Thursday, April 17, 2014

ТАНД БӨӨГИЙН ТУХАЙ ЯМАР МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ВЭ?

ТАНД БӨӨГИЙН ТУХАЙ ЯМАР МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ВЭ?

хэмээсэн асуултыг Гэрлийн Өргөөнд би тавьсан бөгөөд тэдний асуусан асуултуудад ХОО ЭМГҮН хариулсан нь

АЯНГАТ: Бөөгийн ид шидийг мэдрэх?
Хоо ЭмГҮН: Би мэдэх гэснээс мэдрэх гээгүй тул орхи.

АЯНГАТ: Хөх толботон үрс хөрстийгөө устахын цагт БууЭрЭлээ эс залсан үрс нь ч бас шилжин суурьших чадамжтай юу. Эсвэл улаач үрсийн хүчээр л хийгдэх боломжтой юу. Бид хөх цэнхэр гаригтаа хүрч ирсэн нүүдэлчид гэж боддогоо.

Хоо ЭмГҮН: За ойлголоо, Боломж байхгүй тэр бүх л улаачид ч боломж байхгүй. Онгодууд л өөр гариг руу шилжих боломжтой. Гэхдээ очих газар байхгүй. Хэн орон гэрээ май гээд өгөх вэ. Өөрийнхийгөө хамгаалж чадаагүй хүмүүст өрөөлийн гэрт очих эрх байхгүй 

АЯНГАТ:Галактикийн харанхуйн төгсгөлд юу байгаа бол....Гэрэл эсвэл....

Хоо ЭмГҮН: Эсвэл нь байдаг. Хихихихи. Харанхуйн төгсгөл гэж асуусан бол харанхуй л байж таараа шүү дээ.


АЯНГАТ: Зүүд зэрэглээ ертөнцийн баталгаа мөн үү?
Хоо ЭмГҮН: Наадах чинь өөрөө утгагүй асуулт байна

АЯНГАТ: Зүүд амарсан тархин дахь чөлөөтэй бодол гэж таамагласан..
Хоо ЭмГҮН: Нэг нь нөгөөдөө хариулсан байна. Энэ утгагүй асуултыг боль.

АЯНГАТ: Онгодоо залаад жил илүү боллоо мэдрэмж, хэл байхгүй юунаас болдог вэ?
Хоо ЭмГҮН: Чамаас л болдог.

АЯНГАТ: Амрахаараа угтан тааж болох явдлыг мэдэрчээ гэж үү? Энэ ч ямар утгатай юм бүү мэд, Бөөгийн үйлэнд ухрах гарц бий юу.

Хоо ЭмГҮН: Байхгүй, энэ нь ахин төрөхтэй адил хэцүү, хүүхэд нас руугаа шилжихтэй адил хэцүү

АЯНГАТ: Өөрийнхөө амьдралыг багаасаа ямар нэг томоохон утга учрын төлөө гэж мэдэрч өссөн, одоог хүртэл өөрийнхөө амьдралыг хөндлөнгийн хүн хэн нэгний амьдралын талаарх кино үзэж байгаа юм шиг үе үе мэдэрдэг. хүн өөрийгөө ингэж бодох нь миний төсөөлөл сэтгэцэд байгаа зүйл үү эсвэл энийг юугаар тайлбарлаж болох вэ?

Хоо ЭмГҮН: Чамайг ажиглаад байгаа зүйлийг мэдрээд байгаа юмдаа, ухав уу?

АЯНГАТ: Тэрийг өөрийгөө гэж бодоод байгаа юмуу? Онгод Дээдсүүдийн хэм хэмжээ юу вэ? Олон олон үйлийг хийх чадалтай, бие биедээ яагаад жатга татна вэ? Жатга биш гэхнээ удмын хүнийг нь шүтээнийх нь эсрэг тавих нь юу юэ? Онгод шүтээний хэм хэмжээг хэн хянаж хүн чанар нь ямар сорилтоор шигшигддэг вэ?

Хоо ЭмГҮН: Жам ёсныхоор, мөнх оршихуйд хэрэгтэй бүхнээр, мөнх оршихуйд хэрэггүй бүхнээр хэм хэмжээс тогтоно. Энэ нь улаач хүний ахархан амьдралд саартай зүйл ч байна, тустай зүйл ч байна. 

АЯНГАТ: Гол асуулт нь удмын хүнийг нь шүтээнийх нь эсрэг тавих гэдэг нь юу юм бол? Хоо ЭмГҮН: Наадахыг чинь би харин ойлгохгүй байна. Ийм юм гэж юу байдын?

АЯНГАТ: Бууралдаа хэт итгэх нь солиоролд хүргэх үү? Би болон БууЭрЭл хоёрын голчыг барьж явахад онцгойлон анхаарах зүйл юу вэ?

Хоо ЭмГҮН: Наадах чинь харин тэнэг хүүхэд үү, яахаараа БууЭрЭлдээ итгэхээр солиорно гэж, өөрөө л солиороод БууЭрЭл гэж хэнээтэхгүй бол яавч солиорохгүй.

АЯНГАТ: Улаач хүн өөрийгөө болон Онго тэнгэрээ аливаа сайн үйлд бүрэн ашиглаж сурахад улаачаас юу шаардах вэ. Улаачийн хөгжлийн явцад юу хамгийн чухал нөлөөлдөг вэ. Муу зүйл сэдэж хийсэн ч сайн үр дүнд хүрч хүн байгальд хэрэг болж төгсөөд байхаар тийм тохируулга гэж бөөд байдаг болов уу.

Хоо ЭмГҮН: Ашиглаад байгаарай гэж хэлнээ, тийм юм байхгүй, сайн санаж хийсэн юм сайхан үртэй, муу санаж хийсэн юм муу үртэй энэ үндэс нь.

АЯНГАТ: Улаач хүн Онгод Тэнгэрийн хойд дүр үү?
Хоо ЭмГҮН: Үхээгүй байж яахаараа хойд дүр болдог билээ?

АЯНГАТ: Зүүдийг хэрхэн яаж тайлах вэ? Мөн зөнг?
Хоо ЭмГҮН: Дадал л хэрэгтэйдээ, ийм юм зүүдэлвэл ийм юм зөгнөдөг юм байна, өдий хэмжээнд би мэдэрдэг юм байна гэх мэтийг олж мэдэхээс биш хүн чи тэгээд байна гэж хэлэхэд боломжгүй байдаг, учир нь харилцан адилгүй түвшинд ондоо ондоо мэдрэхүйтэй байдаг учраас тэр. 

АЯНГАТ: ХОО Г ЧИН эмэг яг ямар хичээл заах вэ? Сурсан хүмүүс нь эрдмээ юунд ашиглах вэ?
Хоо ЭмГҮН: Сурсан эрдмээ хөрөнгөжихөд ашиглана. Хихихихихихихи.

АЯНГАТ: Улаач бус хүн яаж мөнх хөх тэнгэртэйгээ холбогдох вэ? Өвөг дээдсийнхээ түүхэнд үлдсэн оюун ухаанаа яаж сэргээх вэ? Эрх мэдэл, эд баялаг, боловсрол бус зөв амьдрах оюун ухаан л хэрэгтэй байна даа одоогийн нийгэмд. Дээдэс Та минь Чин чадвар Гис увидасаа хэзээ хэдийд язгуур монголынхоо төлөө гаргаж сүйрэх гэж байгаа хүмүүнийг сэрээх вэ?

Хоо ЭмГҮН: Сэрээгээд яваад байгаа юм бишүү? Эхлээд үгээр хэлнээ үгээр ойлгохгүй бол зодож хэлнээ, зодоод ойлгохгүй бол алж орхиноо.

АЯНГАТ: Энгийн хүн яаж Тэнгэртэйгээ холбогдох вэ? 

Хоо ЭмГҮН: Зөв сайн амьдарч тэр чинь тэнгэрийн санаанд нийцэж үхэх төрөлдөө Онгодын ертөнцөд айлчилна шүү дээ.

АЯНГАТ: Яагаад ямар учраас анхны амь үүссэн бэ?

Хоо ЭмГҮН: Хэрэгтэй болохоор, чамайг төрүүлэхийн тулд, ээж хүн яах гэж төрдөг юм. Ээж болохын төлөө л төрнө биздээ.

