Дөрвөн гарагаа дуусгаад Гэгээн хүүгээ авахаар очлоо. Миний хүү ээжийнхээ идэх дуртай киселийг эмээдээ хэлж байгаад авахуулан хадгалуулжээ. Мөн будаж дуусгасан зургуудаа авчирч үзүүлэв Өнгөрсөн дөрөв хоногт тэр 18 хуудаст байх 21 баатарыг бүгдийг нь будаж дуусгасан байлаа. Мөн нар, эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд, машин, сарнай цэцэг, өөрийнхөө гараар зурсангаа тайлбарлав. Дөрвөн настай хүү маань одоо зорилго тавьж түүнийгээ биелүүлж дуусгах гэж мэрийн, дуусгаж чаддаг болжээ. Аав, ээжийгээ ирэхэд нь дуусгаж үзүүлнэ хэмээн шөнө өдөргүй сууж будсан тухайгаа баярлан ярилаа.
Мөн тэр гадаад явах бэлтгэлээ хийн хир чинээгээрээ л англи хэл сурах гэж оролдон , өөрт хэрэгтэй гэсэн үгсээ асуун цээжилж байв. Хэлгүй тэнд хэцүүднэ л гэж санаа нь зовоод байгаа бололтой. Энэ тухай бас бодож амжжээ. Надад наадахаа өгөөч гэхэд юу гэх вэ, би хоол идмээр байна гэвэл юу гэх вэ, Болиоч, зайлаач гэхэд юу гэх вэ гэж асууна. Яагаад зайл гэж үг сурч байгаа юм бэ? гэж асуухад танихгүй чөтгөр над руу дайрвал хэлэх гэж байгаа юм гэлээ.
Нөхөр маань ч орой харьж ирлээ. Түүний хөл нь шархлаад их өвдсөн байна. Мөн маш хол газар автобусаар явдаг юм байна. Нойр муутай их ядарлаа гэхэд Дээдсүүд үнэн хэлсэн болохыг мэдлээ. Тэр ирээд 12 настай Өвөрмонгол хүүгийн дууг сонсоод уйллаа гэж ярив. Яг хэлжээ гэхэд Дээдсүүд инээн Аянгын шүүлт гэж айхтар даваа бий шүү гэлээ. Нөхөр маань намайг блогтой гэдгийг мэддэггүй юм даа. Тэрэндээ донгосч өгөх шиг болдогийг бүүр ч төсөөлөөгүй л яваа даа.
Гэхдээ энд нэг инээдтэй явдал өглөө болсон. Өглөө би хүргэнтэйгээ ус зөөн ядарч сульдаж унатал ус зөөн мод, ногоогоо услав. Дундаа дөчийн бидон хоёр талдаа арав, арвын бидонтой ус зөөн моднуудаа усласаар өдөр би ядран бороо орохгүй юм байхдаа гэхэд Орохгүй ээ хэмээн Дээдэс хэлэв. Ингээд би хашаан доторхи бүх мод, сөөгөө услана гэвэл орой болохоос нааш дуусахгүй. Хагасыг нь услаад орхивол бусад нь гомдоно хэмээн орой ирээд дахин үргэлжлүүлэхээс гэж бодлоо.
Би ус зөөсөөр ядран гэнэт Буурал та зөөчих гэхэд Хахахаха би өдий хүртэл зөөлцсөн ш дээ. Чи өөрөө зөө гэдэг байгаа. Үгүй ээ би өөрөө ус зөөсөн гэхэд би зөөсөн хэмээн бид хоёр маргалдав. Хэхэхэ нэгэн биеийн эздүүд болохоор их инээтэй. Тэгж байтал бороо оров. Та нар чинь бороо орохгүй гээд л өглөөнөөс хойш надаар баахан ус зөөлгөн мод услуулан шатаачихлаа худалчууд гэхэд Чамд туслаад л бороо оруулж байна шүү дээ гэлээ. Худлаа та нар бороо орохыг мэдээгүй мэд үү гэхэд Чиний биед сайн, чи сайхан турж байгаа биз дээ хэмээн биеэ өмөөрсөн юм.
