Sunday, April 7, 2013

Alaghan delhiigee enerch hairlah uchir


Алагхан дэлхийгээ энэрч хайрлах учир
Нэгэн удаа Хаан Дээдэс намайг ХИЙ гэдэг юмны тухай сайтар бодож үз гэлээ. 

Хий Хоосон, Хий үзэгдэл, Хий өмөн, Хийсвэр сэтгэлгээ, Хийгээр төлөх гэх мэтээр үргэлжлүүлэн бодсоор байхдаа зүггүйтэн Хий ХААН ДЭЭДЭС хэмээчихэв. Хаан Дээдэс мишээнгүүт би дор нь даварч шалавхан ярих сэдвээ олж авч ам алдуулах, тандан мэдэх аргаа хэрэглэв. Би таныг байгаа гэдгийг баттай мэддэг болж та надад өдий болтол их зүйлийг ч  ойлгуулж, бас надаар олон зүйлийг хийлгэлээ. Үнэндээ би биш та л ирж энэ ихийг бүтээсэн. Гэсэн ч та хэнд ч харагдахгүй Хий Хаан Дээдэс болчоод байна даа.
Хаан Дээдэс гунигтай болон бодол болох зуур би түүнийг бодол бүрийг алдалгүй тандаж байхдаа тэр надад Хий болон Бодит үзэгдлийн мөн чанарынх нь тухай, надад юу ойлгуулахыг хүссэнийг мэдэв.

Та бүхэн ч энэ сэдвээр тухтайхан бодоод үзээрэй. Тийм дээ миний болон бусад улаач нарын өвөг дээдүүд маань Онгод Буурлууд нэртэй ч үнэн чанартай Хий биетэй хийсгэлэн дүртэйгээр эх дэлхийд газардчихаад байна. Үнэхээр тэд агуу шидтэй байж яахаараа өөрсдөө үлээгээд ч юмуу, хуруугаа хөдөлгөөд л энэ эх дэлхийгээ авраад муу сүнсүүдийг чад хийлгэхгүй байнав. Яагаад заавал биднийг зовоон байж биднээр хийлгээд байна гэх мэтээс өгсүүлээд асуудал их.

Хаан Дээдэс минь тэр дээд тэнгэртээ эхнэр хүүхэд, баатруудтайгаа жаргаад сууж байхгүй яахаараа энэ газарт бууж бидний биед орж байж тэд нартайгаа уулзаад уйлалдаад байнаа. Өнгөрсөн дурсамжнаас бичье.
... Ирэхээс өмнө Хаан Дээдэс зарим улаач нарт Тэнгэрүүдийг буулгаж өгсөн юм. Тэнгэр буухтай холбоотойгоор маш их өндөр хариуцлага л ирэх учир үүнийг дараа сайн тайлбарлах болно. Нэг удаа надад нэрсийг нь хэлэн эгч дүү Есүй, Есүгэний улаач нарыг, мөн хэд хэдэн улаачдыг дуудуулав. Тэр шөнө бөөлөх үедээ би урд үзээгүй хачин сонин зүйл үзсэн нь Хаан маань хоёр хатантайгаа уулзах уулзалт байсан даа.
Ер нь миний адил бодолтой хүн олон байсан одоо ч  байгаа гэдэгт итгэж байна. Хийсвэрээр романтикаар сайхан уянгын халил оруулаад бодуул Хаан буучихаад Хатдуудтайгаа жигтэйхэн л нуураа нугасаа болмоор биздээ. Маш сонин тохиолоор Хааны хоёр Хатдуудын улаач нар надтай танилцан бөөн үйл явдал сонин сонин хачирхмаар адал явдлууд үргэлжилсээр бид бие биенээ сайн мэддэг болсон. Энэ замбын бидний хэн хэн нь Хаан Хатдын уулзалт, хайр майрыг нь сонирхож байлаа.

