Saturday, February 4, 2012

Ulurugaas harij irev


2012 он 1 сар 26
Энэ өдөр Австрали улсын Сидней хот руу 18.30 минутаас нисэх байлаа.  Аа хаа байсан орой юм чинь гэж бодсон би гээч хоёр ч хүнтэй засал хийхээр тохирсон байв. Гэвч холбогдон юмаа тайлбарлах, засал хийсээр нэг мэдэхэд онгоцны буудалд очсон байх ёстой цаг нь тулжээ. Ингээд л сандран авч явах юмсаа чемодан савруугаа шүүрч шидлэсээр гараад харайлаа. Орой юм чинь өглөө  эсвэл өдөр нь бэлдчихнэ гэсэн бодол л миний толгойд байснаас биш цаг хурдан давхидаг гэж таг мартжээ.
Билетээ бүртгүүлэн, ачаагаа өгөх болтол шалгагч нь миний паспортыг харчихаад манай нөхөр лүү л хараад байх юм. Нөхөр маань би бишээ манай эхнэр явна гэтэл тэгээд энэ хэний зураг вэ гэв. Гэтэл би сандарч гүйхдээ нөхрийнхөө паспортыг бариад гараад иржээ. Тэр хүн яг 5 цаг 30 минут гэхэд бүртгэл дуусна тэгээд л болоо хурдан авчирахгүй бол маргааш орой л явах байхдаа гэв. Ингээд л бид гэр лүүгээ буцаад л явлаа. Ядаж байхад нөхөр маань хурдан явдаггүй учир хурдал, хурдаа нэмээчээ, наадхаа гүйцээчээ гэсээр л гэрт ирээд паспортоо олж аваад буцаад л сандран явав. Яг 5 минут дутуу байхад нисэхийн бараа харагдав. Манай гэр онгоц буудлаас бараг 40 минут зайтай хотод байдаг тулдаа л амжсан байхдаа. Дээрээс нь түгжээ байхгүй.
Охин маань: За одоо ээж хир хурдан гүйхээс л бүх юм хамаарч дээ. Энэ аав машиныг хүртэл удаан явуулаад сургачих юм. Хурдлахаар машин нь өөрөө амьсгаадаад үхэх гэж байгаа юм шиг гээд л хошуу нэмэрлэнэ шоолно. Би үсэрч буугаад л ачаагаа хаячаад бүртгэгч байдаг газар луу харайлаа. Хувийн рекордоо лав эвдсээн эвдсэн. Эвдсэн тулдаа амжиж бүртгүүлээд цааш дамжих дамжлаганууддаа хамрагдсаар онгоцонд багтсан даа. Сиднейд шөнө ирэхэд маш том хот л харагдав. Гааль мааль нь намайг тоож  шалгасан ч үгүй. Ямар хачин юм бэ, буруу юмаар нь гарчив уу, тэнд надаас бусад хүн амьтангууд шалгуулаад байхад гээд буцаад л цагдаа нар луу нь очтол гараа гар гэв.  
Гарч ирэнгүүтээ л намайг тосох Монголыг таниад гэрт нь ирлээ. Гэрт нь эхнэр нь бууз хийчихсэн хүлээж байлаа. Бид бие биенээ хараад хэн бэ хаа харлаа эсвэл би билүү, яасан надтай адилхан юм гээд л зэрэг бодсон байв. Бөөгөөс болон бид интернетээр танилцан харилцсаар сайн найз нар болсон ч биенээ хараагүй байсан юм. Тэднийд би 7 хоног жаргасандаа. Нөхөр нь Монголын бүх л нарийн хоолуудыг хийж өгч эхнэр бид хоёр нь гахайлаад л бордуулаад л янзтай байлаа. Үке мөн сайн нөхөр олж авчээ миний нөгөө сэгсгэр шар маань. Азтай азтай. Нөхөр нь өглөө 7 цагт сэрээд л ажилдаа асуудалгүй яваад орой 7 цагт ирээд л оройн хоолоо хэл амгүй, асуудалгүй хийдэг, бүтэн сайнд хувцаснуудаа угаадаг ховор нөхөр байв. Эхнэр болон хоёр хүүхдүүддээ халамжтай маш сайн нөхөр. Олон хүүхнүүд атаархах байхдаа. Кккккк.  Бид шөнө 3 өнгөртөл чалчив.
Маргааш нь тэр хавиараа яван Улуру явах бэлтгэлээ хийлээ.
