Friday, March 4, 2011

Миний гайхамшигт толгой онго нэг

Ямар ч гэсэн бөө хүнд толгой онго гэж байн, тэр бүхнийг удирддаг гэсэн ойлголтыг би бөө болохоос өмнө авсан байв. Анх уг барьсан өдөр их л омог бардам цээжээ хаялан, хүнтэй ярих дургүй ихэмсэг нэгэн орж ирлээ. Тэгээд л дараа буулт бүрд нөгөөх чинь биеэ хөдөлгөсөөр би түүнийг хөдөлгөөнөөр нь таньдаг боллоо. Толгой онго байж ярих дургүй. Амар амгалан морилж явна уу? гэж бяцхан түшээ асуухад хариу хэлэхгүй. Харин нэг ярихаараа яриад салахгүй ийм л этгээд төрхтэй толгой онготой танилцлаа.
Тэр ажлаа маш сайн хийж, завсрын элдэв тийрэн огт оруулаагүй. Ханхалзсан цээжтэй ихэмсэг тэр харин явахдаа л майга хөллөн сонин явна. Нэг удаа буулт удаан болоод гэрт сэрүү ороход, тэр майжигнан явж галд нүүрс хийгээд унасан нүүрсийг нь хамж цэвэрлэв. Тэр маш ажилсаг. Бас сэтгэлийн хөдөлгөөн багатай. Барагтай бол инээхгүй. Ямар ч юманд тайван хандаж их чамбай нягт зан чанартай өвгөн байлаа. Сар гаран болоход би түүнд маш дасаж юу ч болсон толгой онгоо гээд л асууж нягталж байж бусад онгодын хэлсэнг биелүүлнэ. Би тэрэнд л найдаж хамаг үйлээ хийдэг болсон байлаа.
Харин Чингис хаан ирж би чиний толгой онго хийх болно гэснээс хойш түүнтэй ховор уулздаг болсон. Гэхдээ л би түүнийг үгүйлэн, ЧингИс хаанаас айж их ширвээтдэг байв. Харин Чингис хааныг хуралдайд явахад юм уу, дайнд мордоход тэр ирж би их баярлана. Гэсэн ч тэр олон юм ярихгүй. Харин нэг удаа бөөлж байгаад түүний нэрийг олж ихэд баярлаж билээ. Барулас аймгийн Хубилай жанжин байсан байна лээ. Миний аавын эцэг талынх барулас аймгийнх.
Эрдэмт Барула нар байв. Харин би саяхан Хувилай жанжин нь ахин төрөөд, хүн болохдоо аавын минь аав байсан лам болж төрөн будлиан хутгачихаад дахиад үхчихсэнг мэдлээ. Одоо харин хүн болж төрөөгүй ч намайг манан хамгаалдаг сүнсний ажлаа хийж явна. Миний аавыг бутач хүүхэд байсан, ах нь дүү нь ч өөр өөр хүнийх гэсэн түүх яригдсаар өнөөг хүрсэн билээ. Эмгийг маань гурван өөр хүний гурван өөр хүүхэд гаргасан ганц бие, ааш муут чавка байсан гэх мэтээр ярина.
Тэрнийг нь батлах гэсэн мэт намайг уг барих боллоо аавын талын ах дүүс нь ирэх ёстой гэх сургаар ах, дүү нар бид өөр эцгийн хүүхдүүд гээд тоож ирсэнгүй. Хэлээд гуйгаад тоосонгүй. Аавын эхийн талынхан нь ямар манай тал биш бид эхийн тал гээд тоосонгүй. Гэтэл миний эцэг амьд арзайж мэнд мэлтийж байхад яадаг байлаа даа. Хамгийн сайн сайхан хүн гэж магтацгааж гүйлддэг байсан даг. Аав минь газарт охин үрс бидэнтэйгээ л хамт булагдсан байжээ. Миний аав, өвөг дээдэс нь газарт буухад ах дүүсээс нь ширхэг хялгас ч үзэгдээгүй. Гомдсон байхдаа тэд. Тэд өвөг дээдэс нь хэн байсанг сонсоод битгий л ирж миний уурыг хүргээсэй хол байг.
Нэг удаа аавын ээж орж ирэн надтай бага байхад минь яадаг байсан тухайгаа ярьж сануулан таниуллаа. Тэгээд “энэ эргүүнүүдэд бүү гомд охин минь. Хэн юу гэх нь хэнд хамаатай юм. Битгий тоо тэднийг. Уг нь нэг л хүний үрс юмсан. Биднийг үгүйсгэж байвал өөрсдөө л мэднэ биз, цэцэг навчнаас ургасан юм байлгүй” гээд л зан чанар нь надтай адилхан шал хэнэггүй, хатуу зантай хүн байв. Би маш бага байхдаа л эмээ дээр очиж, эмээ надад маш олон давхар баадан задлан чихэр өгдөг байсанг л мэднэ. Чихрийг нь санаад байгаа хирнээ царайг нь санахгүй л байгаа байхгүй юу. Ийм л зэвүүн ач охин байж дээ би. Гэтэл миний эмээ хэдэн жилдээ ганц очих надад хичнээн давхар даавуунд чихрээ хадгалаад л хайрлаад хүлээгээд байдаг байж дээ. Миний эмээ хүнтэй суулгүй гурван хүүхэд гарган бүх л ажлаа өөрөө хийн, малаа маллан, хүүхдүүдээ өсгөн, өндөр насалсан гандан буурахгүй эмээ байжээ. Миний эмээ уйлсангүй ийм л эршүүд, тэвчээртэй эмээ байжээ.
