Өнгөрсөн түүхүүдээс бичих нь
Өвөг Монгол Дээдсүүддээ мөргөмү
Өнөө цагийн Мөр Гүн Дээдэстээ мөргөмү.
Үлгэр үнэн болж үлгэрийн баатрууд амилсан энэ гайхалтай цаг үед бас л шинэ нэгэн үйл явдал, шинэ ухаарал надад хайрласан гайхамшигт учрал тохиолоо.
2012.9.22ны өдөр Аянгат удган миний шинэ амьдралд учирсан анд нөхдүүд, дэмжигчид, ямар нэг сувгаар холбогдсон адал явдлуудын эздүүд ГЭРЛИЙН ӨРГӨӨ гэх пэйсбүүк группын болон Эзэн Богд Чингис Хааныг бишрэн шүтэгч, хүндлэн дээдлэгч нарын анхдугаар хурал зохион байгуулагдсан юм. Энэ зуур гэр бүлийн бяцхан мэдээг бас оруулахгүй бол болохгүй нь. Газар дээрхи ганц нөхөр маань халуун орноосоо түр хугацаагаар нутагтаа долоо хоногийн өмнө иржээ. Хэв хэвээрээ цэл залуугаараа л байв. Харин намайг хараад цочив уу яав чухам л эм тариа, эвий халиу болоод явчихав. Сүүлийн хэдэн ч сар толинд дүрсээ хараагүй би толинд зориуд очиж харлаа. Нүд минь сэлхэрч, ядруу царайлчихаж. Мэдсэн бол эртхэн өөхийг нь авахуулчихдаг байж ккк гэж бодлоо. За тэгээд юмыг яаж мэдэх үү, доошоо тонгойсоор байтал дахиад дүүрчүүл яахын нэгмөсөн сайн ухуулаад хонхойлгочихвол аймаар юм болох болов уу гээд төсөөлөн бодтол сонин санагдав. Одоо орчин цагт амар болсон гэжийлээ шүү.
Даанч завгүй байсан доо хөөрхий би. Ямар сайндаа л аль Сэлэнгэ явахын өмнө л хоёр маш сайн гэсэн дусал авчихаад зав гарвал тариулчих санаатай пүүгээндээ авч явсаар хэдэн сар болох дөхөж. Хотод ирээд завгүй хөдөө очоод зав гарвал тариулчих санаатай бас авч явна. Гэвч авч явсаар л таарсан юм. Нэг аяга цай уухад л хөлс гол мэт урсан, нүд суунаглажээ. Бодвол ядаргаа нь ясандаа тулаад ясаа ч цоолсон юм байлгүй дээ. Гэлээ ч бие минь санжиганаад л ажиллаад л байх юм. Хийсэн үйл маань улам л утга төгс, урамтай, зорилготой, гайхалтай болон өдөр бүр л сериалууд нь нэг хачин үйл явдал шинэ хүнээр нэмэгдэх учир гоо сайхантай манатай. Нөхөр ирэхээс хоёр хоногийн өмнө Их газрын чулуу болон Өөш Манхан яваад ирсэн юм.
Их газрын чулуу гэх үнэхээр сайхан түүх нь хадандаа шингэсэн газар очсон. Бид олуулаа явсан бөгөөд жуулчны баазад байрлаж байгаад л тухтайхан бөөлөв...
Хоёр хоног хойно Өөш Манхан явлаа. Бид төөрчээ. Хэдэн тийшээ төөрсөөр машины гэрлүүдээр уулзсаар хоёр машин нь алга болов. Нэг нь арай гэж уулзав. Төөрч одсон ногоон, цагаан хоёр Дэликагийн маань цагаан нь ирлээ. Гэтэл тэнд сууж явсан хүмүүс ихэд жихүүцжээ. Тэд явсаар нэг сүм дуганы суурь дээр очсон гэнэ. Сүм ч юмуу би сонирхсонгүй. Тулчихаад буруу явж гээд буцаад явтал араас нь юм хөөгөөд биесийг нь эвгүйцүүлсэн гэнэ. Харанхуйд явсаар дахиад л яг тэр газраа эргэн гурав оччихсон гэх юм. Араас нь нэрээр нь дуудаад бие жихүүцүүлээд гээд залуу улаач нар маань хэлж ирэв. Шөнө хоёр өнгөртөл төөрсөн бид тэр газраа хоноглохоор болон майхан саваа барив.
Энэ удаа миний зайран хүү хамт явсан юм. Би Гэгээнтэйгээ машин дотор унтахаар өөрийнхөө сүүж болон биеийн хэлбэрт тааруулан хэдэн цүнхтэй юмаа эвлүүлэн тавив. Гэгээн хойд суудал дээр хэвтээд би багтахгүй учир урд хойд суудлын голд хэдэн богц өрсөөр хэвттэл өндөр нам болон эв хавгүй байсан ч за хэдхэн цаг юм чинь гээд хэвтлээ. Оймсоо тайлчихаад л хөлөө өргөн хэвтэж байтал машин хөдлөөд байх юм. Босон ажиглатал бүгд майхан савандаа зарим нь гадаа хэвтсэн учир машин хөдөлгөх хүн алга. Дахиад хэвттэл машины тэвш дээрээс маш олон юмс үсрэлдэн доош нэвтлэх гэж оролдоно.
Болохоо байжээ. Түм буман хар Сүнсүүд биднийг дайрч гортиг нэвтрэхээр довтлон манайхан руу шунана. Хэнгэргээ шүүрч аваад л Гэгээнийг битгий айгаарай. Ээж нь бөөллөө гээд л гараад гүйлээ. Гадаа хүйтэн болж хөл хайрч бас хатсан өвсний өргөсүүд хөл рүү орсон ч гутал оймс өмсөхдөө манатай бөөн хар Сүнсүүд уулгалан дайрч байлаа. Хэнгэргээ дэлдэн хөөсөөр үзэлцэж байтал хажууд хэнгэрэг дэлдэн чарлан хашгирсаар хүү маань орж ирснээ түнэр харанхуй руу гүйгээд одов. Манайханы зарим нь гайхчихсан босч иржээ. Тэднийг Сонын араас явж бай гэж хашгираад би тэр хавиараа хэнгэргээ дэлдэн байв. Гэгээн машинд ганцаар үлдсэн манайхан амарч буй учир тэднийг манан ирсэн Чөтгөрүүдийг гөвсөөр бас өөрөө гөвүүлсээр байж байтал хүү буцан ирлээ.
Тэр ирээд тас гэдрэгээ саваад унах юм. Гайхаад гүйгээд очтол ухаан алдчихаж. Зүрх нь хэдэн минут зогсон би их сандарлаа. Бүх л юмыг мартан хүүгээ сэргээх гэж оролдоно. Манай хэд ч яах юу хийх ёстойгоо ч мэдэхгүй шоконд орчихов. Хэсэг оролдоод сэргэхгүй болохоор нь хэнгэрэгийг нь гарт нь бариулаад гарыг нь атгаад хамт нүдэж гарлаа. Гэнэт хүү үсрэн босоод муухай чарлаад л хэнгэргээ нүдэж гарлаа. Хадам Буурлын минь дуу сонсогдон би сэтгэл амрав. Хадам Буурал бахирсаар түнэр харанхуй руу бас л алга болов. Би араас нь хэнгэргээ дэлдсээр гүйлээ. Хэсэг бид пижигнүүлсээр ямар ч байсан шөнийн урилгагүй зочдыг хөөж орхив.
