Monday, November 12, 2012

Галын тахилга,Сарны Тахилга, Нарны Бөөлөө


Галын тахилга

Хүмүүнээс өндөр
Хүмүүнээс бүдүүн галаар
Тахилга хийдэг болой
Хүн  бүрийн өглөгөөр тэтгэгдэн
Өндөр дээдсүүд байрладаг болой


Хавт хар зүрх
Харалган хар мэлмий
Харанхуй хар тархи
Галын дөлөөр гийгүүлдэг бол
Газар дэлхийг ариун галаар арвилж
Авиа болгонд шөнийн аниргүйн чимээг
Шүүдэр дуслын ариун рашаан болгоныг
Хий мах бодь-д
Тэтгэн ивээдэг тахил нь болой

Галын тахилга нь болвоос
Ганц биеэр хийдэггүй
Хотол олноороо цуглаж
Хөгжим найраар баясгаж
Өнгө биелэгээрээ бадрааж
Шүлэг найраар ундарч
Бүүвэйн дуугаар жаргаж
Үлгэр домгоор удамшдаг болой

Баярлан цэнгэсэн, амссан
Алжаасан чилээгээ гаргасан болгон
Гурван жилдээ
Саад тотгоргүй
Садаа яршиггүй
Амгалан тайван
Аливаа бүхнийг гүйцэтгэх
Эрчийг олдог билээ

Зүрхний галыг бадрааж
Зүйл бүрийн шидийг хураах
Түлхүүр нь болдог учиртай
Эрдэм мэдлэг гэгээрэл
Энэ биений мэдрэмжийг
Цугаар нь бултаар нь
Өөдөө өөдөө цацрах
Өндөр сайхан цог дөлөөр
Биедээ шингээж явж
Ухаарах хүртлээ түгждэг учиртай

Аливаа бузрыг хийх аваас
Алтан газар нь хилэгнэдэг
Амь насыг чинь
Авах аюултайг санахтун

Зүрхнийхээ галаар
Өндөр түүдэгтэй холбогдон
Өндөр буурлуудаа баярлуулан
Энэ биеэ эрчимээр дүүргэн
Энэ харанхуйг цэгцлэх
Эхний үүд нь болой.

Сарны тахилга

Сарны тахилга нь болвоос
Зөн мэдрэмжийг дээшлүүлэх
Зөнт тархийг сэргээх
Харах мэлмий
Сонсох анир
Мэдрэх мэдрэмж
Хүртэх мэдрэмж
Амтлах мэдрэмж
Үнэрлэх мэдрэмж
Өндөр дээдэстэйгээ харилцах мэдрэмж
Өөрийнхээ энэ биеэн дээрх
Зовлон зүдгүүрийг гэтэлгэх мэдрэмж
Энэ бүхнийг сэргээх эрчим
Зөнт эрчимийг бие шингээх
Зөөлөн замбын тахилга нь болой

Саран ижий
Сүүн цагаан гялбаа юугаараа
Мэдрэмжээ дээшлүүлэн
Мэдлэгт хүрэх
Түлхүүрийг атгадаг учиртай

Аливаа бүхнийг ойлгохгүй
Бүхий л зүйлийг
Зөнт мэдрэмжээрээ шингээн авч
Зөөлөн зөөлнөөр гэтэлгэн
Зүүд нойрондоо мэлмийдэн
Учрыг олж зөнгөө дээшлүүлдэг тахилганд
Хайрын тахилганд
Гурвантаа суух аваас
Зургаан зүйлийн бүх мэдрэмж нь нээгдэж
Хүмүүний итгэлээр төгөлдөржин
Зөөлөн уухай
Зөөлөн дуугаар төгөлдөрждөг учиртай

Эзэн дээдэст талархаж
Энэ эрчимээ биедээ
Сайтар хураахтун үрс минь
Мэдэхгүй чадахгүй гэдэг үгсээ
Мартаж болгоо үрс минь.

