Өнгөрсөн хэд хоног их завгүй боловч бас хэт их ядаргаанд орсноос болоод донгио хүн шиг л хэдэн өдөр манарлаа. Унтмаар байвч унтахаа байх нь түвэгтэй байлаа. Гэвч гурван удаа хол яван далайд бөөлж, нэг сайхан уул хайрханд өргөл өргөлөө. Холын аялалд гарахын өмнө хүчээ сэргээн ихийг сурах хэрэгтэй байвч сэтгэл түгшээсэн асуудлууд ихээс амрах ч цаг гарсангүй.
Хаан маань хүмүүст юм өгмөөр байж ядах учраас Гэгээнийхээ болон өөрсдийнхөө хэдэн хувцасаа угааж аваад л эндхийн сүмд түр байрлах үерт автсан тосгоны хүмүүст очиж өглөө. Хэдийгээр манайхан цагаан сар хийхийг зөвшөөрдөггүй ч нөхөр маань сар шинийн баярт угаасаа дуртай болохоор би өрөвдлөө. Жилийн өмнөх цагаан сараар би гурван гарагийн хорионд орж байсансан. Юун ч амархан бас дахин цагаан сар болчихвоо. Нөхөр цагаан сард дуртай болохоор бид их цэвэрлэгээ хийлээ. Гэвч энэ том байшинг барах биш эндхийн нэг хүнийг хөлслөн туслалцуулав.
Би хувцасаа янзлах зуураа хоёр мээмчигээ хогийн саванд чулуудсан юм. Гэтэл нөгөөх чинь авчихсан өөртөө тааруулан барив. Би сандран хэрэггүй дотуур хувцас гэхэд зүгээрээ гэх юм. Санаа зовсондоо дахин хувцасаа онгичин өөр хоёрыг өгөөд хуучин наад хоёроо хая би чамд шинийг өгч байна гэсэн чинь ӨӨӨ НАЙС ВЭЭРИИ ГУУД гээд дөрвүүлэнг нь авчихлаа. Өмнөх өдөр нь бид хувцасаа ялган өөр тосгоны хүмүүст өгсөн байтал энэ хөөрхий үлдчихлээ гээд би дахин Гэгээний хувцаснуудыг шүүж тэдний хүүхдэд өгөв. Гэтэл гэнэт манай онгодууд миний хувцаснууд руу намайг аваад явав. Хүүе болиииии гээд зугтах гэтэл чирч аваачаад шкаф дэлгээд хаялаа. Энэ чинь маш тарган том надаас том минийх багтахгүй гэхэд Турж болно гээд л хэдэн хувцасыг минь онгичив. Би тэмцэлдсээр гялс Сүү уун ухаанаа төвлөрүүлэн би өөрөө ялгаж өгье гэж байж хэдэн дуртай хувцасаа алдах аюулаас мултарлаа золиг гэж уг нь Монголд овоо хаширсан ч эднийг дахин ийм юм хийхгүй байх гэж найдсан ч хүнд юм өгөх Ужиг өвчтэй юм байнадаг.
Би нэг тор дүүргээд мөн нөхрийнхөө хувцаснаас хэдэн цамц, өмд хийж байж тэдний сэтгэлийг амраалаа.За тэгээд л дараа нь тэд Гэгээний тоглоом руу орон талаас илүүг нь түүнд өгүүллээ. Золиг гэж байлдааны ногоон дээлтэйгээ л галзуу юм шиг явж байвал таарах нуу. Манай өргөөний нэг хүү миний тэр дээлийг Танкын ногоон гэсэн гэнэлээ. Хахахаха.Танкын ногоонтойгоо л байвал болох юм байлгүйдээ. Монголд би Буурлуудтайгаа өөрийн эрх чөлөөний төлөө тэрсэлдэн зөрж үзэлцэж байхдаа танкын ногоонтойгоо Улаанбаатарт солонгос ресторанд давхиад орж байлаа.