Хадам Буурал маш их хилэгнэн хараал урсган Үрийн минь амийг авах гэлээ гээд л аймаар юм болов. Тэгснээ хүүг минь зодон алдаа гарган амиа алдлаа боссоноос хойш гурван удаа ийм алдаа гаргав гэж зэмлэн байлаа. Би хүүгээ өмөөрч миний нялх хорин настай үрийг минь юунд буруутгав гээд л нулимс урсан чичрэв. Хадам Буурал болон Хаан хоёр ярилцав. Хаан маргааш дайн хийж хүйс тэмтрэх болно гэхэд Хадам Буурал бидэнд үлдээчих бид үүнийг үрийн минь амийг авсны төлөө ... .... .... хүн аймаар хараал хэлэн зүхэн хэрхэн тэднийг байхгүй болгохоо шүлэглэн 30 минут болов. Хий сүнсүүдийг байхгүй болгоход ийм урт хараал хэлдэг юм байхдаа. Тэр сүнсүүдээс үлдэх үс ч үлдээсэнгүй. Хаан зөвшөөрөөд маргааш өөрөө мэдтүгэй бид харж байя гээд гарчихав. Хадам Буурал ч алга болов. Хүү минь махан биендээ эргэн ирлээ.
Би уйлсаар л байлаа. Нэг ч үг хэлж чадахгүй, дуугарч чадахгүй уйлна. Хувь заяандаа гомдож гутарч, хүүгээ өрөвдөн чичрэн уйлна. Нэг ч үг дуугарч чадахгүй өөрийн амьдралаа бодон уйлав. Гэнэт сэхээ орон Гэгээнийг харж бай ганцаар байгаа гээд Мухулайн улаачыг машин руу явуулав. Хоёр нялх үрийнхээ дунд хав харанхуй шөнө чичрэн уйлахдаа одот Тэнгэр лүү харан цөхрөн уйлж байв. Би яахаа ч мэдэхгүй, дэндүү хүнд хэцүү хувь тавилангаа яахаа ч мэдэхгүй хэнийг ч буруутгах юм, хэнийг ч үзэн ядахаа мэдэхгүй нь. Тэнгэрийн өмнө, Далд ертөнцийн өмнө, Сүнснүүдийн өмнө би ер хэн юм бэ. Хэн ч биш тоглоом юм биш үү. Эсвэл боол нь юм уу. Миний хүүхдүүд ямар буруутай юм бэ? Миний улаач болсон хүү ямар буруутай юм бэ? Би түүнийгээ сая алдсан бол эцгийнх нь царайг яаж харна. Юу хэлнэ. Дуртай даа бөө болсон гэх үү намайг, ийм юманд хүрэх гээд байсан гэх үү, чи өөрөө амийг нь хамгаалах чинь яасан юм гэх үү, өөрөө оронд нь үхсэнгүй гэж зүхэх үү... Миний нүдэн дээр хэнгэргээ дэлдсээр хүү минь үхвэл би өөрийгөө алах уу, амиа хорлох уу, гэтэл үлдэх үрсээ яах вэ, Тэнгэрийг зүхэх үү, өвөг дээдсүүдээ үзэн ядах уу бодохоос ч аймаар.
Гэвч хүйтэнд дагжин чичирч байгаагаа гэнэт мэдэрч эхэллээ. Хоноглосон майхануудаас холоо ирсэн байлаа хүү бид хоёр. Хүү маань үг дуугарч чадахгүй уйлах намайг аргадан тэвэрч тайтгаруулах гэж хичээнэ. Тэр ч бас юу ч хэлж чадахгүй уйлна. Хүү минь юу бодсоныг асуух юун, над шиг л бодсон бизээ. Хүмүүс майхан руугаа явжээ. Хүү бид хоёрт санаа зовон ирээд юу болсон тухай асуух ч хүн алга. Бүгд ядраад нойрондоо дийлдэн унтжээ. Ямар хүнд хэцүү амьдралд орсноо тэд яаж мэдэх билээ. Нэгэн жилийн өмнөх над шиг л юу ч мэдэхгүй нь тодорхой.
Нэг минут дотор л амиа алдах бүрэн боломжтой энэ далдын тэнэг дайныг тэд яаж ойлгохов. Хүүтэй минь ижил цэл залуу улаач хүүхдүүдийг өрөвдөн уйлав. Гараа чанга атган байж өгөр хар муу ёрын сүнсүүдэд уур хүрэн тэднийг цааш харуулах болно, энэ олон нялх үрсийг хамгаалан тэд нарыг би алах болно гэж шазуур зуун чичирч эхлэв. Харлан харагдах тэр уулын цаана байх сүм рүү хэнгэргээ барин очоод алалцах хүсэл төрөн чичрэн байвч Гэгээнд хорогдоод арай л явсангүй. Маргааш мандах нарнаар та нарыг алнаа л гэж бодов. Буцаад иртэл Гэгээн унтаагүй хүлээн байлаа. Дөрвөн цаг өнгөрчээ. Удахгүй үүр цайх биз. Гэгээн : Би айгаагүй ээ. Миний Эрлэг байгаа юм чинь юу гэж айдгийн гэж ярисаар арай гэж унтав. Соно зайран хүү маань ч намайг үнсээд санаа бүү зов гэж тэвэрч аргадаад гадаа унтахаар явлаа. Хөлөнд орсон өргөс хатгах ч харанхуйд харагдах юм алга.
Үүр цайтал элдэв дээдийг бодсоор уур хүрч уушиг сагсайсаар өглөө болгов. Тэнгэрт гомдож, Буурлуудад дургүйцэн намайг бөө болгосонд гомдон байснаа санаад ичив. Тэдэнд биш өгөр хар Сүнснүүдэд л гомдох байтал би гэж ахархан бодолтой, новшийн санаатай муухай юм даа. Хэрвээ би ийм хувь тавилангаар амьдрах байсан бол яах гэж намайг нөхөрт гарган хүүхдүүд төрүүлэв. Би ганц бие эр хүн байх минь яав даа. Тэгсэн бол энэ Тэнгэрийн үйлд уухай гээд л явж байхсан. Миний нүдэнд зайран хүүгийн маань зовлонгууд ээлжлэн харагдана.
Түүний анх бөө болоод толгойгоо жонглёрдон, савж унан, өнхөрч, хамаг могой нь тэгш болтол эргэлдэн зовж байсан нь, намайг Эрлэгээс татаж гаргахдаа орилон цурхиран уйлж байсан нь, өөртөө гутраад: Би л Бөө болоогүй бол та нар хэрэлдэхгүй байсан, би яасан азгүй хогийн амьтан бэ, яасан үхдэггүй юм бэ гээд чарлаад уйлж байсан нь, сая зүрх нь зогсоод гулдайн унасан махан бие нь нүдэнд үзэгдэнэ. Хүнд тийм гэж хэлэх аргагүй зовлон шаналал, манай гэр бүлд тохиолдсон аймшигт мөчүүд, Далдын хүчний өмнө сөхрөн яахаа ч үл мэдэх арчаагүй бидний амьдрал энэ бүхэнд би одоо ч хэлэх үг олдохгүй зүрх салганан чичирдэг.
Далд ертөнц бол ТОГЛООМ БИШ. Өглөө би арай гэж тайвширсан байв. Бид хайж явсан газраасаа хэдхэн метрийн зайнд хоносон байсан бөгөөд төөрсөн ногоон микрогийнхон бас ирлээ.
Өнгөрсөн шөнийн явдлын тухай ярихад хүн бүрийн бодол өөр байжээ. Туршлагатай олон жил бөөлсөн удган маань ногоон машинд суун төөрөөд тэр уулын нөгөө талд шөнийг өнгөрөөхдөө бидэн рүү дохио илгээсэн бөгөөд таван улаачид хуягла гэсэн мэдрэмж дохио ирсэн ч тэд би юу бодоод байнаа, үгүй байлгүй дээ гээд унтсан байв. Бусад нь энэ дохиог мэдрээгүй байлаа. Гэхдээ бүгд л өөрсөд рүү нь юм дайрч ирээд хутгалаад жадлаад байсанг мэдэрчээ. Тэгсэн ч Үгүй байлгүй дээ тэгж санагдлаа гэх мэтээр бодож гэнэ. Зарим нь шөнө хэнгэрэг дуугараад унахад удган үйлтэй байгаа юм байхдаа гээд л унтаад өгч, зарим нь За даа нэг юм болохоо байж дээ, гэвч би яалтай билээ. Хэнгэрэг нүдвэл удганд бүр гай болчих байх томоотой байж байя, зарим нь ер юу болоод байгааг ч ойлгоогүй гэх мэтээр олон янз болжээ.
