Monday, November 12, 2012

Мэлмий охин Утаагийн тухай


Утаа улаачын тухай би бичиж байсан. Сүнс хардаг бүсгүйн майл гэж бичээд надтай танилцаж байсан тухай. Хээрийн бөөлөөн дээр анх уулзсанаас хойш тэр нэг бүдүүн амьтантай зууралдаж эхэлсэн юм. Түүнийг босоход ханиас нь өөр ойлгох хүнгүй хэцүү хоюулаа ажилгүй нялххан охинтой залуу гэр бүл байсан учир өргөөнийхөндөө түүнд туслахыг уриалахад гурав хоног дотор л бүх юмсыг нь бэлдээд өгсөн учраас Дархан явахдаа би босгоод өгсөн билээ. Даанч нэг уйлхай бамбарууш орж ирээд эрхлээд ядаргаа болсноос биш ер нь дажгүй сайхан болж манай өргөөнийхөний бүлэг хүн тэнд дуу дуулж сайхан угтаж авч сайхан ёслол хийж өгсөн юм.

Тэрээр мэлмий нь төрөлхийн хар муу сүнс бүгдийг хардаг учраас үргэлж солиотойгоороо дуудуулан хүнд ад үзэгдэн амьдарч хөөрхий аавыгаа их зовоожээ. Ээж нь хувь заяаны эрхээр түүнийг төрүүт аавд нь өгөөд амьдралаа бодсон учир ухаан солиотой гэх охиноосоо болж аав нь таван эхнэрийн нүүр үзсэн гэдэг. Хүнд хэцүү амьдрал дунд өссөн тэрээр надтай холбогдох үедээ ч мөнгөгүй учраас алхаж явсаар ааваасаа мөнгө гуйж олоод автобусны мөнгөтэй болж байгаад хайж ирсэн гэдэг. Ил цагаан сэтгэлтэй бодох санах юмгүй түүнийг ойлгох хүн ховор ч бас дарж араас нь чаргуулдаж хэлж байхгүй бол хадуурч өгөх аюултай нэгэн.  Мэлмийтэй охины онгод нь яагаад нялх хүүхдүүд байсан бэ? Учир нь нялх хүүхдүүд бүхнийг хардаг хирнээ бодох хар санаагүй шууд л ярьдаг. Харснаа л ярих тэдэнд хар санаа гэж үгүй.

Зовлонгийн ихийг туулсан ч онцгой нэг зүйл нь Утаа маань маш цайлган сайхан сэтгэлтэй, тусч нэгэн юм. Тэр хэдийгээр удган болсон ч мэлмийдэхдээ сайн ч хувийн ажлаа биш судрын ажилд туслан чадах хирээрээ зүтгэх учир засал ном хийж мөнгө төгрөг хураадаггүй мань мэтүүдтэй байхад амьдралд нь хэцүү учир бид санаа зовон илүү халиугаасаа илүүчилнэ. Гэвч тэр бас байгаагаа ч бас үрээд бид нарт жижиг сажиг юм авчихсан ирнэ. Яаж байгаа юм бэ гэхээр  таны барих ёстой, танд байх ёстой юмстай яг таараад тэсэлгүй авчихлаа гэх ч юм уу, энд тэнд уулзахдаа сүү авчихсан гүйгээд ирнэ. Өөрөө хоосон байж л олдсоноосоо илүүчлэх түүний сэтгэл агуу.

