Friday, March 18, 2011

2011 оны 3 сарын 18

Өглөө сэрээд би хэдхэн хоногийн өмнө буусан онгод өөрийгөө ИЭ ИЭ ИЭ гээд танилцуулаад байсанг саналаа. Би дахин түүнтэй уулзахаар шийдэж бөөлөв. Түүнээс би ааййй гэдэг чинь юу юм бэ ? би ер ойлгохгүй юм гэхэд чи түүнийг дууд гэлээ. Тэр дээд өвгийн сүнс онго байлаа. Уртын дуу шиг баахан уянгалуулж байгаад, чоно шиг удаанаар улив. Дараа нь онго ирлээ. Түүний хэлэхийг би ер ойлгосонгүй. Тэгээд тэр хоолойн дуугаараа надтай ойлголцлоо. Түүнийг Бөртө чоно өвөг гэдгийг мэдээд би уучлал гуйлаа.
Надад Хөх Хатны шидийг авахыг зөвлөж билэглэсэн Хоо Марал өмүгтэй уулзаж байсан байж яагаад Бөртө Чоно өбүгтэй ер уулзах ухаан ороогүй юм болоо. Тэр надад байгалиа хайрлахгүй бол хөлгүй буга шиг хэвтсээр үхэх болно. Тал тал тийш хөл толгой нь мэдэгдэхгүй мушгиралдан арзагнах могойн чуулганыг сануулж тэднийг нэг толгойд удирдаж байж нэг чигт зорилготой болохыг ойлгуулан, хэрэв удирдах толгой үгүй бол толгойгүй морь шиг хаа сайгүй харайх болно гэдгийг тайлбарлав.
Тэр надад ямар нэг юм хийж өгч байгаа бололтой үлээж шившээд уулгуулчихаад исгэрч байгаад явлаа. Би дахиад л бөөн баяр хөөр болон дэвхцмээр санагдав. Ямар гоё юм бэ? Гарцаагүй Сорхагтани хатны ном амаар дамжин уламжлагдан ирсэн нь зайлшгүйг ойлголоо. Харин тэд энэ номыг матер талаас нь л дүгнээд байна. Бөө, удам дамждаг уугуул зөн, өвөг дээдэс нь ирж сургаалиа айлддаг бөө талаас нь мэддэггүй юм байна гэж бодлоо.
Хаантан надад хэлэхдээ оюутан биш оюунтан гэсэн. Оюунтан гэж ухаарч юм боддог, тархиа ажиллуулж чаддаг хүмүүсийг хэлдэг биз дээ. Гэтэл орчин үед тархи нь ажилладаггүй дан цээжилдэг, ухаан мулгуу оюутангууд хичнээн их билээ. Оюутан болохын төлөө хичнээн их мөнгө төлдөг. Хаан бас “Чингис” гэж цол гэж хичнээн надад санууллаа. “Чу Мэргэн” ч цол.  Ер нь нэр, онуудыг нууцалж бичдэг. Цолоор нь голчлон дууддаг. Чу Мэргэн бол бас бөө тархийг би сайн мэднэ. Тэр өөрийн улаач дээрээ буухад нь би уулзаж тэр намайг Чингис хааныг бүү гомдоо гэж өөрийн амаараа хэлж байсан шүү дээ.
Тэд бас миний нэрийг сольсон, харин цол бол нууцыг тайлах бүр л нэмэгддэг. Миний төрөхдөө авсан нэр, төрсөн газар, он сар өдөр багад минь өөрчлөгдөн гэрчилгээ гэдэг дээр өөрөөр бичигдчихсэн байсан. Тэр нэрээрээ энгийн хүний амьдралаа туулсан. Удган болоод тэнгэр намайг Аянга гэж нэрлэсэн. Тэмүүчин гэдэг шиг. Яг л тийм байна.
