Tuesday, September 6, 2011

Овог, Отгийн тухай


Овгийн тухай хүн надаас асуусан бөгөөд би түүнд энэ талаар өөрт тохиосон түүхээ бичихээ амласан учраас бичиж байна.
Монголчууд маань өөрийн аавын л нэрээр өөрсдийгөө нэрлэх улс төрийн хар бодлогын золиосоор өвөг Дээдсээ мэдэхээ больсон түүхтэй. Ихэнхи Монголчууд овог сэргээх шийдвэрээр хэн юу гэж бодно тэр бүрээ авсан байдаг. Жишээ нь би өөрийгөө Боржигон гээд л авчихсан. Энэ талаар юу ч миний толгойд юм бодогдоогүй. Энд тэндгүй ийм овог хүмүүс авдаг юм чинь яадын л гэж бодоо байлгүй. Миний нэг дүү намайг дуурайгаад л Боржигоноджээ. Харин нөгөө хоёр дүү ээжийг дуурайгаад л Харагчинджээ. Ээж сониноос харж байгаад тэр хавьд нутагладаг хүмүүсийн овог гэхээр нь хуулаад л Харагчинджээ. Гэтэл ээжийн хамаатнууд бас бүгд өөр шахуу. Нэг нь Өө би гал сайн түлдэг юм чинь Галч гэсэн овог авнаа гээд л өөрөө зохиогоод дүү нь дуурайж, түүний хүүхдүүд нь Галч болоод хувирсан байна.
Гэтэл нэг нь манай аав ан сайн хийдэг хүн байсан Анчин гэж авнаа гээд л дур дураараа бөөн овгуудыг үйлдвэрлэсэн байна.  Миний аавын талынхан ямар овог авсанг бүү мэдээ.
Овог гэж хүний амьдралд ямар их үнэ цэнэтэй, бахархалтай, их зүйлийг, түүхийг, онцлогийг харуулдаг гэдгийг даанч санасангүй явлаа. Гэтэл одоо би Монголчуудыг маань нялуун дайнаар бүгдийг хүн биш сармагчин болгож байгаад ертөнцөөс арчих байсан тэр бузар хорон муу санаатай гадныханыг үзэн ядаж байна. Дахиад 100 жил социализм үргэлжилсэн бол бид бүтэн сармагчингууд болох байжээ. Хэрвээ олон айл овог отгоо мэддэг байсан бол бид арай л өөр байх байсандаа.
Дэлхий дээрхи бүх хүн нэг хэлээр ярьдаг, нэг ижил амьдардаг, нэг ижил байшин барилга савтай бол ямар уйтгартай амьдрал бий болохыг төсөөлөөд үз. Та хаана ч очсон бүгд нэг хэлээр ярина. Ижил орон сууц, барилга машин текник. Ийм юм чинь хаа ч очсон адил юм чинь хүн хаашаа ч явах сонирхол төрөх үү? Хүн гэдэг сониуч, уйдамхай амьтан байдаг. Та төсөөлдөө энэ дэлхийд Монгол гэж дугуй цагаан гэрт амьдардаг хүмүүс алга болбол бүгд байшин барилгад амьдарч, англиар ярьж, хотын амьдралаар амьдарвал  европынхонд бид Хятад, Япон, Солонгос гэх шар арьстнууд шигээ л адилхан харагдана. Би хүртэл энд ирэхдээ харлачихсан ирэхэд эндхийнхэн манай улсын иргэн гэж андуурч байна гээд боддоо. Гэгээн санаа нь зовоод таныг нэг хүн хятад нөхөртэй манай авгай гэсэнг сонсоо биз дээ. Та нүүрээ сайн савандаж угаагаад, усаар сайн зайлах ёстой шүү дээ. Нүүрээ сайн угаагүйгээс ингэж хэлж байгаа юм гэж билээ.