28 ны хагас сайн  өдөр. УЛУРУ
Гэрийн эзэгтэй бид хоёр хагас бүтнийг далимдуулан нөхрөөрөө хүүхдүүдийг нь харуулангаа өөрсдөө ажлаа амжуулахаар төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу үйл явдал өрнөлөө. Энэ өдөр маш халуун байлаа. Өдөр 1 цагийн үед бууж бид хоёр машин түрээслэн авав. Ингээд л цөлөөр хоюулхнаа давхиж гарав. Буудалдаа орох, дэлгүүрээс нь бас ойр зуур юмаа цуглуулаад УЛУРУ хайрхан руу давхихдаа Зүүд үү? Бодит уу? гээд биеэ чимхэн үзэцгээж бөөн баяр хөөрөөд л давхилаа. Жуулчны бааз нь Улуру болон Ката Цута хэмээх хайрхангуудаасаа хол байрлах учраас машин түрээслэн өөрсдөө явах нэг бол жуулчны цуваанд орвол автобусаар явдаг. Нэг бөхтэй тэмээ унаад аялахаар бол дахин нэг хоёр өдөр байхаар юм байв. Хэрэв ингэж явбал нилээн сайн удаан явж их юм үзэхээр байлаа. Гэвч бид хоёр өөр зорилготой тахилга хийх Тэнгэрийн даалгавартай учраас тансаглан зугаацах байтугай тэр Хайрханууд руу авирах, тойрох, энд тэндхийн нүх сүвээр нь орох гарах ч зав байсангүй.
Энэ уулын хаанаас нь ч очих юм, юу ч хийх юм, аль зүгт нь ч очих юм огт мэдлэггүй, хувиараа явах бид хоёрт замчин ч байсангүй. За замчин шавраар ч яахав дээ. Ингээд хоёр монгол хүүхэн энэ цөлийн 40 хэм халуунд хөлсөө асгаруулан үүргээ биелүүлэв. Машинаар явсаар нэг газар очтол тэнд нь цааш машинаар явах замгүй, хориотой байлаа. Ингээд хоюулаа өргөлийн юмсаа, хэнгэрэгээ үүрэн халуунд шаруулан Улуру Хайрханыг чиглэн дураараа явав. Хаана ч хүрэх ёстой юм бүү мэд, Уг нь тэнд яг зөв мэнэжменттэй газар байв. Улуру Хайрханд хэн дуртай нь шууд машинаараа очих боломжгүй маш зайтай машинаа зогсоодог талбайтай. Нилээн алхаж байж л уулын хормойд явган очих боломж байв. Бид явсаар нэгэн задгайдуу газар иртэл энд бууна гэж буурал хэллээ.
Ингээд л бид өргөлөө өргөн, ёслолоо хийгээд би хэнгэргээ дэлдэн байтал гэнэт л догшрон дэвхцэж миний гутлыг тайлж шидээд халуун хөрсөн дээр хөл нүцгэн дэвхэрч бүжиглэн, эргэлдэн тоос манарган, хэнгэрэгээ улам хүчтэй дэлдэн ихэд баяртайгаар дүүлэн дэвхцээд нэгэн буурал орж ирээд суулаа.
Тэр намайг урт плааж өмссөнд ундууцан маш сайхан дэвхэрч харайж, бүжиглэх байтал хөдөлгөөн хорьсон муухай хувцас өмссөнг шүүмжлээд хормойг нь шууж бас энгэрээс зулгаан хариугүй плаажийг минь тайлах дөхөв. Би арай гэж гуйн тайвшруулав. Плаажийг минь тайлаад шидчихвэл би гээч халуун улаан цөлд бандага, мээмчигтэйгээ яанаа одоо. Маанээ бод ми хум. Малгай тайлж шидэв. Нүдний шилийг минь бас авав. Үсний боолт аван үс сэгсэгнүүлж хэсэг үзэв. Эргээд үсээ боов.
Тэгснээ Улуру Хайрхан руу сая л нэг тогтуун суун хараад урт плаажинд минь уурлахаа болилоо. Надтай хамт ирсэн хүүхэн маань ирээдүйд удган болох ёстой хүн бөгөөд тэр бас алтан ургийнх бөгөөд дээд өмнөх төрөлдөө бид эгч дүүс болон нэгэн айлын хүүхдүүд болж байсан учраас хоорондоо их төстэй зан чанаруудтай, сэгсгэр шар үснүүдтэй байжээ.  Тэр Буурлуудад золгон уулзан мэндчилэхэд: Уух юм дохилоо. Ингээд суурин дээрээ 1л 500 гр ус уучихаад ахин нэхэхэд нэг аяга ус байсанаа өглөө. Машин хол учраас бид хоёр зарим юмаа орхисон байлаа. Тэр өршөөл ирээд машинд байгаа яваад аваад ирэх үү гэхэд Хэрэггүй ээ гээд болиулав. Хэрэв явбал машин хол буцаад тэр эзгүй газрыг олж ирнэ гэдэг маш хэцүү шүү дээ. Ам нь ихэд цангажээ хөөрхий.