АЯНГАТ: Өвчнийг бүрэн эдгээдэг бөө гэж байна уу?
Хоо ЭмГҮН: Байхгүй ээ, өвчнийг бүрэн эдгээдэг бие махбодь, сэтгэл байдаг юм.

АЯНГАТ: Юуны учир бөө бий болсон бэ? Анхны үүслийн талаар хэлж хайрлана уу?
Хоо ЭмГҮН: Бөө бий болсон тухай ярьсан тиймээс орхиё.

АЯНГАТ:Амьтай болгон энэ дэлхийг тэжээж тэтгэх гэж төрсөн үү?
Хоо ЭмГҮН:Тиймээ.

АЯНГАТ: Өөр үндэстэн биш яагаад заавал Монголчууд дээд Тэнгэртэй холбоотой төрсөн юм бол.
Хоо ЭмГҮН: Дээд Тэнгэртэй холбогдсон учраас хөх монгол байгаа юм, бусдад нь боломж байсан ашиглаагүй л байхгүй юу. Мэргэжлээ сонгохтой адилхан зүгээр л эцэг Өвгүд энэ замыг сонгосон учраас тэрийг арилгах харамсалтай учраас бид дагаж яваа юм. Тэгээд ч агуу үйлийг хийсэн юм чинь алдаршуулах нь зөв биздээ.

АЯНГАТ: Монголчууд яагаад Тэнгэрт таалагдаж хөх толботой төрсөн бэ?
Хоо ЭмГҮН:Тэнгэрт таалагдаж хөх толботой болоогүй ээ, Тэнгэртэй гэрээлж хөх толботой болсон. Өөрөөр хэлбэл Тэнгэртэй тохиролцоо хийсэн ард түмэн.

АЯНГАТ: Яг юу гэж тохиролцсон бэ?
Хоо ЭмГҮН:Тохиролцоо нь гэвэл бид Тэнгэрт эх дэлхийг хамгаалж байя гэдэг тангараг өргөж энэ чадлыг олж авсан. Ямар чадал авсан гэвэл үр удамдаа бууж үүрд мөнхөд тэднийгээ хайрлаж хамгаалах чадамжийг олж авсан юм. Энийг их богинохоон сэтгэж хийсэн чиг үйлийн үртэй урт болчихсон юм. Сүнс гэдгийг тэр үед мөнх гэдгийг ойлгоогүй учир энэ тохиролцоог хийсэн юмдаа, ухчихав уу? тэгэхээр нэг алдаа нь мөнхийн амьдралын дөнгө болсон юмдаа.

АЯНГАТ: Залхуу хойрго занг хэрхэн засах вэ? мөн хэнэггүй занг.
Хоо ЭмГҮН: Мэдэж байгаа бол яаж засахыг чи мэдэж байгаадаа, залхууг хөдөлмөрлөж, хойргыг хичээнгүйлж, хэнэггүйг анхаарч заснаа. 

АЯНГАТ: Эд зүйлс, зэмсгийг амилуулна гэдэг харин миний мэдэрч байгаагаар тухайн зүйлд сүнс суулгаж өгөхгүй бол бүрэн амилахгүй зүгээр л эрчимтэй зүйл болоод байх шиг.Тэгээд хүмүүст хамгаалалт хийж өгөх ч юмуу тиймэрхүү тохиолдол гарахад өөрийнхөө сүнснээс авч өгөөд амилуулаад байлтай нь биш? ер нь яах ёстой юм болоо?

Хоо ЭмГҮН: Угаасаа гаргалгаа нь буруу үг байна эрчимжүүлж өгнө гэхээс амилуулж өгнө гэхгүй, үхсэн зүйл эсвэл хөдөлдөггүй зүйл амь орно гэж байхгүй, цогцсыг амилуулж болноо, эдийг амилуулах сандал амилуулж дөрвөн мөчөөр нь гүйлгэнэ гэвэл хэцүүдээ.

АЯНГАТ: Олон олон амьтдын чихмэл байдгийг зургаар ч юмуу өөрөөр орлуулж болох уу? Бүх бөө нар тэгдэг гээд бодохоор хөөрхий олон амьтны амь гэж л бодогдоод байдаг юм.

Хоо ЭмГҮН: Заавал чихмэлээр хийдэг гээд хэн ер нь тунхаг гаргасан юм? Зураг бол хавтгай учраас тухайн амьтныг төлөөлж чаддаггүй юм, сийлбэр болоод хүүхэлдэйнүүд боломжтой. 

АЯНГАТ: Бөө биш мөртлөө үзэж хардаг засал юу хийдэг хүнийг юу гэж ойлгох вэ? Ямар хүмүүст ийм чадвар байна.
Хоо ЭмГҮН: Угаа аваагүй хүмүүст, угтай тэгээд онгодынхоо чадлыг бөө хуяг хэцгүйгээр дадсан хүмүүс тийм байна.

АЯНГАТ: Нэг бол гэрэлд их ойртсоноор эсвэл харанхуйд ойртсоноороо далд мэдрэмж нь хөгждөг гэж уншиж байсан. Шулмас энэ тэр гээд л байдаг.
яагаад харанхуйд ойртсоноор энэ чадвар хөгждөг юм болоо?
Хоо ЭмГҮН: Анзаараагүй юмаа анзаарч байгаа нь тэр юм, нүдэндээ итгэхээ байхаараа нөгөө мэдрэмжээ олж авдаг юм энэ бол хууль.

АЯНГАТ: Бөөгийн тахилыг ямар ч амьтны амь таслалгүй бүрдүүлэх хүсэлтэй үрс байдаг, гэтэл бөөгийн тэр их эрчмийг амьтны арьс залж сарниахгүй бол хамт амьдардаг хүмүүс нь эрчимд нь цохигдож "дайждаг" гэх юм, үүнийг тайлбарлаж, яаж шийдвэрлэх арга замыг хэлж өгнө үү.
Хоо ЭмГҮН: Улаач хүн өөрөө л хариуцлагатай хандвал болноо. Тэр их эрчмийг хурааж дийлсэн юм бол бусдад түгээж дийлэх хэрэгтэй шүү дээ. Хураагаад бусдад гай бологч болоод байх хэрэггүй. 

АЯНГАТ: Удмын онгодоо залахгүй бол ямар хор амсах вэ? Удмын Өвүг дээдэс авахгүй бол үрсүүддээ хатуу ханддаг юм уу?

Хоо ЭмГҮН: Чи хүүхэд төрүүлэхгүй бол ямар ч хор гарахгүй, чи хүүхэд төрүүлбэл тэдний амьдралд жатга хийгч болж хувирнаа, учир нь чиний төлөө биш чиний үр удам, түүнээс гарах үр хүүхдүүдэд гай барцад тулгарсан учир яаруу сандруу чамаар үйл хийлгэх гээд байгаа юм, хүүхэдгүй удам тасрах гэж байгаа хүнд ямар ч учиг байхгүй тэгээд л дуусчихна, удам үргэлжлэх гэж байгаа бол удам үргэлжлэх замд саад гарсан бол онгодууд яардаг юм. 

АЯНГАТ: Энэ цаг үед бөө үрсүүд цахим өртөөгөөр хаа ч байсан холбогдож мэдээллээ солилцож байна. Харилцахад нь тусалж буй компьютер техник хэрэгсэл нь зайлшгүй л байгалийн баялагийг олборлож байж бүтэж байгаа, хэрэглэж байгаа учир өр төлөөсөнд унаж байна гэж үзэх үү. Энэ мэт олон асуудал энэ цаг дор тулгараад байна.

Хоо ЭмГҮН: Энэн дээр зохиомол хуурамч хэрэглээ үүсгэхгүй бол тийм ч ихийг ашиглахгүй юм. Байгалийн тэнцвэрийг олоод ашиглаад байж болно. Гэвч зохиомол хэрэглээ албаар үүсгэж байгаа учраас л хоёрын хооронд дахин хэрэглээ гаргаад энэ их байгалийн баялаг гараад байгаа юм шүү. Хүн болгон энэ техник хэрэгсэлтэй байлаа гээд тэгтлээ байгаль цөлмөчихгүй, гэхдээ тэрийгээ өв удамшуулан үлдээх боломжтой байж байж ахин ахин хэрэглээд байхгүй шүүдээ. Хоёрын хооронд дахин хэрэглээг үүсгээд байгаа үрсийн буруу, хуучныг нь голоод шинийг нь аваад байгаа үрсийн бас буруу . Авснаа хог болгон хаях биш дахин боловсруулж шинэ амьдралын мөнх эргэлтэнд оруулах нь хөгжил биш үү. 

