Saturday, November 10, 2012

Амарбаясгалант 1


Манжуудыг Хөхөлбөр Гэзэгтүүд гэдэг бөлгөө. Үүнтэй холбоотой нэгэн түүхийг өгүүлье.

Зун би өргөөний олон улаач нартайгаа хамт Сэлэнгэ аймгаар аялав.
Анхны өдөр Сэлэнгэд очоод нэг гол гараад гоё уулын орой дээр хонов. Даанч үй түмэн шумуулууд бидэн рүү дайрав. Халуун орны шумуулууд харин ч арай гайгүй байжээ. Төрөлх Монгол нутагт минь энэ зэвүүн амьтад асар ихээр үржсэнийг ер мэддэггүй байж. Нутгийнханыгаа болохоор сордоггүй юм гэсэн. Идсээр байгаад пологтсон юм байлгүй дээ.
Сэлэнгийн шумуулууд та нарыг дээ
Даанч нутгийн шумуулууд болохоор чинь
Хор авчирч цацсангүй
Хоног хиртээ тэвчлээ ... кккк Шумуулуудын тухай миний шүлгийн үргэлжлэл.
Бид утаа май тавиад ч, элдэв юм түрхээд ч нэмэр байсангүй. Би нүүрээ оогоор нилд нь нялав. Зузаан хувцасыг хүртэл нэвт хаздаг зэвүүн амьтад. Бүүр тэсэхээ болиод би салхи дуудан хуурдав. Гэтэл салхи нь хэтрээд хэдэн майхнуудыг маань аваад шидчихэв. Машинуудаа дөрвөлжилж хаалт хийгээд дунд нь манайхан унтлаа. Шумуул хазалгүй хэдэн цаг сайхан унтав. Гэвч үүрээр салхи намдангуут бас л дайрсан бөлгөө. Шумуултай тэмцэх тарни би л лав мэдэхгүй юмдаг. Бөө группын мундаг шидтэй бөө нар очиж нам болгох биз. Надад бороо оруулж аянга ниргүүлэх шид зааж өгье гэсэн юмсан. Эхлээд шумуул үргээх шид заалгамаар юм байналээ.
            Бид Сэлэнгэ нутгаар маш хөгжилтэй сайхан явсан бөгөөд инээдтэй явдлуудаа дараа бичнэ. Төгсгөлөөс одоо бичье.
Гэрлийн өргөөний Ундрах маань та нар Амарбаясгалангийн ойр байх манай хадмынд ирээчээ. Хонь гаргаж өгиииий шүү гэж байсан нь Гүн нуурт байхад санаанд оров. Сайхан зайдас идмээр санагдах би нөгөөдүүлээ хатгав. Юутай ч ойрхон учраас буцахдаа Амарбаясгалан ороод явъя хэмээн дууны багш зөвшөөрлөө.
            Бид өглөө Гүн нуур хавийг цэвэрлэн, тэнд байх амралтын газрынхаа хог шороогоо сайхан цэгцэлчихээд нуурынхаа ойр бөөлчихөөд Амарбаясгалан явлаа. Газар мэдэхгүй бид чиг авч явсаар харанхуй болов. Гэтэл Улаанбаатарт лагер луу явж байгаа мэт маш олон машин цувж гарав.
            Яасан их машин бэ, ямар сонин юм бэ гэсээр явлаа. Тэсэхгүй нэг нь та нар хаашаа явж байгаа юм бэ гэж асуугаад загнуулав. Энд ирчихээд хаашаа явж байгаа юм гэдэг чинь юу гэж байгаан гэсэн гэнээ. Учир нь бүгд л мэдэх ёстой юм байхаа. Бумбын ёслол болно. Гурав хоног гэнэ үү. Бумбын ёслол гэж юу байдын гээд зодуулах шахав. Бумбын ёслол гэж баяжуулдаг ёслол байдаг юм гэнээ. Хэн мэдэхэв дээ. Би л лав сонсоогүйдэг.
            Тэр нь Амарбаясгалан хийдэд болдог гэнэ. Оройгүй сүм л гэнэ алдартай юм байхаа. Би хаана амьдардаг байсан болоод мэдэхгүй байгаан бөө мэд. Ашгүй харанхуйд төөрөхгүйнээ. Энэ машинуудыг дагаад яваад байвал гээд явах гэтэл энэ олон мянган хүн тэнд пиг болох учраас бүгдээрээ ойрхон очоод хээр хоноё гэж бяцхан Дутахан дууны багш маань хэллээ. Та л мэддэг шүү дээ гээд л багшийгаа дагав.
