Saturday, September 10, 2011

2011 он 9 сарын 11 хар өдөр.


Манай энд аль хэдийн 11 болчихжээ. Харин Монголд маргааш болно.
Энэ муухайгаар түүхэнд үлдсэн өдрийн гэрчээр бид түүхэнд үлджээ. Одоогоос яг арван жилийн өмнө би Японд амьдарч байжээ. Сургууль дээрээ байж байгаад өдөр цай уухаар гэртээ ирснээ би яг санаж байна. Энэнээс болоод буцаад сургууль явалгүй тасалдсан юмдаг. Зурагтаар онгоц Дэлхийн худалдааны төвийг мөргөж байгааг шууд дамжуулан үзүүлж байв. Би эхлээд кино юм болов уу гэж бодсонсон. Тэгснээ л дахиад нэг нь ирээд л мөргөх юм. Гайхан дууг нь чангалаад сайн анхаартал яг л бодитой явдал.
Ийм тэнэг нисгэгч гэж байдаг юм уу? Мангар амьтан вэ? Эсвэл онгоц нь жолоодлого алдаж дээ гэж бодсноос энэ бол хүн гээч амьтны өшөө хорсол, занал биелэлээ олж байна гэж даанч санаанд буусангүй.
Осама Бин Ла Дин үүнийг хийсэн гэж мэдээнээс сонсоод түүнийг зүхэж өгөв.
Ямар муухай юм бэ? Хичнээн гэмгүй хүн үхэж, хичнээн гэр бүл хагацалд учрав аа харамсмаар. Би Бин Ла Дин гэгчийг үзэн ядав.
Гэтэл түүнээс хойш бүхэл бүтэн 10 жил өнгөрчих гэж ямар хурдан юм бэ цаг хугацаа.
Өнөөдөр би энд хүний нутагт дахиад л түүний дурсгалд зориулсан нэвтрүүлэг үзнэ. Тэр үеийн ерөнхийлөгч байсан Буш анх энэ халдлагын мэдээг авч байгаа баримтат дүрсийг үзлээ. Тэр өөр оронд хүүхдүүдийн хичээлд зочилон сууж байв. Нарийн бичиг нь ирж түүний чихэнд хоёр онгоц хоёр байшин мөргөчихлөө гэж дамжуулжээ.
Буш сонсоод минут хиртээ түүний дүрс үлдсэн байв. Эхлээд толгой дохин сонсчихоод цааш үргэлжлүүлэн суухдаа түүний энэ үгүүдэд хэрхэн анализ хийж байгаа нь тод байв. Эхлээд ойлгосонгүй бололтой. Тэгснээ нүд нь том болон гайхаж буй бичлэг гарлаа. Харин одоо Буш тухайн үеийн тухай ярьж байна. Би эхлээд сайн ойлгоогүй. Хоёр онгоц хоёр байшин мөргөлөө гэнээ. Сургуулилт хийж байгаад унасан юм болов уу гэж бодсон гэнэ. Тухайн үеийн Дэлхийн эцэгт ийм юм бодогдож байхад бид аргагүй. Хүний санаанд багтамгүй гэмт үйлдэл хийжээ.
Гэгээн харин өнөөдрийн нэвтрүүлгийг харснаа маш гайхан яагаад онгоц ингэж байгаа юм бэ? Уг нь бол энэ байшингийн дээгүүр ингэж гараад эсвэл доогуур нь ингэж гарах байсан юм хэмээн гараараа жолоодон үзүүллээ. Би түүнд энэ бол албаар энэ байшинг дайрч нураасан гэхэд Гэгээн: Дотор нь байсан хүмүүс яасан гэж сандран асуулаа. Тэд үхсэн гэхэд маш их уурлан муу хар Каддапи л онгоцонд суугаад хүмүүсийг алсан байна. Би тэр Каддапийг бас буудаж алнаа гээд л ярьж гарлаа.
Мэдээлэлээ гэж сонин юм шүү.  Англи хэл мэдэхгүй Гэгээн хүртэл Каддапи гэгчийг үзэн ядтал ойлгосон байна гэдэг энэ зурагт хэлгүй хүнийг ойлготол нь, балчир хүүг ухаартал нь Каддапиг муулжээ гэсэн үг. Миний Гэгээнд бол ертөнцийн хамгийн муу хүн, дайсан бол Каддапи гэсэн ойлголт бат тогтжээ. Би л тэрийг алахгүй бол тэр хүмүүсийг алдаг гэж ярина.  Каддапиг хэрхэн тонилгох тухай төлөвлөгөө боловсруулан ярина. Буудна л гэнэ. Бөмбөг өгөөд дэлбэлнэ л гэнэ. Нэг бол нисч очоод Каддапиг бариад авна. Тэр манай аавыг буудах гэвэл шууд бууг нь булааж аваад өөрийг нь буудна ч гэх шиг....????
Яана даа яана.  Нөгөө 21-р зуун шүү хөөш та нар битгий дээр үеийн юм яриад бай гэдэг зуунд өсөж буй миний дөрвөн настай хүүхэд ийм л мэдээлэл дунд өсч бас л хүн алах талаар төлөвлөгөө боловсруулах гэж...
Харин хэдхэн сарын өмнө Америкчууд Бин Ла Динг буудаж алж байгааг бас харсан билээ. Уг нь бол би баярлах байсан ч манай онгодууд маш их уурлаж цухалдсан юмдаг.  Тэр байтугай Америкт хариуг нь өгөх нь зөв хэмээн уурлан Бин Ла Динг Тэнгэрийн хүү гэсэн нь өмөөрсөн гэсэн үг биз дээ тэр чинь. Би их гайхаж байсан юм. Ямар хачин  юм бэ? хэмээн...
Харин одоо бодоход хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэх энэ өдөр яагаад гарав? Зүв зүгээр хийх ажилгүйдээ, жаахан маргаанаас болоод тэр худалдааны төвийг амиа алдан байж очиж мөргөх шалтгаан юу байсан юм бэ? Энэ аймшгийг хийх болтлоо эд нар дайсагналцах болсон учир юу бэ? Яагаад заавал Америкийг тэр хол амьдардаг байж очиж хорлов? Мэдээлэл гэж нэг л талыг барьвал ямар аюултай нь ойлгомжтой. Тэгвэл Америк юу хийсэн болоод тэр хүмүүс тэднийг үзэн ядах болов гэдгийг бид бас мэдэж л байх ёстой шүү дээ! Энэ талаар таг. Эх орныг нь ухаад, ядууруулаад дээрэмдээд орхио юу? Юм аа булаалдаа юу? Шашин уу?  Шашнаас бол хамгийн тэнэг хэрэг. Өөрөө өөрийнхөө юмаа шүтээд л өөр өөрийн газартаа амар тайван амьдарвал барав биш үү?
Нэг хүний гэмээс болж гэмгүй хичнээн хүн түүний хөлд үрэгдэж байнаа. Шашны маргаанаас уу? Газар нутгийн уу? Угаасаа эрт үеэс хонзонтой байж цусан өшөө авалт үргэлжлээд байна уу? гэх мэт маш олон шалтаг шалтгааныг мэдэх хэрэгтэй.
21-р зуун соёлтой боловсролтой гэгдэх энэ зуунд Яагаад? Хүмүүс алалцаад хөнөөлдөөд байна вэ? Соёлгүй бүдүүлэг нь ч ирж алаад соёлтой боловсролтой гэгдэг нь ч алаад байх юм. Гэтэл Бин Ла Дин хувь хүнийхээ хувьд өндөр боловсролтой л гэгддэг юм байх ч лээ. Тэрбумтны хүү тэрэнд дутуу юм байх биш, хаана ч жаргалтай мөнгөө үрээд хэвтэж байхад болохоор байтал яагаад уурлан хилэгнэн, үзэн ядатлаа өширхөө вэ? Хэзээ энэ бүх талын өшөө авалтууд дуусах бол доо.
Хоёр талын эх оронд хоюуланд нь гэмгүй хүн хохирч нус нулимс, цустайгаа холилдон үхэж үрэгдэж байна.  Мэдээллээ гэж хэрэгтэй  ч гэсэн, буруу юмуу хэрээсээ хэтэрвэл аюултайн жишээнүүд эдгээр болно.