Ингээд надад чи намайг хэнийг мэднэ үү. Тэр миний дүр байна гээд Улуруг харууллаа. Би пөөөөөөх гээд л гайхаж байтал хамт явсан хүүхнийг маань дуудан хажуудаа суулгав.  Чи намайг харж байна уу? Миний дүр тэр байна. Энэ миний төрж өссөн газар гээд л өөрийнхөө Хөмсөг, нүд, хамар, ам, хүйс, хөл, үс, гараа зааж өгөв. Мөн хүүхдүүдээ зааж өглөө. Мөн энэ улаачын нэг дээд ээж нь би шүү дээ. Чи миний үрсийг царай муутай гээд гоочлоод байсан уу. Тэд энэ нутаг усны Эзэд, хамгаалагч нар гээд л тэр хүүхнийг цаашид чи юу хийх ёстой энээ тэрээг нь зааж ярилцав. Энэ талаар тэр өөрөө удган болоод алдар нэрээ таниулахаараа өөрөө бичнэ биз ээ.
Энэ хооронд надад хачин юм бодогдов. Юу вэ нөгөө хамгийн анх Монголд байхдаа Улурун зургийг үзтэл тонгочоод байсан энд би очино гээд байсан Онгод чинь миний ээж байсан юм уу. Би эндхийн хар арьстан шиг, аймаар навчин хамартай, зэрлэг, мээмээ унжуулсан хүн байсан юм уу хаашаа юм, балай юм гэж бодож амжив. За юутай ч тэр царай муутай шалдан хүмүүсээ чухам их хайрладаг ээж байлаа. Энэ газрын анхны дээд ээж хичнээн ч сая настай байхаар юм ярин толгой эргүүлэв. Хэрэв энэ газрыг дээдлэн шүтэхгүй, улаан хөрсийг нь хайрлахгүй, царай муутай үрсийг нь устгаад дуусвал энэ Австрали тивийг усанд живүүлэн, үүрд арчиж мэдэхээр л юм ярилаа. Хэн надад ирж хүслээ хэлэн, хүндэлж энэ газар сөгдөж сууна түүнд энэ газар орших буян хишгийг харамгүй хайрлана гэсэн дээ.
Улуру бол Австрали тивийн төвд байдаг. Өндөр ээж Улуруд ирсэндээ ихэд баярлан тэнд нилээн хэдэн чухал үйлсээ хийв. Тэгээд биднийг ирүүлэх бололцоог олгон өргөө гэртээ амраан хүндэлсэн охин танд өндөр шагнал өгнө гэвээ. Нөгөө удган болох ёстой охины бэлдүүлсэн зүүлтийг нь амилуулан өгөөд Австрали тивийн Хатан удган болох ЭЗЭН ЭРХ гэдэг юмыг түүнд олгов. Чи удган болоод намайг ирж тахих ёстой. Энэ нутгийн байгаль орчин, дарлагдсан уугуулуудын төлөө хүчээ өгөн, хайрлан хамгаалж судар ном бичиж үлдээх ёстой гэж түүнд хэлэв.
Уг нь тэр хүүхэн би охинтой болмоор байна гэж хүслээ хэлтэл: Охиныг бол чиний өвгөд буухаараа л өгнө биз. Би ийм жижиг юманд оролцохгүй. Харин би чамд энэ тивийг бэлэглэнээ. Чи энд намайг тахихдаа дараа олон хүмүүстээ ирээрэй. Гэхдээ би чамд буухгүй. Аянгат бол 1000 жилд ганц тохион биднийг буулгах Эзэн Эрхт улаач. Би түүнд буудаг ч чамайг тахилга хийхэд харж л байна даа гэж айлдав.
Хахаха аймаар авгай чинь томроод шууд тив бэлэглэдэг гэнээ хахахаха гээд л буусныхаа дараа бид хоёр шоолон баахан инээлдэв. Гэвч маргааш нь өөрсдийн авсан зургуудаа үзээд бид хоёр ингэж марзагнан шоолж байсандаа санаа зовон жижгэрсэн билээ. Учир нь тэр хэлсэн амандаа хүрэхийн дээдээр хүрдэг Дэлхийн Дээд Ээжүүдийн нэг шүү дээ.
Улуруд бид хоёр буусан учраас их  цаг алдав. Ингээд тэндээс 40 км орчим зайтай хол дараагийн Хайрхан Ката Цука явлаа. Харин бид хоёртой  Улуруд шингэх нарыг үзэхээр хамаг жуулчид зөрлөө. Явсаар Ката Цукад гэгээ тасархад ирсэн учраас зорьж ирсэн үйлээ хийчихээд буцлаа. Энд зэрлэг амьтад нь хориогүй, хамаагүй явах учраас эзгүй хээр шөнө бид хоёр хаданд нь авирч чадсангүй ээ.
Буцаж ирэхэд тэндхийн Баар л ажиллаж байлаа. Тэнд нэг хамтлаг дуулж байв. Хэд гурав бүжиглээд авмаар байсан ч өдөржингөө яваад хэт ядарчээ. Нэг бэлэн гоймон халааж идчээд унаад өглөө.
29 нд
Хамаг улсын ажлаа өмнөх өдөр амжуулсан бид хоёр өглөө эрт сэрчихэв. ОО орохоор хоюул боссон ч ойрдоо нойр муу яван ядарсан болохоор унтая гээд эргээд хэвтсэн ч унтсангүй учир нар мандахыг нь харахаар явлаа.