Түүнийг байхад дуу шуугиан инээд тасрахгүй. Заавал нэг бүтэхгүй юм хийж амьтан инээлгэх юм уу би уурлаж үглэнэ. Миний хүүхэд аятай л  араас нь Чи хөөе гэж зэмлүүлнэ. Амьдралын хүнд хэцүүгээс болж дээд сургууль соёлоо төгсөж чадаагүй ч түүний ухаан санаа төрөлхийн сэрэглэн, ой сайтай онцгой. Хэл ам нь хурц, муу бүхэнд тархи нь сайн ажиллана. Сэтгэл сайтай учраас гэнэдэж эндэх нь их. Өмнөх олон төрлүүддээ энэ зан чанараасаа болоод хар санаатнуудад хорлогдож байсан учраас Хаан түүнд хатуу анхааруулан алив юманд амаа мэдэж болгоомжтой байж, хар санаатнуудаас болгоомжилохыг анхааруулдаг. Өмнө насандаа их үйлийн үед хар санаатнуудад хорлогдон үхэж их үйл тасарч байсан тухай өгүүлж байсан. Учир нь Хаан тэр хоёр муу юманд хамт одож Онгодын хулгай хийх, Нууцаар үйл хийхдээ гаргууд сайн юм. Маш их хохирол учруулах юманд дайтаж байснаас сэмхэн ороод түйвээгээд хаях юм уу, сэмхэн ороод хамгийн гол толгойг нь устгах хамгийн гарзгүй, сайхан арга. Гэвч аюул осол ихтэй учраас зүрх зориг, ухаан, нарийн арга их хэрэгтэй.

Хар үйл хийх, хар сүнснүүдтэй холбогдох үйлд хамгийн адтай, сайн нь Утаа юм. Гэвч түүнийг хараал жатга хийдэг гэж бүү бодоорой. Ийм юм хийж тэр мэдэхгүй, чадах ч үгүй. Харин хар сүнсүүд түүнийг хар авдаггүйд учир нь бий. Амархан үгээр тайлбарлавал манай талын сайхан сэтгэлт хар сүнс гэмээр ч юмуу. Хар Сүнснүүдийн адгийн муухай хийдэг бүрийг үзэн яддаг сайхан сэтгэлтэй хүүхдийн сүнс ч гэмээр юмуу. Харин ч тэднээс сайн сүнсүүдийг, энгийн болгоныг хаацаалж байдаг, чадал бага ч үргэлж сэрэглэнтэж сайн сүнсүүдэд тус хүргэдэг, сайхан сэтгэлт хар сүнсний нэгэн төлөөлөл гэмээр ч юмуу.
Ер нь ил, далд ертөнцийн сайхан сэтгэлт эгэлгүй нэгэн сүнсний охин гэж бодож болно. Төрөлхийн муу санаагүй учир сайхан юмны цаана ямар юм нуугдаж байгааг хардаггүй учраас үргэлж ямар нэг ухаан няхуур, тэвчээртэй, хамгаалагч нэгэн сүнсээр мануулж сэргийлүүлж, хэлүүлж байж  амьд удаан байдаг онцлогтой. Иймээс л Хаан түүнийг зэмлэх үедээ зэмлэсэн ч хайрлан хамгаалан, хар сүнсүүдэд хорлогдчих вий хэмээн санаа зовинон явдаг нь гайхалтай. Бусдаас чадвар өндөр байлаа ч хар санаагүй тэрээр хамгийн түрүүнд гүйж яваад л харвуулах аюултай учраас хамгаалалт, сэрэмж, ухаан тэвчээр их хэрэгтэй учир улаач нь сайтар бодож явбал зохистой.

Хамгийн түрүүнд л сургах бүрнээ Хаан түүнд зааж өгдөг. Учир нь тэр бусдаас илүү чадварлаг, мэдрэмжтэй.  Галын бөөлөө хийхэд манай Онгодууд маш их дуулж үйл хийдэг. Тэр нь шинээр боссон Онгодуудыг эрчимнүүлэн ихийг өгч дэмнэдэг. Маш их хүчтэй долгион цацруулна. Нэг удаа галын бөөлөөн үеэр зөвхөн улаач нар л хэнгэрэг нүдээд Буурлуудаа буулгаад байдаггүй. Буугаагүй ч олон Онгодууд гал тойрч бүжиглэдэгийг ухааруулахаар тэндэх Онгодуудыг гал тойрон бүжиглэж байгаа хөдөлгөөн бүрийг түмэн олны нүдэнд хүргэхээр Утаагийн биеэр дамжуулан үзүүлсэн билээ.