Хэрвээ энэ дэлхийд Япон хүн үгүй бол юутай уйтгартай санагдах вэ? Модон шаахай өмсөөд тог тог шогшоод нүүрээ цав цагаанаар буддаг сонин. Энэтхэг хүн байхгүй бол хэн духан дээрээ мэнгэ тавиад толгойгоо хоёр тийш нь савчаад, гараа гозолзуулаад өргөн алчууруудаар биеэ ороох юм бэ? Энд энэтхэгүүд маш их болохоор би тэднийг дуурайн толгойгоо савлаад ярьж үзтэл миний толгой дороо ядраад муурах дөхсөн. Цагаан арьснууд, хар арьстнууд байхгүй бол бас юутай уйтгартай. Бүгд өөр өөрийн онцлогтой, үндэсний шинжтэй байж л дэлхий, амьдрал гайхмаар сонин байгаа. Монголчууд бусад азийнханаас бөөрөнхий гэрээрээ, хэлээрээ, өөрсдийн зан заншлаараа ялгагддаг.
Овог угсаагаа мэдэхээ байсан бид гадны бүхэнг эрчимтэй дуурайж, өөрийн гэсэн бүхэнг бүдүүлэг, тэнэг, ичмээр хэмээн хаяцгааж эхэлсэн. Хэдхээн жилийн дараа биднийг хэн ч Монгол хүн гэж өөрөө хэлж тайлбарлахгүй л бол мэдэхгүй. Мэдлээ ч Монголд өөрийн үзүүлчихээр сонирхуулчихмаар юу байгаан гээд тоохгүй. Чингис хаан манай Хаан байсан гэнэ шүү. Тэр чинь Хятадынх гэсэн, тэдний судар номд тэгж бичсэн, өвөө хамгаалуулаад дэлхийд бүртгүүлчихсэн. Танайд харуулах юм юу байгаан, батлах юм юу байгаан гэхээр өөрсдөө түүхээсээ татгалзсан, хаясан Монголчууд юу хэлэх вэ? Монгол манж хоёр нэг замаар орж мөхөх байлаа.
Овог гэдэг үндсэн чанартаа тусгаар тогтнолын баталгаа. Энэ дэлхийн түүхэнд ийм гавьяа байгуулсан энэ эцгийн ийм түүхтэй, ийм гавьяатай учраас Дэлхийн хүн та хүндэлж яв гэсэн нэрийн хуудасны баталгааг ойлгосон юм. Чингис Хаан гэж аймаар хүн дэлхийг донсолгож энэ Монголоос төрж  байсан болохоор, тэдний Монгол  баатрууд аймшиггүй зоригтой аймаар улс гэж айдаг болохоор, энэ улсаас дахиад хэн ч төрж болох талтайг мэднэ шүү дээ.
Хичнээн бид өөрсдөө мунхарч овгоо мартсан ч Чингис Хааны нэрээр л Монгол гэж үндэстэн өдий болтол олон улсад  хүлээн зөвшөөрөгдөж, оршин тогтножээ. Дэлхийд манай Монголчуудаас илүү хүн амтай хичнээн олон орон тусгаар тогтнолгүй, газар нутаггүй зовж байгаа, хэдхэн жилийн өмнө л яс нь амарч эрх чөлөө олж байгааг та нар мэднэ. Дэлхий мэддэг овогтой Монголчуудын өөрсдийнх нь тархийг ямар аймаар угааж, үхүүлэх байсныг ойлгосон байх.
Гэтэл Отог гэж үг анх манайд сонсогдож хэрэглэгдэж ирэв. Отог гэдэг үг Монгол хэлний үгсий сангаас бараг мартагдах дөхсөн үг. Орчин үеийн бид Отог гэсэн үгийг хаанаа тэгтэл хэрэглэх билээ. Намайг бөө болсноос хойш үеэлд буудаг эмээгийн онгодууд болон манай онгодууд ч хоорондоо мэнд амраа мэдэлцэн харьцаж эхлэв. Манайхан буухаараа Даянгийн отогт айлчлаад ирэв. Ийм юм болж, тэгж ингэж гээд ярина. Харин эмээгийнхэн маань Аянгын отогт очоод ирлээ гээд л ярина. Эмээгийн онгодууд манайд ирэн бас айлчилна. Зарим үед чухал үе, яаралтай дайн байлдаан, хэцүү юм болоход шууд бууж мэдэгдэж зөвлөлддөг. Эндээс би отог гэдэг үгийг ойлгон хэрэглэдэг болсон.
