Өө нээрээ би тоймлон бичиж байгаа болохоор тэр явдлуудыг бичихээ болилоо. Жаахан халтуурдан хурдлахгүй бол болохгүй нь. Охин маань хүнтэй сууж хурим хийх боллоо. Би бөөн мөнгө үрж байхаар өөрөө дээл хувцсыг нь оёхоор болон монгол хувцас оёдог дамжаанд орж хуримын дээлнүүдийг нь өөрөө оёж өглөө. Гэтэл намайг бас л юм сургах, ойлгуулах гэж оролдсон дээдсүүд маань дараа дараагаар нь олон дээл, хуяг хийх болгосон юм даа. Би зайран хүүгийнхээ малгай, бүх хувцас, удган дүүгийнхээ малгай, хуягийг нь өөрөө оёсон. Охин хүнтэй суугаад удалгүй маамуу гаргах болов. Нэг өдөр над руу утасдан манай гэрийн гадаа маш олон шаазгай ирээд орилоод байна би айгаад гэхэд нь ямар хэрээ биш, шаазгайнаас айх юун. Шаазгай сайн мэдээ өгдөг гэдэг. Талх боов өгчих гэлээ. Маргааш нь охин маань төрж Анунгоо зээ охин мэндлэн нөхөр бид хоёр маш их баярлав. Бид хоёр өөрсдөө хүүхдүүдээ төрүүлэхдээ ингэж хөөрч баярлаж байснаа лав санахгүй юм. Мангар байсан юм байлгүй. Би ч яахав өвдөөд уйлаад баярлахдаа манатай байсан байх манай нөхөр ингэж хөөрч байсан юм болов уу бүү мэд.
3 кг 800 гр маш том сайхан охинтой боллоо. Нэг өдрийн дараа гэртээ иртэл манай гэрийн гадаа маш олон шаазгай цуглан нэг л эвгүй шаагилдан, сандралдан нисэж байхаар нь би бас боов, талх өгөв. Нэг хоногтой нярай маань гэртээ ирээд нүдээ нээн харж намайг удаан ширтлээ. Ямар сонин юм бэ? Ийм мундаг байдаг билүү. Яасан хөөрхөн юм бэ гээд л би харахад их л гунигтай том хүн шиг хараад байв. Би бүх өрөөгөөрөө тэвэрч явж үзүүлэхэд тэр харж л байв. Юунд миний тэнгэрийн элч охин тормойтол эмээ над руугаа хараад байсанг даанч хожуу ухаарсан нь харамсалтай. Нэг хоногтой нярай тэгж удаан тогтож харна гэж үү. Яасан их гунигтай том хүнийх шиг ухаантай харцаар хараад байсан гэж санана.
Гэвч оройноос уйлагнан эвгүйцэж нэг л биш боллоо. Бид эмнэлэг явж тэнд хэвтүүллээ. Санаа зоволтгүй ээ. Хэд хоноод л зүгээр болно. Ээж нь харин ядарсан байна. Ээжийг нь амраана. Хоёр талд байлгана гээд эмч хэлж бид ч санаа амарч гэртээ ирэн унтав. Өглөө эрт утас дуугарлаа. Охин маань бие нь муу байна гэж охин хэлж би унтаж буй бага хүүгээ хөнжилд нь ороож орноос нь шүүрч аваад эмнэлэг яарлаа. Биднийг очиход Миний Анунгоо аль эрт өнгөрсөн байв. Ийм муухай байхдаа яахав дээ, яасан муухай хорвоо вэ? Ийм муухай юм үзэж байснаас эрт өөрөө би үхэж далд орохгүй яав гэж өөрийгөө зүхнэ. Миний амьдралдаа үзсэн хамгийн адгийн муу муухай явдал бол энэ. Үр хүүхдийнхээ үрийг үхүүлээд байхдаа яахав дээ, арчаагүй амьтан гэж өөрийгөө зүхнэ. Нөхөр маань галзуурах нь халаг болсон. Түүний амьдралдаа үзсэн хамгийн хүнд цохилт энэ байсан. Тэр Исүсийгээ ямар их дуудан залбирч байсан билээ дээ. Ингээд бид ах дүүсээ цуглуулан гэр лүүгээ ирлээ.