АЯНГАТ: Улаач үрсүүдэд ирээдүйд их үйл бүтээхийн гол СУУРЬ нь юу болж өгдөг вэ?
Хоо ЭмГҮН: Бие, Тархи, Цус гурав 

АЯНГАТ: Муу улаач онгодондоо захируулдаг гэж олон зүйлээс уншиж байсан. Хэрхэн яаж онгодоо захирч сурах вэ? Бүрэн тасралгүй бууж онгодынхоо хийж буй үйл хэлж буй үгнээс суралцах хэрэгтэй хэмээсэн, түүнд хэрхэн яаж ямар аргаар суралцах вэ?

Хоо ЭмГҮН: Тархин чадамжаараа онгодоо давсан үед л онгоддоо захирагдахаа болино доо. Тэгэхгүй дорой буурай тархитай байж яаж онгодоо захирах вэ? Энэ нь гурван настай хүүхэд эцэг эхдээ заахтай адилхан. 

АЯНГАТ: Бүрэн тасралгүй бууж онгодынхоо хийж буй үйл хэлж буй үгнээс суралцах хэрэгтэй хэмээсэн, түүнд хэрхэн яаж ямар аргаар суралцах вэ?

Хоо ЭмГҮН: Бүрэн тасарч суух ч бай, суухгүй ч бай улаач л онгодоо бүрэн ойлгодог байхад суралцахад боломжтой болно. Тэр хүртэл юу хийж байна гээд саад болоод байдаг юм? Тэгээд нээх их юм мэддэг юм шиг энэ буруу тэр буруу гээд их юм яринаа жамаа ойлгочихоод тэгнэ биздээ.

АЯНГАТ: Өргөл барьц өгөө аваагаа тэнцүүлэхгүй бол улаачийн наснаас хорогддог эсвэл улаач хүн бусдын өмнөөс ямар нэгэн хар муу үйл үүрч өгөө аваа тэнцдэг гэж үнэн үү?

Хоо ЭмГҮН: Үнэн 
АЯНГАТ: Хэдэн удаагийн үймээнт цагийг өнгөрөөгөөд өвөр монголд хөлөн бойр хорчинд хэдхэн бөө үлдсэн байна. Бөө мөргөл бараг тасрах дөхсөн. Хэн миний сууж байгаа газар түүхэн дээр эхлээд шар их шашнаар Тэнгэр шүтлэгийг шатааж дахин үеийн самуурлаар шарын шашинг дарсан түүхтэй. Одоо бөө ч үгүй, бурхан ч үгүй сууж байна. Ийм газраас бөө дахин төрөх үү? Өвөрмонголоос асуусан байна.

Хоо ЭмГҮН: Төрнөө. Одоохондоо нийхмээс айгаад мэдрэмжтэй үр нь шахаатай бол нуугдаад байгаа юм. Зориг бадраад олуул болоод бие биеэ таниад ирэхийн цагт олуулаа зориг төгөлдрөөр боснодоо.

АЯНГАТ: Өргөл барьцыг хэрхэн яаж авах ёстой вэ?
Хоо ЭмГҮН:Үйлийн үрдээ тэнцүүлж 

АЯНГАТ: Удмын өндөр дээд онгодууд нь угаа авах ёстой улаач нь огт мэдрэхгүй, шинжлэх ухаан буюу бодит зүйлд итгэнэ гэж зөрүүдэлдэг мөртлөө бодит амьдрал дээрээ маш зөв амьдарч алдаа гаргадаггүй бол удмын онгодууд нь заавал бууна угаа ав гэж шахахгүй байж болдог уу?

Хоо ЭмГҮН: Удмын мөхлөө урьтаж хараад засдаг бол шахахгүй, удмын мөхлөө урьтаж харж чадахгүй бол шахнаа. Ганцхан чи зөв амьдраад удмын балчрууд буруудаад байвал чамайг зольж удмын балчруудаа засна.

АЯНГАТ: Амар байна уу. Өргөл өргөх зүгийн тухайд тодруулж өгнө үү. Дэлхийгээс гадна буй оршихуйн зүгийг хэрхэн тодорхойлох вэ. Урд хойд зүг өөрчлөгдөхгүй байх. Харин баруун, зүүн зүг зовхисуудын хувьд хэрхэн ойлговол зохилтой вэ?

Хоо ЭмГҮН: Сансар огторгуй руу сүү өргөдөггүй юмаа. Өргөл өргөдөггүй юм. долоон бурхан одыг чиглүүлж өргөж байна гэдэг нь тэр хавийн агаар мандлын оршихуйд орших Өвгүд БууЭрЭлуудад л өргөж байгаа юм. Бид нар сансар огторгуй од эрхэсдээ дан байдлаар агаар мандлын болоод хурмаст тэнгэрийн заагаар харилцдаг. Шууд л наран саран одтой харилцдаггүй. Хэрэвзээ тийм байсан бол арьс гэдэг нь өмрөлзөх биш хамгаалж байгаа зүйлдээ өргөдөг гээд ойлгочих. Яах гэж энэ агаар мандалд өвгөдийн хий бие байдаг юм. Ингээд л ойлгочих.

Бидний өргөл бидний дэлхий ус, хий, шороо гуравтаа л хамаардаг юм. Онгод Тэнгэр ч гэсэн энэ гурван махан бодид л хамаардаг юм. Энэнээс алс хязгаар луу оюун бодлоороо харилцах ч хий бие, усан бие, махан бие ч хүрэлцэхгүй. Оюун бие буюу гялбаа биеэр бид наран саран огторгуй ертөнц од мичдэд хүргэх гээд өөр өөрийн жимийн зурвас цагаанаар мэдэж харилцдаг юм шүү дээ, тэгэхээр эхлээд дэлхийг хамааран ойлгох хэрэгтэйдээ. 

АЯНГАТ: Тамгалсан улаач хүмүүн нь Онгод сахиусаа авалгүй Тэнгэрт нь залчихаар тэр хүнийг улаач гэж үзэх үү. Онгод сахиусууд улаачаа хамгаалж дагаж явж байдаг гэсэн Онгод сахиусаа Тэнгэрт залчихсан үед тамгалсан улаач дагаж явах уу?

Хоо ЭмГҮН: Тэр улаач хамт үхнэ, улаач тамгална гэдэг нь өөрийнхөө хөлөнд гав зүүгээд дэлхийтэй унтахтай адилхан, өөрөөр хэлбэл хэрэв биднийг хоригдол гэж бодвол хөлөнд байдаг дөнгө нь улаач юм. Тэр дөнгийг тайлж байж л бид буцаж Тэнгэртээ очих болно. Дөнгийг тайлна гэдэг нь чиний амь дэгдэнэ гэсэн үг юм. 

АЯНГАТ: Улаач нь харьд удаан хугацаагаар суух болоод тухайн орны дүрэм журам амьдрах нөхцлөөсөө шалтгаалан онгодоо биедээ буулгах боломжгүй үед яах вэ?

Хоо ЭмГҮН: Шахаагаа үзүүлнэ дээ, тэр нутгаас яваад эх нутагтаа ирж бөө бол гэж шахна даа.

АЯНГАТ: Хариугаа яаж авах юм болоо, Миний хувьд Өвүг Дээдсийнхээ сүнсэн биетэй өөрийнхөө бодгалаар харьцаж байгаа бөө нараас ямарваа нэгэн ид шидийг л хүсдэг Ер нь шидтэй увидастай бөө Монголд хэр олон байна, таны мэдэрснээр?

Хоо ЭмГҮН: Олон олон, мөн өсөж яваа, уруудах нь уруудаж л байна эрээнтэй бараантай бөөнөөрөө л байна даа, яг ямар шидийг хүсээд байгаа юм?

АЯНГАТ: Мэдэхгүй, Хуурамч бөө жинхэнэ бөөг яаж ялгах вэ? Дунд болон Бага тэнгэрийн бөө Дээдийн дээд онгодтой уг барих хүний угтай гэдгийг мэдэж хэлж чадах болов уу?