Түүний энгэрийн товчыг би товчилдоггүй бүс ч бүсэлдэггүй байлаа шүү дээ.Би өөрийнхөөрөө амьдрах гэж их тэмцсээн. Энд ямар дээл өмсөх биш хар халуунд хагас дутуу хувцастай байгаа нь их юм. Туслахаар ирсэн хүүхэн маань бөөн баяр явсан эрээ цээрээгүй амьтан ч болдоо. Миний юмыг тараадгийг болиулахаар: Та нар хүний хуучин хувцас битгий ав гээд байдаг байж яахаараа миний юмыг тараадаг юм гэтэл чинийх бол сайн юм шингэсэн буян хайрлах учраас гэв. Сонин Буурлууд шүү. Муу улаачыгаа байнга шатаадаг. Тэнгэр лүү чи чирээд явах биш хог цуглууллаа гэхийг нь яанаа. Чирээд явах арга бодно доо хөө хэхэхэ.
Охин маань би таны хаясан мээмчгийг хайчилж амжсангүй гэв. Хайчлахаа??? гэхэд Монголд хүмүүс хувцасаа хаяхдаа хайчилж хаяж байх хэрэгтэй гэсэн тэгэхгүй бол гуйлгачингууд авч өмсдөг гэнэлээ, Тэгвэл их муу гэж хэлсэн гэв. Юу яриад байгаан яадаг юм бэ тэд аваад өмсөхөд, би л лав энэ хайчилж хаяхад нь дургүй хүрч байнадаг. Тэгээд тэд хаанаас хувцас олж өмсөх гэж өөрсдөө авч чадахгүй тэд хүний өгсөн болон хаясан юмнаас амиа борлуулахад юу нь болохгүй гэж: Хүнлэг сэтгэл гэж байхгүй болгох юмаа. Хогоо хаяхдаа хүртэл хүнд өгөхгүй гэж хаяна гэдэг юу гэсэн үг вэ? Өөр олигтой юм сурав уу чи гээд л охиноо загнав.Үкэ энэ хүүхдүүд эхийнхээ үгийг тоодоггүй байж өөр хүний үгэнд орохдоо сайн гэж. Миний үгэнд ордог бол хичнээн ажилсаг сайн охин байх болдоо.
Бөөгийн амьдралдаа би дасан, тэдэнтэй зөрөлдөн зөрүүдэлдэг, гутардаг байсан минь гайгүй болсон учраас хуучны юм сэргээд гого юм харвал өмсөж мөмсөх гээд байдаг болжээ. За юутай ч шуналаа дарж амьдрах минь. Ядахдаа тавь хүртлээ гангалчихаад тавь хүрчээд байлдааны ногоонтойгоо насыг барах юмсан. Юм аваад хэнд ч хамаагүй өгөөд байвал хайран мөнгө биз дээ гээд л харамч зан минь хатгав.
Цагаан сарын бүтүүнд бид баахан хоол хийгээд энэ хавийн монголчуудаа олж авч гэртээ битүүлэв. Хоёр өдрийн өмнө энд байдаг нөгөө айлынхантайгаа далай явж танилцлаа. Тэд маш даруу, дуу цөөтэй намуун айл байлаа. Өмнө нь бидний хэлүүлсэнийг нөгөө энэтхэг л ойлгуулж чадаагүйгээс утсаа өгөөгүй юм шиг байна. Ердөө хэдхэн байшингийн цаана амьдардаг байжээ бид. Мөн энд шинээр хэлний сургалтад хэдэн хүүхэд ирсэн байсантай танилцав. Битүүний өдөр цуглан битүүртэл идэв. Харин нөгөө айлын нөхөр нь ажилтай ирж чадахгүй гэсэн учир бид битүүлгэний бууз, салатаа хүргүүлэхээр охиноо явуулав. Оройтсон тул авгай хүүхэд нь унтчихсан байлаа. За тэгээд гурван монгол оюутантайгаа битүүртэл идэцгээлээ.
