Энд үүр цайж байна. Миний амьдралын хүнд нэгэн шөнө тохиолоо. Нөхөр гэртээ харьж ирэн бид гадуур ажил хөөцөлдөв. Орой манай хэд ядран унтахад би харанхуйд майлээ шалган үзэж байтал мессенжерээр "Таныг хайгаад байна өргөөнд" гэх мэдээ ирэв.
Оюундалай хоёр цагийн өмнө: "Хүү минь гэнэт муудаад байна удганд хэл өгөөч" гэжээ. Түүнтэй дөнгөж холбогдоход: Хүүг минь авраач гуйяааааааааа гээд таг болов. Би юу болсныг мэдрэхэд Гүнбилгүүний хөл мөс шиг хүйтэн болж байгааг хамгийн эхлэж мэдрээд : Хөлийг нь шалгаад над бичээдэхдээ хүйтэн байна гэсэн ч таг хариугүй боллоо. Өргөөний Мөнхгэрэл ч над руу холбогдон мессэж явуулав. За та нар маань ч залбирч бай. Би босоод өргөөндөө орж бөөлье гээд орлоо. Энд болсон явдлын тухай түүний ээжид л хэлэх юм. Баахан уйллаа. Энэ мөчид ч амьдралын асуудал их байдаг юм байна.
Хэдэн минутын дараа би Гэрлийн өргөөндөө нулимсаа асгаруулан байж хэдэн үг бичлээ. Гүн билгүүн маань мөнхөд нойрсжээ. Би өөртөө ихэд гутарлаа. Бас Буурлууддаа гомдон Тэнгэрт ч гомдон уйллаа. Даанч муухай энэ аюулт өвчнөөс яаж хүмүүсийг аврах вэ? Ямар олон залуус хорт хавдар тусан, энэ бузар өвчин улам залуужин нялх балчируудыг ч залгих болжээ. Нэг жилийн өмнө манай хамаатан дүү охин савны хорт хавдар авахуулах үед ХАВДАРын ТӨВ гэх тэр газарт багтахаа байсан олон өвчтөнийг хараад гайхаж байсансан.
Би өөртөө гомдон гутарч уйлж өөрийгөө маш их чамлан зүхэж байлаа. Оюундалай маань надад их гомдсон байхдаа. Түүнд байсан ганцхан эрдэнийг нь аваад явсан хатуу хорвоод гомдоно. Хэний ч элэг эмтэрч зүрх шимширмээр ийм юм байхдаа яахав дээ. Хамгийн гол нь Оюундалай надтай анх уулзан чатлахад: "Буурлууд гэдэг Бурхан бишээ. Гэвч чадах бүхнээ би хийж үзье ээ" гэж ам өгөхөд тэр ямар их надад итгэж найдаж байлаа даа. Богинохон энэ хугацаанд би түүний мятаршгүй хичээл зүтгэл, хүүгээ хайрлах агуу их хайр энэрэл, хатуужил, хүүгийнх нь тэвчээрийг харж гайхсан билээ. Тэр маань энэ хатуу заяанд бууж өгөлгүй тэмцэж бүх л сайн гэсэн бүхэн рүү хандан гуйж зүтгэж, хүүгээ аварч үлдэх бүхнийг хийж тэмцэж байсан юм.
Америк эмч нар гайхаж байсан гэдэг. Чөмөгний донор олдохгүй хүлээн химийн хорт тариа хийн байсан ч тэд эдгэнэ болно бүх юм сайхан болно гэж итгэлтэй байж чадан, тэгээд өөрийн чөмгөө шилжүүлэн суулгахыг хүсэн эмч нарыг баярлуулжээ. Манай энд ээж нь хүүдээ чөмгөө өгөх гэдэг ойлголт байхгүй. Маш их хөндий байдаг. Монголчууд их сайхан хүмүүс юмаа гэж хэлсэн гэдэг. Хүний газар энэ хоёр маань бүтэн зургаан сар аюулт өвчинтэй тэмцэн Монгол хүний хайр халамж, итгэл сэтгэлийг гайхуулан бишрүүлжээ.
