Saturday, November 5, 2011

Халхаар бөөлөх онцлог


За байз, юунаас эхлэж, юу гэж тайлбарлавал амархан юм бэ дээ. Нилээн олон хүнтэй буюу улаач нартай би харьцлаа. Бидэнд нэг асуудал тулгараад ойлголцохгүй байх юмаа. Тэр нь тэд өөрсдийнхөөрөө Бөөгөө ойлгож би өөрийнхөөрөө Бөөгөө ойлгож байна. Нэг юмны талаар ярьж байтал л болохоо байгаад байгаа нь бидний боссон буюу угаа авах, сахиусаа залах гэсэн ойлголтууд маань өөр өөр болохоор тэр юм байна.
Тэд надад би нэг л болохгүй байна, та хараад өгөөч нөгөөхөө сонсохгүй байна, бүрэн тасрахгүй байна, өөрөө л байгаад байна, учраа олохгүй байна, өөдөө дээшээ дэвшихгүй байна гэж ханддаг. Та хаанахаар боссон гэхээр: Би ХАЛХААР боссон л гэх юм.
За энэ хүмүүс нийтээрээ Аан гээд Уун гэж бай. Би гээч бол та нарыг босгосон олон шавьтай багш нарын хажууд бол ёстой нусаа тат л гэмээр өчүүхэн, шинэхэн улаач юм. Гэхдээ яагаад тэдэнтэй тэрсэлдээд, таарахгүй байна гэхээр Үзэл бодол, Үйл ажиллагаа маань таарахгүй байгаад оршино.
Би зөвхөн өөрөө болон миний хүү, үеэл бас Багш болон түүний шавь 30 аад хүнийг өөрийн нүдээр харж, чихээр сонсож, бүгд л ямар нэг асуудалгүй Онгод Буурлуудыгаа залаад байгаа учраас бас бүүр ч шал худлаа юм бичээд, зөрөөд байгаа биш юм шүү! Манай Багшийн шавь нар бол бүгд ХАЛХ буюу ДАРХАД ёсоор боссон БӨӨ нар юм.
Харин над хандсан хүмүүс маань өөрсдийгөө Халхаар боссон цэвэр Халх гэж хэлэх хирнээ ярьдаг юмнаас нь сонирхуулахад:  Онгодуудаа дуудлага дуудаж, шүлэг уншиж байж буулгадаг, Хуягийнх нь суга нь цоорхой, өмд нь салтаа нь онгорхой, цагааны онго, харын онго, шарын онго, улааны онго  гээд л хуваасан байх юм. Одоо цагаанаа буулгачаад дараа нь хараа буулгана гэж ярина. Бас бүр зарим БАГШ ингэж хэлжээ: "одоо цагааны ээжээ буулга, дараа жил ирж харийн нэг онго, зайран онгоо ав" гэсэн гэх юм.
АНХААР: Та зүгээр л энгийнээр бодоод үз. Онгод Буурлууд гэдэг та өөрийн удмын гэдгээ мэдэж байгаа биз дээ. Таны өвөг Дээдсүүд хичнээн олон хүн байх тоог нь та тогтоохгүй бас хар, цагаан, шар, улаанаар нь хуваан эхнээсээ ялгаж болохгүй нь ойлгомжтой. Хэрвээ таны аав нас барсан бөгөөд Христ шүтлэгтэй байсан бол Та аавыгаа Христчин, өвөөгөө Шарынх, элэнц өвөөгөө Цагаан, хуланц өвөөгөө Хар гэж ялгаад ЗА эхлээд ХРИСТээ оруулнаа жилийн дараа Будда буюу Шарын өвөөгөө, Тэдэн сарын дараа бариач Цагааныгаа, Бүүр лаг болохоороо ХАР буюу Бөөгөө гэх гээд байгаа юм уу??? Нэг бол Цагаан нь зүгээр бусад нь хэрэггүй гээд л бөөлөөд байх хэрэггүй. Жаахан ухаантай бодоод үзээч. Аль нь ч бай танай л өвөг дээдэс баймаар. 
Гэтэл та нар чинь хаашаа юм бэ энэ жилдээ Христ аавыгаа авч улаач бие дээрээ буулгаж байгаад дараа жил нь өвөөгөө очиж багшаасаа авна гээд мунхаглаад байх юм. Жаахан бодитой Сэтгээч.