Цагаан сарын өглөө нөхөр Япон явав. Гандан буурахгүй тэр хоёр хүүхэдтэйгээ золгочихоод л явлаа. Харин би хэнтэй ч золгосонгүй. Инээдтэй ч юм шиг. Нөхөр нь цагаан сар хийгээд авгай нь хийдэггүй нэг гэр бүл болчих гэж. Би золголт хийж сүйд болохгүй ч гэрийнхээ цайг нь чанаад буузыг нь бэлдээд гэрээ цэвэрлээд өгсөн нь болоо шүү дээ. Нөхөр маань л баясан байвал яахав дээ. Мөн хуучинсаг сонин хүн шүү. Тэр яваад хэд хонож Гэгээн маань хуруугаа тоолон нугалрах бүр л бөөн баяр аав удахгүй ирэх нь гээд баясана.
Энд охины маань найз сурдаг байжээ. Тэр Монгол руугаа буцахаар манайд ирлээ. Би түүнд нэг зүүлт бэлэглэн амилуулж өгтөл тэр нь хугараад унасан гэнээ. Өөө эдний юм авъяа гээд бодож байтал л хугараад унадаг дуракууд гээд миний дургүй хүрэн дахин нэг зүүлт амилуулах болов. Гэтэл тэр зүүлт хөөрхий охиныг хамгаалаад хугарсан байлаа. Зүүлтийг авангуут би огиулан сүйд болов. Барааны чанаргүйнх биш Албины хорлолыг хаагаад хугарчээ. Тэр зүүлтийнхээ амийг нь дэгдээж хураасан муу юмыг нь манайхан бас л уучихав. Заваан юм. Миний ходоод гэж албин тийрэн залгисаар таарах юмаа. Охинд тайлбарлан хэлтэл тэр: Сүнс би харсаан. Би унтаж байгаад гэнэт сэрэхэд орон дээгүүр яг хөлийн мөр хөдлөөд над руу ирсэн. Тэгээд намайг аймаар харж байгаад миний хажууд хэвтээд хүзүүний тэнд хүрсэн. Би айгаад орилох, хөдлөх гээд ч чадахгүй байсан. Яг усны долгио шиг хачин биетэй маш хүйтэн өглөө нь шууд миний хоолой өвдөөд яг тэрний хүрсэн газар хөв хөндүүр, тэгээд идээлсэн. Мөн тэд өрөөндөө зургаа авахуулж байхад нь таазнаас гонзролдсон тийм сүнсний зураг гарсан байсаныг нь үзэж байгаад устгачихсан. Япончууд ч бас мэднэ. Тэд ирээд маш их өвддөг гээд л ярилаа.
Нааш нь англи хэлний сургалтад явуулдаг компани нь маш хямд гэж хэлээд бараг сардаа 100 доллараар л амьдардаг гэж худлаа ярих юм. Яасан муухай улс вэ та нар. Хамгийн багаар 500 доллартай байж гэм өлсөхгүй амьдарна. Яахаараа ийм худалч байдаг юм. Эндхийн хамгийн сайхан газруудын зургуудыг л тавьчихаад рекламдана. Тэнд чинь мөнгөтэй баячууд амьдардаг юм. Харин ч боломжтой айлын хүүхдүүд ирдэг тулдаа гэрээсээ мөнгө авдаг байх даа. Тэрнээс ч мэдэхгүй ээ хэцүүхэн шүү. Хүний нутагт мөнгөгүй байвал. Хүний үрсийг худлаа ярин хуурахаа болимоор юм. Мөнгөний төлөө худлаа ярих муухай ш дээ. Сургалтын дотуур байр нь гэхэд яг л вагоны өрөө шиг дээр доороо давхарласан 4 ортой, ширээгүй суух сандалгүй. Дээд давхарын ортой хүмүүс дээрээ л амьдарна даа. Яахав хэл сурах гэж байгаа залуу хүмүүс, хугацаа нь хэдхэн сардаа бол тэсээд өнгөрч болох л юм. Хоолоо өөрсдөө даах учир дор хаяж 100 биш 500 байвал болмоор. Тэр байранд байнга гэрэл нь асаж унтрах гэх мэт юмс болдог. Сүнстэйг нь ярьдаг ч мөнгө хураах эздэд энэ ямар падлий байхав дээ.