Би бол хүүхдүүд өвдлөө гэхэд л усан нүдлээд улам л дордуулдаг хүн. Гэтэл Оюундалай хүүгээсээ нулимсаа нуугаад л аль болох хүүгээ зовоохгүй итгэл төрүүлэх, сэтгэл санаагаар унагахгүй байх, өвчнөө ялах сэтгэл итгэл өгөх гэж мятаршгүй тэмцэж байсан нь бахархалтай байлаа. Бид нэг хоёр цагаар холбогдон байхдаа би энэ ээжээс сэтгэлийн тэнхээг олж харж биширч байв. Түүний хажууд би үнэхээр үлбэгэр сулбагар нэгэн байлаа. Хичнээн хүнд өвчин байлаа ч Гүнбилгүүн маань ээжээсээ Монголдоо харья гэж гуйгаад байсан гэдэг. Америк эмч нар ч тэр хоёрт бүх л чадлаараа туслан, анхаарал халамж сайн тавьж байгаа тухай надад хэлсэн. Бас тэнд байдаг хүүгийнх нь найз нар, Батцэцэг жүжигчин тэдэнд тусласан тухай ярьсан. Энэ хүмүүст их баярлалаа.
Батцэцэг жүжигчин маань тэдний тухай сурвалжлан таниулж, Монголчуудаас хандив цуглуулан Америк дахь эмчилгээний зардлыг олж өгсөн гэнэлээ. Сайхан сэтгэлтэй сайхан эмэгтэй Батцэцэгтээ баярлалаа. Хүний газар нутаг нэгтэндээ туслана гэдэг аугуу буянтай үйл билээ.
Мөн өргөөнийхөн маань богино хугацаанд ч гэсэн Гүнбилгүүн, Оюундалай хоёртоо сэтгэлийн дэм өгөн тэдэнтэй ярилцан нөхөрлөж, хайрлаж, сүүгээ өргөн, Тэнгэрт залбиран байсанд гялайлаа. Тэд маань бидэнд ээж хүү хоёрын хайрын бахархал, зовлон сөрөн тэмцэх дайчин чадварын үлгэр дуурайлыг үзүүлсэн юм.
Мөн бид энэ хоёроосоо энэ хэдхэн хоногуудад их зүйл сурлаа. Бид биенийгээ хэзээ ч хараагүй ч сэтгэл зүрхээрээ нэгдэж хайрыг мэдэрч чадан ээж хүү хоёрт бүгд хайртай болон тэд маань төрсөн эгч ах дүүс мэт л дотно ойр санагдан, дассан байжээ. Монголчуудад маань аминч хувиа хичээсэн үзэл үгүй, нэгдвэл нэгдэж чаддаг биенийхээ төлөө санаа тавьдаг, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсч чаддаг гэдгийг нүдээрээ харсан нь бидний бас нэг бахархал. Гэтэл Хятадад нялх үр машинд дайрагдаад байхад хэдэн цагаар хэн ч тоохгүй холхин өнгөрч туслахыг ч хүсэхгүй байсныг дэлхий мэднэ. Олон хөгжилтэй гэх орнуудад хэн нь яаж өвдөж зовж шаналж байна тоох ч үгүй чочрох ч үгүй болсныг бид мэднэ.
Америк эмч нар хүртэл ээж хүү хоёрын сэтгэлийн хатыг, хайрыг гайхан биширсэн шүү дээ. Богинохон хугацаанд боловч олон зүйлийг бодуулан, олон зүйлийг ухааруулаад одсон Гүнбилгүүн минь Тэнгэртээ эрхлэх нь гарцаагүй. Бид улам хүчирхэг болж байгаад хорт хавдарын эсрэг олон зүйлийг хамтарч хийн, олон хүмүүст туслах болноо амлаж байна. Олон хүмүүст итгэл найдварын галыг бадрааж зоригжуулан тэмцүүлж, сэтгэл санаа байгаа бүхнээрээ хамт гэдгээ харуулж байнаа.
