Sunday, May 8, 2011

МОНГОЛЧУУД ГАЗАР ШОРООГОО АЛДВАЛ ГОЁ УУ ???


 “Гал үндэстэн холбоо”ны төлөө өнөөдөр бөөлөв. Тэд надаас бөөлөөд өг гэж гуйгаагүй ч би өөрөө сайн дураараа тэдний төлөө бөөлж бүх эцэг, эхүүд тэнгэрүүдэд өргөн мэдүүллээ. Миний санаа зовж байна. Төрсөн, өссөн газар нутгаа өмгөөлөн тэмцэж байгаа тэднийг өрөвдөж, хайрлаж байна. Тэдний тухай интернэт дүүрэн л хараажээ. Хараах хараахдаа монголчууд нь шүү. Хөдөөний, бүдүүлэг, тэнэг мал, боловсролгүй, 21 –р зуун шүү хөөш гээд л...дэлгэцээр нэг л зүхжээ.

Үндэсний эмгэнэл гэж энийг л хэлдэг байх даа. Монгол хүн монголоо алдаж, монголоо мартаж, монголоо үзэн ядах болсон нь үндэсний эмгэнэл. Энэ хараагаад байгаа хүмүүсийн хоолыг булаагаад, гэрээс нь хөөвөл хувь заяатайгаа эвлэрээд л буугаад өгчих арчаагүй нь тодорхой. Би гурван жилийн өмнө Говь-Алтай явахдаа л эзэнгүй мэт болсон эзэнгүйг нь далимдуулаад тоночихсон мэт хөдөө нутгийг хараад ихэд харамсаж, гайхаж, уур хүрч билээ. 

Тэр үед би энэ хөдөөнийхөн ямар тэнэг юм бэ? Яагаад тэмцдэггүй, дуугардаггүй, амиа бодсон хүмүүс вэ? Эсвэл эд нар мөнгө аваад баяжаад хот явж, нэг бол нүүгээд өөр газар очдог юм байх даа, дарга нар яагаад энэ газраар явж үзээгүй юм бол, тэд дандаа нисдэг болохоор хараагүй юм болов уу? гэж бодсонсон. Би балчир бага байхдаа зун, өвлийн амралтаараа эмээдээ очих гээд олон удаа хот хөдөө хооронд явж байхдаа ХӨДӨӨ гэх оронд маш хайртай, дуртай болж өссөн. Харин эмээ минь хотод ирснээс хойш хичнээн олон жил хөдөөг зориогүй уджээ. Би Монголыг тэр хөдөөх тал нутгаар нь л төсөөлдөг. Олон жил гадаадад амьдрахдаа хамаатан саднуудаасаа илүү уул ус, монголын чулуу, шороог л их санасан. 

Миний амьдарч байсан гадаад оронд нэг удаа өглөө босоод гарахад нөгөөх олон сайхан машин нь нил жигд шар шороонд дарагдсан байв. Гэтэл нэг хүн танай Монголын шороо манай энд ирчихжээ. Юу гэнээ тэдний эдийн засагт нь эдгээр шороо ямар ямар хохирол учруулав гэнээ.  Та нар яаж тийм шороо дунд амьдардаг хүмүүс вэ гэсэн. Тэгсэн ч надад тэр Монголоос шуураад ирсэн гэх ад үзэгдсэн шороо маш дотно санагдан баярлан инээж байсан юм даа. 

Хотынхон бид нар хүн шүүмжлэхээсээ өмнө толгойдоо жаахан зай гаргаад бодоод үзэхэд илүүдэхгүй. Жишээ нь би хэдэн жилийн өмнө сэглэгдсэн газар орноор явахынхаа өмнөхөн таны адил л өнөөдрийн хоолоо боддог нэгэн байлаа. Тэгээд ширгэсэн гол мөрөн, нуур, ухагдаж эвдэрсэн уул нуруугаа хараад хөдөөнийхөнд уур хүрч байсан хүн. Бодвол энэ хараагаад байгаа хүмүүс тэр үеийн би мэт л байгаа байх. Та өөрийн нүдээр очоод харвал өр чинь өвдөхгүй байх аргагүй. Магадгүй бүх  хөдөө нутаг сэглэгдээд дуусах үед та ЭНЭ МУУ БҮДҮҮЛЭГ ХӨДӨӨНИЙХӨН ЭРТХЭН ХЭЛЭХГҮЙ. БИ ХОТОД АМЬДАРДАГ ЭХ ОРОНЧ ХҮН ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ УЧРААС МИНИЙ БУРУУ БИШ... гэх болж байна уу?