Хөөрхий япончууд хааяа нэг ирэх монголчууд л хэдэн сар сүнстэй байшинд амьдарч өвдөх юм даа. Очоод Сүнсийг нь хөөж өгмөөр санагдсан ч намайг ойлгох амьтан байх биш. Эндхийнхэн Христ шүтлэгтэй хүмүүс. Загалмайгаараа хөөдөг лам аваачвал барав гэж. Манай эндээс цагийн зайтай байх хотод харин 5 монгол оюутан байдаг сурагтай. Лав л нэг бөө хүү хэл сурахаар ирсэн гэнэ. За тэгээд голчлон мөнгөтэй айлын бага хүүхдүүд байдаг юм байхаа. Охин тэдэнтэй уулзаад тэдний сониноос сонсон ирсэн юм. Нэг эрх хүү дөнгөж 16 тай юм гэнэ. Тэгснээ тэнд сурах 38 тай залуу руу утасдаад: Та ирээд нэг шөл хийгээд өгөөч гэсэн гэнээ Хахахаха. Нөгөөх нь хөлтэй гартай юм бол өөрөө хийхгүй юу гэсэн гэв. Бөө хүү нь болохоор бас л манай хүү шиг элдэв хорио нь тавигдаагүй бололтой хувцас хунараа тэндхийн хүнийг хөлслөн угаалгадаг болтой. 38 тай аав маань бас ихэд уурсан өөрөө угаахад яадаг юм гэсэн гэнэлээ. Үзээгүй юмаа үзэж байгаа бололтой энэ хүн. Орчин цагийн залуус ямар арчаагүй тэнэг болов гэж уур нь хүрч байгаа байхдаа. Зугаатай ч юм даа. Манайхаас хойш овоо хэдэн Монголчууд энд ирсэн бололтой.
Мөн энэ хэдэн өдөр Хаан маань эзгүй байлаа. Учир нь тэр Гүнбилгүүний хүслийг биелүүлэн хагалгаанд ороход нь хамт байхаар одсон юм. Лав гурав хоног ирсэнгүй. Эхний хоёр хоног маш хүнд байна. Бие нь их муу өвдөж байна гэж надад мэдээлэл өгч надад мэдрүүлэв. Би маш их даарч, ам хатан, халуураад ч байгаа мэт тэгснээ нойрмог, толгой эргээд л байлаа. Үе үе тэд намайг тийш нь сүү өргө, одоо бөөл, одоо биеэрээ мэдрээд тэр газар барьж массаж хийгээдэх төөнөөдөх гэж зарлиг ирнэ. Миний бие ихэд суларсан учраас би нет ч орж чадахгүй, хагас унтаа байв. Өөр нэг ч засал хийсэнгүй. Юмаа бичсэнгүй. Харин өнөөдрөөс бие хөнгөрөөд ирлээ.
Мөн надад нэг даалгавар өгсөнг нь биелүүлж чадахгүй байлаа. Тэр нь өмнөх өдрүүдэд бөөлсөн далайн давалгаа, түрлэг намайг сууж байхад ирж цээж рүү цохин хариугүй урсгаад явчаагүй тэр их хүчийг дахин санаж мэдрээд биеэ бэлдэж байгаарай гэсэн Хааны айлдвар байв. Эхний удаа тэр тухай бодож байтал би доошоогоо далайн ёроолоор явж байгаа мэт тэгснээ хачин харгана шиг модыг мэрээд идээд байгаа мэт санагдан Ийм тэнэг юм байхдаа яадын, далайн ёроолд мод иддэг гээд өөрөө бодтол нөгөө бодол хамаг юм оргүй болон тэрнээс хойш дахин хийх гэхээр л толгой өвдөөд хагарах гээд чадаагүй. Бодвол би би буруу юм хийсэн биз. Тэнэг гэж бодоод уурыг нь хүргэснээс зайлшгүйдэг. Уг нь ямар нэг шид л ирэх байсан юм байна лээ. Хахаха. Далайн ёроолд мод мэрээд байхдаа яадын шал мангар юм. Над тэр нь огт таалагдаагүй. Харин бие томроход бол хөгжилтэй сонирхолтой байсан шүү. Мөн миний хоёр хөл ямар ч хэрэггүй мэт санагдаад цавь хавиараа тасдаад хаячихмаар л санагдаад байлаа. Үнэхээр хоёр хөл хэрэггүй тэр хоёр л над саад болоод байлаа. Гэвч амьдрал дээр би хоёр хөлгүй бол яаж явхав дээ. Иймээс энэ хоёр хөлгүй байх ёстой бодол над ооогт таалагдаагүй.
