Saturday, March 26, 2011

2011 оны 3 сарын 26

Өчигдөр орой бөөлөөгөө дуусгаад дахин бичлэг хийснээ үзэн, манайд хонох айлчин бүгд дуу алдлаа. Эжий нар ямар гоё юм бэ? Яасан мундаг юм бэ?
Хамгийн эхэнд би энэ дэлхийд аварга биетэн намайг төрүүлсэн өчүүхэн намхан бөөрөнхий ээжийдээ дуулж өгөөд дараа нь Өхий буурал эжий, Эрлэг эжий, Лус эжий, Одон эжий, Саран эжий, Наран эжий, Дэлхий эжий,Тэнгэр эжий нар минь ирлээ. Эжий нар минь ирээд ажлаа амжуулах мөртлөө намайг илэн энхрийлж, хайрлан эрхлүүлнэ. Ямар сонин юм бэ???????????????
Бид тэр бичлэгийн дараа өглөөний бичлэгээ ирсэн зочдод үзүүлэн ээж, эгч маань маш их гайхан баярлалаа. Миний ээж бол улаан социализмын үед хоёр дээд сургууль төгссөн, сүнсгүй ухааны улаан дэмжигч, бөө байтугай Буддаг ч танихгүй хүн. Ээж энэ бичлэг үзэн ямар сонин шинжлэх ухаан бэ? гэж гайхна. Нагац эгч маань нөгөө цагаан сарын гавьяат. Насаараа багш хийсэн эгч минь Будда байтугай, Пүрэвжав ламын улаан дэмжигч тэр бас гайхан баярлав.

