Friday, March 25, 2011

2011 оны 3 сарын 25

Өчигдөр хээрийн онгодуудын бичлэг үзээд сэтгэл хөдөлсөн би өглөө эрт босч чухам л хадам онгодууддаа цайг нь чанаж дээжийг нь дэлхийдээ өргөн хүүгийн өргөөнд салхи оруулав. Хурдхан хээрийн онгодуудад боов, талх, өөх хэрчиж өргөөд тэднээс уучлал гуйлаа.
Сүүлийн бараг сар гаран ном бичин улайран ажил их байсан би алдаг оног л тэдэнд өглөг өгч байсан даг. Хот руу явбал бүр юу ч өргөж чаддаггүй. Чухам өргөөгөөрөө шагайгаагүй хоёр сар илүү болсон би өргөөндөө гал түлүүлэн жаврыг нь үргээн, тахил бусад зүйлд нь санаа тавив. Манай онгодууд намайг ажил их болсноос хойш ус ч уухаа больсон, юу ч идэж уухаа больсон, өргөөндөө ч ор гэж шаардахгүй болохоор би ч сайхан даварчээ.
Хаантай яриад байсан хирнээ л би яагаад юм бодоогүй тэнэг вэ? Өчнөөн цол өгөөд байхад нь хоч өглөө та нар гэж марзагнаад л яваад байсан юмсан. Өнөөдөр гадаа маш дулаахан болсон тул хээрийн онгод ирж цуглахыг харан гадаа нарлаж байтал хаан хэнгэрэг авчир гэлээ. Нартай сайхан өдөр байлаа. Хаан болон бусад онгууд ирэн баахан чалчиж гадаа нарлацгаав. Тэд их л сайхан ааштай, сэтгэл тэнүүн байв. Би хайрхан уулыг харж байтал орой дунд хэсэгт ногоон туяа татав. Харсан газар нь ногоорч харагдан, Агсалдай бас мэндчилж байгаа бололтой. Би дүүдээ бичлэг хийгээд үз дээ гарах нуу, үгүй юу би сонин юм харлаа гээд бичлэг хийж эхлэв.
Хаан болон манай хөгшчүүл баахан буу халав. Тэгснээ хаан чи энэ бүхэнг түмэнд үзүүл. Чи хэн итгэх юм, би юу ч чадахгүй гээд байдаг биз дээ. Чамд бэлэг өгье. Миний охин юу чаддагаа харуул гэхэд би юу чадах юм бэ? Үүлгүй цэв цэлмэг тэнгэрт цас будруулан, бороо оруулж чадах биш, Чингис хаан үнэхээр буудаг бол ийм л юм үзүүл гэж хүмүүс нэхнэ.
Би хичнээн жилийн дараа сурч байж л тэгэх юм уу? гэхэд Хаан: “Охин минь цас, бороог оруулж болноо. Салхи шуурга ч тавиулж болно. Гэхдээ үүнийг хэрэгтэй цагт нь хийнэ үү гэхээс тэднийг хилэгнүүлэн хүчээр хийх буруу. Чамайг зүгээр байхад аашийг чинь хөдөлгөн хилэгнүүлбэл чи яах вэ, түүнтэй ижил. Тэд бидэнтэй дайн тулаан, дэлхий, нар, сар, одны төлөөх тийрэн муу сүнстэй байлдах үед өөрсдөө ирэн туслана. Хүчээр хилэгнүүлбэл дараа нь тэр оролдсон хүмүүст маш муу. Хамгийн муу юм болно. Чи тийм юм хийхийг хүсэхгүй байгаа биз дээ. Тэд чинь амьтай. Эзэнтэй, хаадтай яг л бидэн шиг албатай. Хүмүүс хүчээр үүл буудан бороо оруулна. Юу тэдэн дээр буудаг гэж бодно. Үүнийхээ лайг тэнэг хүмүүс өөрсдөө үүрч өвчинд нэрвэгдэн, шинэ шинэ өвчинг авах болно. Байгалийн жам гэж байгалиараа л байх ёстой. Тэнд ган болох ёстой бол ган болно. Ган гэдэг мууг хатаан устгаж байгаа цэвэрлэгээтэй адил. Байгалийг хүн захирч биш зохицож амьдрах ёстой. Иймээс л өвөг дээдэс бид чинь нүүдэллэж байгальтайгаа зохицон амьдардаг байв. Тэрнээс тэнүүлчиндээ бус, өөрсдийн биеийн амрыг харвал шавар тагзанд шигдэх шиг сайхан нь хаа байхав. Гэвч бид байгаль дэлхийдээ хайртай. Бид биш тэд бидний эзэн. Тэднийг хилэгнүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Хүн гэгч дэлхийн энэхэн алаг биед нь гуйж амьдарч яваа өт хорхойноос дор амьтад юм. Өт, хорхой ч байгальд асар их тус хийдэг. Харин хүн агаарыг нь амьсгалаад, усыг нь ууж амьд явдгаа ухаарахгүй тэдний эзэн мэт загнах болж. Охин минь дээшээ хар Наран эцэг, эх рүүгээ хар. Тэд чамайг яаж хайрлаж байгааг хар. Бас чиний өвөг дээдсүүд, амиуд чамд юу бэлэглэсэнг хар. Хэн хүссэнд нь үүнийг өгдөг гэж санана уу? Тэнгэрийн улаач, Чингис удган, Тэнгэр удган гэж ямар байдгийн хар. Чамайг бид яаж хайрлаж байгааг хар. Хөх Монголыг яаж хайрлаж байгааг хар”.