Дэлхийд олон сая хүн энэ өвчинтэй тэмцэн байна. Олон хүн эдгэнэ бид гарах гарц хайж олно хэмээн тэмцэж итгэж байна. Хорт хавдар улам бүр залуужиж залуус, өсвөр насныхан, нялх үрс тусч байгаа нь эмзэглүүлж байна. Ил, Далд ертөнц бүгд л тэмцэн энэ өвчнийг ялахыг хүсч байгаа.
Даанч би маш муу байна даа. Хэрвээ би арав хорин жил бөөлсөн удган байсан бол яах ч байсан юм билээ. Магадгүй миний чадвар дутсан байх гэж би өөрийгөө хардаад унав. Гэхдээ би Буурлууддаа бас баярлалаа гэж хэлье. Тэд маань маш хүнд өвчтэйг нь мэдсээр байсан ч тэр хоёроос зугтаагүйд нь алив нэгэн муу хэл ам бүхнээс ч эмээлгүй эцсийн мөч хүртэл хамт байсанд ямар ч хүнд үед НЭР ТӨРөөс илүү ХҮН ЧАНАРАА бүү гээ гэж надад сургаж байсанд баярлалаа. Би тэднийхээ өвдөлтийг хамт мэдэрч хэдхэн өдөр ч гэсэн хамт өвдөж байсан болохоор маш сайн ойлгож байна.
Оюундалай маань өөрөө хагалгааны өрөөнд нүдээ нээнгүүтээ л хамаг өвдөлтөө өвчин намдаах эмээр бөмбөгдөн шүд зуун тэссээр хүүгийнхээ дэргэд очиж сахисан. Эцсийн мөч хүртэл хүүгээ аврах бүх л оролдлого бүх боломжыг хийж чадсан ээж шүү дээ. Тэр маань өөрийнх нь чөмөг хүүд таараагүйд өөрийгөө бас буруутган байгаа байхдаа. Үгүй дээ. Хэтэрхий хордсон цус, дээрээс нь химийн тэр хүчтэй тариаг тэсч гарна гэдэг ямар хэцүүг мэднэ шүү дээ. Хоёр хоногийн өмнө холбогдоход л химийн тариагаа хийлгэж байна гэж байсан. Өөрийгөө бүү буруутган бодоорой. Өөрийнх нь бие ч сул ядруу байгаа шүү дээ.
Эмч болон бөө хүний жаргал зовлон ийм үед л яг ижил байдаг байхдаа. Өдөр бүр хүний амьдралын төлөө тэмцдэг эмч гэж буянтай ч хүнд хэцүү ажлыг баргийн хүн хийж чадахгүй юм байна. Би эмч байсан бол хамаг эм тариагаа хага шидээд орилоод уйлаад суучихаж магадгүй л ааш аяг гаргасангаа бодон хүнд сэтгэлийн тэвчээр, биеэ барих чадвар, ухаан гэдэг асар том чадвар байдаг гэж ойлголоо. Миний зээ минь өнгөрөхөд миний охиноос тийм тэвчээр гарч биднийг жолоодоод гарч байсан.Тэгтэл аав бид хоёр нь чадахгүй байсан даа. Үхэл зовлонгийн өмнө би арчаагүй уйлхай нэгэн болж хувирдаг их сул талтай юм байна. Аав, Эмээ, Нагац ах нар, Зээ минь өнгөрөхөд чичрээд л уйлаад таг болж байсан тэр бүхэн минь яг л хэвээр байна.
Мөнхөд байх хорвоод мөнхөд байхгүй хүний нас гэж хичнээн Үнэнг мэдсэн ч Мөнх байх юм шиг л бид санаж, хүсэж байх юм. Өөрөө ч би хорвоог орхих гашуун Үнэнд дасгах гэж Гэгээндээ үе үе тайлбарладаг ч тэр хэзээ ч хүлээн зөвшөөрч ойлгодоггүй. Бөө хүний амь нас гэж хутганы ирэн дээр л тогтдог шүү дээ. Хүүгээ ядахдаа 20 нас хүргэх юмсан гэж би бодовч аав нь хүүгээ дөч хүргэчих юмсан гэж тэмүүлэн амьдарна. Бид нэг өдөр ч гэсэн хамт байхыг л хүсэцгээнэ. Уг нь жамаараа хөгшин түрүүлж багачууд нь үлддэг бол болох ч Энэ хорвоогийн ааш аяг гэж хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх юм. Хэнд ч захирагдаггүй туйлын Үнэн үхэл амьдрал гээч юу ойлгуулах гэж ингэдэг юм болоо.
