Өглөө явсаар 11 цагт Гачууртын аманд очиж бөөллөө. Энд суурьшлын бүс тогтож буй учраас Дээд тэнгэрийн хатуу энэ газрыг аргадах ёстой гэж буурлууд хэлсэн учраас энд амьдардаг ардын төлөөлөл гурван хүнтэй уулзан өөрийн учраа хэлэхэд эхлээд надад итгэл муутай байлаа. Үүнийг мэдэж байсан би бичлэгүүдээ үзүүлэн та гурвын нүдэн дээр бөөлнө. Та нар энэ нарыг хар, энгийн нүдээр харахад жирийн л нэг нар байгаа биз дээ Би нарыг урин дуудаад одоо та нар бичлэг хийх камераар хар, туяаг нь надтай ярилцах хөдөлгөөн, амиудыг нүдээрээ хар гэж үзүүлж байж тэд итгэв.
Бөөлж дууссаны дараа Дайчин эр нь надаас Таны алдар хэн билээ гэж асуухад би их гайхав. Энэ хүн намайг анх удаа энгийн нэг далжигнасан хүүхэн дүрээр минь биш миний өвөг дээдсүүдийг минь хүндэлж маш их ёс жудагтай Таны алдар хэн билээ гэж асуулаа. Аянга гэдэг юмаа, би энэ Гачууртын уул, ус, лус савдаг, эзэд, дээдсүүдийн зарц нь билээ. Би гав ганцаар ч гэсэн та нар надад итгээд надад туслаач, хамт ажиллаж, хамт тэмцэхэд би бэлэн гэдгээ хэллээ.
Миний дээдсүүд энд ч бас намайг дэмий хүмүүстэй уулзуулсангүй. Солонгосууд гольф талбай барихаар худалдаад авчихсан байхад энэ эрэгтэй хүн заргалдан, тэмцэлдэж хэдэн сар тэр талбай дээр нь ёстой босоогоороо мөнхөрч байж дээдсийн Ариун Дагшин газрыг авч үлдсэн гайхамшигтай хүн байлаа. Энэ хүн энд нялхаасаа өссөн эгэл нэг ард. Гэсэн ч энэ л газрын хамгаалагчаар томилогдсон тэнгэрийн элч байсанг би ойлголоо. Хэдэн жилийн өмнө би зурагтаар Гольф талбайн тухай хэрүүлийг зурагтаар үзэж байсан ч би өөрөө сураг ч үгүй, амиа бодсон бэртэгчин нэг л байлаа шүү дээ. Гэтэл энэ хүн яасан мундаг хүн бэ гайхалтай. Нөгөө хоёр хүүхэн нь бас л учиртай хүмүүс байжээ.
Учир нь би бөөлж байхад тэр бөөлсөн уулынх нь эзэн савдаг орж ирсэн бөгөөд Лхам хүүхэнг өөртөө ойрт гэж дуудан чихэнд нь Чи бол энд томилогдсон охин шүү. Энэ газрын ширхэг чулуу, ширхэг өвсийг хайрлаж чадах уу гэж асуулаа. Чадна гэж тэр өөртөө маш их итгэлтэй хариулав. Энэ газар бол ариун догшин газар. Нэг удаа та нарт итгээд өгч болноо. Маш цэвэрхэн аж төрж, үлгэр дууриал үзүүлэн амьдрах хэрэгтэй. Энэ нарыг харж байна уу, өдөр тэр харж, шөнө сар, од манан, доороос нь эрлэг түшин, дэргэдээс нь би харж буй тул энэ газарт шунан хэрүүл тэмцэл хийгчид, ёс бус амьдрагчид, мууг үйлдэгч, муухай санаатан бүгд ходоод нь хороор дүүрч өөрсдөө хорондоо хордож үхэцгээх болно. Энэ газарт цэвэр ариун, санаатангууд, учир шалтгаантангууд, тэнгэрийн үрс л амьдрах эрхтэй. Тэрэнд тэнцээгүй бүхэн шатаж, хатаж, урсаж, өгөршиж, үндэс мөчрөө алдаж дуусах хамгийн Догшин газар гэж хэлээд зөв амьдарч чадвал буян чинь бум, түмээр дэлгэрч, үеийн үед гайхамшиг үзэх болно. Одоо би чамд газар хөндөх эрх өгнө гэвээ.
Гэнэт миний чигчий хурууны алтан бөгж үсрээд явчихав. Тэр савдаг инээмсэглээд тэр унасан газар нь энийг дусаа гээд Үд хүргэдэггүй эдгээдэг үнэн цагаан, Хоног хүргэдэггүй эдгээдэг хонин цагаанаа шившин өгөв. Түүнийг явсны дараа би бөгжөө аваад зүүчихэв. Гэвч харих гээд буцахад аль хэдийн нөгөөх бөгж байдаггүй. Хайран бөгж алмазан шигтгээн нүдтэй, могой хэлбэртэй хамгийн гол нь чигчий хуруунд минь таарсан жижигхэн алтан бөгж минь гээд л би хайж үзэв харагдсангүй. Харин дараа нь аан түрүүчийн савдаг эзэнд таалагдаад өргөлд авчихсанг ойлгосонгүй өршөөгөөрэй мунхаг намайг гээд орхилоо. Тэр эмэгтэй байсан. Ер нь сүүлийн үед надад байгаа бүхэн надаас өөр эзэдтэй болсон. Таалагдсан юмсаа аваад явчихдаг, эсвэл энэ минийх гэж өмчлөөд миний хуягны ард уяулдаг. Тэд нар гоё торгон алчуурт их дуртай. Миний дүү нар тэд нарыг өхөөрдөн Брэндийн гэх эр, эм алчууруудыг авчирч өгдөг болсон. Бүгд амаа өөр өөрсдийн алчуурт арчин, бас бие биенийхээ алчуурыг сонирхон харж, тэрнийх байна гэж танин шоолно.