Харин ч энэ Морьтонгууд орой ирж байна. Тэд хотын ухаантнууд минь харах байх, дуугарах байх, өмөөрөх байх, Төр минь хамгаална гэж найдсаар өдий хүрсэн нь мэдээж. Тэд тэр байтугай эх нутагт минь өөрийн дураар аашлах Хятадуудтай газар дээр нь тэмцэхээр хотоос эрх мэдэлтэн, хахуул авсангууд нь очоод гадныханыг  өмгөөлөн, монголчуудаа шоронд хатаадаг биз дээ. Их хааны минь үед илжигний үнэтэй байсан Хятад  энэ цаг үед монгол хөрс шороо, хүүхэн хонгоруудыг бузарлахыг хэн өөгшүүлээд байгаа юм бэ? Монгол хүнийг боолчилж болохгүй гэж зарлигдсан байтал эх орноо гэсэн Монгол хүн одоо илжигний ч үнэгүй болчихсон байгаа нь үнэн. Нэг адгуус бичихдээ: Энэ 21-р зуун шүү малуудаа гэчихжээ.

Тиймээ бид 21-р зуунд амьдарч байна. Гэхдээ 21 – р зуунд эрх чөлөө, тусгаар тогтнолтой Монгол улс,  хүн амдаа харьцуулбал хэтэрхий том гэж гадныхан шүлэнгэтэх газар шороог минь хэн бидэнд үлдээж авч өгсөн юм вэ?  Үе үеийн өвөг, дээдсүүд, Монголчууд өөрсдөө өдий хүртэл авч тээж, үүрч ирсэн. Үхэж хатаж, алуулж, дээрэмдүүлсэн ч булаалдсаар, ялсаар өдий хүрсэн.

 21 –р зуунд тэгвэл нүдээ нээгээд ХАРЦГАА, ХАЙЦГАА, ЭРЦГЭЭ!  Таны гайхаад байгаа том гүрнүүд өөрсдийнхөө газар нутгийн баялагийг ухаад байна уу? Тэд яагаад ЭКО хүнс, ЭКО амьдрал гээд үглээд унав аа? Яагаад тэд байгалиа хамгаалъя, цэвэр усны нөөц энээ тэрээ гээд байгааг анзаараач. Өөрсдийн газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнол гэж учиргүй их өмөөрч хамгаалах мөртлөө дандаа жижиг буурай орон, бусад руу туслах нэрээр өндөлзөн ухаж төнхөж, хулгай хийж, хуурч, хэлсэн эсэргүүцсэнг нь бөмбөгдөн, дэлбэлж байгааг хараач.

 Африкууд эхний золиос нь болсон биз дээ. Тэд одоо баялагийн хараалд өртөөд усны төлөө өөр хоорондоо алалцаж байна. Африкийн газрын баялагаас хэн баяжиж хэн хохирсонг хараач. Улсаа худалдаж, мөнгө дагасаныхаа төлөө Африкууд өөрсдөө амьдралгүй болсон. Харин ч тэнд халуун, дулаан орон, олон сая хүн амтай тулдаа байгаад байна.  Бид бол хахир хүйтэн өвөл ирдэг оронд цөөхүүлээ амьдардаг үндэстэн гэдгээ мартаж болохгүй!!!