Миний бага хүү өнөөдөр ээжээ та урд нь зүгээр л хүн байсан биз дээ. Эсвэл угаасаа бөө байсан юм уу гэж асуусан. Өглөөнөөс үдэш болтол завгүй надад эрхэлчих санаатай л сиймхий хүлээн отох ч миний ажилд саад хийхгүйг хичээх бяцхан үрээ хараад өрөвдлөө. Өмнө нь намайг эрхлүүлэн биеэсээ салгадаггүй ээж маань яагаад ингэж төрөл арилжваа гэж бодсон байх даа. Жирийн хүн байхдаа намайг эрхлүүлдэг байсан энэ нэг бөө гэдэг ажил муухай юм байна гэж бодсон юм болов уу? Аргаа барсан хүү минь: “Ээжээ буурлууд балчирыгаа хэзээ эрхлүүлнэ гэж байна” гэж асуухад миний хүүд хайр дутагдаж байгааг ойлголоо. Ийм л зальтай хүү дээ. Хүүг минь манадаг Үлэгбек аав нь хааяа ирж тоглодог болохоор тэгээд ч гэсэн эрхлээд авъя гэж бодож дээ. Хөөрхий миний үр ээж нь, буурлууд нь маш завгүй байна. Одоохон бүх юм сайхан болохоор хүүдээ үлгэрийг нь ярьж, дуртай бүүвэйн дууг нь дуулж өгнөө.
Дай яр гэдэг нь даяарчлал, Дэмч нь Домч тай адил агуулгатай, Хүүний ааийй нь хүний амьдрал, Иэгү нь эрчим, энерги, Чин үнэн, Чухал үнэн, Хамгийн үнэн гэх нь зүйтэйг би хаанаас асуулаа. Тэгэхээр энэ номыг Галаарид бөө судлаач болон Чу мэргэний үр сад, Бөөгүүд маш сайн ойлгож тайлбарлах нь дамжиггүй. Хаан надад түүхэнд чиний аавыг хүү чинь гээд, ээжийг чинь эхнэр чинь гээд ч бичсэн байх магадлал өндөрийг сануулсан учраас би долоон дээд өвгийн нэрийг нягтлаад Хачихүлэг, Мэнэнтудуны байр солигдсонг анхаарав. Тэгэхээр Сорхагтани хатны энэ ном бол жинхэнэ ориг Монголын нууц товчоог маш сайн мэдрэв.
Энэ цээжлэж өдий хүртэл авчирч чадсан отог омгийнхон ХӨХ НОХОЙ овгийнход хүндэтгэж мэхийн ёслоё. Түүхэнд АВТАЙ ГАЛЗУУ гэж хочтой үлдсэн алтан ургийн алдартан чинь миний зайран хүүгийн өндөр дээдүүд, миний айгаад зугтаадаг хадам онгодуудын нэг шүү дээ. Би удган болохоосоо өмнө өөрийн өвөг дээдсийн тухай асуухад: “Чиний дээдсүүд чинь Уужим тайван ухаантай буурлууд байдаг юм. Бидэнд тэдний дэм хэрэг болоход тэд туслан, Тэдэнд бидний дэм хэрэг болоход бид тусладаг юм шүү дээ” гэж байсан. Ямар ч л байсан эд биенийгээ таньдаг, нөхөр бид хоёрыг албаар суулгасанг би тэгж мэдэж байсан. Гэхдээ миний тархи эргэсээр хаашаа юм бэ, алтан ургийн энэ олон төрөөд байгаа бөө нар чинь бүгд хамаатан садан биш үү, цус нь ойртдоггүй юм уу хаашаа юм.
Дахин төрдөг л гэх юм, Хаан заяа, Хатан заяа л гэх юм. Энэ хий үзэгдлүүд чинь юун холион бантан хийгээд байж байдаг байнаа гэж бодож байлаа анх... Харин сүүлд нь тусгай цус, яс удам дахин төрдөг тэнгэрийн хүүхдүүд гэж л хагас дутуу ойлгож авсан. Үхэхээрээ л очиж намайг яаж хэн хэний цус, ясыг нь дахин найруулж төрүүлсэнг л харахаас. Хэт ихийг мэдвэл Эрлэг аавдаа 24 дэхь удаагаа очих байлгүй дээ. Хаан суудалд харц санаархваас хаашаа одохоо мэдэхээ болино. Хатны суудалд шивэгчин санаархваас шившиг болон яана ч гэнэ вээ Чингис хаан хэлж байсан. Надад түшээ байдаггүй болохоор зарим юмыг нь мартчих юм. Сорхагтани хатны номыг манай 76 ширээний ном болгоосой билээ.
