Thursday, April 17, 2014

Бясалгалын тухай

Бясалгал хэмээгч нь өвөг дээдсийнхээ өв өөд Тэнгэр өөд мацах нэгэн арга юмаа. Долоон
шаттай. Долоон шатыг Шарын шашинд цагаан зааны тэнгэрт аялах зураглал гэдгээр тодотгон зурсан байдаг. Лалын шашинд Мухамедийн гүнийн 15-ын сургаал гэдгээр үгүйлсэн байдаг. Христийн шашинд хүүгээ тэвэрсэн ариун Мари гэх хүний эргэн тойронд байх далавчтай долоон хүний зан үйлээр үзүүлсэн байдаг. Шашинаар өгүүлвэл ийм байна.
Харин Монгол бөөгийн ухаанаар бол явган бөөлж, Солонгын долоон өнгөн дээр гишгэлж, огторгуйн хязгаарыг үзэж, өвгөдтэйгээ энэ сүнсэн биеэрээ уулзахуй гэж хэлцдэг. Энэ бол бясалгалын тодорхойлолт нь юм.
Долоон шат нь юу хэмээвэл:
Эхлээд төвлөрөл гэдгийг үздэг, төвлөрөл гэдэг нь юу хэмээвэл ээрэм бусгай бодлын эмх цэгцийг олж, усны долгион дээр борооны дусал мэт тойрог гарахыг, намжихыг хүлээх нь эхэн үеийн бясалгал юм. Энэ үед хүмүүний аюул үгүй, бодол санаа тархинд хор үгүй.
Хоёр дах шатанд өөрөө нэгэнт дадал сурсаны дараа төвлөрөлийг олж сурсаны дараагаар мэдэх бөгөөд өөрөө тэндээ орсон байдаг. Хэрэвзээ танимгүй бол сэтгэлийн мухардалд орж сэтгэлийн хоосролд орсон байдаг. Өнгөт амьдралын өнгийг харахаа больж өнө сэтгэл чинь догдлолоос түтгэлзсэн байдаг, баяр баясгалан, зовлонгийн үнийг мартаж хоосон гэх зүйлрүүгээ холиборч унадаг жамтай.
Энэ хоосролыг танин мэдэхүйн тулд жам ёсны үнэ гэдгийг мэдэх ёстой байдаг. Энэ нь одоо чиний хэм цуглуулж бөөлж байгаа үйлтэй эн тэнцэхүйц юм. Хорвоо дэлхийд алив юм нь бүтэн гарахдаа зовлон жаргал туршлагыг хурааж, үүсэж бүтэж оршин байдаг. Нэг нэгэнтэйгээ хэрхэн холбогдож хамжин дэмжин амьдрахдаа өнгө алаглан оршиж үзэсгэлэн гоогоо цацруулан байгааг олоход хоёр дахь үеийн бясалгалын үр дүнийн оройд хүрсэн байдаг юм. Энэ бясалгалыг одоо байгаа үрсүүд гэгээрэл гэж нэрлээд байдаг ч цаана нь таван үе дутуу байна.
Гуравдугаар үед очиход цаг хугацаа гээчийн үнэ цэнийг ойлгож мэддэг бөгөөд оршин байгаа зүйл цаг хугацааны хувьсалд хэдэн эрин оршиход ямар болж хувьсаж, хэдэн эриний өмнө ямар болон тогтож, үүссэнээс өтөлж үгүй болох өөрийн наснаас хэтийдсэн жам ёсны үзэгдлүүдийг тайлах чадвартай болдог. Энэ нь зөнгийн хөгжил буюу долоон эцгийн зөнд цэгцрэхүй гэж нэрийддэг юм.
Ямар долоон эцэг хэмээвэл байгалийн төлөвийг үүсгэж байдаг долоон үет хэмэн давхрага бөгөөд энэ бүгдийн хосолмол дурсамж болоод ирээдүй болоод өнгөрсний холбоос болохыг ойлгодог юм. Энэ нь долоон гэрэл нэгдэж сүүн цагаан болоод долоон гэрэл үгүйрэхэд хар болдгийн жамыг ойлгохтой адилхан бүх зүйлийг анхлан эхлэхээс эцэслэн төгсөх хүртэлх жамыг ойлгодог нь энэ юм. Гэтэл гуравхан үеийг ойлгочихоод үрсүүд өөрийгөө Бурхан гэж нэрийддэг юмдаа. Одооны шашины их номлогчид энэ хүрээд зогссон байдаг.