Хоо ЭмГҮН: Хуурамч бөө гэдэг нь онгодгүй жүжиглэж байгааг хэлнэ, тэр хүний эрчим бие нь жижиг байна, жинхэнэ бөө нь эрчим бие нь сайн байна сайнтай муутай үйл хийдэг ч бай хийдэггүй ч бай онгодоо буулгаж онгодын үйлэнд зүтгэдэг бол эрчим бие нь их байна. Эрчим бие нь их байгаа бол илэхийн төдийд өвчнийг авч, энэрэхийн төдийд сэтгэлийг амраадаг шид нь хамгийн түрүүнд бүрэлдэнэ. Хуурамч бөө бол ийм чадамж үгүй. Тэр хүн мянгантаа илсэн ч өвчин өвддөгөөрөө өвдөж, идээ гоождогоороо гоожиж сэтгэл шаналдгаараа шанална.

АЯНГАТ: Дунд болон Бага тэнгэрийн бөө Дээдийн дээд онгодтой уг барих хүний угтай гэдгийг мэдэж хэлж чадах болов уу?

Хоо ЭмГҮН: Угтай бол бүгдээрээ угтай. Манай өвөө ерөнхийлөгч байвал буулгана харц байвал буулгахгүй гэж үү, дээд доод гээд битгий тэнэглэ гэж хэл.

АЯНГАТ: Хэрвээ тухайн улаачийн онгодууд нь Бага Тэнгэрийн онгод байлаа гэж бодоход улаач нь ухаантай чадалтай сайн явбал онгодууд нь зэрэг дэвшсээр Дээд Тэнгэрийн Онгод болох уу эсвэл өөрийн удмийн нь Дээдийн дээд онгод байвал бууж ирэх үү?

Хоо ЭмГҮН: Бага Онгодууд нь зэрэг дэвшиж болно, балчир улаачаа сайтар засаж чадсан бол дээд онгодууд нь тоож тэр улаачийг тэтгэж ивээж олон олон зүйлийг сургадаг энэ бол бөө ёсны зүйл. Энийг эвдсэн нь Аянгат буруутай, яаруу сандруугаар чадах чадахгүй үрсүүдэд дээд онгодуудыг буулгаж өгснөөрөө буруутай, түүнээс Багаасаа Дунд, Дундаасаа Дээд гэж дагаж явах ёстой, түүнээс яаруу сандруу Дээд Онгодыг буулгаад нэрийг нь сэвтээж явах аваас улаач нь үхвэл таарна. 

АЯНГАТ: Бөө үрсэд олон төрлийн мэлмий байдаг гэнэм, бодлын, зүүдний, гуравдагч буюу далд ертөнцийн зүйлсийг шууд хардаг гэх мэт, гэтэл бүх хүн л зүүд зүүдэлдэг. Зүүдээ хэрхэн ялгах вэ?

Хоо ЭмГҮН: Ялгаж ядаад байх юу байнаа. Ямар сонин хүүхдүүд байдаг байнаа, зүүд бүгд л зүүдэлдэг зүүдэн дотроо зөнтэй байхыг нь тохиолдлоор нь мэднэ биздээ. Тэгээд өөрийн зүүдний давтамжинд тохиолдолт зүүд хэр их зүүдэлж байгаагаа мэдэж байвал болоо юм биш үү? Эсвэл тархи эрэмблэгдэх замын замбараагүй зүүд зүүдэлдэг нь олон байна уу гэдгийг ялгах хэрэгтэйдээ. Бүх зүүд учигтай байх албагүй. Тархи эрэмбэлэгдэх замдаа хуурмаг дүрсүүд үзүүлдэг. Энийг их мэдэрдэг байна уу эсвэл далд ертөнц зөгнөж хэлэхийг илүү мэдэрдэг байна уу гэдгээ л ойлгох хэрэгтэй шүүдээ. Энэ чинь халуун байна уу? хүйтэн байна уу? гэдгийг мэдрэхтэй адилхан эгэлхэн зүйл. 

АЯНГАТ: Тэнгэрийн тамгатай хүн гэхээр заавал улаач хүмүүс байдаг уу?

Хоо ЭмГҮН:Тийм, өөр яах гэж чамайг тамгалах юм. 

АЯНГАТ: Бүх бөө үрсээ Онгодууд нь тэнгэртээ буцах цаг болоход нь бэлтгэлийг нь хангах зааварчилгааг өгдөг үү?

Хоо ЭмГҮН: Ямар бэлтгэл? Улаач үхэх цагаа мэддэг тэгээд яаж оршуулах дэг жаягаа онгодоосоо асуучихдаг тэрийг чадахгүй бол түүгээр хийлгээрэй гээд хүнээ заагаад өгчихдөг юм, тэр нь яс баригч гээд үлдэж байгаа бөө нар байдаг юм. Ухав уу? тэгэхээр тэр нь дэгийг мэдээд оршуулна, үгүй бол онгод нь мэдээд оршуулна. Ийм л 2 зам байдаг юм. 

АЯНГАТ: Онгодууд улаачаа Тэнгэрт халихад нь замчилж авч явдаг уу?

Хоо ЭмГҮН: Сурснаа өөрөө үзүүлээд өөрөө явахгүй юу, юунд нь замчилдаг юм өчнөөн дээшээгээ өчнөөн доошоогоо яваад үзсэн байж бөө байх хугацаандаа, тэгэхээр тамд очиж үхмээр байна уу? дээшээгээ явмаар байна уу? өөрөө л мэднэ биздээ. 

АЯНГАТ: Бөө хүн сайн бөө болохын тулд ямар ямар эрдмийг сурсан байх шаардлагатай вэ? өөрөөр хэлбэл биеэ хэрхэн бэлдэх вэ?

Хоо ЭмГҮН: Сайн бөө гэж юу гэсэн үг вэ? Ямар хүнийг сайн бөө гээд байгаа? Бөө хүн сайнтай муутай байна гэдэг нь улаачийн авир аашнаас л хамаардаг юмаа. Сул онгод хүчгүй онгод гэж байдаггүй. Харин тэр онгодыг өнгөлж байгаа улаачийн ааш зан ёс зүйгээс л сайн уу, муу юу гэдэг нь шийдэгддэг юм. Өөдгүйдээ онгод болоо юу гэмээр байна шүү.

АЯНГАТ: Аан бас тийм гадаад хэлийг сурах БууЭрЭлүүдийн арга гэж байдаг уу мөн хурдан хугацаанд сурдаг арга бий гэсэн үүнийг яаж гаргаж ирэх үү?

Хоо ЭмГҮН: Амархан, тэр үгсийг нь хөрвүүлэн бичсэн судар байнаадаа, тэрийг нь тархиндаа эрчим түгжиж байгаад хэд уншаад цээжилчих, энэ аргаар хэл сурдаг юм. Өөрөөр хэлбэл хүний тархийг хурдасгах аргаар гурван жил болчихвол энийг хийж дөнгөнө, тархиндаа цусан хангамжийг дээшлүүлж төв байдлыг олж суугаад нүдний хараан төвийг төвлөрүүлж байгаад тархийг маш их эрчимжүүлдэг.Тэгээд нэг уншсан зүйлийг хүний тархи тогтоох чадамжийг олдог юм. Нэг уншлаа, хоёр уншлаа сайндаа л гурав уншихад тэр толгойд цээжлэгддэг. Харин цээжилсэн зүйлээ хэрхэн яаж эрэмбэлэх тухай бол хэрэглээгээр л гарч ирнэ. Ингэж хурдан сурдаг.

АЯНГАТ: Онгодууд улаачдаа бууж үйлээ хийгээд дууслаа гэж үзвэл улаачаа аваад явдаг уу,аль эсвэл үүрэг даалгавар өгчихөөд явдаг уу? Буруу юм асуусан бол өршөөгөөрэй. Эсвэл улаачийг энэ замбад амьдрах хугацаа нь дуустал хамт байдаг уу?

Хоо ЭмГҮН: Аль аль нь байж болно. Аваад явж болно, аль эсвэл хүний амьдралаар тав, арав, арван таван жил сайхан амьдраад ирээ гээд үлдээж бас болно. Энэ хугацаанд улаач аав ээж, эмээ өвөөгийн ажил хийнэ. Тэгээд улаачаа манана. Тэр улаач онгодоо залаад үйл дуусгасан бол бусдын төлөө сайн сайхан үйл хийгээд явж болно. Эсвэл онгод Дээдсээ хүндлээд өөрөө сайхан амьдарч болно. Аль нь ч болно. 

