Monday, November 27, 2017

ОВШААРЧДАД ХЭЛЭХ ҮГ БАЙХ ЮМ


Та бүхэн ямар аргаар яаж ийж байгаад Овшаарчид болсон нь надад хамаа ч үгүй. Магад би ч мэдвэл зохихуйг мэдэхгүй байсан бол бас овшаарчин болж ч магад гэж өөрийгөө хүлээн зөвшөөрнөө. Нээрээ тэр их мөнгийг чинь яалтай билээ дээ. Баян гээд надад бурхан олон ам, онцгой эрхтэн илүү нэмж өгөөгүй болохоор хоол идэх ходоод маань ч бусдын л адил нь гаслантай. Баян болоод болоод өдөрт 10 литр хоол орохгүй л юм байна ш дээ. Цатгалдаад, гүзээ томроод, гутлаа ч өмсөж чадахаа байлаа. Хөл маань хаа ч байгаан харагдах юм алга дээрээсээ. 
Өнгө өнгөөр нь хамгийн сайныг гэж идсэн ч баян хүний өвчин ихэвчлэн хорт хавдар л байдаг. Хамгийн эвгүй эвгүй зэвүүн өвчнүүд дагалдах нь цаанаа нэг ёрын. Эхлэл нь хөдөлгөөнгүй байх, хоолноос болдог нь шал тэнэг. 

Машинтай би машиндаа суухгүй яахын, мөнгөтэй би сайхан хоол авч идэхгүй яахын, Мөнгө олж амьдарна гэдэг асар их хөдөлмөр илүү нарийн ухаан шаарддаг, бас их хөдөлмөрлөж, тархи их ажилласан ш дээ. Ямар сиймхий байна, хэнийг аргалах уу, хэд үржиж ашиг олохнуу гэдгийг тэнэг хүмүүс бодож чадах ч үгүй юм чинь дээ. Аз шовойгоод арвин ихээр мөнгө орж ирээд л байсан, ирээд л байсан, ирээд л байсан. Энэ чинь намын бас Тэнгэрийн бас бус олон юмны хишиг. 

Харамсалтай нь би болон миний гэр бүлд бүх л хэрэгцээ хангагдаад байгаад атаа жөтөөч нарын хар, цагаан, улаан хэл ам, өлөн нүд, өмхий үгс бүгд ирээд байгааг мэдэрнээ мэдэрнэ. Энэ улс төр нэг л биш, дахиад социалист, коммунист нийгэмээ хүссэн улаан пролетарууд МАХН-ынхан гараад дээрэмдүүл яахын, МАНАН хэмээх намын аль алинд нь л амьдралаа хамгаалах хахуулаа адилхан өгөөд байхад шунаж цадахгүй тэд бас яах ч юм билээ, Төрд гарсан луухаанууд нэг л өдөр ах дүүсээ дуудаад ирэх нь тодорхой боллоо. Иймд илүү гарсан хөрөнгө Монголд байх аюултай. 

