Saturday, February 26, 2011

2011 оны 2 сарын 26

Миний төрсөн эцэг аав минь ирж уулзаж бид уйлалдав. Бяцхан түшээ дүүг минь өнөө өдрөөс өөрөө дагаж юмыг нь тэгшлэнэ гэсэн. Аав минь намайг бөө болсноос хойш гурав дахь удаагаа ирж байгаа билээ. Би анх бөө болсноосоо хойш аавыгаа хүлээгээд ирдэггүй. Ер бусын загнах өвөг дээдсүүдээ би сүүлдээ хардан яагаад миний эцэг орж ирэхгүй байнаа. Би өөр чөтгөр оруулчихвуу? Юун эрлэг хаан энэ тэр гэсэн хачин сонин юмс ирээд байнаа гэж баахан бодол болоход нэг удаа нөхөр маань миний буултанд суух үед аав минь орж ирсэн бөгөөд “өөрийн өвөг дээдсүүдэд эргэлзэх хэрэггүй. Би хэдэн охидоо бүгдийг нэг дор цугларахаар буух гэж байтал улаач болсон охин маань буруу бодол хэт их бодон, өөрийгөө болон өвөг дээдсээ хардаж сэрдэн намайг өөрөө хэл гээд би буулаа” гэв.
Аав маань нөхөртэй минь ярилцан маш их уйллаа: “Өнчин үлдсэн миний хэдэн охидыг минь өдий болтол хайрлан, халамжилж байгаад аав нь хүүдээ их баярлалаа. Би чамайг миний хүү л гэж боддог. Би сайхан хүүтэй хүн хэзээ ч хүргэн гэж бодож явсангүй. Миний ааштай шонхор охин чамайг гомдоосон бол өршөөгөөрэй. Тэр чамд хайртай, чиний төлөө амьдардаг гэдгийг мэднэ биз дээ. Тэнгэрийн хууль гэж даанч хатууг аав нь өөрөө харлаа. Аав нь хэрвээ онгодоо залан бөө болсон бол миний хэдэн охид өнчрөх зовлон үзэхгүй, та нар одооныхоосоо ч илүү сайхан амьдрах байлаа. Даанч аав нь мунхаглан зөрж, сүнс гэж байхгүй гэж бодон, өвөг дээдсээ гомдоож үхлээ өөрөө сонгосон. Намайг бөө болох ёстой гэж би сонссоон. Гэхдээ итгээгүй. Ямар хатуу цаг үе байлаа. Гандан ч орох эрхгүй байсан хатуу үе байсан. Гэхдээ аав нь өөрөө үхсэндээ болсон. Хэрэв үхээгүй миний охидоос өнгөрсөн бол би яах байсан болоо. Тийм муухайг би хараагүй өөрөө үхсэн нь болсон. Одоо би жаргалтай байна. Миний охид шиг мундаг охид хаа байна. Миний охид шиг бахархал хаа байна. Би жаргалтай байна” гээд л бидний аавдаа бэлдсэн алчуурыг бүрэн нортол уйлж билээ. Тэгээд намайг эргэлзэх , тээнэглэзэх хэрэггүй өөртөө итгэлтэй бай гэж хэлж байсан.
Дараа нь 99 тэнгэрийг буулгаж чадсаны дараа аав минь маш их догдлон баярлаж, өдөржин миний хажууд байгааг толгой буурал хэлэв. Энэ их ажлын хажуугаар та хоёрын нялуурлыг харж байх завтай хүн алга дараа уулз гээд аавыг минь надад буулгаагүй. Буух бүртээ л аав минь асгартал уйлдаг. Аав маань төрүүлсэн охин нь онц байлаа гээд дээд тэнгэртээ маш том тушаал дэвшин, төрүүлсэн эцэг, эхийнхээ ачыг чи хариулсан гэж толгой онго Хубилай жанжин хэлж байсан. Харин Чингис хааныг толгой онго хийснээс хойно энэ өдөр аав минь бууж дүүг минь бүх зүйлийг нь өөрөө даан бүтээх болно. Аав нь охиноороо бахархаж байгаа гэж хэлээд явсан. Миний аавыг нас барахад маш олон машины цуваа явсанг санаж байна. Даруухан, сэрэглэн тэр хүн даанч их олон хүнд туслаж, баярлуулж байсанг түүнийг өнгөрсний дараа л мэдсэн юм. Хадам буурлууд миний аавыг буян нь дэндсэн хүн байсан гэж тодорхойлсон нь хамгийн үнэн үг билээ.
Нөхөр бид хоёр өөрсдийн ирээдүйн оршуулганыхаа тухай ярилцахад нөхөр өөрийн сайхан оршуулгаа их л бахтай ярина. Нөхрөөсөө тэс өөр зантай би өөрийгөө үхэхэд гурван машин явбал их юм гэж боддог байж билээ. Нэг портер, хоёр машинд л миний хайртай хэдэн хүн багтаад болно. Би үхэхдээ өөрийн дуртай альбомоо авч орно шүү. Уйдахаараа түүнийгээ үзэж байна. Миний дургүй хүн миний оршуулга дээр ирэхийг хараад би тайван байж чадахгүй уурлана гэж боддог байсан нь үхдэггүй гэдгээ  мэдэрч байсан байх би. Яагаад ч юм би үхсэн ч заавал дуусашгүй их ажил байх юм шиг санагддаг байсан нь бид эргэж төрдөгт л учир байж дээ.