Чи биднийг яаж энхрийлэн хайрлаж, амилуулан, хүч чадал, итгэл хайрласан түүнд чинь бид бэлэг өгч байна. Хэрэв Хөх Монголчууд, Хөх Толботнууд биднийг сонсвол, хайрлавал, шүтвэл тэд бидний хайрыг чиний адил хүртэнэ. Хэрэв дэлхийн улс, хүн гэгч бүх амьтан Тэнгэрийг дээдлэн, Газрыг хайрлан, Байгалиа ойлговол чиний адил, Хөх толботнуудын адил хайр хүртэнэ. Хаан минь хоёр хоног NHK гарахгүй сэтгэл зовоод байна. Охин минь, охин минь, охин минь чи хэзээ ухаан сууна даа. Тэр арлын тал нь живж, тал хувь хүмүүс нь үхэх гэмийг тэд өөрөө өөрсдийн гараар хийсэн. Чи харин гонгинож, усан нүдэлсээр ажилд саад болоод байгаа шүү.
Дэлхий өөрийгөө цэвэрлэж байна. Байгалийг хэн их бохирдуулж харгис хандана тэр Тэнгэрийн шийтгэлийг хүний, өөрийн гэлтгүй л амсана. Хамгийн анх буурал чамд буухдаа л өөрсдийн хуулиа хэлсэн. Байгалийн хуулиар л амьдарна. Хэн хүчтэй нь ялна. Хэн буурай нь сөнөх байгалийн хууль. Байгаль дэлхий эзэн нь юм уу, хүн төрөлхтөн эзэн нь юм уу? Үүнийг байгалийн хууль гэнэ. Бид ч үүнд захирагдана. Энэ хууль байхгүй бол бүх амь устана. Энэ бол амьтай бүхний хууль. Энэ хуулийг амьтай бүхэн мөрдөн, чандлан дагавал эх дэлхий амар амгалан. Бүх амь үүрдийн амьдарна. Амьтай бүхэн зохицон амьдарч, ариун шударга, алсын хараатай байж нэгдэж ойлголцож чадвал амьдрал гэдэг там биш диваажин болно.
Хүн үүний тулд асар их боловсрох ёстой. Байгалийг сэргээн, байгаль дундаа амьдарч сурах ёстой. Хүн өөрт нь юу хамгийн чухал вэ гэж ойлгосон цагт энэ бүхэн биелэгдэнэ. Хүн гэгч амьсгалахад Алт уу, Агаар уу?  амьдарахад Мөнгө үү, Ус уу? гэдгээ яс махнаасаа мэдрэх хэрэгтэй. Хүн байгальд юу өгч чадна. Түүнийхээ хирээр амьдрал авах болно. Хүн байгалийг хир хүндэлж, хайрлаж чадна түүний хирээр аз жаргал авна. Хүн хир амьдарч хар сүнсийг хураах уу, сайн сүнсийг хураах уу өөрсдөө л шийддэг.
Япон хар сүнсний орон болсоор хэтэрсэн. Энэ нь тэднийг алж байна. Тэд муу бүхэнг, хар сүнснүүдийг зайлуулах хэрэгтэй. Уул усаа нүхэлж, мөнгөөр амьдрал шийддэгээ болих ёстой. Тэнгэр тэднийг амьдраг гэж газар өгсөн байтал түүнийг ухаж төнхөн, тэсэлж дэлбэлсээр байвал буцаагаад авчих нь түүний эрх. Тэд ажиллан, уул усаа баярлуулан, ухаанаа зөв юманд чиглүүлэх ёстой байтал буруу бүхэнг өөгшүүлэн, мөнгө хөөхөөс өөрийг сэтгэхээ больсон бус уу?