Гүн нуурт явж байх үед өдөр нь та нар өмнөх шөнийн бөөлөөгөөр олж хараагүй байх. Гэхдээ өөрсдийн чинь Буурлуудаас гадна олноос олон Онгодууд гал тойрон бүжиглэн баясдаг. Үүнийг ойлго, Иймээс галд хүндэтгэлтэй хандан, түүнд хог хийж болохгүй, нуруугаа харуулан бөгсөө ээж болохгүй, галд ч галын Онгодууд бууж бүжиглэдэг. Тэднийг хэрхэн яаж бүжихийг нь харуулан Утаад оруулан үзүүлэв. Юу болоод байнаа, Яасан олон Онгодууд орж гараад юу болчихвоо гэсээр Утаа гайхахад Хаан: Хахахаха гэж инээсээр Галын бүжиг сайхан байгаа биз дээ. Галын бөөлөөнд улаачдаа зөвхөн Буурлууд буугаад тухлаад байдаггүй тэнд асар том галын наадам болон олон Онгодууд галын бүжиг хийж Буурлууд бас харан баясдаг ажээ.

Утаатай хамгийн анхны Онгодын чөлөөлөх дайнд явсан нэгэн түүхийг сонирхуулая. Нэгэн хүн өргөөнд ирж засал хийлгэх гэтэл Онгодууд нь хориотой байв. Өмнө нь манайхан өөрсдөө яваад чөлөөлдөг байсан бол энэ удаа Утааг сургахаар шийджээ. За чи тольдоод харсан бүхнээ яриад бай хэмээв. Утаагийн сүнс явлаа. ... Эх нялхасыг өнгөрөөд явлаа, Баянхошуу хүрлээ. Нэг өргөөнд маш олон хадганд хүлээтэй Онгодууд байна гэснээ яанаа гээд буцаад гүйгээд ирэв. Хаалга онгойгоод нэг зайран орж ирчээд ийш тийш хараад байна би хэнгэрэгний буланд нуугдсан ч хараад байх шиг санагдахаар нь айгаад зугтаачихлаа гэхэд чи юунаас ч бүү ай, би чамайг хамгаалан дагуулж яваа, чи хүний нүдэнд үзэгдэхгүй асар жижиг болсноо анзаарсангүй юу гэх юм. Ингээд за одоо айлтгүй миний хий гэснийг л хийгээд явна одоо сур гээд явлаа.

Тэр хүний Онгодыг оллоо. Нөгөө зайран гэрээсээ гарчээ. Удгаан маш олон Онгод байна, намайг намайг суллаач гээд байна гээд байна гэв. Заза бүгдийг нь суллачих, гэхдээ энэ зэвсгийг ав гээд зэвсэг өгөв. Тэр бүх Онгодуудыг чөлөөлөв. Өөр өөрийн улаач нартаа оч гээд чөлөөлчихөөд иртэл нөгөө Онгодууд бөөнөөрөө дагаад ирчихжээ. Тэд талархсанаа илэрхийлээд хэсэг ундаалаад нисэн одов. Ер нь хорионд байсан Онгодууд их ядруу болсон байдаг. Гэтэл зарим хүмүүс сайн дураараа хүмүүст Онгодууддаа ав гээд өгчихдөг. Онгодын хулгай гэдэг бол та нар өөрийн удмын өвөг дээдүүдээ хар санаатны гарт сайн дураараа өгч байгаа явдал юм.

Тэд өөрсдөө үйл хийхгүйгээр олзлогдсон Онгодуудын хөлгийг ашиглан үйл хийх, зарим үед тэдний үрсийг барьцаалан хатуу муу үйлэндээ зарж хийлгэдэг. Та нар бөөг ямар үйл хийдэг гэж бодоов. Тэд Онгод гүйлгэж үйлээ хийдэг юм. Шуналтай нөхдүүд олон олон Онгодуудыг хураан авч үйлэндээ ашигладаг. Энд очиж буй хүмүүсийн өөрсдийн буруу их. Ухаарч бодохын оронд уран аргад нь хууртан Онгодуудаа барьцаалуулдаг. Ихэнхи учраа олохгүй будилж буй улаач нар өөрийн хийлгэсэн дээл хувцас, эд хэрэглэлээ өгдөг биз дээ. Түүнд чинь Онгодууд чинь байдаг юм даа.