Тэгэхдээ би миний дуртай өргөстэй цэцгийг, түүгээр хийсэн бамбарууш тоглоом, миний альбом, хүйтэнд туйлын дургүй тул дулаахан зөөлөн хөнжил хийгээрэй гэнэ. Би цэцэг авах үнэн дургүй. Харсаар байтал хайран тэр гоё цэцгүүд хатаж үхдэг. Шал тэнэг санагдана. Хайртай гэж цэцэг өгөөд байхдаа яадаг юм. Хатаад үхэх тэр цэцэг шиг л хуурамч юмнууд байж таараа тэр тэнэгүүд. Хэн нэг тэнэгийг эрхлүүлэх гэж тэр сайхан цэцэгсийн амийг таслан хэд хонуулаад л болоо. Би үүнд дургүй. Би хавар талаар нэг ургасан хөх цахилдаг цэцэг дунд, бээбэн баабан хийдэг үлээдэг цэцэгсийн дунд, харахад хайр хүрмээр ч бариад авахад хатгадаг өргөст Хонгорзул цэцэгүүд ургасан талд өөрөө сууж байх дуртай. Хайран ганган гоё цэцэгсийг тасдаж байхаар ургуулсан хөрстэй нь хувинтай нь өгвөл таарна. Тэр хүн чамд хайртай бол тав хоноод үхэх цэцэг биш үргэлж үхэхгүй ургах ваартай цэцэг өгвөл таарна. Чи түүнд хайртай юм бол тэрнийг нь үхүүлэлгүй арчилж, хайрлан хамгаалбал таарна. Гэтэл одоо нэг нь нээх гоё ганган баглаа цэцэг өгч хуурамч зан гаргана. Нөгөөх нь учиргүй баярлан гайхуулж тосч аван үнэртэнэ. Тав хоноод л хатсан түүнийг хогийн сав руу харамсах юмгүй чулуудаж орхино.
Нөхөр маань надад цэцэг өгвөл би уурладаг тоодоггүй. Нөхөр харин надад ном өгвөл би бушуухан бариад орондоо тухлан хэвтэж аваад уншихыг хүсдэг. Зузаан зузаан дуусахгүй том номнуудад би дуртай. Заримдаа би өөрөө өөрийнхөө занг ер ойлгодоггүй. Би нохойнд маш дургүй. Тэгсэн хирнээ маш түвэгтэй нохойноос болж сэтгэл үймэрнэ. Тэр байвал санаа зовон хоол унд, гадаа даарч байна уу, халууцаж байна уу гээд л элдэв юм бодогдон миний амьдралд түвэгтэй. Нохойг маш завтай хүн л хайрлаж, асарч байх ёстой байтал надад тэрэнд гаргах зав тэр болгон байхгүй. Нохой өөрөө дураараа л ажлаа хийж, дураараа л явж байвал сэтгэл амармаар байтал нохойг хүн мэддэг, нохой хүний гар харж өлсөж, цанган байх нь дотор эвгүйцмээр. Ямар ч амьтанг зөвхөн сонирхох төдий биш, түүнийг хайрлан, бүх юмыг нь л сайхан байлгахгүй юм бол яах гэж амьтан тэжээнэ гэж авчираад тамладгийг би ойлгодоггүй. Тэр чөлөөтэй явж байх ёстой байхад яах гэж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө шувуудыг торонд хашин, амьтдын амьдрах орчинг хязгаарлан байгааг ойлгодоггүй. Тэр чинь хүнийг шоронд байлгаж байгаатай л адил биз дээ.
Гэрийнхэнийхээ төлөө өчнөөн ажил байсаар байтал бас баахан амьтан тэжээнэ гэдэг миний санаанд багтдаггүй. Би ганцаараа тэс зөрөн амьтан авахыг хориглон дургүйцдэгээ бодохоор харгис хатуу сэтгэлтэй биш, тэр нь манайд ирчихвэл хамаг санаа зовоон ажил нэмэх тул зөөлөн сэтгэлтэй мэт. Энийгээ би ойлгодоггүй юм. Амьтан амьтнаараа амьтны ертөнцдөө тэнэж, хүн хүнээрээ хүний ертөнцдөө тэнэж байвал амар баймаар. Гэхдээ би хөдөөний нохойд дуртай. Тэд хэнд ч саад бололгүй хаашаа л бол хаашаа явдаг ч хүн, малаа бараадан хүн болон өөртөө ханьтай амар жимэр л амьдардаг. Гинжинд ороод галзуурдаггүй ч чимээ өгч, муу сайныгаа ялгадаг мундаг нохойнууд уг нь байдаг биз дээ.
