Friday, June 17, 2011

Чөөгийнүүдийн тухай.

Намайг явах сүүлийн долоо хоногт олон хүн ирж заслаа хийлгэсэн бөгөөд ихэнхи нь муу сүнсний хорлолд идэгдчихсэн байлаа. Арван хүний бараг найм нь гэх мэт. Өдөржингөө ийм хүмүүстэй зууралдсаар дараа нь би маш их ядарч, орлуугаа мөлхөнө. Яагаад ийм олон, дэндүү олон хүн муу сүнс агуулан ядарч зүдрэн амьдарна вэ. Урьд нь Дээдсүүдээс  муу ёрын Албин, Тийрэн, Чөтгөр, Шулам, Ёрын хар сүнснүүдтэй байлдах гэж ирсэнг хичнээн их сонссон ч арай ч ийм их бас ийм их гэж төсөөлж байсангүй. Бараг толгой дараалан ийм бузар юманд идэгдэн амьдрах гэж дээ. Тэгээд гаргуулж байгаа нь энэ хэд ч цаана нь зөндөө байгаа гэхээс би халшран зугтмаар байлаа.
 

            Би ганцаараа үнэхээр дийлэхгүй хүч хүрэхгүй юм биш үү. Тэгээд ийм их юмыг чинь яах юм бэ? Гялс хөөгдөөд гардаг бол яахав гэсэн хичнээн ихээр янз бүрийн юм хийлгэж байж гарах энэ тэнэг их тийрэнгээс яаж салах вэ? Энэ нийгэм ийм байхад чинь хөөгөөд хөөгөөд нэмэр байна уу гэх мэтээр би бодлоо. Ямар ч байсан маш их хүчээр, нийгмээр нь, бөөнөөр нь цэвэрлэж байж л энэ муухай бүхэн арилах юм байна. Та бүхэнд энэ хачин муухай сүнснүүдийн тухай ойлгомжтой тайлбарлахын тулд би бас л түүх, болж өнгөрсөн бүхнийг бичихээс өөр арга алга. Тэгэхгүй бол миний тархи хүрэхгүй нь. Энийг тайлбарлаж, учрыг нь олж чадах эрдэмтэн мэргэд, чадалтай мундаг бөө удгадууд хүмүүст сайн тайлбарлаасай. Лав л миний ой гутаад, дургүй хүрээд, бас их ядарлаа.

            Надад ирсэн хүмүүсээс дүгнэхэд ерөнхийдөө муу ёрын сүнсний хорлол болсон хүмүүсийн ажил үйлс нь бүтэлгүй, амьдрал нь доройтох, ааш нь эвдрэх, хэрүүл салахгүй байх, эсвэл их уйлхай гунигтай ганцаардмал болох, цочимхой болох, нүд нь суунаглах, нэг бол эсрэгээр их гялалзан харагдах, хүний нүд рүү харж чадахгүй байх, шөнө нойр муудах, толгой нь өвдөх, гар хөл нь хүйтэн, нойтон байх, бие нь амрахгүй байх гэх мэт шинж тэмдэг нийтлэг байдаг. 

            Хөгшин ч бай, залуу ч бай, эр ч эм ч ямар ч хүн заслаа хийлгэж эхлээд л шууд биед нь өөрчлөлт орно.  Муу ёрын сүнснүүдийг хөөх үед огиулна, дотор нь муухай болно, хаа байгаа тэр газарт нь жирвэлзэх, жихүүцэх, эрвэгнэх, хүйт даах гэх мэтээр мэдэгдэнэ. Хамгийн сонин нь тэд өөр өөр зан араншинтай, өөр өөр онцлогтой, айдаг айдаггүй юмс, чадал нь өөр өөр, мөн тэдэнд хийх засал нь хоорондоо тэс өөр өөр байх юм. Дээдэс маань янз бүрийн аргаар хөөнө. Заримыг нь шууд хэнгэргээр, заримыг нь дуртай идээгээр нь, заримыг нь ярилцан, заримыг нь шууд өөр амьтанд шингээх гэх мэтээр маш олон янзаар гаргадаг юм байна. Нэг хорлол болсон хүүхэн заслаа хийлгэж байгаад бие нь суларсаар тэнхээ алдан, хөлс нь асгарч ухаан нь муурч унав. Түүний царай цав цагаан болсон байлаа. Дээдэс түүнийг хэвтүүлэн дулаан юмаар хучин хэдэн минут унтуулсан.  Босч ирээд бие нь хөнгөрч, сэтгэл нь түгшихээ больчихлоо хэмээн баярлав. 

