Sunday, April 14, 2013

Мэлмийнүүдийн тухай


Мэлмийгээ нээлгэх, хэрхэн сүнсийг хардаг болох вэ, яаж хөгжүүлэх вэ гэсэн гол асуултыг бүгд тавьдаг.

Мэлмий гэдэг улаач нарт чухал нь үнээн. Гэвч мэлмий гэдгийг сайтар судалж ойлгохгүй бол аюултай. Овог отог бүрийн Буурлууд улаач нараа сургах сургалт их өөр өөр өвөрмөц онцлогтой байдаг. Мэлмий нь өөрөө олон төрөл. Бодлын мэлмий, Харах мэлмий, Мэдрэх мэлмий, Зүүдний мэлмий гэх мэт. Мөн сонсох, үнэрлэх чадваруудтай улаач нар ч бий. Энэ тухай үлгэрт ихээр бичсэн байдагдаа. Харин улаач нар харах мэлмийг илүү их хүсэн сүнснүүдийг харахыг бодон хичээнэ.

Бүх л юм учир шалтгаантай. Яагаад зарим нь сүнснүүдийг хараад цуураад байхад адилхан улаач байж зарим огт хардаггүй нь яажийгаан??? За яахав харлаа гэхэд юуг харахыг хүснэ вэ. Би харж чадах уу гэдэгээ эхлээд бодоцгоо. Ихэнхи улаач нар юмны учир шалтгааныг ойлгохын оронд шууд бэлэн юм, бэлэн шид, бэлэн сайхан бүхнийг хүсдэг.
Та нарын харахыг хүсдэг зүйлс сайхан муухай зэрэгцэн байдаг. Сайхан нь өөрийн өвөг
Буурлуудаа харж, сайн сүнснүүдтэй ярина, онц сонирхолтой зүйлүүдийг харна. Гэвч муу сүнснүүдийг хараад чочихгүй байж чадах уу. Айхгүй байж чадах уу. Эрэмдэг зэрэмдэг төрх, үзээрийн зэвүүн царай, хүйт даасан төрхүүд, өт хорхой аалз, жоомон уналга, арзганасан могойнууд гээд л олон юм бий. Хамгийн хэцүү нь хар сүнсэнд эзлэгдэн хорлогдоод биеийг нь хороож буй төрхийг өөрөө тайван гэгч нь янзлаад эмчилж чадах уу. Орчлонгийн хамгийн сэжиг бүхий идээ бээр, цус нөж холилдсон өт арзагнасан, өмхий хамхай үнэртсэн болгоныг долоогоод уугаад, гараараа илээд засал хийж чадах уу.