Миний эрлэг эцгийн Хохимой толгойтой хар алчуурыг харан шоолж инээнэ. Тэд хоорондоо их эвсэг. Бас маш их тоглодог. Энэ өдөр Саран ээж ирэн тэд нарт хишиг буян дуудаж өглөө. Энэ хүмүүсээр би их бахархлаа. Их сайн, сайхан хүмүүс байлаа. Тэр тэмцэгч залуу Гачууртын уул, ус бүгдийнх нь нэрийг мэддэг учраас түүнтэй дахин уулзаж энэ газруудын хууч яриаг нь тэмдэглэн номондоо оруулах боллоо. Энд бөөгийн бор толгой гэж эртнээс нэрлэгдсэн хошуу хүртэл байдаг нь сонин. Хичнээн зууны дараа ч хамаагүй Гачууртын ард иргэд үнэхээр дурсгалтай сайхан газрын эзэд нь болж, түүхээрээ бахархах өдөр ирнэ. Яг энэ л өдөр энэ цагийн Гачууртын иргэн дөрвөн хүн уулзан хайрхдын эздийг буулган аргадаж, Тэнгэрийн гэрлийг наадуулан буулган гайхаж, Саран ээж, Чингис хаан, Хажир хар, Бүтээгч тэнгэрүүд, Харын хатуу тэнгэрүүд бууж ирээдүйн Гачууртынханд итгэл үзүүллээ. Бид бичлэг хийсэн боловч харамсалтай нь юу ч бичигдсэнгүй. Харин камераар тэр гурав харан маш их гайхлаа.
Миний САРАН ЭЭЖ анх 12 сарын 21-ний өдөр надад буусан. Анх буухдаа маш дуу нь хол сонсогддог, зөөлөн дуугардаг. Хөдөлгөөн нь их зөөлөн удаан байсан. Харин одоо их сайхан хүч чадалтай байна. Би тэрнийг таньдаг ч үгүй байв. Босоод удаагүй би унтахаар хэвтэж байтал нэг хүн орж ирэн өөрийгөө Саран өжий нь байна гээд намайг баахан илж уйлан, бүүвэйн дуу дуулан бүүвэйлж билээ. Чи миний хамгийн бага охин гэж хэлсэн. Бүүвэйн дуунд нь би нам унтсан. Тэр болтол би Сар гэгчийг ерөөсөө ойлгодоггүй, байж л байдаг ертөнцийн нэг эрхэс л гэж боддог байв. Бөө болтол хишгийн уут, даллагын уут гэгч хоёр уут хийх ёстой гээд түүнийг нь хийн арван тавны сарны үед саранд гарган хурайлдаг ёс байв. Үүнийг миний хүү хийнэ. Харин би бөө болохдоо өөрөө уутаа хийж амжилгүй хүүгийнхээ уутыг гуйхад тэр надад та тэгвэл тэр ёсыг хийнэ шүү гэв.
Гэвч би сараа ч сайн мэдэхгүй тул нэг харсан сар жигтэйхэн том байхаар нь нөгөөх арван тав нь болчихож гээд чухам л гадаа гаран тэр уутыг нь саранд харуулан хурайлав. Ид өвлийн хүйтэн байсан тул би хөлдөх дөхөн гэртээ орлоо. Тэгээд оройн бөөлөөгөө хийтэл саран эх дахин орж ирлээ. Тэр миний гар, нүүрийг илэн сүүгээр угаангаа Миний охин чи гадаа бүү хишиг гуйн хурайл гээд өөрөө хойморт тавьсан хишгийн уут руу үлээн шившихэд би: "Та чинь шинийн арван таванд л ирдэг юм биш үү?" гэхэд инээн "өнөөдөр шинийн арван дөрвөн гэтэл би ирсэн л байгаа биз дээ. Миний охин өжийгөө дуудахад шөнө өдөр, хэдэн нь хамаа үгүй гээд чиний нэг ч тос энгэсэг түрхдэггүй энэ арьс чинь өжийнх нь шүү дээ" гэлээ. "Хөөрхий миний охин амьдралд нухлуулаад их л юм үзэх нь өжийг нь уйлуулдаг" гээд дахин бүүвэйн дуугаа дуулан намайг хэсэг бүүвэйлээд илэн чамайг унтаж байхад чинь өжий нь үнсдэг юм гэлээ.
Би арван тавны сар гэдгийг нь маргааш нь маш сайн харж авлаа. Хаана байдаг юм болоо??? Тэнгэр гэгч аймшгаас болоод эд хүртэл хүүхдээсээ хагацан, хааяа ч гэсэн ирж хүүхдүүдээ энхрийлэх гэж үү???