Харин манайх руу эргэдэг тэр замаас эхлэн шаазгайнууд хоёр эгнээ болон машины зам дагуу зогсохыг хараад л би нөгөөх шаазгайнуудыг ойлголоо. Анунгоо эд нарын хүүхэд байсан юм байх даа гэж бодлоо. Оршуулган дээр нь хамгийн сүүлд хүргэн маань шороог нь тэгшлээд илэн, охинтойгоо сэтгэлээрээ ярьж байхад мөрөн дээр нь юм унахад харахад Шаазгайн өд байлаа. Ээж энийг хараа гэж надад авчирч өгөхөд л би шаазгайнаас айж эхэлсэн юм даа.
Охин маань бороог зүхэн уйлна. Ээж энэ бороог би үзэн ядаж байна. Бороо бороо бороо чи яах гээд байгаа юм бэ гэнэ. Нээрээ л бас бороо охинг минь эмнэлэг явах, үзүүлэх гэхээр л шаагин орж үер болсоор, төрөх яг тэр үед асгараад, төрөхөөс гарахад асгараад, нас барахад асгараад, оршуулахад асгарсан. Гэхдээ маш ширүүн хэдхэн минут ороод л зогсдог байсан. Тэгээд л шаналалд автсан охин минь бороонд гомдон хашгирч уйлана. Бороо буруутай ч бай, буруугүй ч бай Тэнгэрийг харааж болно гэж үү. Охин минь Тэнгэрийн ч юмуу, Борооны ч юм уу, Шаазгайны ч юмуу л охин байгаад эргээд түүнийг тэд аваад явлаа. Учир битүүлэг бороо, шаазгай, байгалийг тайлж унших хэн ч алга. Байгалийн өмнө ямар ч хүч алга.
Анунгоо энэ нэрийг түүнийг төрөөгүй байхад миний хоёр настай бага хүү минь өгсөн юм. Нас барахаас өмнө өвдөхөд нь нэр хүндэдсэн байх гээд хүнээс нэр аван хоёр удаа эмч, сувилагчид нь хэлээд засаарай гэхэд засчихлаа л гэсэн. Гэвч нас барсан өвчний түүх дээр нөгөө нэр нь засагдаагүй Анунгоо хэвээр л байсан юм даа. Тэр энэ нэрэндээ л дуртай байсан нь жилийн дараа батлагдсан юм. Төрснийх нь нэг жилийн ойгоор бид хээрийн буултанд сууж түүнд бэлэг өгч, ээж нь охиноо харж чадсан билээ.
Энэ үед аав нь Америкт байв. Харин Анунгоогийн нөгөө эмээ нь аавынх нь ээж Швейцарьт амьдардаг. Орой бидэн лүү охины хадам ээж утасдан ямар сонин юм болов оо Анунгоогоос мессэж ирлээ гэхэд бид мэл гайхав. Та зүгээр үү? гэхэд “Би эв эрүүл, сав саруул байна. Би гайхаад утасдаж байнаа. Гэртээ байж байсан чинь нэг сонин гоё ая дуугараад гэхдээ миний утасны ая биш. Би гайхаад хайтал миний утасанд мессэж ирж байна. Аваад хартал АЧ ОХИН АНУНГОО гэсэн байсан. Дугаар ч байгаагүй. Тэгээд би гайхаад та нар луу утасдаж байна” гэлээ. Тэр бидэнтэй уулзчихаад миний адил шаналсан эмээдээ мэндээ илгээж дээ. Охин минь, зүрх минь одоо ч шаналсаар байна даа. Би даанч азгүйгээр зээгээ алдсан даа. Одоо ч чамайг санаж зүрх уйлсаар байна. Харин Анунгоогийн тухай сүүлд нь ойлгосон юм.
