Thursday, January 10, 2013

Бөөгийн шинэ жил.


Бөөгийн шинэ жил.

Би нүүсээр л халтартсаар шинэ жилдээ хождов. Нөхөр нүүлтээ үргэлжлүүлээд намайг яв яв гээд явуулснаар шинэ жилдээ ирж оров.
Бид гадаадад амьдрахаар олон жилээр явахдаа хамаг юмаа л цаасан хайрцагт хийгээд скочдсон учраас хаа ч байгаан тэр плааж малааж, туфли муупли нь хүйтэн байшинд хайх ч арга байсангүй. Нүүрээ ч будаж хүүхэн болсонгүй зайран маягаараа л шинэ жилдээ очтол нөгөө жанжин манжин буулгадаг эр эм нь мэдэгдэхгүй бөө хүүхнүүд чинь төрөл арилжиж буржгар үстэй болон уруул ам нь улаан будагтай болчихсон бэлхүүс мэлхүүстэй болоод өндөр өсгийт мөсгийттэй явж байвал яах уу. Хэхэхэ. Манай өргөөнийхөн бол цаанаасаа одтой олзтой ажээ. Хорин мянгаар шинэ жилээ хийсэн гэвэл энэ замбынханы нүүр улайх байхдаа. Гэтэл манай гавьяат дуучдууд маань үнэгүй гайхамшигтай дуунуудаа амьдаараа амаараа дуулж, хөтлөх хөтлөгчийн л хэрэг алга. Хүүхдүүд нь ДЖ хийгээд дуулаад, бүжгийг нь бүжиглээд л, өвлийн өвгөн болоод л өөд уруугүй шүлэглээд л есөн шид нь бүрэлдсэн авьяаслаг нөхдүүд хамаг мөнгө хуу хамдаг энэ мэт арга хэмжээнүүдэд асуудал гарсангүй. Тэнгэрийн дуучдуудтай байна гэдэг сайхан юмоо. Дуутай хууртай, наргиантай, инээдтэй, бүжигтэй байхгүй юм байхгүй л шинэ жилийг хийгээд хаячихав. Түмэн Онгодын Чуулганыг хийж чадсан бидэнд энэ мэт арга хэмжээ бол ёстой Хооп гээд л болдог бололтой. Дараа дараагийн арга хэмжээнүүдийг ХООП гээд л бүтээж, хар муу бүхнийг бол ПҮҮҮҮ гээд л үлээгээд л хийчихдэг хамт олон нэгэнт бүрджээ. Хамгийн гайхалтай нь бид хэний ч шахалтаар биш бүгд зөвхөн сэтгэл зүрхээрээ л холбогдож биенээ хайсаар олж чаджээ.
Хахаха Хааныхаа буянаар бид хорин мянган төгрөгөөр байхгүй юм байхгүй л шинэ жилээ хийлээ. Хоолтой бол хоолтой, бүжигтэй, дуутай, удаан хангалттай цагтай, хошин шогтой, залуу ододтой, бэлэгтэй, инээдтэй наргиантай сайхан болсон доо. Үүнийг зохион байгуулсан Наранцэцэг болон Торгон цэргийн салаа, Гавьяатууддаа маш их баярлалаа. Хойтон жил нахинаа хэхэхэ. Хойтон жил улам олон урлагийн Одууд цуглах болтугай. Амьдаар нь амаар нь дуулуулж сонсох гэдэг өөр юм байна лээ шүү. Онгод налаад л, нулимс урсаад л, цөс мөс хөөрөөд л ... Ккк.
Цаашид бид юу хийх вэ гэсэн асуултыг маш олон хүн асуун гайхна.
Ирэх жил бол өргөөний улаач нарын өөрсдийгөө ГЭГЭЭРҮҮЛЭХ, өөрсдийгөө өөрчлөх их жил дээ. Өөрсдөө зүтгэн байж ихийг сурах, судраа сайтар унших, шалгууруудыг давах, судрыг өөрийн болгох жил учраас хөл хөдөлгөөн өмнөх жилийг бодвол бага байх биз ээ. Гэвч хүн олонд гэгээрлийн тухай ярьж тайлбарлаж өөрт тохиосон үлгэрүүдээ бичих, Буурлуудын сургаалуудыг түмэн олонд бичиж өгөх маш их ажлын жил. Дэмч болохын өмнөх их сорилын жил байх болно.