Бөөгийн болон бусад мэрэгжлийн хүмүүсээр судлуулах хэрэгтэй. Гэхдээ ганц үгний араас л баримт болгон хашгирагч модон толгойтой эрдэмтэд бол тайлж чадах ч үгүй. Гэтэл нэг үг гэдэг ямар үнэтэй утга агуулгатай, нууцлагдан цоожлогдсон байнав. Үүнийг оюунтан, мэргэд, сэтгэгчид, алтан ургийн бөө болон өндөр дээд зиндаатай бөө нар л тайлна. За тэгээд л бөө гэхээр л байдаг отог омгийн бөө рүү гүйвэл тэдний өвөг дээдсүүд угаасаа л ямар гаралтай яг л тэр хэвээр байдгийг эрхбиш ойлгох байлгүй дээ. Иймээс л бөө болгоны буулт өөр, бүжин туулайн гүйдэл өөр гэдэг үг гарсанг анхаар.
Бөө бүр зиндаа өөр, хийх ёстой ажил, үүрэг хариуцлага өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бид энийг зохицуулах биш дээд тэнгэр нь мэддэг юм. Сорхагтани хатан хүртэл хэдүйд элч зарж тэрнийхээ хувь заяаг анхааруулсан байгааг харцгаа. Хөөрхий Нүрзэд агсныг ч бас битгий Мэдрэлийн өвчтэй гэж хэлээрэй гэж захисан байгааг уншицгаа. Тэгсэнг нь тооцоо бодолтонд оруулчихсан байх даа. Нүрзэд агсан хийх ёстой элчийн үүргээ биелүүлсэн учраас лав дараагийнхаа даалгаврыг авчихсан бас тэнгэрийн элчийн ажлаа хийж байгаа байх даа.
“Алтан дээд үнэн
Амин сүнс чанар мөнх байдаг нь Чин үнэн
Удамшил таван хүчин дор амин шилдэг нь Чухал үнэн
Удамшил зөв хүчин дор амьдрал байдаг нь Хамгийн үнэн”
гэж удамшлын тухай Сорхагтани хатан хэлээд:
“Ганцаардлыг хүсч тамаа мэдэх сэхээгүй хөгийн болму
Ангижралыг хүсч аяганаас халих биегүй болму”  
Энэ бол Чингис хаан өөрийн бичсэн бичигт үхээд жижиг зарц сүнс юм уу тийрэн болдог хүний тухай хэлсэнтэй утга нэг байна. Жишээ нь амиа хорлосон хүн үхээд биегүй болон тийрэн болж мөнхөд ганцаарддаг. Тэгээд харагдах бие нь аяганд багтах хэмжээний бөмбөлөг байдаг. Үүнийг сүүлийн үед шинжлэх ухааныхан сүнсний жинхэнэ дүр зураг гэж ойлгодог.
Харин хаадын сүнс бол өмсгөлтэйгөө харагдах биетэйгээ байдаг гэдгийг манай хүүгийн буурлын дүрс зураг батлана. Сүнс гэхээр л нэг хийсдэг цагаан юм, эсвэл холоос ирж удирддаг энерги гэж бодож болохгүй. Тэр бууж ирэх онгодын бие, зан ааш, дуу хоолой тэр чигтээ мэдэгдэнэ. Эмгэн бол эмгэн, өвгөн бол өвгөн, мэнгэртэй бол яг л тэр үеийнх нь ханиалга тасрахгүй. Хатан бол ааш зан бие нь шал өөр, том баатар бол бие нь бас хувирах жишээтэй. Онгод бүрийн өөрийн хувийн онцлог байна. Бас ааш зан, сэтгэлийн хөдлөлүүд нь асар өөр.
Манай  буурлууд олуулаа буувал өөр өөрсдийнхөө дуу хоолойгоор дуулж хуурдан, ярьж, өөр өөр хоолойгоор ярьцгаадаг. 99 тэнгэрүүд ч өөр өөрсдийн зан чанартай. Дуу хоолойтой. Харин амиуд бол хүн шиг ярьж чаддаггүй. Авиагаар ойлголцоно, нэг бол бодлоор ойлголцоно. Тэд өөрсдийнхөө амийг харуулдаг. Үүнийг оноосон, удамшсан бөө нар дээрээ л буух ёстой. Буух ёстой бөөдөө л буухаас хэн дуртай нь амь дуудаад уулзах, 99 тэнгэрийг нь буулгачих эрх байдаггүй. Түүнийг эрхтэй бөө нь л буулгана. 