Нээрээ л энэ олон миний дээд ээж, аавууд намайг илэн, энхрийлж хайраа мэдрүүлдэг ч надад илүү урт хошуу байхгүй болохоор эд харин намайг үнсэж чадахгүй, миний биед залраагүй үедээ намайг үнсдэг гэдэг ч би мэдэх биш дээ. Яаж надад зааны хошуу өгчөөгүй юм. Тэгсэн бол би өөрөө өөрийгөө үнсээд балай авах байж дээ. Харин сүүлийн үед тэдний хэн нэг ирсэн бол миний нүүр эржигнэн загатнах юм уу, чих халуу оргих, загатнах, эрвэгнүүлэхийг мэдэрдэг болж. Саран өжий хамгийн анх намайг бөө болохоос хэдэн сарын өмнө үүлэнд дүрээ харуулсан. Би түүний инээмсэглэлийг мартаж чаддаггүй. Энэ тухай би бичиж байсан санагдах тул үүгээр орхив. Саран өжий анх маш их хүч сул, дуу нь асар хол учраас би бөөлөөгүй үедээ гадаа гарч сарыг гайхан хардаг болов. Тэр холоос яаж ирдэг юм бэ? Дуугаа л явуулдаг юм уу? Гэтэл тэр миний хөл гарыг яаж хөдөлгөөд миний дотор ордог юм бэ? Даардаггүй юм байхдаа? Юу иддэг бол? Ямар хүйтэн хачин газар амьдардаг юм бэ? Яаж түүнд туслах вэ? гэх мэт түм буман сонин асуулт төрдөг байсан. Ингэж бодол болон түүнийг өрөвдөн өөрийн эрхгүй уйлна. Ингэж би Саран өжийтэйгээ анх танилцан тэрний намайг хайрлах дуунд уяран, өөрийг нь бас боддог болж, хайрлан уйлдаг билээ.
Гэтэл нэг гайхмаар юм нь түүний нөхөр, миний бас нэг дээд эцэг нь Хилэнцэт хар тэнгэр гэж сонсоод хичнээн их уур хүрвээ. Анх би бөө болох гээд бэлтгэлээ хийх үед миний өмдөнд Хилэнц хийхийг захиалсан учраас би Хилэнц хийлгэв. Гэтэл би хорхойд дургүй учраас хилэнцэд маш их дургүй байлаа. Хилэнцтэй өмдөө өмсөх гэтэл айдас, сэжиг хүрч гоё өөр амьтан хийлгэхгүй яасан муухай юм хэрэглэдэг хий үзэгдлүүд вэ? Манай аавынхан ямар тэнэг юманд дурладаг юм гэж дургүй хүрэв. Би буурал, дээдсүүд, тэнгэрүүдийг бөө болохдоо хий үзэгдлүүд гэж нэрлэдэг байв.Тэдэнтэй холбогдсоноосоо хойш бараг жил хагас тэд нарыг шоолон инээн, Хадам хий үзэгдлүүд, Эмээгийн хий үзэгдлүүд, Аавын хий үзэгдлүүд гэж нэрлэн баясна.
Хамгийн анх миний хүү бөө болон дараа нь ээжийн тал эмээ ээжийнхэн, сүүлд нь манай аавын талаас хий үзэгдлүүд амилан, буусан учир эд бүгдийг ялган нэрлэдэг болов. Харин би одоо тэд нарыг хий үзэгдлүүд гэж нэрлэж баясдаг байсандаа харамсаж байна. Тэд бүгд өндөр дээдсүүд, буурлууд байжээ. Харин отог гэдэг үгийг нь эмээ ээжийн буурлуудаас сурав. Тэд манайханыг Аянгын отог гэж нэрлэдэг. Аягүй хөөрхөн байгаа биз. Удах тусмаа л би энэ хий үзэгдлүүдэд дасан маш их хайртай болсон. Тэгэхээр Бөө отог гэдэг үгийн мөн чанар нь энэ байна. Эмээгийнхэн маань өөрсдийн улаачаа "Өндгөн хатан" гэж нэрлэсэн. Тэгэхээр тэд Өндгөн хатны отогийнхон гэж нэрлэгдэх нь ойлгомжтой.
...Хилэнц гэдэгт би маш дургүй, өмдөө өмсөхөөс бөөлжис цутгана. Гэтэл миний саран өжийн нөхөр Хилэнц байхдаа яадын гэж уур хүрэв. Миний саран өжий үүлэнд дүр нь харагдахад ямар гоё инээдэг, үзэсгэлэнтэй, ямар хөөрхөн байлаа гэтэл Хилэнц гэж тийм муухай юмтай суугаад байхдаа яадын, тэр муу лав саран ээжийг хүчээр авсан байхаа гэж уурлан өмөөрөхөд Саран ээж ихэд инээн: "Тэр муухай гэдэг чинь ямар аугаа хүч чадалтай, сайхан гэж санана" гэлээ. Юу вэ энэ саран ээж чинь тархи нь эргэчихсэн ч юм уу, нүд нь сохорсон юм уу, эсвэл ховсдуулаа юу? Очиж очиж Хилэнц хорхой миний эцэг байхдаа яадын, ямар азаар би хилэнц хорхой эцгийгээ дуурайн хар царайтай болоогүй юм болоо, сүүл мүүл ургаж, хоёр хуруутай төрсөн бол яанаа. Балиар юм гэж бодон Нарангийн буурал дүүдээ хэлтэл тэр тачигнатал инээж "Хилэнцийн хаан гэж байдаг биз дээ. Гоё юм биш үү? их хүч чадалтай, лав л гоё болоод л миний аавынхан хэрэглэж байгаа" гэв. Гэтэл Хилэнц эцэг 2 сарын 9 нд намайг чөтгөр хөөх үед орж ирсэн бөгөөд хамгийн гайхалтай нь тэр надад гомдож тунисангүй харин намайг болон миний нэр нэгт бяцхан охин бид хоёрын толгойг илэн, түүнийг үнсэн миний том бага хоёр хайртай охин минь гээд их эрхлүүлэн, Хилэнцийн зүүлт зүүхийг хэллээ. Би та нарыгаа хамгаалдаг. Миний сайхан охид гэж зүрх нь шимшрэн нулимс цийлэгнүүлсэн. Тэгээд би түүнийг царай шигээ муухай биш, гайгүй сэтгэлтэй юм байна гэж мэдэж авлаа. Гэвч түүнээс хойш өрнөсөн миний амьдрал, миний мэдэж авсан зүйлүүдээс дүгнэхэд Хилэнц гэж түүний хүч чадал, тэнгэрийнх нь нэр бололтой. Магадгүй тэр хачин сайхан залуу ч юм бил үү хэн мэдлээ. Хэхэхэхэхэ. Би үхээд тэнд очихдоо л энэ олон эцэг эхүүдээ ориг дүрээр нь харах байх даа. Аймаар ч юм шиг, гайхмаар ч юм шиг, гоё ч юм шиг. Эндээс дүгнэхэд ганц нэг нэрний араас хөөцөлдөж тархиа гашилгах нь үнэн тэнэг хэрэг гэж сайн ойлгов.