Харин араас нь өвөө маань орж ирээд их л уйллаа. “Миний буруу, миний буруу бүх юм надаас болсон” гэж уйлан “Би тэр үед хийдээ орхиж чадалгүй, хүнээс нуугдан байж л гурван хүүхэд төрүүлсэн юмсан. Эднийгээ би бурханд даатган, сахиус өгчихөөд л залбирахаас өөрөөр өсгөж чадаагүй нь миний буруу. Миний эмгэн минь бүх л амьдралын хатууг нь үүрч гараад үхээд ч ингэж хэлүүлэх гэж дээ. Би буруутай шүү дээ. Энэ чинь насаараа эмгэн байгаагүй гав ганцаар амьдрах гэж тэр эзгүй газар тэмцдэг байсан. Өч, төчнөөн л хүн амьдрах гэж ар өврөөс нь чангаана шүү дээ. Хойд эцгийн бараа харуулахгүй гэж зүтгэсээр л бүгдийг өсгөсөндөг. Гэтэл үлдсэн үрсийнх нь байгаа царайг. Эцэг өөртэй гэнэ шүү. Надыг мэдэхгүй өссөн тэдний буруу биш миний буруу. Тэгвэл эх нэг юм бол яагаад нэг нь газарт булагдсан байхад үлдсэн үрийг нь харж болдоггүй юм бэ? Харж ханддаггүй юм гэхэд урагаа гээд гуйгаад байхад нэг сэтгэлийн дэм өгөхөд яана вэ” гээд л ихэд уйллаа. Намайг биш юм гэхэд төрүүлсэн эхийгээ бодмоор юм гэж ихэд харамсав.
Энэ эргэх амьдралын нугачаанд элдэв зовлон амсаж яваа хүн бол миний өвөө. Хүн болоод амьдарсан ч, хүүр болоод үхсэн ч, миний өвөө энэ дэлхийн сайн сайхны төлөө Жанжин болон илд эргүүлж, гэр орны амгалан тайван амьдралыг үзэлгүй, үрсээ хамгаалан, эх орноо мандуулж, Хубилай нэрээ мөнхлөөд, дахин төрөхдөө хувилгаан лам болон хийдэд түмэн олны буяны төлөө эрх эргүүлж, маань уншиж, эхнэр хүүхдээ нууж амьдраад, үхсэн хойноо ч эргэж ирэн үр удмаа манан хамгаалж тэнгэрийн зарлигийг түмэнд түргэн хүргэ хэмээн надад туслан яваа энэ эгэлгүй эрэлхэг дайчин эр хүн бол миний өвөө. Би ийм л өвөө эмээ нарын хүүхэд болон төрсөндөө ямар их бахархана вэ.
Гэтэл миний зүүдэлж ч яваагүй, мөрөөдөж ч зүрхлээгүй Хаан, хатдууд, миний өндөр эмэг, өвөг байж гэдгээ мэдээд л үүнээс өөр том бэлэг гэж хаа байна, үүнээс өөр аз завшаан гэж хаа байна гээд л ганцаараа баахан баярлаж өрөөндөө үсэрч харайв. Миний баярыг хуваалцах дотно хэн ч надад үлдсэнгүй дээ. Үгүй ээ би урьдахаас тэс өөр буурь суусан, арай ухаант нэгэн болсон байна. Хамгийн гол юм нь энэ өндөр дээдсүүдийн нүүрийг улайлгаж, нүдний булай болчихгүй юмсан. Дэндүү том хариуцлага. Бас миний амар амгалан аз жаргалтай тайван амьдрал минь аль хэдийн төгсчээ.
Би Хувилай онго ирэхэд Хубилай хаан гэхээр Би хаан биш гэнэ
Хубилай хаан... Би хаан биш.... Хубилай хаан ....Би хаан биш .... Хубилай хаан... Би хаан биш гэж хэдэн ч удаа давтсан тэгж хариулана. Ингэж би өвөөтэйгөө тоглодог болоод байна. Өвөөгийн үнэнчээр хаан биш гэж зүтгэхийг нь яанаа. Хаанаа хамгийн ихээр хүндэлж дээдлэнэ. Хувилай өвөө дахин хүн болж төрөхдөө өнөр өтгөн, үр ач нартайгаа амар амгалан сууж амьдраасай гэж хүснэ. Гэсэн ч миний өвөө дэндүү хариуцлагатай. Хамаг юмаа яс шалган хийж, хааныхаа төлөө, хүний төлөө төрсөн юм шиг л өөрийгөө тоохгүй юм. Тэр баргийн юманд инээхгүй. Намайг элдэв этгээд юм бодон ярихад цөг гэм яахаараа ийм юм донгосдог байнаа гэж мушийчихаад л ажлаа хийнэ.


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.