 Одоо тэд шингэн түлшний төлөө тэндэх бүхэнг удирдах болжээ. Манай оронд ч хэт хайртай болоод байгаа биз дээ. Үнэндээ 21–р зуун чинь ийм л байгаа. Хаана дайн гарахгүй гэх баталгаа байгаа юм бэ? Хаана хэн тэгтлээ соёлжоод, хөгжөөд, дэлхийг захираад гайхуулаад байгаа юм бэ? Худлаа сайхан ярьж, хулгай хийсэнгүүд нь том гүрэн болчихлоо гэж гайхуулаад байгаа. Гэтэл үнэн чанартаа тэнд л хамгийн муу муухай, хар тамхи, авилга хээл хахуул, гэмт хэрэг, хүний наймаа, янхан, хүний эрхийн дор нуугдсан гомо, лэсби бүх бохир заваанууд, хуулийн нэр барьсан өөрсдийнхөө төлөө үйлчлүүлсэн бүх булхайнууд энэ зуунд байгаа биз дээ. Хэн дуртай нь онгоц хөлөглөөд хүний нутгийг бөмбөгддөг 21–р зуун хамгийн эмзэг, аюултай зуун мөн. Ийм баталгаагүй зуунд бөөн эрдэс баялагтай хэдхэн хүн амтай тэнгэрлэг хувь тавилантай ч түүнийгээ үгүйсгэх Монголчууд дээсэн дөрөөн дээр амьдарч байна. Нэг үгээр хэлэхэд бөөн дээрэмчид дунд бид амьдарч байгаагаа төсөөл.

Гэтэл зөвхөн өнгө, мөнгөнд хууртагдан үндэсний аюулгүй байдлаа үүрд юм шиг санан, "21–р зуунд амьдарч байна Хоньчдоо, Малчдаа зайлаа хөдөө рүү гээ" гэх Монгол хүмүүс өөрсдөөсөө ичээсэй! Монголын төрөөр хамгаалуулсан гадны луйварчдад уух усаа, амьдрах орчноо сүйтгүүлээд, аргаа бараад ирж байгаа хөдөөний энэ зоригтой хүмүүст халуун дулаан сэтгэлээр хандахгүй бол Та ч маргааш модоо барихаа мэдэж байна уу?

Хэрэв  Та нэг өглөө босоод сүү уух гэсэн байдаггүй, орой хоолны мах тасарчээ. Гарч хайтал олдохоо байжээ. Тэгээд л цааш нь өөрөө бодохгүй юу... Юу идэх вэ? Яаж олох вэ ? гээд...  Гэтэл Монголд ус урсахаа байснаас болж мал өсөхөө болин, жаахан устай газрынх нь мөнгөн ус болон химийн бодистой ус уусан учраас тэр малнууд бас хэрэггүй болжээ. Малгүй болсон учраас малчид ажилгүй болцгоон хотод соёлжихоор бүгд ирчихсэн гээд боддоо. Мах, сүү ч яахав ногоо идчихнэ гэж бодтол хөдөө тал бүгд сэндийлэгдэн, хорлогдоод хүний хүмүүс нь өврөө түнтийлгэн эх орон луугаа арилан ногоо тарих газар ч, эрүүл хоргүй газар ч алга болчихов.

 Хотын танд хоол хэрэгтэй юу, соёл хэрэгтэй юу? Газар нутгаа алдаад, хордуулаад, амьдрах аргагүй боллоо гэсэн хөдөөнийхөнг та юу гэж ад үзлээ. Очиж малаа малла, бүдүүлэг, соёлгүй гээд хотоосоо хөөгөөд явуулж байсан хүн бол ТА. Тэгэхээр таны өдөр болгоны хоолыг чинь бэлддэг хамгийн хүнд хэцүүг үүрч явдаг малчдынхаа  болон таван хошуу малынхаа бэлчээр, усыг нь хамгаалалцан өөрсдөө ч хоолтой явах уу, бүгдийг нь алдаад дуусах уу энэ талаар жаахан бодоод үзээч. Та яг өнөөдөр гэхэд мах Монголоос худалдан авч идэж байгаа. Та нэгэнт л өөрөө мал маллаж амьдрах чадваргүйгээс хойш чадаж байгаа хүнийг нь малтай адилтган доромжлох нь өөрийн ирээдүйн идэх хоол руугаа нулимж байгаа гэсэн үг. 