Үгүй ядахдаа үүнд бэлдэн аймшгийн кино, ой гутам үхдэлүүдийг сэтгэл сэрд хийлгүй огт тоолгүй яг бодитоор өөрөө дотор нь орон идээлсэн бээрлэсэн, сарын тэмдэгний цус, нус, салиа, өт тэргүүтнийг жийрхэж сэжиглэлгүй харж, хүрж барьж чадах уу гэдгээ бодно доо. Ихэнхи нь үүнийг чадахгүй. Бас айснаасаа болоод тэрнээсээ эсэн юм болох учраас хэдийд мэлмийг тань нээхээ Буурлууд тань мэднэ.  Үзэгдэх харагдах үүнээс гадна орон зай цаг хугацааны асуудал байдаг. Өнгөрсөн, Одоо, Ирээдүй нь зэрэг харагдаад байхаар улаач нар түүнийг ялган салгах, тархиа амраах гэж бөөн асуудал үүсдэг. Сэтгэлийн хатгүй улаач нар ихэнхи нь галзуурдаг. Иймээс заавал хий ертөнцөд байгаа зүйлийг бодит ертөнцөөс ялгаж сурах, өөрийгөө захирч сурах, бодит ертөнцдөө эрүүлээр амьдарч сурах хэрэгтэй. Үүнийг чаддаггүйгээс олон улаач нар шар хаданд очдог. Мөн олон хүн түүнийг солиотой галзуу хэмээдэг. Хаана ямар нөхцөлд хэнтэй байгаагаа сайтар санаж биеэ олны дунд маш зөв авч явахгүй бол болохгүй
.
Улаач хүн ихийг үзэх тусмаа, мэдэх тусмаа даруу төлөв, амаа мэдэж дуугүй байсан нь дээр. Хий ертөнцийн тухай ярихдаа хий мөн чанарыг маш сайн ойлгохгүй бол хүсээд байхаар сайхан тоглоом бишийг санатугай.
Ихэнхи мэлмий үрсүүдийг багаас нь Буурлууд нь мэлмийг нь нээж өсгөдөг. Бага балчраасаа л харах учраас тэд тэгтэл чочиж эмзэглэх нь гайгүй байдаг. Гэвч тэдний ихэнхи нь их зовлон туулж, ганцаардмал өсдөг. Хүмүүс тэднийг мэдрэл муутай, солиотой гэх учир амьдрал нь хүнд хэцүүгээр дүүрэн өнгөрнө
.
 Харин насанд хүрээд сүүлд уг авах болсон улаач нар гэнэт хараад эхэлбэл нилээн чочролд ордог. Энэ бүхэн тийм таатай байдаггүй. Миний хувьд бага байхдаа харанхуйд явахад гэрэл улалзах, хурдтай гэрэл шилжих, хааяа өөрийн ах дүү, найз нөхдийн царайг онцгой тод харахаас бус чөөгий мөөгий харж чарлаж орилж явсангүй. Гэвч үүнийгээ хэт бодох юмуу, санаснаас ч юмуу, хий юм үзлээ гээд нэг их тоодоггүй байв. Гэрлийг хараад чөтгөрийн гэрэл гэж байдаг тухай уномноос уншсан ч Чөтгөр гэж байхгүй хий  хоосон учраас би айсандаа тэгж санагдсан байх хэмээн өөрийгөө тайвшруулаад мартана.
 Сүнс гэж байдаггүй социализмын үед өссөн шүү дээ би. Харин хамгийн их айдаг нь шөнө унтаж байгаад сэрэхэд яг миний орны толгой дээр үнээ өвч идээд зогсож байдаг байсан. Үүнийгээ би хүнд хэлэхээс ичин намайг аймхай гэж бодох байх, хэн ч итгэхгүйг мэддэг байв. Тэр алаг үнээ олон удаа ирсэн учир би түүнийг харанхуйд ээжийн жоорны урт том авдар тэгж харагддаг байх л гэж санах ч ам нь хөдлөөд өвс идээд л байдаг байсандаа. Хахаха одоо бодоод байхад намайг манадаг манай Буурал дүрээ хувиргаад харуулдаг байсан байхдаа. Энэ алаг үнээг би бөө болоод дүрээр нь олж тавих гэж бөөн ажил ундарч байсандаг. Мөртөө ч үгүй саалийн хувин, идэх тэрэг өвс мөвсийг нь комоор нь бэлдэж өргөөндөө тавьсандаа. Сударт өгүүлдэг 35 эрдмийн нэг ТӨЛӨӨЛӨХ ЭРДЭМ гээчийг ингэж яс биелүүлсэн байдаг.

Гэвч бөө болсноос хойш муухай сайхан бүрийг хэсэгтээ харан яг галзуурах дөхсөн. Тэр үед би ганцаардмал хэн ч намайг тоохгүй учир хэндээ ч хэлэхэв дээ. Энд тэндгүй элдэв юм шулагнан, амьтад хүртэл ярин, элдвийн асуудал надад тохиосон. Өөрийгөө галзуурч хэмээн бодоод их л шалган тест хийдэг байлаа. Гэвч ухаан санаа сав саруул байдагт нь гайхдаг байв. Үнэхээр надад энэ бүхэн тохиож байгаа ч бодит амьдрал дээр хэн надад итгэх билээ. Хэндээ хэлнэм билээ гэсээр хүнд үеийг туулан бодит ертөнцдөө амьдарч сурсан. Гэгээн байгаагүй бол түвэг зүгээр үхэхийг л хүсдэг байлаа. Аажим аажмаар би бага багаар хий амьдралд дассаар хармаар санагдсанаа л харж бусад үед хааж өөрийгөө амрааж сурсан билээ. Гэхдээ харахаасаа илүү мэдрэмжээ хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй чухал гэдгийг олон улаач нарыг харж, сургаж байхдаа мэдсэн.

Та адгийн муу муухай, сэжиг гоожим юмыг харж, барьж чадахгүй бол мэлмий нээхэд яарах хэрэггүй. Түүний оронд мэдрэмжээ сайтар дээшлүүлж, өөртөө итгэлтэй, өвөг буурлууддаа итгэлтэй болох аргад эн тэргүүнд суралцсан нь дээр. Үүний тулд маш олон удаа буулт хийх хэрэгтэй байдаг юм. Гэтэл ихэнхи нь ингэж чадахгүй байж амархан бэлэн зүйлийг л хүсдэг.  Ер нь улаач болоод цээрийн хугацааг сайтар мөрдөж, өдөрт хэд хэд бууж сураагүй байж бусдыг харан дуурайн аль хялбар бүхнийг хүсдэг.