АЯНГАТ: Ойлголцол гэж юу вэ?

Хоо ЭмГҮН: Ижилхэн зүйлийг ижил өнгөөр харахыг хэлнэ. Хүн хүний үзэл өөр байдаг тул нэг ижил зүйлийг өөр өөр өнгөөр хардаг. Үгээр хэлэхэд хүртэл ондоо ондоогоор хардаг. Ойлголцол гэдэг бол нэгэн ижил зүйлийг нэгэн ижлээр хэлэхийг хэлнэ. 

АЯНГАТ: Мэлмий яаж нээгддэг юм бол, таван мэлмий байдаг үүнийг ямар дарааллаар нээх ёстой вэ?

Хоо ЭмГҮН: Мэлмий гэдэг нь тархийг идэвхжүүлэхтэй яг адилхан нүдэн орон зайг салст бүрхэвчийг эрчмээр хангаж хануулж мэдрэхгүй байгаа зүйлийг нь мэдрүүлэхийг хэлнэ. Эрчмийн сүлжээ нүдний төвөөр гүйцэд эргэлдэнэ гэсэн үг. Арга нь ерөөсөө энэ. Сонортой больё гэвэл эрчмийн төв чихний дунгаар эргэлдэж байх орчимд хүний сонсдоггүй авиа нар тодрон сонсогддог. Тэр эрчмийг буцаагаад урсгалыг нь өөрчилхөд сонсохоо байж ахиад тийшээгээ шилжүүлэхэд сонсож байдаг юм. Тэгэхээр энэ эрчмийн урсгал хэр хүчтэй байгаагаас таван үе шат гарч ирээд байгаа юм. Арьс болоод алганы мэдрэхүй хүний энэ бөөгийн мэдрэмжүүд адилхан эрчим судлуудыг л гүйлгэх гэдэг л ганцхан зүйл байдаг юм. Яагаад бясалгал хийгээд мэлмийтэй сонортой болдог гэвэл эрчим урсгалыг хянаж байдаг шүүдээ тэр дасгал чинь тэгээд нэг газар төвлөрөхөд тэнд далд ертөнцийн мэдрэхүй хөгждөг юм. Ерөөсөө л энэ, мэлмийтэй болъё гэвэл гучин гариг шөнөөр бөөлөхөд л хангалттай шүүдээ. 

Харах нүд чинь хардаггүй байсан зүйлээ харна. Даанч сэтгэлзүйн бэлтгэл байдаггүй шүүдээ. Өөрөө л энэ орчлонд ганцаараа байдаг юм шиг хий сүнс, хар сүнс энэ орчлонд байдаггүй юм шиг энэ сүнс байна гэж айж цочоод бэлтгэлгүй зүрхээр хүлээн авдаг нь буруу шүүдээ. Тэгэхээр өнөө эрчим судлаа бүр таслаад хаячихдаг юм. Эхнээс нь өнөө эрчмээ олж авах гэж бүр эхнээс нь бөөлнө, цугларч байсан эрчмээ сарниагаад хаячихна, тэгэхээр эхнээсээ зүрхээ бэлдсэн нь дээрдээ. Байдаг байх боломжтой байх л ёстой. Энэ гэрт би ганцаараа биш махан бие минь л ганцаараа болохоос сүнсэн бие энд олон байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Тэгсний дараа харах тухай бод, тэгсний дараа сонсох тухай, тэгээд эд нар нь өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн хий биетэй өөрийн гэсэн ааш авиртай өөрийн гэсэн амьдрахуйтай өөрийн гэсэн үнэ цэнэтэй зүйлтэй. Ингээд ойлгоод эдний дунд өөрийгөө хэрхэн авч явахаа ухаарна даа. 

АЯНГАТ: Нэг гэрийн хоёр хоёулаа бөө байлаа гэхэд энэ хоёр хааяа муудалцвал Онгодууд нь хоорондоо яадаг вэ? Өөр өөрсдийн улаачаа өмөөрдөг уу? эсвэл тоодоггуй юу?

Хоо ЭмГҮН: Онгодууд нь хооронд нь эвлэрүүлэхийг хичээдэг.

АЯНГАТ: 1. Хэцэн дээр зураг зурах буруу зөв гэх харагдах зүйлийг хаадаг гэдэг үүнийг учрыг хэлж өгөөч.
2. Хэц хүн мод хувцаслах хөлд орсон бол гутал өмсгөж тэгээд дээш нь хувцасладаг гэсэн энэ талаар тайлбарлаж өгнө үү .

Хоо ЭмГҮН: Жаахан тодорхой бус асуужээ, хэцэн дээр зураг зурахад хэцний хэмнэлийг өөрчилдөг ба дуу давтамжийн долгионуудыг өөрчлөх гэж тэгдэг. Хэц зураггүй байвал жигд давтамжийг гаргадаг бол зураг зурахад аливаа орон зайд төвлөрсөн эрчмийг гаргадаг. Ингэснээр зүрхний судлуудыг тусгайлсан орон зайд нээх боломжийг нээдэг юм. Ялангуяа зүрхний ужиг өвчтэй улаач нарт зурагтай хэцийг их ашигладаг. 

Шахаанаасаа болоод эсвэл амьдралын дарамт бие махбодийн элэгдэл зэргээсээ болоод зүрх нь муудсан дотоод судлууд нь бөглөрсөн улаач нар ихэвчлэн жигд бус хэмнэлтэй зурагт хэцүүдийг ашигладаг. Онгод бол аль болох зураггүй жигд хэмнэлийн хэцийг эрхэмлэдэг. Хүч оруулах гэж чадамж оруулах гээд байгаа юм биш эрчмийн урсгалын ирэх давтамжийг өөрчлөх гээд байгаа юм. 

АЯНГАТ: Хэц хүн мод хувцаслах хөлд орсон бол гутал өмсгөж тэгээд дээш нь хувцасладаг гэсэн энэ талаар тайлбарлаж өгнө үү .

Хоо ЭмГҮН: Хэцний хүн мод нь тухайн улаачийн сүнсэн биеийн биежилтийг хэлдэг бөгөөд эхлээд зүгээр нөмгөн дээлтэй баривч шиг зүйлтэй байдаг, хөлийн дөнгө тавигдаж улаач хөөрөх шидтэй болоход гутал өмсгөнө, харах мэлмий нь сайжраад ирвэл савлагатай болгоно, сонор нь сайжраад ирвэл чихэвч зүүлгэнэ ийм замаар дотор сүнсэн биеийг хувцаслаж байдаг юм. 

АЯНГАТ: Хүн мод нь эхлээд шалдан байдаг биздээ? Тэгээд дараа нь ороодог биздээ?

Хоо ЭмГҮН: Нөмгөн дээлтэй байдаг юм, ихэвчлэн. Тиймээ үүгээр улаачийн амийг бөхөлж явдаг юм. Мөн чадамж суулгаж явдаг юм. Шууд хувцаславал улаач тэр хүчинд дарагдах гэж үздэг тул болдоггүй. Тиймээс нярай хүүхэд шиг нялхаасаа хувцаслаж явнадаа. Бүрэн хуяг хувцас өмсөхдөө хэц барьсан бөө болохын үед тэр хүн шидээ авсан бөө болсон гэж үздэгдээ. Энэ нь улаач өөрийнхөө сүнсэн биеийг хэрхэн яаж хөгжиж байгааг харах нэг хяналт юм. 

АЯНГАТ: Буурлууд нь хэлж өгнө биздээ? 

Хоо ЭмГҮН: Тийм чи одоо гутал өмс гээд хэлдэг юм, тэгэхэд хүүе миний хөл яав юугаар өөрчлөгдөв гэдэг юм.Тэгээд бөөлж үзнэ, хэдэн цаг болоод миний хөл цуцдаг байна гээд , өмнө нь хоёр цагт цуцдаг бол одоо дөрвөн цагт цуцахаа байж ингээд би гуталтай болсон юм байна шүүдээ гэж. Махан биед цуцах гэдэг зүйд заавал байдаг. Харин онгодын шид агсаад байвал эрхтэн цуцахаа байчихдаг. Үүгээр ялгаатай, өөрөөр хэлбэл түүгээр эрчмийн эргэлт гүйхэд цусны эргэлтийг ямар ч саадгүй болгодог. Иймээс цуцах үзэгдэл үзэгдэхээ байчихдаг юм.Улаачийн бие бүрэн эрчмийн урсгалд автах аваас улаач ядрахаа байна. Хэдэн хоногоор ч нойр хоолгүй явах чадалтай болно. Энийг шид гээд байгаа юмдаа.