Маргааш өдөр нь би бүх үйлээ гүйцээв. Түвдийн болон, Уйгарын хаануудыг сэрээн биедээ залж Дайчин сүнснүүдээ сэрээн эх орон ард түмнээ аврахыг би хүссэн юм. Өвөр Монголчуудтай адил тэмцэн тэд бас эрх чөлөөтэй болон Хар Хятадын савраас гарах ёстой биз дээ. Харин би хоёр хоногийн өмнө Түвдийн хамгийн том Хаан Тэнгэрийг сэрээх гэж маш удаан оролдсон. Би ум маань бод ми хум гэж л үг мэднэ. Түвдийн Банхар нохойг мэднэ. Өөр би тэдний дууг мэдэхгүй. За тэгээд л Даариймаа, Банзрагч, өөр хэн хэн билээ ийм нэрүүд түвд нэр гэсэн шүү дээ. Энэ олон хүний нэрээр би яахав дээ. Нөгөө орсоор би ярьж чаддаг. Молоооко, Лэээнин, Стаалин, Горбаачеев, Гагаарин, Маамаа, Паапаа, Браатаа,Баабуушкаа, Чеебуурашка, Данхраат гэдэг шиг юм болно биз дээ.
Тэгээд би сайн бодож мэдрэхэд манай Хаан Түвд болон, Уйгарын Хаадуудтай харьцаатай найз нөхөд байсан нь мэдэгдэв. Ингээд би хэнгэрэгээ дэлдэн Эзэн Чингис Хааны элч байнаа хэмээн дуудаж ярих гээд хагас дутуу сэрэхүйг нь хөдөлгөв. Цаг хиртээ ингэж хаалгыг нь тогшин үглэж санаагаа хэлэн, тэдний ар түмний тухай хов хүргэн Та нойрноосоо сэрнэ үү. Ажлаа хийнэ үү хэмээн гуйсаар байвч бүр сэргээн биедээ залж чадсангүй. Түүнийг Мөнхийн нойронд сайн унтуулжээ. Хадаг яндар, ламын хүчээр маш их хүлэн багласан байлаа. Би эднийг яаж тайлахаа мэдэхгүй хэсэг бодлоо. Гэвч энэ хүчтэй айхтар шид, хараалыг тайлах зэвүүн арга олон түүнийгээ оролдон үзтэл тэр сэргэн түүний бодол санаа надтай ярилцаж эхэллээ.
Ингээд би тэр үеийн Чингис Хааны элчийг урин залж Тэр Түвдийн эрхэм дээд шүтээнтэй ярилцууллаа. Тэд хоорондоо маш эвсэг, санаа бодол нь яг нийлж байгаагаас үзвэл ямар ч байсан Манай Хаан, Түвдийн тэр үеийн эрх мэдэлтэн хоёр биенийгээ мэддэг, дэмждэг бас биенийгээ хүндэлдэг байжээ. Түвдийн түүхийг уншиж судлаж үзэх юмсан. Бүүр дээд үеэсээ харилцаатай, сайн байжээ. Тэгээд дахин цагийн дараа тэр бүрэн сулран миний биед заларсан болно. Би түүний сүнсийг эх нутгаараа дураараа тэнэн бүгдийг хараасай хэмээн нэг сайхан амьтны биед шингээн одуулав. Түвдүүд бол бас л аугуу шидтэнүүдтэй орон. Тэдний эртний шидтэнгүүд амилан, эх нутгаа авран, ард түмнээ ивээнэ гэдэгт би бат итгэлтэй хоцорлоо. Тэд өөр өөрсдийн улаачдаа буун, ард түмнээ тэмцэлд уриалан сэргээх л болно. Мөнх Хөх Тэнгэрт ч тэд бас үнэнч ард түмэн байсансан. Харин дараагийн уйгар Хааныг сэргээх чадал хүч надад байгаагүй бие ядран нам унтаад өгсөн юм.
Маргааш өглөө нь ус зөөн цэцэг, навчдаг өдөр болсон бөгөөд энэ өдөр нь би их орой ирэн бөөлсөнгүй. Харин өглөө нь бөөллөө. Энэ өнгөрсөн бүх хугацаанд би Уйгар хааныг яаж дуудахаа бодоод л байсан боловч надад уйгар бичгээс өөр мэдэх юм байсангүй. Уйгарын тухай Түвдүүдээс ч бага мэдлэг байв надад. Гэвч энэ овог аймаг бол Монголтой дэндүү дотно, урт удаан түүхийн хэлхээ холбоотой ард түмнийг л сайн мэдэж байлаа. Манай Хаан болон би л лав бас Оросуудад сайн л байдаг. Би бол хувьдаа тэднийг баатарлаг аугуу ард түмэн хэмээн хүндэлдэг. Хүнд хэцүү зовлон дундаас өндийгөөд босоод ирсэн ард түмэн. Хэрэв хоёрдугаар дайнд ялаагүй бол ямар муухай хувь заяа дэлхийг нөмрөхийг бүү мэд. Харин би сүүлд 90 ээд оны үед орост явж байхдаа энэ Орос хүмүүс ямар их эвдэрч, шуналтай муухай болоо вэ хэмээн гайхаж байсан юм. Түүнээс хойш яваагүй болохоор мэдэх юм алга. Хөдөөнийхөн нь сайхан сэтгэлтэй, тусч хэвээрээ байгаа байлгүй дээ.