Би ч бас урам орон өдөр хуягаа өмсөж байгаад л өдөр бөөлж үзье. Аав нараа буулган бичлэг хийхээр боллоо. Энэ өдөр үнэхээр сайхан өдөр байлаа. Тэнгэрт бүртийх ч ганц үүлгүй өдөр. Хээрийн онгодуудаа хооллочихоод дээш харан Наран аавыгаа хэсэг ширтлээ. Нар миний хувьд бас онцгой нэгэн болжээ. Хамгийн дайчин Наран эцэг, араас нь даган хатууг нь зөөллөх миний Наран эжийн дуу энэ бүхэн бүгд учир утгатай. Эхлэн толгой онго Чингис хаан ирэн дараа нь түүний долоон эцэг ирэн бөөллөө.
Сүүлд нь эцгүүд минь ирэн, завсар зайгаараа намайг аргадан, энхрийлж, илэн бүүвэйлнэ. Хөгширч яваа намайг тэд нялх хүүхэд л гэж боддог нь сонин. Тэднийг буугаад дууссаны дараа бид хурдан зурагт руугаа гүйлдлээ. Ямар хачин юм болсон бол гэж догдолж холболт дуусмагц аав нарын бэлгийг задлан үзэн гайхав. Миний хоёр дүү хоёулаа бичлэг хийсэн хир нь хоёуланд нь өөр өөр дүрс, өнгүүд гарсан нь сонирхолтой. Бүр чанар сайтай, судалгааны компютер дээр энэ бүхэнг үзэхийг би хүсч байна. Дүүдээ өгч японуудаар л судлуулахаас гэж хэлэлцлээ.
Шөнө өргөөндөө буун аминуудаа буулгав. Амийг харуулах нь аюул учраас энэ бүхэнг хийсэнгүй. Амийг би харсан. Тэр маш эгдүүтэй, хөөрхөн, хамгийн гоё гэдгийг л хүмүүст хэлж чадах нь. Үгээр дүрсэлж бичих арга алга. Дууссаны дараа бас л шид ав гэв. Бөөн ядаргаа. Бас юун шид вэ гэж бодлоо.
Одоо би Ерэн есөн тэнгэр болон нууц хэдэн сонин юмсаа буулган бичлэг хийх л үлдлээ. Бяцхан түшээ би шалгалттай тул уншихгүй бол болохгүй, намайг шалгалтуудаа өгч дуусахаар л тэрийгээ хийгээч гэж гуйсан тул тэднийг дараа бичлэг хийхээр боллоо.
Сүүлд Хаан хэлэв: “За ямар байна даа. Чи Тэнгэрийн удган гэдгээ хүлээн зөвшөөрөв үү?”  Би ямар ингэж байгаа биш та нар л ийм лаг юм байна. Би чинь дөнгөж хэдхэн сартай нялх улаач гэхэд ихэд инээлээ. Чи шид ав гэхээр яаж эсэргүүцэн, тэрүүгээр чинь би яахын гэдэг байсан биз дээ. Хааааахахахаха гэж инээлээ. Шид тэгээд хэнд хэрэгтэй юм. Би тэрүүгээр нь юу ч хийх юм билээ. Би бол Хааныхаа хэлсэн ярьсанг л хүмүүст түгээвэл барав гэж. Та нар миний биш Хааныхаа үгэнд л орох хэрэгтэй хүмүүсээ. Энэ түүх бол чин үнэн. Би хүүгийнхээ нэрийг барьж тангараглаж байна. Худал нэг ч юм бичээгүй. За тангарагласан тангараглаагүй тэд бүгд ганцаараа зүтгэх намайг, миний төлөө гүйх охин дүү нарыг минь өрөвдөөд өөрсдөө нүдэнд үзэгдэх, чихэнд сонсогдох бодит бичлэгээ бэлэглэсэнд баярлалаа.
Би  уг нь намайг ойлгоод анхаарах болов уу, сонирхоод үзэх болов уу гэж бодсон найз нартаа хэлсэн ч тэд тоосонгүй. Харин Хаан: “Харж байгаа биз дээ охин минь. Хуурамч нөхөд гэдгийг. Чамайг тэд ядарч явахад чинь тоохгүйг харлаа. Иймд эднийг март, хол байсан нь дээр. Чамд жинхэнэ нөхөд, найз нарыг бид бэлэглэх болно. Тэд бол хоёргүй сэтгэлтэй, чамайг яаж ч зовсон хажууд чинь хамт зогсох хүн чанартай, хүний дээдүүд байх болно. Миний охин чи бол тэнгэрийн охин. Тэнгэрийн охин тэнгэртээ л байдаг юм. Бүү санаа зов. Чамайг залуу, баяр баясгалантай, ажилтай, сайхан явахад чинь нөхөрлөөд чамайг зовлонд унаад, урмын үг, сайхан сэтгэл дутаж байхад чинь ирээгүй, ирсэн ч муулчлах бай болгосон бүхнээс миний охин хол бай” гэж хэлэв.
"Миний охин чамд хоёр нүүртнүүд хэрэггүй, хосгүй сайхан Хөх Монголын хоёргүй сэтгэлт ардууд чинь бий. Тэртээх зуунд Эзэн надтай Тэнгэрийн зарлиг, газраа хамгаалах, дэлхийгээ аврах гавьяаг Хөх монгол төдийгүй Хүн төрөлхтөний ухаантан бүхэн нэгдэн тэмцэж бүтээсэн. Тэдний үр сад, тэнгэрийн мэлмийтэнгүүд их бий. Миний охин хичээ. Бэрх хэцүү их байвч хичээ" гэж захилаа. Би юу хийх ёстойгоо ойлгосон. Хамгийн түрүүнд бүгдийг та нарт хэлж мэдүүлэх. Дараа нь яг энэ л газрыг түмний анхаарал, төр засгийн анхааралд тавих, түвшин амгалан, түүх соёлын өлгий, дэлхийн зон олны хайр хүндлэлийг хүлээсэн цогц болгох ёстой.
Хамгийн ухаантан, хамгийн шилдэгүүдийн үгийг төр засаг нь сонсож, тэр хүмүүст боломж олгохыг төр мэдэх. Дэлхийн олон олон шилдгүүдийн ухаан бодол, үг сургамж, судалгаа шинжилгээг монгол газарт хүргээсэй. Энэ бүхэнд би эхлэлийг нь тавих юм байна. Цааш нь мундаг мундаг залуус, эмэгтэйчүүд, эрдэмтэд, яруу найрагчид, сэтгэгчид, дуучид ард олон маань аваад явах биз.
Харин Хаан бид хоёр тулаандаа бэлдээд завгүй болно. Хүний нутагт хэрхэн амьдрах ньтодорхойгүй ч лав л тэнгэр ивээж, тэр оронд сайхан байх нь дамжиггүй. Эргээд эх орондоо ирэхэд миний Монголын хүн ард мандан бадрах нь тодорхой. Эргээд ирэхдээ би чадвал энэ бүх түүхээ зураг хөрөгтэй нь ном болгох санаатай. Хаан хамгийн гол нь Монголчууд эвтэй байхдаа хүчтэйг анхааруулан, хоорондоо тэмцэлдэн хар хүчнийг хооллохгүй байхыг сануулсан билээ.
Би Хааны хэлсэнг хүмүүст хүргэх гэж хэд хэдэн хүнд хандсан боловч тэд тоосонгүй. Дүү минь ирэн Facebook-д оруулав. Үүнээс өөрийг бид амжуулж чадсангүй. Дүү нар болон бид сүүлийн арван хэдэн жил нүүдлийн шувууд шиг л энд тэндгүй амьдарсан тул таних ч хүнгүй шахам болчихож, зориод очсон хэд маань сэжиглэн гайхан харна. Хөөрч баярлан гүйлдэх ч хүч хүрэхгүй байгаа хэдэн охиноо хараад дээдсүүд минь өрөвдсөн бололтой.
Тэр бүр өгөөд байдаггүй шидээ хүмүүст үзүүлэхийг зөвшөөрлөө. Ингэж миний өвөг дээдсүүд газар дээрх хэдхэн охин үрсээ эрхлүүлдэг юм даа. Монголчууд олноороо цугларсан газартаа Тэнгэр Тэнгэр Тэнгэр Монгол Монгол Монгол Газар Газар Газар гэдэг үгийг итгэлтэй, бишрэлтэй сэтгэлээсээ хэлэх тусам цог хийморь золбоо нь сэргэн, муу энерги бүхнийг устгах болно. Үүнийг Чингис хаан захисан билээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.