Хань ижилд итгэлтгүй. Надтайгаа таарсан мөнгөнд боол болж, бас ардаа амрагтай ч юм билүү золиг гэж. Миний хүүхдүүд ажил мэдэхгүй, цамаан, эд хөрөнгө хайрлаж сураагүй. Үхэхээр минь байраа алдаад, хар тамхинаас болоод өтлөхөд минь зовоох ч юм бил үү гэх мэтээр баян болсны минь зовлонг олон хүн мэдэхгүй юмдаа. Ингэж байтал зиндаа зиндаагаараа байдаг бидэн дунд зовлонгоо түрүүлж мэдэрсэн нэгэн маань харьд бас бултаж болдог сайхан гарц нээснийг санамсаргүй би олж мэдэв. Маргааш өглөө бизнес суудал нүдээ аниад нээхэд л бэлэн болох надад мөнгөө нуухад найдвартай гээд л санаатай ч бай, санаандгүй ч бай нэг мэдэхэд л бөөн мөнгөө түгжиж авч сэтгэл амарваа. Гэтэл баян хүнийг балаг тойрдоггүй гээд л хаа холын оронд ч бас атаархагчид, хогийн хүний мууд дурлагчид хамаг юмыг минь илчилж миний хөрөнгийг булаахаар заналхийлж эхлэв. Хангалттай илүү гараад сэйфэндээ хийхээр бас алдах юмуу, баригдаад хураадаг найдваргүй. Хэрэгтэй хэрэггүй ах дүүс, хамаатан садан, худ ураг, бага дунд ангийн, жолооны курс мурсын гээд сураггүй, нэргүй нээх олон юмсын лай бас дарамттай дарамттай. Өлөн нүдэлсэн татварын гайнууд амар заяа үзүүлэхгүй. Элдэв гуйлгачид тийм ч шалдан хүүхэн, ийм ч булчинтай хархүүн тэмцээн хэдэн төгрөг хандивлачих гээд хаалга үүд отоостой. 

Одоо бүүр арга нь нарийсаад таанк шарах ч билүү минийхээр махчилж орчуулбал танк шиг махчин загас ч билүү эсвэл танк гэх том төмөр машиныг ч шарах чадалтай ч гээд байгаам уу ямартаа ч хөөргөж байгаад хөөрхөөн сэгсрээд байх санаатай. Улам л арга нь нарийсаад олны нүдэн дээр олсон нэрийг минь ашиглаад байхым аа. Ямар сайндаа илүү гарснаа харийн газарт булахав дээ.

За би овшаарчин болох шаардлага, аргагүй хамгаалалтаа бодсон чинь бас ч гэж өрөвдмөөр бөгөөд үнэн зовлонтой л юм байна. Овшаарчдыг цээрлүүл, баривчил, тоно, булаа гээд нэгдэж эхэлсэн бүлэг бүлэг хүмүүс ч яахав ил хэлж хашгирч байна. Гэтэл цайчихсан шийдчихсэн гарууд бол ил гарахгүй ш дээ. Үр хүүхэд, авгай хүүхнийг минь барьцаалчих мөнгөөр л намайг харна. Боломж гаруул хулгайлчих санаатай эргэлдэж судлана. Бололцоо гарвал дээрэмдчих санаатай сураг тавина гэдгийг мэдэж болгоомжилж байхгүй бол болохгүй. Дээрээс нь байгалийн гэнэтийн аюул болуул яанам. Бас гал усны аюулаар Туулын мөсийг долоох шахам явж цуглуулж, олны нүдийг хариулж, ов залиараа аргалж, овсгоо самбаагаараа олсон хэд маань хэдхэн саяхан, хэдхэн тэрбумхан л ногоохон шүү дээ. Тараамп мараамп шиг ямар болсон биш би. Пуутийн энэ тэр шиг юмнууд зүгээр байлгахгүй бол яанам. Эрсдэл бас ихээ их. Төрсөн нутагтаа тайван алхах хэцүү болж, ганцаараа гаруул хулгайлагдаж ч магад. Сонин сэтгүүл, араажаа, зурагтаар дүрсийг маань өнгөтэй, өнгөгүй хэвлэн муулж, пээс бүүхээр харааж зандчиж, хөөсөн хүмүүсийн хорсол нэн ихэсчээ. Гадаадад очиж амьдрах нь өлзийтэй гээд хэдэн байшин сав авсан ч хүний газар л бол хүний газар. Ядаж байхад Монголд бас ил, нууц яс цусны тасархайнууд ч бас үлдээтэй.

Гэтэл энэ бүхэн чинь арга талын нүдэнд харагдаж үзэгдэх л амьдралын минь зовлон шүү дээ. Мөнгө намайг боолоо болгожээ хөөрхий. Уг нь би эзэн нь юмсан. 