Эмнэлэгт нэгэн шинэчлэл хийгдээсэй гэж би хүсдэг. Сүүлийн үед ч энэ талаар шинэ эмчилгээ гаран Япон профессор бас судлан өөрөө аргачлал боловсруулан хичээл зааж байсан. Монголд бас ирж хичээл зааж байсан юм. Тэр хүний эмчилгээ, тэр хүний санааг улам дэлгэрүүлэн үзэж улам сайн судлаасай.
Хүний бие организмыг эцсийн мөч хүртэл эм, тариагаар бөмбөгдөн төрөлх биеийн эсэргүүцлийг дарангуйлах, хоол тэжээлийн дутагдалд оруулахыг тэр хүн шүүмжлэн судалгаа явуулсан байсан. Үүнийг бид зээ дээрээ ч харсан. Бид ганц зээгээ алдахгүйн тулд хамгийн сайн үнэтэй гэсэн бүх л эм тариаг хийсэн дээ. Тэр олон химийн эм тариа бяцхан зээгийн минь биеэнд халилгүй яахав дээ. Би одоо нэг тариаг нь ч гэсэн хасаад оронд нь гарыг нь бариад үнсээд хайраа мэдрүүлээд эцсийн замд нь үдэх минь яалаа гэж харамсдаг. Алдсан хүн арван тамтай гэдэг л энэ байхдаа. Бүх л юмыг тэгж үздэг байж, ингэдэг байж гэж харамсдаг.
Мөн хэдэн сарын өмнө би нэгэн эмээгийн биеийг их муу байхад нь уулзаж байсан юм. Уг нь эмээд дахиад гурван жил амьдрахаар нас нимсэн ч эмээ хэсэг гайгүй байснаа үнэхээр цөхрөнгөө барсан байв. Тэр эм тарианаас залхан, дахин өөрт байгаа насаа наслахыг хүсээгүй. Уг нь эмээ маань нэг хэсэгтээ сэргэн үр хүүхдүүдтэйгээ уулзан үгээ хэлж уулзаж чадсан ч өнгөрсөн юм даа. Эмээ би өвөл очино. Та намайг хүлээж байгаарай та бид хоюулаа уулзана шүү гэхэд эмээ маань тэгнээ гэж байсан ч дараа нь би амар тайван унтмаар байна. Би биеэ ч хөдөлгөж чадахгүй зовж байна. Унтмаар байна гэж байсансан. Гэрийнхэн нь харахад ухаангүй мэт байвч хүний сүнс гэж үргэлж өвдөлтөө мэдэрч байдаг. Өвдөж зовж байдгийг анх би эмээтэй байхдаа мэдсэн. Эмээ надад ам хатаж байгаагаа хэлэн, бас нуруу нь чилж байна, аятай хэвтүүлж өгөх талаар, тод гэрлийг унтрааж өгөх талаар хүүхдүүддээ дамжуулж байсан. Эмээ хүүхдүүдийнхээ хайрыг ирсэн хүн бүрийг мэдэж байсан. Бас өөрийн дургүй юмаа хэлэн яг л номоор нь далд хийлгүүлсэн их онцлог эмээ байсан.