Одоо бодоод байхад энэ бодолдоо үнэнч байж хоёр хөлөө хаяад далайн амьтан болох ёстой байсан юмуу бөө мэд. Мод мэрдэг нь яаж байгаан тэгээд. Далайд байдаг сонин саравгар мод. За юутай ч өөрийнхөө энэ этгээд санаа хүслүүдийг тас цохин шоолж дургүйцсэнээс болоод Аянгат нэг шид бэлгэнд авсангүй ээ. Бодвол хэрэгтэй л юм байлгүйдээ. Ядаргаатай юм. Дахин далайд очин бөөлөх болсон. Далайд бөөлөх чинь аймаар юм байх ч лээ. Урсгаж авч явчих гээд. Би ямар усанд сэлдэг биш. Живээд акулын хоол болчуул яахын. Ер нь далай маш аюултай. Намуухан дөлгөөн байсан далай Хуурдаад хэдхэн мунут болоход л түрлэг нь ихсээд ирдэг юм.
Сүүлийн бөөлөөгөөр золтой намайг чирээд явчаагүйдэг. Давалгаа нь огцом ихсээд л ирсэн. Тэгээд цээж рүү цохиод л газраас хөндийрүүлээд байх ч лээ. За юутай ч дахин далайд очин түүнийг хийх үүрэг хүлээсэндээ. Далайтай зууралдсанаас уулын тахилгад явахдаа шумууланд бариулсан арай дээр. Хамгийн хачин нь барьж идэх гээд байдаг ялаа, шумуул нь бөөлөхөөр алга болчихдог юм байналээ. Улуруд ёстой нүд ам руу орохоор их ялаатай газар байсандаг.
Нэг тор углаж хүмүүс явдаг юм байналээ. Бид хоёр мэдээгүй очоод ялаанд бариулахаа дөхсөн. Гэвч бөөлөөд эхлэхэд ялаанууд арилаад өгсөн. Ер нь амьтад маш ялгавар үзэлтэй. Намайг болохоор дээрэлхээд байдаг хирнээ Буурлууд буухаар алга болоод өгдөг. Ялаа, шумуул, нохой, муур ялгаа байхгүй. Амьтадын байгалийн зөн гэдэг аугуу.
Энд Сири улсын тухай мэдээгээр гараад дотор эвгүйцэв. Нялх хүүхэд бөмбөгөнд өртсөн байнадаг. Болохгүй байгааг эсэргүүцсэн ардуудаа хөнөөх сирийн Албин ерөнхийлөгчид ой гутав. Ж. Батбаяр гэх сайд амьхандаа энэ Албинг дуурайх хүсэлтэй байгаа юм байлгүй дээ. Мэргэн буудагчид бэлдэнэ ч гэх шиг. Гал усны гашуун зовлон газар хөдлөхөд Мэргэн буудагчид хэрэгтэй юм байх. Сонгууль өгөн жагсаал цуглаан хийхэд бас хэрэгтэй юм байх. Угаасаа байж л таараа мэргэн буудагчид. Хүүхнүүд нь хүртэл мэргэн бууддаг манай Монголын арми мэргэн буудагчгүй гэвэл ёстой хэн итгэхийн. Гэхдээ тэднийг дэмий юманд бэлдээд байх шаардлага үгүйдэг. Тэднийг хэрэглэх хар санаагаа л зөвшөөрүүлэх гэж мэргэн буудагчдын хоёр рот бэлтгэнэ гэж солиорч байгаа биз. Мэргэн буудагчид хоёр рот байтугай л олон байгаад би огт эргэлзэхгүй. Буугаар байтугай сумаар мэргэн харвадаг удамтай судартай Монгол эрс шүү дээ.
