Орой хүү маань анд зайрантайгаа өөрийн өргөөнд буув. Хадам буурлууд намайг дуудуулав. Энэ буултаар л би Чингис хааны тухай тодорхой батлан хэлэх өөр овгийн өндөр дээдсүүдийн амнаас нь өөрөө чихээрээ сонслоо. Ихирэс Хадны Мангаа буурал өөрийн биеэр буув. Өнөө гарагт анх удаа өөрийн чинь амилуулсан уналгаар өргөөндөө морилж ирлээ. Ихирэс гэж ийм учиртай овог аймгийн нэр байжээ. Тэгэхээр бусад аймгийн нэрс ч бөө буурлуудын нэр байхнээ. Би яг ингэж бодтол нүд анигдан чих шуугиад онго ирлээ.Тэгэлгүй яахав чи үүнийг мэдлээ. Их сайн. Хонхирад буурал нь байна. Би чинь гайхамшигт удган шүү дээ. Би хэдэн минут түүнтэй ярилцлаа. Ойлголоо би юу хийх ёстойгоо, дахиад л адал явдал нээгдэх юм байна. Гэхдээ одоо Ихирэс бууралтай ярьснаа мартахаасаа өмнө бичих хэрэгтэй.
Ноднин нутгаа тахиад ирэхдээ манай хадмынхан овгоо Ихэс гэж ав гэсэн ихэс гэж дээр байдаг байсан бололтой гэсэн. Харин сүүлд тэр бол Ихэс гэж биш “ИХИРЭС” гэж авах ёстойг би бодож олсон ч яг тэг гээд хэлж зүрхлэхгүй ч лав Нууц товчоонд Ихирэсийн Буту хүргэн гэж байсан, бас тийм овог аймгийн тухай бичсэн байна лээ. Ихэс биш Ихирэс гэж л авах нь зөв юм болов уу? гэж саналаа хэлж байсан ч яг ингэж батлагдана гэж хэн мэдлээ. Тиймээ түүний шингэсэн Толь хадыг Говь-Алтайгийнхан онголон шүтвэл их л сайн байхсан даа. Овгийн нэрээ мандуулсан алдар цуутай бөө байж дээ. Догшин ч гэж аймаар. Гэхдээ үрсдээ их энэрэлтэй.Тэд Ильтэрис түрэг хааны үр сад. Гайхалтай биш гэж үү? Ихирэс овгоо одоогоор манай нөхөр, хүү нар л сэргээж авсан.
Харин намайг Чингис хаан: “Миний охин Боржигон овгоо солиорой. Өөрийн овгоо гарга. Энэ чинь шинэ түүхийн эхлэл. Манай овгийн нэр хэний ч мэдэхгүй юмнуудаар дүүрсэн учраас цэвэрлэж авах хэрэгтэй. Энэ ч бас эрин зууны эхлэл шүү дээ. Бөртө Чоно, Хоо Марал хоёрын түүх эхэлдэг шиг. Гэтэл түүнээс ч өмнө амьдрал байж л байсан. Устаж сэргэсээр л үе үеийн бөө сүнснүүд үлгэрийг эхлүүлдэг юм гэсэнг саналаа. Бас нэг инээдтэй түүх санаанд оров. Анх ээжийн талаас үеэл дүү удган босох болж түүнийг Хоо Маралын удам гэж багш хэлсэнд миний бага дүү сонсоод юу вэ тэр чинь үлгэр биз дээ. Хоо Марал чинь буга биз дээ тэгээд Чонотой нөхцсөн юм уу? гэж асууж байсан санаанд орж инээд хүрлээ. Би ч үлгэр юм уу, хүн юм уу , нэр юм уу ойлгодоггүй байж. Харин энэ бол бөө, удгадын алдар цол бөгөөд жинхэнэ нэр нь миний нэр мэт гээгдэж хаягддагыг сая л ойлголоо. Тийм шүү дээ. Миний эмээгийн толгой онго Даян хатан нь Мандухай цэцэн хатан. Тэр Даянгаар овоглодог. Даянгийн 73 хатан маань 78 болсон. Би бас “Даян” цолыг эмээгийн дээд онгоос авсан. Үүнийг тэнгэрээс дээд буурал ирж өөрөө мэдэгддэг. Дуртай нь аваад, дураараа зохиодог юм биш. Хэрэв өөрөө өөртөө оноовол заавал тэнгэрт шүүлэгт орно.
