Лусын уналга амилсан өдөр. Би их л толгойгоо гашилган тоо бодож байж “Хайрханмаа” нэрийг нь олсонд тэр амилан орж ирлээ. Гэхдээ л би түүний дүрийг дөрвөн жилийн өмнөөс харан гайхаж хайрлан хүндэлж харамладаг билээ. Ямар сайхан том аугаа амьтан гэж бодно. Тэр бид хоёр тоглож өссөн гэнээ. Баахан сонин хачин сонсож гайхлаа. “Чи бид хоёр бүүр сүүлд газар дээр хүний үрсийг шоглон тохуурхаж олныг живүүлэн алсангаа санаж байна уу?” ....Юу? Үгүй шүү. Би хэзээ ч тийм муухай юм хийгээгүй гэхэд тэр инээн “Чи бид хоёр хэрээс хэтэрсэн олон хүн алж нуусан нь баригдаад чи аав ээждээ шийтгүүлж Тэнгэр эцэгт хэрэгтэй цагт нь өгч хүний ертөнц гэдэг тамын амьдралд амьдруулж буян хийлгэх болсон шүү дээ”. Би сэтгэлээр унав. Би хүн алжээ гэхэд “Чи бүү санаа зов тэднийг зөвхөн тоог нь хэтрүүлсэн. Уг нь тэд өөрсдөө буруутай. Усыг бохирлож, усанд дайн зарласан. Чи бид хоёр үерийн усыг ихэдүүлчихсэн. Чи ч балчир, би ч балчир байсан байна. Гэхдээ чи балчир бас чиний зөв байсан ч хүний амийг нь хэтрүүлсэн учраас Тэнгэр шийтгэл оноож эцэг, эх чинь ч шийтгүүлэн чамаас удаан хугацаагаар хагацах болсон шүү дээ”.
Тиймээ миний лусын хааныд дуудагддаг нэр маань Шидэт Сэрээ. Хааны хамгийн бага хайртай охин байсан би хаа сайгүй тэнэж юм эвдлэн хэмхлэж, сэрээгээрээ хатган ухдаг байсан гэсэн. Миний бусад аав ээжээс хамгийн их тэвчээр үгүй, шулуухан хэлчихдэг, хамгийн их хүүхдээ өмөөрдөг халгаатай нь лусынхан.
Би хүний биед төрүүлсэн ээждээ энэ тухай хэлтэл “Тийм байхаа даанч. Чи багадаа ямар дураараа хачин амьтан байлаа. Миний үнэтэй савхин дээлийг минь хайчлаад хаячихсан өөртөө юм хийнэ гээд байж байсан. Бас тэр үед хөшигний чул их үнэтэй байхад бас аваад хайчлаад хүүхэлдэйнд хувцас оёод, дүүгийнх нь үсийг авах найр хийхээр ярьж байтал өмнө нь хайчлаад хаяачихсан тэгээд дүү маань үсний найраа хийж чадаагүй” тухай ярьж өгөв. Бас манай хамаатны охин: “Та намайг дагуулж гараад үсчин ороод үс тайруулчихаад би ээж ааваасаа айгаад малгайгаа тайлж чадахгүй хачин юм болсон шүү дээ” гээд л шоолцгоов. Нээрээ л би нэг хэсэг эвдэлж сүйтгэсэн, заавал дотрохыг нь ухаж үздэг байсан. Тэгсээр муухан эрээс ч дээр цахилгаанаа холбочихдог, эрэг шөвөг эргүүлдэг, алх хадаас, хөрөө хэрэглээд сурчихсан юмдаг. Харин юмыг бол сайн оёноо.
Хайрханмаа чамайг чиний нэрийг олох гэж би ямар их хичээж, хөгөө чирвээ. Энийг би мартахгүй ээ. Одоо чиний эзнийг олноо хөө гээд би эрэл хайгуулаа үргэлжлүүлэв. Амжилттай болон эзэн нь ирлээ. Намайг за чи өөрийгөө мэдрээдэхдээ гэлээ. Ямар их ус вэ? Нэг ч хуурай газар алга гэхэд за энэ тэгвэл хаанах вэ гэв? Усан галав биш үү гэхэд яг тийм. Би усан галавын эзэн байна. Ингэж “Усан галавын эзэн” ирэв. Тэгэхэд хүн байсан гэж үү? Чи юу бодно вэ? бүх л үед амьдрал байсан гэхэд би Үлэг гүрвэл, туулинд байдаг тэр аймаар том баатруудад гайхаад байх юм алга, Английн тэр аварга том чулуунуудаар барилга шиг баригдсан чулуунд гайхаад байх юм алга гэлээ. Тэгэлгүйдээ. Мөсөн галавт ч амьдрал байсан. Амь үгүй юм гэж нэг ч үгүй. Чи гэхэд л хэнгэрэг хэц, элдэв амьтан, хуягаа хийчихээд амилуулаа биз дээ. Тэрэн шиг л амилдаг юм. Нээрээ л бөөгийн юманд хамаагүй хүрэхэд амьсгал давхцан хоолой боогдох юм уу, толгой эргэн бие суларч унадаг. Тэгээд л хүний хувцас хунарт бүх мэдээлэл, эрчим нь шингэж муу хүний юм муугаар нөлөөлж хорлодог.