Чингис хааныг хэн дуртай нь Чингисээ наашаа хүрээд ир юм асуугаадахъя гэж дуудаад тэр ирээд хариулах уу? Удам үгүй байж, удмын байлаа ч зөвшөөрөл үгүй байж Чингис хааныг буулгах эрх үгүй. Тэнгэрийн бөөгийн нэг онцлог нь хүссэн хүн бүхнээ буулгах чөлөөтэй эрхтэй. Тэгээд л нэг хэсэг би найз нарыгаа өнгөрсөн аав, ээж, эмээ өвөөтэй нь уулзуулж, өөрөө сонирхсон алдартнуудтай холбоо тогтоон их л додигор байсан чинь Хадам буурал намайг загнаж болиулсан. Чи өндрөөс өндөр, дээдийн дээд буурал эхүүд, дээдсүүдийг буулгадаг байж хамаа бусын харц бусдыг буулган ариун биеэ бузарлах юун. Чингис хааны ариун сэнтийд хэн дуртай нь заларч байгаатай ялгаа юун гэж загнуулж байж өөрийгөө хариуцлагатай сандал гэдгээ ухаарсан билээ. 
Тэр болтол би чинь өөрийгөө би л гэж бодоод байлаа. Тэр байтугай биеэ булаалцалдаж муудалцдаг байлаа. Хүүгээ бөө болох үед би баахан уран зохиолын ном авч чи ядахдаа энийг уншаачээ. Багш магш уран цэцнээр урсгаад байдаг юм байна лээ. Гэтэл чи монгол хэл бараг мэдэхгүй, нэг ч яруу найраг уншиж үзээгүй, дээр үеийн байтугай зарим одооны хэллэг мэдэхгүй гээд уншаад ч ойлгохгүй байна бөө болоод нүдний улай болох нь нэг үг ч холбон хэлж чадахгүй хүмүүс шоолно гэж бодоод багшид нь очиж ховлож билээ. Гэтэл багш удам бөө гэдэг чинь зүрхэнд нь бий. Юу ч уншуулж, юу ч цээжлүүлэх хэрэггүй гэв. Хүү бөө болоод хоёр хоноод л миний мэдэхгүй монгол хэлээр яриад унасан. Мутар, манз, жинтүү, савар, ёдор ч гэнэ үү бид харин буурлуудаасаа монгол үгс сурч эхэлж билээ.
Анх би бөө болохдоо хэнгэрэгээ яаж цохих, ямар ая оруулах, хаашаа харах, хэн хаанаас нь хариагаад шургаад ороод ирэх юм бол,  өвдөх болов уу, юу хэлэх вэ, юу бодох вэ гээд л ямар ч мэдлэггүй байсан. Харин хэнгэрэг энэ тэрээ миний гар өөрөө л мэдээгүй болоод янз бүрийн дуугаргачихдаг амар юм байна лээ. Эхний хэдэн өдөр өнөөх хий үзэгдэл чинь ирсэн үү ирээгүй юу? гээд их гайхдаг. Өөрөө өөртөөгөө яриад байхаар нь би өөрийгөө солиороод байгаа юм байх даа гэж их гайхдаг байсан. Харин толгой буурал маань их л сүртэй биеэ ханхалзуулан, толгойгоо хаялан орж ирсээр би таньдаг болсон. Тэгэхгүй бол нөгөөх чинь хаачваа ирсэн юмуу үгүй юу гэж гайхаж байхад л миний дотроос яриад унана. Тэгэхээр нь би өөрөө яриад байгаа юм биш үү гэж тэмцэлдэнэ.