Тэднийг бүгдийг өглөө гэрлэн бие буюу сүнсэн биеийг нь шалгахад эрүүл хүн байсангүй. Дуудлага хэлүүлэн сүү уулган, нараар эмчлүүлэн байж хэдэн цэргээ янзалж авав.
Манайхан миний цэргүүдийг Аянгатын мангар цэргүүд гэж шоолж байсан санаанд ороод инээд бас хайр хүрэв. Аянгатын Мангар цэргүүд Манлай цэргүүд болох л болно доо харж л байгаарай. Миний анхны дайнд орж байсан инээдмийн түүх блогт бий. Би өөрөө тэнэг юм чинь мангар цэрэгтэй байх нь асуудал бишдэг. Энэ Далдын дайн чинь өөрөө шал тэнэг юм чинь яадын. Үзэгдэж харагдахгүй хирнээ өвтгөж зовооно, үхүүлж амьдруулна гээд шал тэнэгээ тэнэг. Одоо ч би энэ дайнд дургүй. Жилийн өмнөхөө бодвол би дайсан ирвэл мэдрэхтэйгээ болсон нь их юмдаг.
Ер нь зунжингаа л хөдөө явлаа. Манайхан майханд унтаж байхад би дууны багшийн ланд 80 гэдэг машинд үргэлж унтдаг. Хойд сандал дээр нь унтахдаа шөнөжин хөлөө ийш тийш тэнүүлэн эвхэж дэлгэж, аалз шиг л унтсаар бүр болохгүй бол хаалгыг нь онгойлгоод хөлөө жийж унтана. Манайхан яаж унтаж амарсан болдог юм майханд унт гэхэд зөрсөөр л машинд унтана. Улаач нарыг манаж манаа хийж унтах бөгөөд тэдэн рүү дайрвал шууд босоод бөөлөхөд цаг алдахгүй, хүнд түвэг удахгүй аж. Үнэхээр л энэ удаа юу юугүй үсрэн дайрч ирэх хар сүнсний армиас цаг алдалгүй босоод дайтаж гарсан юм даа. Энэ аюулт үед хэнгэргээ шүүрч аваад шууд үсрээд гарах зориг л хэрэгтэй. Хувцас хунар өмсөх, хэнгэрэг хэцээ хайх цаг мөч байхгүй. Машины дэвшин дээр бүр үсрээд байсанг нь яанаа хар сүнсүүдээ гэж зэвүүн амьтад.
Энэ тулаанд хүүгийн минь зүрх зогссон шалтгаан Хуяггүй тулаанд орон миний өмнүүр хамгаалан ороод холдон дайрч одсонд байсан юм. Хүү өдий болтол хуяггүй буудаггүй. Хамгаалалт шивээс хийлгэсэн боловч дутуу хагас хийсэн. Ганцаар тасарч ороод бөөн дайсан дунд хүчээ барсан гэх мэтээс болон өөрийн сүнсээ олзлуулан ухаан алдан зүрх нь зогссон юм. Ёстой өндөр тэнгэртэй, хүчтэй Онгодуудтай тулдаа л буцаж махан биедээ эргэн ирсэндээ. Өдий болтол намайг бэлдэн сургаж байсан бүхэн энэ бүх эрсдэлийг тооцон бэлдэж байжээ гэж үйл явдал дууссаны дараа ойлгодог мунхаг оюунаараа суралцсаар л явна даа би.
Хэрэв би хоёр хүүтэйгээ яваагүй бол шарандаа шууд сүм дотор нь ороод тулалдахаар хамаг хүсэл оргилж биеэ арай хийн барьсандаг. Зэвүүүүүн гахайнуудаааааааа би та нарыг алах л болно, сульдаж унаад алуулсан ч нэг хоёрыг нь маажаад, хэд гурвыг нь хазаад амандаа махыг нь зажлаад залгиад үхэх болно хэмээн шар гозойно. Би Хар Сүнсүүдийг үзэн яддаг болжээ. Олон ч тулаанд орж Чад хийхээ ч дөхөн алдаж оносоор өдийг хүрчээ. Зун болсон зэвүүн тулаануудын тухай заваа гарахаар бичнэ. Амарбаясгалан хийдийн, Чойжин ламын, Түвд үсгүүдтэй тулалдсан, Бумбынхантай тулалдсан, Лам нарт мөрдүүлсэн, нуугдсан, бултсан баригдсан, дахиад л тулалдсан гээд л олон тулааныг хийн өөрийн биеэ мах болгон сүг болгон олон янз болсоор одоо би дол цохисон дайнч болж эхлэж байгаа.
Маргааш өдөр нь Хадам Буурал хэлсэндээ, шарандаа байлдан ялалтаа бататгасан билээ. Бид шөнөжин төөрсөн ч яг л хонох ёстой зорилгот газраа ирсэн байжээ. Бидний хайсан элснүүд урд минь уул мэт овоорон тогтжээ. Баруун талын уулын цаана нь сүм. Яг дунд нь хотгорт хоносон байлаа. Өглөө нь цайгаа уун, биесээ эмчилчихээд байлдахаар болон газраа сонгов. Одоо бидний ээлж тэд харанхуй шөнө бидний сүнсүүдийг олзлохоор дайрсан бол бид одоо нарандаа мөргөөд тэднийг дайтах болно. Бидний зүүн талд бяцхан дов толгод байх тул тэр дээр гаран дайтах болов. Шөнийн тулаанаас сургамж авсан бид хоорондоо ярилцан төлөвлөгөө боловсруулан дайн гэдэг тоглоом бус, тоглоом байлаа ч хожих хэрэгтэй, ялахын төлөө тоглох ёстойг ухаарцгаан анх удаагаа аравтын системд орцгоон, ахлагч нараа сонгоод байраа эзлэв.
Говьд шөнө нь хүйтэн ч өдөр нь халуун аж. Халуунд тэд хуягаа өмсөөд л хэнгэрэг, олбог, ундаалгаа барьсаар өгсөн байрандаа очиход миний инээд хүрэв. Манай цэргүүд жинхэнэ дайчид болох болоогүй л байлаа. Бөө гэдэг далдын боловч ил амьдралд ҮНЭН байдаг учир энэ хоёрыг хослуулан сэтгэж байлдах ёстой. Өдий болтол бүх зүйлийг ярьж тэг ингэ гэж заасаар ирсэн би энэ удаа дуугүй л хардаг болов. Өөрсдөөр нь махаар нь мэдүүлэн байж сургахгүй бол сэтгэхүй нь үгүй санж. Хэн нь ч дайны байрлалаа анзаарсангүй. За яахав яахав, сэтгэхгүй бол махаа зовооно доо халуунд эхнээс нь хийгээ ккк. Зүүн дов дээр очоод: Та нар юун дээр алдав гэж асуухад онож хариулсангүй. Та нар байлдах зүг рүүгээ хардаа гээд бүгдийг харуулав. Баруун уулын цаана бидний дайсан бий. Бид зүүн дов дээр гарчээ. Энэ хоорондох зайнд нь бидний бүх хөсөг тэргүүд, майхан сав, хоол унд минь бий. Бодит амьдрал дээр хүмүүс байлдахдаа морь унаа, зэвсэг, хоол хүнсээ голдоо тавьж байгаад л хоёр талаасаа сум тавин алалцдаггүй л байлтай.