            Бас нэг нь баахан хий огиулан, шүлс нь асгарав. Мөн нүүрээ уран маажина. Нэгнийх нь  нулимс нь асгарна.  Нэг нь нойр нь хүрэн нүд нь анилдана гэх мэтээр хүн бүрт илрэх шинж тэмдэг нь өөр өөр. Харин миний уур хүрч байлаа. Яахаараа ийм их чөтгөр байдаг байнаа. Тэд нарыг яаж дуусгах юм бэ? Бүгдийг нь шууд алаачээ алаач гэхэд Дээдэс тэднийг бүгдийг нь алсангүй.  Тэр байтугай зарим нэгийг нь өөртөө элсүүлэн авч гэрээ хийх юм. Харгис хатуу болон бүр их муу муухай сүнснүүдийг бол Тамын найздаа тушааж, заримыг нь амьтанд шингээн явуулна. Бас нэг удаа Дээдэс хэдэн чөтгөрийг наад биенээсээ гаран өөр хүний биед шингэж тэрнийг сайн шийтгээдэх хэмээн тэр хүнийг зааж өгөв. 

           Манай энд нэг сонин айл бий. Хаяагаа хадран хулгай хийн хашаагаа өндөрлөдөг. Харахад баян гэхээр, сонсоход нэгэн газрын босс хирнээ өөрийнхөө хашааг өөрийнхөө мөнгөөр барихад яадаг новш вэ гэж бодмоор. Эзэнгүй байгаа айлын хашааны блокийг хулгайлан өөрийн хашаагаа өндөрлөдөг. Өдөр нэг ч хүн хашааг нь барьж өрж байгаа харагдахгүй ч нэг мэдэхэд л тэднийх өндөр болж хажуу айлынх маань өм цөм алга болно. Энэ муухай хулгайч айлд амьдардаа хэмээн илгээчихэв. Эндээс би дүгнэлт хийхдээ муу ёрын сүнснүүд ч бас янз янз байдаг. Сайн ч бай муу ч бай сүнснүүд амьддаа ямар хүн байсан тэр араншингаараа байдаг гэдгийг ойлголоо. Хачин юм шүү.

            Муу ёрын сүнс албин, тийрэнгүүд хар эрчмээр хооллон амьдарч эзэгнэсэн хүнээ уруудуулан доройтуулдаг.  Хүмүүс та нар зөвхөн бөө удгадууд л сүнс оруулдаг гэж бодвол эндүүрэл гэдгийг одоо ойлгов уу?  Хар муу сүнснүүд энгийн хүнийг ч эзэгнэн дотор нь амьдардаг гэдгийг биеэрээ, нүдээрээ олон хүн харан огиулж, чичирч салгалан, хөлсөө гарган байж  мэдрээд заслын дараа зовиур нь өргөс авсан мэт болон нам унтан сайхан зүүд зүүдлэн байж л итгэцгээх юм. Ер нь монголчууд бүгд зөн совинтой. Муу хүнтэй хүүхдээ нөхөрлөөд ирэнгүүт л эцэг эх нь мэдэрдэг шүү дээ. Хар мөртэй, хар хэл амтай хэмээн хүмүүсийг мэдэрдэг биз дээ.

            Миний нөхөр хэд хоногийн өмнө нэгэн хүнтэй архи уугаад ирэхэд миний гар өөрөө л очоод түүний нурууг даран, биеийг нь илэн хэдэн газар нь хуруугаараа хатгав. Би тэр дороо л дотор муухай болон маш их хүчтэй бөөлжин огиулж, толгой өвдөн сүйд боллоо.  Өдөржин их ажилласан учраас би их ядарч унтмаар байсан учраас амармаар байна гээд л хэвтээд байв. Гэтэл ходоод цүндийн овоорч, дотор нь маажих мэт урж гарав. Би арай гэж босон өргөөндөө орж галаар засч байж зүгээр болсон. Дээдэс хэлэхдээ дэндүү бузар хар шидтэй шулам хорлосон байна. Чи тэрийг нь сорж аваагүй бол хүргэн хүү өндийхгүй байлаа гэсэн. Та нар яахаараа муу бүхнийг сорж байдаг юм. 