Хуураа ав гэж Буурал хэлсэн ч мартаад гарчихаж. Эргэн хуураа аваад ирж мандаж буй нарандаа хуураа татаж өглөө. Гэтэл гайхмаар юм болон Нарнаас энерги илч нь давалгаалан сарниж маш ихээр цацрав. Тэгээд хуурдах зуур Нарнаас нэгэн Өндрөөс өндөр бөөн том туяа тасран тусдаа гарлаа. Хуурын аялгуунд би найган ганхан бүжиглэн тэр туяаг харан байснаа УЛУРУ өөд явлаа. Туяа явсаар Улуруд очив. Улуру орой дээр өндрөөс өндөр  туяан манан АМЬ тогтон гэрэлтэв.
Өчигдөр дээд Ээж нөгөө удган болох бүсгүйд өгсөн бэлгийн нэг нь мэлмийг нь нээх байсныг санаад би түүнийг: Улуругийн Амийг харж байна уу? Ийм хэлбэртэй туяа байгаа гэхэд тэр харж Чадаж байлаа. Гэхдээ анх удаагаа л ийм юм харж буй тул ойлгоогүй байв. Одоо сайн хараарай. Өнгө нь хувирна. Бас хөдлөж явна дагуулан хараад байгаарай гэж би зааж өглөө. Дахиад л хуурдан тэр их том гэрлэн манан Сүнсийг цааш явууллаа.  Тэр явсаар Ката Цука оров. УЛУРУ бол эм билэг хайрхан Ката Цука бол Эр бэлэг хайрхан гэж ээж надад хэллээ. Ингээд тэр хоёр уул хоорондоо уулзан нэгдэв.
Ингээд түүнээсээ нар зөв тойрсоор эргээд НАРАН өөд эрчимийг нь өглөө. Нар зөвөөр гурван удаа энэ үйлийг хийлээ. Аугуу том тэнгэр баганадсан гэрлэн манан шиг бүрхүүлийг гурван удаа эргэлдүүлэн Австралийн газар нутгийг гурван удаа тойрууллаа. Унаган Бөө нарын сүнс Австрали тивдээ эргэн төрнө.Унтсан бүхнийг нь сэргээн өндөр ээжийнх нь дуудлагыг түгээн Нарны ивгээлийг хүртээлээ. Дээд ээж Удган болох бүсгүйд их л том бэлгээ өгчээ. Тэр энгийн нүдээр анх удаагаа Амиудыг харж чадсан бөгөөд яаж харахыг хэрхэн хийхийг нь харамгүй зааж өгөв.
Бид улсын ажлыг чухам л сайн гүйцэтгэсэн учраас сэтгэл хангалуун буцлаа. Сиднейгээс Улуру онгоцоор 3, 4 цаг нисдэг хол газар байлаа. Эргээд ирэхэд Австралын хатан хааны нөхөр нь тосч аван гэртээ ирэхэд нийслэл салат бас  хавиргатай шөлтэй хоол хийчихсэн хүлээн авсан даа. Ёстой л Австралын хатан хаан байна шүү. Би хатан хааны буянаар сайхан нийслэл салат гөвж өгөв.  Хатан хааны найз байх сайхан байлаа шүү. Хумсаа будчаад л унтаад, идээд л сүүлийн хичнээн жил жаргаагүйгээрээ л нэг жаргав шүү. Монгол эр хүн бүр л архичин, авгайгаа зардаггүй л юм байнадаг. Сайн нөхөртэй хүмүүс ч олон байсан шүү. Блог нээснээс хойш би ийм олон хүнтэй танилцсан. Тэгэхээр монгол эрчүүд муу гэдэг үг худлаа.
 1 сарын 31, 2 сарын 1
Энэ өдрүүдэд хүүхэн хүний ажлыг хөлийнхөө тавхайг эргэтэл хийлээ.   Хатан хаан бид хоёр Сиднейн төвөөр явж зураг мургаа авч дэлгүүр хоршоогоор шагайлав.  Тэр хүүхдээ авах цаг нь болсон учраас яван  би ганцаараа Сиднейгээр тэнэж өгөв. Орой гэртээ ирэхэд намайг төөрсөн байх бий гээд нөхрийнх нь санаа нь зовон байжээ. Хэхэхэ Аянгат чинь энд тэнд яваад сурчихсан амьтан шүү дээ. Ганцаараа үлдвэл л хаана юу байв, хаагуур ийгүүр орж гарав гээд чухам хараад толгой ажиллана. Хүнтэй бол ооогт харахгүй, үзэхгүй, мэдэхгүй болчихдог онцлогтой. Бэлэн хүн дагуулаад явж байхад илүү юм бодох хэрэг юу байнаа. Харин ганцаар бол амиа хоохойлох аргаа бодож эхэлдэг нь гайхмаар.