Чоно хоморголж алаад аймгийн төвд овоолох энэ этгээд хүн алаад төв тайлбайд овоолохоо юман чинээнд бодохгүй нь лавтай. Сонгуулийг луйвардах л болно. Түүний эсрэг жагссанг нь ална л гэсэн санаа биш үү. Хэлэх хэлэхгүй үгээ бодож баймаар юм. Гамшигтай тэмцэх газар, цагдаагийн газар гээд байдаг биз дээ энэ ажлуудыг хариуцсан. Цагдаа нарыгаа буудаж чадахгүй гэж бодоо юу. Харин ч тэд чинь буудаад таван хүн алаа биз дээ. Мэргэн буудаж Тавийг алах ёстой юмуу тэгээд. Энд хариуцлага хүлээсэн хэн байгаа юм бэ? Хариуцлага хүлээдэггүй байж мэргэн буудагч нар бэлдэнэ жагсаал цуглаан, газар хөдлөлтөд хэрэглэнэ ч гэх шиг юм ярих хэрэг юу байгаан. Хил хязгаараа мануулна, хилчдээ мэргэн буудуулагч болгоно, зэвсэгээр хангана гэсэн бол зөв гэхсэн. Хилээ сайн мана. Түүгээр л бүх муу юм чинь орж ирдэг юм.
Сирид довтолохыг Орос, Хятад хоёр зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Сайндаа биш тэдний зэвсгийн наймаа, мөнгөний угаалтанд уналт болох учраас хориг тавиад байгаа юм. Тэд өөрсдийн орныхоныгоо ч баглан дардаг. Нэг улс төрч надад нэг сонин юм хэлж байсан юмдаг. Хурдхан энэ баялгаа хуваан авч дуусгахгүй бол гадны орныхон ирээд дайрч аваад идчихнэ гээд. Ардчилсан Намын нөхөр шүү. Манай улс цөөн хүн амтай гадныхан ирвэл яаж ч чадахгүй харин хурдхан баялагаа ашиглах хэрэгтэй гэв. Тэгээд маш хурдан баян орны тоонд ороод хүчирхэг болоод суучихаар гадныхан яаж ч чадахгүй гэсэндээ.
Хүчирхэг орон гэдэгтээ энэ хүн юуг оруулаа бол? Өндөр байшингууд, үнэтэй машинууд уу? Иргэн баян бол Улс баян гэх энэ үгээ Иргэн нь юугаар баян бол гэдгээ анхаармаар. Сирийг л хардаа. Тэр давхар байшингуудыгаа балгас болтол нь бөмбөгдөж байгаа биз дээ. Одоо тэдэнд хамгийн хэргцээтэй зүйл нь өнөөх л идэх юм, ус, эм тариа гээд ярьж байгаагаас биш сайхан орон сууц, машин гэх хүн алга. Машинуудыг нь яаж бөмбөгдөж, шатаасныг зурагт үзээд бодоцгоо. Энэ оронд юу дутаа вэ? Эв нэгдэл, Төрийн зөв бодлого дутагдан иргэдээ ялгаварлан гадуурхсан хээл хахууль, дарлал тэсэх аргагүй болгосон учраас л ийм болж байнадаг.
Манай хүргэн Сирийн иргэн юм. Тэр мөртөө ч үгүй КУРД үндэстэн. Миний дүү гадаадад 20 хэдэн жил амьдарсан хүн. Тэр хүний нутагт сургуульд байхдаа адилхан хүний нутгийн шалдан оюутантай биендээ туслалцаар суусан юм. Гадаад гэхээр л баян хүн гэдэг ойлголт байдаг. Гэтэл манай хүргэн хармай нь баян биш сэтгэл нь баян хүн. Тэд одоо ч хүний нутагтаа охиноо хүний зэрэгт хүргэчих санаатай хоюулаа хичээн зүтгэж зовж амьдардаг. Сирид 65 нас хүртэл цэргийн алба хаах дүрэмтэй амралтаараа нутагтаа очсон хүнийг хүртэл барьж аваад цэрэгт явуулдаг хатуу дэглэмтэй орон байсан.