Харин Аянгат юу хийх вэ. Би Буурлуудынхаа хэлснийг л хийнэ. Тэд намайг дээшээ харж хэвтээд  ...Чингис Чингис Чингис Хааааааааан хоол идээд , гэдсээ маажаад гэж дуулаад л ...идээд унтаад бай л гэсэн. Хэхэхэ.
Ингэж хэлдэг бол сайхан л байна. Харамсалтай нь тэд надад шинэ даалгавар өгсөн. Намайг анх боссон үе шигээ л өдөр бүр бөөлөхийг шаардаж, галаар наадах, халуун төмөр долоох ч гэх шиг, цасан дээр хөл нүцгэн бөөлүүлэхээ удаан олон цагаар хий ч гэх шиг циркчин болгох гээд байгаа юмуу хаашаа юм. Циркэд орон тоо байгаа л юм байхдаа ккк. Мөн маш хатуу үйлүүдийг хийх бэлтгэлүүдийг хийлгэж эхлэв. Өдий болтол чи бүгдийн эсрэг хамгаалалт л зөвхөн хийж ирсэн билээ. Одоо чи юу би юу гэдэгт сурсугай гэсэн дээ. Үүний дараа судрын нууц хэсгүүдэд орох болно гэвээ. Тэхээр би олон нийттэй уулзаад байх зав хомс болох нээ. Нинжа болчуул яанаа хахаха гээд бодтол тоглоом биш шүү. Чи яах гэж суудал дээр сандайллаа гэх нь тэр.
Алчдын байна энэ чинь одоо юу гэсэн үгүү гээд л би бодлоо. Хааныг суудалд нь залах ёслол санаанд оров. Аянгат удганыг суудалд залах гээд дууны багш буруу зарласнаас бүх юм үүдэлтэй бусуу . Би Чадахгүй ээ гээд явахаа болин харин Хааны суудалд мөргөв. Хаан надаас ам асуун байж Чи бусдын төлөө өөрийгөө зольж чадах уу, чадна гэвэл энд очиж суу гэв. Би чадахгүй ээ гэтэл гэдэс мушгин өвтгөөд Чамайг түмэн олон харж байна. Удмын минь урмыг бүү хугал гэв. Тухайн үед би марзан юм бодов. За яршиг зүгээр энэ нэг юман дээр нь суусан болчоод бултчихаж болно гэж бодтол ХАРИУЦЛАГА гэж шивнэв. За ямар дайн тулаан хийж байгаа биш түвэг зүгээр энэ хүмүүс яавал л гэж дээ хэмээн бодтол ёвроод авав. За юутай ч би амьд арзайж мэнд мэлтийж байхдаа учиргүй хүний төлөө бус гэхэд эх орныхоо төлөө бол хэнд ч юу ч Хуц гээд хэлж чадна,хэн нэгнийг зод гэвэл эвийг нь харж байгаад хамрыг нь нээчихнэ гэх мэтээр бодуут баясал төрөн Би чаднаа Би дийлнээ гээд л өнхөөх суудал дээр нь сууж  үзсэн билээ. Гэтэл хүмүүс хурайлахаар нь цочив. Энэ чинь тоглоом биш хэмээн бодоод эртхэн буулаа. Энэ Хаан Маанууд яахаараа ийм тэнэг суудалд олны өмнө онцгойрч суудаг байнаа шал тэнэг юм гэж уурсан бодлоо. Юу нь сайхан юм хэн мэд күү.