АЯНГАТ: Бөө хүн яагаад сэвтдэг бэ? өмсгөл багш сонгох?

Хоо ЭмГҮН: Хүн яагаад халтар болдогтой адилхан сэвтэнээ, ухчихав уу? Хий ертөнц ч бохирдолтой шүүдээ. Чи яавал халтар болдог юм айн? жам ёсны үзэгдэл биздээ, хий биенд сэвтдэг нь хиртэй л адилхан зүйл юм. Байнга угааж цэвэрлэх ёстой тэр л зүйл. 

АЯНГАТ: Багш сонгох ?

Хоо ЭмГҮН: Багш сонгохдоо өөрийнхөө зөн мэдрэмжинд л итгэсэн нь дээр. Итгэж болох найдаж болох хүнээ нүдний өнгөөр нь шинж. Тэгээд л болоо. Нүд нүдийг нь хараад онгодоо буулгасан үед бас буулгаагүй үед нь нүдрүү нь хараад тэгээд л дүн шинжилгээ хийнэ биздээ. Энэ л зөв байдаг юм. Тэгэхгүй нүдэнд хүйтэн санагдаад байгаа хүндээ албаар очиж мөргөж шавь болоод байх албагүй. Хүний үгээр сайн муу багш гээд байх хэрэггүй, онгод дээдсээ мэдрээд өөрийн биед тааламжтай эсэхийг л нүдрүү нь хараад шийддэг юмдаа, онгодын нүдрүү мөн улаачийн нүд рүү. 

Би таныг багшаараа тодруулж болноо та самалгаан сөхөж надад мэлмийгээ харуулж тунарах тархинд минь мэдээ өгнө үү гээд асууна. Ай би танаас айж сүрдлээ Таны шавь болж зүрхлэмгүй гээд буцаж болно. Ай та надад их элгэмсэг дотно ивээлтэй сайхан санагдаж байна гээд Таны ивээлд орж таны шавь болъё гээд асуучихдаг юм. Ядаад байх юм байхгүй. Тэгэхээр нүдээр нь мэддэг юм. 

АЯНГАТ: Улаач яаж өөрийгөө хурдан биежүүлэх вэ? Яаж БууЭрЭлтайгаа ярилцаж сурах вэ? Яаж зургаа дахь мэдрэмжээ хөгжүүлэх вэ?

Хоо ЭмГҮН: Эхлээд зүрх сэтгэлээ бэлдчих, хязгаараа давсан олон бөөлөө хийчих, тэгээд л болоо. Хүн биеийн бодьгалын хязгаар гэж байна. Тэрийг даваад даваад цохиод цохиод байвал хурдан онгод биежинэ. Өөрөөр хэлбэл эрчмийн урсгал бөглөөтэй байгаа газарыг цохиж цохиж байгаад эргэлдүүдэг тэгэхэд л биежинэ шүүдээ. 

АЯНГАТ:Хар муу үйл хийж буй улаач үрийг онгод нь яагаад хориглодоггүй вэ? Эсвэл энэ замбдаа улаач нь БууЭрЭлээ захирдаг юмуу? Бусдыг хорлож буй муу үйлэнд тухайн улаачийн онгод нь оролцдог уу?

Хоо ЭмГҮН: Нэг, хоёр удаадаа юм сураг гээд үзүүлдэгээ. Тэгээд ухаарахгүй бол ниргэдэгээ. Буруу зөвийг ойлгож сургахын тулд буруу зүйлийг мэдрүүлэх хэрэгтэй байдаг. Үзэж байж хүн буруу гэдгийг ойлгодог. Бүдэрч байж хүн унадаг гэдгийг ойлгодог. Тиймээс энэ бүдрэх зүйл дээр энэ онгодууд нэг хоёр алдааг уучилдаг юм, энэрдэг бас тусалдаг. Аан энэ буруу юм байна би энийг засъя гэхэд засаад л өгдөг, ийм л байна. Тэгээд дахиж буруу зүйл хийхээр нь гараа татчихдаг. Энэ үед улаач мухардалд орж Тэнгэрээ алдана гэдэг нь болдог юм. Тэнгэрээ алдахаар буруу зүйлдээ амташсан улаач бусдын онгодыг хулгайлах болдог юм шүүдээ, ухчихав уу? Тэгэхээр буруу зүйл хийхэд бас арга байдаг гээд ойлгочих. 

АЯНГАТ: Нэг айлын хэд хэдэн хүүхдүүд яс, цусан талаасаа өөр өөр тамгатай үед, түрүүлэн улаач болсон нэгэндээ үйлээ шилжүүлж болох уу? Уг гарвалууд нь тохироод нэг улаач дээр үйлээ нэгтгэлээ гэхэд угаа залахаас татгалзан, ах дүү нэгэндээ шилжүүлээд, үйлэнд нь замбаар нь тус дэм болон яваа тамгатай хүнд, улаач болохоос татгалзсан ял, үйлийн үр нэмэгдэх үү? Жамын заяа тавилан нь муугаар эргэх үү? Заяагдсан нас нь богиносох уу? (Хүнд шилжүүлчихээд амиа бодон зайлбал балрах нь тодорхой. Харин шилжүүлсэн улаачдаа дэм тус болоод байсан ч өөрийнх нь хийх ёстой үйлийн үр нимгэрэхгүй юм болов уу л гэж бодох юм?)

Хоо ЭмГҮН: Яг нэг голомтоос бол олон улаач төрдөггүй, хаяа залгах гэж байна. Голомтонд хагас хамаарах хугас хамаарах гэж байнаа. Ухчихав уу? Ах дүү хоёр байна. Ах нь угаа босгосон дүү нь хүүхэд төрүүлсэн чинь тэр нь угтай байж гэнэ. Гэтэл нөгөө төрсөн хүүхэд чинь эцэг талаасаа ханилж урагт нэмэгдсэн талаасаа угтай байж. Энэ замаар гэрт олон улаач төрж болноо. Түүнээс ах дүү дүү дүү гэсэн хүмүүсээс сайндаа л 2 нь угаа барина. Эцэг талаасаа эх талаасаа. Бүгдээрээ угтай байна гэж байхгүй. 

Нэг учигаар гурав байж болдог юм. Айлын зургаан хүүхэд байна гурван улаачтай байя. Нэг нь энэ улаач удахгүй үхэх гэж байгаа бол шилжүүлэг хийх гэж байгаа үед өөрөөр хэлбэл үе авах гэж байгаа, хүүхэдрүүгээ биш дүүрүүгээ шилжүүлж болдог. Улаачийн амь удахгүй дэгдэж, арван жил дотор тоологдох болсон үед гурав дахь улаач босно. Дүү рүү эсвэл хүүхэд рүү. Гэрт 3 улаач байх боломж ийм л байдаг юм. 

Гэтэл урагт нэмэгдсэн нөгөө талаас хүүхэд гэдгээрээ нэг голомтонд онгодын отог оршиж байж болох юм. Яг эцэг эх талаасаа хоёр л байх боломжтой. Өрөөлийн голомт гээл ороод ирдэг. Тэгвэл ингээд үүсээд байна. Гэхдээ энэ хүүхэд эцэг ба эх талын голомттой өөр газар хамааралтай л байгаа. Тийм биздээ?

АЯНГАТ: Жамын заяа тавилан нь муугаар эргэх үү? Заяагдсан нас нь богиносох уу? (Хүнд шилжүүлчихээд амиа бодон зайлбал балрах нь тодорхой. Харин шилжүүлсэн улаачдаа дэм тус болоод байсан ч өөрийнх нь хийх ёстой үйлийн үр нимгэрэхгүй юм болов уу л гэж бодох юм?)

Хоо ЭмГҮН: Тийм амархан шилждэг юм бишээ. Онгодыг шилжүүллээ шилжүүллээ гэхэд хугас нь шилждэг юм. Амь бие нь улаачаа манасаар л байдаг. Харин туслах онгууд сахиусууд гэж байна. Тэд нь нөгөө улаачид шилжээд үйл хийгээд байж болно. Толгой онгод нь дагасаар үхтэл нь дагана. Толгой онгодын үйл их байх юм бол тэр улаач зовж л дуусна шүүдээ. 