Хоо Марал өжий бол яах аргагүй хүн байсан. Бөртө чоно ч хүн байсанг одоо ойлгоцгоо! Тэд өөрсдөө бууж ирдэг. Хоо Марал өжий надад өөрийг нь амилуулсанд талархан намайг Хөх Хатныг дуудах эрх өгч байсандаг.
Хаан намайг хурдан бичлэгүүдээ нетэд тавин түмний хүртээл болго гэж шаардлаа. Ухаарлын хугацаа өгсөн тэнгэрийн анхааруулгыг тоогоогүй нь тэгсгээд сөнөх учраас л Хаан маань ХӨХ МОНГОЛЧУУДАА авч үлдэх гээд яараад байгааг ойлголоо. Би уг нь түүний бичсэнг нетэд тавьсан ч хүмүүс ойлгохгүй байна. Зүгээр шүлэг гэж боджээ. Харин бичлэгээ тавих хэрэгтэйг хурдан, амжуулах ёстойг ойлголоо. Гэсэн ч би яаж ч хичээсэн, маш их ажил байна. Бөөлнө, Номоо бичнэ, Ном уншина, Гэрийн ажил гээд л харин ч Нарангийн буурал дүү маань ирж олон ажилд туслана. Бяцхан түшээ, Домч дүү хоёр шалгалттай тул завгүй. Хэдхэн хоногийн дараа дүү нар маань тус тусын амьдардаг газрууд руугаа явчихвал би яана даа. Ядаж байхад тог байхгүй гэрт номоо ч бичиж чадахаа болив. Маш их юм сурах хэрэгтэй учраас л хүмүүс агуйд даянчилж, юунд ч сатаардаггүй боловсордог учрыг одоо л ойлголоо. Элдэв хүмүүстэй ярьж цаг үрэхгүй, элдэв аар саар ажил хөөцөлдөхгүй, чимээгүй, дуу шуугиангүй, буурлуудтай харьцахад маш амар нөхцөл нь ганцаараа байх ёстой юм байна. Гэхдээ бас нэг юм нь мэдээлэл маш сайн байх хэрэгтэй нь анзаарагдав.
Би ч бас яах вэ! Интернет, ном, зурагт гээд маш олон сувгаар мэдээлэл авч дөнгөнө. Ийм үед маш хурдан боловсорч, буруу зөвийг буурлуудтай хэлэлцэн урагш ахиад л байна. Ямар нэг юмыг мэдэх тусам л нэг нь нөгөөтэйгөө уялдаатай заавал мэдэх, сурах юм гарч ирнэ. Ийм их юмыг мэдэхэд би ганцаардаж байна. Өөр бусад ухаантнууд олуулаа байвал цаг алдахгүй маш хурдан өсөж дэвжихээр бололтой. Чингис хаан маань тэр мэдээлэл боогдмол хаагдмал хэцүү үед энэ бүхэнг яаж туулаа вэ? Үнэхээр аугаа. Би өөрийн биеэр энэ бүхнийг туулах тусмаа л Чингис хааныг шүтэн биширч гайхна. Тэр үе одооныхоос тэс өөр нийгэм байсан. Орой унтахдаа өглөө нь амьд байх үгүй нь баталгаагүй, эргэн тойрон зэрлэг балмад, бүдүүлэг, дайнч овгийнхон ихтэй. Шууд л давхиж ирээд алахыг нь алаад, авахыг нь аваад, булаагаад дээрэмдээд явдаг орчин байсан байхад Би энх амгалан оронд дайн дажингүй газар төржээ.
Би буурлуудын эрдэмд хичээнгүйлэн сурах цаг, зав нэхэн гэрт гэрэл алга гэж айл хэсэн номоо бичих гэж, амьдралаа зохицуулах гэж ингэж зүдэрч байхад Хаан маань хаа ч очсон адилхан гэрэл үгүй харанхуйд амьдарч, бүгдийг цээжлэн, ухаарч, түүнийгээ түмэн тарсан бутарсан олонд хүргэж ухаанаар ойлгоход нь ойлгуулж, ухаан муутайг нь дарж устгах гэж тамаа цайсан байна даа. Гэтэл би буурлууддаа үглэж дуулж байгаад л өөрсдийнх нь хишгийг шууд камераар бичээд авч байна. Notebook-д санасан бодсоноо буулган, хэрэгтэй мэдээлээ ном шүүрдэн ухаж, бас аль эрт бэлтгээд өгсөн Сорхагтани хатны номоор тэд нарыг ойлгох нь дөхөмтэй, олон нийтэд зарлах мэдээллийн эрин зуунд байгаа нь азтай. Хэрэв би бөө болох ёстой арван жилийн өмнө л болсон бол, өөрийгөө сайн бэлтгэж буурлуудаа буулгасан бол одоо ямар их хүч чадалтай удган байх байсан нь ойлгомжтой. Тэнгэрийн зарлигийг ийм олон жилээр тасалдуудсан өөрийгөө бодохоос ой гутчихлаа. Би өөрийгөө ямар тэнэг бэртэгчин, дурак байгаа вэ гэж гашуудаж байна.