Би уйгар дуу, уйгар үг, нэр мэддэггүй ээ. Хэд хэдэн дуу дуулсан ч ямар ч нэмэр байсангүй. Удаан бодлоо. Сүүлдээ шууд хүчээр хийхээр болон Наран ээжээсээ тусламж гуйлаа. Миний Наран ээжийн тусахгүй газар энэ дэлхийд байхгүй. Тэгээд ч нар амилсан дэлхийн бүх газар радио цацраг нь идэвхитэй байгаа. Ингээд Уйгар эрхэмийн байгаа газар Наран ээжийг шууд туяагаараа нэвтрэн түүнийг сэргээхийг гуйлаа. Миний ээж хэдхэн минутад л болгочихлоо. Түүний сүнс надад шууд орж ирэв. Гэхдээ тэр маш их хүчтэй мундаг сүнс байлаа. Шууд л харж чадаж, бас шууд л хаа байгаагаа мэдэрч, надтай бодлоороо ярин их юм асуулаа. Би бас л бүгдийг тайлганав. Харин түүний сүнсний хүзүүний зүүн тал гэмтэлтэй байв. Бас нилээн цангажээ. Би энэ бүхэнг нь янзлаад түүнээс хичээнгүйлэн гуйж өөрийгөө зөв ойлгуулах гэж мэрийв. Тэр бүгдийг зөвшөөрөөд бас ярьж тэдний ард түмэн үрс нь эрх чөлөөгүй байгаа хэлэхэд тогтож сууж чадсангүй маш яаран сандран алга болоод өгөв.
Дараа нь миний бие их өвдлөө. Нойр хүрэн суларч, баруун гар татлаа. Яагаад байнаа гэхэд Тэгэлгүй дээ. Бусад язгуурын Дээд Хаадуудын сүнсийг биедээ залдаг чам шиг бөх зүрхтэн байхгүй. Тэднийг хилэгнүүлсэн бол явахдаа чиний амийг аваад л явна. Мөнх Тэнгэрийн улаач, Их Чингисийн улаач тулдаа энэ зэрэгтэй үлдэж байгаа юм даа охин минь гэж хэллээ. Чи өөрийн хүссэн бүхнээ, хийдгээ хийж чадлаа. Гайхамшигтай байлаа. Бүгдийн эхлэлийг тавьчихлаа. Тэд бол аугуу дээд сүнснүүд. Үр дүн нь заавал харагдана. Тэнгэрийн цаг эхэлсэн болохоор санаа зовох юу байхав. Гэхдээ арай л хурдан байна даа. Тэр хирээр аюулыг чи өөр дээрээ дуудан авчирч байна. Чамайг хайж байсан хар сүнснүүд таньж эхэлсээн. Одоо яагаад чамайг эх нутгаас чинь хол хэдэн жилээр явуулж байгааг ойлгов уу? хэмээв. Чи ч Аянга нэрэндээ тааран хамаг бүхнийг ниргэж хаячихаад л алга боллоо доо. Буцаж ирэхдээ чи бүр ихийг хийх болноо. Цахиур хагалчихсан шүү дээ чи хэмээлээ. Зазаза Болтугай болтугай.
Өглөө би бөөлж дуусаад тэмдэглэлүүдээ бичиж гарлаа. Нэг заваараа гэрээ эргэн бяцхан хүүгээ хартал нэг нүд нь хөхөрсөн хачин амьтан явж байв. Тэгсэн Аватар киноны баатрыг дуурайж нүдээ хөхрүүлсэн юм байхаа. Юугаар яаж ч хөхрүүлсэн юм бүү мэд. Хүргэн хүү Гэгээнээгийн үс нь хаачаа вэ өчигдөр орой ийм байгаагүй гэтэл хүүгийн үснээс халцарчээ. Би гайхан хайтал тэр хайчаар аваад хаячихсан байлаа. Хүргэн хүү маань Гэгээнээг харж байсан тулдаа энэ зэрэгтэй болж дээ. Тэр сарын өмнө хотруу явж байхдаа үсчин орохыг гуйхад оруулсан юм. Би үсээ засуулах гэж байгаа юм байхдаа гэж бодоод гадаа хүлээж байв.