Миний ходоод ямар хогийн сав юм уу гэхэд энэ муу муухайг чинь мангас болон залгиж байж л цэвэрлэж байгаа юм гэлээ. Мангас гэнэ шүү. Хаашаа юм бэ? Хүний муу муухайг залгих сайн талын Мангас юм уу. Ийм тэнэг шинэ үлгэр зохиож байгаа юм уу. Яагаад хөөгөөд явуулахгүй миний ходоод руу хийгээд байна гэхэд их харын муу шидийг хөөгөөд явуулбал дахин эргээд юм уу, өөр нэгийг хорлоно. Тэгэхээр өөрөө залгин устгах хэрэгтэй гэв. Миний ходоод дотор маажиж байгаа шиг л өвдсөн.  Тэр хорыг нь аваагүй бол нөхөр хэдэн өдөр хэвтэрт орох юм уу, хамаг ажил нь нурж унах байжээ.

Тэр шулам маш хүчтэй хар шидээр ажлаа бүтээдэг юм байна. Хүргэн үрийг ингээд ашиглахаар оролдож дээ. Тэр миний Тэнгэр удгантай суусан азтай үрдээ хэмээн инээд алдав. Завтай бөгөөд ядраагүй байсан бол би ямар шулам яав ийв гээд л нарийвчлан шалгамаар байлаа ч би хэт их ядарсан тул тоосонгүй өнгөрөв. Дахиад  хорлоод шидээ хэрэглэвэл хорыг нь хорин сая болгож нугалаад өөрийнх нь ходоодонд хийнэ дээ гэж бодтол дээдэс шоолов. 

Намайг өвдөн бөөлжиж,  бие муудаад өргөөндөө ороход санаа нь зовсон нөхөр маань гадаа сууж байв. Чи орохгүй яагаав гэхэд Дээдсээс айгаад гэнээ хэхэхэ. Чингис хаан ч томорно шүү дээ. Өгч болсон юм авч болдог юм шүү гээд л хэдхэн зэвүүн үг хэлээд л нам ш дээ миний нөхөр.  Ямар хор идэж, ууснаа харав уу чи! Дахиж тэр шуламтай ажил яриад огт хэрэггүй чамд хор болох нь. Ээ Тэнгэр минь ийм муухай хар энергитэй эмэгтэй хүн байдаг гэж үү. Би ингэж их бөөлжиж, ходоодоо маажууллаа ш дээ хэмээн нөхөртөө хэлэхэд тэрнийг гаднаас нь харахад хүртэл яг шулам шиг дүртэй, хоёр хүүхэдтэй, гадаад нөхөртэй, хүмүүс их дургүй байдаг юм, яг үнэн байхаа гэв. 

Ээ Тэнгэр минь яаж тэр борлогдоод бас хоёр хүүхэд гаргасан юм болдоо. Тэгэхдээ тэрний мөнгө, ажил нь маш бузар, хар ажил байна даа. Тэрний нөхөр тэр хоёрынх мөн үү биш үү. Хүний амь, цус үнэртсэн муухай мэдрэмж төрөв. Яаж үргэлж хар шидээр амьдралаа залгуулна даа. Үр хүүхдүүд нь өөдлөхгүй. Удам нь тасрана шүү дээ. Ум маани ум маани аймаар юм.

Чөтгөрүүд тамд очихоос л үнэхээр их айдаг юм байна. Тэгэхээр тамын Хаан Жамух үнэхээр хүчтэй бололтой. Манай нийгэм үнэхээр хар мууд идэгдэж дуусах дөхсөн байна. Энэ муухай хар хүчнээс тэгээд яавал хамгаалах вэ гэж асуухад тухайн хүнээсээ маш их шалтгаалдаг хэмээн хариулсан билээ. Та нар үргэлж эрч хүчтэй, инээмсэглэн цоглог явдаг ойр дотны хүнээ боддоо. Бас хүчтэй дайчин эрэмгий хүний төрхийг бод. Ямар хүмүүс ийм байж чаддаг вэ? Өөртөө итгэлтэй, хичээнгүй сэтгэлээр унадаггүй, яаж ийгээд л болгоно бүтээнэ гэх хүмүүс ийм байж чаддаг. Тэгэхээр ийм хүмүүсийг хар хүчин Хаанчилж чаддаггүй байх нь. Аймхай, гутрамхай, сайнаасаа саарыг их боддог хүмүүсийг муу сүнснүүд ор нь эзэгнэн сууж дээрэлхэнэ. 