Хүргэн 20 хүрээгүй залуу насандаа гараад эх эцэгтэйгээ уулзаж чадаагүй хэцүү зовлонтой. Сирид Курдуудыг хавчин гадуурхаж дарладаг. Тэд манайханы өвөр монголчууд шиг л амьдардаг. Манай хоёр маань сонин түүхтэй хүмүүс. Уулзаж учирсан орондоо л амьдрахаас биш хэн нэгнийхээ эх оронд очихоор асуудалтай. Хүргэн маань бүүр ч очих аргагүй. Одоо бүр дайн байлдаантай байгаа газар авгай хүүхдээ аваачин алуулах болно. Монголд ирвэл монгол хэл мэдэхгүй, айлын эр хүн байтал эхнэрийнхээ гарыг нь харж амьдрах болно.
Миний дүү Монголд ирээд ажиллах гэвэл 40 гарсан гээд ажил олдохгүй. Олдлоо ч нэг гадаад нөхөр, охиноо тэжээх цалин авах уу? Дундаасаа гарсан ганц нар шиг охиныхоо төлөө хоёр зовлонт амьтан хүний нутагт амьдардаг. Гэвч бид охиныг томрох тусам санаа зовон Монголд нь өсгөх, Монголд амьдруулан өөрсөдтэйгөө хамт байлгахыг хүсдэг. Диамка гээд зураг нь блогт байх тэр охин миний дүүгийн охин юм. Курд эцэгтэй ч жинхэнэ Монгол цустай, цөстэй охиндоо. Би Чингис Хааны охин гээд хээв нэг Германчуудад хэлээд зодолдоод хэрэлдээд явж байдаг цовоо охин бий. Үнэхээр л Чингис Хааны Охин шүү дээ. Хамгийн гайхалтай нь тэр төрөлхийн моринд дуртай. Төрсөн өдөр бүрээрээ жинхэнэ морь нэхдэг. Иймээс олон тоглоомон морьтой. Хэхэхэ бид ямар жинхэнэ морь бэлэглэж чадах биш. Тоглоомон моринууд л авч өгч панаалддаг юм. Бид түүнийг монгол хэл сургах гэж нэг настайгаас нь энд байлгаж манай охин болж байлаа. Мөн энд нэгдүгээр ангид орж уншиж сураад явсан. Аль болох Монгол хэлийг нь мартуулахгүй байхыг л хүсэн хичээдэг.
Түүнийг төрж байхад аав нь Чингис Хаан болон өөрийн орныхоо хамгийн алдартай Баатрын тухай л бодож байсан гэдэг. Хувь тавилан гэж үнэхээр тааж болшгүй сонин хачин байдаг бололтой. Охиныг төрөхөд дүү маань өөрийхөө хамгийн хайртай эрхэмлэж явдаг хүн гээд миний нэрийг өгсөн байдаг. Нөхөр маань сонсоод ямар муу ёрын юм бэ эгч нь амьд байхад нэрийг нь бас хүүхэддээ өгдөг гэж байсансан. Гэвч том жижиг боловч хоюулаа зөрүүдээрээ алдартай хоёр ижил нэртэн манай удамд гарсан юмдаг. Дүү маань хааяа гайхан нэрэнд л учир байдаг нь үнэн байхаа. Яг эгчтэй адилхан ямар хачин зантай гээч гээд үглэчихсэн суудаг. Эд миний хачин зантайг гайхах ч би л лав өөрөө өөртөө ердөө ч хачин зангүй санагддаг ш дээ.
Манай монгол хүү Гүн билгүүн маань ээжийнхээ чөмгийг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлгэсэн шүү дээ. Миний блогийг уншигч хүн бүр түүнд сайн сайхныг хүсээрэй. Тэнгэр Монгол Газар. Одоо ганц даваа үлдсэн. Эмчилгээний үр дүн сайн сайхан болж эрүүл болоосой хэмээн Монголчууд маань залбирна уу. Таны сэтгэлийн чил Тэнгэрт хүрнэ шүү дээ. Та баатарлаг ээж хүү хоёрт сайн сайхныг ерөөгөөрэй!
Хаан эргэж ирлээ. Тэр ам нь цангасан байна. Нэг хэдэн сонин сонсоодохий.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.