Хүүгийн буурлууд маань: “Та нар тэр охинг заавал амьсгалыг нь тасалж байж ухаарч уг удмаа авах ямар хэрэгтэй байв даа. Хөгшин настайгаа үхэхээр жамаараа л үхчихлээ, арай залууг нь золгүйгээр үхлээ гээд л усан нүдэлчихээд мартдаг биз дээ. Тэр буцаж яг байсан дүрээрээ та нар дээр төрнөө. Хоёр ихэр болгож аваарай” гэж бидэнд хэлсэн ч хайран цаг хугацаа тэр минь байсан бол манайх бүр ч аз жаргалаар бялхаж байхгүй юу. Ингэж миний зээ охин Анунгоо эр зориг гарган бидний эцэг өвгөд болон тэнэг бидний тасраад он удаан жил болсон харьцааг алтан амиараа гагнаж өгөөд дээд тэнгэртээ буцсан юм даа. Хорвоод гуравхан хонохдоо миний охин ямар их зовлонг амслаа. Түүний нэр хүндэдээгүй. Тэнгэрийн охин бол тэнгэрийн л байдаг юм байна. Анунгоо чиний нэр үүрд алдаршиж энэ эрин зууны эхлэлийг эхлүүлэх тэнгэрийн элч байгаад буцсанг хүмүүс мартахгүй байх болноо.
Монголын шинэ нууц товчоо эхлэхдээ Эзэн Чингис хааны зээ охин Анунгоо энэ дэлхийд мэндэлсэн тэр өдрөөс л энэ түүх эхлэн бичигдэх болно. Үүнийг бүх үе үеийн эх нар, эмээ нар санан дурсч байгалийн нууц дохионууд, тэмдэгүүдийг ажиглан үр ач нартаа сануулж байх болно. Шинэ нууц товчоог бичүүлэх эхлэл нь миний энэ тэмдэглэл болно. Монголын нууц товчоо бол миний өвөг дээдсийн түүх бөгөөд, бөө дээдсийн маань сонин хачин амьдралын маш хураангуй товч тэмдэглэл юм. Харин Монголын шинэ нууц товчоо нь тэдний маань сүнс эргэн амилж үр хойчдоо буусан үнэн түүхийн эхлэл билээ. Алтан ургийнханы түүх сэргэн, амьдрал нь үргэлжилж, биднээс шинэ удам төрөн түүхээ бичсээр байх болно гэдгийг өндөр дээд бууралууд минь хэлсэн билээ.
Энэ хатуу хорвоод дахин ямар их гай биднийг дайрч үгүй хийхээс ч айлгүй энэ удаа эхний золиос болон алтан ургийн гуравхан хоногтой бяцхан охин минь хүний хатуу хорвоод ирээд хийх ёстой ажлаа амжуулчихаад л аль хэдийн нисэн оджээ. Гэхдээ тэр удахгүй эргэж ирнээ. Энэ л нэрээрээ эргэж ирэхийг үгүйсгэхгүй. Эргэж хэрэв ирвэл миний охинг алган дээрээ бөмбөрүүлээрэй Хөх толботнууд минь. Алтан ургийнхан амиа бодож энэ дэлхийд мэндэлдэггүй юм. Хөх толботнууд, Хөх Монгол, хөрст дэлхий, байгаль дэлхийгээ аврах гэж л тэд дахин дахин тэнгэрээсээ бууж ирэн, олон олноороо амиа алдсаар ч айх халшрах зүйлгүй ахиад л дүрээ хувилгаад ирдэг болохоор л “Алтан ураг” гэж Тэнгэр тэтгэн, Газар ивээн хайрладаг юм шүү дээ хэмээн Хаан Чингис айлдав.
Бүх түүхийн нугачаа дунд алтан ургийнхан манлайлагч байж, халуун амиараа амьдралаараа дэнчин тавин тэмцэж, бусдыг удирдаад, буцаж оддог. Тэд хаан ч болж, харц ч болж, эр ч болж, эм ч болж, эцэс сүүлд нь хүүхэд ч болон тэмцдэг. Тэнгэрийн хүүхдүүд тэд тэмцэгчээрээ бусдаас онцгой байдаг нь энэ бөгөөд үе үед л харалган бодолтнууд, атаархан өшрөгчид, тийрэнгийн хар хүчнийхэнтэй эх дэлхий, газар шорооны төлөө тэмцдэг учиртай. Хөх толботнууд бол тэнгэрийн хүүхдүүд, газар дэлхийн хамгаалагчид.
