Эзэн Дээдсийн Эжийдээ бичсэн шүлгийг хүргэе.
Сүүгээ хөхүүлж өсгөсөн, Эжий минь
Сүүдэр үгүй болов уу даа.
Хад чулуунд нь хоноглож
Хайр энэрлээ хадгалаа юу?
Хатуу энэ хорвоод нь
Ганцаар үлдээж болох уу?
Хаан хэдий байвчиг
Хөвүүн чинь бусуу, би
Энэрэл хайрын булаг болсон
Энхрий эжий таныгаа
Энэхэн үр чинь машид их
Санагалзан суугаад уйлах юм.
Хайртай хань минь үгүй болоход
Хатан түшиг та минь хүртэл
Өндөр Тэнгэрт алба хаахаар
Өргөн нутгаасаа одоо юу?
Захиж үлдээсэн олон үрс чинь
Зах хязгаар үгүй болж дээ
Өвлүүлж үлдээсэн ухаан чинь
Өнө дэлхийг тунхаглав.
Амар амгалан гэдэг нь
Аятай тухтай байвчиг нь
Алдар суу эжийгээ
Санаад нэг бэтгэрэх юм.
Хацар гоо хатад байвч
Хайртай эжийг минь яахан гүйцэхэв.
Элэг зүрх минь эмтрээд
Энэхэн бие минь чилээрхнэм.
Хонгорхон дүрт охидуудыг харахаар
Хонгор эжийгээ санах юм.
Хөгжилдөн наадах хөвүүдийг харахаар
Хайртай ээжийгээ үгүйлэх юм.
Хөх салхи нь хийсч л
Хөхөлбөр гэзэг нь намираад л
Үзүүрийнх нь торомсог нь дэлгэрч
Үрс биднийгээ энэрээ юу?
Балчирхан байхад минь
Мутраас минь барьж
Бэх, бийр нийлүүлэн байж
Бичиг үсэг, түмэн үг зааж
Өвгөдийн сургааль үгсээр
Энэрч үнэрлэж үнсэхдээ
Ухаантай хүү гэж
Урмаар магтахад чинь
Эх дэлхийг би
Эзэгнэж чадах юм шиг
Эрхэсийн хүслийг би
Хөрстөд буулгаж чадах юм шиг
Хайр мэдэрч, хөөрч догдлон
Хүсэл төрж Хөх Тэнгэрийг харж
Итгэл төрж, босоо оршиж
Энэ бие минь оршсон шүү дээ ээж минь.
Хайр энэрэл дүүрэн үгийг чинь
Харц дүүрэн их хайрыг чинь
Хоолой зангиран залгинам би
Хоёр нүд минь нулимсанд эзлэгднэм.
Хоног хоногоор өндөллөх өдөр
Хэдий л урт санагдаад
Гансрах сэтгэл минь
Ганхах болж уу.
Энэхэн биеийн минь
Эрхэм олон хайртай
Эжий болоод Бөртэ минь
Одоор нэг яваа юу?
Таван суу хатны дунд би
Танхил нэгэн жаалхан шүү дээ.
Хөх Мөнх Тэнгэрийн хөвүүн цолтой ч
Хөрстөд би та нарынхаа үр нь шүү дээ.
Гурван хатан минь байвчиг нь
Сэтгэл нэгэн дүүрэхгүй
Энэрэл хайранд нь эрхлэвч
Эжийгээ бас Бөртийгөө үгүйлнэм.
Элэг зүрх эмтрээд л
Эрхэм дээд Эжийгээ
Эхнэр гуа Бөртийгөө
Санаад байх юм.
Салаа замд ингээд
Салах байжуу дээ гэсэн ч
Арай л эрт одсон юм шиг санагдаад
Аймшиг намайг нөмрөөд байх шиг.
Бүхний хүслийн зүйд нийцэх
Бүрэн улсыг нь бүтээхэд
Эрхэм дээд эжий та нар минь
Энэ биеийг минь түшсэн шүү дээ.
Алдрай бяцхан охидууд байна
Аавыгаа дуурайсан хөвгүүд байна
Одоо би та нарлуугаа
Дөтлөөд очиж болно уу?
Эсэнтээ энэхэн дэлхийд нь
Миний хийх үйл арвинтай байна уу?
Эжий минь та нэг үрдээ хэлээд
Эрхэм үгсээ зүүсгээд хийсгээч.
Фүжи уулын бэлд
-
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр а...
1 month ago
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.