Saturday, May 17, 2014

Өндгөө хайрладаг шувуу Тэнгэрийн Эзэн Үрээ хайрладаг эжий Энэрлийн Эзэн

Өндгөө хайрладаг шувуу Тэнгэрийн Эзэн
Үрээ хайрладаг эжий Энэрлийн Эзэн
Хайр гэдэг нь
Амьдралын мөн чанарын эрчим.
Өдөт шувуу өнө мөнхөд оршихын тулд
Өөрийн удмыг сахин хамгаалж
Тэдгээр өндгөөс гарч ирэх өөрийн удам
Тэнгэртээ эзэн сууж оршдог ажгуу.

Хэрэвзээ өдөт шувуу нь
Өндгөө хортны гарт алдсаар байвал
Хорвоо дэлхийд нисэн дүүлэх түүний удам мөхөн
Хурмаст Тэнгэр эзгүйрэх ажгуу.
Үүний холбоос нь
Хэрэвзээ өдөт шувуу Тэнгэрийг эзэгнэхгүй бол
Хурмаст Тэнгэрт юу үлдэх вэ?
Сарьсан далавчтан
Зөвхөн үдшийн бүрийгээр үзэгдэх
Тэр амьтны билэгдэл зүйн учиг нь
Хар муу санаанаас
Өөрийн хохиос цээрлэлийг хүртсэн
Нарны гялбааг үзэх тавилангүй
Ялагдсан хар сүнсний түүх.
Тэгвэл хурмаст Тэнгэрийн эзэн
Сарьсан далавчтан адил
Хар сүнснүүд эзэгнэх аваас
Хорвоо дэлхий мөхөл руугаа унахыг зөгнөн
Хайр гэх холбоог гаргажээ.
Энэ нь мөнхийн амьдралын рашаан өндгөнд буй
Өндөг хэмээгч нь үржин төлжиж
Өнө мөнхөд энэ эзэн эрхээ эдэлж
Эжий аавын үйлийг гүйцээгч байхыг үгүүлнэм.
Үрээ хайрладаг эжий Энэрлийн Эзэн
Хүмүүн нь өөрийн төл үр хүүхдийг энэрч хайрлах аваас
Эзэн эрх сууж эрхэм дээдэд залагдаж байна
Гэвч хүмүүн төрөлхтөнд ямар эзэн эрх байгааг ажигтун
Энэрэл
Энэрэл гэдэг үгийн утгыг ухах аваас
Энх мөнх амьдралын учиг тайлагднам.
Энх мөнх амьдрал юу вэ? хэмээвэл
Гэгээрэлд зоригдох тэр чиг замыг зурайлгах бөгөөд
Дээд хүслийн зүй эжийн сэтгэлийн үзүүрийг илэрхийлнэм.
Тэгвэл Гэгээрлийн Эзэд нь хүмүүн төрөлхтөн байх бөгөөд
Үүнд хүрэх зам нь
Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд оршино.
Ийм тайллаар хайр гэдгийг тайлбарлавал
Гэгээрэл гэдэг дээд хүслийн зүйг хэмжих нэгж болж таарна.
Хүмүүн бүхэн бие биенээ энэрч хайрлаж
Үр удмын анд
Ураг барилдах охин үр, хөвүүн үр
Мөн эрхэм дээд багш
Гурван тангараганд орших аваас
Өртөн шургалах зай үгүй болно.
Энэ үед Гэгээрэл гэгч бүтэн болж
Хүмүүн сэтгэл хайр
Мөн хамтын хариуцлагаар бадрах бөгөөд
Үүнийг энэ сургаал үгэнд цоожлон нуужээ.
Хайрыг сэтгэлд хүлээн авахын тулд
Эхлээд сэтгэлийн мөн чанарыг ухан ойлгож
Хар муу бүхнээс нь цэвэрлэх учигтай
Үүний тулд
Нэгд Би-гээ таних
Хоёрт мөн чанараа таних
Сэтгэлээ таних гурван үе байнам.
Би-гээ таних хэмээдэг нь
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн холбоос
Бүхнийг ухан мэдэхийг үгүүлнэ.
Үүний учиг нь
Өнгөрсөн цагийн Өстөн
Өнөө цагийн Анд
Ирээдүйд үр хүүхдийн Багш гэсэн ухагдахуун юм.
Алдааг ухамсарлаж чадах аваас
Аврах арга буйг мэднэм
Аврах арга буйг мэдсэн бол
Алдсан үрийг ухаажуулнам.
Алдсан үрийг ухаажихдаа
Арвин их Сууг олох бөгөөд
Үр хүүхдэд хуучлан үлдээх
Өнө мөнхийн хамгаалагч болном.
Мөн чанараа таних гэдэг нь
Өнөө цагт үйлдсэн үрийн
Ирэх цагт ирэх үйлийн үр юм.
Үүнийг ухан таниснаар
Өнгөрсөн цагийн сургаал нь
Өнөө цагийн тэвчих байдал
Ирээдүй цагийн үр өгөөжийг илэрхийлнэм.
Энэ нь дээрх холбоон дээр гарч ирж байгаа бөгөөд
Алдсан үр багш болоход
Үр балчирт сургаалийг үлдээнэм.
Сургаалийг мэдсэн үр биеэ засаж
Мөн чанарын ухагдахууныг олж
Хөгжлийг ухамсарлан ойлгох болно.
Энэ үеийг давсан бол сэтгэлээ танин ажина
Сэтгэлийн гүнээс эл бүхий л түүхийг ухан ойлгож
Нээж чадах аваас сэтгэл чөлөөлөгднөм.
Хорвоо дэлхийд өслөх өс үгүй бөгөөд
Бүхэнд авралын гарц
Тэнгэр Эцгийн мутар байдгийг ажих бөгөөд
Энэ үед Тэнгэр эцэгт итгэх
Түүний үйл хэргийг ухамсарлах
Сэтгэлийн эрх чөлөө орших бөгөөд
Үүний дараагаар үйл
Үнэн зүрхнээс үйлдэгдэж чадахаар болдог ажгуу.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.