Чадлаараа л эмээдээ ойлгуулах гэж нойроо хасан тормойн харж, өлсөж, даарч, өөрт нь ахадсан төө төө урт зүүгээр хатгуулан, элдэв химийн хорт тариагаар тариулан тарчилж, эхийгээ эцгийгээ санан тарчлан чарлаж, хиймэл амьсгаа хийлгүүлсээр хөх эрээн болон бяцарсан цээжийг нь эмээ нь хэзээ ч мартахгүй. Иймээс би бяцхан охиныхоо эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж түм буман хүнд сэрэмжлүүлэн хэлэх болноо. Эцэг өвгөд чинь ойлгуулах гэж өчнөөн дохио өгсөөр байтал арчаагүй царайлсаар зовлонгоо нэмэх хэрэггүй шүү гэдгийг л хэлмээр байна. Ухаантай, сэрэглэн, өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй байна эхчүүдээ, эмээ нараа, зөн билгээ сонсож үрсээ хамгаалж бүх л арга хэмжээг хайж сурцгаая! Хэнэггүй зөрүүд эрчүүдийн үгэнд орон эргүүтэж, хойш суусаар хайртай үрсээ алдаад дараа нь харамсаж байснаас юуны учир юм бол, яагаад вэ, яаж аргалах вэ? гээд арга чарга хайж, мэддэг мэлмийтэнгүүдээс асууж байцгаая.
Гэхдээ энд ч бас өөрсдөө ухаантай байж мөнгө хөөсөн, хүний зовлонгоор жаргал хийгчидтэй зууралдалгүй тэднийг зөв таньж, өөрсдөө ухаантай байхыг уриалж байна. Хуурамч бөө удгад, худал тоглогсод, хуурамч лам нараас болгоомжтой байж, жинхэнэ чадалтай лам хувраг, бөө удгад, эмч домч нарыг зөв таньж сураасай гэж хүснэ. Үүний тулд өөрсдөө л ухаантай байх хэрэгтэй. Бүр болохгүй бол хэд хэдэн хүн дээр очиход мэдэгдэнэ шүү дээ! Өөрсдөө уншиж судлан, эрж хайж, өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хүний амаар өөрөө толгойгүй юм шиг явж болохгүй. Хэт мөнгө нэхэн айлгах хүмүүсээс болгоомжтой бай! Үнэн худлыг өөрийн чинь зүрх сэтгэл заана шүү дээ. Хуурамч муу хүмүүсээс хол байх хэрэгтэй.
Энэ хооронд гэрт маань сонин адал явдал үргэлжилсээр 49 хоног нь арай дуусаагүй байхад нь бас л бөөн адал явдал учрав. Ер нь л манайх гэдэг айл дандаа л адал явдал дунд байдаг байсан. Манайд олон сар амьдарсан нэг найз маань: “юун Солонгосын олон ангит кино танайх харин сонин амьдралтай айл шүү дээ. Солонгос олон ангит кино танай амьдралын хажууд шал уйтгар гэдэг чинь байх даа. Би даанч зохиол бичих авьяасгүй. Тэрнээс та нарт дандаа инээдтэй явдал юм уу, энгийн биш хачин юмс тохиолддог. Тэгээд та нар тэрнийгээ өөрсдөө нэг их тоохгүй сонин хүмүүс шүү” гэдэг байж билээ.