Харин одоо тэр суудлын хатуу үнэ цэнэ нь энэ хайр найргүй бөөлөө юмсанж. Тэнд сууж байхын тулд харгис байх ёстой юмуу гэхэд Үгүй Хатуу байх ёстой хэмээв. Энэ юу гэсэн үгиииийн хэн мэдкүү. Юутай ч одоохондоо үүгээр орхиё. Би л лав найрын ширээний голд, хурлын индэрийн голд, хүмүүсийн голд, айлын хойморт суух туйлын дургүй. Энэ суудлыг үзэн яддаг. Энд байвал би биш дандаа Онгодууд л байгаад байдаг хар ядаргаатай. Ямар бөөлж байгаа биш дээ. Би хааяа ч хүнээрээ байж, энд тэнд өнхөрч хэвтэж, сүүжээ амрааж, ясаа тарааж, цай цүү эргүүлж, хусам өрөм долоож, хүн амьтантай марзан яриа ярьж эсүүл ганцаараа амармаар юмсан. Онгодуудтай үргэлж хамт байхаар бодлын маргаанд ордог. Би хүнээрээ байхыг хүснэ. Бодлын маргаанаар их зөрчилдөх учраас ийм цаг үед би хоёрдмол болон толгой мансууран хачин байдалд ордог. Онгодуудыг таатай тайван байлгавал тэд үг хэлээ хачин ихээр ярихаар, мөн сонин хачин үгс их хэлэх гээд байдаг учир би үүнд нь дургүй. Би ямар юм ярьж чадах биш юугаа ярьдын гээд тэс хөндлөн болж зөрнө. Мөн би тэд нарыг юмны голд сууж олны анхаарлын төвд байхад нь их шүүмжлэх учир тэд ихэвчлэн дайрч ороод ганхуулан найгах хандлагатай. Энэ асуудал л одоогоор бидний маш их зөрчил тэмцэл болдог. Энэ үед би өөрийгөө илүү сайн мэдэрч өөрийнхөөрөө зүтгэн дургүй юмаа хийхгүйг хичээн тонгочдог. Миний дуртай юм бол санаа оноогоо хэлчихээд л холхон ганцаараа байж байх нь амар. Хуралд дургүй би, ёстой дургүй. Даанч энэ жил яасан ч их хурал хийлгэж уур хүргэв. Яасан ч их дээш нь чирж Хуралдайд аваачив. Хар ядаргаанууд. Хүсэл саналаа өглөө, шийдвэрийг сонслоо, бусдын хүслийг сонслоо. Нийлүүлээд амархан гарц оллоо ингээд л болоо бус уу гэтэл хүмүүс яахаараа их маргаж ярьдаг байнаа.
Өнөөдөр марзан юм болов.
Нөхөр маань халуун орон луугаа хар өглөөгүүр л явна гээд бэлдээд байтал азаар билетээ хараад үдээс хойшыг нь мэдэв. Би тэр билетийг нь сэжиглэн шалгаагүй бол үүрээр дөрвөн цагт очоод онгоцонд сууна гэж дайрах байжээ. Үдээс хойш байх нь гээд баярлатал өглөөгүүр Дүү охиныг маань Бэр гуйна гэв. Маргааш нь болох юмыг орой нь хэлж сюрприййз гээч болов. Өглөө аравт гэнээ гээд л нөхөр хэлээд би эртхэн яваад нэг ажил амжуулж ирнэ. Тэгээд Морь цагаас эхлэнээ хөө гээд явчихав.
Айлын аав ээж хоёр арван цагтаа ирэв. Би юугаа ярьдын гээд нөгөө өрөөнд нөхрөө хүлээнэ. Ээж маань сандран хань татан дуудавч би очсонгүй. Тэднийхэн бас манайхтай адил Бэр гуйх ёсонг мэдэхгүй гэнэ. Юутай ч ээж аав нь хүүгээ дагуулаад ирэв. Харин манай Маша мэдэмхийрэн Нөхрийг нь яах гэж ирж байгаан Та болоогүй гэртээ очоод байж бай гээд дүүг маань та нуугдах ёстой орж болохгүй гээд нэг өрөөнд хорив. Өнөөх чинь өөрийнх шигээ Бэр гуйсан туршлагаа найруулж буй бололтой. Дүү маань нутаг нутгийн загвар өөр гэсээн гээд тэдний жүжгүүд хоорондоо таарахгүй байв. Машагийнхаар бол эрчүүд нь ирээд нэг нь тагнуулдчихаад нөгөөдүүлтэйгээ нийлж байгаад нуусан бэрийг олоод аав ээжийг зөвшөөрүүлээд бэрийг авч очиход нөгөө айлд бөөн эмэгтэйчүүдтэй нөхөр нь хоол ундтай байх ёстой юм гэсэн. Минийх дээр жаахан будилчихсан болохоор буруу болчихсон гэх юм. Гэтэл бүх эрчүүд нь ирсэнгүй зөвхөн аав ээж бас нөхөр ирсэн тул Машагийн жүжигт тоглогчид дутаад байв.