Буурал тэгэхэд “Чи өөрөө юм бол энэ хөлийг зогсоо” гэв. Миний хөл бүжиглэж гарав би болиулах гээд чадсангүй. Тэгвэл сандлаас бос гэхэд яагаад ч чадсангүй. Тэгвэл чи өөрөө өөрөөсөө асуулт асуун хариул гэхэд асуултаа асуучихаад хариулах гэхэд хариулж чаддаггүй ээ. Гэх мэтээр маш инээдтэй адал явдлууд үргэлжилсэн. Харин би тэдний байгааг сайн мэддэг болсон хойно. Чингис хаан буудаг болсноос хойш би түүнийг хайдаг болов. Тэр үргэлж надтай хамт яриад байх юм хаа байгаа юм болоо гэж бодоход  “Чи биенийхээ нэг хэсгийг ав би нэгийг нь авъя тэгээд хөдөлгөөд үз” гэв. Би зүүн талаа чөлөөтэй хөдөлгөв, баруун тал маань хөдөлдөггүй ээ. Тэгэхээр нь зүүн гараараа баруун гараа тоншоод автал Хаан инээж: “За бас зодчих санаатай юу” гээд л шоолж билээ.
Энэ болсон түүхээ бичихэд хаан надтай хамт бичиж байгаа. Тэр намайг хянадаг бололтой. Буруу бичвэл будилаад бөөн төвөг болно. Би хэвтэж бичсээр бие хөшин, гар өвдөх үедээ гэнэт хааныг саналаа. Тэр ингэхэд намайг бичиж байхад хаана байдаг байнаа. бас гар, нуруу нь өвдөж байгаа болов уу? Эсвэл миний нуруун дээр сандайлаад суучихсан юм боловуу гэтэл Хаахахаха инээгээд салдаггүй. Аальгүй амьтан, би юмаа хиймээр байна. Та хол байж бай. Тэгэхгүй бол намайг инээгээгүй байхад миний биеийг инээлгээд байхаар бөөн түвэгтэй. Хаан дэндүү шооч. Хааяа хэн ч манайд байхгүй үед, намайг юмаа бичиж байхад шал дуугараад байдаг тэр чинь Хаан та биш байсан юм уу? Эсвэл нөгөө хамгаалагчид нь юм уу? Би түүнийг миний дотор орчихсон хамт түүхийг минь бичилцэн хянаж байгааг сая л мэдлээ. Хоёр хоног та дайн майнд ч явсангүй байлдаан алга уу гэхэд “Манай овгийнхон биш өөр овгийнхон үргэлжлүүлж байгаа” гэлээ.
Намайг тогтоосон хугацаанд бичиж дуусган хар дайны бэлтгэл хийхийг зарлигдав. Чи зурагт битгий үзээд нус нулимс болоод түвэг удаад байгаарай гэв. Миний японы газар хөдлөлтийг сонсоод уйлж унжсанг хэлэв. Тэдэнд миний сэтгэл санаа бас их нөлөөлөх учир түвэгтэй байдаг биз. Надад ч тэд нарынх мэдэгддэг. Уйлахгүй яахав дээ. Тэнд чинь миний найз нар бий. Би тэнд олон жил амьдарсан болохоор тэр чинь миний гэр л гэсэн үг. Энэ жил л та нараас болоод явж чадахгүй байна гэхэд тэнд агаараар хорт хий тарсанг чи мэднэ биз дээ гэлээ. Би айхгүй байнаа тэр хийнээс, би тийшээ хэзээ очих юм бэ? Чамд хийх ажил их байна. Чи өөр газар амьдрах гэж байгаа  болохоор битгий гонгоноод бай гэв. Та нар үхсэн хүмүүсийг хар сүнснүүдээс сайн булаасан уу гэхэд санаа зоволтгүй ээ гэлээ.
Тэр байтугай тэд Монголд төрнө. Дахин байгалийн гамшиг мэдэхгүй гэв. Ашгүй ашгүй баахан ажилсаг хөөрхөн хүүхдүүд төрөөсэй. Адилхан л хөх толботой юм чинь хаа ч яадаг юм. Мартсанаас Иоханы зөгнөлд усанд амьдардаг хүн хүртэл ирээдүйд бий болно гэсэн. Японууд тийм болох юм уу гэхэд Хаан инээж “Чиний хүсдэг ууттай хүн ч бий болох юм билүү цаг нь болохоор чи өөрөө хар” гэв. Чингис хаан та ажлаа хийгээчээ. Надад шипэ өгөх ёстой биз дээ. “Зальт шар чамд дахин хуурагдахгүй шүү Хаахахаха Чи өөрөө л бүхнийг хийж сурах болно”.
