Wednesday, October 14, 2015

Их Эзэн Богд Чингис Хааны айлдвар: "Таван Толгой"


ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР

“ТАВАН ТОЛГОЙ”

Талд торойх таван толгой мину
Талын Монголын тансаг эрдэнэ мину
Таван тусгаарын хаалган харуул мину
Тахил шүтээний тулгуур чагт мину
Тасарч тарчилсан талын хөрс мину
Тоосонд гуниглах тортогт хайрхан мину.

Холын гийчний хүсэлд өртөж
Харийн хүмүүний хэтэвчинд багтаж
Хөсөгт тэрэгний цуваанд ачигдаж
Хомхой сэтгэлтний олзонд одож
Хохимой толгойтны хэрэглээнд үгүйрч
Хоосон мөрөөдлийн золиос болов уу

Хөрст дэлхийд үзэмж алдаж
Хүмүүн, амьтан зайлан одож
Хийсэх салхинд туугдах хог
Харах нүдэнд хар хэвтэр болох учир юун
Хүмүүний гараар хөнөөгдөж
Халгих зүрхэнд харуусал, гуниг тээнэ үү

Харь гийчний шаахайд гишгэгдэн
Халх заяа үгүйрэн одох
Хөх Монгол голомтын
Хаалга үүдэнд мууг ёрлож
Хөх Тэнгэр нүүрээ буруулах
Хөрстийн гамшгийг сануулан сэвтэв үү?

Тэнгэрийн Монгол өлмий нь харлаж
Таван тусгаар тогнол нь тасарч тамирдаж
Түүхээ мартаж, төөрч будилж
Тэргүүнээ хөлдөө углах жатгат хараал
Тэнэгрэх тархины тураалыг илтгэх
Тас хар далан болон гундах учир юунам?

Уйлах зүрхтэй эр эзгүйрч
Урсах нулимстай эм үгүйрч
Уярах сэтгэлтэй хөвүүн цөөрч
Уяхан аальтай охид ховордон
Угсаа гарвал уруудан доройтож
Удамших цусанд сэв суув уу?

Улс орших үндэс Цусан Тусгаар Тогтнол
Уруудан буйг сануулан
Уйлан уйлан хийсэв үү?
Улс орших үндэс Цусан Тусгаар Тогтнол
Урагш тэмүүлэх цуваанд
Ухаарал горьдон ачигдав уу?

Онцгой ихээр шидийг үзүүлэн
Овоолон овоолох жаргалыг ярьж
Олны итгэлийг тээн горьдоож
Оройн дээдэд залагдавч
Олзны хойноос нүд нь сохорсон
Орон гаран сайд сэнтийтнүүд

Дөрвөн оронтой тоонд гэгээрснээ мэдүүлж
Дөчин оронтой тоонд боловсорсноо гайхуулавч
Ар, Өвөр Монголоо андуурч бичих бичгийн түшмэл
Авилга авсан зоосоо аргалж одуулсан нь илчлэгдэвч
Хөлсөө шавхаж биш хөгөө тарьж олсноороо
Хөрөнгө биш хүйтэн тамд унах дуудлага болов

Монгол эцгийн үрээр
Монгол эхийн хэвлийгээс
Хондод унаснаасаа ичих
Хосгүй боловсорсон гэх сэхээтэн гэгчид
Монгол хэлээ албаар мартаж, гээсэн
Мэдэмхийрэх бодолдоо өөрийгөө л баясгана.

Харь хэлийг оройдоо залж
Хөврөл байхаас нь заахыг санаархаж
Хамраа хямсайлгасан ихэмсэг оршихуйтнууд
Хүмүүний нутагт гөлөгхөн
Хөлсний нэгэн л боловсролтон боловч
Хаа ч одолгүй Монголдоо л хуцах болжээ

Монгол хэмээх нэрнээс ичингүйрч
Монгол түүхийг гутаан сараачиж
Харьд өндөр боловсрол эзэмшсэн гэх авч
Хүмүүний нутагтаа байдаг л нэгэн мах учир
Голж байдаг Монголдоо
Голоо зогоохоос өөр аргагүй аж

Баяжих ухаанд боловсорсон гээд
Барууны соёлд тэгширсэн гээд
Байх ёстой гэж оройн дээдэд залагдсан ч
Баруун, зүүнгүй онол ярьж мэдэмхийрэвч
Баялаг урсавч бахь байдгаараа
Балчрыг хүртэл өрөнд оруулагчид