Нэг харахад тэр үсээ угаалгаад алчуур боолгочихсон үсчинд хөтлүүлээд явж харагдав. Ямар инээдтэй харагддаг юм бэ? Жаахан хүүхэд ингэж үйлчлүүлээд ганган хүүхнүүдтэй зэрэгцээд явж байх нь гэж би инээд хүрэн яасан уддаг юм бэ? үсээ Агаа нар шигээ засуулах гэсэн юм байлгүй гэж бодож байтал тэр гяв гялаан толгойтой болчихсон гарч ирсэн юм даа. Яаж байгаа юм бэ? авахуулдаг нь гэхэд өөрөө хүссэн юм гэв. Тэгээд арай гайгүй ургаж байтал дээрээс нь авчихжээ. Яаж хайчаар хуйхаа аваад хаячаагүй юм болоо. Ингээд би уруу татсан үлгэрийн баатруудыг нь хайтал Аватар хүүхэлдэйн нэг жаахан амьтан үснийх нь голд сумтай байлаа. Тэрнийг дуурайсан юм байлгүй дээ. Нэг хачин малгай тавьчихсан дүрдээ итгэчихсэн байлдаж байхад нь зогсоосон билээ.
Ингээд би явах бэлтгэлдээ орон та бүхэнтэйгээ салах ёс хийж байна даа. Бид ердөө хэдхэн хоноод явах цаг болчихжээ. Очих газрынхаа тухай сонсоход шугуй ойд нь хүн иддэг омог байдаг тухай сонсов. Үгүй байлгүй дээ. Би тэр сүрлэн банзалтангуудтай нийлэн түүдэг тойрон дэвхцэн бөөлөхийг мөрөөдөж байхад чинь юуны чинь хүн иддэг махчин байдаг гэж... Би тэгээд тэдэнд идүүлэх болж байна уу? Эсвэл би тэднийг идэх юм уу? Одоо ч хүн иддэг гэнэ үү? Арай ч дээ. Хаанаас нь эхэлж яаж иддэг юм бол гэж бодлоо. Шууд шүдээ зоогоод тасдаад иддэг юм уу, эсүүл хутгаар зүсэж идэх үү, эсүүл шарж иддэг юм болов уу ямар хачин юм бэ? Юу ч гэсэн очиж байгаад мэдэхээрээ та бүхэнд мэдээлэх болноо.
Энэ бүхэн үнэн бол миний төлөвлөгөөнд тэдэнд идүүлчихгүйхэн шиг байх шинэ амьдрал ирж байна даа. Би тэндээс ирээд энэ блогт тавьсан болон тавиагүй бичээгүй байсан бүхнээ нэгтгэн зузаан түүхийн номтой ирэх болноо. Хэрэв идүүлээд ирэхгүй бол миний түүхийг миний дүү нар гүйцээн бичиж та бүхэнд сонордуулна. Ямар ч байсан Аянга гэгч нэг удка мэндлэн, гайхмаар адал явдлуудтай учран, Хаан Чингис хоёр дахь удаагаа дэлхийд хийж бүтээсэн, хэлсэн ярьсан мөр бүхнээс та нар амьддаа сонссон азтангууд билээ. Та нар хүлээн зөвшөөрөхгүй итгэхгүй байлаа ч Тэнгэрийн тулган шаардлага ирсэн энэ зуун дуусан бүх юмыг амьтай бодитойг ойлгосон үед ирэгсдэд миний энэ түүх маш их мэдээлэл, мэдлэг, сургамж, сурах бичиг болон алтнаас ч үнэтэй түүхийн нэгэн дурсгал болох нь дамжиггүй.