Мөн  өөр бусдын хуягнуудыг нь хураагаад гэртээ үзмэр шиг тавьчихсан байх алдартай нэг залуухан зайран хүү бий дээ. Тэнгэрт том яланд унах тэр хүү балчир залуу ч хомхой сэтгэл нь ханахгүй ажээ. Хурааж аваад танд Онгод байхгүй буухгүй наад юмсаа хураалга гээд хураагаад авчихдаг ажээ. Түүнд хуяг хувцас, мөнгөн аяга, хэрэглэлээ хураалгасан нэг хүн өргөөнд сая боссон бөгөөд эргээд юмаа авах гэтэл өгөөгүй бөгөөд Онгодгүй гэсэн тэр хүн нь Онгодоо аваад одоо үйлэндэ шамдаж байна. Энэ мэтээр хар залуугаараа хар шуналын тулам болсон зайран хүү яана даа.

Тамын тогоонд чануулан, өөрийн Онгодууд нь зэрэг дэвгүй хураагдан дахин хөрстөд буух эрхээ хураалгах нь дамжиггүй. Өөрийнхийнхөө учрыг олохгүй байж хүний олон Онгодыг олзлоод ч яалтай билээ дээ. Хүний юм гэдэг хүнийх л байдаг юм. Одоо 12 сарын 21 нд бүх л олзлогдсон Онгодуудыг бүгдийг чөлөөлөх Тэнгэрийн том үйл хүчит Өрлөгүүд жанжидын цэргүүд хуу хаман чөлөөлөх болно доо. Тэнгэрийн шүүлэг эхэлсэн дээ. Эртхэн гэмээ наманчилж хүний Онгодуудыг тавьж явуулан өргөл барьцаа өргөн өвдөг сөгдөн гуйхгүй бол хир их нүгэл хийсэн тэр бүр чинь нүдээр чинь цувах хатуухан цаг асуй.
Онгодууд бууж Тэнгэрийн үйлээ хийхийг нь хорин зөвхөн өөрийн амьдралдаа ашиглах аваас махан бие чинь өмхөрч унах цагт сүнсэн биеийн чинь хязгааргүй зовлон залган авна даа. Маханбодын насаа боддоо өөрийгөө энэ замбатив дээр хэдэн зуун жил амьдарна гэж төсөөлөө вэ. Тэгвэл сүнсэн бие чинь хэдэн жилээр амьд байдаг вэ. Хэхэхэ тооныхоо тэгүүд болон орнуудыг л тоолчих доо.

Улаач нар маань өөрийн оюун бодлоо задлан хичээхдээ өөрийн удам угсаа, хойч үедээ үлдээх өөрийн хариуцлагаа ухаараасай. Үлдэх үртэй бол заавал бодоорой. Лам нар ч та нарт хэлээд байгаа шүү. Үйлийн ҮР гэдэг үгийг. Үйл гэдэг нь алив нэг амьдралын хугацаанд хийсэн ажил чинь гэж ойлго. Алив ажлыг хийхдээ хулхидвал Үр Дүн нь хэрхэн үлддэг билээ. Шунал ихдээд байвал дарж болно биз дээ. Сайн сайхан бүхнийг мөрөөдөлгүй л яахав ядахдаа  сайн муугаа тэнцүүлээд явбал савдаг болохоо бодсон нь арай өлзийтэй. Тамд унаж чарлах дуу чинь зүрх зүсмээр шүү дээ. Өмнөөс чинь өрөвдөөд хэцүү сэтгэл амрахгүй учраас дайсан байлаа ч чи хүн шүү дээ. Учраа ойлгоогүй л буруудсан нь тэр. Учраа ойлговол хэн ч засарч болно. Заавал өөрөө өөрийгөө зовоох хэрэггүй дээ.  Сүнсний амьдралыг сайтар ухаарахыг нэг талаар Гэгээрэл гээд байгаа юм шүү дээ.