Мөн зайран хүү маань анхны нутгийн тахилгаа хийгээд ирэхэд нөхөр маань Ихэс нуур гэж байдаг юм байна. Манайханы хамаатан садан гэж өчнөөн айл байдаг юм байна. Биднийг дээр үед Ихэс гэнэ үү, Эхэс гэнэ үү нэг тийм овогтой байсан түүнийг сэргээн ав гэсэн гэв. Манай хүүгийнх Автай сэцэний удам хэмээн анх багш нь шууд хэлж байсан учраас би маш амархан тэдний өвөг дээдсүүдийг хөөж олон Буурлуудаас нь асуун зөв буруу ойлгосноо шүүлгүүлж байсан. Мөн түүх хөөн судлаж байгаад Ихирэс гэж овог аймаг Монголд байсан тухай, Алтай хавиар нутагладаг байсныг мэдээд Ихэс биш, Ихирэс байх нь энэ овог чинь мөн үү хэмээн Буурлуудаас нь асуухад зөв гээд нөхрийн талынхан одооноос ИХИРЭС овгоо авч эхэлж байгаа.
 Тэдний хэн нь ч энэ овгоо мэддэггүй сонссоо ч үгүй учраас өөрийн өвөг эцгийн нэрээр овгоо авсан байжээ. Ихирэс гэж тэр хадам Дээдэс өөрийн улаач миний хүүд буухдаа нэг удаа надтай уулзаж байсан. Ихирэс гэдэг чинь би дээ гээд л ярьж байсан. Эндээс би хүч чадал нь домог болсон аугуу Бөөгөөрөө овог отог нь тэр үедээ нэрлэдэг байсанг мэдсэн юм. Мэдээж Ихирэс гэдэг жинхэнэ нэр биш, Аянга гэдэг шиг л нэр. Монгол бөөд жинхэнэ нэрээрээ явах нь үгүй байдаг. Иймээс л эрдэмтдийн судлаад маргалдаад байдаг Бөртө чоно, Хоо Марал энэ бүгд Бөөгийн нэр. Тухайн үедээ тэд жинхэнэ бидэн шиг хүн байсан. Сүнс нь одоо  ч орж ирээд ярьдаг болохоор хэн тэднийг амьтан байсан гэх юм бэ?
Тэмүчин нэр ч Бөөгийн нэр. Тэрнээс биш дайснаа дараад төрсөн хүүдээ өгсөн нэр биш. Чингис бол Бөөгийн цол. Тэнгэр тэр цолыг өгдөг. Тэрнээс биш газарт амьдардаг хүмүүс хаандаа бодож олж өгсөн нэр биш. Миний Аянга нэрийг Бөө боллоо гээд манайхан ч юмуу, найз нөхөд маань бодож олж өгөөгүй. Тэнгэр надад албан ёсоор өгөн, шинэ хүн төрсөн гэж бод, чи хуучин байсан хүн биш болсон гэж байсан билээ. Ингээд миний хуучин нэрээр дуудахыг гэрийнхэнд минь чандлан хорьж, цолоор минь дуудаж байхыг зарлигдсан юм. Уг нь газарт  ганц ч баярын бичиггүй би гээч хүн Тэнгэрээс хамаг цолыг нь түүгээд дуусгачихсан нь инээдтэй. Гэхдээ надад  хамгийн анхны хайрласан Аянга нэрээрээ би явдаг.  Элдэв сүржин чимэггүй, богино амар.  Манай нэг хамаатан Хэн гэж дуудаж бай гэсэн гэлээ. Аюул гэлүү гээд л миний хуучин нэрийг мартах гэж хичээсэн гэдэг. Аюул ч бас САК нэр байна шүү. Чингис удган гэдэг бол тэр үеийн миний цол. Түүний дараа бас нэг цол авсан юмдаг.