Хөсөг тэргүүд минь жатганд өртвөл Утаат Улаанбаатар луугаа хэрхэн буцах билээ. Утаатай ч гэсэн эх орон минь бус уу. Дахиад л доош буун хамаг юмаа зөөх гэж бөөн ажил ч гэлээ залхуурцгаан түшээ хийх хэдэн нөхдөө явуулан машинуудаа, ачаа бараа бүх юмаа холдуулаад жинхэнэ байлдааны тал газар болгон байгаад гурван аравт болон хошуу өнцөг болгон сууцгаав. Хадам Буурал өөрөө дайнд ороод дийлэмгүй бол та нар туслана бид хэлүүлнэ гээд орсон бөгөөд тэд дайндаа ялсан. Би нараар хүрээ татуулан түмэнтээ цэргүүдээр сүмийг бүслүүлээд Хадам Буурлууд орж хядав. Энэ удаа манайхан их цэгцэнд орж ийш тийш сэлгүүцэлгүй байрлалаа эзлэн сууж сурав. Энэ үед нутгийн нэг удган ирж бидэнд сүү, ааруул, нэг шил архи авчирч өгөв.
Хадам Буурал дайтаж байхдаа сүү өргүүлэх, архи өргүүлэх гээд л элдэв үйл хийсэн бөгөөд бид огт архи хэрэглэдэггүй учир энэ дайнд өргөх архигүй байтал ашгүй ганц шил ганзог Тэнгэр тэр удганаар хүргүүлж иржээ. Хахаха. Зэвсгээр бодвол их буугаа мартаад гарсан үг юм байлгүй дээ. Бид зун Бурхан Халдун ууланд тахилга хийхэд тэндхийн манаачид ганц шил архи өгөх болтол нийт дөчөөд хүнээс ганц шил ч архи гараагүй юмдаг. Бүгд аваагүй, уудаггүй, уудаг нь архинаас гарсан, санасан ч хэрэглэхгүй юм чинь гээд тоогоогүй нөхдүүд байсандаг. Тэр үед аялалдаа ганц шил архи авч явбал хөдөөний ганц хоёр хүнд бэлэг болгон өгөг юм байна гэж бодож байсан ч хэрэглэхгүй учир бас л мартжээ. Энэ удаа Хар дайнд бас хэрэглэж болох аж. Байхгүй байсан бол Хадам Буурал: Аянгат гэж сэгсгэр чинь хэзээ удган болноо гэж загнах байсан биз. За тэр архи дайны үед юунд хэрэглэдэгийг нь дараа асуун бичнэ. Их буу нь юмуу, нагаанбуу нь юмуу, дайснуудаа архидуулах найрка нь уу, өөрсдөө ууж зүрхээ чангалдаг юмуу хэн мэдкүү одоо ч мэдэх юм алга. Лав л тэр үед Хадам Буурлууд нэг шил архи хэрэглэж түүнийг Тэнгэр бидэнд ингэний саамтай хамт өгсөн юмдаг. Тэр сүмийн тухайд өгөр хөхөлбөр гэзэгтүүд манжууд анхны жатга хийн Монгол улсын хил хязгаар элсэн манхан, урд хэсгүүдийн эздүүдийг унтуулах, хорих, дарах жатгуудыг хийсэн суурь, түүнийг бэлэгдэн барьсан сүм байсан аж.
Дайны дараа бүгд нэг эгнээ болон хойд зүг рүүгээ нөгөөх элсэн уул руугаа харан сууцгаалаа. Одоо хоёр дахь үйл ажиллагаа. Дөчөөд бөө нэг эгнээ болон суухад гайхалтай гоё харагдана. Ингээд хүн бүгд Буурлуудаа буулган энэ элсэн уулын ширхэг бүрийг сэргээн шившиж урд талаа мануулан, дайсны санаа бүрийг жатгалах, их үйлийн эхлэлийг тавь гэж үүрэгдэв. Энд маш сайхан үйлүүд явагдан олон олон Буурлууд янз бүрээр амилуулан, газар доорхи усны судлуудыг сэргээн, дарагдсан хоригдсон бүхнийг чөлөөлөн сэргээв.
Ер нь тайлга тахилга амжилттай болбол үр дүн заавал гардаг юм. Бурхан Халдуныг тахихдаа бид гайхамшиг гэдгийг нүдээр харсан бөгөөд энэ зун маш олон усны суваг нээгдэн гол ус оргилжээ. Энэ тахилгаар зүүн талаа бид сэргээсэн билээ. Гэтэл нэг авгай сүүлд сонсохнээ. Энэ бүхнийг би хийсэн учир нь Би хорин нэгэн дарь эхний юу ч гэнэ үү тэр юм гэнээ гээд л цуурч байсан тухай сонсоод инээд хүрч байлаа. За юутай ч тахилга хийнэ гэж яадаг Тэнгэр түүнийг хэрхэн таалдаг тухай бүх баримтуудыг баримтжуулан бичлэг хийн, зурагжуулсан нь яамай даа. Заваа гарахаар зунжин хийсэн явсан газруудынхаа тухай адал явдлуудаа бичих болно. Мөн Их газрын чулууны тухай тусад нь бусад өдрүүдийн сонин явдлуудын тухай бас бичиж үлдээнэ. Явсан хүмүүс бичих болов уу гэтэл бичихгүй нь бололтойдог. Ямар чухал үйл хийдгээ ухаараагүй юм байлгүй дээ.
Энэ гайхамшигт аймшигт адал явдлаас хоёр хоног хойно нөхөр маань ирээд өглөө нь надад дусал залган өгч санаа тавьж эхлэв. Нөхөр маань надтай хамт долоо хоног шогшив. Анхны Хуралдай болох учраас Хурлуудын мэрэгжилтэн тэрээр санал зөвлөгөө өгч, санаа тавин зовно. Тэр өдрийн өмнөх орой бид Улаанбаатар чуулга дээр бэлтгэл ажлуудаа шалган магадлан цуглав. Маш их материал байсан тул тэднийг цэгцлэх гэж Саваагүй балчир маань гурван өдөр унтаагүй бөгөөд өөрийн их ажлын хажуугаар ажиллаж их үйлийг бүтээжээ. Мөн бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэн их зохион байгуулав. Нөхөр намайг дуудан чи Хаан яах гэж буусан, эмэгтэй хүнд буусан учир, зорилго энэ тэрийг нь бич, заавал энэ Хуралдайд чиний зүгээс мээссэж байх ёстой гэх юм.
Би бичиж чадахгүй гэхэд тэр Хаанаас асуугаад бич гэв. Чи бичээд өгчих гэхэд за тэгвэл хоюулаа хамтраад бичье гээд хэсэг өөрөө үзэг цаас нийлүүлж суулаа. Тэгснээ дахин намайг дуудаад нөгөөх санаануудаа хэлэв. Наадхийг чинь жилийн өмнө Хаан хэлсэн шүү дээ гэхэд хаана байна аваад ир гэв. Би Тэнгэр Монгол Газар номд байх Хааны айлтгалыг уншуултал: За энийг авна энийг авна гээд л эхнээс нь зөв гээд тэмдэглээд байх юм. Таван минут л байх учир наадах чинь их урт гэлээ би. Миний хэлэхийг хүсээд байсан бүхнийг Хаан хэлчихсэн байна гэв. Хахаха сайхан гар анх удаагаа Хааны айлтгалыг уншиж байгаа нь энэ билээ. Тэр намайг юу хийдэг миний бүх юманд оролцдоггүй байсан учир блог байтугай ном ч уншаагүй аж. Тэгснээ одоо энэ хэсгүүдээс нэг сайхан уншиж хүмүүст хүргэх хэрэгтэй. Та унших уу гээд гавьяатад хандав. Наадхыг чинь бас уншуулаад бэлдээд СИ ДИ гарсан гэхэд тийм үү аваад ир гээд л алга болов.