За тэгээд Аянгат би чинь бөө мэрэгшилтэн болохоор Онгодуудаараа хичээл заалгаж байгаа учраас билэг талын зайлшгүй жам ёсыг нь гадарлахтайгаа болсон хүн. Далдын ухааны мэдвэл зохихуй гээчийг мэдүүлэхээр өдөр шөнөгүй тархидах Онгодуудын дарамтанд амьдардаг хүн. Энэ хэдэн жил юу эсийг туулж мэдэв. Хүүр амилж үлгэр ярина гэдгийг бодитоор нь, өнгөтөөр нь үзэж харж, үр дүнг нь хүртэж яваа улаач авгайхан юм байгаан. Үзэгдэж харагддаг ил ертөнцөд овшаарчин болсон миний зовлон ийм, бодит үнэн ч ийм. Тэгвэл үзэгдэж харагдахгүй далд ертөнцөд юу болдог тухайгаа бодоодохий.

Эхлээд би амьдралын төлөө, сайхан амьдралын төлөө л зүтгэж, нойр хоолгүй л ажилласан. Бүх л зүйл бэлэн болж, илүү их баталгаатай амьдралтай болов би. Гэтэл улам л ихээр цуглуулж, улам л ихээр олохгүй бол зогсож чадахаа нэгэнт өнгөрчээ. Элдэв дэмий зүйлд мөнгө үрэхээс ч уур хүрдэг болов. Хурааж, далдалж, нууж, хадгалж, цааш нь хийхгүй бол амархаа байв. Яагаад ч юм нэг л түгшүүртэй. Юу дутаад байгаан нэг л юм дутаастай. Шөнө би унтахад бие минь гүйцэд амрахаа байв. Унтаад байгаа хир нь л нэг л амрахгүй. Хүний бие чинь уг нь хэвтэхээр амарч, бүх бие маань ижил түвшинд газарт хүрдэг байхад ямар нэгэн юм эвсэн мэт, энд тэнд нэг л сонин түвэгтэй байх аж. Мөнгөтэй би дэлхийн хамгийн сайн эмнэлгээр явж, хамгийн сайн гэх бүхнийг лам, бөө, мэрэгч төлөгч энээ тэрээд сэмхээн бас даатгасан ч нэг л биш ээ. Хэсэгхэн байгаад л нөгөөх л сэтгэлийн шунал, айдас, давхар санаа байнга дараастай. Ямагт муу зөн сэрээстэй. Болгоомж илүүдэхгүй бүхнийг бэхэлсэн ч мартах аргагүй үе үе зурвас зурвас бодолд орж ирнэ. Цус гэж яадын заримаар нь зовлонгоо мартах гэж нам согтож, хөөрхөн сайхан ч санаа нь ойлгомжтой хүүхэн шуухан, хар хүнээр цагийг өнгөрөөвч тэд бас нэг л зэвүүн, яагаад би бусдад итгэх итгэл цаанаа л нэг хөндий хүйтэн болоод байнаа. Яг өөрийгөө мэдрээд үзэхээр гол маань хүйт даасан байдалтай, ар сэрвээний тэндээс бас хүйтэн мэдрэгдэнэ. 

Үе үе ааш хувирч өөрийгөө ч танихгүй аашилж, хашгирахгүй бол санаа амрахгүй. Ядарсан амьтдыг харахаас ч дургүй хүрч холхон байхыг болно. Адилхан зиндааныхантай ч болгоомж хянуур хөндий хүйтэн худал инээдэг болжээ би. Тэд үнэн чанартаа мөнгөөр л намайг хэмждэг. Инээд нь хуурамч, магтаал нь худлаа, нүд нь атаархалтай, үг нь сонжоотойг би мэдрээд байгаа юм чинь яахын. Би ч бас тэгж тэднийг хардаг болжээ. Цаг хугацаа яваад нүүр царай хөгширч байгааг элдэв тариагаар аргалж, боломгүй дарвайтал сунах арьсаа тануулж, хасах мөнгө минь байж л байна. Гэвч эднийг аргалаад өөрийгөө сайхан бна, баян байна царайтай байна гэж бодовч өчигдөр мөлхөж байсан хүүхдүүд маань бас яагаад хөгшрөөд үржээд унав аа. Энэ нь цаг хугацаа яваад байгаа, миний бие дуусах дөхөж байгаан илрэл тул өөрийгөө хуураад яахав.