Нэг жишээ хэлэхэд Бөөгийн угаалга л хийчихвэл мундаг болох мэт боддог нь буруу. Чулууны угаалга хийх арга нь элдэв наалдсан бузар буртаг мэтийг арилгах ач тустай ч хүн өөрөө л хичээвэл заавал чулууны угаалганд орж буузны оронд жигнүүлж байх ямар хэрэгтэй юм бэ. Чулууны угаалгад маш болгоомжтой орохгүй бол амиа алдсан тохиол, түлэгдсэн тохиол маш ихийг мартаж болохгүй. Биеийн байдал муу, даралт ихтэй, зүрх муутай хүмүүсийг чулууны угаалганд орохыг бүрэн хорих хэрэгтэй. Бөөгийн багш нар чулууны угаалгаа өөрсдөө маш болгоомжтой хариуцлгатай хийхийн оронд түлэх, хорсгох зовоосноо чухам сайн гэх нь шившиг. Үнэхээр эрдэм чадалтай юм бол заавал хүнээр хорхог хийж байхын оронд наалдсан муу юмсыг нь өөрөө аваад, хөөгөөд зайлуулаад цэвэрлээд өгөх чадалтай байвал зүгээр.

Зарим нь чулууны угаалга хийгээд л цоорчих юм боддог. Тийм л юм бол бөөлж байхын оронд хэд чулууны угаалганд ороод л болоо юм биш үү. Би бол чулууны угаалганд дургүй. Харин хэдэн өдөр тааваараа тэр хүн ургамлын хандтай усанд орж, биеэ эрүүлжүүлж, сүү уун, дуудлага дуудан биеэ цэвэрлээд л болоо шүү дээ. Хамгийн гол нь бодлоо цэгцлэн итгэл үнэмшил гээчийг олон өөрийгөө жолоодохгүй бол 1000 чулууны угаалганд ороод 1000 бөөгөөр бөөлүүлээд ч нэмэр байхгүй. Алив бузар шингэсэн газраар яваад байх шаардлага байхгүй.