Энгийнээр улаач бид ч яах вэ. Учраа мэдэх биш. Харин яг Хаан, Хатдууд нь Онгодоороо буух үе хэд хэд байсан гэхдээ тусгайлан ер уулздаггүй байв. Ер нь хаан маш тэвчээртэй хэт ажил хэрэгч хүн. Тэр өөрийн хувийн эрх ашгаа дээш нь тавьдаггүй, тэр үед хийх ёстой үйлээ хийгээд л завгүй байдаг. Гэхдээ түүний дотор байх хайрыг, бодлыг, амжуулаад харах нүдийг нь би маш сайн мэднэ. Гэвч тэр завгүй байж, дараа нь би ч завгүй олонтой хутгалдсаар тухайн цаг үеэ мартдаг байлаа.
Харин энэ удаа бол анх удаагаа тэр хоёр хатан нь бас цөөхүүл бид бөөллөө. Хаан явах гэж буйтайгаа холбогдуулан хоёр Хатанд Тэнгэрүүд буулгаж өгөх үйл байлаа. Эхний удаад Буурал Дээдүүдээ буулган ундаалж уулзалт хийсэн. Хаан хоёр Хатантайгаа уулзаад маш их уйлсан. Урд нь 61 ийн гарам дээр нэг хээрийн бөөлөө хийхэд Хааны нэг жанжин нь нэг удган дээр буучихаад түшүүлээд явж буйг хараад яг ингэж маш ихээр уйлж байсан. Хаан гэр бүлээ бүгдийг нь асар их үгүйлж нөгөө Хатдууд, ээжийгээ, хүүхдүүдээ бүгдийг нь нэг дор байлгахыг хүсэн үнэхээр их өгүүлэн санаж асар их уйлсан.

Манай өөр Онгод дайрч орж ирэн гаргах гээд би гаргах гээд дийлэхгүй түүний сэтгэл энэ өдөр үнэхээр их үймэрсэндээ. Уйлах ч яах вэ, хамгийн гол нь түүний сэтгэлийн үймээн, харуусал, тэднийгээ нэхэж өгүүлсэн тэр өр зүрхнийх нь шаналалыг би тэвчихэд маш хэцүү байв. Би одоо болноо гээд бас бусдууд аргадан, одоо шөнө өнгөрч улаач нар харих хэрэгтэй оройтлоо, Тэнгэр буулгаж өгөх таны үйл оройтлоо гээд л дахин дахин сануулан байж бүр болохгүй болохоор нь би гадаа гарлаа. Гадаа тас харанхуй Тэнгэрээс цас орж тэр нь гэрэлд ямар гоё дээрээс будран бууж байваа. Тэнгэр лүү харан цасыг нүүрэн дээрээ буулгахдаа ч мэлмэрэн уйлж байсан.

За  та нар Хааныг шал уйлхай юм гэж шоолов. Энэ амьдралыг та бүгд төсөөлөөд үз л дээ. Тэртээх 13 р зуунд бидэн шиг бөөнөөрөө бужигнаж амьдарч байсан хайртай бүх хүн, дайснуудаас нь ч хэн ч амьд үлдсэнгүй. Бүгд цагийн эрхэнд Тэнгэрийн жамаар үгүй болсон ч одоо Агуу Хаан маань нэг эмэгтэй хүнд буун их ажил амжуулах даалгавартай ирчихээд байдаг. Энд түүний Хатдууд, жанжид, үрсүүд, андууд нь бас л янз бүрийн нөхдүүд дээр ирчээд бидний аргыг олох гэж тархиа зовоож байх гэж дээ. Би гэхэд л Эзэн Хааны улаач байхаар чинь юу хэлнээ. Сайхан залуу , эрчтэй хүчтэй эр хүн байсан бол ямар их илүү зүйлийг Хаан маань хийх байсныг бодоод үз. Би өөрийгөө үргэлж голж сэтгэлээр унах болчихоод байна. Ямар айхтар гашуун зовлон, ямар их хатуу тавилан, яасан муухай тоглоом бэ гэмээр байгаа биздээ.

 Би л Хаан байсан бол энэ бүхнийг тэвчихгүй Хий үзэгдэл мөртлөө л галзуурмаар байгаа юм. Гэвч жаахан тайтгарах юм нь Монгол нутаг минь эрх чөлөөтэй байна. Эмэгтэй хөгшин ч гэлээ нэг улаачтай болчихлоо. За будилж байсан ч олон Андууд нь нэг нэг улаачаа яаж иигээд номхотгоод угаа барьчихаж. Бас тэд маань азаар үзэгдэж харагддаггүй өвөг дээдүүддээ үнэхээр хайртай. Хээрийн бөөлөө гэж сайхан зүйл болон Хөх Тэнгэрийн доор Хөх Монголдоо хэнгэргийн дуунд омогшин ундаалга юугаа уугаад хэд гурван цаг агаар салхинд суудаг азтай нь их юм. Үүнээс цааш дордсон бол хэцүү дээ хэцүү.