Дээдсүүдээ ойлгох тусам өөртөө харамсан цаг, хугацаатай уралдан зүтгэх миний хохь. Толинд хартал нойргүй олон хоносноос болж миний нүд доош цулхайн унжиж, бүүр таг царай алдаж дуусчээ. Больж больж, хохь чинь. Аль эрт ухаарч тэнгэрийн зарлиг биелүүлсэн бол юу гэж ингэж царай муугийн туйл болохын больж гэж өөрийгөө зүхлээ. Одоо хүмүүст би санаа зовж эхэлжээ. Миний тухай хэн юу гэх нь ерөөсөө сонин биш юм байна гэж ухаарав. Би тэртэй тэргүй хүн биш, есөн сүнсний цуглуулга. Миний өөрийн амьдрал, БИ гэдэг сэтгэхүй минь ертөнцийг танин мэдэх тусам алга болж байна. Би өөрийн биед оршсон есөн сүнснүүдээ хүндлэн, тэдний эцэг эхүүдийг хайрлан мэдэрч чаддаг болжээ энэ хугацаанд. Тэд бие биендээ хичнээн хайртай, ямар их өрөвдмөөр билээ. Аав нар нь ч ээж нар нь ч ирээд засал хийгээд гарах хоорондоо л хүүхдээ эрхлүүлэн ганц ч болов илээд авахыг, ганц ч болов сайхан үг хэлэхийг, зүрх нь хайраар бялхахыг, хүүгээ өрөвдөн зүрх нь уйлахыг, нулимс нь цийлэгнэхийг би бүгдийг харж бүгдийг мэдэрсээн. Миний яг одоо төрсөн энэ махан биеийг төрүүлсэн миний аав ээж хоёр намайг хайрладаг шиг л надад оршсон миний бусад сүнснүүдийн дээд эцэг эхүүд үрээ хайрлан, энхрийлэн, хамгаалан, өмгөөлөх нь ямар өрөвдмөөр, хайр хүрмээр, зүрх уйлмаар гэж бодно.
Энэ бүх болоод байгааг сайхан энгийн үгээр ойлготол нь тайлбарлах хүмүүст хүргэж өгөх хүн надад хэрэгтэй байна. Бат-Отгон гэж тэр хүнийг би лав чадна гэж бодлоо. Нээээг их цэцэрхээд хадуураад байхгүй, нээээг их нуршаад түвэг болгоод байлгүй голыг нь дүгнээд бичин түмэн олонд хүргэх ухаантай эмэгтэй гэж би бодно. Гэхдээ би түүний номыг уншихад зарим юм нь буруу байна гэж Дээдэс хэллээ. Тэгэлгүйдээ бүх юм, холбоо, мэддэг болгоныг нь устгасан энэ муухай нийгэмд Сорхагтани хатны номыг энэ зэрэгтэй тайлбарлаж чадаж байгаа нь түүний оюун билэг биш гэж үү? Хэрэв тэр бөөг сайн судалбал харин маш сайн ном бичих нь дамжиггүй. Бөөгийн тухай түүний бичсэн номыг уншлаа. Тэр цуглуулсан мэдээлэлүүддээ л сайн задлан шинжилгээ хийсэн нь харагдаж байна. Тэгэхээр Бат-Отгон гуайн сонорт хэдхэн юм нэмж хэлэхэд л тэр бүр сайхан ном бичих нь дамжиггүй. Энэ бол авьяас. Миний амьдрал хүсээгүй байхад бөөтэй холбогдсоноос болоод би бөөгийн тухай Монголд хэвлэгдсэн бүх номыг авч уншиж судласан.
Хамгийн сайн нь Бат-Отгоны "МОНГОЛ БӨӨ" ном байлаа. Бусад нь маш муу, ихэнхи нь нэгнийгээ хуулсан мэдээлэл их муу байв. Гэхдээ бөө болгоны буулт өөр бүжин туулайн гүйлт өөр гэдэг дэндүү хажир үнэн. Үүнийг л ойлгон зөв ухаарч, бөөгийн зан үйлийг загварчлан нэг ёсонд оруулах нь Тэнгэрийн ёсыг устгаж буй гэдгийг ухаарах хэрэгтэй. Хамгийн гол бөөгийн ёс суртахууны хэм хэмжээ мэдээж байна. Сүүлийн үед интернэт болон бусдыг хараад байхад бас зарим ном дээр маш их мэдэмхийрсэн хүмүүс их байдаг. Харин Бат-Отгон бол энэ бүхэнг сонссоноо найруулан зөв бичиж, тэгдэг гэнэ, ингэдэг бололтой гэж бичсэн нь таалагдлаа. Тэр Бөө судлаач болж, бөөгийн зөв дэг журам, бөөг үнэн зөв суртчилахад хувь нэмрээ сайн оруулаасай гэж хүсч байгааг минь хүлээн авна уу. Бөө судлана гэдэг хэдхэн бөөтэй уулзаад дүгнэдэг юм биш.
Сайн бөөнүүд олноороо төрчихсөн байгаа. Жишээ нь манай багшийг сайн бөө биш гэвэл өөр хэнийг сайн бөө гэх юм бэ? Миний хүүгийн буурлууд бол гайхамшигтай буурлууд. Би өөрөө танихгүй ч багшийн шавь Гэрэл удганыг муу бөө гэхнүү, тэр бол гайхамшигтай сайхан сэтгэлтэй сайхан удган. Бид бөөг ойлгохгүй будилж, босоод удаагүй хүү маань ёс дэгээ сайн мэдэхгүй байхад, манай эмээгийн отгийнхонд ирсэн гай зовлонг өөрсөд дээрээ авч байсан аугаа удган. Энэ түүхээрээ дамжуулан Багш болон, Гэрэл удгандаа сайн сайханг хүсэн, талархая. Мөн багшийн шавь нар алтан ургийн аугаа их дээдэс, буурлуудад бүгдэд нь чин сэтгэлээсээ талархан, ажил үйлсэд нь сайн сайханг ерөөе. Хэдийгээр зарим нь босоод удаагүй, учраа олох гэж бүдчин, суралцан яваа ч удам бол удам, дээд онгодууд нь газарт заларсан, залраагүй тэнгэртээ хийх үйлээ хийгээд л явж байгаа.