Ингээд хурал эхэлжээ. Хүмүүс намайг хуралд суух уу гэхэд: Би хуралд төрөлхийн дургүй учир үгүй гэв. Ядахдаа дээд давхараас сонс гэв. За хар яршиг. Аянгат удган тэгэв ингэв гээд л, Хаан тэгэв ингэв гээд л ярих юмыг би сонсоод яахав хэмээн өөр өрөөнд ажлаа хийсээр дуусгав. Дундуур нь нөхөр орж ирлээ. Сэтгэл нь хөдлөжээ. Нулимс гарав марав гээд л хөгшин хүн шиг юм ярьсаар дахиад л хобби болсон хурал руугаа явчихав. Хуралд суухдаа кино үзэх мэт кайп авдаг бололтойдог. За юутай хурал онц болсон бөгөөд манайхан бүгд сэтгэл өндөр, ирсэн зочид сэтгэл өндөр байлаа. Эндээс шууд арвангуравдугаар зууны жуулчны бааз руу явах учир бид машинуудаа цуглуулан хүлээсээр үдэш болох дөхөв. Маш олон машин болчихов гэнэ. Олон хүн дагаад намирав гэнэ. Гэвч очоод харанхуй болсон учир төөрч будлин бие биенийгээ хайн их марзан юмс болсондоо. Бөөлөөнөөс бөөлөөн, ажлаас ажилд бид алдаа онооноосоо туршлага суун их мэдлэгийг хураан байлаа. Бүгдийг л анх удаагаа хийж үзэн туршлага суусаар байв.
Харанхуйд бөөлөөн хийсний дараа өглөө нь нарны тахилга хийлээ. Тэгтэл олон хүн ирж уулзлаа. Угтай болон сэтгэл зүрхнээсээ дуудлагатай олон хүн байв. Нэг хүн надад өгөх ёстой юм шиг санагдлаа гээд номоо өглөө. Тэр номд бидний хайгаад байсан тэмдэгтүүд байсан нь гайхалтай. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахин уулзахад Ойдов гуай бүх л байсан хураасан зургуудаа авчирч бидний ажилд бөөн халуун амттай будаа өгсөн нь удахгүй Бичиг соёлын нэгэн судар болох гэж буй билээ. Энэ хүнийг өвөг Буурлууд хэлэхдээ хийдгээ хийсэн, өвөг дээдүүдийнхээ хүслийг гүйцээсэн, Тэнгэртээ сүсэглэн эрт холбогдон мэдээллээ авч холбогдон чаддаг байсан аугуу үр гэсэн дээ. Энэ хүний Буурлууд нь Тэнгэртээ МөрГүн дээдсүүдийн багш нь гэнэ шүү бүр. Багш гэж аргагүй л өөр юмаа. Улаач үрээ багаас нь үйлийг нь хийлгэчихдэг. Буугаагүй байж мундаг юмаа.
Мань мэтийн улаач нар бол Тэнгэр гэж мэдэх ч үгүй, мэдсэн ч ойлгохгүй явсаар бөөн асуудал үүсэн нус нулимстайгаа хутгалдсаны дараа л ойлгон хөгшин болчихсон хойноо нэг юм бөмбөрөө нүдэн ухаан суух гэж аахилж будилж явах гэж дээ. Бөмбөр гээд бас л буруу хэлсэн бололтой. Зүрхээр хатгуулаад жигтэйхэн. Хэнгэргээ нүдэх гэж залруулан хэл ёоооо. Ай хөөрхий дураараа ч дуртай үгээ хэлэн бурж болохоо байх гэж. Гэхдээ би ч харин овоо засарсан бөгөөд бас нилээн буурьтай болоод байгаа байж ч магадгүй юм. Овоо хожим дуугардаг болоод байгаа юм. Бас элдэв гажиг юм бодох мөрөөдөхөө овоо болиод байгаа.
Нөхөр маань ирээд долоо хоног надтай хамт өглөө өдөргүй миний ажилд шогшлоо. Дараа долоо хоногт нь бүтэн жил хүсэн хүлээсэн алдарт далан жил нь эхлэн долоо хоног өөртөө зориулав. Өглөө гараад л шөнө дунд орж ирнэ. Гэхдээ амьдрал өөрчлөгджээ. Тэр өмнөхөө бодвол тасраагүй хоёр хөл дээрээ орж ирэх учир надад эвэр болон хумс ургаж архирсангүй. Мөн тэр миний тухай нөхдөдөө хэлсэн гэнэ. Ээ бүү үзэгд биднийг намайг битгий уулзуулаарай гэсэн гэнээ хахаха. Аймшиг нэг эхнэр бүр дугааргүй аймшиг болсон бололтой. Жанжингуудын үр удам би гээч яагаад атаман авгай байсанд одоо гайхах хүн гарахгүй биз. Би хуурамч инээд, хуурамч үнсэлт, хуурамч нөхдөд яснаасаа дургүй. Гэвч нөхрийн маань нөхдүүд арай ч бүгд хуурамч биш ээ. Тэдэнд сэтгэлээсээ найзлан савдаг нөхдүүд олон бий. Нөхөр маань сэтгэл өндөр байв. Би ажлаа сайн хийдэг байжээ, хүмүүс намайг мартаагүй байна гэв. Тэгэлгүй дээ тэр хэзээ ч ажлаа худлаа хийдэггүй хамаг хүчээ л зориулдаг. Одоо ч гадны оронд бүх л хүчээ зориулдаг. Түүнийг бас нэг салбарын дарга болгосон бөгөөд тэр улсын хүмүүс ч түүнийг ойлгон хүндэлдэг болжээ.
Дараагийн долоо хоног нь тэрээр хувийн гэр орныхоо ажилд гүйсээр таарав. Түүнийг орж ирэхэд би залгаатай хэвтэн ажлаа хийх бөгөөд унтсаны дараа нь унтана. Өглөө бас л залгаатай хэвтэнэ. Би эхнэртэйгээ нэг уулзах юмсан дандаа л буурал нь буусан байх юм гэсэн гээд манайхан шоолов. Манайхан гэсний учир нь бид олуулаа өргөөний олон хүүхдүүдтэй хамт нэг дор амьдран өглөө оройгүй судар тайлан залгагдан сууна. Харин явах өдрийн орой нь манайхан түүнийг гаргаж өгөн хоолонд оронгоо сэтгэлийн том бэлэг өгөхөд тэр нулимс дуслуулаад авсан гэнэ. Би ч бас нулимс дуслуулав, бас уртын сайхан дуу явахад Буурлууд ч бас нулимс урсгав. Нөхөр намайг гэрээсээ гараад хэдэн сар юу хийснийг сайн мэдэж авсан бөгөөд миний эрүүл мэндэд их анхаарч олон нөхдүүдэд намайг захин захин байлаа. Орой 11 гээд унтуулна. Өглөө 7 цагт босгон ажлыг нь хийлгэ ч гэх шиг хахаха. Мөн манайханыг хараад хэд хоног хамт байж бас хамт амьдарсан болохоор сэтгэл нь зовохоо болив гэлээ.
Хөөрхий тэр надад санаа нь зовдог байсан гэсэн. Нэг хурал дээр манайханд хэлэхдээ: Эхнэр маань гэр бүлийн амьдралаа бүрэн золиослосон бөгөөд бид ч гэр бүлээрээ бас Тэнгэрийн ажилд орсон. Нэгэнт орсон учраас бид дуустал сайн хийнэ. Эхнэр маань гав ганцаараа л бүх ажлаа хийдэг байсан одоо харин олуул болж ажлын үр дүнг нь үзлээ, би тэнд их санаа зовдог байсан гэж ярихыг сонсов. Бид хоёр хурал дээр л уулзан тэр надад хэлэх үгээ завсар зайгаар нь хавчуулаад илгээж байгаа бололтой. Тэр ирээд гурван долоо хонохдоо худалч хүнд бараг л хурал дээр л санаа оноогоо солилцсон байхдаа. Юун ч хурдан өдөр өнгөрдөг юм, нэг мэдэхэд өглөө дөрвөн цагт явлаа гээд л үнсчихээд л явчихав. Хачин юмаа цаг, өдөр ингэж хурдан өнгөрөх гэж.