Монгол хэмээн цээжээ дэлдэвч
Монгол ахуйг үл мэдэгч
Идэж аваад цадна
Цадаж аваад бодно хэмээн
Харийн бүхнийг хуулан дуурайвч
Харьцуулах чадваргүй харанхуй тархитнууд

Өгүүлэх үнэн түүхгүй мэт цэцэрхэж
Өнчин ядуу мэт царайлж
Монгол нэрнээс цэрвэж
Монгол хэлээ бузарлагчид
Харийн соёлыг шүтэж
Халтардуулж дууриан маяглагчид

Бөөс хуурснаас чинь салгасан юм
Бүтэн бичиг заасан юм
Бүрэн хувцаслаж таниулсан юм
Бүгдийг чинь тэгээд аварсан юм хэмээн
Бичих бүртээ давтаж, билэг үгүй цуурна
Баахан цаас эрээчсэн ч багахан алдарт хүрнэ

Босоо үсгийг мөлхөө болгож
Босоо оршихуйг хэвтээ болгосноо
Олз, аз чинь хэмээн ухуулж
Оломлох ухааны цоо мэргэдийг
Олиггүй хэдэн хөгшин төгцөг хэмээн харааж
Өөрөөс өөр Би-гүй
Өрөөлөөс өөр тэнэггүй гэгчид

Авилга ававч ханаж цадахгүй
Авсан боловч шингээж чадахгүй
Авдар нь үргэлж хоосон заяатан
Өр байвч өгч чадахгүй
Шоронд оровч сууж чадахгүй
Суллаж хайрла гэж дарамт нэхэгчид

Шившиг нь илрэвч чихгүй толгой
Хутгуур нь тодровч нүдгүй толгой
Нүүр нь минчийвч дүр эсгэж
Нуусан хийснээ таг мартаж мэдэн будилна
Эх орончдыг цагдан хоривч
Элгээр хэвтүүлсэн гадны гийчдийг суллаж үднэ.

Хүмүүний газрын хулгайчид цааз байдаггүй
Өөрийн газрын эх орончид өршөөл байдаггүй
Би үхэхээр чи үх
Чи идэхээр би идье хэмээн
Өлгийтэй хүүхдээс ч хумслан
Өндөр настнаас ч булаах аж

Харийн хүүрт зориулан
Хууль цаазыг засагчид
Өөрийн мах таргалж
Өргөө гэр нь бүдүүрч байвал
Ард түмэн хамаа үгүй
Алтан нутаг хэрэг үгүй

Хүүхэн хонгорт тархиа мэдүүлж
Хуулийн цоорхойг мэдэн будилж
Ноёд хайрхдыг сандаачлан сууж
Ноёлон зарахаар улайран тэмцэж
Газраа заран гадаадад балгас оромж бариулахдаа
Галав юүлбэл юутай үлдэхээ тооцоогүй

Холын газрын холбоо сүлбээтэн
Хүмүүний газрын хөл гарын таяг
Хөхрөх их Тэнгэр дор оршдогоо
Хөлгүй их газар дээр гишгэдгээ мартагсад
Хүмүүний заяанд төрдгөө умартагсад
Гангар шаазангаар нүд хуурч
Гарчиг төдийгөөр ухаан самууруулж
Амлаж нэг, аашилж нэг
Хуурч нэг, хулхидаж нэг
Түмнийг хуурч түшээд болов
Төрийг самарч булхай үүсгэв.

Төрийн ширээ түшигтэй санагдаж
Төрлийн олноо урин дуудаж
Тааламжгүй төрхтнийг хөөн зайлуулж
Татаас төлөгч, тавхай долоогчдоо татаж гаргав
Нэгээрээ идвэл гарцгүй
Нийтээрээ идвэл гарцтай хэмээн сэтгэв

Өөрт хэрэгтэй бол ирж
Өрөөлд хэрэгтэй бол унтаж
Хуулийг нь гууль болгож
Хурлыг нь хуйвалдаанд өргөмжилж
Гар нь хүндэрвэл сэрж
Хөл нь хүндэрвэл өшигчөж

Ашиг хонжоо, авилга хахуул
Аваа, өгөөг тэнцүүхэн ашиглах
Нэр нь нэг нэг үсгээрээ солигдовч
Нэгдэх ард нь яг л хэвээр
Алаг намуудын авгай болж
Албан сэнтийний янхан болцгоов.