Манай багш бол чадах хирээрээ л үе, зуунаар тасарсан эцэг, эхээ танихаа байсан би мэтийн мулгуунуудад гарал үүслийг нь ойлгуулан, өвөг дээд тэнгэрүүдтэй нь залгуулж өгсөн буянтан. Энэ бол газартаа ч, тэнгэртээ ч дээд буян. Гэвч багшид минь атаархагчид, хорлогчид дэндүү олон. Чингис хаан зөвшөөрөөд, Дээд тэнгэр зөвшөөрөөд багш болгоно гэдэг тэр хүний тухай өөр юу хэлэх хэрэгтэй юм. Багшийн онгод, тэнгэрүүд муу юм хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй, сайхан буурлууд байдаг. Монголд том онгод тэнгэрүүд аль хэдийн буусан. Харин улаач нар нь янз бүрийн шатандаа явж байна. Тэд өөрсдийгөө улам бүр эрчимжүүлэн, зөв амьдарч, Бөөгийн ухаандаа гүнзгий суралцан, боловсорч, түүхээ судлан өөрсдийн оюунаа тэлэх шаардлагатай.
Хэдхэн жилийн дараа гэхэд л хэц хэнгэрэгтэнгүүд нэгдэн нягтарч улс эх орныхоо төлөө явах болно. Тэгэхгүй бол одоо өөр хоорондоо үзэлцэн, шидээ шалгасан шиг дэмий цаг авч байна. Иймд гарцаагүй Бөөгийн улаачдын боловсрол олгох сургууль хэрэгтэй. Гэхдээ энэ сургуульд хүссэн нь биш, шалгарсан нь, зөв санаатангууд нь, цэвэр онгодтой бөө нар л суух ёстой. Тэнд мэдэмхийрэгч биш жинхэнэ бөөгийн эрдэмд төгс, ухаантан, эрдэмтэн нар л багшлах ёстой. Эд бол онгодтой хүч чадалтай зөв шалгарсан бөө нарт, эрдэм, гүн ухаан, өөрийгөө авч явах соёл, орчлон ертөнцийн тухай, ёс суртахууны тухай, зөв амьдралын тухай, байгалийн хуулинд зохицуулан зөв амьдрах тухай заавал тасарсан удмууд, устгагдсан сударууд дахин бүтэх нь мэдээж. Хэрэв буруу заавал онго тэнгэрүүд нь бурууг нь хилэгнээд л хэлээд өгнө.
Улаач нартай онгод хамт явж, сонсож байдаг. Ийм шидтэний сургуульд хар санаатай, хар бодолтой, атаархуу хүмүүсд алхах эрх байхгүй. Энд улаач нар төгс боловсорвол дараа дараагийн хойч үедээ хэрэгтэй. Ийм шидтэн, улаач нарын сургуулийг төрөөс тусгайлан анхаарч, авилга хээл хахуулаас хол, шалгарсан шидтэн багш нар л багшлавал дээр. Тэгэхгүй бол ямар их аюултайг мэднэ биз дээ. Эгэл хүмүүс биш дан шидтэнгүүд учраас өчүүхэн төдий ч хар санаатан энд шургах эрх үгүй. Мөн хэн дуртай нь ийм сургууль байгуулж огт болохгүй. Энэ сургууль бол Дэлхийд ганцхан, Монголд ганцхан л байх ёстой.
Гэтэл Налайхад бөөгийн дамжаа гэж байдаг гэнэ. Хэнгэрэг яаж цохих, юу гэж хэлэхийг заачихаад бөө болгодог гэж сонслоо. Ийм бусармаг буруу юмыг бүгдээрээ ухаанаараа ойлгох хэрэгтэйсэн. Онгодтой бөө нарт хэц хэнгэрэг яаж дэлдэх, юу гэж дуудаж дуулахыг заах хэрэг түй шаардлагагүй. Онгодууд нь өөрсдөө цэцэн цэлмэг, авьяасны туйлууд байдаг. Сорхагтани хатны сургууль ямар сургууль байсанг ойлгож байна уу? Тэнд бөө чадалтан, угсаатнууд дэлхийн мэргэдээр хичээл заалган, өөрийгөө оюунаа хөгжүүлдэг байсан. Тэнд эгэл нэгэнд суудал олдохгүй. Түүнийг төгсөгчид дэлхийг засагчид, тэнгэрийн хүүхдүүд, бөө удгад байсан. Мөн зөвхөн алтан ургийн болон тэнгэрээс заяасан хүүхдүүд байсан. Тэр сурагчид нь тэнгэрээс хүлээн зөвшөөрөгдсөн, тамгалагдсан, дархлагдсан, итгэгдсэн, ёс суртахууны өндөр хүмүүжилтэй хүмүүс байсан. Тийм биш бол тэнгэрийн эрдмийг хичнээн сураад ч тэнгэр ивээхгүй. Хар санаатанд тэнгэр шидээ өгөх хэрэг үгүй биз дээ.