Дуудлага байнга хэлдэг энгийн хүмүүс өөрсдийгөө анзаарсан байх их мэдрэг болсноо. Энэ нь олон нийтийн бохирдолтой газраар явахаар сульдах, эвгүй хүнтэй уулзвал бие өвдөх, огиулах, толгой өвдөх гэх мэт шинжүүд их илэрдэг. Энэ бол энд баба газар байна холуур яв. Чи бол ариун хүн шүү гэдгийг бие чинь өөрөө мэдрээд хэлдэг болсоныг ойлго.
Хэд хэдэн хүнээс миний ирэхэд гэр бүл маань юу болсон тухай асуужээ. Нөхөр маань гэрээ цэмбийлгэчихсэн, цагаан сарын бууз, боовтой намайг угтав. Эндхийн монголчуудыг зохион байгуулан цагаан сар хийжээ. Өглөө нь эрт наранд мөргүүлсэн байна.
Түүний өөрчлөлт их байлаа. Тэр өдөр бүр Буурлууддаа сүү тавиад түүнийгээ өглөө нь өргөж сурчээ. Миний ажилд санаа нь зовж чи энд удаан байвал болохгүйг би сайн ойлгож байна гэж нүд бүлтийлгэв. Гэгээнээгээ авч үлдэн хүүтэйгээ хамт би ажлаа хийж байя хэмээн чих дэлдийлгэв. Тэр үнээний сүүгээ авч хөөрүүлэн өрмийг нь авч, тараг бүрж уун сайн сайхан амьдарч байлаа. Ажил нь маш сайн байж хүмүүс түүнийг сунгаж ажиллахыг хүссэнд их л баяртай сэтгэл санаа нь өөдрөг байлаа. Эдний улсад олон улсын байгууллагаас зургаан зуун мянган долларын төсөл бэлдэж авч өгсөн учир асар их хайртай болчихож нөгөөдүүл нь. Түүнийг шахаж хавчаад байсан дарга ажлаасаа хөөгдөж гэнэ. Манай Маша энд байхдаа аавынхаа утсаар 500 долларын зарлага гаргаснаас болж аавыг нь ажил нь загнажээ. Маша байгаа газар асуудал дуусах биш. Нөхрийг шүүмжлээд зогсохгүй олон эрхийг нь хязгаарлан байсан ч монголд байж байгаад ирэхэд нь өөрөө хэрэг хийгээд хөөгдчихсөн байж гэнэ. Нөхөр Буурлууддаа баярлан агуу гайхалтай хамгаалалттайдаа баясана. Энд хар уснаас хол хэрүүл уруулгүй сайхан байлаа. Хамгийн гол нь Гэгээнийгээ дөч хүртэл амьд байх ганц зорилготой нөхөр маань хүүгээ ирсэнд аз жаргалтай байлаа. Зарим хүн намайг гэр бүлийн амьдралаа бичлээ хэмээн дургүйцэх ч  хэрэв гэр бүлийн амьдралаа бичихгүй бол миний өдрийн тэмдэглэл утга учраа алдана. Буурлууд энэ бүхнийг бичихийг надад тушаан байж өдрийн тэмдэглэл түүхт блогоо нээсэн бөгөөд тэднийг ирэхээс өмнөх бидний амьдрал ирсний дараа би, нөхөр, хүүхэд бүгд хэрхэн яаж өөрчлөгдөж, хэрхэн ямар асуудлууд үүсч байгаа нь хамгийн чухал билээ.
Бидний амьдралд Буурлууд орж ирснээр бидний амьдрал эрс өөрчлөгдсөн. Ярих яриа, харьцах хандлага, хайр, бодол гээд л бүгд өөрчлөгдсөн нь гайхалтай. Гэгээн өглөө бүр хичээлдээ явахдаа Буурлууддаа мөргөөд гадаа гарч наранд мөргөн эрчим авдаг. Түүнээс үүнийг би шаардаагүй ч өөрөө л хийдэг болсон нь гайхалтай. Энэ бол Буурлуудтай хамт өсөх балчир насны хүүхдүүдийн оюун бодолд хэрхэн өөрчлөлт өгч хэрхэн өсч байгаа бодит жишээ. Гэгээн монгол хүн гэдгээрээ хар нялхаасаа бахархаж өсч байхад түүний насан дээр би юу ч мэддэггүй байсандаг. Тэр зөнгөөрөө л өвөг дээдүүдээ маш их хайрлан Төрлмүүд минь дуу их таалагддаг хэмээн Үсэрсэн цусаааннн,тасарсан махааанннн гээд л эв хавгүй дуулаад байхаар нь яагаад энэ дуунд дуртай болоо вэ гэхэд.Энэ миний Үлэгбек аавын тухай дуу гэх юм. Бек мектэй бол казак ч юмуу өөр нэр байдаг гэж бодсым уу, яагаад ингэж бодсныг бүү мэд. Гэгээн сургуульд орсон учраас нөхөр бид хоёр их ажилтай болов. Ээлжлэн хүүхдээ даалгаврыг нь хийлгүүлнэ. Энд ч бэлэн цаас дээр хэдэн юм бичээд жаргачих юм байна доо. Гэтэл бид нар нэгдүгээр ангидаа яаж их зовдог байлаа. Хэдэн хуудсаар нь дасгал бичдэг байсан. Бүгд л гоё бичиж сурах ч мундаг болоод ирэхээрээ татлаад марийлгаад өөрсдөө өөр бичгийн хэвтэй болчихдог нь сонин.
Ангийн багш нь Гэгээнийг нэрээ англиар бичихийг хүсчээ. Гэгээн энэ тухай ярихдаа: Би нэрээ монголоор л бичиж чадах байтал багш англиар бич гээд Би яг галзуурах дөхсөн гэв.Англиар яаж бичихийг заалгаад бас японоор бичээд өг гээд баахан дууриалган бичиж сурав. Цэцэрлэгт нь байсан хятад охин нэг ангид хамт оржээ. Одоо хүртэл түүнийг Гэгээн хятад хэмээн хэлэх дургүй. Тэр бол Япон охин хэмээн зөрсөөр л байлаа. Би том болоод авгай авахаараа цагаан арьстай, гоё ааштай, маш ажилсаг байвал болно гэв. Тэгсэн хирнээ англи хүнд дургүй хэмээн ярих учир тэд цагаан арьстай бид шар арьстан гэхэд бас л зөрөв. Үгүй бид нар цагаан л байгаа биз дээ. Шар өнгө хаа байгаан гэж шооллоо. Түүний арьсны үзэл, үндэсэрхэг үзэл том болоод гайгүй болох юм байлгүй гэж бодох болов. Учир нь тэр төрөлхийн л хужаад дургүй, монголдоо л дуртай , арьсны өнгөөр айхтар ялгаварладаг хүүхэд учраас үзэл бодол нь том болоод тэлэх бизээ гэж  бодох болов. Алив юм хэрээс хэтэрхээрээ болохоо байдаг учраас чухам хэрхэн хүмүүжүүлэхээ мэдэх юм алга. Одоохондоо тайлбарлаад хэлэхээр тас зөрөн өөртөө маш итгэлтэй байх учир за арай нялх бага настай гэж бодоод  гайхсаар өнгөрч байна даа. Фашист болчих вэ дээ Тэнгэр минь та л засч үзээрэй хэмээн бодох болов.