Харин хар хорон санаатай, амиа бодсон хүмүүст хамгийн муу, хамгийн бохир сүнснүүд эзэгнэж санааг нь улам хорлоно. Нэг хүнд нэг л сүнс ордог уу? Үгүй ээ. Үгүй. Яагаад гэвэл Дээдсүүд засал хийчихээд заавал үлдэгдлийг нь шалгаж үздэг. Тэгэхэд заримдаа өөр бас сүнснүүд орогнон үлдэж, эсвэл гарсан мэт дүр эсгэж жүжиг тавьдаг байна. Нэг удаа нэг хүүхнээс арван дөрвөн чөтгөр хөөж байсан юм даа. Жижиг хонхнууд нь бутраад алга болж байсан юм. Бид сайн сүнснүүдээ Буурал, Дээдэс хэмээн нэрлэн уулзан харилцаж байгаа билээ. Харин муу сүнснүүдийг тийрэн, чөтгөр, албин, буг гэх мэтээр хэлж байгааг ойлгож байгаа биз дээ. Сайн сүнснүүд олуулаа орж ирэн өөр өөрийн хийх зүйлээ хийдэгтэй яг адил л муу сүнснүүд бас заримдаа бүлэглэн олуул байдаг байх нь.  

Манай нийгэмд чөтгөр цугласан газар даанч их байна даа. Ядаж байтал хүмүүс гэрээ хүүрийн газар аваачин их барьдаг болжээ. Муу тийрэнгүүдийн сүнс хүч чадал нь янз янз байна. Хирийн бөө гаргаж чадахгүй хүчтэй муу сүнснүүд ч байдаг. Гэхдээ энд нэг юм анхааруулахад хичнээн мууг нь гаргалаа гэхэд тэр хүн бахь байдгаараа л сэтгэж, муу газраараа явж, муу юм бодоод байвал сайндаа л хэдхэн сар болоод дахин сэвтэх учраас хүмүүс энэ тухай маш сайн ойлголттой болон өөрсдийгөө хамгаалж сурмаар байна. Сайн санаатай бөө ч бай, лам ч бай олуулаа нэгдэн энэ газарт бугласан хар тийрэнгүүдийг нэгдсэн хүчээр зайлуулан, гэрэл гэгээ цацруулан цэвэрлэх цаг болжээ. 

Хэрэв энэ хүмүүс үүргээ сайн биелүүлээд байвал байгалийн гамшиг болох нь харьцангуй удаан, болсон ч бага сул болно. Байгалийн гамшиг гэдэг нь нөгөө Далд талаасаа бол Байгаль дэлхийн их цэвэрлэгээ гэсэн үг. Та нар санаж байгаа байх. Хувилай хааны цэргүүд яагаад далайн шуурганд сүйрсэн тухай баримтыг... Япончууд эх орноо хамгаалахын тулд олуулаа залбирал үйлдсэн байдаг. Ус амьтай сонсдог. Хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь одоо батлагдчихсан зүйл. Эртний сударт монголчууд хоорондоо дайтахдаа хоёр талд дуу дуулж, хэнгэрэг дэлдэж байгаад байлддаг байсан тухай бий.

Онгод Тэнгэрүүд энэ дуугаар хөглөгддөг. Хэрэв Монголчууд бүгд нэг санаатайгаар гэгээн сайхан ирээдүйг зөгнөн Тэнгэртээ сүсэглэж чадвал маш хурдан Монгол сэхэх ёстой. Бүх л далд ертөнцтэй харьцдаг бүхэн бас төрөлхийн зөнтэй, Тэнгэрлэг Монголчууд бүгд үүнийг хийж чадвал манай Монголд хуримтлагдсан хар шид задран унаж, хар муу ёрын сүнснүүд зайлан одох болно. Үүнийг та бид бүгд чадна гэдгийг л ойлгох хэрэгтэй байна даа.