            Харанхуйд нэг уул сүглийн харагдана. Бид майхнаа бариад унтаад өгөв. Би ч манаагаа хийгээд багшийн машиндаа унтав. Шөнө нам тайван өнгөрч үүрээр хөлөө амраахаар хаалга онгойлгоод жийгээд хэсэг унтав. Бид маш сайхан уулын ард ч юмуу өмнө ч юмуу унтчихжээ. Одоо ч би тэр уулын хаана нь унтсанаа ойлгохгүй юм. Өглөө босоод орчноо харахдаа сүглийн харагдах сайхан уулыг бахдан харлаа.
Цайгаа уучихаад бид нөгөө айлдаа оччихоод Амарбаясгалан хийдийг амьд яваад ирснийх үзчихээд хотруугаа буцая  Монголын маань алдартай сайхан газар учраас бүгд орж үзье хэмээн тохирсон юм.
            Цайгаа уучихаад майхан саваа янзлах зуур сэтгэлд дотно санагдах тэр хамгаас гоё уулын зүг харав. Би өдий болтол мөн ч олон уулаар явав энэ уул шиг онцгой дотно сайхан санагдан сэтгэл татаад байх уул таарч байсангүй. Хуураа авчраад тэр ууланд зориулан ая барив. Гэтэл амьгүй байх юм. Нараар амилуулав. Гэтэл сэтгэл нэг л дутуу, нулимс урсаад л байх юм. Сүүлдээ бүр уул хараад уйлдаг болох нь гээд эргэх гэтэл Утаа удган ирлээ. Би түүнд нулимс урсаад сэтгэл тавгүй байна. Алив мэдээлэл уншаадах гээд гар гараа барив. Гэтэл би ч уйлаад, тэр ч уйлаад унав.
            Хэнийг тэнд оршуулав хэмээхэд Утаа орилоод унав. Уйлах дуугаар манайхан бүгд ирлээ. Гэтэл өнөөдүүл чинь бас орилоод газар унаад босохгүй, явахгүй уйлж гарав. Өндрөөс өндөр Дээд эжийг минь энэ Хайрханд суугаагаар нь оршуулжээ. Уйлалдаад явахгүй болохоор нь өнөөдөр эндээ хоноё Улаанбаатар явахаа больё гэж тохирлоо.
            Бүгд сүү өргөн мөргөж, газарт хэвтэн хэнгэнэтэл уйлна. Би яагаад уйлаад байсныхаа учрыг ингэж ойлгосон юм. Багш ирээд надад нэг түүх ярив. Амарбаясгалан хийдийг өндөр гэгээн Занабазарт зориулан Манжын Хаан бариулсан. Энэ газрыг сонгохдоо гурван шинжээч ирэн эхнийх нь дундаа нүхтэй зоос тавив. Удаах нь зоосны нүхэнд гадас хийв. Гурав дахь нь гадасны голд зүү шаав. Ингэж Амарбаясгалан хийдийн газрыг шинжин барьсан түүхтэй гэв.
            Багш хардсаар л байлаа. Ер нь Занабазарт л зориулсан юм бол яахаараа Манжууд Занабазарын төрсөн нутагт нь юм уу байсан хийдэд нь барилгүй заавал энд барив нэг л НО байна гэв. Тэгснээ уулан дээр гараад газар орны байдлыг нь ажиглаад Манжууд алтан ургийн Өүлэн эхийн яг ар шилэн дээр нь энэ сүмийг барьж дээ гэлээ.
Алдарт Амарбаясгалан хийд рүү бид явлаа. Ундрах хотоос биднийг тосч ирэх учраас иртэл нь бумбын ёслол гээчийг сонирхохоор болов. Хийдийн урд машинаа тавиад явтал миний хоёр цавиар хатган хөл хүндрээд тийш орохоос дургүй залхуу хүрэв. Гэсэн  ч би арай ч дээ. Ийм олон хүн дагуулан байж орохгүй гэлтэй биш гээд гүрийтэл алхав. Хөлнөөс юм татаад л байв. Хэлсэн ч үгүй. Хийдээр ортол бөөн лам ном уншин, бөөн хүн идээ будаа болон сууж сүсэглэх ажээ.