Хүү минь хэзээ бөөлөх бол доо. Хадам буурлаасаа ганц хоёр юм олоод сонсчих юмсан. Би сайхан хүүхдээ хийх ууттай хирнээ нисдэг хүн хүсч байна. Амар зүгээр бензин тос масло засла, амаржээн мамаржээн юу юу ч билээ нэхэхгүй амар. Далавч малавчаар яахын бас хумиж, дэлгэж зай эзлэн аягүй бол угааж цэвэрлэн хатаах гэж бөөн ажил. Тийм бол мөн сайхнаа. Би бол тийм л хүн болмоор байна. Би ч яахав хүссэн хүсээгүй тийм болох л юм байна шүү дээ. Буурлууд чинь яг тийм хүмүүс хаа дуртай газраа давхиад очдог. Эсүүл тэр Иохан буурлуудыг хэлээ юу. Бүгд л буурал болж үхнэ гэсэн үг юм уу за за муу талаас нь бодохоо болъё.
             Би хэзээ ч энэ дэлхийг сөнөхийг хүсэхгүй байна. Харж чадах өчүүхэн ч чадвар байхгүй. Тийм юм болбол хамт үхсэн нь дээр гэж бодлоо. Аааааан яг яг яг, энэ буурлууд дээдсүүд яг л над шиг боддог учраас бидэнтэй зууралдаад дэлхийг сөнөөхгүй гээд сандраад байсны учрыг оллоо. Би үхсэнээс хойш хичнээн мянган жилийн дараа ч энэ дэлхийг сөнөхийг харснаас бүүр огт үгүй амь ч үгүй болохыг л хүсч байна. Нэгэнт л би үхсэн ч буурлууд шигээ үхэхгүй буцаж төрөөд л, үр удам дэлхий гариг эрхэсүүдтэйгээ зууралдаад л байхаас хойш мөнхийн амьдрал минь тийм л муухайг үзмээргүй байна. Бодохыг ч хүсэхгүй байна.
Та миний оронд өөрийгөө тавиад бодоод үз дээ. Бид тийм муу муухайг юун тэсэх байтугай харах, бодохыг ч хүсэхгүй, зүрх зүсэгдэж байгаа биз дээ. Тэгвэл бидний өвөг дээдсүүд маань яг л ингэж шаналдаг нь ойлгомжтой. Яг одоо л тэднийг сайн ойлголоо. Өдөр Бөртө өбүгэ намайг миний бахархал охин минь гээд хайрлаад байсан. Би түүний нэрийг номноос л харсан болохоос огт танихгүй гэж бодтол “Би байгаагүй бол Есүхэй байх уу, Тэмүчин байх уу, Аав чинь төрөх уу? Чи төрөх үү” гэсэн. Бөртө Өбүгэ ч эцгээс төрсөн биз. Эсвэл тэр Өхий ээжийн Долоон хүүгийн нэг л байх даа.
Тэр Долоогоос Монгол гэж улс үүссэн гэж Хадам буурал хэлсэн. Долоон тийшээ явж айл өрх болон, үр хүүхдүүд нь өсч өргөжин тэлсээр Монгол гэж улс бий болсон. Монгорү гэдэг нэртэй байлаа гэж Хадам буурал надад ярьж өгч байсан. Бас манай буурлуудын гадаад ярианд Монгорү гэж их хэлэгддэг. Чингис хаан шүлгээ бичихдээ анхны мөрөнд Монгор гээд бичсэн. Монгол гэж засахад үгүй гээд засуулаагүй. Магадгүй тэр Долоон баатрын үр садууд нь Хөх толботнууд биз. Газар газар тарсан хөх толботнууд байх.
             Өхий буурал ээжийг анхны эх удган гэж байсан. Анхны хүний амь үүссэн өлгий газар дэлхийн хүйсийг сахин хамгаалагч Хөх тамгатнууд. Бас гол усны ундарга байх тул түүнийг сайн хамгаалах ёстой. Тэр үгүй болбол гол мөрөн байтугай, тэнгис далай ширгэж алга болох аюултай.
