Friday, June 17, 2011

Монголчуудаа Тахилгаа зөв хийж сурцгаая.


Зайран хүү маань нутгийн тахилгаа хийгээд ирлээ. Мөн Сутай Хайрханы төрийн тахилга хийхэд нь очиж үзжээ. Тэнд очиж бусармаг үйл харсан хадам буурлууд маань ихэд хилэгнэсэн байна. Тахилга яаж хийхийг мэдэхгүй лам нар арай дэндүү юмаа. Зүй нь тэд яаж тахилга хийхэв, яаж хүндэтгэл үзүүлэх вэ? гэх мэтийг бүгдийг сүсэгтэн олонд заан өгч зохион байгуулдаггүйгээс болж уул, ус тахиж байгаа хүмүүс их алдаа гаргаж байна. Уул тахинаа гэдэг тэр Хайрхануудын эзэн савдагуудад хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг шүү дээ. Та нар энгийнээр боддоо. Та цагаан сараар өөрийн хөгшчүүддээ золгохоор хүндэтгэл үзүүлэхээр очдогтой чинь агаар нэг.
 

Гэтэл тахилга гэдгийг архи уух, найрлах хэлбэрт оруулж байгаа нь шившиг. Дэндүү усан тэнэг байна гэсэн үг. Уулын эзэн савдаг Хайрханы догшин эздэд өргөл тавьчихаад буцахдаа шүүсээ өөрсдөө авч идэн, бусад өргөлийг нь очсон хүмүүс нь хуваагаад авчихна. Тэгээд тэнд бөөн хог новш тариад энд тэндгүй шээж баагаад буцна. Ядахдаа хүмүүсээ баруун болон  хойд зүг рүү харж морь харахаа зогсоомоор байна. Хамаг буян хишиг, эдийн, хийморийн Тэнгэрүүд рүүгээ л шээгээд байх юм. 

 Албаны хүмүүс болон зохион байгуулж байгаа хүмүүс хийж байгаа үйлийнхээ утга учрыг мэдэж байж зохион байгуулбал зүгээрсэн. Гэтэл өөрсдөө мэдэхгүй, мэдэмхий хэн нэгнийг л дууриан хийнэ. Хэрэв та Хайрханы эзэн байтал таныг тахиж баярлуулах нэрийн дор хэдэн мунхаг ирээд өргөөг чинь завааруулаад, архидаж, хулхидаж байгаад танд өргөсөн бэлгээ буцаагаад аваад явбал та яах вэ? Улам догшруулж уурлуулна биз дээ.

Та уул ус ч бай бурхан Тэнгэр ч бай бусдад өргөл барьц өгч байгаа бол чин сэтгэлээсээ сүсэглэн гуйж, хүндэлж хайрлаж чадвал эргээд танд буян хишгээ өгдөг гэдгийг ойлгоорой. Тэднийг хуурна гэвэл та өөрийгөө л хуурч байна гэсэн үг. Яагаад гэвэл тэд таны тархин доторхийг ном уншиж байгаа юм шиг л уншчихдаг. 


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.