Ганцаараа дэлгүүр хэсэх хоббитой би маш тухтай гэгч хамаг онгорхойг нэгжээд кофе уун торт идэхдээ түүхээ бодлоо. Өмнө нь би аль ч орны дэлгүүр явсан их дэлгүүрийнх нь кафед хоол идэх юм уу кофе уун гоё торт иддэг юм. Бөө болохоос өмнө би ингэж суухдаа бөөн кайфтай баахан мөнгө үрсэн, баяртай байхаас өөр нэг ч юм бодож байсангүй. Гэтэл энэ удаа би ингэж суухдаа цаашид юу болох бол, блогтоо ойрд орсонгүй юу болж байгаа бол, нөгөө засал хийлгүүлсэн хүн маань юу болсон бол, тэр нэг хүнээс майл ирсэн байсан хэзээ заваа гаргаж түүний юмыг хийхэв ч гэх шиг ёстой балай балай юмс бодоод байлаа. Амьдрал минь ингэж өөрчлөгдөх гэж дээ.
31ны орой нь буусан айлдаа би засал хийв. Эхлээд нэг Буурал буун өргөө гэрийг нь цэвэрлэн, элдэв юмсыг нь бэлдэн Хаан буухад бэлдээд явав. Хаан анх удаагаа гадны оронд өөрийн Монгол элэг нэгтэндээ засал хийсэн анхны тохиол болвоо. Хаан ер нь Монголд байхдаа манай хамаатныд л нэг удаа гэрт нь байхад бууж байсан. Харин одоо дөнгөж хоёр дахь нь юм. Тэрнээс хаа хамаагүй айлд энд тэнд бууж засал хийдэггүй. Дандаа бусад Буурлууд л хийдэг. Харин Австралын Хатан удганыд зориуд талархал илэрхийлэх гэж буужээ. Нөхөрт нь ихэд баярлан амар тайван амгалан байлгаж, амттай хоол хийж өгч байсанд нь гялайсангаа өөрийн биеэр өөрийн амаар хэлвээ. За энэ тухай удган болохоороо өөрийн түүхээ бичих хүн маань дэлгэрүүлэн бичнэ бизээ.
2 сарын 2
Энэ өглөө 6 цагт онгоц нисэх байв. Би тэр айлын нөхрийг шөнө 3 цагт босгон онгоц буудал хүргүүлэн нойрыг нь хасаж, өдөржин ажиллах биеийг нь өвтгөхийг хүссэнгүй учраас намайг 12 гэхэд онгоц буудалд хүргээд өгчих би тэндээ байж байгаад явъя хэмээн гуйж байгаад хүргүүлэв. Гэвч тэдний буудал сонин бөгөөд шөнө нислэг хийдэггүй тул хаачихдаг харин шөнө 3 цагаас л онгойно гэвээ. Би гадаа нь сууж байгаад орчихноо бүү санаа зов яв гэж байтал цагдаа нь доор нэг давхарт хүлээх хүмүүс бий гэв. Ингээд нэг давхарт очоод хамаг хаалгыг нь татаад явж байтал ашгүй дотор талаас нь хүн гарангуут нь зөрөөд орчихов. Гэвч нэг л бишээ хэн ч алга. Чемоданаа чирээд л явсаар байтал өөр нэг буланд хэдэн хүн байв. Цагдаа нь намайг харан гайхаад чи хаанаас гараад ирэв гээд л миний паспорт билетийг минь шалгаж байж санаа нь амрав. Би болдоггүй газраар нь орчихсон бололтой. Би 3 цаг хүртэл амрах үүрээ засаад л хэвтээд өглөө.
Гэтэл 3 цаг нь болоод л хүн амьтан бужигнаж бүртгүүлэхээр явлаа. Би унтаад хоцорсон тул яаралтай гүйлээ. Гэтэл замд нэг монгол тааран татвараа төл манай Австралид буусан гээд унав. Юун татвартаа манатай би яараад байна гэхэд тэр том гуталтай монгол залуу ТАТВАР гээд л мөнгө нэхээд байлаа. Хуц гээд түлхэж хаяад бүртгэл дээрээ иртэл чемодан маань нугасаараа салсан байх юм. 2 хэсэг хавтас болчихож. Скоч олох хэрэгтэй гэж бодоод бас нэг тор үүрч явсангаа санатал алгаааа. Хаачуууууу тор минь гээд л сэрлээ. Ёооооох шал тэнэг зүүд зүүдлэж сэрэв.
Надад энд бас зарим харласан хүмүүс Монголчуудыгаа хулхиддаг татвар нэхсэн тухай сонсож байсан минь зүүд болоод хөөрхий намайг зовоожээ. Унтчихвий гэж бодсон нь унтаад хоцруулан сандран давхиж байгаатай холилдоод цааш нь уянгийн халилууд нэмэгдээд хариугүй унтаагаараа цус харвасангүй зүүд зүүдлэж. 