Залгагдах гэдгийн учрыг тайлая. Хаан бол Хаан л учраас өргөөний улаач нараа гараас нь барьж байгаад л Онгодуудыг оруулан айлтгалуудыг айлтгуулдаг. Энэ дасгалыг сарын өмнөөс хийж эхэлсэн бөгөөд улаач нарыг ээлжлэн барьж Онгодуудыг нь оруулан яриулж сургаж байв. Ямар ч хуяггүй байх бөгөөд тухайн улаач гараас барихад биеэр нь тог мэт юм гүйн мансуураад өөрөө цаанаасаа ярьж гарна. Ингэж дасгал хийлгэсээр сайтар ярьдаг болонгуут миний бие дэхь судруудыг унших эрхийг өгвөл тэд судрууд болон элдэв түүхүүдийг цаанаасаа ярьж уншиж гарна.
Миний бие хэмээвээс асар сонин зохион байгуулагджээ. Олон олон судруудыг тархинд чихэж, бүх л үе мөч яс бүрт судруудын мэдээлэл оршино. Жишээ нь хөлийн уланд 920 бичгийн судар, хөл, гарын хуруу тус бүрээс эхлээд л хавирга тус бүр, нуруу нугалам бүр гэх мэтээр бүгдэд нь байх бөгөөд цоожтой авдар л гэсэн үг. Харин Хааны зөвшөөрлөөр улаач нар биед массаж хийх юм уу барьж байхад нь түүний гарт элдэв шид өгөх ба мөн боломжтой бол түлхүүрийн шидийг өгнө. Түлхүүртэй болсон бол миний хоёр хөл, хоёр гарын хуруунууд гэх мэтээс бариад л уншиж гарна даа. Ер нь бол Есөн хүн зэрэг унших боломжтой ч надаас их энерги гарч их ядарна. Одоогоор дөрвөн хүн уншиж байгаа болохоор бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй гэсэн үг байхдаа.
Шинэ хүн ирж уншихад хэсэг их ядрах ч тэр улаач хэд хэдэн удаа залгагдаад мэдээллээ аваад яриад сурчихвал арай ачаалал нь багасна. Ердөө хоёр гуравхан сар болсон улаач нар гайхамшигтай сайхнаар улаачлан дамжуулах нь олон жил болсон улаач нар мэт л сайн байдаг. Хаан ирээд улаач нарыг бага жижиг онгодуудаас нь биш шууд л өндөр дээд Онгодуудыг нь буулган бас Эрлэг, Лусуудыг нь буулган хурдан хугацаанд бэлдэх бөгөөд энэ нь ачаалал хүнд ч манай улаач нар маш их хичээн идэвхи зүтгэлтэй давж гарч чадаж байгаад баяртай байна. Тэд боломж чадал хирээрээ л зүтгэн идэвхитэй оролцсон нь маш хурдан хугацаанд сайжирч байлаа. Тэд маань ч бас суралцан шамдаж байгаа билээ.
Би цахилгаан станц ч юм уу, олон залгуур мэт үүрэг гүйцэтгэнэ. Онгодууд буугаад зэрэг зэрэг ярих нь хэцүү учир нэг нь ярьж бусад залгаатай улаач нар нь ирсэн мэдээллээ шууд бичнэ. Онгод буугаад маш хурдан шүлэглээд л ярих учир гараар бичээд гүйцдэггүй. Иймээс дуу хураагуурт бичиж авдаг. Хааяа дуу хураагуураа асаахаа мартвал шатна гэгч болно доо. Өршөөгөөрэй үрс нь Голово муутай учраас дахиад л хийхгүй бол болохгүй нь гэсээр Онгодууд ч дахиад л эхлэн ярина. Хэд хэдэн цагаар бичлэг хийх учир тэр бичлэгээ өргөөний олон хүүхдүүдэд майлээр явуулан үтэр түргэн сийрүүлэн бичүүлэн нэг хоногийн дараа ирсэн бичлэгүүдийг нь хураан авч цэгцлэн байршуулах ажлыг хоёр хийнэ. Тэгээд алдааг нь өдөр ирсэн улаач нараас туслан дэмжиж шалгана. Тэгээд л ном хэлбэрт оруулах гээд л бүхэл бүтэн дамжлага баазууд болжээ.
Бид нар залгагдаад ажил хийхээр завтай хүн үгүй. Бусад улаач нар бас өдөр заваараа ирэн хоол цай дөхүүлнэ. Сүүлдээ Тоонолжин улаач ирж гэр цэвэрлэн хоол хийх үүрэг авав. Өргөөний дэмжигч нар ч идэвхитэй оролцон ном гарах санхүү, хэвлэлийн газар хайн цуглуулна гэх мэтээр маш шуурхай ажиллав. Миний биед байхгүй юм байхгүй гэгч л байх бөгөөд эртний судруудаас эхлээд түүхүүд, бүр Өтүгэ үеэс байтугай анх амь үүссэн эхээс эхлээд л Монгол Өвөг Дээдүүдийн маань үүх түүх жаргал зовлон, амьдрал тэмцэл бүгд бий. Тэр байтугай дээл хийх, хоол, зүү төөнүүр, массаж, хулгай хийх арга текник хүртэл бий. Бид саваагүйтэн сонирхоод хулгай хийх судрыг нээж үзэхэд цоожны ангилалууд, хэрхэн тайлахаас өгсүүлээд л Далд ертөнцийн хулгайн тухай байсан нь гайхалтай. Энэ бол муу зүйлд ашиглаж болохгүй зөвхөн сайн сайхан үйлд л ашиглах хатуу хуультай. Хууль зөрчвөл Сүнсээрээ хариуцлагад унах учир юун энэхэн маханбодын багахан өчүүхэн наян жилийн амьдралдаа манатай. Яршиг зүгээр холуухан явсан нь дээр баймаар байлаа.
За мөн сонирхуулаад хэлэхэд жишээ нь Дал: Гэрэл гялбааг хэрхэн үүсгэх, түүнийг ашиглах, бас нэг дал нь: Харанхуйн хөтөч ном. Нурууны 8 р үед Махан бодыг бялдаржуулах судар, 9р үе нь Хорын судар, 10р үе 99 Мончукар буюу Тэнгэрийн зэвсгүүдийг хэрхэн тайлах, хэнд хэрхэн хэрэглүүлэх судар, ... дайтах судар, Амьдралыг тэтгэх гурван мөн чанар, мянган хүнсний жор, зуун найман түвшин сайханыг цогцлоох иж бүрэн гарын авлага, зөв хувцаслах арга ухаан, хүмүүнийг мэлмийгээр сүрдүүлэн мохоох арга ухаан, онцгой хүмүүнийг мэнгээр таних арга ухаан, Хаадын нууц түүх, хатдын судар, түүхүүд, Цусан болон ясан хараал тайлах арга ухаан, хараал хийх арга ухаан, Эзэн Богдын хаалттай судар, хижи гөрөөсний 30 домог, зуун найман үлгэр, мэргэ төлгийн аргууд, дэлхий ээжийн амь амьдрахуйн арга ухаан, амилуулах шидийн нууц ба судас сувгийн нууцууд, Хатдын нууц зэвсгүүд, Тэнгэр Газар Огторгуй зүй тогтлын хууль, ёс дэг жаяг, Харийхантай ярих дохион хэл, Бөөгийн уналгыг гаршуулах нууц, Эх үрэн, Үхээрийн бузраар аялсан өдрийн тэмдэглэл, уул ус газар шороон амийг тэтгэх судрууд, лус эрлэг хурмастуудаар аялах аргууд, зүү төөнүүрийн ухаан, ховсын аргачлал гэх мэтээс өгсүүлээд л мэл гайхмаар бүх л юмсын аргачлал түүхүүд байх ажээ. Үүнийг уншихыг сонсоод манайхан сонсоод шилэн хоргонд хиймээр бие байна хэмээн шоолно. Энэ бүх мэдээлэл үе яс бүр дээр бас тархинд асар олныг хийн жагсаажээ.