Гэвч Гэгээн эрдэм ном сураад Монголынхоо төлөө зүтгэнэ гэж ярих учир санаа амарна. Тэр бас гэгээрүүлнэ гэж ярьж сурсаныг сонсоод инээд хүрнэ. Ээжтэйгээ хамт хөдөө гадаа, хурал хуй элдэв бүхэнд явахдаа л  энэ бүхнийг сонсоод дотроо бодоод л явдаг юм байна гэж бодлоо. Өргөөний 9 настай удганы тухай би санаад хайр хүрлээ. Одоо 10 хүрч байгаа ч маш их хэрсүү ухаантай мундаг охин билээ. Ээж, ах хоёр нь улаач нар юм. Энэ ирээдүйн багачууд л жинхэнэ Монголыг байгуулах бизээ. Ах нь бас залуухан сайхан хүү бий. Идэвхи зүтгэлтэй, ээж дүүдээ хайртай, даруухан, өвөг Буурлуудаа хүндлэн хайрладаг сайн улаач.Бөөгийн ертөнц хэмээх хүнд хэцүү амьдрал дунд өсч торниж байгаа бага балчруудыг хараад сэтгэл зовох, өрөвдөх үе бий ч хэрэв тэд зөв явсаар бидний насанд хүрвэл ямар гайхамшигыг үзүүлэх бол хэмээн өөрийн эрхгүй бахархан боддог.

Эднийг бидний насан дээр биднээс ихийг бүтээхийн төлөө л  мэдээлэл нь он удаан жилээр тасарсан, хүн ойлгодоггүй байсан далд ертөнцийн тухай мэдлэгийг өнөө цагийн улаач бид нар биеэрээ мэдэрч алдаж онож яваад мэдсэн мэдлэгээ өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал зорилт байгааг ухаарав. Энэ мэдлэгийг бид алтан судраа уншин, судлан байж ойлгох, өөрсдийн алдаа оноон дээр суралцах, бие биенээсээ суралцах гэх мэтээр тэлсээр арвин их мэдээллийг үлдээхийн төлөө Гэрлийн өргөө шамдаж байгаа билээ.

Олон олон улаач нар блог нээн, өөрсдийн тухай, өөрт тохиосон түүхээ бичиж эхэлсэн. Энэ бол хойч үеийнхэн маань биднийг уншаад дүгнэлтээ хийн, авахыгаа авч хаяхыгаа хаях том өв юм. Далд ертөнцийн тухай мэдлэг олж авах үнэт өвүүд байх болно. Уул усаа дээдлэх, лус савдагаа хүндлэх, өвөг Дээдүүдээ ойлгох учир шалтгааныг хойч үеийнхэн маань бидэн шиг төөрч будилж, цаг үрэхгүй мэдэж авах сайхан боломж юм. Энэ бол бид хойч үеэ бодон Хөх Монгол үрс маань мөнхөд оршин тогтноосой гэсэн хүсэл, хайр байх болно. Тэд маань уух цэнгэг устай, амьсгалах цэвэр агаартай, өвчин зовлонгүй, ургамал ногоонд очихдоо багтраа маажуургүй, хоорондоо алалцах шаардлагагүй, өлсгөлөнгүй, дайнгүй, дураараа хэвтэх газар оронтой, бусдын дарлал хавчлагад өртөхгүй, гудамжаар явахдаа тайван инээж хөөрч алхах орчинтой байхыг хүссэн учраас л өөрийн амьдралд тохиосон бүхнээ, ойлгосон бүхнээ бид бичиж үлдээж байна.