Дахиж унталгүй байсаар бүртгүүлэхээр очтол цаг агаар муу нислэг хойшлон өдөржин тэр буудалд тэнэв. Ингээд үдээс хойш нь нисээд гэртээ шөнө ирлээ. Гэгээн минь гүйн ирээд л хүзүүнээс зүүгдчихэв. Охин тэр хоёр бүүр турчихаж.  Чамайг хэзээ ирэх болоо гээд л санаад л байлаа. Намайг санав уу гээд Гэгээн наалдана. Намайг байхгүйд далайн хар салхи ирэн хэдэн өдөр л  бороо орон үер болсон сонин байв. Манай гэр бол найдвартай газар байх тул үерт зүгээр байв. Нам дор газрынхан л нилээн сүйд болон тоггүй болсон гэнэм. Өнөөдөр бас л сайхан бороо асгарсаар л байна.
Энд бүтэн хоёр, гурван сар бороо ордог ёстой гоё газар байна. Циклон ирнэ гэсэн боловч ирэлгүй чиглэлээ өөрчлөөд өөр арал явсан учраас энд их гайгүй бороо нь орж байгаа гэнээ. Уг нь хар салхи, циклон ирвэл бас гоё байдаг ч хүмүүст их хохиролтой болохоор онцгүй юм байлгүй. Байнга бороо орж чийгтэй байсан тул тул нөхрийн маань костюм болон бидний зарим хувцас хөгцөрчээ. Тэрнийг нь яах ёстой юм бүү мэд. Цэвэрлүүлдэг юм уу, хаях ёстой юм уу хэн мэдкү. Шинэ цаг агаартай газар амьдарч сурах гэж нилээн хөг болохнээ. Харин би Австралид очоод дааран ноосон цамц, пүүз өмсөн явсан ч тэндхийнхэн нүцгэн шахуу зүгээр л байв. Би халуун ороны хүн болсон байна. Халуун орныхоныг шоолоод л донгосоод байсан би гээч өөрөө ийм болох гэждээ.
Хааны айлтгалд байдаг хэнийг шоолж басамжилна өөрөө тийм болж төрнө гэдэг яанаа яг л үнэн болчих гээд сандарч эхэллээ би. Увааааа хахахаха тэгдэг гэнээ гээд л миний донгоссон болгон л надад эргээд өөрт ирэх болов. Үнэхээр үхээд хар арьстангуудыг дээрэлхдэг цагаан хүмүүс өөрсдөө хар арьстан болж, хүн алсан нь өөрөө хүнд алуулан, дайн хийсэнгүүд нь буцаж төрөхдөө дайнд ялагдан буудуулж алуулах нь үнэн байвал яанаа. Яанаа ч гэж дээ яг л тийм байдаг нь гарцаагүй болох гээд байх юм. Баярхаад гайхуулаад байгаанууд нь гуйлгачин болж гуйлгачингууд нь баян болохнээ. Ганц үүний шалгуур нь хэн зөв байсан тэр нь өөр төрөл авч хэн буруу дээрэнгүй, муу муухай санаат хүн байсан тэр  яг л өөрийн үйлийн үрээ эдлэн тэр дүрдээ төрдөг бололтой.
Австралид бөөлсөн бөөлөө надад их л олон юм бодогдуулж бас их айлаа. 1000 Онгодын чуулганы дараагаас л миний ажил дуусаад би жаргаад эхлэх юм бодож байтал Монголоос минь халиад юуны чинь Австрали тив мив, Номхон далайн орнуудын төв, Ази тив мэв болоод явчихваа. Тэнгэр гээч энэ хачин Тэнгэрийн санааг тааж мэдэж, таниж ойлгоход хэцүү юм байнадаг. Хадам Буурлаа санан хурдхан очиж асуун юу болоод байгааг өөр Буурлуудын амаар нь хэлүүлж, чихээрээ сонсмоор санагдав. Мөн гэртээ харьж ирэхэд зайран хүүгийн маань төрсөн өдөр өнгөрчээ. Тэр дүүтэйгээ утсаар яриад уйлсан гэнэ. Үүнийг нь сонсоод би бас хэдэн өдөр л уйлав. Хүүгээ санан хувь заяануудаа бодон нулимс урсана. Миний хүү дэндүү нялх залуугаараа зайран болсонд би их харамсдаг. Олон зүйлс хориотой. Хүнд хэцүү, хатуу хувь тавилан. Ер нь  ядахдаа 40 хүрээд бөө болдог бол хамгийн зүгээрсэн. Дэлхий дахины  муу муухай СҮНС бүхэн устан нэг журамдаа ороод ирвэл яваандаа 40 хүрээд бөө болж байх бизээ.