Хөдөөнийхөн энэ бол Монголын газар шорооны баталгаа, тусгаар тогнолын баталгаа. Хэрэв энэ хүмүүс л болохоо байлаа гээд хотод ирээд жагсаад унасан бол Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө халдлагад өртжээ гэсэн үг.  Чимээгүй ирэн нялууран алах 21–р зууны аюул нь энэ. Ад үзэгддэг өмнөх зуунуудад бол харийнхан халдаад ирэхэд Хөдөөнийхөн гэх хамгаалагчид хамгийн түрүүнд мэдээ өгч Төр, төвийнхөн цэргээ дайчлан, арга хэмжээ авдаг байсан байж таараа. Тэгэхгүй өнөөгийн хотын бид нар шиг зайлцгаа, очиж малаа хариул гэсэн бол Та одоо Улаанбаатар хотын иргэн би гээд сууж байх уу, хужаагийн эрлийз юмуу хужаагийн тариан талбай дээр мантуу горьдоод ажиллаж байх байсан биз. 

Яг үнэндээ хотын бид нарт энэ аюул ирэхэд хэд нь хэд хоногийн хоолны мах, сүү, гурил олчих чадвартай билээ. Далдын дайснууд, эдийн засгийн алуурчид Монгол улсыг чинь эзлээд байгааг ХАРААЧ. Хөдөө байтугай таны хоолыг чинь булаах, амьсгалыг чинь таслах аюул ирсэн биш үү. Энэ хөдөөнийхөнд малаа маллах бэлчээр, уух ус нь байхад л болно. Эх орон нь, газар шороо нь бүтнээрээ байхад л болно. Та нар шиг байшинд байвал амьсгал нь давчдаад унтаж ч чаддаггүй хүмүүс. Тэд уул усаа харан, уртын дуугаа дуулан, морин дэл дээр хийсэн явах дуртай хүмүүс учраас хотод ирээд хоол булааж, төр барих нь гэж айх чинь шившиг. Газар нутаг, эх орон маань ухагдан, төнхөгдөж дуусах нь, хөдөө амьдрал алга болж байгааг хүмүүст сэрэмжлүүлж, Төрд ойлгуулах гэж ирсэн хүмүүс. Монголчуудаа бүхнийг гутаан доромжлох, хардаж сэрдэхээсээ илүү учир шалтгааныг нь эрүүл нүдээр харж, дэмжих хэрэгтэй байна. 

Бидний үеийнхэн нэг л өглөө гэдгийг сайн мэдэх гэрч нар билээ. Нэг л өглөө мөнгө унаж 20-р тогтоол гэгч хэрэгжиж, нэг л өглөө хүн бүр амны хаалт зүүчихсэн SARS гэж ханиадыг таньсан шиг нэг л өглөө Монголд хөдөө байхгүй, хөдөөний хүн ч байхгүй утаат Улаанбаатарынхан л үлдчихсэн эргэн тойрон Хятадууд манай нутаг гээд сууж байвал та эхлээд Хөдөөнийхөнг хэлсэнгүй, ярьсангүй, тэнэгүүд гээд унах ч юм билүү. Ийм байдал хаяанд ирчихсэн учраас л хөдөөнийхөн маань ирээд морио унаад давхилдаад байна. 