Харин одоо манай амьдралд хар өдрүүд эхэлжээ гэж бодлоо. Энэ 49 хөн хоног дотор олон толгой эргүүлсэн, сонин үйл явдал болж аргаа бараад би дахиад л бөөтэй орооцолдсон юм. Би тэнэгээсээ, арчаагүйгээсээ болоод зээгээ алдлаа. Би одоо хэнийгээ ч үхэлд өгөхийг хүсэхгүй байна. Би тэдэнгүйгээр яаж амьдарч, яаж өдрийг өнгөрөөн, шөнийг гүйцээх гэж... Ингээд л би бүх л боломжоо хайн, бүх л сүм дуганд мөргөөд, бүх л хэрэгтэй хэрэггүй онгойсон хаалга бүхэн рүү харайсаар том хүүгээ аварч үлдэх тулаанд орсон доо. Түүний түүх бол тэр чигээрээ үлгэр домог тул тэр өөрөө түүхээ бичнэ биз. Ээж нь өөрийнхийгөө барахгүй нь. Ямар ч гэсэн би хүүгээ бүх л саад бэрхшээлийг даван туулж, гүйж хариасаар байгаад бөө болгож авсан юм даг. Хамгийн азтай нь багшаа зөв олж сонгосон нь л бидний аз, амны хишиг, буян заяа байлаа.
Энэ алдарт түүхтэй, амьд домог болсон дээдсүүд энгийн нэгнээр багш болгохыг зөвшөөрнө гэж үү. Энэ багшаар хүү маань ч, үеэл охин дүү маань ч, би ч багшлуулсан юм. Бид хаад, хатдын удам угсаа. Энэ хаад, хатад зөвшөөрч багш Хутагтыг Тэнгэрт нэртэй, Газарт цуутай хүү гээд өөрсдийгөө залуулна гэдэг энэ хүний нэрийн хуудас.
Хүү минь бөө болоод удалгүй ээжийн талаас ээжийн дүүгийн охин бас бөө болохгүй бол болохоо байж би маш завгүй гүйв. Учир нь ээжийн талынхан бас бөөг ойлгохгүй байлаа. Иймд би тэднийг гэртээ авчирч хүүгийнхээ бөөлөөнд суулган нүдээр нь үзүүлж, чихээр нь сонсуулж, нүдий нь онгойлгуулаад ээжийн дүүд туслах хэрэгтэйг ойлгуулан, удганыхаа малгай, хуягыг оёж өгөн онц идэвхи гаргасан юм. Гэтэл манай эмээгийнхэн маань бидэнтэй ярихгүй тунирхаж бараг сар дөхлөө. Бид яаж ч хичээгээд хэлийг нь ойлгохгүй, зарим нь ч бүр эргэлзэн тээнэглэж эхлэв. Би багштай уулзан яавал хэлд орохыг асуухад тэд надаас авдар нэхээд байна гэв. Зүгээр ч нэг авдар биш. Би хайгаад үзсэн тэрнийг эрт дээр үед Японд хийдэг байсан гэнэ гэж билээ. Энэ бас л их инээдтэй түүх болсон юм.
Намайг угаа босгоход ихэд хичээн зүтгэсэн гэж шагнан эмээгийн хий үзэгдлүүдээс эцэст нь би авдар бэлгэнд авсан юм даа. Тэр бол миний хамгийн нандин бэлэг. Өргөөнд минь залаатай байгаа тэр авдар л үлгэрүүдийн энэ үнэн түүхүүдийн нэг гэрч яах аргагүй мөн. Би Японоос тэр авдрын тухай түүх судрыг уншихыг маш их хүсч байна. Даанч хэн надад тэр тухай хэлэх билээ. Япончууд бол мөрөөр нь мөшгөөд, мөчийг нь тоолоод л гаргаад ирнэ дээ. Энийг сонирхсон япон хүн байвал баримтыг нь бүрдүүлнэ биз. Би ямар энэ бүхэн түүхэнд бичигднэ гэж мэдэж байсан биш. Бэлгэнд ирсэн авдар нь л надад байна даа. Жилийн өмнө би ийм бэлэг авч байсан юм. Гэхдээ бүр ҮНЭГҮЙ, БОДИТООР эмэг дээд ХАТДУУДААС авсан гэж боддоо. Тэр авдар бол арван гурван үйлдэл хийж байж онгойдог. Гэхдээ надад олдсон нь авдар нь биш ч түүний загвар хайрцаг байлаа. Эмэг маань яасан ч жижигхэн юм гэж голсон ч одоо авдар хэрэглэх хүн үгүй, аль эрт мартагдсанг онгодуудад ойлгуулав. Дээр үед бол одоогийн сейф л байж дээ.