Яагаад гэвэл би бусад бөө шиг битүү, хатуу юм бичээгүй бөгөөд аль болох дэлгэрэнгүй нууж хаах юмгүй, учрыг нь ойлгох гэж, та нараар бас бодуулах гэж өөрт тохиосон үнэн түүхээ л бичсэн юм. Эндээс та бүхэн Тэнгэр гэж үнэхээр байдаг, амь гэж байдаг өөрийн сонгосон улаачдаа буудаг, тэд юу хийдэг, хэлсэн тухай мэдэж авч байгаа. Миний ухаан санаа бол цоо эрүүл бөгөөд энэ замбативийн эмнэлэг ч шинжлээд эрүүл гэсэн. Тэр байтугай хадам буурлууд ч оюун чинь хурц, онгод чинь хурдан, ухаан чинь саруул уужим байна гэж магтсан юм даг. Хэрэв намайг солиотой гэвэл манай нөхөр, хүүхдүүд, хамаг хамаатан саднууд, за тэгээд багш болон бусад бөө удгадууд тэдэнд итгэгчид, дээрээс нь сүнс байдаг гэдэг шарын шашныхан, Христийнхэн бүгд солиорсон болох бизээ.
Ялангуяа Ертөнцийн эзэн гэж дандаа үлгэр явуулдаг "Ийгл" ТВ, шарын шашны "ТВ 9", Бөөгийн шашны "Б" ТВ гээд л яана даа яана бүгд солиорсон болно. Тэр байтугай уул ус тахиад явдаг Гандан хийдэд залбирдаг ерөнхийлөгчөөс өгсүүлээд 76 ч солиорсон болно. 76 гэснээс 79 юм уу дээшээ өгссөн бэлэгдэлтэй тоогоор тэднийгээ хийхсэн дээ. Ихдээд, хардаад байвал 69 байсан ч яахав дээ. Тэд бүгд уул ус савдаг, бурхан байдагт итгээд л тэгж явдаг биз дээ. Харин эдгээр нь сүнс гэдгийг, бидэнтэй зэрэгцэн оршдог Далд ертөнцийнхэн гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэхээр би нэг ч юмыг зохиогоогүй бөгөөд бүгд миний амьдралд тохиолдож байгаа үйл явдал болно. Харин бусдаас ялгарах сонин содон онцлог нь Их Эзэн Хаан, Тэнгэр Дээдсүүдийн хамгийн Дээдийн Дээд сүнснүүдийн тухай өгүүлж байгаагаараа онцлог юм.
Намайг явсаны дараа Хааны хоёр гол айлтгал “ Эзэн би эргэн ирлээ” “Тэнгэрийн гэрэл” гэсэн айлтгалуудыг тайлбарласан түүнтэй холбоотой үйл явдлуудын товч түүхийг бичсэн номоо би дуусгасан бөгөөд үүнийг манай анд найз нар минь хэвлүүлэн түмэн олонд хүргэх болноо. Энэ айлтгалуудыг зүгээр л нэг шүлэг, айлтгал гэж огт бодож болохгүй энд үг, мөр болгон ямар их утга санаатай, ямар их түүх агуулсанг Та бүхэн уншаад ойлгох болно. Энэ номонд блогт ороогүй олон үйл явлууд ч бас бий.
Ингээд эрхэм уншигч, миний блогоор зочилсон та бүхэнтэйгээ салах ёс хийж байна. Хаан бид хоёр шинэ газар яаж хөгөө дэлгэхийг мэдэх юм алга. Гэхдээ би та нарт Хааныгаа сайн харж явж, хайрлан хүндэлж, муу үйл хийж нэр төрийг нь сэвтүүлэхгүй байхыг амлаж байна. Энэ бүхэнг үнэн гэдгийг нүдээрээ үзсэн зарим хүмүүс аль хэдийн Их Хаандаа хайртай болсон бөгөөд түүний төлөө их санаа тавин, түүнийг өрөвдөн хайрладаг болсонд их баярлалаа. Би анх энэ блогийг эхлэхдээ цор ганцаар байлаа. Харин одоо зөндөө олон дэмжигчтэй, туслагчтай болжээ. Та бүхэн Мөнх Хөх Тэнгэрийг түмэн олонд түгээн энэ блогт олон олон Монголчууд болон Хөх толботнуудаа урин залж танилцуулаарай. Мөнх Хөх Тэнгэр Хөх Монголоо ивээж байгаа бөгөөд тэд дэлхийн хаана ч Нараар, Сараар, Оддоор, Галаар дамжуулан эрчим энергээ түгээж байгааг бүү мартаарай. Зөв амьдарч, зөв сэтгэж, зөв гэгээрэхийг хүсье.
Гэгээнээ хайчаар үсээ авчихжээ. |
Аватар хүүхэлдэйн баатрын дүрд |
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.