Хэн нэг Соц юмуу Кап улсын бүрэн эрхэнд орсон бол улаач үрс нь Буурлуудаа буулгах зүрх зориг байхгүй шүү дээ. Хаа хамаагүй уул усаа тахих ч эрхгүй байсан бол яана. Бага ч гэсэн сайн юм, давуу тал байгааг бодох хэрэгтэй. Орчлонд ямар олон Хаан байлаа даа. Чингис Хаан маань буух эрхтэй байгаа нь азтай. Будда, Христ Мухамед гурав улаачдаа буугаагүй л байна шүү дээ хэмээн жаахан тайвширмаар.
Хааны минь харуусал, хайр, ХАЙР  ХАЙР ХАЙР гэдэг тэр сэтгэл зүрхийг би маш их мэдэрсэн. Хаан дараа нь ажлаа хийхээр сэтгэлээ чангалан хэсэг зуур мордсон ч Харин энэ удаа Хааныг өрөвдөөд улаач Аянгат нь баахан уйлсан хөгтэй явдал болсон юм. Хатдууд Тэнгэрээ буулгасан. Тэр өдөр байсан улаач бүрийн сэтгэл үймэрч их зүйлийг бодон, ихийг ухаарсандаа. Тэд өөрсдөө энэ явдлын тухай бичнэ бизээ.

За эргээд эхлэлдээ орохгүй бол бас уйлах нь байна.  Би өмнө нь Хааныг 4 Хатантай гээд л шоолж байдаг байлаа. Яаж дурлахаараа дөрөв дурладагийн, нэг зүрхийг хоёр цуулж болох ч дөрөв бол арай ширүүднээ. Урагдаад сэмрээд юу үлдэнээ хахаха, за зарим нь гоё хөөрхөн болохоор нь авсан биз ч гэх шиг хэхэхэ гээд л хачин юм боддог байлаа. Тэр өдрөөс хойш энэ тухай бодохоос холуу явдаг болсон. Тэр бүгдэд нь хайртай юм байна лээ. Мөн  тэр нь, энэ нь хамгийн хайртай нь гэж хэлүүлэх туйлын дургүй. Ингэж хэлэхийг сонсуул их уурладаг. Тэд бүгд миний гэр бүл, миний амьдрал хэмээдэг.
Хаан маань Хий юмны тухай бодох даалгавар өгсөнг эргээд санацгаая. Хий хоосноос Бодит зүйлийг бүтээх нь амьд яваа бидний үйл. Хий хоосон гэхээр хүмүүс ихэвчлэн л илбэ ид шид бодон, гартаа алим гаргаад ир гэх биз. Хүн төрөлхтөн түүхийн явцдаа хий хоосноос бүгдийг бүтээж байна. Зурагт, радио, онгоц, машин гээд л хүний бүтээсэн болгоныг бодоод үз. Үүнийг бүтээхэд хүний хүсэл, мөрөөдөл нөлөөлдөг. Шувууд адил нисээд хурдан очих юмсан, хаа хол ч хоорондоо ярьдаг болох юмсан, чамайг би хармаар байвч даанч зурж чадах авьяасгүй болохоор яанам билээ, чиний дүрийг санахаараа харах хуулбартай болох юмсан гэж байтал зургийн аппарат хийгдээд одоо бүр амьдаараа нетээр ярьдаг хардаг хөдөлдөг болчоод байна. Хий юм бодпит болох бүрэн боломжтойг энэ бүхэн харуулж байна.

Удахгүй бид Буурлуудтайгаа нетээр харьцдаг шигээ л яриад суух ч юм билүү. Учир нь тэд биежиж, бид эсүүл хий болдог болчиход л болоод явчихна. Хий юмыг Билгийн хэмээж бодит болоод буйг нь Аргын гээд л байгаа байхдаа. Хэрэв далдыг нэвт харж харьцдаг болбол хүмүүс хаана очихыг илүү сонирхох бол гээд л бодтол Хаан : Чиний мэдэх ёстой зүйл энэ дээ гэж гэнэт хэлэв. Элдэв юм бодоод түүнийг мартжээ.