Бас нэг баараггүй баримттай юм нь сарын өмнө хүүгийн минь галын буурал хүсэл болсон галдаа орно гэж зүтгэсээр манайх хэдэн куб зах банзнууд аван шатааж хадам өвгөдөө эрхлүүлсэн юм. Тэгэхэд би бөө болоод хэдхэн хонож байсан болохоор бас хүүгээ гал уруу орохыг харж чадах эх байх уу айгаад гарсангүй. Өвөл их хүйтэнд хүү минь найзтайгаа хоёулахнаа галаа асаасан ч бүгдийг нь асааж чадалгүй бүтэлгүй оролдлого болон галын буурал ихэд харамсан зун дулаарахаар галд оруулна гэсэн амы нь авч байж больсон гэнэ. Өндөр гал асаах хүүгийн туршлага дутжээ. Тэгээд зургаа авах гэтэл хамаг утас, аппарат ажиллахгүй байсаар хагас дутуу нэг бичлэг хийгээд орхижээ. Би арваад хоногийн дараа тэр аппаратаар өргөөний зургаа авах хэрэг гараад үзтэл миний хайртай сайхан хүүгийн минь муухай гарсан зураг байв. Яасан муухай гараа вэ устгадаг юм билүү гэтэл тод гэрэл шиг зураас анхаарал татахад сайн ажиглан хараад мэл гайхан, цэл хөхрөв. Хүүгийн маань цаана Хадам буурлын минь царай гарсан байна. Миний хүүтэй адилхан хамар амтай байв. Дүрс нь ойгоогүй, өөр тийш галруугаа харамссан маягтай харж байгаад хальсанд үлдчихжээ. Бүр өөрийн тэргүүн малгайтайгаа байлаа. Ийм азтай тохиолдол бэлэг гэж байх уу? За над итгэдэггүй юм гэхэд хүүгийн маань буурлын энэ дүрээ мөнхөлсөн зургийг яахын. Хаана ч аваачаад шинжилсэн ам бардам нүүр цагаан биз дээ.
Надаас бүтэн жилийн түрүүнд боссон энэ гайхамшигт дээдсүүд “охин минь Чингис хааныг бүү гомдоо” гэж худлаа хэлж зүрхлэнэ гэж үү. Тэд ч түүний удам судрын алтан ургийн дээдсүүд. Тэд намайг өөрсдийн хайртай улаачынхаа төрүүлсэн эх гэж, уг удмы нь өөрсдийнх нь ойлгоогүй үрстэй нь тэмцэлдэн байж босгосон бэр минь гэж хайрладаг билээ. Хичнээн удаа үхлээс татаж гарган, хичнээн удаа миний өвчнийг сорч аван намайг эдгээсэн ачтангууд. Монголын түүхэнд нэрээ үлдээсэн өвөг дээдсүүд. Бас үхсэн байж л уйлан хайлан, уурлан бачимдан Монголыгоо өмөөрч, тусгаар тогтнолоо хайрладаг дээдсүүд билээ. Хичнээн нь эх нутгийнхаа шороонд амиа алдлаа даа. Нэг жилийн өмнө хадам бууралдаа хандан хамаатан нэг хүн маань орос руу нүүрс гаргах ажил хийхээр болсон гэнээ. Тэрний ажлыг дэмжиж өгөөч гэхэд тэр та нарын энэ жаргалын төлөө хичнээн өвөг дээдэс чинь атга шороо, алга дарам газрын төлөө цусаа урсган амиа алдлаа даа. Гэтэл байтлаа миний үрс өөрсдөө тийм юм ярих гэж гээд уйллаа. Би нүүрс байтугай атга шороо ч гаргахгүй ойлгов уу. Та нар өөрсдөө хийнэ биз. Хэрэв хийж чадвал түүнээсээ нэг сүү ч бүү над авч өгөөрэй бузар гэж билээ.
