятад дахь аялал эхлэхэд бэлэн болжээ. За Хятадад ямар фэйсбүүк энээ тэрээ байх биш. Хөдөө нутгаар явах надад яг интернет олж харагдах байхдаа. Элгэн төрөл ӨвөрМонголчууддаа эрчим түгээх Хайрхадыг нь сэргээж өгч бас Хааныхаа цэргүүдийн Сүнсийг цуглуулан нилээд их ажил хийх юм. Хөөрхий намайг улаан хувьсгалч Хятадууд бариад хар тамхи хармаалж явсым гээд гүтгэчихгүй бол ч Тэнгэрийн хэрэг цааш үргэлжлэх л байлгүй дээ. Миний хувьд бол айж ичээд байх юм ер алгаа. Нэгэнт үйл хэргээ эхлүүлээд үр дүнгээ түмэн олонд тайлагначихсан надад нээрээ өөр юу ч хэрэг байхав дээ.
Намайг явахаас өмнө хуучилж байсан Хадам Буурлын сургаалийг нетэд тавихыг Тэнгэр хүү гүйцэлдүүлсэн бөгөөд энэ талаар би чухам уншиж санаж Хадам Буурлуудаа санав.
Хазайхад минь түшиж
Хальтархад минь хамгаалж яваа тэдний маань алдар дэлгэрэг. Хааны маань нэгэн жанжин хамт амьдарч байсан байлаа. Ккккк.
Хаан эцгээсээ миний алдрыг асуугаарай. 39 тулаанд орж 38 ялсан би 48 насласан гэж шипэ хэлсэн ч алдараа намайг олохыг хүссэн билээ. Зкзкзкзк 48 хан наслаад байхдаа яахав дээ. Миний хадам Буурал Жанжинг минь алсан зэвүүн хулгайчыг алах юмсан гэж би бодно. Энэ эрхэм Жанжин хээрийн бөөлөнд анд Жанжинтайгаа уулзаад ярьсан яриаг би хүүгээсээ сонсож байсан санаанд орж инээд хүрэв.
Хамгийн сүүлийн 39 дэхь тулаанд амиа алдсан Жанжин маань Хүүгийн маань найз бөө болсон хүүгийн бас нэгэн онгод Жанжинтай нь найз байсан бөгөөд хоёул буултан дээр буухдаа маш их баярлан хөөрч хоорондоо хөөрөлдсөн байдаг.
Тэд тулалдсаар цэрэггүй болох үед Хадам Буурал андаа хамгаалан урдуур нь харвуулж үхжээ. Харин энэ буулт дээрээ тэр тулаанаа дурсан санаж : Чи мөн тэнэг хүн шүү. Чамайг би хэл хүргэг гээд өмнүүр чинь үхэж байхад чинь дагаад үхдэг гэж гэнэ. Найз Анд нь: Чи өөрөө мөн тэнэг шүү. Би харвуулахаа мэдээд чамайг хэл хүргэ гэж орхиж байхад чинь өмнүүр ороод үхчихээр чинь ганцаар үлдээд яахав гээд үхсэн дээ. За чи бид цэрэггүй очоод яахав дээ. Хахахаха гэцгээн ярилцан байсан гэдэг. Үлгэрийн ч юм шиг, инээдмийн ч юм шиг энэ Буурлуудын яриаг яалтай вэ? Үлгэр амилж Үнэн явдлууд цуврах гэж дээ.
За юутай Жанжиныхаа алдрыг би Ихирэсийн овгийн Буту Жанжин гэдэг нь гарцаагүйг мэдэж байлаа. Монголын нууц товчоонд энэ Жанжин маань гардаг шүү дээ. Буту хүргэн ч гэдэг. Юутай ч би Ихирэсийн анхны бэр байсангүй миний өмнө над шиг амьтан бас бэргэн болчихсон тууж явждээ зайлуул мааани бод мээ хум. Чанга айлд л бэр болж орж байж дээ базарваани хум пад гэж Ккккккк. Яанаа одоо. Харин өдгөө Ихирэсийн алдарт жанжин Буту хүргэн маань өөрийн биеэрээ үг яриагаа энэ замба тивд хуурцагт хайрцганд мөнхөлж чадсан нь намайгаа анх тагнаж очсон Мөнхгэрэлийн маань ач буян билээ. Буту Жанжин намайг чи ийм л хувь заяатай төрсөн бөгөөд энэ замбад төрөөгүй байлаа ч дараа нэгэн төрөл чинь Тэнгэрийн үйлд зориулагдан түүхэнд бичигдэх хувь тавилан гарцаагүй ирэх байсан хэмээсэн билээ. Бид чамайг сонгон түрүү магнайгаа болгосон бөгөөд үйлээ сайтар хийхийг над сануулан анхааруулж байсан юм. / Буурлын сургаал: http://chinggis-udgan.blogspot.com/2012/04/blog-post_05.html/
Чиний гол ажил чинь Хүнийг араатан төрхөөс нь салгаж Хүн төрхөд оруулах гэсэн ш дээ. Кккк. Би яаж чадахын гэж бодовч загнуулахаасаа айгаад За чухам хичээнээ гээд л нахилзсан шүү би. Кккккк. Мөртөө ч үгүй арьсны өнгө хамаагүй хүн л бол хүн үүнийг л ойлгуулж ухааруулахыг даалгасан нь дэндүү. Юу гээчив дээ. Уг нь чухам би бөө болохдоо удмын хэдэн намайг мэдэхгүй саднуудаа цуглуулж бөөлдөг болох юм байна гэж төсөөлж байсансан. Гэтэл дараа нь Хөх Монгол болоод л явчихсан. Тэгснээ Хөх Толботон болоод л өргөжөөд эхэлсэн. Тэгснээ навтгар хамар ч том хамар ч ялгаагүй болоод л явсан. Даврах гэж. Ер нь байдал маш аюултай болж ирсэн бөгөөд өөрийн үүргээ сонсоод чичрэхгүй байж би чадаагүй ш дээ. Багшийгаа бодон багш энэ ажлыг хиймээр юм гэж бодсондог. Гэвч Эр Эмийг хослуулан яаяа ч гэлээ өнөөх арга билэгтэй юмаа хэлсэн болохоор би цаашид сайтар бодож дуугарч, сайн хянаж үзэхгүй бол болохоо байх нь. Юутай болсон бүгдээ та нартайгаа хуваалцан мэдэгдэж Та бүхэнтэйгээ хамтран та нарынхаа буянаар л энэ их үйлийг түмэн олонд биеэ цууртал зүтгэхээс өөр арга байхгүй юм шиг байна. За тэгээд Хадам Буурлууд өөрсдөө үүнийг хэлсэн болохоор өөрийн Алаг үр болох миний нөхөрт сайтар хэлж ойлгуулна бизээ.
Наран улсад дөнгөж очсоны хойно авахуулсан зурагнууд
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.