Чингис хаан надад “миний нэрний шүүлэг их хатуу. Энэ чинь цол. Хүн надад өгөөгүй тэнгэр өгсөн. Чамд Аянга гэж цол өгсөнтэй чинь агаар нэг. Энийг хэн дуртай нь хэрэглэхгүй. Гэтэл миний цолыг маш гутаасан байна. Мөнгөнд тавьж, хамгийн муу нь Миний хамгийн дургүй уудаг ч үгүй архинд хүртэл өгч намайг бас тэнгэрийг гутаан доромжилсон. Энийг хийсэн эзэд эрүү шүүлтэнд их зовно. Манай цусан төрлийн тэр миний нэртэй хүү санаа их зовоож байна.Тэр нэрээ солих, эсвэл тэнгэрт тоогдтол тэмцэж амьдрах ийм л хоёр зам бий” гээд тусгайлан тэр хүүтэй уулзан учрыг гаргаж хэлсэн. Тэгээд тэр хүүд 5 жил дотор амжилт гаргахааргүй бол нэрээ соль. Би нэрийг чинь өгч болно гэсэн. Энэ чинь миний нэр биш тэнгэрийн цол тиймд хатуу. Хатуу хувь тавилан хүлээдэг юм гэж байсансан.
Нэр.... нэр ... нэр гэж их учиртай юм байна.
Ихирэс буурлын нэртэй холбоотой дурсамж үүгээр ч дуусахгүй нь. Нэрний талаар өөр олон сонинг ярьсан. Дараа сонирхвол хэлэхгүй бол дэндүү урт юм болох нь...
Эргээд хоёр алдарт буурлуудтай уулзсан тухайгаа үргэлжлүүлье. Ихирэс буурал надад: “Чиний эзэн чинь тэнгэр бололгүй Чингисээрээ үлдсэн юм даа. Эзэн Чингис хаанд чи эргэлзэн тээнэгэлзэх хэрэггүй. Өөрийг чинь сонгоод хүрээд ирсэн байхад өр лүү нь өшиглөж, бүү гомдоо. Чи бол эгэлгүй заяатай төрсөн энэ зууны эхлэлийн ундарга. Бүхнийг амилуулагч ундарга. Миний үр цагаанаараа л бай. Би хар бүхэнг чинь залгиад дараад байя. Чи миний уналгыг амилуулсан болохоор л би бууж ирсэн шүү дээ” гэлээ.
Найз зайрангийнх нь мэргэн цэцэн буурал бас буусан. Үе үеийн хаадын зөвлөх хийсэн. Бурхан Халдунд Чингис хаан 3 өдөр 3 шөнө уулзсан гэнэ. Будда шавь нь байсан ч тэр өөрийгөө шүтүүлэн үе үеийн шавь нар нь сургаалыг нь гуйвуулаад одоо юу болж байгааг хар гэлээ. Харин нөгөө анд зайрангийн буурал нь: “Чи бид олон уулзана. Сургаал юугаа чамд айлдана” гэлээ. Юу гэсэн үг юм бол доо. Би эднийд очиж буултанд нь сууж бичиж авах юм болов уу? Тэгэхгүй бол махан биеэрээ бол би ч энэ анд зайран ч саяхан бөө болсон юугаа ч мэдэхгүй. Дээрээс нь энэ зайран чинь миний хүүтэй чацуу байтал би гэж хөгшин уулзах гээд дахин дахин гэрт нь очиж төвөг удах юм байх даа гэж бодов. Харин хаан маань түүнийг биедээ залан олон хоног ярилцсанг хожим ойлголоо. “Иймдээ л чи бусдаас өөр ялгаагаа сайн мэд гэлээ. Тэнгэрийн бөө гэж өөр гэж чамд хэд хэлэх вэ” гэв.
Их сонин юм ярилцлаа. Би өөрийн биеэр бараалхаж байсан учраас айгаад, гайхаад самгардаад зарим хэлсэнг нь ойлгосонгүй. Эд мөнхийн сүнснүүд гэв. Тэд аяганд гал дүрэлзүүлээд “ирэх зуунд болох Хар бүхэнг би харъя, Цагаан бүхэнг чи хар” гээд л намайг үдэл дээ гэсэн. Надад харуулахгүй яасан юм бол доо.