Одоо даанч нөхцөл байдлаас болоод залуус их бөө болж байна даа
За нэг товчдоо иймэрхүү л түүхтэйгээр Алдарт УЛУРУГ тахин гайхмаар юмс үзлээ дээ. Хэлэх ч үг алга. Яахаараа би Улуруг тахин энд миний нэг сүнсний ээж маань байж байдаг юм бэ? Дэлхий бөөрөнхий, Тэнгэр нэг гэдэг нь энэ юм уу, ер юу болоод байгааг ойлгохоо ч байлаа. Юутай ч Дэлхий Монголоос эхэлсэн гэж би бодох боллоо. Лав л анхны удган ээж нар Монгол байсан нь мэдээж. Гэвч яахаараа Австрали тивд бас өргөө гэртэйгээр барахгүй, бас дүр нь ууландаа шингэчихсэн юм бэ??? Яагаад дэлхийн түүхийг өөрчлөөд байгаа юм бэ??? Австралийн удганы Эзэн Эрхийг Монгол бүсгүй далд ертөнцдөө эзэгнэх болно гэдгийг эндхийн цагаан арьстангууд сонсвол хөх инээд нь хүрэх биз. Тэдний дотор цагаан арьстны дээрэнгүй  үзэл өнөө хир ч байдаг. Ялангуяа жижиг хот хөдөө газраа дээрэлхүү цагаан арьстангууд олон байдаг гэж сонссон.
Австрали нутгийн уугуулуудын хүн ам нь хядуулсаар байгаад маш бага бөгөөд одоо ч хагас сая ч хүрдэггүй гэж сонсов. Эрчүүд нь архи уусан эмэгтэйчүүд нь ажил хийдэггүй. Улсаас нь тэдэнд бэлэн юм өгч, байр сав барьж өгсөн ч тэнд нь суурьшиж чаддаггүй гэж сонслоо, Бага хугацаагаар тэнд байсан учраас түүхийг нь сайн судлаж амжсангүй. Гэхдээ Австралын тусгаар тогтнолын өдрөөр нь нутгийн уугуулууд эсэргүүцэн ерөнхий сайд руу нь юм шидэв ер нь жил бүр энэ өдрөөр уугуулууд нь эсэргүүцдэг гэнэ. Тусгаар тогтнохоо ч алддаа. Хүний нутгийг дээрэмдэж уугуул үндэстэнгүүдийг нь хядаж байж ноёрхлоо тогтоосон болохоор уугуулууд нь эсэргүүцэх нь зөв бизээ. Ямар эндхийн уугуулууд Англи руу дайрсан биш. Тэдэнд гэмгүй байхад л ирж суурьшин хамгийн хүн амьдрах тохиромжтой газруудыг эзлэн, тэднийг цөл рүү хөөсөн нь үнэн. Мөн маш олон амьтан устаж үгүй болжээ.
Дэлхий хүйгээрээ холбоотой, яг л хүний бие эд эрхтэн шиг нэгнээсээ хамааралтай гэдэгт би одоо сайн итгэж байна. Учир нь энэ алс холын ХАЙРХАДУУДАД  бөөлөн мэдүүлэн уулзалдахад бүгд л Монгол хэмээх Цээж элэг, зүрхэн тус газрыг нь онгичин самарч дэлхийг мөхөөхөд ойрхон буйд санаа зовон бид ч хүчээ өгөн хүн зонд мэдрүүлэх болно хэмээн Хайрхадууд нь сэрэн идэвхижиж хамтарч байгааг нь гайхахаас өөр юм алга даа. Ямар би газарзүй, байгалийн ухаан, цаг агаар, хий үзэгдэл, хүн амьтны эрдэмтэн мэрэгжилтэн биш миний мэдлэг хүрэхгүй байна. Юутай ч далд ертөнцийн холбоо сүлбээ нь их сонин тогтоцтой, хүн итгэмээргүй, МОНГОЛ хүн гээч яахаараа бүх уул ус, ургамал амьтан, далд ертөнцтэй холбоотой ард түмнийг л гайхан биширч байлаа.
Адилхан л бөө байдаг бусад улс орнуудад шинэ эринийг эхлүүлэх Эзэн Эрхийг Тэнгэр яагаад өгсөнгүй вэ? Яагаад Монгол эмэгтэй би гээчид энэ толгой эргүүлсэн хачин учрал тохиох болов оо? Ингэж бодох тусам л өөрийгөө голон байлаа би. Монголд маань мундаг удганууд, мундаг эмэгтэйчүүд мөн их бий дээ. Гэтэл энгийн нэгэн надад энэ том даалгавар оногдон ийш тийш явахад, надад мэдлэг чадвар дутагдах юм даа. Яагаад? Яах гэж? Ямар учраас? Өмнө нь юу болсон юм бол? Одоо юу болоод байна? гээд л энэ учир битүүлэг сонин бөөлөөнүүд, энэ өөрсдийгөө Дээдийн Дээд гэх сүнс Онгодуудын ааш аяг, хачин үйлсүүдэд бүүүүр толгой эргэж гүйцэх нээ. Надад учирсан зовлон Монгол түмэнд минь бас учирах нь дээ гэж бодохоос уйтгартай уйлмаар ч юм шиг бас айдас намайг нөмөрнө.