Яг л бидэн шиг хүссэн учраас Өвгөдүүд маань эрт үеэсээ хад чулуун дээр сийлэн, үлгэр домогт өгүүлэн үрс хойчдоо өвлүүлэхийг хүсчээ. Хатны сударт гарах Хүслийн зүй гэдгийн утга учир энэ болно. Мөн үртэй хүний 9 хүсэл гэж бийг олж уншаад яг л одоо болж буй өөрийн амьдрал, өдрөөс өдөрт хорогдон буй өөрийн насаа амьдрах хугацаагаа бодон үлдээх өвөө сонгох хэрэгтэй. Ихэнхи хүн үрджж боловёрол мэдлэг үлдээх нь хамгийн  найдвартай гэж мэднэ. Эдэнд шүтдэг цөөн хүн л эд хогшил үлдээх байхдаа. Гэвч эд маань өөрөө хир найдвартай билээ. Өвлөж авсан үр чинь хир ухаантайв, дээрээс нь хулгай, дээрэм, хуучрах загвар, гал, усны аюул гээд л эрсдэл бүрийг та тооц. Идэх хоолыг нь бэлдэж өгснөөс хоол олж идэх аргад нь мэрэгшүүлбэл дээр.Гэтэл мэрэгшил гэдэг юу билээ. Боловсрол гэдгээ сайтар бод. Дээд боловсрол дээд мэрэгшил хэмээх их мөнгө олно гэж тооцоолсон ямар олон мэрэгшил, боловсрол хөгжилтэй уялдаад хэрэггүй болдог билээ. Мөн хэт орон тоо нь ихэдсэнээс хэрэггүй болдог билээ. Хүн бүр шахуу л сэтгүүлч, хуулиар сурч буй өнөө нийгэмээ бодчих. Төгссөн ихэнхи нь ажлын байргүй учраас бармэн, бие хамгаалагч, дээд боловсролтой худалдагч, наймаачин хийж буй бус уу.

Наймаа бол үргэлж эрсдэлийг дагуулдаг. Хамгийн найдваргүй, хамгийн дээсэн дөрөө дээрхи ажил юм. Тэхээр үр удамдаа хамгийн аюулгүй  сонголт ямар ч цаг уур, орон зайнд амьдарч сурах амьдрах ухаан, эрүүл бие, сэтгэхүй чадвар үлдээвэл найдвартай нь мэдэгдэнэ. Социализмын үед Марксизм Ленинзмын дээд мэрэгшил гээч мөн ч чухал байлаа. Одоо түүгээр сурч буй хэрэгцээ хаа байна. Ердөө л энэ яваа насанд шууд л өөрчлөгдөн уруугаа харуулаад асгах ус мэт хөрвөх амьдрал байдаг гэдгийг бүгд бодох хэрэгтэй. Ихэнхи хүн хүүхдэдээ үл хөдлөх хөрөнгө үлдээхээр өөрийн амьдралаа банкны барьцаанд тавин утга учиргүй амьдардаг. Гэтэл тэр хөрөнгө хүүхдэд чинь шилжихэд байшин бол ямар хуучирсан байхав, эд хэрэглэл нь яаж хурдацтай шинэчлэгдэж байна. Тэр  их мөнгийг өөр хэрэгтэй хөрөнгө оруулалт болгосон бол аштай юув.

Улаач нар маань энэ л байгаа амьдралтайгаа холбон ойлгож хатны судрыг уншиж сурах хэрэгтэй. Түүнийг ихэнхи нь уншаад унтдаг. Ихээр унших хэрэггүй. Ердөө л нэг үгийг нь өгүүлбэрийг нь ухаад бодохоор маш их утга санааг агуулдаг. Хүслийн зүй гэх энэ үг ямар их өргөн утга агуулгатай, түүнээс ургах үр дүн таны оюун бодлыг хэрхэн тэлж ямар их юм ухааруулахыг мэдэх хэрэгтэй.

Ямагт өөрийгөө шинжин, би хэн бэ, би юу хүсч байна. Миний зорилго юу вэ, би түүний оронд байсан бол яах  вэ хэмээн бодож бясалгах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ сонсож, учрыг ухаж байж, бодлоо задлан хөгжүүлж, элдвээр дэлгэн харахыг л үр дүнтэй бясалгал гэдэг. Хүслийн зүй гэж хэлэгдэх энэ хэллэг одоо энэ мөчид би хойч ирээдүйдээ юу хүсч мөрөөдөж, юу үлдээмээр байна, тийм тийм үлдээх боломжтой юмсын баталгаа оршин тогтнох эрсдэл, сайн муу талыг бодуул хамгийн шилдэг найдвартай нь тунаж үлдэнэ. Миний хүсэл бол миний хүслийн зүй билээ. Түүнийг буруу хүсүүл үр дүн байхгүй. Хоосон бясалгал болно.