Гэтэл хотынхон морины баас тарилаа гэж уурлах юу вэ? Морьд хүртэл бусад амьтадаа төлөөлөөд ирчээд уух ус, гишгэх газар, идэх өвсийг минь анхаараач гээд байна. Хотод ирээд шоппинг хийж байна гэж бодоогүй биз дээ. Морь болон бусад таван хошуу малын хоолны меню нь олон сонголтгүй юм шүү дээ хүмүүсээ. Тэд нарын буурал дээдсүүд тийм л байсан. Тэд ч бас адил. Шинэ зуунд амьдрах арга алга гээд Мах иддэг болчуул аюул биз дээ. Та бид хэдээс сорчлоод идээд унавал яахын бээЕЕЕЕ??????  Хамгийн түрүүнд 76-гаа зааж өгөлтэй биш. Тэгэхээр жаахан бодож, араа бодий, Араа бодий, амиа ч бодий. анхаарлаа эх орондоо хандуулж үгээ хэлцгээе.  Сонгуулиа зөв хийж сурцгаая!!!

           Хөдөөнийхөн Амьдрах аргагүй болчихоод ирж харанга дэлдэж байна. Хотынхон агаарт гарч алжаалаа тайлнаа гээд зун болохоор хөдөө явж амарна. Тэнд хотынхон зайл гэдэггүй биз дээ. Чухам хөдөө явах болохоороо миний эх орон Яасан Уужим юм бэ Монголын Сайхан Орон гэж дуулчихаад хотдоо байхаараа хөдөөнийхөн гэж тэнэгтдэг өөрсдөдөө дүгнэлт хийвэл яасан юм бэ?

Үнэндээ дэлхийг хамарсан том хэмжээний газар хөдлөлт болоход Улаанбаатарынхан уух усгүй, идэх хоолгүй, орох оронгүй сүйрнэ. Ямар манай төр Японы төр шиг тэр дор нь арга хэмжээ авч чадах биш. Бусад орнууд өөрсдийгөө яая гэж бас юун Монгол гэнэ. Түр ч байтугай амьд гарах, амьдрахын тулд ихэнхи нь хөдөө л гарч амьдрахаа бодно. Мал гэдэг амьтанг гэнэт санан сүүг нь уугаад, махыг нь идээд, арьсыг нь нөмөрчих хамгийн найдвартай амьдрах амь зуух арга юм байна гэхэд мал нь олдохгүй бүгд устсан бол яах юм бэ? Арга үгүй  дээ өвсгүй, усгүй юм чинь... устахаас өөр яахав.  Харин хөөлгөж, туулгаад байгаа малчид, мал чинь амьд тус тусын ажлаа хийж, талын том нутаг чинь тэр чигтээ эрүүл хөрс, цэвэр устай байвал Монголын ирээдүй гэрэлтэй харагдана. Монгол хүн өлсөөд, даараад үхчихгүй нь тодорхой. Дахиад л бүтээн байгуулж чадна.

 Харин ч тэр үед бусад орноос буу барин малаа, бэлчээрээ булаалдах хэрэг гарна гэдгийг бодох хэрэгтэй. Энэ хил, мал, газар шороо, ус, малчин чинь Монголын амьдралын баталгаа. Малчин гэдэг бол зүгээр л нэг мал малладаг хүн гэж бодно уу? Үгүй ээ тэд чинь хамгийн түрүүнд дайсантай тулах эрүүл саруул, хүчтэй дайчид шүү дээ.

 Багаасаа халуунд халж, хүйтэнд хөрч, эмнэг адуутай ноцолдож өссөн эрүүл чийрэг тэд жинхэнэ эх оронч, дайчид. Гэтэл хотын та өөрийгөө нэг харчих даа. Жаахан ахимаг болон дунд зэргийн насны ихэнхи эрчүүд нь гүзээгээ даахгүй амьсгаадна. Тэд адаглаад өлсөж ч чадахгүй, өлсөхийн оронд буугаад өгий л гэнэ. Нас залуу залуучууд нь бүгд сульдак,  охидоосоо ялгарах юм даанч байхгүй болчихсон байгаагаа нэг харчих даа. Харин хамаг амьдралаа нуруундаа үүрээд, нөхрөө хажуугаар нь сугавчлаад гүйж явдаг эмэгтэйчүүд нь арай дээр байх шүү.