Эмээ маань толинд их дургүйгээ хэлэн далд хийлгэн, эрхээ авахуулан гартаа авсан. Хэдийгээр гар нь хөдлөхгүй ч эмээ эрхээ эргүүлэн тоолж бодож байгаа нь мэдэгдэж байсансан. Нилээн хэд хэдэн удаа би эмээтэй уулзан хүүхдүүдэд нь хэлэх үгийг нь дамжуулж байсан. Хамгийн сүүлд уулзахад миний үрсүүдэд баяртай гэж хэлээд өгөөч гэхэд би хэлж чадаагүй. Тойруугаар л хэлсэн ч шууд бол хэзээ ч чадахгүйгээ би мэдэж байлаа. Эмээ маань олон хүнийг зовоон өөрөө ч зовон амьд байх хэрэг алга. Би унтмаар байна л гээд байсан ч би түүнээс хичээнгүйлэн гуйж байсан ч энэ их эм тарианд би улам бүр ядраад улам бүр сэрж чадахгүй байна гэж ярьж байсан. Эмээ маань намайг бас орхиод л одсондоо. Харин сүүлд нэг удаа надтай ирж ярьж байсан чи намайг санаж байна уу эмээ нь байна гээд ирж байсандаа. Эмээ намайг ямар хүн байсныг харахыг маш их хүсчээ. Гэрэлд нэгдсэн эмээ минь Тэнгэрийн орондоо очсонд би сэтгэл амарсан ч эмээтэй Монголд очоод уулзсан бол бүүр ч гоё байхсан даа. Гэвч тэр эргээд удамдаа буунаа.
Сэтгэл их үймэрч гутарлаа даа. Хорт хавдар хэмээх энэ муухай өвчин хаинад томуу шиг л эдгэх цаг ирэх л болно доо. Хүн төрөлхтөн зовлонг дагаж сүйрч биш тэмцэж, судлаж, давсаар ирсээн. Хорт хавдар үүсгэх бүх л нөхцөл бололцоог мэдэж таслан зогсоож урьдчилан сэргийлж чаддаг болноо. Үгүй ядахдаа л бид балчир бага хүүхдүүдээ компьютерээс хол байх цагийг их гаргаж байх хэрэгтэй байна. Миний бичдэг энэ Тошиба нотебүүк гэхэд л маш хортой. Гараар янгинан хатгаж өвдөөд хөдлөхөө байсан юм. Харин би одоо тусдаа гар авч холоос бичдэг болсноос хойш гар хөдлөхгүй болтлоо өвдөх нь багасаад байгаа. Түүнийг өвдөг дээрээ тавьж бичих маш муу. Нотебүүк хэрэглэдэг хүмүүс анхаараасай. Хэдэн сарын өмнө энэ тухай би бичиж байсандаа.
Мөн манай хөршийн маань ач хүү төрөөд эмээ өвөөдөө өссөн юм. Ээж аав нь гадаадад оюутан учраас тэр үед зардаг байсан хүүхдийн тэжээлийг л идэж өссөндөө. Гэвч тэр маань элэгний хорт хавдар тусаад биднийг орхисон. Гэгээн ч нөгөө меланитэй сүү гээчийг өдөрт бараг 5 ширхэгийг уудаг байсан юм. Харин тэр долоон сартайдаа л шүд нь хорхойтон одоо ч шүдгүй. Харин ч эрт меланинтай бүтээгдэхүүн нь илэрч түүнийг хорьсноор олон Монгол хүүхэд ужиг өвчнөөс аврагдсан байхдаа.
Тэр сүүг хорьсоноос хойш нэг сонин тохиол над таарч байв. Хөдөөнөөс нэг хүн эхнэрийнхээ захисан юмсыг авахаар зах орж ирсэн юм. Тэгээд одоо тэр меланинтай сүүг нь олчуул болоо. хайж байна гэх юм. Меланинтай сүү муу шүү бүү аваарай гэж эхнэр нь хэлснийг хайгаад яваа юмуу эсүүл эхнэр нь сайн сүү юм байна гэж ойлгоод захиа юу бүү мэд. Ямартаа ч ийм хүнтэй би таараад тэр сүү хоригдсон. Авч болохгүй муу сүү гэж хэлж байсан юмдаг. Хүнсний болон ахуйн аюулгүй байдлуудаа бид үр хүүхдүүддээ сайн хэлж ойлгуулж өгч байх хэрэгтэй байна. Хэт их хөгжлөөс болж маш их сөрөг муу дагавар нөлөө гарч байна. Огт мэдэхгүй байснаас сонсож байсан нь дээр учраас хүн бүр бие биендээ мэдээлэл дамжуулж бие биендээ туслаж байх нь зөвөө.
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла гэдэг Үнэн үг шүү.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.