 Нэг удаа Хадам буурал намайг: "Аянгат  удган  чи Тэнгэрт нэртэй, Газарт цуутай болжээ" гэж хэлж байсан. Хөөрхийдөө би тэднийгээ хүүтэйгээ хамт их санаж байна. Ухаанаараа, хайраараа биднийг ивээсэн тэд маань үнэхээр аугуу сайхан буурлууд. Хичнээн сүртэй догшин ширүүн ч гэлээ дараа нь зөөлрөн үнэт сургаалаа хайрлах тэдэнд хүмүүс хайртай болж, дахин уулзахыг хүсдэг. Хадам буурал маань: "Улаач ч бай буурал ч бай эхлээд хүнийг өөрөө хайрлаж, хүндэлж байж дараа нь тэднээсээ хайр, хүндлэлийг хүлээнэ" гэж сургадаг.  Гэтэл зарим улаач би л овог отгийнхоо өмнөөс Бөө болсон, буурлуудаа хүндэлэх ёстой та нар хэмээн ихэрхэж, тэдний төлөө биш, өөрийнхөө төлөө үйлчлүүлэх гэж зүтгэдэг нь үнэхээр буруу.
Ирсэнгүй, хүндэлсэнгүй, та нарын бүх муу муухайг би үүрч дааж байхад хэмээн гомдоллож ах дүүсээ өөрөөсөө ч, онгод Тэнгэрүүдээсээ ч хөндийрүүлэн холдуулдаг. Улаач хүн буурал нь гомдоллоо гэхэд орчин цаг, байгаа байдал, амьдрал ахуйг зөв тайлбарлан энэ замба тивийнхэний ёс жаяг хэрхэн өөрчлөгдсөн, амьдрал ахуй, ажил төрлийг нь ойлгуулах ёстой. Тэгж чадахгүй байвал өөртөө дүгнэлт хийж улаач болох  чадвар чинь муу байгааг дүгнэх ёстой. Ер отог овгийн шүтээн заларна гэдэг бол биенийгээ танихаа байсан ах дүүсийг ойртуулан, дотносуулдаг тэрнээс биш хагалан бутаргаж, уйлуулж майлуулан, айлгаж сүрдүүлэн, заналхийлэх ёс ч байхгүй.
Хэн, ямар хүн өөрийн үр хүүхдээ хүндлэхгүй, ирэхгүй бол үзүүлээд өгнө, ална хядна, амийг нь авна гэж байсан юм. Энэ бол шившиг.  Иймээс л Тэнгэрээс шүүлэг авахдаа онгодуудыг нь хураах, дэгдээх, шалгах бас давхар онгодуудыг чинь захирдаг Хууль дүрэм дээр нь байдаг гэдгийг улаач хүн мэдээсэй. Бөөгийн өглөгийг хүн чин сэтгэлээсээ өгдөг. Тэрнээс нэхээд, гоморхоод, айлгаад авах ёстой биш. Хүн хир их хүндлэн биширнэ тэр хирээр өөрийнхөө сэтгэлээр л ханддаг. Отог бүхэн өөрийн Бөөтэй байдаг.
Гэтэл одоо зарим айлд өөрийн отгийн Бөө төрөөгүй байгаад айгаад, гайхаад сандрах хэрэггүй. Та яг одоо энийг уншаад сууж байна гэдэг хэн нэгэн хүний үргэлжлэл. Танд ч бас аав ээж, өвөө эмээ байгаа болоод л та төрж, амьд амьдарч байна. Танд ч бас хамаатан садан байгаа. Тэгэхдээ маш анхааралтай бодоод дүгнэлт хийгээд үзээрэй. Хэрвээ танайхан отог овгоороо эмэгтэй голдуу үлдэж, эрчүүд цөөн, амьдралд дандаа хүнд хэцүү юмс тохиодог бол өөрсдөдөө анхаарал хандуулж  эрдэм чадалтай Бөө дээр очсон нь дээр. Магадгүй та өөрийн өвөг дээдсээ ойлгохгүй өгөөд байгаа тохиог нь анзаарахгүй, танайханы хэн нэг өвдөж шаналаад байгаа ч юм бил үү? Харин та бүгд төрлөөрөө түвшин амгалан, бүгд ажил үйлс чинь өөдрөг байдаг бол таны өвөг дээдсүүдийн буян хэмээн сүсэглэн залбирч байх хэрэгтэй. Та нарынхаа буянаар үрс чинь сайн сайхан яваа шүү. Та нартаа хайртай шүү. Та нар маань биднийгээ улам сайн ивээгээрэй гээд Хөх Мөнгөн Тэнгэртээ хааяа ч болов талархлаа илэрхийлж цайны дээж, сүүгээ өргөж байгаарай.