Гэгээрсэн бүхэн л Сүнс ярьдагыг санацгаа. Сүнс гэдгээ сайтар судлаж ухан мөшгөцгөө гэж уриалмаар байна. Будда ч Сүнс ярьдаг, Христ ч Сүнс ярьдаг. Бөө чи ч Сүнснүүдтэй ажилладаг мэрэгжилтэйгээ ойлгоорой.
Саяхан манайхан ирэх 21 ны бөөлөөтэйгөө холбоотойгоор эрүүл мэндийн үзлэг хийлгэж эхлээд байна. Хичнээн сэтгэл байгаад маханбие нь дордсон бол ачаалал даахгүй ядарч өвдөх учраас эртхэн үзүүлж оношлуулан эмчилгээ хийлгэсэн нь дээр шүү дээ. Гурван гол эмч ирсэн гэнэм. Дотор эрхтнүүдийг нь харах Эхо. Зүрхийг нь тагнах эмч, Сэтгэцийн эмч гурав үзлэг хийжээ. Ганц асуудал л байлаа. Сэтгэцийн эмч маань Бөө хүн байхгүй бол болохгүй юм шигээ.

Жишээ нь манай Утаа: Эмчээ би Хаантай хамт Онгодын хулгайнд явж чөлөөлдөг ш дээ. Саяхан Хааныхаа гараас бариад л судар тайлаад, хааяа хөлөөс нь барьж судраа бичээд л... Ингэхдээ Зайсанд амьдрав. Хоот болон Соронзын байнгын үйлчлүүлэгч  Монголын нөлөө бүхий Молливуудынхан эргэж ирэхдээ тор дүүрэн үнэтэй чамин идэх юмс авчирч өгөөд л, улаан ноймертой машинд сууж Оранжэ төв дээрээ очиж хуралд суугаад л дахиад л улаан ноймертой үнэтэй машинд суугаад л гэртээ хүргүүлээд л сайхан байлаа. Би гээч чинь Сокийг сонгож уугаад л, хиамыг хагаслан долоогоод л, мистер Чикинд пологдоод л,  Пицца миццаг харахаас дургүй хүрэв шүү дээ.
Хадны сүг зургууд болон Сорхагтани хатны судруудаас уншаад үржүүлээд таван судар гаргав гээд л яривал өчиггүй хааш нь аваачих болоо.
Хахаха Өргөөнийхөн бол ер гайхахгүй яагаад гэвэл Үнэн учраас. Харин Сүнсний амьдралд итгэдэггүй улаан номтон эмч маань ямар ОНОШ тавих вэ.

Амьдрал баян бөгөөд адал явдлууд дуусдаггүй ажээ. Орчин цагийн үлгэрүүд маань улам л сонирхолтой өргөн хүрээтэй, үнэхээр гайхмаар инээдтэй адал явдлуудаар дүүрэн болжээ. Утаа хэмээх үлгэрийн баатрын тухай цухас дурдахад ийм байлаа. Хүн бүрийн паян, танилцсан болон хамтарч үйлд хийснээ бичвэл дуусахааргүй урт болсон учир удахгүй гарах ГЭГЭЭН ЗӨН хэмээх өргөөнийхөний өөрсдийнх нь бичсэн үлгэрийн номыг уншаарай.

Би тэмдэгтүүдийн тухай цухасхан Рэйки ба Бөө нийтлэлдээ бичсэн. Бөө нарт хэрэглэхгүй шид гэж үгүй ажээ. Түүний нэг нь унгас юм. Ер нь засал хийхэд Бөө нар ихээр хэхрүүлдэг нь тэр хүний голын хийг өөрт татан авч гаргаж байгаа хэрэг юм. Миний биеийг ухан уншиж байхдаа Унгасны шидийн тухай ярих хэрэг болов. Гэтэл энэ шидийг Утаа хамгийн ихээр хэрэглэв. Автобус далийтал унгас алдах түүнийг бид эхлээд шоолж байсан ч нэг өдөржингөө юм болоход нь уурсан болиулах гээд аргаа барав. Хаан юм уншаад няслатал Унгас нь шууд амаар нь хэхрүүлээд унав. Бид элгээ хөштөл инээж Утаа Хааныг болиочээ  гээд л хөхрөөд байлаа.