ХАЛХ ёс гэдэг бол таныг өвөг дээдсүүдтэй чинь замчилж залгаад л болоо. Ердөө хоёр гуравхан цагийн л ажил. Эхний өдрөөсөө л таны өвөг дээдсүүд улаач тан дээр бууж ирсэн бол өөрсдөө бүх юмаа удирдаад явдаг. Юуны чинь хар, цагаан, улаан өнгө будгаар ялгах өөрсдөө бүхнийг мэднэ.
Мөн тэгэж гүйдэл суудлаа дуудуулаад, шүлэг найраг уншуулаад байхгүй. Хаашаа юм бэ? орчин цагаар боддоо. Би үхээд миний удмын улаач намайг дуудах болбол Улаанбаатар, Гачуурт хоёрын хооронд ирж очдог  намайг юу гэж дуудах вэ??? Гачууртад суудалтай Улаанбаатараар гүйдэлтэй гэх гээд байна уу? Зүгээр байгаарай та нар.
Халхын Онгодууд Хаа дуртай газраараа явдаг юм шүү. Тэгээд ч нүүдэлчин овог аймаг шүү Монголчууд.  Сүүлийн үед БӨӨгийн үйл тасраад түүнийг загварчилж сэргээсэн нөхдүүдийн бодож олсон хачин шүлгийг бүх Буриадаар боссон Бөө нар хийж байна. Жинхэнэ Буриад ч биш сайхан холиод Бантан болгосон байна. БАНТАНгаар боссон БӨӨ гэвэл илүү оновчтой юм байнадаг.
БАНТАНгаар ТИЙРЭН босгоод байгаа нөхдүүд үйлээ даагаарай, араа мэдээрэй л гэмээр байна даа.  Энэ боссон хүмүүс ч Бөөгөө сайн судлаагүй мэдэхгүй байна. Манай багш яг хардаг, үздэг, лаг гайхмаар л гээд багшаа шүтэхээс өөр юм бодохгүй. Сүнс л бол Сүнс. Сүнс гэдэг сайн ч бай, муу ч бай энгийн та нартай харьцуулах юм биш. Хамаг мэдээллийг мэдэлгүй яахын. Хэрвээ Тийрэнгүүдэд тийм авьяас байгаагүй бол яах вэ? Хэн ч итгэхгүй, түүнд оршин тогтнох арга үгүй, муу үйлээ үргэлжлүүлэх арга ч олдохгүй. Яахаараа та бүтэн жил болчоод өөдөлж дэвшихгүй Онгодоо ч ойлгохгүй байна вэ? Энэ бол улаачын буруу. Учир юунд байна жинхэнэ манай удмын онго мөн үү биш үүг ч мэдэхгүй, бахь байдгаараа л байгаад байна гэсэн үг. Жилийн хооронд хичнээн олон онгодууд ирээд өөрсдийгөө таниулаад хийх үйлээ хийгээд, удам судраа хэлээд, өөрөө өөрсдөө яриад, өөрөө өөрсдөө улаачаа удирдаад явдаг.
Халхаар босч буй Улаач нар нэг ч яруу найраг 4 бадаг шүлэг ч цээжилдэггүй. Дуудлага ч дуудаж түвэг болдоггүй юм. Хэнгэрэг юм уу, хуураар л Онгодууд нь ороод ирдэг. Тэд зүрх сэтгэлээрээ холбогдож, Онгод шууд л өөрсдөө ярьж, бүх юмаа хийдэг. Энэ онцлогийг л ойлгож онгодуудынхаа хүч чадлыг чөлөөтэй тавьж өгч, элдэв юманд хориулж цагдуулж, хөл гарыг нь баглуулалгүй чөлөөлж  Хүчийг нь авахуулмаар байгаа юм. Улаач өөрөө онгодын зан чанар, ёс заншлыг ойлгож ухаарч хичээвэл маш амархан Халх онгодууд хүчээ авна. Тэгээд тэр нэг эргүү багшийнхаа үгэнд итгээд дараагийн Чанараар нөгөө өвөөгөө авна гээд эргүүтээд суугаад байвал онгод чинь гутна даа.
Онгодууд улаачаа хаяад дэгддэг юм шүү дээ. Ухаан муутай байсных нь шанд.