За тэгээд залгагдахдаа би ихэвчлэн хэвтэнэ. Энэ нь хурдан хугацаанд судар гүйж залгуурт хүрэхэд саад учруулахгүй. Унших улаач нар солигдож болох ч би солигдож болохгүй нь гачлантай. Хэрэв ямар нэг саад би нойр хүрээд зүүрмэглэх, элдэв чимээ анир гарвал тасран улаач нарт мэдээлэл очихгүй буюу Онгодууд гарчихна. Мөн тэдэнд очих мэдээллийг хянах хэрэв жатгатай хараалтай бол түүнийг нь залгин хорыг нь тайлна. Энэ нь ихэвчлэн зураг унших үед таарна. Элдэв тэмдэгтүүд маш аюултай бөгөөд ихээр жатгалагдсан эсвэл цаг нь болоогүй байхад өөр бусад хэрэглэхээс хамгаалан өөрсдөө хор шингээсэн, мөн өгөр манжууд хараал хийсэн гэх мэт олон тэмдэгтүүд байдаг. Энэ тэмдэгтүүд ийн шидийг тайлахгүй бол Буурлууд унтах, улаач нарын бие өвддөг.
Олон улаач нар залгагдах тусам ажил урамтай урагшлан олон мэдээллийг зэрэг зэрэг авах боломжтой. Амьд Гууглэ гэсэн үг. Гэвч улаач нар маань ажил сургуультай завгүй нь олон учир гаршин уншиж буй хэдхэн улаач нар бий. Жишээ нь Буган бичгийн нууцуудыг тайлан уншихад ганц Байгаль удган залгагдан суусан бөгөөд түүнд тавин зургаан өвөг Буурлууд ирэн байж энэ буган бичгүүдийн нууцыг тайлсан билээ. Заримынх нь улаач нар босоогүй боловч Цэцэн МөрГүн дээдсүүдийг шууд буулган Хаан зарлигдан ажиллуулах нь Далд ертөнцдөө ч бөөн ажил ундарсны шинж юм. Учир нь өвөг Дээдүүд маань гутаагдсан, алдагдсан, гүтгэгдсэн түүх болгоноо сэргээхээр бидэндээ үр удмууддаа үнэн мөнийг нь ойлгуулахаар хичээн байгаа билээ.
ХАМГИЙН ХАМГИЙН ХАМГИЙН ГЭДЭГ БОЛ МОНГОЛ ӨВӨГ ДЭЭДҮҮДИЙН ГАЙХАМШИГ БАЙХ БОЛНО. Та нар боддоо, төсөөлдөө, тэгээд тайлбарлах гээд үз дээ. Үгүйсгэх гээд үздээ. Түүнээс өөр гайхамшигийг олох гээд оролддоо. Тайлах гээд хэлдээ. Сайндаа л худлаа гэж зүтгэн үгүйсгэх хэдэн хүн гарах ч мулгуу тэд нар үнэнд гүйцэгдэн шившиг болох нь гарцаагүй.
Исүүс Хэрээст арван гурван дагалдагчуудынхаа улаач нарыг цуглуулаад БИБИгээ тайлж байна уу. Мухамед Коран судраа өөрөө ирээд тайлж байна уу.
Харин Монгол өвөг Дээдүүд маань ганцаараа ч биш бүр багаараа оптоороо ирээд бүх л салбарын толгой судруудаа хэлээд бичүүлээд байвал яах уу. Чингис Хаан маань өөрөө бүх л МөрГүн дээдсүүдээ цуглуулаад энэ олон түүхүүдээ бичүүлээд гаргаад байвал яах уу. Үүний баталгаа нь эхлээд:
1. Эзэн Богд Чингис Хааны бага хүү Толуйн хатан Сорхагтани бэхийн гурван судар бөлгөө. Энэ судруудыг Нүрзэд агсан маань бидний орчин цагийн монгол хэлээр маш сайхан ойлгомжтой хөрвүүлэн буулган өнөө бидэнд хүргэж ирсэнтэй хэн ч маргахгүй ганц Ногоонбуу л атаархаад боож үхчих гээд явдаг доктор байгаа юм. Нүрзэд агсанд үнэнхүү атаархаад атаархал нь өөрийг нь боож алах байхдаа хөөрхий. Энэ жилийн хурал дээр нь хүртэл ирээд энэ бол Нүрзэд гэдэг хүний солиотой зохиол үнэн биш гэсэн хирнээ заримыг нь би хүртэл бичсэн юм гэх Нагаанбуу эрдэмтэн бол Ногоонбуу хижи гөрөөс болбой. Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГэрИэ хэмээх нэгдүгээр шар алан судар, Хөх Моногоуулыг НийХэмээр бадраах Хутагтай Дөрвөн Нэүрит Их Засгийн Алтан Дээд Үнэний Аялгуу хэмээх хоёрдугаар судар, Хөх Монголыг Төрөөр Бадраах Хутагтай Нэүрит Засаг-ийн Алтан Дээд Үнэний Аялгуу хэмээх гуравдугаар судар, Мөнх Тэнгэрийн Бошиг МОН ГЭРИЭСҮЙ хэмээх тавдугаар судар нь болбоос түүхэн Үнэний ГЭРЧ болно. Түүнийг өртөөлөн бидэнд хүргэсэн Нүрзэд агсныг хөнөөсөн, хордсон атаархсан, гүтгэсэн адгийн шаарууд хичнээн дарах булахыг хүсэвч Үнэн юм Үнэнээрээ гардаг л юм, дийлдэг л юм, цоордог л юм. Эдгээр номууд одоо номын дэлгүүрт дуусч буй учир түмэн олон тусаа гарган нэгдэж энэ судруудыг хэвлүүлэхэд хандив өргөн Нүрзэд агсны гэргий Долгорсүрэн гуайд туслан эдгээр өвөг дээдүүдийн маань үнэт өвийг түмэн олонд хүргээсэй билээ.
2. Эдгээр судрууд бол амьтай бөлгөө. Түүнийг хэн нэг нь алдар нэр олох, ашиг хонжоогоор эзэмшвээс Тэнгэрийн гэсхээл хүртэх жамтай билээ. Харин түүнийг аль болох олон түмэнд ойлгуулан түгээн дэлгэрүүлэх, сэтгэлээсээ хүндлэн асарч, хайрлан тэтгэж айл бүр гэртээ залан шүтээндээ тавихаас гадна өдөр бүр уншиж байлтай. Надад тус бүр хоёр байдаг. Нэг нь цоо шинээрээ гэрт шүтэгдэн тавигдан нөгөөх нь өдөр бүр унших, ойлгох, санах сэрэхэд тус болохоор тэмдэглэгдэн олон өнгөөр будуулан уншигдан байдаг билээ. Түүнийг библи мэтээр л уншиж судлан монголчууд өөрсдөө тайлан уншиж судлаж байх хэрэгтэйсэн. Харь орны библи судлан хэсэг хэсгээрээ сууж байснаас өөрсдөө төрөлх өвөг дээдсүүдийнхээ судрыг судлавал зохилтой. Хар нялхаас нь хүүхдүүддээ харь хэлээр гэрт нь яриулж сургах гэж хичээх төрөл арилжсан монголчууд өөрсдийгөө нэг сайн онгичоод мэдлэг гэж юу байдаг, боловсрол гэж юу байдгийг бодолтой. Харийн хэлэнд бууж өгч дагаар орсноос төрөлх хэлээ төгөлдөржүүлэн мандуулахаа бодон ажиллаж, хичээн зүтгэн оролдвол дээрсэн. Хүнийг хэлэлтгүй би өөрөө тийм болоод байгаа юм.