“Та нар хүн хаанаас үүссэн гэж хайн тэнэгтэж хэдэн яс ухаж олчихоод хүн эндээс үүссэн гэж цэцэрхдэг биз дээ. Тэгсэн хирнээ тэр эрдэмтэд гээд байгаа ичмээр амьтад өөрийгөө хаанаас гарч вэ гээд эцгийнхээ өмдийг шувтлаад, эхийнхээ доороос ухаад байдаггүй биз дээ. Энэ бол хүн та нарын мангуурал. Яг л үүнтэй адил эцэг эхийнхээ хэвлийг ухаж төнхөөд байгаагаа ойлгож байна уу? Газрын гүнийг нэвт өрөмдөж оллоо гээд та нар яах гээв. Миний үед ч хүн хэт үржээд өөр хоорондоо дайтан усан биш цусан далай болон, газрын гүнийг ч ухсан шүү дээ. Чи хүртэл тэр сэрээгээ зоож л байлаа”. Би юу хаана чинь? Миний нуруу өвдөв. “Мэдэв үү энд” гэлээ. Өө муу яадаг муу сэрээ вэ дурак чинь гэж тэр үеийн өөрийгөө би хараалаа. Намайг уучлаарай та гэхэд “Та нар шийтгэлээ амссаан. Наран Эцэг дайнаа эхлүүлж, тэнгис далай ширгэж, галав юүлүүлж газар үүсэн бүгд үхсэн. Харин усны хааныхан та нар л Лус чигээрээ үлдэн газар нутаг чинь тасарч багассан. Усны судал чинь хүний биеийн судас л гэсэн үг шүү дээ. Лусын хүмүүсийн буруугаас усан галав устаж газар үүсэв”.
Эднийг амилуулж биедээ залсан учраас би “Хатан удган” цол авлаа. Надаас өмнө Өхий буурал эжий залж байсан гэнэ. Тэгээд “би чамд шидээ өгье” гээд баахан гарыг минь илэн миний гар их сонин боллоо. “Чиний шид гүйцэхээр хаана ч очсон ширгэсэн гол мөрөнг буцаах ундарга болно”. Би яаж чадах юм бэ? “Хүний биеийн судсыг сана. Усны судал хаа сайгүй гүйнэ. Чи намайг олон залах хэрэгтэй. Чамд харин зав гарах болов уу. Энэ жилээс маш их үер усны гамшиг болноо. Үүнд бүү өөрийгөө буруутга охин минь. Чи намайг сэрээсэн учраас усны эх би өөрийгөө цэвэрлэж, усыг бузарласан энэ олон зууны төлөөсийг авнаа. Ус бол рашаан, цэвэр ариун байх ёстой. Охин минь чамд баярлалаа”.
Ямар сонин юм бэ? Энэ үнэн бол би Сэлбэ голоо сэргээхсэн. Би багадаа түүний эрэг дээр өссөн. Энэ голд би хамгийн хайртай. Би доошоо буух гэж далангаас дүүжлэгдэн, хааяа гэдэс гүзээгээ уран хэдэн ёрдгор төмрөөр авирч бууж өссөн. Тэгэхэд маш тунгалаг байсан. Чулуугаар нь тоглож, загас жараахайг нь харж өссөн билээ. Яагаад би гав ганцаар тэнд тоглодог байсан юм бол доо. Би маш зожиг хүүхэд байсан. Ганцаараа л ярин, ганцаараа л тоглоно. Нээрэн миний хүүхдүүд ч яг тийм ганцаар байх дуртай. Сэлбэ гол үерлэсэн үед би маш дуртай, тэрнийг харж бахдаж байдаг байсан. Сэтгэл хөөрөөд баярлан хардаг байсан. Харин одоо тийшээ харах тусам уур хүрдэг. Хатаж ширгээд юу ч алга. Ийм учиртай байсан байхнээ.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.