Нарны тахилга /Нарны бөөлөө/

Урьд шөнө
Наран ээжий дээр
Элдэв янзын өнгөт гэрэл
Энхрий ялдам туяат гэрэл
Олон янзын дүрс бичиг
Онцгой шидийн тэмдэгт болгоныг нь
Харж үзэж баясав
Хамаг биеэндээ
Гурван эхийн нэгэн болсон
Алтан нарнаас эрчимийг хурааж
Ард олон зонгоор нь
Аргадан тайтгаруулж
Энэ бие болоод  өндөр дээдсүүд нь
Эрчимээр дүүрнэ
Энхрий үрс болоод өндөр дээдсүүд нь
Энэ биедээ шид болоод эрчим
Оюун болоод тэнхээг хураадаг учиртай даа

Зон олноороо сүсэглэн биширч
Өнгөт туяаг гайхан биширч
Өргөн олноороо бишрэх чимээнээр
Наран ээжийд тахил өргөдөг учиртай даа

Уухайн түрлэгээр
Урам хайрлаж
Авсан шидээ хайраараа
Биедээ бултаар нь шингээн авч
Тогтоох л хэрэгтэй дээ
Хүмүүн төрлөхтний
Есөн засал нэгэн зэрэг
Наран ээжийн гялбаагаар
Түмэнтээ цацрах туяагаар
Засагддаг учиртай
Хөх толбот хүмүүн болгон
Тобөмэ бодисоо тэтгэн

Газар эх болоод наран ээжийн буух засал дээр
Ариун сайхан тунгалаг эрчмийг нь хураан авч
Зүрхний доохон байх
Зүрхний хүүдийндээ дүүргэн дүүргэн
Мянгантай өвлөгдөх тэр эрчимийг нь
Өвлөн авдаг учиртай

Уухайн түрлэгээ үрс нь мартдаг
Урам хайрлахаа бүү март
Хоёр мэлмий дээ
Харсан болгон дээр чинь нэмэгдэж
Зулай болон зүрх
Алга болон хөлийн хонхорхойд
Улны хонхорхойд
Мэдрэмжээ гаргаж
Нэгэн бие өөрийн дагуу бүх юмсыг
Нэгэн цагт мэдэрдэг
Агуу шид нь
Алтан удмын оройн дээд нь
Ард олондоо түгээдэг хишиг нь болой

Наран ээжийн тахилгын дараа
Эзэн дээдэстээ талархахаа бүү март
Илч юуг нь авсан бол
Наран ээжийдээ уухайн түрлэг өргөхөө бүү март
Наран ээжийг харан үгс болон сэтгэлээ цэгцэлж
Үнэн худлыг ялгах
Тэр оюуныг авдаг гэдгээ бүү март

Оюунаа тайлж уншиж
Онцгой тэр эрчмээр биеэ цэнэглэж
Тэнгэрийн, мөнх хөх тэнгэрийн
Тэр дуудлагаар биедээ хадгалж
Мөрөн голын сав
Эх дэлхийгээсээ
Доороосоо тэтгэгдэж байгааг бүү март

Аялгуу сайхан дуугаар
Аргадан тайтгаруулж
Аливаа болгоныг гэрлээрээ тэтгэж бай
Нэгэнтээ нарнаас эрчим авсан бол
Есөн  жил тэрүүгээрээ
Амьдрах чадалтай байдгийг бүү март

Есөн жилийн дотор тэр эрчимээрээ
Ер бишийн тэр
Бөө тархийг
Хөгжүүлж болдогийг бүү март
Оломтой тэр тэнгэрийн
Оломгүй тэр эрчимээс нь
Суу билэг юундаа
Зүрх сэтгэлдээ
Бөө гэгээн тархиндаа хурааж
Бултаараа гэгээрдгийг бүү март

Саран ээжийн тахилга
Сүнсэн биеийн мэдрэмжийг дээшлүүлдэг
Мэлмий нь нээгдэж
Мэдрэмж нь дээшилж
Сонсгол нь дээшилж
Хэл нь хурц шулуун болж
Оюун тархи нь
Сүүн ээжийн гэрлээр цацардаг
Гурван ээжийн тахилганд
Бултаараа биедээ мэдэрсэн үед
Есөн жилийн тэр эрчмийг
Ер бишээр
Энэ биеэндээ хураадаг учиртай

Нарны тахилга
Сарны тахилга
Сүүн ээжийн ундаалга
Бултаараа байж төгөлдөр болох учиртай
Гурвалжин болж байгаа биз дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.