Хаан;  Алагхан дэлхийд хайртай байх учир одоо гарна даа хэмээв. Бодит зүйлд илүү дурлах уу, Хий зүйлд илүү дурлах уу өөрөөрөө бод гэв. Яадаг ч байсан би бол БОДИТ ЗҮЙЛд дуртай. Хий юмыг би ер сонирхдоггүй. Гэхдээ Хий юм ч амьтай байдаг гэдгийг би мэдлээ. Гэвч миний аав үхээгүй амьдаараа л одоо ээжтэй минь амьдарч, би баяраар тэдэн дээрээ очиж баймаар байна. Миний хүүхдүүдийг аав минь харж хайрлаж, эрхлүүлээсэй гэж хүсч байна. Ээж маань миний гурван хүүхдүүдийг харан сэтгэл нь сэргэж, хамаг бүхнээ тэмтэрч, хайрлаж аз жаргалтай байдаг. Бас дүүгийн охинд амиа тавин хайрладаг. Тэр биднээс илүү бидний хүүхдүүдэд хайртай. Аав байсан бол миний хүүхдүүд өвөөгийн хайрыг бодитоор нь амьдаар нь үзэх байсан юм хэмээн харамсан бодлоо. Надад жинхэнэ юм, бодит юм л хэрэгтэй гэж хашгирмаар санагдан сэтгэл өмөрч уйллаа. Би аавыгаа, эмээгээ санаж байна. Бас би одоо байгаа настай хэдийгээ үхүүлмээргүй байна хэмээн зүрх шимширч уйлав.

Хаан харин энэ удаа надаар цааш бодуулж намайг зовоохыг хүссэнгүй бололтой. Түүний өрөвч зан хөдөлсөн бизээ. Аянгатаа яагаад Диваажин, Там, Хурмаст, Лус гэж байдаг юм бэ. Диваажинд хүн бүр очихыг мөрөөддөг. Тамаас бүгд жийрхдэг. Нэрүүдийн учрыг анзаар. Диваажинд бүгд жаргалтай байдаг, хамгийн сайн сайхан тэнд байдаг учраас л Диваажин гэж нэрлэжээ. Тэнд муу муухай Тамын юм алга. Тамд гэтэл сайн сайхан юм төсөөлөгдөн хүний сэтгэл тайвшрах татагдах юм байна уу. Хурмаст гэж юуны учир нэрлэв. Тэнд Лус яагаад байхгүй, Лусад нь Хурмаст байхгүй байна вэ. Энэ дөрвөн ертөнцийг юуны учир ингэж нэрлэв. Эдгээр хаана байгааг мэддэг хүн байна уу. Дээш доош заахаас өөр мэдэх үү. Эд бүгд ХИЙ ертөнцүүд гэж бодож үздэг үү хүмүүс.

Энэ ХИЙ гэсэнд л хамаг учир байгааг анхаар. Гэвч тэд оршдог нь үнэн. Байдаг нь үнэн. Ганцхан ХИЙ хоосон чанартай. Чиний сэтгэл үймрэн уйлах учир энд байна. Хий хоосонг биш бодит амьд харагдах, үзэгдэх, баригдах юмыг чи хүсч, аавыгаа чи хий хоосон амьдаар нь биш биетэй махтай амьтай бодитойгоор нь чи санаж нэхэж уйлж байна.
Тэгвэл алагхан энэ дэлхийд Хий бүхэн биетэй бодитой байдаг юмдаа. Диваажин гэж байгалийн үзэсгэлэн, тайван амгалан байдал, аз жаргал хайр хосолсон олноос олон газар алагхан дэлхийд бий,  Урсах ус, нуур цөөрөм, далай тэнгис гээд л Лус ертөнц бодитоороо байж л байна энэ алагхан дэлхийд чинь.

Дүүлэн нисэх шувуудын амьдрал байж л байна. Гэтэл дайн дажин өвчин зовлон, хүнийг тамлаж алж буй ямар их гашуун зовлонг адгийн бүхэн байна энэ дэлхийд. Алагхан дэлхийн бодит бүхэн, биежсэн бүхэн нүдэнд харагдаж гарт баригдах бүхэн амьд бүхэн өөрөө Диваажин, Там, Лус, Хурмастын биежсэн дүр. Ийм учраас л энэ алагхан дэлхийд Хий болгон цугларч, шунаж тачаадаж, амьдарч тэмцэж байна. Алагхан дэлхийн үнэ цэнэ ийм агуу учраас үүнийг үгүй хийвэл яахыг бод. Алагхан дэлхийд бодит болон эрхлэх хоног хугацаа тоотойхон, тэр болгон олдоод байх боломж хэцүү, танай замбаар бол очер дугаар гэж их юм шүү.