1 comment:

  1. Би лав энэ халдлагыг Бин ладен хийгээгүй, түүний нэрийг барьсан АНУ-ын толгой хэсэг нөхдийн, дайн өдөөхийн тулд зохиомлоор гүйцэлдүүлсэн жигшүүрт хэрэг гэдэгт итгэгчдийн нэг.

    Шинжээч, мэргэжилтэн хүмүүс энэ хоёр байшинг мөргөхөд даалуу шиг нураад уначих учиргүй, бат бөх ган баганатай байсан, гэтэл онгоцоор дээд хэсгийн мөргөхөд доод талаасаа дэлбэрч нурж байгаа бичлэг дээр гардаг. Энэ нь урьдчилан байшин дотор бөмбөг тавьж байгаад онгоц мөргөхтэй зэрэгцүүлэн дэлбэлсэн гэж тайлбарлах хэсэг байдаг.

    "Эрх чөлөө" хэмээн ард олныхоо тархийг угааж далд бизнес хийж сурсан АНУ-ын дээр байгаа хэсэг нөхдийн хувьд иймэрхүү жүжиг тавих нь энүүхэнд болов уу гэж би хувьдаа боддог.

    Яг цаанаа юу болдог талаар би өөрөө нүдээр харж чихээр сонсоогүй болохоор баттай гэж үзэх аргагүй л дээ, гэхдээ үнэний ортой байж болох, миний хувийн бодол.

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.