Яахав мөнгөтэй бид мөнхийн амьдралыг авах арга гарч болох ч үр хүүхдүүдээ бас мөнх амьдруулах мөнгө хүрэх билүү миний. Өөрөөсөө өмнө үрээ үхүүлэх, таньдаг дайснаас минь ч гэсэн үлдэх хүнгүй болох цаг хугацааг мэдрээд үзвэл яах бол. Энэ тухай бодлуу. Хувцас бүрээс уйдаж, улам л үнэтэй, улам л чамин, улам л дахин өмсөж онигоо болмооргүй санагдах намайг юу эзэмдээд байнаа гэж бодох цаг хэзээ бол оо.

Гэтэл энэ бүхний ард ад шунал, донд хөтөлдөг ХАР СҮНС ажлаа хийж, биеийг чинь бас шимэгчилсээр, авир тархинд чинь гүн сууж, зүрх сэтгэлийг чинь бүрэн эзэмдэж, чиний махан биеэр чи биш ХАР СҮНС эзэн эрхээ эдлэж, ханаж цадахгүй бүхнийг урин дуудаж, хийх гэсэн бүхнээ гүйцэлдүүлж, гаж хүслээ, гаж донгоо гүйцэтгэж байдаг гэдэг нь далд ертөнцийн тухай,элдэв сүнсний тухай бас л нэг мэдвэл зохихуй бөлгөө. Нэгэнт чиний авир 6 тархинд чинь нөлөөллөө тогтоож чадсан бол 1000 лам, 10 000 бөөгөөр бөөлүүлээд ч нэмэр үгүй. Үхээд ч сүнс маань хөрөнгөндөө хорогдож үдлэж өгдөггүй үйлийн үр үүсч, хөрөнгөндөө хорогдсон 100 айлын луухааны сүнсний тухай биш Монгол овшаарчдын сүнсний тухай үлгэр домог, үнэн худлын яриа үүсч, мэлмийтэй мэдрэлтэй нөхдүүдийн дунд Пээтроовсын Оюунгэрэлийн сүнс одоо хүртэл Монгол нутгаар хар өнгөтэй бүхнийг нээвт, түлш гэж амсаж, барьж үзээд хар хувцас өмссөн бүх хүн рүү хар туупэл, хар палааж, хар чэмдаантай тог тог гээд л алхаад дагаад байгаа тухай ярьцгаана.

Эсүүл Баярцогт одоо хүртэл Монгол биш Луухааныхаа хаягнаасаа болоод сүнс нь дэгдэж чадахгүй Шэвцаартаа ч очиж чадахгүй ийш тийш таксий, багоон, онгоцоор оочерлосон ч бичиг баримтын зөрчилтэй гээд гацсан тухай, Сүү Батболд гээчийн Сүүн Эс буюу сүнс нь Ий Маартагийнхаа орж гардаг гарц дээр билээт шалгаад байж байсан учраас Иййй Батболдын сүнс гэдэг нэртэй болсноос хүмүүс орохоосоо айдаг, тэрүүгээр дүүрэн шуналын донтой сүнснүүд цугларч орж гарах амь бүхнээс эрчим хэмийг нь сордог тухай ярианууд гарах бизээ. 