Хотын бид бусдаас илүү соёлтой боловсон, тархитай толгойтой нь үнэн юм бол  ирээдүйгээ харж, эрүүлээр сэтгэж, туйлширалгүй хэлэх үгээ хэлэх л хэрэгтэй, дуугарах л хэрэгтэй байна. 

Тэнгэр дээдсүүд энэ хөдөөний гэх хүмүүсийг дээдлэн дэмжиж байгаа. Харин хажуугаар нь хачин сонин нөхдүүд их байж гол асуудлуудыг жонхууруулан хорлож байна. Монголд хичнээн нам хэрэгтэй юм бэ? Нэг намын хоёр нэрний төлөө эргүүтэн Монголчуудыг талцуулах Энхбаяр өөрийгөө засвал таарна. Хамаг бүхний дээр байхдаа таг харанхуй байсан тэрэнд угаасаа л цайх ч үгүй улаан нүүр заяасан бололтой. Одоо дахин төрийг үймүүлэхийн оронд ухаан сууж олны үгийг сонсон, өөртөө дүгнэлт хийвэл барав гэж. 

Уг нь эх орноо хамгаалан, луйварчдаас сэргийлэн, газар нутгаа худалдах наймааг нь зогсоохын оронд харин ч улам ихийг өгүүлэх амлалтыг нь нэхэх, илүү ихийг хувааж идэхийг уриалах Холбоонуудыг би л лав дэмжихгүй байна. Тэд гараад юу өөрчлөгдөнө гэж. 21000 биш 200000, 2 саяыг өгүүлээд яах юм бэ? Улам л Монголыг мөхөөхийг хурдлуулах биш үү. Эрдэнэс баялаг ургадаггүй биз дээ. Авах, цацахын хирээр дуусна. Дуусахаар нь яах юм бэ? Харин мал бол өсөхийн дээдээр өснө. Тэднээс хэрэглэхийн дээдээр хэрэглэж, малын буяныг хүртэхийн дээдээр хүртэж болно. Амьдралын баталгаа малаа өсгөхийн тулд ус, өвс, эрүүл эх орон, газар шороо хэрэгтэй. Малаа маллуулан,  мөнхийн хоолтой байхын тулд Малчин гэх гайхамшигтай мэрэгжилтэн заавал хэрэгтэй.

      Та болон би мал маллах байтугай, үнээ ч сааж, гэдэс ч арилгаж мэдэхгүй малнууд харин чадах ядахаараа газар нутаг, тусгаар тогтнол, эх баялагынхаа төлөө үгээ хэлээд дэмжиж байсан нь дээрсэн.  "Гал үндэстэн холбоо" энэ бол одоогоор Монгол дахь цорын ганц эрүүл холбоо байна. Холбоо бол нам биш.  Морь унаад, тэмцэлд оролцож чадахгүй ч та ядахдаа сэтгэлийн дулаан үг хайрлаж болно биз дээ. 

Миний аав ээж хөдөөнөөс л хотод ирж суурьшсан. Эмээ, өвөө нар минь ч хөдөөний л хүмүүс. Тэр байтугай Чингис хаан хүртэл хөдөөнийх биз дээ. Би бол хагас хөдөө, хагас хотынх, харин миний хүүхдүүд хотод төрсөн хүүхдүүд. Тэгэхээр хотынх, хөдөөнийхөн гэх хүмүүс үгээ жаахан бодож Монгол гэдэг үг ганц л орон гэдгийг ойлгоосой гэж хүснэ.
Энэ Монгол гэдэг Тэнгэрийн оронд миний хүүхэд, хүүхдийн хүүхдүүд, тэдний үргэлжлэлүүд энх амгалан, нулимсгүй амьдраасай гэж хүсч байна.  Миний дүүгийн охин Курд эцэгтэй ч жааханаасаа л моринд онцгой хайртай. Намайг морь авч өг гэж гуйдаг сонин охин бий. Тэр дүү охины минь хүсэл биелэн Монголд ирэхдээ ээжийнхээ нутагт хүсэл болсон морио унан тал дунд давхиж үзээсэй гэж хүсдэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.