Хүслийн зүйгээ зөв удирдан ухаарч бясалгал хийн ухаанаа тэлбэл хамгийн амархан, хурднаар шид ирдэг. Учир нь өвөг Буурлууд зөв ойлгосонд баярлаад заавал нэгэн гайхамшигаа нээдэг. Ихэнхи улаач нарын мэлмий ингэж л нээгддэг учраас олон олон зүйлийг ухан ойлгох тусам оюуны мэлмий тань нээгддэг нууцтай. Хамгийн шилдэг нь оюуны мэлмий байдаг. Мөн хамгийн хүчтэй нь учраас заслаа гайхалтай үр дүнтэй хийж чаддаг. Учир нь бодол оюунаараа Онгодуудаа удирдан жолоодож сурдаг юм. Гэтэл зөвхөн харах мэлмий бол харахаас цааш хэтэрч дийлэхгүй. Засал хийж чадахгүй бол Бөө байгаад яахын, тийм биз дээ. Ониго биздээ.

Харах мэлмийд ч учир дутагдал маш их байдаг. Яагаад гэвэл Хий юмыг харах учраас итгэл ирэх нь ховор. Мөн хий зүйл маань өөрөө шидтэй, хувирч өөрчлөгдөж чаддаг, наадам тохууг янзтай хийж чадах учраас ухаан муутай харах мэлмийтэнгүүд бол Ониго л болдог. Оюуны мэлмийнээс бусад бүх чадвар заавал сул байдаг нь бодол оюун дутагддаг учраас тэр. Үнэрлээд мэдрэх, сэрэмжээрээ мэдрэх, хараад мэдэх, сонсоод хэлсэн ч заавал ухаан зарж учир шалтгааныг нь бодохгүй бол бурууддаг номтой. Үгүй ядахдаа л харсан зүйлээ зөв тайлбарлана гэдэг маш хэцүү. Зүүдний мэлмий ч заавал бодуулдаг. Улаач бүрт илүү хөгжсөн ямар нэг мэдрэхүй байдаг бөгөөд түүнийгээ өөрөө олж нээх ёстой бөгөөд бусдыг дуурайх хэрэг байдаггүй. Харин тэр илүү мэдрэмж чинь бусдад бас байдаггүйг сана. Тэгүүл өөрийгөө голж бусдыг илүүд үзэхээ болино. Үүнийг сургахын тулд үлгэрт үнэрлэдэг, уудаг, гүйдэг, хардаг, сонсдог чадвартангууд нийлж байж үйл хийгээд дараа нь маргалдахад хэн нэг нь дутуу бол тэр үйлийг хийж чадахгүй байсан нь тодорхой байдаг. Энэ үлгэрүүд олон хувилбартай бөгөөд Гэрлийн өргөөний номын бүлгийнхэн ийм үлгэрүүдийг цуглуулан нэгтгэж блогтоо тавин шинэ улаач нарт ухааруулах хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна даа.

Энэ үлгэрийн энэ олон гоц чадвартангууд заавал нэг холбогч баатартай байдаг нь нөгөө Уялга юм шүү дээ. Мөн заавал учир шалтгаан, үр дүн байдаг. Энэ олон гоц чадваруудаас та нар бөөгийн шидүүдийг мэдэж авна. Иймээс өргөөний номын андууд маш сайхан үйл эрхэлж үлгэр домгоос эрж хайх их ажил эхэлснээ, нууцыг тайлах оньс барьснаа ойлгон идэвхитэй ажиллах хэрэгтэй. Бүгд өөр өөр үлгэр уншаад түүнээ ярьж, өөр өөрийн Буурлуудаас тандан мэдтүгэй. Үгүй ядахдаа л тэнд цахиур чулуу, сам шидээд хийх үйлүүд, түүнийг өөр юу юунд яаж ашиглахыг нь сурцгаа. Эрдэм мэдлэг, шидийг буруу үйлд ашиглавал юу болохыг Далд ертөнцөд хариуцсан мэрэгжилтэн та нарыг хүлээж байгааг мартаж болохгүй. Шидийн мэрэгшлийг сайн үйлд л ашиглах хэрэгтэй. Эргээд чи тэр газар очино гэдгээ л бүү март.