С. Баяр гэж хамгийн адгийн хар сүнс халив далив хийгээд, хар бүхнийг хутгаад, цус сорогч болчихсон элдэв хүнийг дэвтүүлж, донтуулах, мангар гаруудыг хуурч байгаад биеийг нь эзэмдчих санаатай байнга өлөн нүдлэж, ховдог царайлахдаа төрүүлсэн охидоо ч танихгүй шимэгчилдэг тухай үлгэр үнэн гэдгийг батлан ярьж цуурцгааж, айл бүр арц уугиулан, давс цацан, цэвэрлэгээ хийн, ламдаж бөөдөж, паастардаж эднээс хол байлгахыг гуйх биз ээ. Уул усны нэхэлтэй, ургамал амьтны амийн өртэй, үйлийн үр нь үйлийн өр болсон овшаарчингууд удам дамжин хар, цагаан, улаан хэл ам байтухай хараал жатганд удмаараа барьцаалагдах нь дамжиггүй. Жамын үнэн ийм байдаг хойно яалтайв. 

Чиний хийсэн үйлийн үр чинь Өр болсон бол хохирлоо барагдуулах орь ганц чухал заалттайг яанам. Олон байшин авсан хүний газарлуугаа оргож дутаалаа ч дэлхийгээс зайлчихсан биш чиний сүнс яанамдээ. Хормойн дон, хогны шуналд автсан чамд мөн чанартаа хэн хорлогч сүнсийг нааж орхисныг даанч мэдэхгүй байгаа байхдаа хөөрхий. Оюу Толгойн гэрээг авахаар олон хар сүнсэндээ мэдүүлж, цусаар амилуулж тэжээсэн хар сүнснүүд нь далд ертөнцийн мэдвэл зохихуйг огт мэдэхгүй та нарыг амархаан олзолсныг мэддэг болов уу. Олзондоо шунахдаа охидынхоо сүнсийг хүртэл худалдаж орхисон донтой тэнэг өв үгүй, шим үгүй сүнс хэрхэн тарчлах нь ойлгомжтой. Үүнийг л жам ёсны зүйл гээд байгаам ш дээ.

За манай Онгодууд л лав ийм бузартай юмстай хутгалдаж улаачаа хар эрчмийн нөлөөнд хутгах дургүйдэг. Жамаар нь одуулж, хар сүнсэнд нь идүүр болгож хурдан цатгаж дуусахыг нь дэмждэг. Гэхдээ үнэн мөнийг нь үглэж хэлж өгнөө өгнө. Өгдөг ч учраас үнэ төлбөргүй ингээд бичээд өгч л байна. Учрах заяаг нь зураад, хараад сануулж л байна. Өөрөө ухаараад мухар тархинаасаа гарахыг оролдвол дэмнэж нэг өгөхөөс бус зулгааж зууралдах дургүй ээ дургүй. 

Хахаха. Сүнс байдаггүй гэж бодож байвал өөрийгөө буудаад үздээ. Үнэн худлыг өөрөө л батлах хэрэгтэй. Өндрөөс үсрээд үз дээ. Өгөр бие чинь үхэхэд цаана нь юу үлдээд байгааг нь лам ном уншиж өгч, 49 хоног гэж зул барьж тэнэгтдийн. Тэгж өөрсдийгөө хуурч, ламыг цатгаж байх ямар хэрэг байгаан. Бөө гэж ингэж үнэнийг үнэ төлбөргүй хуцдаг учраас үеийн үед ад үзэгдэж, шашин бүрт муулуулж ирсэн үнэн түүхтэй. Муу амандаа биш Жамыг таньж мэдсэн Өвгүдийн сургаал, үнэнийг сануулж өшөө их үйлийн үр хураахаас нь өмнө өөрсдийнхөө үр удмыг нь үгүй хийлгэхгүйн төлөө үглэж сануулдаг нь үнэн болой. Итгэнэ үү, байна уу өөрсдөө мэдваа. Овшаарчингуудын ил махан биеийн зовлон, сэтгэл биеийн зовлон болон далд сүнсний зовлонд эцэс төгсгөлгүй шаналал буй нь үнэн билээ. Ум маани бод мээ хум гэж. Овшаарчин болох ч хүсэх юм биш байна. 



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.