Гэтэл дөрөв дэх үе эхэлнэ. Энэ нь бүтээн босгох буюу Огторгуй дэлхий, од гариг, эрхэс оршин байхын утга буюу амьдралын үнэ цэнэ гэдэг зүйл яагаад мөнхийн эргэлтэнд энэ амьдралын жам ёс зүй, жаргалан, зовлон оршиж байдагт Өвгөд Буурлууд дуртай байдгийг ухан мэддэг юм.
Үүнийг ухан мэдээд дараа нь тав дах үе эхэлж байна. Энэ үед бол өөрөө гэрэлтэх үе буюу наран болохын хүслийг ойлгож эхэлдэг юм. Нарны хүсэл гэсэн үг. Оргүй хоосон дунд төв болон оршиж, өөрийгөө тойруулан орших гариг дэлхийн эжий болон Хий, Чийг, Тоос гурвыг хэвлийдээ бүрэлдүүлж шахаж амь гээчийн үрийг үүсгэж, сүнс гээчийг ойлгох нь дөнгөж тав дах үе.
Мөнх гэдэг нэртэй мөрөөдөл мэт үлгэртэй сүнсний тавиланг ойлгох нь тав дах үе нь юм. Зургаа дах үе буюу сүнс өөрөө хөглөн хөгжихүй буюу жарган цэнгэхүй буюу Өвгөд бидний дурлан оршихуйг ойлгоно. Өөрөөр хэлвэл Онгодын амьдралын утгыг ойлгоно гэсэн үг юм. Энийг ойлгосоны дараа долоо дахь үе буюу эцсийн зам, Тэнгэр гэдгийг ойлгодог юм.
Тэр цагт бүрэн гэгээрсэн буюу бүх л гариг одод Тэнгэр оршихуй бүхнийг тайлж дуусдаг юмдаа. Энэ бол бясалгалын мөр. Гэтэл ихэнхи бага балчирууд хоёр дах үе буюу сэтгэлийн хоосролын орон зайд унаж, тархин самуурлын цэгцгүй байдалд солиорол гэдгийг биедээ тээж, алдрах аюул байдаг бөгөөд энийг давчих л аваас бясалгал гэдгийг зөв гэж хэлнэ. Энэнд унах аваас буруу гэж хэлнэ. Учиг нь хүн амьдрах сонирхлоо алддаг гэж шулуухан хэлж болно. Өнөө гэгээрэх гэсэн хүслийн эцэг нь гэрэлт биш харанхуй байхыг олж хардаг юмаа. Ийм үр дүнг үүсгэхгүй гэсэндээ өвгөд бид хуяглуулж өөрсдөө бууцгаан буруудах цагт зөврүү тэмүүлэхийг хүсэмжилдэг юм шүүдээ. Хуягтай, хуяггүй бөөгийн ялгаа энд л оршдог.
Төвлөрөл гэдгийг сурахад гэмгүй, гэхдээ төвлөрөлд тэнцвэр гэж байдаг. Мухартаа төвлөрөх үү? Гарцдаа төвлөрөх үү? гэдгээ л ойлгох хэрэгтэй юм.
Амьсгал дээр төвлөрөх нь төвлөрөлийг дөнгөж эхлүүлж байгаа юм. Амьсгалаа мэдрээд биеийн дотуур гүйх хийн урсгалыг чагнана гэдэг төвлөрлийг анх үүсгэж байгаа үйл юм. Бидний аялгуунд төвлөрөхтэй яг адилхан. Аялгуунд төвлөрөх нь амьсгалд төвлөрөхөөс илүү хурдан байдаг бөгөөд амьсгалд төвлөрөх нь долоо дахин удаан байдаг юм. Иймээс л хэнгэрэг илүү гэж хэлээд байдаг юм. Хууранд бас төвлөрдөг.
Ингэхэд өөрийн сэтгэлийн орон зайгаас гарах аялгууг илэрхийлэхэд ая гэдэг зүйл бүтдэг юм шүү. Дуу гэдэг зүйл чинь бүтдэг юм шүү. Хэрвээ чи аялгуу гаргаж чадахгүй байгаа бол мухардалд төвлөрч байна, хэрвээ чи уянгалуулж, уярааж, зөөллөж байвал гарцад төвлөрч байна гэж ялгадаг юм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.