Sunday, November 26, 2017

АРСЛАНТАЙ АВДАР


Намайг бага байхад айлуудын хойморт арслантай авдар байдаг байж билээ. Миний эмээгийнх бас үеэл эгчийнд ч бас байна. Энэ авдарт чихэр, нарийн нарийн гоё юмс хадгалах учир авдраа уудлах эмээ, эгчийнхээ хажуугаар л сонин хачин ховрын барааг нь үзэж, чихэр иднэ. Сонгууль өгөх өдөр болон баярын өдрөөр л авдар онгойж торгон ганган дээлээ гаргаж өмсөх эмээ, эгч нарынхаа баяр хөөрийг бид бас харж өссөн дурсамж сэргэх сонин яриаг Онгодуудаасаа сонссоноо хуваалцъя.

Яагаад авдрын нүүр арслантай зурагтай байдаг гэж бодно гэж асуусан Онгодын асуулт сонин санагдав. Би хэзээ ч энэ тухай бодож бас анзаарч байсангүй. Нэгнээ дууриагаад л Арслан зураад байдым уу, хаашаа юм. Өөр юмс зурахад яадаг байнаа, нээрээ гэв. 

Монголд арслан байдаггүй биздээ. Бар, ирвэс, заан гэх мэт өөр хүчтэнгүүд зурж болох бус уу? Гэтэл заавал арслан байх учир нь Монголчууд бид нохойн дээд өвгийг арслангаар төлөөлөн шүтдэг. Одоо учрыг нь ухах нуу? гэх юм.

Аан хахаха, шогийн бэ, авдраа мануулсан ухаантай юмуу, хахаха. 4 нүдтэй банхар ч зурж болох байтал арслан зуржийгаа нь бүүр айлгах гэжийгаанмуу гэж би асуухад, 

Чи билэгдэл гэж зүйлийн мөн чанарыг ухаарах хэрэгтэй. Учиргүй юм гэж байдаггүй. Монголчууд бид өрх гэрийнхээ гол сан хөмрөг байдаг газрыг цагаан арслангаар зүгээр ч нэг мануулаагүй юм шүү. Нохой бол эзэндээ ээлтэй, хоточ, муу бүхнээс эзнээ, эдээ хамгаалдаг тийм биз, иймээс нохойн дээд эцэг бол арслан учраас өв хөрөнгөө түүнд даатгадаг. Ингэж амилуулан мануулж, шүтүүлэн бишрүүлж, хүндэтгэн хоймортоо залж, итгэл хүлээлгэснээр Монгол айл бүрийн хишиг, буян, хөрөнгө нь далд ертөнц зүгээсээ хамгаалалттай байлаа. Гэтэл та нар яав. Муухай гэж голж хаяцгаан, эцэг өвгүд, ээж аавынхаа удам дамжуулан шүтэж мануулсан цагаан арслантай авдраа хуучин гэж гаргаж хаяж, муу хэмээн голж устгасан. Энэ нь юуны цондон болсон гээч Монголын чинь хөрөнгөнд дурын хулгайч нар гараа дүрж, толгой эзэн суух болсны учир нь энэ. 

Билэг талын хамгаалалтаа авч хаяж, өв хөрөнгө дуудагч удам дамжсан хишгийн бор авдраа, манасан сахиустай нь Монгол өрх бүр үгүй хийснээр гундаж, гомдож туньсан хамгаалагч сахиус үгүй болж, эдийн заяа, эдийн хишиг чинь хазайж, хулгай нүүрлэхгүй яахав дээ. Нэг өрхөөс Монгол улс чинь бүрддэг биздээ. Өрх бүр хийн хамгаалалтаа үгүй хийх аваас нийгмээрээ хулгай нүүрлэж, хоосон царайлах нь дамжиггүй ээ. Эдийн Тэнгэр, Хишиг заяан Тэнгэрүүд чинь хаяж одох нь маргаангүй гэхийг сонсоод цагаан арслангийн билэгдэл мөн чанарыг ухаарсан бөлгөө.

Одооноос харин …Арслантай юу авдран болбоос… гэж дуунд мөнхөрсөн арслантай авдрыг урлаж хийсэн нь харагдах болжээ. Хөөх, хаах тийм үү. Одоохон арслантай авдар олж гэрийн хийморь буюу хойморьтоо тавиад хамгаалалтаа сэргээж, хишиг буянаа тэгшилмү гэтэл машид үнэтэй зардаг ажээ. Билэгдэл гээчийн мөн чанар, яагаад айл бүр анааштай биш арслантай авдартай байсны билэг талын нууцыг хуваалцахад ийм байлаа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.