Би малгайгаа авсангүй. Манайхан малгайгаа авсангүй. Мөн хар шилтэй, нүүр амаа зарим нь далдалсан, аяны хэдэн аймшгийн царайтай хүмүүс бөөнөөрөө орсонд бүгд гайхан хараад л байлаа. Нэгэнт орсных нар зөв тойрч байж л гардаг биздээ. Урагшаа зүтгэлээ. Гэнэт л гар өөрийн мэдэлгүй хөдлөн, янз бүрийн хөдөлгөөн хийж няслан, ийш тийш үлээн бие татав язав хийнэ. Зүрхээр хатгуулан өвдөхөд л аягүй бол лам нартай үзэж байна даа. Муусайн юмнуудад дийлдэнээ гонжийн жоо голионы баас гээд л бодсоор арай гэж хаалгаар гарав.
Гэтэл намайг яаралтай ирээч гэж дуудав. Манай хэдэн бөөгийн хүсэлтээр машинаараа үйлчилж явсан хамгийн том аварга биетэй Эмч маань муурчихсан арай гэж тогтож ядан байлаа. Би очоод илж, үлээн, засал хийв. Тэр агуу том биетэй учир бид тал талаас нь түшинэ. Гаднаас харсан хүмүүс түүнийг согтуу гэж бодсон уу, зарим нь салхи тавьж өгөөч гэх юм. Салхилуулбал нураад унаад ирэх түүнийг бид тал талаас ньтүшсээр арай гэж ганхуулан алхуулна. Би нөмөрч явсан нөмрөгөөрөө түүнийг хучин ухааныг нь сэргээхээр оролдсоор тэр арай гэж тэнтэр тунтар алхална. Сайхан сэтгэлт Утаа удган хамаг мөнгөөрөө сүү авчихсан ирэв. Бүгдэд нь сүү өгөн бид сүү ууцгааж зүлэг дээр сууж амарцгаан байж тэнхээ орцгоов.
Бид айлдаа ирээд хаана хоносноо хэлэхэд тэр айлынхан гайхав. Та нар шөнө зүгээр унтсан уу гэх юм. Бүгд маш сайхан унтсангаа хэлэхэд тэр хавь гүйдэлтэй газар энэ хайрхан бол маш догшин учраас нутгийнхан юун хонохтой манатай. Мод бэлтгэсэн айл Аянганд ниргүүлсэн юм. Нутгийн ардууд тэр хайрханаас нэг чулуу ч авдаггүй олон хиргисүүртэй хэмээв. Нээрээ л тэнд маш олон хиргисүүр байсан.
Айлд байх зуур миний бие муудаад л байлаа. Зүрхээр хатгуулсаар, хөлс гаран суларч, нойр хүрэн хэвтмээр санагдавч олон хүнтэй явж байж түвэг удахыг хүссэнгүй тэвчээд л байв. Нойр хүрсээр, хажуулдан суумаар, хамаг бие мөч өнгөрөх тусам муудна. Биеэ бариад л байлаа.  Амьсгал сулран бөглөрч зүрхээр хатгуулан нойр л хүрээд байв.
Гэнэт Онгод дайрч орж ирээд өргөөний улаач нарыг зэмлэж гарав. Та нар хэзээ дайчид болно доо. Манай энэ удган ч гэж... хөлийг нь хүндрүүлээд мэдрүүлээд байхад л яваад байх юм. Хаана яах гэж орж байгаагаа мэдэхэд яана. Ямар алдаа гаргасныг яриулна гээд удгануудын гарыг атгав. Би юм хэлэхдээ манатай суларсаар, дуу ч гарахаа байв. Хаан хоёр удганыг дуудан авчраад гараа атгуулаад өнөөдөр нь болсон үйл явдлуудыг харуулав. Миний бие муу байсан учир сууж ч чадахгүйгээр унаад өгсөн ч гараа таслахгүйг хичээн байсан юм. Тэр үед болсон ярьсан зүйлсийг улаач нар утсандаа бичиж авсаныг тэр чигт нь тавиж сонирхуулая. А болон Т хоёр Удган  энэ бүхнийг уншсан бөгөөд хоюулаа мэлмийтэй бөгөөд нэг нь үйл явдлуудыг харан ярьж нөгөөх нь тэдний үгүүдийг нь шууд дамжуулсан бөлгөө. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.