Энэ өдөр Эзэн Чингис хааныг би албан ёсоор хүлээн зөвшөөрч тагнаж, хардахаа больсон юм даа. Яагаад гэвэл хүнд хэлбэл “бүгд худлаа гэж намайг дооглон, Тийрэн байх, янз янзын юм ярьдаг гэсэн” гэнэ. Тэгэхэд Чингис хаан ихэд уурлан “Тэнгэрийн нэрээр тоглодог, миний нэрээр мэндэлдэг тийм бөх зүрхтэй тийрэн ч түүхэнд гараагүй юм даа. Миний охин сонс! Би чамайг маш сайн мэднэ. Чамд нэг гарын алганы хуруунуудад багтах хэдхэн найзтай. Чи хэзээ ч найз нөхөддөө нэг ч муу юм хийж байгаагүй, дандаа л сайн сайханг хийж бүтээж өгч байсан байтал тэд чамд итгэхгүй, муу хэлнэ гэдэг бол тэд чиний найз огт биш гэсэн үг. Хэрэв чи тэдний оронд байсан бол ямар их сонирхон өөрөө нүдээрээ үзэн шалгаж өгөх байсан билээ. Яаж их баярлан гүйх байсан билээ. Тэгэхээр хуурамч багтай байжээ чиний найз нар.
Чамайг бид тийрэнгүүдээс аль болох нуун, хамгийн энгийн байлган, хамгийн чимээгүй амьдруулахыг хичээсэн. Гэвч чи хаа яваа газраа л содон байдаг байлаа. Тэгээд л чамайг ийш тийш их нүүлгэж явуулсан даа. Дараад дараад л дайчин, этгээд төрх чинь гараад байх болсон. Тэгээд л ажлаар дарсан шүү дээ” гэж инээлээ. “Чиний эгэлгүй ухаанд тэнцэх найз нөхөд тийм олон олдоно гэж үү? Тийм ч учраас чи хүн шоолж, шоглохдоо гаргууд байсан. Хэрэв чи эр хүн болж төрсөн бол хаа хэрүүл шуугиан зодоон цохион болно тийшээ гүйн ялж, хүний анхаарлыг их татна. Эмэгтэй тулдаа л гайгүй өнгөрсөн. Гэхдээ л чи барилдаад эрэгтэй хүүхдүүдийг унагаж, дандаа зодоо хийж явдаг болсон. Хэнээс хэзээ ч айхгүй. Чи өнгөрсөнөө сана даа”.
Нээрээ тийм ч юмуу. Саяхан манай ангийхан уулзахад надад зодуулж байсан хүү түүхээ дурссан гэлүү? Таг мартаж. Би түүнийг охин өмөөрч л зодож өгсөн шүү дээ. Тэрнээс тэр надад юу ч гэм хийгээгүй. Хаааахахаха гэнэт саналаа би бас түүнээс алимыг нь булаан авч идэж байж. Тэгэхэд тэр их гайхсан. Харин би сахилгагүйтэн инээж явж байсан. Уучлаарай миний буруу. Манай ангийнхан ангиараа кино үзэхэд би хүзүү чанаж очоод ангиараа хүзүү мөлжиж дамжуулсан гэсэн. Хахахаха гэнэт санаанд орлоо. Би нээрэн завсарлагаар найзтайгаа толгой авч идчихээд эрүүг нь авч орж байлдаж тоглодог байсан гэх мэт шал гажиг юм их болдог байжээ. Ичмээр юм. Болий болий.
Манай нөхрийн найз нөхөд бол над шиг авгай аваагүй дээ бурханд баярладаг биз. Архи уусан сураг сонсогдвол л алчихъя л даа чамайг гээд давхиад очих аймшиг, ноймер нэг алдартай ааш муутай авгай байлаа шүү дээ. Тэрнийг үхчихвэл тэр найз нөхөд тооно гэж үү. Худлаа магтаж, араас нь хутга шаадаг тэдэнд би дургүй учраас хоёр нүүр гарган, сайхан инээж чаддаггүй. Сайн, сайхан эхнэрийн хоёр нүүр гаргаж огтын огтоос чаддаггүй нь миний удам байжээ. Эзэн Чингис хааны удам угсаа дайчин эмэгтэй би хэн нэгэнд долигнож хоёр нүүр гаргаж чадна гэдэг бол хамгийн тэнэг хэрэг байсанг ойлгов. Хэрэлдэж байснаас шууд л цохиод унагах хобби нь ясных байж гэдгээ хожим мэдэв.