Харийн хүмүүнийг хэтэвчээр төсөөлөн
Хоосон чанарт мансууран дурлах тэднийг
Гарзын үүдийг Орц хэмээн мунхруулж
Гавал тархины гацаа түгжээнд оруулах
Зээл, тусламж, хөрөнгө оруулалт хэмээх
Зоосны нүхээр чамайг шургуулж

Гал голомтыг чинь самарч
Гарал угсааг чинь боолчлох
Холын санааг сэтгэлдээ тээж
Хүүтэй мөнгөөр хөөрхөн дөнгөж
Дотоод тогоонд чинь хор хаяж
Дор хэсгээс нь гал өрдөв

Дэврээд асгасан ч, хатаад түлэгдсэн ч
Гарз үгүй олз болох мунхагуудад
Элсэн цагаа эвтэйхэн тавиад
Эргэлтийг хүлээх харийнхан
Орчлонд Монгол хэмээх нэр
Огт ор үгүй болох бооцоог хүлээнэ.

Ай алтан таван толгой мину

Алсын алсад ачигдан одохдоо
Ар Монголоо эргэн эргэн харан уйлах
Газар шороо таны
Хийсэх хэлтэрхий юу сануулав
Аварга зууханд шатан дүрэлзэх
Аюулыг мэдрэн харлан гуниглана уу

Угсаа гарвал эртний
Удам судар агуу түүхт
Зовлонд зовхи нь буудаггүй
Заяа нь Тэнгэрт Монголын
Улс оршихуйн үндэс Ахуйн Тусгаар Тогтнол
Алдагдан буйг сануулан одов уу?

Алагхан Дэлхийг эхээ
Асралт Тэнгэрийг эцгээ хэмээж
Өргөө гэрээ дэлхийгээр сэтгэж
Өргөн талаа өлгийгөөр дээдэлж
Уух усаа рашаанаар хүндэлж
Амьсгалах агаараа ариунаар шүтэж

Дугуй гэрээ талдаа барьж
Дундаршгүй малаа тааваар нь идээшлүүлж
Төрсөн үрээ үлгэр домгоороо өсгөж
Түмэн арддаа жаягаараа тогтоож
Их Засгаар ахуйгаа зохицуулж
Их Монголоо дэлхийд таниулсан
Өнө эртний Монгол оршихуй
Өнгөт дэлхийн Гэриэт засагт
“За” хэмээвэл “ёо” үгүй
“Зэ” хэмээвэл ёс ихт
Мөн чанарын Гол улс
Жамыг ухуулах жаягт Монголыг минь

Өлийж тоох түүх ч үгүй
Өнгийж харах бараа ч үгүй
Өрөвдөж хайрлах ард ч үгүй
Өндөлзөж товойх уулс ч үгүй
Дээрээ тогтох тооно ч үгүй
Доороо орших газар ч үгүй

Тоглож наадах үрс ч үгүй
Туульс хайлах өвгүд ч үгүй
Сүү өргөх эмгүд ч үгүй
Саалиа саах эхнэр ч үгүй
Тулаад түших эр ч үгүй
Тулганд тавих тогоо ч үгүй

Нохойн чимээ ч үгүй
Хотлох хонь ч үгүй
Хоолойгоо таниулах ямаа ч үгүй
Үүрсэх адуу ч үгүй
Үймэлдэх үхэр ч үгүй
Тэнхээт тэмээ ч үгүй

Үхээрийн үнэр үнэртэх газар
Үнсний утаа бургих нутаг болгохоор
Дээрээ суудал бусгай ноёд хүсэв үү
Доороо гүйдэл үгүй ард хүсэв үү
Төлөөсийг нь төлсөн харийн улс хүсэв үү
Төлбөрийг нь төлөх Монгол өөрөө хүсэв үү.