Нэг ёсондоо урд насандаа чиний өвөг дээдсүүд Монголд өгүүлшгүй их буян үйлдсэн бол хэдэн үеэрээ жаргах ёстой гэдэг Чингис Хааны хишиг ивээлийг Монголын нууц товчооноос уншиж л байсан байх. Ер нь буурлуудын ярианаас ч сонсоод байхад Тэнгэрээс буусан онгодууд даалгавартай ирдэг. Тэр даалгавар гол юмаа өдийд буусан буурлууд хийчихсэн заавал эрж хайгаад буулгах гээд хэрэггүй хэмээн зөвлөж байхыг сонссон. Зарим нь буух цаг нь болоогүй, ажил үүргийн хуваарь нь өөр байдаг. Ер нь Далд ертөнцийг та нар бодит бидэн шиг ажил амьдралтай, үүрэг хариуцлагатай гэдгийг л ойлгож авах хэрэгтэй.
Энэ орчлонд бид өөр өөр салбарт өөр өөр ажил үүргээ гүйцэтгээд явж, төрж, үхэж ээлжлэн амьдардаг. Сүнс  ч өөрөө зэрэг зиндаатай, сайн муу янз янз байдаг ч ОТОГ, Овгийн сүнс бол үр хүүхдүүд та нарын төлөө л гэсэн чин сэтгэлтэй байдаг. Харин завсрын золбин, тэнэмэл, төрлөө олоогүй сүнснүүд болон биежсэн хорон муу сүнснүүдийг дэв, албин, шулам, тийрэн, чөтгөр гэх мэтээр нэрлэдэг. Ийм сүнснүүдийг андуураад овог отгийн шүтээнээ болгохгүй байхыг, багшаа зөв сонгохыг би дахин дахин сануулж байна!
Хэн ч та нарыг зүв зүгээр байхад чинь тийрэн наахгүй. Та нар өөрсдөө багш гэж очин зөвшөөрч тийрэн наалгадаг. Сайн дураараа, мөнгөө төлөөд, ёслол хийгээд тийрэн наалгадаг. Хэрэв хүн бүр гэгээрч үнэн худал, сайн мууг ялгах чадвартай болвол хэн тэдэн дээр очоод байх юм бэ? Яавал ийм болох вэ гэвэл сайн уншиж, судлаж, ойлгож, ухаарч, өөрөө шийдэх нь зөвхөн таны гарт байна.
Овог, Отог гэж зүгээр л нэг өвөг дээдэс биш цаанаа ганц хүний амьдрал биш, ахдүү төрөл садангийн хувь заяа хамт явах нь эндээс харагдана. Та болон таны төрөл садан бол Монгол улсын нэг айл, нэг нэгж нь. Та нар байгаагүй бол, таныг төрүүлсэн таны өвөг дээдэс байгаагүй бол Их Монгол улсыг Чингис Хаан байгуулж чадахгүй байсан. Тэгэхээр та нарын хувь заяа ч Монгол улсад хамаатай гэдгийг бүү март. Таны өвөг дээдэс Их Монгол улсыг дэлхийн түүхэнд үлдээсэн аугуу хүн гэдгийг бүү март. Иймд түүнийг мөрдөж мөшгөн, хардаж сэрдэн, хаачив яачив, яагаад бусад буугаад байхад алга байгаан гээд бүү гомдоо. Тэнгэр бүхнийг мэдэж шийддэг юм.
Хэрэв Чингис Хаан буух цаг нь болоогүй байсан бол Аянга гэж удган төрөх ч үгүй. Би өөрийн аавын адил л өвөг дээдсээ мэдэхгүй үхэх байсан. Үхээд очиж байж л баярлан хөөрөх байсан. Яг цаг нь болсон учраас л Хаан бууж АЯНГА төрөн би орчин цагийн үлгэрээ бичиж байгаа. Магадгүй 50 жилийн дараа Чингис ХААН буусан бол миний хүү Гэгээнд бууж би үзээгүй юмаа үзэн, үлгэр амилах гэж Базарваань хум пад Барианы шилтэй компотоо гээд л мөлхчихсөн, залбираад явах байсан нь тодорхой.