Ус гэдэг алтнаас үнэтэй. Усаа цэвэр байлгаж чадвал ямар ч аюулыг давж чадах байтал манай 76 усаар алт угаалгахыг зөвшөөрсөн биз дээ. Япон ч яахав баян орон дорхноо асуудлаа зохицуулаад болох ч Монголд усны аюул нүүрлэвэл хилэгнэсэн олон 76-г барьж аваад цусыг нь сорж мэдэх тул Усны хуулийг маш сайн боловсруулаасай. Хотоо байг гэхэд үгүй ядахдаа хөдөөний хэдхэн гол ундаргаа маш сайн хамгаалж, ус бузарлаж байгаа харийнханаас төлбөр нэхвэл таарна. Заавал яг хуучин шиг нь болгуулах, цэвэрлэх юмсан.
Монголын бараг айл отог болгоны буурлууд буучихсан тул буруутайнууд ч удахгүй дэс дараагаараа өнхөрч өгнө дөө хөөрхий. Та нар зөвхөн нөгөө маллуулаад майлаад байдаг хэд чинь биш ар, өвөрт нь аймшгийн догшин өвөг дээдсүүд нь бууж ирээд хардаг болчихсон, үрсээ хамгаалаад дайтдаг болчихсонг мэдэрч сэрж, нүдээ нээх цаг болсон. Өөрсдийн чинь ч өвөг дээдэс та нарыг харж, буруу хийвэл нүүр хийх газаргүй болж байгааг сана.
Дээд өвөг буурлууд маш чанга дэг, хатуу сахилга журамтай. Чухал асуудал гармагц л хуралдайтай гээд хуралдчихдаг. Өөрсдийнх нь үрс буруу юм хийж байвал дээрээ зэрэг зиндаа нь буурч, эрх мэдлээ хасуулж шаналдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Ухаангүй тэнэг үрсдээ өөрсдөө хатуурхвал гол  амьдралаа тэжээдэг хамгийн сайнаас нь юм уу, нялх балчираас нь түүж ухаан ортол нь түүж эхэлдэг. Харин тэнэг үрс нь бурууг өөрсдөөсөө биш бусдаас хайна. Муухан нэгнийг нь авбал ашгүй ашгүй үхсэн нь дээр гэнэ, хөгшид настай нь явбал жамаараа одлоо гэнэ, залуухан нь одвол зуурдаар явчихлаа, тэр энэ хараачихлаа гэнэ тийм учраас л ухааруулах гэж удам залгах эрчүүд, нялх нялзрайгаас нь түүж өгдөг.
Дохио өгөөд хэлэх гээд хөөрхийсийг эхлээд өвдүүлж, өвчин ороож, хамаг ажлыг нь нураан бүтэлгүйтүүлж анхааруулах гээд ядна. Зүүдэнд нь орохоор зүүдэллээ гээд л мартана. Арай мэдрэмжтэй нэгэнд нь харагдаж үзэгдэн, хэлэхээр хий юм сонслоо, хий юм харлаа солиорчихож, галзуурчихаж, мэдрэл нь муудаж гээд шар хаданд аваачаад сулруулан унтуулах гэсээр жинхэнэ галзуу болгох тэнэг, мэдрэмжгүй, хэнэггүй, ухаангүй удмаасаа болж нүүрээ хийх газаргүй шанална. Ингээд л тэд хатуу чангаар сэрээх арга авч эхэлдэг. Би өөрөө гэхэд л баахан эм тариа шахуулж шахуулж, шинжлүүлж шинжлүүлж, эмнэлэгт ч гэртээ ч хэвтэрт орон хамгийн шилдэг ганц арга нь Шархаданд очиж унтуулах тариа хийлгэх л дутаж байсан. Бид бол дээд мэрэгжилтэнгүүд, сэхээтэнгүүд гэж биеэ өргөмжилж зөрсөөр л зээгээ алдаж байсан гашуун түүхтэй хүмүүс.