АЯНГАТ: Далд ертөнц гэхээр нэгэн цогц уу? эсвэл тус тусдаа бие дааж орших зэрэгцээ ертөнц юм уу? Дээд тив нь бодитой гариг юмуу? эсвэл дээд энергийн нягтралтай орон зай юм уу? Бидний дэлхий гэхэд өөр өөр ухамсрын давтамжтай таван ертөнц зэрэгцэн оршдог гэж барууны судлаачид бичдэг энэ үнэн үү? Тэгвэл далд ертөнцийг яг яаж ойлгох вэ?

Хоо ЭмГҮН: Нэг бүхэл цогц, чиний хардаггүй орон зай чинь, чиний амьсгалдаг орон зай чинь. Нэг ертөнц, хий орон зай чинь, амьсгалдаг хэрнээ хардаггүй тэр орон зай чинь далд ертөнц. Дээд ертөнц бол дэлхийн агаар орон зай. Таван бодьгалын нягтаршил, ондоо ондоо байдаг оюун ухаант ертөнц. Завсрын ертөнцийн амьтад бол хүн. Агаар мандлынх бол онгод. Завсрын ертөнцөд хүн болоод амьтан дүрээр, хий ертөнцөд онгод дүрээр орших ёстой. Хөрст ертөнц гэж байгаа, шүүлтүүр болж энийг хүн үү эсвэл сүнс үү гэж ялгадаг эрлэг ертөнц, усан ертөнц буюу лус, ус өөрөө амьтай байдаг учраас лус гэдэг сүнстэй учраас тэр юм. 

Усанд нөлөөлнө гэдэг нь лусад нөлөөлнө гэсэн үг юм. За тав дахь нь гал ертөнц буюу бидний нэрлэж заншсанаар тамын ертөнц. Эрчим биеийг задлагч ертөнц. Энэ таван ертөнцийн бүрдэл Дэлхий гэдэг гариг. Тэгэхээр энэ завсрын ертөнцийн хүмүүс та нарт хий ертөнцийн онгодууд нөлөөлж байгаа нь тэр. Энэ нь бие биедээ нөлөөтэй амьдардаг бөгөөд энэ нь манай хязгаар луу та нар довтолж эхэлсэн тэр цагаас танайхруу довтолж эхэлсэн. Тэгээд л ойлгочих. хэдий чинээ угаар тарина төдий чинээ бид олноор бууж ирнэ. Тэгээд л ойлгочих. Учир нь манай гэрийг шатаагаад байгаа юм чинь бид нар буухгүй яах юм, шударга байгаа биздээ. Тэгж ойлгож байгаагүй юмуу? Түүнээс биднийг амар амгалан байлгаж байсан бол бид тэгж та нарт бууж Та нар зөв амьдраад өгөөч гээд үглээд суухгүй биздээ. 

Яагаад найман зуун жил тэсчихээд л одоо буух гээд л байдаг юм? Яагаад дөрвөн зуу, таван зуун жил оршчихоод одоо буух гээд байдгийн бэ гэвэл манай гэрийг шатаагаад хаясан учир танайхыг түйвээж хаяхаас өөр яах вэ? Түйвээж хаячаад нөгөө л хэдэн ертөнцдөө төвөг удах юм чинь өөрсдөө буугаад зөв амьдраач, угаар битгий тарь, мод битгий шатаа гээд хэлэхээс өөр яах юм? Тэгэхээр хэн онгодыг урин дуудсан байна? Хэний буруугаас болж онгод буусан байна? завсрын ертөнцийн золигнууд та нар олигтой амьдраагүйгээс болж ийм үр дүнд хүрсэн байна, Тиймээс одоо үйлээ үүрээд онгодоо буулгаад зөв амьдраад явна биздээ? 

АЯНГАТ: Хаан дээдсийн үед онгодууд яагаад буусан юм бэ?

Хоо ЭмГҮН: Бие биеэ алаад байсан учраас тэр, хаан болоод хан болоод тэмцэлдээд байсан учраас хөөе наад агаарт дэгдэх цус чинь арай ихдээд байна гээд олноор буусан юм. 

АЯНГАТ: Тэгвэл Атилла хааны үед?

Хоо ЭмГҮН: Бас адилхан тэр үед угаар биш цусны үнэр ихдээд буусан юм. Одоо бол цусны үнэр бага байнаа, гэхдээ хорт утаа хог хаягдлын утаа их байгаа учраас буухаас өөр аргагүй байна. Тийм л байгаа биздээ? бидний агаар мандлыг бохирдуулаад байхаар бууж, буцаад модоо тариулж агаараа цэвэрлэж гэр орноо цэнгэг болгож байгаад буцаад л явчихна. Мод тарихаар ганцхан мод тариад орхихгүй, хууль ёс зүй дэг жаяг юу байдгийн бүгдийг засахаар амьдралыг хэмээр нь засахаар олон салбарт бууж байгаа юм. 

АЯНГАТ: Өөр хүний онгод аваад муу үйл хийгээд байгаа бөө нарт өөрийнх нь онгод биш байж яагаад буугаад үгээр нь үйл хийгээд байдаг юм бэ?

Хоо ЭмГҮН: Хүүхдээ алуулахгүйн тулд

АЯНГАТ: Онгод хувцас хуяггүй улаач дээрээ буухуу эхнээсээ?

Хоо ЭмГҮН: Тийм юм байхгүй ээ. Улаачийн бие золигт гардаг учир боломжгүй.

АЯНГАТ:Өөрийн урд төрөлдөө хэн байснаа яаж мэдэх вэ? Энэ төрлөө олохдоо ямар даалгавартай ирснээ яаж ухах вэ? Хүний тавилан заяа төөрөг өөрчлөгддөг үү? Эсвэл цаанаасаа яг тэгэх ёстой гээд алхам бүрийг тохируулаад заасан бадаг юм уу?

Хоо ЭмГҮН: Тархины эсүүд сэргэхэд аяндаа саначихдаг. Алхам бүрийг тодорхой бишээ, ерөнхий нэг даалгавартай байдаг. Нэг ийм салбарт мөр үлдээнэ гээд, ерөнхий амьдралын чиг байна. Ингэж заяа тавилантай холбогдохоос энэ хөрстөд гишгэх мөр үлдээхгүйгээр төрөх боломж байхгүй. Миний мөр ийм хэлбэртэй гээд хөлийн мөрийн тавхай авдагтай адилхан тэр хөлийн улын тавхай хөрстөд гишгэхдээ юу үйлдэж хэдэн хүүхэд гаргах нь тодорхой байдаг юм, тэрийгээ биелүүлэхэд ямар зам сонгож яаж амьдрах нь хамаагүй чөлөөт сонголттой. 

АЯНГАТ: Халх, ойрд, буриад, дархад гэж дэг жаяг байдаг нь улаач нар өөрөө мэдээд ялгаварлаад байна уу онгод буурлууд нь дээд тивдээ бас бие биенийгээ ялгаж үздэг юмуу?

Хоо ЭмГҮН: Тайлбарласаан. Бөөгийн товчоон номноос олж унш.

АЯНГАТ: Улаачаа мэдрүүлж хүмүүжүүлж шахаж бууж чадаагүй дээд онгодууд улаачдаа буугаагүйнхээ төлөө тэнгэр дэх дэв зэрэг нь буурах уу? Тэд ч бас мянганы үйлэнд орох ёстой биздээ?

Хоо ЭмГҮН: Хүн болох шийтгэлтэй, хэрэв онгод болоод үйл хийж чадахгүй бол хүн болоод хий гэж, хүн болох сонирхолгүй бол тэр л биз, хүн болох сонирхолтой бол улаачийг шахахгүй. 

АЯНГАТ: Бүх удмын мэдээлэл асуух? бас хэрхэн яаж үүссэн?