Ийм л учраас ХААН юмыг үгэнд баригдалгүйгээр, цаг хугацаагүйгээр, бүх талаас нь, хязгааргүйгээр сэтгэж, харж, бодож бай гэж сургадаг байхдаа.
 "УЧИРГҮЙ ЮМ ГЭЖ ОГТ ҮГҮЙ" гэдэг төгс алтан сургаал байдаг юм байна.
Бодоод үзвэл: УЧИРГҮЙ юм үгүй бол САНАМСАРГҮЙ юм гэж үгүй нь тодорхой. Санамсаргүй юм гэж байдаггүй учраас л Ирээдүй гэж байдаг байх нь. Ирээдүй байдаг учраас л зөнч мэргэд хараад хэлээд байдаг байх нь. Би бүр гайхдаг байв. Ирээдүйд болох юмсыг харж хэлээд тэр нь яг биелэдэг. Яагаад яг тийм юм болдог гэж??? Яагаад??? Ирээдүй гэдэг нэг утгаараа хувь тавилан. Хувь тавилан ийм юм бол зөрөх хэрэг байна уу гэхчилэн элдэв юмс толгойд бодогддог байлаа. Хувь тавилан гэж хатуу тоглоомыг гагц Тэнгэр л эрхшээдэг ажээ.
Гэтэл ийм л хувь тавилантай юм байхдаа хэмээн гуниж гутарч амиа хорлох гэж байсан надад ямар их алтан боломж цаана нь байж вэ? Азтай хувь тавилангаасаа амжаад үхсэн бол яанаа. Юун онгод болохдоо манатай шийтгэл үүрээд бүр зовох байсан. Би сэхээрэн зөв шийд гаргаагүй бол Чингис хаан бууж ирэх, Тэнгэрийн үйлд саад хийн Тэнгэрт тэрсэлсэн ялтан би яаж сүнсээ цааш нь тамлах байсан болоо. Тэгэхээр хувь тавилан ирээдүй гэдэг бол хувь хүнээс бас их хамаарах нь тодорхой. Өөрийн жишээнээс харахад хүн гэгч бид өөрсдөө ухаанаараа хувь тавилангаа бүтэн эдлэх үү? Дутуу эдлэх үү гэдгээ шийддэг байх нь. Тэр байтугай хүний нэрийг хүртэл бүтэн дуудахгүй бол тэр хүнд ирэх ёстой хувь тавилан хазайдаг гэж Дээдсүүд сургадаг.  Хүний нэр гэдэг маш их утга агуулгатай, хувь тавиланг авч явдаг. Дээдсүүд хүний нэрийг энгийн үед хэлэхгүй хориглодог. Бөөгийн зан үйлийн үед шүү. Алах, аврах тохиолдолд хэрэглэх учраас хүмүүсийг хоч, онцлог шинжээр нь дууддаг.  Энгийн нэр хүртэл ийм чухал утга агуулгатай учраас Овог отгийн нэр бол бүүр ч их чухал байх нь тодорхой.
Хаан намайг Боржигон овог хэрэглэхээ боль гэж зарлигдсан. Хэн дуртай нь авсан, хэнд ч хэрэггүй болгожээ. Энэ мянган бол овог отгийн шинэ түүхийн эхлэл. Аянга чиний үе. Олон шинэ үндэстэн, шинэ улс аймаг үүсэх мянган. Бидний түүхийн нэг хэсэг Бөртө чоно, Хоо марал гэж эхэлдэг байсан. Түүнээс өмнө ч манайхан Хааны, Хатны овог отог байсан. Мянга мянган жилээр хүний түүх өөрчлөгдөнө гэж байсан юмсан. Магадгүй овог отгийн учрыг ойлгосон хүмүүс зарим нь овгоо сэргээн, зарим нь шинээр авах нь тодорхой. Харин шинэ мянганы эхлэлийн бидний үүсгэсэн овог, отог мянган хуучирахад Түүхийн шар хуудас болно. Тэр үед л бид болон бидний хойч үе ямар овог отгийг түүхэнд үлдээх нь бэ? гэдэг Хариуцлага иржээ.