Хаан үе үе уйдахаараа Утаагаар их тоглоно. Үе үе үлээгээд бүжиг хийлгүүлэн харж баахан инээнэ. Хунт нуурыг тэр бүдүүн хачин хөөрхөн хийнэ. Даанч үсрэх үед нь тэр чигтээ нураад унана. Тэр хааяа бүжиглэхгүй гээд газар гудаснаас барин тийчлэвч  хэдхэн мөчийн дараа бүжиглэеаяаааа ёоёоёо гэсээр босно. Олон төрлийн бүжиг наадгай хийлгэн бүжиглүүлэн харуулах зуураа бусад улаач нарт биеийн хүрдүүдийг биеийн хөдөлгөөн, идэвхитэй хөдөлгөөнөөр сайтар хөгжүүлэхийг сургана. Ер нь монгол ардын бүжиг буюу биелгээ бол бөө нар байтугай бүх хүний бүх л хүрдийг зөв хөдөлгөөнд оруулах нандин нууцтай байсан ажээ. Огт бүжиглэдэггүй хүний Онгод ороод гайхалтай сайхнаар биелгээ хийн, гараараа биелэх нь гайхмаар.
Нэг удаа уурыг нь хүргээд байхаар нь шившээд няслатал мэлмий нь хаагдаад юмаа харж чадахаа болив.

Мэлмий нь хаагдана гэдэг бол түүний хувьд сохорсноос ялгаагүй. Бүх л сайн муу сүнсүүдийг хамт хардаг түүний мэлмийг хаавал сайн муу сүнсүүд харагдахгүй харин зөвхөн маханбие бид нар харагдах болно. Энэ нь гэртээ бужигнасан олон байснаа ганцаараа үлдсэнтэй адил орон зай уйтгарыг төрүүлдэг. За бууж өгье буруу юм хийж үймүүлэхгүй гэхээр нь мэлмийг нь үлээгээд л нээчихнэ гэх мэтээр хөгжилтэй олон үйл явдал өрнөжээ. Буурьтай суурьтай, тэвчээртэй байж амаа хамхиж явахыг хамгийн ихээр түүнээс шаарддаг билээ.

Мөн шинэ улаач нарын Онгодууд дайран орж ирээд үймүүлэх үед Хаан үлээчихдэг. Тэгэнгүүт улаач нар нь  гайхаж нүд нь томроод сэргэж ирнэ.  Утаа улаач шигээ сахилгагүй нэг Онгод нь хүртэл нэг тамхилаадахая Аянга удганыг битгий дуудаад үлээлгэчихээрээ гэсэн гэдэг.  Ийм л сахилгагүй Онгод болон Улаач нар их байвал ер нь хэцүүдэхээр шинжтэй. Нэг удаа ийм дэггүй зүйл гарсан юм. Гээгэлийнд бөөлөөд шөнө тарах ёстой байтал улаач нар маань явдаггүй. Эргээд ортол хашаанд нь галын дэргэд тав зургуулаа нийлчихсэн Онгодууд нь буучихсан байх аж. Маргааш 9 сарын 1 айлын хүү хичээл номдоо эртхэн очиж биеэ бэлдэх байтал айл эзэгнэсэн дэггүйчүүд айлаа хүндэлсэнгүй хэмээн уурсаад бүгдийг нь толгой дараалан үлээтэл салгалтал чичирч, цочсоор улаач нар нь хэвийн байдалдаа ороод загнуулж байж билээ. Улаач нар энэ замбын амьдралтайгаа уялдуулан байж Онгод болон Өөрийгөө хамжааргатай амьдруулахгүй бол хэтэрхий Онгодын үгээр явбал солиотой хэмээгдэж, хэтэрхий өөрийн хүслээр явбал задарсан хэмээгдэн шийтгэл оногдох учир сайтар ухаараасай.

УЯЛГЫН ОНОЛ гэдгийг сайтар цээжилж ухаараасай. Энэ бол бүх л зүйлийг хэм хэмжээнд нэгтгэн зохицуулан уялдуулан уяж амьдрахыг хэлдэг юм. Далдын болон Ил ертөнцийн амьдралыг уялдуулан зохицуулж амьдархад УХААН шаардагдах учраас хэрхэн яаж залж, учрыг нь ойлгуулан амьдрах нь улаачын мэдлэг, өөрийгөө барих чадвар, тэвчээр сэтгэлээс хамаарахыг сайн ухаараарай хэмээн улаач нартаа захиж байна. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.