Аавын талын хатдууд маш зоримог, дайчин, эршүүд, дандаа дайн тулаанд оролцож, морь унан, нум сум харваж, эрчүүдийг командалж байсан болохоор их хатуу чанга сэтгэлтэй, зоригтой, ааштай, сэрэглэн, гүйлгээ ухаантай, уран гартай, ажилсаг, омголон, дураараа байжээ. Даянгийн дайчин цагаан Хотолон, Дорнын их Хатад ирэхдээ, ташуур тулан, толгойгоо хаялан, элдэв зовоосон эрчүүдийн тухай сонсвол алчихъя л гэдэг нэг нь ч уйлдаггүй хатуу онгодууд байдаг. Аавын талын эрчүүд нь их цэмцгэр, үнэнч шударга, ямар нэг юмыг яс сайн хийдэг, хичээнгүй, тайван, уяран уйлдаг, ухаантай, хүлээж хардаг ч нэг шийдвэл эргэж буцдаггүй, хатуу чанга дэг журам сахьдаг онгодууд.
Гэвч миний эхийн талын хатдууд их зөөлөн сэтгэлтэй, сайхан хүмүүс байжээ. Гал шиг асан дүрэлзэн байх би аргадаад, паналдчихаар уйлаад уяран, хүүхэд шиг мартдаг нь цусных байсанг бас мэдэв. Тэдний ихэнхи нь их гомдомтгой, эрх танхи хатдууд. Эрчүүд нь бас зөөлөн сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс. Эмээгийн минь Цагаан өвгөн тэнгэр их инээдтэй. Би дүүгээ босохоос өмнө юмыг нь бэлдэлцээд Цагаан өвгөн тэнгэрийн зургийг зуруулан ээжийндээ хэд хоног өлгөөдөхье, уг авах өдөр болоогүй юм чинь гэсээр хананд өлгөчихөөд суутал хамаг хөлс асгарч, огиж бөөлжиж сүйд болов. Цагаан өвгөн тэнгэрийн зураг маш их энерги гарган нүд нь хөдлөх шиг санагдан би түүнийг тэр өдөрт нь дүүгийндээ хүргүүлж байж билээ.
Түүнээс хойш зургаан сарын дараа би үеэл удганыдаа очин эмээгийнхээ онгодуудтай уулзаж байхад Цагаан өвгөн тэнгэр орж ирлээ. Та нөгөө бурхан гэж шүтэгддэг цагаан өвөө мөн гэж үү гэж гайхан асуухад их л инээгээд “За яав чи намайг хараад огиулаад гүйгээд байсан биз дээ. Хахахаха” гэж инээж байсан. Харин сүүлд би удган болоод Ерөн есөн тэнгэрээ буулгахад надад буухдаа бас л инээн “чи яагаад манай өргөөнд очихгүй байна даа охин минь. Хичээгээрэй бид чамд найдаж байгаа шүү” гэж билээ. Цагаан өвгөн тэнгэрийг би их сайхан ааштай өвгөнг тэгж мэдсэн. Гэхдээ л би одоо хүртэл гайхна. Тэр үргэлж өвгөнөөрөө байдаг юм уу, эсвэл залуу юмуу, мөнх нас гэж юу вэ? Тэнгэр гэдэг чинь тэгээд хүн байсан юм уу Сүнснүүд юм уу? гэх мэтчилэн мэл гайхна.
Энэ л их дээдсүүдийн зан чанар бүгд л миний бага насны амьдралд ээлжлэн солигдон, харагдан үзэгдэж байсанг ойлгоод их гайхаж билээ. Өнгөрсөн хорвоог дурсаад яахав. Ямар гавьяа байгуулсан биш дээ. Хүүхэд бүрт л хөгийн явдал байдаг болохоор миний жаргалтай хүүхэд нас минь сайхан л байлаа. Бүр бага насандаа би маш зожиг хүүхэд байсан. Хэнтэй ч тоглох дуртай биш, биеэ даасан амиа борлуулчихдаг, хүнд түвэг удаагүй л өссөн. Ганцаараа л маш их ярьж тоглодог байсан. Миний жаргалтай хүүхэд нас, ганцаардмал зожиг өсвөр нас, гал халуун залуу нас минь бүгд л утга учиртай байсан нь гайхалтай.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.