Бид хичнээн түүхээ мартсан ч маш хурдан сэргээж байна. Бид одоо өөрсдийнхөө түүхийг өөрсдөө бичих үлджээ. Аянгын хамтран зүтгэгчид Хөх Мөнх Тэнгэрийг сурталчилагчид гээд Хөх Монголын шинэ зууны Нууц товчоог бүтээгчид одооноос л дөнгөж эхлэж түрүүчээсээ нэр нь бичигдэж эхэлж байна. Энэ түүхийг би ганцаараа бичиж, дуусгаж чадахгүй. Энэ түүх нэгэнт эхэлсэн болохоор Монголчуудыг шинэ мянганд юу хийж чадах, яахыг нь дэлхий нийтээрээ хөх инээд нь хүрэн шоолж басах хэсэг байлаа ч, итгэж найдан харах бас хэсэг байгаа гэдгийг ойлгоосой. Бидний эхлүүлсэн түүхийг бидний хэд дэхь үеийнхэн маань оргилд нь хүргэхийг ирээдүйн Чингис удирдагч болох бидний хойч үеийнхэн мэднэ.
Хэрэв бид хурдан чадвал одооны мэдээллийн эрин зууны онцгой залуус маань ч дор нь бүтээх чадвартай. Маш олон залуус өндөр чадвартай байна. Яавал залуучууд нэгдэн нягтарч ихийг бүтээж, яавал улс орон хялбархан зөв хөгжих бол??? Тэд Тэнгэрийн хүчийг, Тэнгэрийн гэрлийг ашиглах л хэрэгтэй. Ер нь залуучууд түүхээ судлана гэдгээ яаж ойлгох вэ? Уншаад л Ааа лагаа лаг бид мундаг гээд бахархаад, цээжээ дэлдээд байхгүй ийм өвөг дээдсийн үргэлжлэл бид яах вэ гэж? Хариуцлагаа ухамсарлан, Тэнгэрийг шүтэн амьдралаа өөрчлөн гэгээрч, шинээр амьдрах нь. Монгол хүн манлайлагч байх ёстой. Монгол хүн дэлхийг аврах ёстой. Монгол хүн дэлхий ээжийн хамгаалагч нь аврагч нь гэдгээ ухамсарлах. Хүн бүгд цоо шинэ байгаа энэ цав цагаан талбарт шинийг бүтээх, зөн билгээ сайжруулж, дэлхий гацаад байгаа энэ үеийг аврах ухааныг олох хэрэгтэй.
Бид цөөхүүлээ ч хичнээн сая хүн амтай хөгжингүй орныхоноос ухаанаараа дутсан удаа байхгүй. Чадлаараа ч дутдаггүй. Монгол эрчүүд алгадаж унагаадаг, авч шидэлдэг, дэлсэж унагаадаг гэх мэт бүх л спортын чиглэлд нь нэр нь мөнхөрсөн аваргуудтай болчихсон. Монгол эмэгтэйчүүд нь бас татаж унагаах, нам буудах, мад тавих  спортуудад ч аваргалаад байгаа. Сайн зугтаадаг  тэмцээнд одоохондоо харууд түрүүлж байгаа ч Монголд газар товчлогч сайн эрүүд төрж байсан удамтай болохоор хамгийн түрүүнд очоод хүлээж ядаад ганс зуугаад зогсох үе ирж л таараа.
Удам угсаа маань эргэн ирж, тэнгэр биднийг таалж эхэлсний тод дохионууд гэдгийг бүү мартаарай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хүн бүр өөр өөрийн чаддаг юмандаа эзэн болж, хичээгээрэй. Овог, отгийн чинь онгон шүтээнүүд хичээл зүтгэлийг чинь хараад баясан бахархаж, дэмжиж эхэлнэ гэдэг нь гайхмаар үнэн шүү.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.