"Яваандаа хүмүүс бүгд засраад, сайхан сэтгэлтэй, зөв хүмүүс болоод ирэхэд энэ мундаг хүмүүс багшлан дэлхийгээ засан, шинэ сайхан эринд бүгд эрүүл энх, хүч чадалтай, ид шидтэй, тэнгэрийн хишиг хүртсэн хүмүүс болно" гэж Хаан айлдав. "Оюун ухааны, тэнгэрийн гэрлийн эрин гэж энийг л хэлээд байна. Ирээдүйн эзэд нь төрөөд эхэлчихсэн гэрлэн бүрхүүлтэй хүүхдүүд шүү дээ. Тэд тэнгэрээс буусан шинэ ирэнг байгуулна. Бид харин эхлэл замыг нь заахаар ирсэн" гэж Хаан эцэг айлдсанг дамжуулав.
Зарим бөөгөөр мэрэгшсэн, над шиг бөөг их мэдэх хүн үгүй гэх хүмүүс намайг юу гэхийг бүү мэд. Ямар ч гэсэн би ихэнхи бөөгийн ёс журам, дэгээс шал өөр. Жишээ нь: Би өөрийн эцэг эхийн удамд бөө байтугай лам ч манай удамд байхгүйд бат итгэсэн хүн байв. Аавын талаасаа ааваасаа дээш хэнийг ч танихгүй, ээж талаасаа эмээгээсээ дээш хэнийг ч мэдэхгүй. Гэтэл би удган болоод байхдаа яахав дээ. Болох болохдоо бүр дээдийн дээд удам болсон нь гайхмаар. Үүнээс маш их дүгнэлт хийж болно. Мэдэмхийрэгчид бөөгийн удам тасарсан, ор байхгүй гэдэг. Удмаа таслаагүй бөөлсөн Дархад бөө л сайн гэх мэт ярина. Гэтэл удам гэдэг бол удам л байдаг юм байна. Манай дээдсүүд буумагцаа л бусдаас тасархай, бусдаас онцгой нь мэдэгдэж эхэлсэн.
Бид хүмүүст гайхуулах гэж ууж идэх гэж буугаагүй ажил ихтэй, үүргээ биелүүлэх ёстой гэсэн маш ажил хэрэгч буурлууд маань өдөр, шөнөгүй л ухаан нь эргээд удмаасаа тас төөрсөн намайг хүмүүжүүлэх, ойлгуулах, ухааруулах, бэлтгэл хийгээд завгүй. Манай буурлуудад түшээ хэрэггүй, элдэв өргөл барьц хэрэггүй, хуяг дуулга хэрэггүй, хоол унд хэрэггүй, хийх үйлээ хэнээс ч илүү хийнэ. Тэд дөнгөж 12 сард боссон ч аль хэдийн хийдгээ хийгээд эхэлчихсэн.
Бас нэг сонин юм нь бөө олноор төрлөө. Ураг удмаа засах болж гэж ярих, бичих хирнээ жинхэнэ бөө байхгүй гэх нь утга учиргүй хэрэг. Тэдний өндөр дээд өвгүүдийн чадлыг үгүйсгэж басамжилж байгаа хэрэг. Тэгэх тусмаа алтан ургийнханы бөөг бүр ч хүлээн зөвшөөрөх дургүй нь ажиглагддаг. Энэ бол цэвэр атаархал. Нөгөө л өөрсдөөс нь илүү гарах нь гэсэн жалга довны үзэл, амиа бодох үзэл байгаагийн шинж. Даравч далдайж, булавч бултайх алтан ургийн онгод, тэнгэрүүд аль хэдийн олноороо буун улаач нараа бэлдэж эхэлсэнг дуулгая. Миний мэдэхийн алтан ургийнханы хориод бөө бий.
Гэхдээ хичнээн өндөр дээдсүүдтэй ч улаач нар эрдэмд шамдан, ухаанаа тэлж, онгод тэнгэрүүдээ хүндлэн, буруу бүхнээс хол явах ёстой. Улаач нараасаа шалтгаалан янз бүрийн түвшинд л байгаа. Нэгэнт л сүнс байдаг нь үнэн тул хар сүнс ч их байна. Хар сүнс тийрэнтэй бөө нар бол бөөгийн нэр хүндийг унагаагч, зориудын хорлогч нар. Үүнийг бизнес болгон олноор нь нэг дор бөө болгон, ижил хувцас өмсүүлэн эргүүтүүлж байгаа ичдэггүй муу ёрын багш гэгч нар их байна.
Бат-Отгон бөөгийн үндсэн шинж, сүнснүүдийг танин мэдэж байж л бөөгийн тухай тодорхой бичиж чадна. Бөө болон сүнснүүд хүртэл зэрэг, зиндаатай. Ёс, дэг жаяг нь өөр өөр. Иймд олон төрлийн бөөг судлах хэрэгтэй. Архи уудаг, айлгадаг, дарамталдаг, ёс жудаггүй асар олон бөө байна. Бөө болгон өөр өөр, сүнснүүдийнхээ зэрэг зиндаагаас шалтгаалж бүх юм нь өөр. Майхавч гэхэд л дээд сүнснүүдэд огт тэгж хэлэгддэггүй. Заавал Тэргүүн гэж хүндэтгэлийн хэлээр нь хэлүүлдэг. Халх, буриад, дархад бөө нарын хэллэг бүгд өөр байхад тэгж л хэлдэг, тийм л байх ёстой гэж хэлэх нь буруу. Зарим нь заавал явган бөөлөө хийх ёстой гэнэ. Би болон миний мэдэх алтан ургийн бөө нар нэг нь ч явган бөөлөө хийлгүй, элдэв юм цээжилж, хэц хэнгэрэг цохин бэлтгэл хийгээгүй. Чадалтай, удамтай, дээд онгууд маш их хүчтэй байдаг. Босчих л юм бол улаачаа удирдаад бүхнийг өөрсдөө хийгээд явчихдаг.