Оюуны мэлмийтэй бөө бол Тэнгэрийн бөө болдог. Алтан ургийн бөө нарын гол онцлог учраас Бөө Гэгээн Тархитай болох эхний сургалтууд эндээс эхлэх ёстойг өргөөний болон бүх улаач нарт хэлье. Оюуны мэлмийтэй бөөд бүх төрлийн мэлмий цаанаасаа заяагдмал байх бөгөөд зөвхөн унтсан, нуугдсан байх учир түүнийг сэргээхийн тулд бясалгалаа зөв хийх, дуудлагаа зөв үр дүнтэй хэрэглэх, нар саранд суун бясалган, сүүн эрчмээр элдэв дайралт хар зүйлийг холдуулан устган биеэ ариусган, бодлоо ариусгах нь зөв.

Оюуны мэлмийг хөгжүүлэх хамгийн шилдэг арга нь хэрэгтэй мэдлэгээ олж унших, буруу мэдээлэл цуглуулж байснаас зөв мэдээллийг богино хугацаанд мэдэх нь цаг хожино. Цаг хожих нь маш чухал. Цаг урсаж, нас богиносож өдөр хоног өнхөрч байгааг бүү март. Би энд амьдарч байлаа гэх дурсгал үлдээхийн тулд нэр төртэй амьдарч хойч үедээ нэрээ, хийсэн үйлээ үлдээ. 
Одоохондоо хамгийн шилдэг цаг хожих мэдлэг нь хатны судрууд л байгааг анхаар. Яагаад гэвэл тэр бол Чин ЧуХажир Үнэнтэй амьд судар, түүхийн он цаг хугацаанд шалгараад дийлээд үлдсэн цорын ганц Үнэн судар юм.

Буурлуудаа залахдаа ихэнхи улаач нар цай уулгаад хөөгөөд явуулдаг нь хамгийн буруу. Тэр Бууралыг цайлуулсан бол юм ярихгүй байсан ч биедээ удаан суулгангаа бодлыг нь ажиж, сэтгэл зүрхийг нь тандан мэдэж, түүнээс ихийг суралцдаг юм даа. Өргөөний олон улаач нар болон идэвхитэн гишүүд, бусад уншигч та нарын хэн нь ч энэ бүхнийг хийх чадвартай. Улаач биш гэлээ бясалгалыг зөв хийж Тэнгэртэй холбогдон, өөрийн оюунаа тэлэх, хайрыг мэдрэх, хүчийг авах бүрэн боломжтойг санаарай. Гэрлийн өргөөнд байдаггүй ч маш олон улаач нар миний блогийг уншдаг учраас та бүхэнд зориулан бяцхан зөвлөмж өгөхөд нэгээрээ хийснээс нийтээрээ оролдож хийвэл үр дүн нь хурдан, бүтээл нь агуу байдаг нууцыг нэмж хэлье. Ихэнхи бөөгийн группууд, галуудад байдаг төөрөлдсөн үзэл нь олон бөө нар цуглахаар биерүүгээ хаялга хаядаг хэмээн айж зугтаадаг.

Энэ үнээн гэвч эвлэлдэн нэгдээд нэг үзэл санаатай болоод ирэхээр хаялга хаях санаа хэнд ч төрдөггүй. Хаялга гэдгийг зориудаар хаяхгүй байсан ч бусдыг сонжиж турших, муугаар бодоход л биелэдэг. Гэвч өөрт байх хар санаа болгоомжыг гээж орхивол чамд юу ч ирэхгүй. Гэрлийн өргөөний олон олон улаач нар нэгдэн бөөлж, олон өөр багш нар, олон өөр заншилаар боссон ч учраа ойлголцоод биенийгээ хүндлээд, бага зэргийн асуудлыг тоохгүй өөрөө л ариун бодолтой байвал бусадтай Анд болж чаддаг онцлогтой. Өргөөнд олон янзын авиртай хүн ирж байлаа. Одоо бол бүгд л гэгээлэг, гэр бүлсэг, нэгэндээ нэг юм сурснаа хэлээд өгчих юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүсээр дүүрч байгаад баяртай байна. Ердөө л би шинээр юм суръя, өөрийгөө өөрчлөе, хөгжие гэсэн хүсэл эрмэлзэл байвал болно. Харин бутаргая, гоочлоё хэмээх сэтгэлтэй хар санаат хүн очоод нэг бол өөрөө өөрчлөгддөг үгүй бол байх газаргүй өөрөө явдаг онцлогтой.
Дараагийн дугаарт би шидийн тухай бичих болно.
  


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.