Учир нь Буурал Дээдүүд маань Монгол бичгээр бичихээр нь уншиж чадахгүйдээ ИЧДЭГ болсондоо. Заваа гарахаар сурнаа гээд л төлөвлөж байна. Монгол бичгээ мэдэхгүй байж гадаад хэлээр ярих бичих нь өндөр боловсролтой гэж солиордог Боловсолын яамныхан ИЧМЭЭР. Монголоороо төгс ярьдаг бичдэг хирнээ гадаадаар уйлж майлж, инээдэг бол төгс өндөр боловсролтой гэж баймаар. Монгол бичгээр шалгалт авбал наадуул чинь шившиг нүдний улай нар мөн их байгаа даа. За манай хүүхдүүд ч ялгаа юун. ИЧМЭЭР хүүхдүүдээ би бас монгол бичиг сургахгүй бол болохгүй нь. Хоосон толгойтой манайх шиг гэр бүлүүд монголоор дүүрэн байгаа нь гутамшиг. Үрстэйгээ нийлээд л Япон, Англитайгаа гэх манайх шиг тэнэг айлууд олон байгаа нь харамсалтай. Үнэндээ монголдоо ирээд англи үг ер хэрэглэсэнгүйдэг. Буурлууд англиар ярьсангүй, японоор ч ярихгүй харин монгол хэлээрээ бид ойлголцох гэж зовдог болжээ.
Аугуу Дээд Буурлууд маань түлхүүр үгтэй судар номуудаа түрүүлж явуулаад хэвлүүлчихэж олон түмэнд хүргэчихэж тэгээд араас нь ХИЙ БИЕ, ХИЙСГЭЛЭН ДҮРЭЭРЭЭ ИРЭЭД ӨӨРСДӨӨ ЯРИАД ТАЙЛБАРЛААД БАЙНА ГЭДЭГ БОЛ ГАЙХАМШИГ. Бас нэг баталгаа билээ.
3. Гурав дахь баталгаа нь Аянгат би ганцаараа солиороогүй. Ганцаараа Чингис Хаан буусан гээд байгаа биш Хааны Хатдууд, Өрлөгүүд, Жанждууд, Хааны албатууд хайртай бүгд нь тус тусын улаач нартаа буусан бөгөөд тал талаасаа нэгдэн нийлж буй бөгөөд хийрхсэн олон биш харин ч бүтээлч хөдөлмөрч олон нь нэгдэн судар номуудыг өөрсдийн өвөг дээдүүдээс асуун бичин сийрүүлж байгаа үйл юм. Хэрэв энэ бүгд худал бол ийм ажил өрнөхгүй, судрууд амилахгүй, үлгэрүүд болон үлгэрийн баатрууд үнэн болохгүй нь тодорхой. Бидний нэг азтай зүйл нь энэ бүхнийг баримтжуулан авах орчин цагийн текник билээ.
Бид бичлэгүүдээ хийлгэн, бүгдийг баримтжуулж ирээдүй хойчдоо үлдээх Их Хөлгөн Судруудыг тайлан үлдээх нь Тэнгэр эцгээс бидэнд өгсөн үүрэг, өвөг Дээдүүдээс бидэнд итгэсэн найдвар болно. Үнэхээр л Хаан маань энэ мянганд морилохдоо гэгээрлийг түгээгээд одох Ертөнцийн цорын ганц аугуу ХААН гэдэг нь тодорхой. Магадгүй тэр өөрөө Тэнгэр Эцэг ч юм билүү хэн мэдлээ. Ер нь сүүлийн үед би Тэнгэр Эцэг, Тэнгэр Ээжийн тухай их боддог өрөвддөг болсон. Яасан ч хэцүү ажилтай, яасан ч их үйлийн үртэй юм дээ. Энэ бүх ертөнц дэлхий, нар сар, хэрэгтэй хэрэггүй бүхний төлөө мөнхөд зовж байх гэж дээ.
Мэдрэл муутай юм шиг дайн хийгээд л алалцаад л, идээд уугаад л жаргаад л тэгснээ л зовоод л, болохгүй бүрийг сэдээд л хийгээд л... Яасан ч хаширдаггүй юм тахлаар ч үхэх л юм, дайнаар ч үхэх л юм, төрөл бүрээр л үхэж хатах хирнээ болиход яанаа. Би л бол аль хэдийн уур хөдлөөд бүгдийг нь байхгүй болгочоод амар сууж баймаар. Гэвч өөрийн үрсээ хэн хөнөөж чадах билээ. Би бас хүүхдүүдээ хөнөөж чадахгүйгээ мэдэхээр аргаа бармаар ч юм шиг. Яасан ч учир нь ойлгогдохгүй хачин үйл явдал дунд би орчихов доо. Юутай ч эцсийн мөч хүртэл зүтгэж явтал ашгүй нэг дуусах өдөр ирэх байлгүй дээ. Гэвч дахиад л нэг шинэ төрөл авч шинэ даалгавар биелүүлдэг гээ биз дээ. Яанаа одоо яалтай билээ. Кенгуру болоод хүүхдээ гэдсэндээ мөнхөд хийчээд дэгдэж байх юмсан. Күэ мөн хэцүүтээеэээ. Өнөө гарагт завсар гарах чөлөөгөөр өдрийн тэмдэглэлээ хагас хугас бичиж амжлаа.
Бичиж амжаагүй тоогүй олон болжээ. Зөвхөн гэр бүлийнхээ тухай бичдэг байхад амар байжээ. Гэтэл одоо учирсан болгоныхоо адал явдлыг бичвэл дуусахгүй нь иймээс Гэрлийн өргөөний улаач нар болон бусад надтай хувь заяаны эрхээр болон Тэнгэрийн даалгавраар учирсан хүмүүс надад туслан энэ үлгэрүүдийг хойч үедээ үлдээх учраас ТэнгэрМонголГазар блогтоо бичин үлдээж байгаарай. Намайг эзгүйд тэр олон түмнээс мэдээлэл авах боломжтой юм. Би хүн бүртэй танилцсан, гайхалтай учирсан түүхээ бичиж байснаас эдгээр хүмүүс тус бүрдээ бичвэл хичнээн амар. Би блог бичсэн бичээгүй надтай хамт бөөн адал явдал дунд байсан хүмүүс энэ бүхнээ бичвэл бид болон өвөг дээдүүдийн маань түүх хадгалагдан үлдэж байна л гэсэн үг. Түүх гэдэг асар их ач холбогдолтойг чухам өнгөрсөн нь хойно нь одоо л ухаарлаа. Мэдсэн бол түүхийн багш болдог байжээ.
Одоо Аянгат анд нөхөдтэйгөө олуул болон мартагдсан түүхийг сэргээх гэж, маргаашийн нарыг харуулах гэж би ирлээ гэсэн Хааны айлдваруудын үнэнийг үзэн биечлэн хийж та бүхэндээ удахгүй Буурал Дээдсүүдийн айлдсан судруудыг гарган өгөхөд бэлэн болж байна. Онцлог нь би бичээгүй Өвөг Дээдсүүд Онгод шүтээнүүдийн амаар айлдсан айлдваруудыг бид та бүхэнд хүргэх гэж хичээн буй билээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.