Бидний та нарт ойлгуулах гээд байгаа гол юмны нэг нь энэ шүү дээ. Хий хоосон гэдэг нь нэг үгээр Сүнс. Сүнсээ хүчирхэг болгох учир нь хаа хамгийн тохиромжтой, хамгийн сайн гэж бодном. Алагхан дэлхий дээр биежсэн тэр багахан амьдрах хугацаандаа л Сүнсэн биеэ хүчирхэг болгох учиртай юм шүү дээ. Хий биетүүд яагаад алагхан дэлхийд ирэх гээд байдгийн учир ч энд бий. Хэрэв та нар богино амьдралаа Сүнслэг хүчирхэг болговол Хий ертөнцөө ч хүчтэй байх болно. Гэхдээ энэ нь маш удаан хугацаа шаарддаг. Үхчээд суралцана гэж тайвшрах биш хүний төрөл олсондоо суралцах нь хамгийн чухал. Хар Сүнсүүд алагхан дэлхийг эзэгнэх гэж дайрах учрыг ч бод. Бодит биежиж хүч олохыг тэд бас хүснэ. Сүнсийг хамгийн ихээр эрүүлжүүлж хүчирхэгжүүлэх зүйлийг юу юу гэдэг билээ энэ удаа чиний ярих ээлж гэв.

Хатны сударт Нар, Сар, Сүүн эрчим, Мэдвэл зохихуй, Их Засагаар хүчирхэг болгодог гэсэн байсан.  Хаан ...Зүйтэй. Нар Сар Сүүн эрчим бол Сүнсэн биеийг тэжээн тэтгэх хамгийн сайн тэжээл. Иймээс л Тэнгэр Монгол Газар дуудлага дуудуулан сүү цагаан идээ хэрэглэхийг та нарт байнга сануулж байгаа. Үлгэрт ч энэ тухай бичээд үлдээсэн. Үд хүргэдэггүй эдгээдэг үнэн цагаан эм, Хоног хүргэхгүй идгээдэг хонин цагаан эм гээд.  
\Энэ бол сүүг өргөөнийхөн санаж байгаа байх\
Хаан энэ мэтээр сайхан тайлбарлаж өгөв.

Мэдвэл зохихуй гэдгийг хамгийн энгийн хялбараар ойлгох нь чухал.  Энэ бол ЖАМ шүү дээ. Үхэх Төрөх нь үнэн. Төрсөн бол үйлийн үр хураалгүй, араа бодож зөв амьдраад үхэхдээ хүн болж төрсөн хариуцлагаа биелүүлчихээд эргээд сүнсэн биеэрээ үйл хийхээр ирэхдээ амьдрах орчин чинь аюулгүй байх хэрэгтэйг одооноос сайн бодоорой.
Улаач болсон үрсүүд хамгийн сайн мэдэх нэг зүйл нь Та бүхэн Буурлуудаа буулгахдаа хотын байшинд тав тухгүй, айл амьтанд ад үзэгдэн буулгадаг. Буурлууд ч аятай байх нь ховор. Харин хээрийн бөөлөөн дээр ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн хэнгэргээ тэнхээ мэдэн нүдэж, хөрс шороон дээрээ аятай тухтай аажуу тайван, сэтгэл өөдрөг буудгийг ямагт санаж яваарай.

Бид цааш эргээд эх дэлхий дээрээ үүргээ биелүүлэхээр ирэхдээ Монгол улс маань ТАВАН ТУСГААР ТОГТНОЛТОЙГОО  гарцаагүй байх ёстойг ухаарч байгаа бизээ. Иймээс Таван Тусгаар Тогтнол гэдэгт юу юу ордог, ямар учиртайг сайтар ухаж ойлгоод өөрсдийнхөө амьдралтай холбоод өөрт чинь хир хамаатайг бодоод Гэрлийн өргөөндөө биччицгээнэ бизээ.

Хий хэмээх амьдралын утга учирыг бодитой сайхан амттай болгож өгдөг Алагхан дэлхийгээ хайрлаж энэрч явахын учир учиг даанч их учраас Хаан маань өөрийн сүнсээр морилон байж мунхаг улаачаа уйлуулан өөрт нь зүрх сэтгэлийнх шаналал, хүсэл зоригыг нь таниулан байж өчүүхэн хэсгийг нь тайлан ухуулсан хэсгийг бичлээ. Бүгдээрээ Хий болон Бодит зүйлийн тухай олуулаа бодож үзэцгээе.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.