Тийрэн оруулсангууд бол яриад байх хэрэг байхгүй, эртхэн Тийрэнгээ хөөлгөхгүй бол угийн мунхаг улаач дээр Тийрэн буучихвал нийлээд л уруугаа эрчимтэй өнхөрч одно.  Өмнө нь өмсгөл, хуяг энэ тэрийн тухай бас тодорхой бичиж байсан тул олж уншаарай. Бөө боллоо гэхээр л ид шид л үзүүлэх тухай мөрөөдөөд байх юм. Хурдхан өөрийн толгойгоо гэгээрүүлж, өөрийн үүргээ ухамсарлаж, хариуцлага хүлээн Нийгмийн буруу үйл, муу сүнсүүдийг тонилгоход биеэ бэлтгэн, онгодоо хурцлах хэрэгтэй байна.
Алив муу үйлийн үндсийг таслахгүйгээр, үүрийг нь устгахгүйгээр Бөө та үйл хийгээд яах юм бэ? Таны өнөөдөр засаад өгсөн нөхөр  маргааш нь дахиад л нөгөө газраа очоод шинэ Албинд уруу татуулана. Толгой доторхийг нь өөрчлөхгүйгээр үр дүн гарах ч үгүй. Тэр эргээд тан дээр нэг, хоёр ирвэл их юм, дахиад ирэхгүй шүү дээ. Учир нь тэр өөрийн буруугаа олж харахгүй таныг шал худлаа Бөө би өчнөөн юм өгч засуулах ч лээ, хэвээрээ л байнадаг гэнэ. Үнэн чанартаа тэр өөрөө дахин өмнөхөө давтаад л бузар авсан байдаг.
Иймд бөө нар минь Та бас өөрийн ирээдүйгээ бод, та хүний хамгийн бузар муу муухайтай хутгалддаг, хичнээн онгодууд аваад явсан ч бага сага биед үлдэж, яаж их ядардаг билээ. Бөө хүн энгийн хүнээс хэд дахин ачаалал авдаг. Онгод ороход Бөө хүний зүрх энгийн хүнийхээс хэд дахин илүү ажилладаг. Та бидний ихэнхи нь богино настай шүү дээ. Ялангуяа зарим онцгой хүнд засалд өөрийн наснаасаа барьцаанд тавьж нэг нэг жилээр хороодог. Хүний төлөө өөрийнхөө наснаас өгч чаддаг Бөө нар олон бий гэдэгт итгэдэг. Мөн Бөө та өөрийн сайндаа засал хийгээд байгаа юм биш. Онгод буурлуудынхаа буянаар хийдэг. Гэтэл Онгод буурлууд маань бас бие нь чилээрхэж өвддөг шүү дээ. Та ёолж ядарсан орж ирэх, заримдаа сэтгэл нь гундуу орж ирэх Буурлуудаа санадаг байх. Тэд маань бас хүний төлөө зовдог. Би хөгийн мунхаг хүмүүсээс болж аль эрт өнгөрч одсон өндөр Дээд өвөг эцгүүдээ чилээхийг хүсдэг ч үгүй.
Аль алийгаа ч бодсон Бөө Та энэ хүн олныг ухааруулахгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй яг л нэг хэвээр яваад байх болно. Өнөөдөр ирж өчигдөрийнхөө бузрыг гаргуулчихаад л маргааш дахиад авах Мунхагуудтай зууралдах хэрэг юу байна. Хүн шиг буруугаа ойлгоод хичээгээд зүтгэх хүнийг бол дэмжихийн дээдээр дэмжиж болно. Аль болох засал номоо хийхдээ учир шалтгааныг нь ойлгуулж дахиад хийхээргүй болтол нь ойлгуулах хэрэгтэй байна.  Мөн Хаанаас айлтгал хийсэн бөгөөд Алтан ургийн болон Гарал томтонгуудыг битгий нуугдаад суугаад бай хэмээн анхааруулсан бөгөөд өөрсдийгөө зарлахыг зарлигдсан болно. Тийрэнтсэн болон буруу яваа улаач нарын Онгодуудыг ХУРААХ цаг болсон учраас алийг нь ч өрөвдөж хайрлах хэрэггүй, цаг хугацаа бага болсон учир ЭРХээ эдлэхийг АНХААРУУЛСАН шүү!!!

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.