Нээрээ л тэгээд түүний тэр том машин нь замдаа сайхан эвдрээд хүний газар тэр чигт нь хаяад ирсэн. Одоо ч тэр авч чадалгүй баяжих гэсэн биш бөөн өрөнд унасан. Үхээгүй нь их юм. Муу юм хийж бодсоны төлөөс болсон өрөө хэзээ дуусгах юм бүү мэд. Ийм л эх орныхоо төлөө үнэнч, үрсдээ ч хатуу сайхан өндөр дээдсүүдтэй билээ бид. Надаас түрүүн босоод хийдгээ хийгээд байж байгаа хүү минь, дүү минь байсаар байтал надад хүн итгэхгүй бол яанаа гэдэг харин би өөрөө шал тэнэг юм байна.
Тиймээ Эзэн Чингис хаан өөрөө морилон морилохдоо бүр толгой онго хийж, 99 тэнгэрийг эзэмших завшаантай төрсөн би эгэлгүй азтайгаа БАХАРХАН ЗАРЛАЖ БАЙНА. Тиймээ би ЧИНГИС ХААНЫ ҮР тэр ч байтугай ТЭНГЭРИЙН БӨӨ гэдгээ боссоноосоо хойш анх удаа 2011 оны 3 сарын 6 ны 19 цаг 40 минутанд өөртөө итгэлтэйгээр тунхаглан зарлаж байна. Яг одоо намайг алах байсан ч хамаагүй би айхгүйгээр амгалан тайван амьдралаа золиослон байж ТЭНГЭРИЙН хүслийг дамжуулан, эцэг дээдсээ ИЛ ТОДООР ЗАРЛАЖ БАЙНА.
Би Тэнгэрт болон аав ээж нартаа, өөрийн өвөг дээдэстээ, Хөх Монголдоо үнэнч зүтгэх болно. Та нар надад итгэсэн шиг би та нартаа үнэнч байх болно. Би дэлхийн түм буман ардуудад зөвхөн үнэнг л өгүүлэх болно. Би өөрөө цэцэрхэн зохиож, өөрийгөө шүтүүлэхгүй зөвхөн өөрт тохиолдох болсон болгонг л гоёж чимэлгүй, давруулж ярилгүй үнэнээр нь хүргэх болно. Би бол эгэлгүй азтай ч, эгэл жирийн эмэгтэй, эх хүн учраас хэн хүнд хэрэг болоосой, над шиг тэнэглэн байж хайртай үрсээ битгий алдаасай гэж, өвгөд чинь харж байгааг нь ойлгуулах гэж, бүх юм амьтайг сануулах гэж, түүхээ олооч, түүхээ зөв болгооч, түүхээ хайрлаач, бие биенээ хайрлаач гэж, эх дэлхийгээ энэрээч гэж хэлж сануулж байхаар богинохоон үлдсэн насаа та нарын төлөө, эх дэлхийнхээ төлөө зориулах болно. Хүмүүсээ надад итгээрэй. Хүрч ирээд шалгаарай. Харин ганц Тэнгэрийг л бүү муучлаарай. Миний өвөг дээдсийг минь л бүү гомдоогоорой.
Би тэднийгээ юугаар ч худалдахгүй. Зөвхөн тэдний хүслээр, тааваар байх учраас тэднийг минь бүү хилэгнүүлээрэй. Хий гэсэнг нь хийхээс өөрийн дураар юу ч хийх эрхгүйг минь ойлгоорой. Хамгийн түрүүнд би Монголчуудад Хайрхан уулын тухай, Хайрханмаан тухай тайлбарлан түүнийг яаж хамгаалах тухай та нараас хүснэ. Бид хурдан хөдлөж эхлэхгүй бол галав юүлэлт эхлээд байна. Иймээс л ЧИНГИС ХААН маань яаран яаран намайг олонд энэ тухай мэдэгд гэсэн юм. Түүнээс сэргийлэх арга байгаа болоод л яаруулсан биз.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.