Хоо ЭмГҮН: Тархин мэдээлэл сэрэхэд бага багаар санадаг юмаа. Онгод буулгаад тархи сэрдэг. Тэгэхэд өмнөх амьдралын мэдээлэл сэрж эхэлдэг. Замбараагүй сэрдэг учир үе алгасч сэрж болно. Миний тэд дэх үе тийм хүн тиймэрхүү амьдарч байсан гээд ясаа эхэлж санадаг. Дараа нь цусаа санадаг. Эцэст нь өөрийнхөө сүнсний амьдралыг санадаг. Гурван бүлэг нийлээд яагаад энэ хувь заяа нийлснийг ойлгодог. Бүрэн сэрэхэд идэвхитэй бөөлдөг бөө есөн жил зарцуулдаг. Идэвхигүй бөөлдөг бөө нэг насандаа ч мэдрэхгүй. Шударга л байгаа биздээ. Тархины эс хөөе сэр гэхэд сэрдэггүй. Нэг нэгээр нь сэрээдэг учраас тэгээд ч замбараагүй сэрдэг учраас, яагаал нэг үе хэсэг үеэ саначихаад дунд нь санадаггүй юм бэ? Энэ нь хүчтэй өндөр эрчимтэй байсан үеүд нь тод санагдаад бага сул эрчимтэй үе нь бага санагддаг. Гэхдээ эрчим нэмэгдэх үед сул эрчимтэй үеэ санадаг. 

АЯНГАТ: Хүмүүс болохоор БууЭрЭлууд нь ирээд хэлнэ гэж боддог, БууЭрЭл нь мөн бол ярих ёстой биш болохоор ярихгүй байна гэх мэт ойлголт их байдаг.

Хоо ЭмГҮН: Чи тэрний тэрний тэр удам гээд хэлэхэд ядах юм байхгүй, гэхдээ тэгээд хэлэхээр үр өгөөж байхгүй, улаач өөрөө санахаараа тэндээс маш их зүйлийг сурч тэр амьдралын дадлагад сурдаг. Зүгээр нэг харц өвгөн биедээ яасан их туршлага хуримтлуулснаар замбын бусад хүнээс илүү чадамжтай болж агуу зайран удган гэдэг нь амьдралын баялаг туршлагаараа хэмжигддэг юм. Илүү их юм мэддэг, илүү их дадалтай, илүү түгээмэл мэргэшилтэй, хэл сурах дээр бол хэлэнд онцгой байсан удмынхан онгодын тархин хэсэг дээр төвлөрөхөд хуучин үгсүүд санагдаж шинээр цээжилхэд хялбар байдаг юмдаа. Ийм аргаар улаачид хурдан идэвхитэйгээр суралцаж чаддаг.,Эхний удаад бол зөвхөн сэргэх дасгалууд байна. Нилээн дадаад ирвэл шинээр сурах арга барилуудыг зааж өгдөг юмдаа.

АЯНГАТ: Бөө хүн онгодоо буулгахаа яваандаа боливол яах вэ?

Хоо ЭмГҮН: Юу гэсэн үг юм? Энэ бөө байж үзээгүй болоод тэгж байгаа байх, больчихвол буцаад шахаандаа ордог юм. Онгод нь буу гээд өмнөхөөс илүү шахна шүүдээ. Хөл гар нь өөрөө хөдлөөд л санжаад л хуягруугаа хялам хялам хийж хараад сүүлдээ энд тэнд гэрийн юм нураад л, гэрт байхад л манай тооно нурдаг байсан удаан буухгүй байхаар, багана нь босоогоор байхад тооно нь унана шүүдээ, дээрээс хүн суусан юм шиг. Тиймэрхүү үзэгдэл болдог байсан тул буухгүй удаж дийлэхгүй шүүдээ. Тэгээд л хөдөө байдаг бол хоттой хонин дотор чоно хүртэл явна шүүдээ. Тэгсэн хэрнээ хонь идэхгүй яваад л байна. Аймшигтай. 

Бидний арга барил жаахан хуучирсан болохыг мэдсэн. Та нар дөрвөлжин хараар илүү илүү аймшигтай зүйлсийг хардаг болохоор бидний айлгадаг гэдэг зүйлч энгийн болсон учраас шахаа жаахан явцгүй байгаа нь үнээн, тиймээс бид кино ший ихээр үзэж та нарыг хэрхэн яаж айлгахаа төлөвлөж байгаа. Гурван жилийн дараах шахаа их хүчтэй байх болнодоо. Тэр болтол бид нар сайн туршлага хураана. Сэтгэлгээний хоёр ялгаа гараад байгаа юм. Бид өмнө нь бие зарсхийхэд л эвгүй болж цочдог байсан одоо болохоор ялаа юу гээд сууж байдаг, тэгэхээр энэ аргаар шахахад нэмэргүй байдаг. Хамгийн сүүлийн аргад л хүн алах, осолд оруулах, өвтгөх, зүй бусын өвчин гаргах шахаа байхаас ойрын шахаануудаа сайн хийж чадахгүй байна. Гар марыг нь татуулаад өөрөөр хөдөлгөхөөр шөрмөс татлаа гэж солиороод байх нь их юмаа. Ухчихав уу? 

Тиймээс бид ойрын шахаан дээрээ илүү боловсронгуй зүйл хэрэгтэй байнаа. Цахилгаан хэргслүүдийг сайн мэдэх юм бол шатаагаад шатаагаад хаяад шахаагаа үзүүлээд тэгсэн ч нэмэргүй байна. Зурагт өөрөө асчихлаа яагаад байгаа юм бол? Хичнээн айлд ийм аргаар үзэж байна, тэгэхээр шахаа яаж явах ёстой юм бэ? Мэлмийг нь нээгээд хаяхаар галзуурчих юм, тэгээд л биерүүгээ баахан шингэн шахаад байх юм. Ер нь яаж шахвал дээр вэ? Түгээмэл арга нь л тэр шүүдээ, биеийг нь зарсхийлгэнэ, гарыг нь хөдөлгөнө, мэлмийг нь нээнэ, сонорыг нь нээнэ, мэдрэхүйг нь өгнө, энэ бол эхний үеийн шахаа. 

Мэдрэлийн ядаргаа гэнэ үү? хий юм харахаараа, мэдрэмж өгөхөөр аан би таачлаа гээд бас ер нь яаж шахвал дээр вэ? Болохгүй бол машиных нь жолоог булаагаад мод мөргүүлнээ, машин мөргүүлнээ, болохгүй бол ажил дээр нь унтуулаад ажлаас нь халуулнаа, эхнэрт нь харын үг хэлж хардуулсаар байгаад хөөлгөнөө, өөр яаж шахах юм, биднийг бас зовж байна гэдгийг ойлгодоггүй юм байхдаа, ариун цагаан учраас хүн яаж зовдогийг бараг мартсан байна. 

АЯНГАТ: Онгод төгс биш гэж бодож байна.. Онгод алдах үе байдаг уу.

Хоо ЭмГҮН: Онгод бол хийх гэж байгаа зүйлийнхээ үр дүнг харсан байдаг тул төдийлөн алдаад байхгүй, дутуу дулимаг хийснээрээ улаач л алддаг, юу хийнэ гэдгээ санахдаа онгод ирээдүйг очоод хараад ингэж хийвэл болохнуу гэдэг арга барилаа сонгосон байдаг юм. Дор хаяж 3 жилийн цаадахыг харнаа, ингээд явчихвал тэнд хүрэх юм байна шүү, энэ энд би алдаа гаргаж болох юм байна, тэгвэл энд нь тэгнэ, тэнд нь тэгнэ гээд, тиймээс онгодод бүрэн итгэж болох боломжтой. Учир нь ирээдүйн 3 жилийг харчих учраас, гэтэл онгод төлөвлөсөн зүйлийг нураадаг нь гүйцэтгэгч болох улаач шүүдээ. Арван дөрөв хоногийн төлөвлөгөө зохиогоод ирэхээр арван тав болгож нэг хоногийг нойрсож өнгөрөөдөг нь улаач шүүдээ. Үнэн биз? 

АЯНГАТ:Тийм, Удмын биш үрс өөр онгод зална гэж байх уу? 

Хоо ЭмГҮН: Ерөнхийдөө онгодын хамаарал цус болон ясны холбоогоор байдаг юм. Мэдээлэл сэргээж мэдээлэл өгч авалцах эрчим нэгдэх үзэгдэл. Цусан холбоогүй бол сүлд биеийг ашиглана гэхээс сүнс биеийг ашиглахгүй. Тодорхой хэмжээгээр дусал цусны хольцтой байх юм бол тэр онгодыг ашиглах боломжтой. Эрчим нэгдэлд цус болоод ясан холбоогоороо хамаатай байдаг юм. Сүлд бие бол хамаагүй. Бүх хүнд тохирдог. Нэгэн ижил хэмтэй, за ийм байна. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.