Чингис хааны тайлга тахилга нь нийтээрээ ингэж Тэнгэрт хандан сүсэглэн залбирч сайн эрчим Тэнгэрээс аван, муу муухай бүхнийг сэтгэлээсээ хөөж, тэр газарт хуримтлагдсан бүх хар хүчнүүдийг хөөн зайлуулах үйлдэл гэж хялбарханаар ойлгож болно.  Өнөөдөр “ Монголын аймшигт өт” гэдэг кино үзлээ. Чингис хаан шоолж инээж байна. Миний онгоныг хамгаалагчдыг энэ хэдхэн өт, хэдхэн хүний амиар төлөөлүүлж яахан болно. Тэнгэр байх уу үгүй юу, газар байх уу үгүй юу л болно. Дэлхий эргэх үү зогсох уу, нар, сарны гажуудал хүн төрөлхтөний хэдийг нь цааш нь харуулахыг төсөөлөх байтугай бодож ч чадаагүй байна гэсэн юм даа. Тэр модон хүүхэлдэй шиг хэдэн өт юу ч биш байх нь.

Хаан бид хоёр гурван өдөр ачаа бараагаа янзлаад их ядарлаа. Хаан бид хоёр бас л маргалдаж өгөв. Би удаан хугацаагаар явах учраас юмнуудаа ялган хаях, хүмүүст өгөх, далд хийхээр ялгана. Ирээд өмснөө хэмээн далд хийх юмсаас Хаан аваачин хүнд өгөхөөр хайрцаг руу нь хийнэ. Би энэнд дуртай хэмээн булаалдан өөрийн хайрцагтаа хийнэ. Хэдхэн л хувцастай байх ёстой үхэхдээ энэ их новшийг тэврээд үхэхгүй биз дээ хэмээнэ. Үгүй ээ үхэх болоогүй юм чинь хэмээн би булаалдана.  Хэд хоногийн өмнө манайд ирсэн хүүхнүүдийг Хаан таван гарагын дараа ирж миний улаачаас хувцаснууд аваарай гэхэд Хаан минь наадуул чинь авахгүй, хуучин хувцас хүмүүс авахаас сэжиглэдэг сайхан нийгэм болсон шүү дээ гэтэл: Миний  улаачын хувцасд их илч шингэсэн байгаа. Хамгаалалт болно гэснийг нь яанаа. Нөгөөдүүл нь бүр өөр эгч дүүсээ ч авчиран авах болно гэж яриад байгаа юм чинь.

Бас тэр хүмүүсийг гэр бүлээр нь тоолоод тэдэн өрх гэж тооцоолсноо өрх бүрт чинь би тавилга өгнө гэв. Би сандран тэрний бодлыг тагнуулдахад лав өргөөний минь гал тогооны шкаф нэг айлд нь, толь нэг айлд нь, нэг айлд нь хөргөгч,хивс нэг айлд нь гэх мэтээр явж өгч байнаа. Шал онгироо юмуу хаашаа юм бэ? Би: Болиорой хөөш, дахиж би өргөөнд чинь тэд нарыг чинь авч өгөхгүй шүү гэж заналхийлэв. Хаан тоож байгаа шинж алга. Тэр өдөрт нь би хувиарланаа гэж байх юм. Хааны сул гарыг засуулахгүй бол болохгүй нь. Харамч Тэнгэрийг дуудан засал хийлгэхээс гэж бодтол Хаан инээгээд салсангүй. Бие минь найган ганхан хөхрөнө. Надад засал хийнэ гэнээ хахахаха Яалтай билээ, миний энэ улаачыг дээ хэмээн шоолж инээнэ.  Онгодод засал хийж болдоггүй юм байлгүй дээ. Шал балай юм гэж бодлоо. Гэхдээ л бодоод үзэхээр болж таараа баймаар. 

 Болиочээ, болиоч энийг би өмсөх дуртай, өгөхгүй гэхэд чи хэдэн жилийн дараа ирэхэд чамд багадна гэнэ. Үгүй би нарийхан гоолиг болж ирнэ мэд үү, миний дүү охид бас олон байгаа тэд нартаа өгнө гэхэд та нар бүгд адил, тэд чинь бас хувцасаа цөөлөх хэрэгтэй гэж зөрүүдлэв.  Ер нь новш багатай, цомхон, яг л хэрэгцээгээрээ хэрэглэж амьдрах ёстой гэж Хаан сургамжилна.  Би болохоор миний бүх юм хангалттай байх ёстой хэмээн зөрүүдлэнэ. Ингэж  хэдэн хайрцаг дунд дахин дахин нааш цааш юмаа булаалдан хийсээр бид хоёр хоюулаа нам ядарчээ. За тэгээд ямар ч байсан Хааны л зөв байх даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.