Нөхрийн маань дээд тэнгэрийн авгай нь ирэв. Энэ хоёр дээрээ арван хүүхэдтэй гэнээ. Надтай баахан хэрэлдэв. Тэр миний зүрхний эзэн гэнээ. Би тэгээд хаана байгаа юм бэ? Ерөөсөө ойлгохоо болилоо. Эдийн тэнгэрийн ээж ирэв. Нагац эгч, Бор хүүтэйгээ ирлээ. Тэд гэрээ байгуулсан. Борхүү манай Эдийн тэнгэртэй найзалдаг, түүнд маш таалагддаг учраас бөөлөнд ирэхээрээ л Эдийн тэнгэрээ буулгаач би уулзмаар байна гэж гуйна. Эдийн тэнгэр хамгийн содон онго, ааш зан, хөдөлгөөн, дуу хоолой нь минийхээс тэс өөр зантай. Бас их сэрэглэн зальтай, инээд муутай болохоор Борхүү байтугай миний бага хүү ч сөөнгө өвөөтэй уулзая гэж гуйдаг.
Борхүү найз эдийн тэнгэртээ гутал хийлгэж өгье гэхэд тэр татгалзаж байснаа би тэгвэл оронд нь тйим юмыг чинь бүтээж өгье гээд тохиролцоод гарлаа. Харин ээж нь араас нь орж ирэн “Эдийн тэнгэр өргөл барьц авах болсон шалтгаан, юу гэж тохирсонг нь шалгаж явна” гээд Борхүүтэй ярилцан тэнгэрийн хатуу хуулийг тайлбарлан “Тэнгэрийн улаачид буудаг Тэнгэрүүд дураар өргөл авч болдоггүй. Хатуу үйлд тохирсонг л авах эрхтэй. Өөр юу ч авах эрхгүй. Харин чи үнэхээр өөрөө өгье гэж бодсон бол миний хүү чамд маш сайн тус хийж байж тэрийг чинь өмсөх эдлэх эрхтэй болно” гэж тайлбарлав.
Намайг бусдаас өргөл барьц авч болохгүй гэсэнд Би: “Өөөөө зөөөзаазаазоо би тэгээд хэзээ ч баяжихгүй юм байна л доо” гэсэнд хаан маань хачин их шоолж инээж билээ. “Чи Тэнгэрийн бөө бусад бөөгөөс өөр. Тэнгэр хүсвэл тэр хүнээс сэтэрхий тэвэн ч авах ёсгүй. Чи гэхдээ хүн зоны сайн муутай хутгалдах гэж ирсэн бөө биш. Хамгийн хэцүү, хамгийн хариуцлагатай дэлхийн төлөө л бөөлөх ёстойгоо бүү март” гэв. Гэхдээ зарим бөө зөндөө л өглөг авдаг биздээ??? Өгөө аваа бүгд бөө нарт өөр өөр дэг жаягтай байдаг. Удам судар, тэр бөөгийн тэнгэр, онгодуудын хэрэг.
Харин манай отог бол юу ч авах ёсгүй. Хатуу болон, хар үйлийг арилгахад л тохирсонг нь өөрийн хариуцсан онго юм уу, тэнгэр нь хэлж авах ёстой. Чи юунд ч оролцохгүй харин сэтгэл шингэсэн бэлгийг тэр онгоос зөвшөөрвөл авч байж ав гэвэл авна. Түүнийг нь бас дээдсүүд, тэнгэр хянадаг. Хар, хорын, хармын байж болохгүй. Хэрэв авсан бол түүнийг хариуцсан онгод, тэнгэр заавал хүлээсэн үүргээ төгс биелүүлээд, шалгуулан байж авдаг гэдгийг тайлбарлав. За даа нээрээ л би ямар засал хийж байгаа биш дээдсүүд өөрөө мэднэ биз. Гэхдээ би олон хүмүүстэй уулзах дургүй ганцаараа тааваараа байх дуртай. Тэр тусмаа би гэр бүлийн хэрүүлд тун дургүй.
Надад таалагддаггүй юм нь тэд засал хийхдээ хамаг муу, муухайг нь шингээсэн тэр заваан усыг намайг уулгачихдагт л байна. Хүүе болиочээ гэж би мянга эсэргүүцээд хэрэггүй. Нэгэн ломбард хэссээр байгаад муу хар тийрэн шингэсэн алтан ээмгийг усанд хийн тарнидаад бузрыг нь арилгасан хирнээ миний ам руу уулгаад байгаа юм даа. Арай ч дээ. Энэ чинь бас миний ходоод байгаа юм биз дээ. Дээр баахан чөтгөр хөөчихөөд тэдний унагаасан хонх, мууг шингээсэнг нь бас л тарнидаж байгаад уулгасан. Ядахдаа жорлонд хийхгүй надад уулгаад байхдаа яахав дээ. Энийг нь л би эсэргүүцээд тэмцэлдэн зөрөв. Зөрсөөр байгаад хог руу асгасан чинь чухам орой нь бие өвдөж билээ. Яагаад өвдөв гэж асуухад чи тэр мууг салхинд чөлөөтэй хаяа биз дээ гэсэн. Тэгэхээр учиртай л юм байлгүй дээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.