Түмнийг өр зээлээр барьцаалж
Төрөх, үхэх үнэтэй болов.
Төр нь бугшиж, илжирч
Түмэн нь итгэлээ барж
Хөлсийг нь дийлэмгүй баахан балгас овоолсон ч
Хөндийд нь хүүр цуглан хүмүүн ирэхийг хүлээнэ

Талд дугуйлсан таван ханатаас чинь
Татаас авдаг билүү
Тааваараа гишгэн гүйх чинь
Торонд хоригдож зогсдог билүү
Таван хошуу мал чинь
Таргалуулж байснаас өлсөөсөн билүү дээ хэмээн

Үдлээд одсон өвгүд чинь
Үрсдээ буугаад үглэх цагт
Өгүүлэмж үгийн зөрүү үгүй
Үйлээ үтэрлүүлээд мордоход
Монгол хэмээх хэл чинь хэрэгтэй
Монгол хэмээх газар чинь хэрэгтэй бус уу.

Өвчнийг мөнгөөр үнэлж баярлах
Өрөнд идэгдсэн эмч нар
Бусдаас будаа идэж
Бурууг нь мэдсэн ч заах багш нар
Ахуй нь шоронжиж
Цагдаа нь өлссөн нийтийн гэм

Ардчилал хэмээгчийг хүсэж
Амар хялбарыг мөрөөдөж
Авахын залхууд хөтлөгдсөн
Ард нь өөрсдөө буруутай
Анд, араатнаа ялгахаа байсан
Ахуй, Төрөө унтраагчид буруутай.

Эрхээ эдэлж мэдэхгүй
Эргүү тархины дөрвөн жилийн сонгуультай
Хоосон амлалтанд хаширч дуусахгүй
Хоногийн үнэ цэнээ тооцож мэдэмгүй
Мэргэд нь мунхарсан
Мэлмийтэн нь сохорсон

Баяжихад баялгаа арилживч
Бултаараа өрөнд боомилогдож
Зоосонд зовлогоо худалдавч
Зовлон нь бүр нэмэгдсэн
Төр удирдахад тархи нь дутах
Тамга түшихэд заяа нь хазгай

Олны итгэлийг ор тас мартаж
Олох олзыг оройдоо залж
Харийн газар хэтэвчээ хадгалуулж тэнэгтэх
Харалсан цустан Монгол төрд шургалагчид
Хүмүүний газар хүүрээ булуулсан ч
Хүлээх тамыг мартсан хөөрхийсүүд

Нам, нам хэмээн
Наанаа тэмцэвч
Хөшигний цаана хөлчүүрхэн наймаалцаж
Хүмүүний нүднээс далдуур нөхцөж
Өөрийн юм шиг өнгөт дэлхийг хуваан
Үйлийн үр, Үйлийн өрөнд унана.

Ай тансаг эрдэнэ таван толгой мину

Харь хүмүүний хэтэвчээр хэмжигдэн
Хөхрөх алсад одох нэгэн тасархайгаа үдэж
Хөсөр хаягдсан хар хэвтэрт авсыг санагдуулж
Шигших шанаганы нүхэнд торолгүй унаж
Шингэх газаргүй ад үзэгдэн үлдэхдээ
Ширүүн төрхөөрөө юуг өгүүлнэм бэ?

Хөх Монголын заяа гундаж
Хөхрөх уулс нь амьгүй болж
Араатан, шувуу аль ч үгүй
Улих салхины чимээнээс өөр анир үгүй
Ус үгүй цөлөөр тэнүүчлэх
Уугих утааны дүр төрх

Хэрээ, шаазгай мэт гоёл цуглуулавч
Хэлэлцэх үгс нь тэс хөндлөн
Хэнхэрцгээ уран би, би, би гэж
Шүлсээ үсчүүлэн миний хүч, миний хүч гэж
Оньс чагт хэмээн өөрийгөө өргөмжилж
Охь язгуур тэнгэрийг олон шашинтай бантагнуулж

Бөө, ламаа ч ялгамгүй
Бөгс, амаа ч мэдэмгүй
Онгод, тийрэнгээ ч танимгүй
Ороолон боссон шимнусыг
Оройн дээдийн гэгээнтэн гэх болтлоо
Олгой толгойтон олон болсон учир юу вэ

Жамыг сахиулах Их Засгийн
Жаягыг сахиулах хүмүүн үгүйрч
Тэнгэр нь хаясан Монголын
Тэнүүчлэх амьдралыг боолоор дүүргэж
Угаадас долоож, урд өмнө нь мөлхөж
Уранхайг өмсөхийг ёрлон дуудна уу.