Хөх Монголчууд та нар ч буруу бүхэнг дууриан хөөцөлдөөд байвал ах дүүс шигээ л дуусна. Хамгийн сүүлчийн боломжийг энэ дэлхийхэнд олгон удган чамайг төрүүлсэн билээ. Өөрсдийн нь ухаан мэдэждээ. Охин минь бүү санаа зов чиний хайртай бүхэн устахгүй ээ. Япон өөрсдөө дахин өөрсдийгөө устгах зэвсэг бүү хийг. Өөр юм бодож олцгоог. Боломж бүх юманд бий. Боломж байгальд ч бий. Гэхдээ бүх юм хэмжээ хязгаартай. Аливааг авсан бол оронд нь байгальд заавал төлөөс төлөх ёстой гэв.
Гэнэт надад Баянхонгорчууд бодогдов. Тэд нарын сэглэж хаясан газрыг Говь-Алтай явахдаа би өөрийн нүдээр харсан. Уур хүрмээр байсан. Монгол төр гэгч ямар хүчгүй юм бэ? Би ерөөсөө тэд нарыг ойлгохгүй юм. Одоо бодсон чинь нээрээ байгалиа ингэж хамгаална. Байгаль бохирдуулбал ингэнэ тэгнэ, газар нутгаа хамгаална, нөхөн сэргээлт хийнэ гэж мөрийн хөтөлбөрт нь байдаггүй биз дээ. Тэгсэн хирнээ хүн бүрт л мөнгө л өгнө гэж амладаг. Хэн их тоо хэлж худлаа хэлнэ. Тэрнийг нь сонгоно.
Хүний өөрийн хамаагүй хамаг баярыг хамж аван өөгшүүлэн албан шугамаар баярлаж архидуулна. Архи уун, ажил хийхгүй байх тусам л мөнгө амлана. Сар бүр л мөнгө өгнө гэнэ. Хүмүүс сарын мөнгөнд хууртах ч түүнийгээ хэд нугалж авч байгааг ойлгохгүй. Хоол ундных нь төлбөр нь нэмэгдэн, амьдрах бүх юмс нь нэмэгдэн, агаар, усанд хүртэл төлбөр авч байгааг ойлгохгүй. Гэтэл тэд агаарыг яаж цэвэршүүлэх вэ, усыг яаж хамгаалах вэ гэж мөнгө зарахгүй, зарсан ч өөрт хэрэгтэйгээр л зарчихаад дээрээс нь мөнгө нэхэж байгааг ойлгохгүй. Тэгээд та нар авсан мөнгөө, төлж буй төлбөрөө бодоод үз дээ. Архи уудаг юм чинь яаж ч толгой нь ажиллахав, бэлэн мөнгө нь чухал юм чинь яаж ч үнэнг олж харахав.
Тэр байтугай Монголын гэгээрлийг авч явах ёстой сэхээтнүүд нь хүртэл тархи нь ажиллахаа больсон. Албан байгууллагын дарга нар нь өөрсдөө зохион байгуулж ажилчдаа архидуулна. Миний мэдэхийн хамгийн энэрэнгүй, хамгийн эрүүл, хамгийн ухаантай, хамгийн тэргүүний байх эрүүл энхийн манаанд зогсох ёстой хариуцлагатай газрууд гэхэд л ой гутмаар болсон дог. Эмчээ бэлдэх сургууль нь, эмч ажилладаг газрууд нь үндсээрээ ёс суртахууны доголдолд дориотсон. Тэнд хамгийн их маск зүүсэн хүмүүс байх нь гайхмаар.
Сайн яваад нь долигнон элдвээр магтаж хөөргөнө, саар яваагаа санаа нэгтээгээр хаяна. Сайхан баярлах гэдгийг савж унатал архидах л гэж ойлгоно. Цаасаар ажлаа дүгнэж, царайгаа нуусан бэртэгчингүүд ихтэй. Архин далайд эм нь ч, эр нь ч, дарга нь ч, цэрэг нь ч дурласан. Архи уух шалтаг, шалтгаан мундахгүй. Хамгийн адгийн болтол нь дориотуулсан хамгийн сайхан байх ёстой газар харамсалтай. Энэ бүхэн санаанд орон уур хүрэв.
Хаан хэлэв: “Охин минь хар тийрэнд идэгдсэн, хар энерги ихтэй газарт сайн юм байх нь хэцүү. Гэхдээ чи сайныг нь бодоод үз дээ”. Би энэ дургүй хүрдэг газарт бас сайн сайхан хүн олон бийг мэднэ. Хүний төлөө төрсөн мэт сайхан сэтгэлтэй эмч, сувилагч, асрагчид зөндөө л бий. Би тийм олон хүнтэй таарч байсан. Яхир муухай ааштай ч нинжин сэтгэлтэй, заавал нэг ч гэсэн юм мэдүүлчих юмсан гэж зүтгэх ардын гэх багш нар байдаг.