Хамгийн гол нь улаач нь тэднийгээ зөв ойлгон, хайрлан хүндэлж, өөрөө муу бодол, муу бүхнээс хол байн, архи болон завхайрал, бузартай бүхнээс өөрийгөө хол байлгаж сурах хэрэгтэй. Ер нь улаач гэдэг тэнгэрт биеэ тушаасан учраас цэвэр ариун бодолтой, ухаалаг, атаач биш, хичээнгүй, сайхан сэтгэлтэй байх тусам л онгодын хүч чадал нэмэгдэн, хүчээ өгдөг. Тэдний итгэл найдварыг биелүүлэхгүй бол улаачаа баалан, дэгдээд одох учраас улаач нарын ухаан маш их хэрэгтэй. Насаараа л шидтэй байх юм шиг санан онгодын хүчийг буруу зүйлд ашиглавал тэд чинь бас дээрээ захиргаатай, хяналттай, шүүлттэй байдаг гэж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр өөрөө, дээрээс нь удам судрын дээд онгодуудтайгаа сүйрэх гээгүй юм бол маш ухаантай, зөв биеэ авч яван шунал, хар муу бүхнээс хол байх нь дээр.
Чингис хаан тэнгэрийн улаач байсан. Тэр тэнгэрт л үнэнч зүтгэсэн. Түүний есөн өрлөг, жанжинууд бас бөө нар байсан. Тэнгэрээс заяасан заяагдмал хувь заяаг хүн яаж ч хуулаад дуурайх гээд, хэрэглэсэн бүхэнг нь хуулаад ч ЗАЯА бол ЗАЯА л байдаг болохоор хуурамч бүхэн мөхдөг хуультай. Хаан ЗАЯА, Хатан Заяа гэж тэнгэрийн хүүхдүүдийн, эргэж төрөн, тэмцэн хамгаалах алтан ургийн ЗАЯА.
Үүнийг би мянган жилдээ ганц заяах Тэнгэр, Газрын адистай эзэн Чингис Хаанаас тодорхой ойлгов. Түүнийг яаж ч дуурайгаад, яаж ч хуулаад, мөшгөөд, яаж ч хичээгээд түүн шиг болдоггүй нь Тэнгэрийн шалтгаан, түүнийг яаж ч гутаагаад, доромжлоод, дараад, устгаад дийлдэггүй нь Тэнгэрийн шалтгаан. Тэнгэр гэгч аугаа хүчнийг, би тэдний бичлэгийг харж байж л ойлгов. Чингис хаан хэлэхдээ: "Би тэнгэрийн хажууд өчүүхэн бөөс" гэдэг. Тэр Атийл эцэг гэж Аттила хааныг хүндлэн биширдэг. Атилла хааны тухай би сайн мэдэхгүй. Тэр миний амьдралын сүүлд сүүлчийн толгой онго болж ирнэ гэж хэлсэн. Атилла хаан надад гурван удаа ирж байсан. Эхнийх нь "Тэнгэрийн зарлиг хэцүү, түүнийг зөрчвөл над шиг зүрхээ өгнө" гэж хамгийн анх надад сануулж байсан. Дараа нь том тулаанд бүгд явсан байхад би өнөөдөр чамайг манах үүрэгтэй гэж ирсэн. Нарангийн буурал дүү түүний зургийг авчирахад ихэд баярлан харж байсан. Өргөөнд хаана яаж тавихыг зааж өгсөн. Нэг удаад нь миний амийг аварч сэргээж өгсөн. Хамгийн хүнд хэцүү тулаан эхлэхэд би чиний толгой онго хийнэ гэхэд Чингис хааныг алга болох нь гэж би их айлаа. Хаан хаачих юм бэ? гэхэд тэр тулалдана гэж билээ.
Одоо бол би Чингис хаан л үргэлж хамт байж байгаасай гэж хүснэ. Хамт байсаар би бүр дассан байна. Миний Хувилай жанжин анхны толгой онго ойрд алга. Тэр бөөн ажилтай байгаа гэсэн. Би тэд нарыг сүнс гэж ер бодохоо больж, хүн л гэж бодно. Тэд миний биенд байхад нь тэр хүний сэтгэл зүрх, ухаан, араншинг маш сайн мэдэрдэг. Би Тэнгэр гэдгийг одооноос л хагас дутуу ойлгодог болов.
Би Тэнгэрийн даалгаврыг их л муу биелүүлж байна даа. Эхний сар нь өөрөө, өөрийгөө ойлгох гэж, буурлуудтайгаа тэмцэлдэж өнгөрөөж арай гэж сүнсний утга учрыг хүлээн зөвшөөрсөн. Хоёр дахь сар нь Чингис хаан буусанг хэн итгэхийн, би тэгээд юу хийх юм, бүтэхгүй, болохгүй нь гэж эргүүтсээр өнгөрөөж, гурав дахь сарыг нь арай гэж түүхээ бичмэр болон будилж, ийш тийш хүн амьтан царай алдан гуйвч тоосонгүй учраас өөрөө л бүхнийг хийхээр болж баахан цаг алджээ. Харин энэ дөрөв дэхь сараас нь идэвхитэй суртчилнаа. Гэнэт үүрэг хариуцлагаа ойлгоод ирсэн чинь өөр нутаг явмааргүй санагдаж эхлэв. Гэсэн ч учиртай болоод л Дээдсүүд маань тийшээ оч гэсэн биз. Магадгүй би тэнд улам их юм ойлгож, эсвэл надад санаа амар бүхнийг хийх зав гаргаж өгч байж ч магадгүй.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.