Хэзээ нэг цагт Далд ертөнцийн шуугиан дэлхийг нөмөрхөд Манай Монголоос аль эрт ийм удган очоод танай уулыг тахиад амийг сэргээн, наад уулын чинь эзэн  Эжий Монголоос очсон, Эзэн Хаан танай Австралид нэг байшинд чинь бууж чөтгөр хөөсөн, Дэлхийг аврахын тулд ийм ийм бөөлөөг хийж энэ энэ газрын эздийг нэгтгэсэн гэх мэтээр яриул намайг байтугай Монгол түмнийг минь улсаараа солиорчихож гэх хүн гарч магадгүй байхдаа.  Монголд би цор ганцаараа бөө биш. Олон олон бөө нар энэ дэлхий, байгаль, дэлхий ээжийн төлөө бууж бөөлж байгаа.
Монголд яагаад олон бөө төрөөд байна ямар хэрэгтэй юм гэж хүн надаас асуусан байсан. Яахав дээ чааваас хувь тавилан л гэхээс дээ. Хувь хүн талаас бодвол хүсээд байхаар ч юм биш ч, нөгөө талаас үүрэг хариуцлага талаас бодвол БӨӨ гэдэг бол ТЭНГЭРИЙН ДАЙЧИД. Тэгэх тусмаа Монгол бол хүн төрөлхтөний өлгий нутагт тусгай заяагаар төрдөг. Цаг нь болохоор дэлхийг авардаг, дэлхийн төлөө өөрсдийн амьдралаа золиослодог Баатрууд юм даа. Ингээд бодвол Монголд бөө маш цөөхөн байгаа юм. Дөнгөж  3 сая ч хүрэхгүй хүн амтай энэ Тэнгэртэй харьцдаг хүмүүс дэлхийн хүн амд хаанаа ч хүрэхгүй шахуу байгаа биз дээ.
Өнөө гарагт бас л сайхан бороотой байлаа. Бороон ус туучихад бүлээхэн гоё байв. Бид өөр хотод ирж нөхөр маань Япон явах билетээ аван далимд нь гадуур яван, хоол идэцгээв. Гэтэл нөхөр надад бэлэг өгөв. Миний төрсөн өдөр болж байгаа юм гэнээ хэхэхэ. Би яагаад таг мартсан байдаг билээ. Гэгээн надад ирж баяр хүргээд тэд намайг үнсэхэд нулимс минь урсав. Би дөчин тав ч гэнэ үү хэд ч гэнэ үү хүрч байгаа юм байхоо, яагаад надад маш гунигтай байгааг мэдэх юм алга. Хөгширч байгаадаа харамсаад байгаа юм уу гэтэл харамсах юм юу байхав дээ. Цаашид юу болох бол, ямар юм намайг хүлээж байгаа бол, би хэдий болтол энэ бөөгийн ажлыг хийх юм бол, Буурлуудынхаа хүслийг биелүүлж чадах уу? үр дүн, үр дүн, үр дүн энэ л миний сэтгэлийг зовоогоод байгааг ойлголоо.
Өдий болтол би бараг л тоглоом наадам мэт л Бөөг сониучирхан шоолж баясан түүхээ бичиж байлаа. Гэвч эх орноосоо хол, алс холын газар орны Эздүүдтэй уулзаж учран ярилцан байхыг үзэн хараад сэтгэл шаналдаг болжээ. Дэлхийн хүмүүс хэзээ ИЛ, ДАЛД ЕРТӨНЦӨӨРӨӨ бие биенийгээ ойлгон нэгдэн нягтрах бол энэ ихэмсэг дээрэнгүй цагаан арьст хүмүүс ер юу бодон цэнгэнэ вэ? Эдэн дотор ч бас аймшигтай муу хүмүүс, архичид гуйлгачид байх юм. За тэгээд хар, шар, цагаан аль ч арьстан бай тэдэнд байх хамгийн хөөрхөн юм нь хүүхдүүд нь юм даа. Хар, Шар, Цагаан ялгаагүй л энэ хүмүүст сайн ч муу ч хүмүүс байна. Хэнийх нь ч хүүхдүүд л хөөрхөн харагдана. Эдний төлөө л нэгдэн эднийг л уух ус, амьсгалах агаартай дэлхийд үлдээх нь энэ алаг эрээн арьстан том хүмүүсийн үүрэг юм даа.
Хүн амьдраад л болоод байтал заавал уулыг ухан, усыг бохирдуулан илүү их баян тансаг амьдрах гэж зүтгэх юм. Хүний энэ газар амьдрахын тулд зарим Монголчууд Монгол орноо муулчлан, хуурамч зодуулсан зураг бүрдүүлэн цагдаагийн бичиг хийлгэн яадаг яадаг гэнэ үү тэгээд цагаачлан, иргэн нь болох гэдэг гэж бас сонсов. Их л олон янзын нарийн арга байдаг гэнэ үү. Аймаар юм. Анх удаагаа л сонин сонин юмс сонсов. За явсан сонингоо товчхон бичиж бас хэдэн зургаа товчхон оруулахгүй бол дэндүү урт юм болохнээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.