Миний өжий, абын минь нутаг, өссөн газрын минь хүү хамгийн сэргэлэн, шударга, хүн чанар сайтай, эр хүн шиг эр, эцэг хүн шиг зантай сайхан хүн ч бий. Түүний эхнэр нь гэж хүн бүрийг загнаж айлгадаг алдартай ч хамгийн сайн эхнэр, хамгийн сайн ээж, хамгийн шударга, өөрийнхөөрөө байж чаддаг, өрөөл бусдаас хамааралгүй жинхэнэ монгол эх хүн байдаг. Хөөрхөн ааштай, үргэлж инээмсэглэн гүйх ч дэндүү их ажлыг давахсан гэж хичээх, далай их эрдэмтдээс сурахсан гэж гүйх Хөх Монголын минь хойч ирээдүйн их эрдэмтэн хичнээн олон хүүхдүүд байсанг санав.
Хаан хэллээ: “Харвуу? Ийм их итгэл найдвар байхад миний охин бүү санаа зов. Тас харанхуйн дунд гэрэлтэх тэд, соёолох тэд чинь л Хөх Монгол орны минь ирээдүй. Бүх юм сайн сайхан болно. Миний охин чи ганцаар бишээ. Бид чамд бэлэг бэлдсэн. Түүнийг чи түмэн олондоо үзүүл. Үнэн худлыг ялгах ухаантан олон. Одоо чи өөрийнхөө чадлыг бодитоор харах боломж өгье. Бид чамтай өдөр шөнөгүй, өглөө оройгүй л хамт” гэж яриад бөөлөх бичлэг хийлгэх зөвшөөрөл өглөө.
Тэднийг явсны дараа бичлэгээ зурагтад залган том дэлгэц дээр гурвалжинг харахаар сууцгаалаа. Бид үзээгүй, санаагүй юмсаа харан мэл гайхаж, цэл хөхрөв.Энэ бүхэн тоглоом биш байна. Ямар аймаар юм бэ? Гэвч ямар сонин гайхалтай, чадалтай юм бэ? Юуны чинь миний чадал гэж, энэ чинь буурлуудын минь чадал, ХААНы минь чадал л байна шүү дээ. Би яаж энэ бүхэнг чадах юм бэ?  Аааааааль хэдийн тэгээд бичлэг хий гээд над хэлчихгүй дээ. Тэгсэн бол би ийм элдэв балай өдрийн тэмдэглэл бичиж суухгүй амар байхгүй юу даа. Хаан минь, Хаан минь, Хаан минь ямар гоё юм бэ? Миний аав, эжий нар, та нар яасан өрөвдмөөр юм бэ? Баярлалаа. Энэ дэлхийн хамгийн азтай, хамгийн жаргалтай хүн нь би л юм байна даа.
Бид бичлэгээ үзэн дуу алдан гайхацгаан бөөн баяр боллоо. Тэгээд ээжийгээ авчирч сонин, хачинаа үзүүлэхээр боллоо. Гэтэл нагац эгч бас ирлээ. Би ээж нартаа баярлан анх удаагаа гадаа бөөлөхөөр болов. Анх надад ижий нар ирсэн болохоор албан ёсоор тэднийг эхлэн оруулж баярласан сэтгэлээ хуваалцахаар шийдлээ. Есөн ээжийн тухай дуугаа би бараг мартжээ. Дээрээс нь хүйтэн сүү ууж хоолой өвдсөн болохоор би дуу яаж дуулнаа. Заза яадын гэж бодлоо.
Орой анх удаагаа гадаа бөөлж үзэх тул би юу хийхээ мэдэхгүй байлаа. Бас миний эжий, нагац эгч хоёр минь даарчих байх гээд байшингийн нөмөрт бөөлөх боллоо. Маш их олон одтой маш гоё шөнө байна. Шөнө бөөлөхөд юу бэлдэхийг мэдэх юм алга. Лав л манай зайран хүү гал асаадаг гэж санаад  нэг түмпэнд мод, нүүрс хийгээд тавив. Би тийм их гоё түүдэг асаагаад ч яахав дээ. Ямар тахилга, тайлга хийх гэж байгаа биш.
Одоо бөөллөө. Чингис хаан өчигдөр ирэхэд нарны туяа яаж амилан, гоё өнгө үзүүллээ. Ээж нараа дуудан бөөлж, бичлэг хийхээр шийдлээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.