Одоо л юун үр удам, өвөг дээдэс байтугай, Хөх Мөнгөн тэнгэр, Хөх Монгол орон, дэлхий ертөнцөөсөө хагацах аюул нүүрлээд байхад харалган царайлан явж байсандаа ичиж байна. Бас бидний тэмүүлэн сайхан амьдрал хүсэн хамаг бүхнээ дайчлан зүтгэсэн тэр олон жилийн сургалт, дүн, дипломдоо хэлэх үг алгаа. Хичнээн ч цаг хугацаа, мөнгөө төлөн зүтгэлээ дээ. Гэхдээ яахав бүр таг тэнэг болгочихгүй тархиа ажиллуулж байсан нь болжээ. Хажуугаар нь хэрэв Түүхээ бид зөв мэддэг, уламжлалаа хамт сураад явсан бол Монгол хүн өдийд хаа явж байх нь тодорхой.
Бид гадаадад очиж амьдрах гэж, сурах гэж гүйж байхгүй, гадныхан биднээс өвгөдийн үлдээсэн сургаал, гэгээрлийг сурч байх байсан нь даанч харамсалтай. Хаан минь намайг түүхийн багш болгоогүйд чинь баярлалаа. Би буруу түүхээ өөрөө заагаад л амьтан хүнд хоёр гээд л хорлонтойгоор баясаад зогсож байсан бол одоо гурвалжин нүүрээ хаашаа хавчуулнаа. Булай булай. Одоо ийм хачин юм шаардаж байхаар анхнаас минь түүхийн юмуу, монгол хэл, уран зохиолын багш болгон дээрээс нь дуучны хоолой, шүлэгчний хоолой, морин хуурчин болгохгүй яасын гэж зөрж байсныг яах билээ би. Уран зохиолын багш болсон бол аягүй бол эссэг ингэж л бичнэ, оршилд ингэж л бичих ёстой гэж таг зөрөх байсан байх. Одоо мэдэхгүй болохоороо мөн ч сайхан санаанд орсон болгоноо буулгаж өөгөх юм даа. Гэхдээ дунд сургуульд зохион бичлэг, юм бичихдээ байгаль энэ тэрийг заавал дэг журамтай бичдэг гэж сонсож байсан. Социалист реалист ч билүү үг санаанд орлоо. Манай нөхөр л түүгээр сайн бичих байх даа.
Нөхөр ингэж эхлэх биз..... Зуны нэг сайхан нартай өдөр зусландаа байх юутай гоёхон. Гэтэл гэнэт гэрээс галзуурсан миний эхнэр гарч ирэв. Ам нь ангалзаж, шүд нь тачигнаж, толгой нь санжигнаж, нүд нь нойрмоглох энэ чинь хэн бэ? Миний айсан, ичсэн гэж яанам.
Би ийм шуламтай суул уу??? Лавлан хартал яах аргагүй миний сайхан эхнэр мөөн. Даанч тэр бөө болохгүй бол энэ бузар өвчин эдгэхгүй. Өө майя гаад Иисууус хайрт эцэг минь, өө нээрээ тэр биш билүү Бурхан минь Будда өвөө минь ум маани бад ми хум өөө бишээ биш өнөөх чинь хэн билээ манай аавын аав аймаар ууртай Бууралууд, буурлуудаа туслаарай туслаарай наад шулмаа гэрт нь оруулаарай. Намайг л битгий бөө болгоорой .... гээд л бичих байсан байхдаа.
Гэхдээ намайг бичсэн түүхээ хэнээр ч хянуулж болохгүй гэж анхааруулсан болохоор нөхөр маань ч уншиж шүүмжилж чадахгүй. Тэгээд ч би ямар зохиол бичиж байгаа биш. Болсон явдал, буурал болон өөрийн болж өнгөрсөнгөө л бичиж үлдээж байгаа юм чинь. Тэгээд хэзээ энэ дуусах юм болдоо. Өчигдөр орой буусан дээдэс аймаар бүдүүн хоолойтой, дараагийнх нь миний ойлгосноор хөөмийлөх гээд байгаа болтой хичнээн их хоолойг минь чарлуулваа. Тэд нарт миний хоолой нарийдаад онцгүй байгаа бололтой. Оройжингоо миний хоолой өвдсөн. Одоо ч хачин их өвчтэй байна. Тэгсээр байгаад арай би хөөмийлдэг болчих юм биш байгаа. Одоо шөнө болжээ. Нэг буучихаад унтахаас даа.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.