Монгол оршихуйн Засгийн Тусгаар Тогтнол
Манжийн жишгээр арилан устах
Аюулын харангыг дэлдэн дэлдэн
Авсны төрхийг харуулан хэвтэв үү?
Хаалгаар чинь хар хөлтөн шургасныг
Харуулан харуулан харлан гуниглав уу?

Жамыг сахиулах Засгийн Тусгаар Тогтнол
Зальхай бусгайн гарт атгагдав уу?
Зээл өгч инээвч
Зажилж идээд, зайлуулж хөөх
Замын хүмүүний арганд унав уу?
Улс оршихуйн үндэс Засгийн Тусгаар Тогтнол
Уруудан доройтсоныг халаглан хайлна уу?

Хар гэртээ хааны жаргал
Бор гэртээ богдын тух
Хүмүүн заяандаа эзэн суух хишиг
Хөрст дэлхийд хөл тавих эрх
Хоолой мэдэн хашгирах уухай
Хөсгийнхөө чинээгээр давхиж чадах тал

Тааваар бэлчих таван хошуу мал
Турж үхдэггүй Монгол заяа
Эрүүл энхийн цэнгэг агаар
Эм, домын уудам нутаг
Гол мөрний ай сав
Гал голомтын Монгол өлгий

Атга шороо, балга усны үнэ цэнэ
Эцэг өвгүдийн амиа өргөсөн Монгол
Алга дарам газрыг тослон
Амьсгал хураах агшинаараа бахархах
Өвүг, Дээдсийн өндөр хишиг
Үрс хойчдоо үлдээсэн
Үнэт өв Монгол газар шороог мину

Гадаад Монголын гаалийн хаалгыг чиглэх
Гадаад нэртэй хөсөгтнүүд
Хайран уулсыг хамж ухсаныг ачиж овоолон
Хажуу зөрүүгээр хурдлан, дайран
Уртын урт дарааллаар өдөр шөнө ялгалгүй
Урагш л чиглэх уйтгарт цуваанд

“Хаан шоргоолж” нэрт тэргүүтэй
Хар аварга мангас хөсгүүд
Уул уурхайг уухайлан зөөх
“Урчууд” нэрт хөсгүүд
Туучин туучин довтлох
“Туушин” нэртэй хөсөгтнүүд байнам.

Эрээлж цээрлэлгүй
Эгдүүцэж дургүйцэлгүй
Мөнгөнд шунасан бузруудын
Мөнхийн зэмтэн болох
Үйлийн үртнүүдийн угсааг
Өндөр тэнгэрээс нь салгаюу

Хөх Монголоос удам нь тасарч
Хөврөн одсон зүгтээ тонилж
Хөрстийн боолыг удмаараа үүрэх
Үйлийн өртнүүдийг тамд мэдүүлюү хэмээн
Ёрлон ёрлон хараана уу
Ёолон ёолон дуудав уу?

Эдэнд шунаж, эдийн боол болголгүй
Эрхэм заяаг нь үгүйрүүлэхгүй хэмээн
Бусдын нүдэнд ад болгож
Боолын заяанд орхимгүй хэмээн
Бугших шуналаас хол байлгаж
Баялагт дээдийн сэнтийд суусан эзэн эрхт
Ирээдүйн төлөө хариуцлага үүрэх
Их Монголын ИрГүн болгон төрүүлж

Бүтэн толгойтой
Бүрэн эрхт засагтай
Унтах нойр нь бүтэн
Ууж, идэх нь аюулгүй
Ургамал, байгал нь төрөл бүр
Ан амьтан нь тэгширсэн

Ул эсээрээ нэгдсэн Монгол түмний
Уудам тэнүүн нутгийг
Цусаараа тамгалж
Ясаа оршоосон
Эцэг өвгүдийн өөрөөсөө ч харамлан хамгаалж
Эмүг эхэд ерөөлөө шившин сүүгээ өргөсөн

Улс оршихуйн үндэс Хилийн Тусгаар Тогтнолд
Бузар орж сэвтээн, булхай үүрлэснийг гэрчилнэ үү
Буян тогтохоо больсныг уудлан илчлэн үзүүлэв үү
Улс оршихуйн үндэс Хилийн Тусгаар Тогтнол
Удмаа худалдах сувьдагуудын
Уушийн газар болсныг уйлан сануулан түгшив үү

