Миний блогт сэтгэгдэл орохгүйд уучлаарай. Учир нь хүмүүс янз бүрийн юм бичиж Хааныг доромжилж уурлуулахаас сэргийлсэн юм аа. Би бол ердөө л мэдээлэгч, дамжуулагч, улаач хүн.
Хэтэрхий уурлаж уцаарлах, хар санаа бодох бол надад хориотой аюултай учраас аль болох тайван байх шаардлагатай байдаг. Нэг үгээр хэлбэл Лазерийн зэвсэг атгасан хүн уурлаж, галзууран, болчимгүй юм хийвэл юу болох билээ.
Миний ихэнхи онгод гэрэл, туяа учраас. Гэрэл нэвтэрдэггүй, түлдэггүй, тусдаггүй газар гэж ховор. Түүний хүрэхгүй газар нь Харын онгодууд нь эзэгнэх учраас тэдэнд хүрэхгүй, чадахгүй, мэдэхгүй зүйл гэж ховор. Хэрэв би ухаантай байхгүй бол муу юм их болно. Тэгэхээр би хар санаагүй, цайлган цагаан сайхан санаатай, эрч хүчтэй, баяр баясгалантай амар тайван байх тусам онгод тэнгэрүүд минь амар амгалан байх болно. Иймээс би хүүтэйгээ тоглуулан, тэдэнд дуу дуулж өгөн, сайн сайхан юмс ярьж, бас инээдтэй юмс ярьж байдаг юмаа.
За бүр Хаан болон Тэнгэрүүдийг ойлгохгүй юм гэхэд, Тэнгэрт миний эрт залуудаа нас барсан аав минь бий, Би түүнийг уурлуулан цухалдуулж, сэтгэл санааг нь үймүүлэн, хүчийг нь барж элдэв юм хийлгэхийг хүсэхгүй байна. Миний аав амьддаа эрхлүүлж үзээгүй зээ хүүгээтэйгээ Тэнгэрээсээ тоглон гэрэлтүүлж, нэг бол бууж ирэн үнсэн, өхөөрдөн ярьж , эрхлүүлж байхыг нь харахыг хүсдэг. Та бүхэн ч нас барсан ойр дотны хүмүүсээ сэтгэл тайван байлгахыг хүсдэг биз дээ. Яг л тийм санаа сэтгэл, хайр надад байж, би аавыгаа болон хэзээ ч хараагүй өссөн өвөг дээдсүүдээ амар амгалан байлгахыг боддог юмаа. Энэ бүхэн хэдүй болтол үргэлжлэхийг бүү мэд. Ямар ч гэсэн Хар Тийрэнгүүдтэй алалцах цаг ирэх учраас наана нь жаахан ч гэсэн тэднийгээ амар байлгах гэж Блогтой сэтгэгдэл хүлээн авахгүй байгааг минь ойлгоорой хүмүүсээ.
Бүр болохгүй тохиолдолд л дайн хийдэг. Гэхдээ тэднийг дандаа өөрсдөд нь өөрийнх нь миний эсрэг хийсэн явуулсан бүхэнг нь буцаад өөрт нь үржээд очуулдаг. Үүнээс л Өөдөө шидсэн чулуу Өөрийн толгой дээр гэж үг гарсан нь тодорхой. Тэнгэр лүү чулуу шидээд яахав дээ. Магадгүй би 6 жилийн дараа ирэхдээ өөр үзэл бодолтой, өөр ч болоод ирэх юм билүү хэн мэдэх вэ. Одоохондоо бол би удган болоод удаагүй нялх удган учраас муу бүхэнг сураад байхаас зайлсхийж байгааг минь ойлгоорой. Бөө хүн бол энгийн хүнийг бодвол маш их хэцүү амьдралтай, тийм ч хүсээд байхаар сайхан хувь тавилан биш гэдгийг хүмүүс ойлгоосой. Бөө бол Тэнгэрт тангараг өргөсөн цэрэг л гэсэн үг. Тэнгэрийн өгсөн хишгийг дураараа буруу зүйлд ашиглавал шүүлтэнд орох хуультай. Бөө болсон хүн ухаанаараа амьдрах ёстой байдаг учраас бөөн ядаргаа.
Хааны болон өөрийн үзэл бодлоо бас бодит болоод өнгөрсөн сонин хачинг л баримтжуулан хүмүүст мэдээлэх л гэж блог нээсэн. Эхнээсээ эхлээд дайрч давшилсан, доромжилсон, мэдэмхийрсэн, дарах гэсэн бөө удгадууд давшлаад эхэлсэн нь түвэгтэй, ажилд саадтай байна.
Мөн албаны хүмүүс айж болгоомжлон, зурагт, сонинд тавихаас цааргалсан юмаа. Энэ бүхэнд би ганцаардаж, хүч дутаж байгаа ч миний блогт зочилж сонирхсон хүмүүс нэмэгдэх тусам ухаантай, үнэн худлыг ялгах чадвартай билгийн мэлмийтэй хүмүүс олон байгаад баярлаж байгаа шүү. Та бүхэн л өөр хүмүүст дамжуулан ганц надад биш, Хаандаа, Тэнгэрүүдэд туслаж байгаад уйлмаар байна. Их баярлалаа.
Хэрэв Хаан болон Тэнгэрүүд догширвол тэдний гарт дэмий болгоомжгүй үг, бодлогогүй тэнэгээсээ болоод бичсэн, хэлсэн үгнийхээ төлөө дайн дэгдээх шаардлага үгүй гэж үзсэн юм. Тэдэнд хийх ажил маш их байгаа, бас намайг суралцуулах, мэдүүлэх шаардлагатай их үйл байгаа болохоор жижиг сажиг хэрүүл уруул хийж байх зав байхгүй болно. Ойлгох, дэмжих хүн ч олон байгаа нь тодорхой. Тэд бол ухаантангууд, Тэнгэрийн үрс учраас өөрсдөө хичээн, хүмүүст тайлбарлан таниулж, бас өөр бөө, бөө судлаач нараас асууж мэдэн Тэнгэр болон бүх юм амьтай гэдгийг л ойлгож, байгаль дэлхийгээ хайрлан, бие биенээ ойлговол л болно.
Хайраар бүхнийг эмчилж болдог гэж Дээдсүүд сургадаг. Эхний ээлжинд би Хааны "Эзэн би эргэн ирлээ" "Тэнгэрийн гэрэл" айлтгалуудыг тайлбарлан, надад задлан тайлбарласанг нь оруулж жижиг ном бичиж байгаа болно. Явахаасаа өмнө үүнийг бичиж дуусгаад тэр болгон интернетэд суугаад байх завгүй болон хөдөөний хүмүүст тарааж өгөх санаатай байгаа.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.