Отог бүрт бөө төрж
Овог бүрийн узуур сэрж
Олон түмний гэгээн зөн
Од мэт түгж
Оч мэт гэрэлтэх
Огторгуй ертөнцийн жам эргэвч

Удмын заяаг уландаа гишгэж
Угсааны өвгүдийг шилж голон
Андын гэриэг арчиж хаяж
Андгай тангаргийг нь үл тоож
Онгод оройгоосоо бус
Оломлох хүчээ агсах ёроолоосоо нурдаг
Орчлонгийн жамыг огоорч

Залхуугаа хялбарт сэтгэж
Заяагаа тамд худалдах балчир оюунтнууд
Би-гээ дээр өргөж, билгээ дорд хаяж
Урсах цусны охид, өмхрөх ясны хөвүүдээ
Удам судрын учигт хараалд өөрөө өргөн өртүүлж
Ирэх заяаг нь хааж, эдлэх тавиланг нь будлиантуулж

Хээл нэгтэн, элэг нэгтнээ
Харсан Тэнгэрээс нь таслан
Буудал суудлыг нь будлиантуулж
Гүйдэл замыг нь төөрүүлж
Буруу хазгайд чиглүүлж
Бултын шившиг болгосон

Харах мэлмий нь таг сохор
Харилцах үгс нь хов жив
Харьцуулах ухаан нь хайрцагт багтсан
Аархаж багтрах авир тархитнуудыг
Тэнгэрийн хэргийг газарт мэдэмхийрэгчдийн
Тархины түгжээг газарт оньслон наадах нэгэн

Чалчиж л байвал агуу суут
Савчиж л байвал хүчтэн хэмээн
Нэр алдар сэнтийд санаархан
Нэгнээ хорлож, нөгөөгөө гүтгэгчид
Турсан тархиа тэжээхийн оронд
Тэнгэрт зааж замчлана гэх ажгуу.

Онол үгүй цэцэрхэгч
Олиг үгүй чалчигчдыг
Мүүн, Христ, Будда, Лал гээд
Мөн чанарыг нь таниагүй олон сүмдүүд
Ар араасаа шил шилээ даган дэлгэрч
Төрөөгүй хүүхдийг ч булаалдана

Тамлаад тамлаад тасардаггүй
Хороогоод хороогоод холддоггүй
Жатгалаад жатгалаад дийлддэггүй
Заяа тавилангийн эзэд
Удам дамнуулан нууцаа өгүүлж
Угсаа дамнуулан үйлээ хийж

Өнгөрсөн, Одоо, Ирээдүй-н
Гурван цагийн сүнсэн хэлхээс
Гурван үнэнээр мөрийг баригч
Бөө гэгээн тархины эздийг
Буруутан болгон гэсгээж
Бусгайд чихэн гүжирдэж
Бүтээх ажлыг нураах гэж
Бүтэн нэрийг сэвтүүлэх гэж
Атаатан сүнс амилан босч
Арга, билгийг мухарлан буйг

Олзонд одох хөлгийн цуваа
Харамсан харамсан сэрүүлэв үү
Улс оршихын үндэс Тархин Тусгаар Тогтнол
Учир утга үгүй хий хоосонд замхрахыг
Атаатан сүнснүүд авирлахыг сануулав уу.
Аюулын хэнгэрэг дэлдэв үү?

Ай би тамлага дуудъюу
Аугаа хүчийг урин дуудъюу

Таван тивийн Хаад чуултухай
Тал нутгийн хөрсөнд минь зочилтухай
Таван тансаг идээг минь амталтухай
Сүнсэн тивийн Хаад чуултухай
Сүүн цагаан Саран гэрчилтүхэй
Ерэн есөн Тэнгэр минь чуултухай
Одот Тэнгэр минь гэрчилтүхэй... хэмээгээд л бөөлөв.

Тамлага дуудлагад хэрхсэн талаар хаадын сударт таниулах болно. Ямартаа ч одоо Монгол орон ямар байгаа, таван тусгаар тогтнол нь хэрхэн сүйрч байгааг Эзэн дээдэс Тэнгэрт мэдүүлэн бөөлж, дуу уухайндаа дурдаж байсан билээ. Үнэн үү, худал уу түмэн олон уншигч гэрчилнэ бизээ.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.