За би юугаа мэдэхэв дээ дуугүй байсан нь дээр гээд дуугарсангүй. Маша дүү хоёрт хүн дутагдсан ч Маша дийлж нөхрийг нь гэр лүү нь явуулахаар гаргачихжээ. Нэгэнт ирсэн бол яах гэж буцаасан юм гэж би хэлтэл Гэгээн санаа зовон: Би нөхрийг нь явуулахгүй байхаар хичээж байя гээд  нөгөө өрөөнд ортол аль хэдийн Машад хуурагдаад явчихжээ.
Гэтэл нөгөө ээж аав нь морт цаг гэхэд Бэрээ аваад гарах ёстой гэж хүнээс мэдэж авсан учраас морь цагаас явна гэх юм. Гэтэл манай нөхөр Морь цагт эхэлнээ хөө гээд өглөө ажилд явчихсан байдаг. Морь цагт бэрээ явуулчихвал давхиад алга болчих юмуу хаашаа юм бэ. Энэ Морь цаг чинь юун утга байнаа хэмээн би бодлоо. Хэрэгт дуртай Маша намайг нөгөө өрөөнд орсонгүй гэж шоолоод л Та бас хамт борлогдох гэж байгаа юм шиг гэх мэтээр явуулна. Хахаха нэг дээр нэмэх нэг үнэгүй гээд дагаад савчуул яах болоо. Хахаха сайхан арга байна даа. Хоюуланг нь буцааяаа гэх байхдаа.
Ашгүй нөхөр ч ажлаа амжуулаад ирлээ. За тэгээд намайг нөхөр дуудан малгай толгойгоо өмсөөд орж ир гэв. Би ч далимд нь давхар гуйлгаад авчихав. Хахаха би нээрээ бас давхар борлогдож байгаа ёслолыг нөхчихсөн байна ш дээ. Нөхөр маань дүүгийн минь аавын оронд аав болсон ганц хүн учраас ашгүй яг л явалгүй таарчээ. Тэр байгаагүй бол би юугаа яринаа. Буурлуудаа буулгая гэлтэй биш. Дүү маань таван настайгаасаа өнчирч бид хоёр дээр өссөн юм. Манай том хүүхэд л гэсэн үг.
За тэгтэл ээж нь яараад л бэлэг өгөв. Бэлгээ бас л гандан буурахгүй авч л орхив. Уг нь авахгүй гүрийдэг гэж сонссон ч урд ч авч байлаа, одоо ч авчихлаа. Хахаха. Гэгээн баяртай байв. Одоо Сүркаг өгчүүл ч хэмээн тэр ярина. Тэгээд манай хадамд гарах бүсгүйчүүд дуусч хадны мангаа эрчүүдийн ээлж ирэн бид өөрсдөө Бэр гуйх гэж хөгөө чирэх бизээ.
Нөхөр маань дүүг магтан үг хэлэв. Өөрийн дүү нараасаа ч илүүтэйгээр хайрлаж өсгөсөн охин шүү. Царай зүс, бие хаа хамаг юм ОК,  ажилсаг, сэрэглэн, японд доктор хамгаалсан англи, япон, монгол хэлтэй боловсрол сайтай гэх мэтээр хамаг юмыг нь хэлээд ийм чухал сайн охиноо өгөх болсон шалтгаан нь хүргэн болох хүнд итгэж байна. Тэрээр он удаан жил үерхлээ, олон жилээр хүлээн байж суулаа, хүн чанар ОК, бас сайн байлаа гэх мэтээр л ярьсан байхдаа. Ээж нь морь цаг гэхэд гарах ёстой гээд яараад байдаг. Манайх морь цагт эхлэх ёстой гээд байдаг. За яалтай билээ морь цагаа л хуваачихад болох юм. Монгол цаг чинь хоёр цаг болдог нь мань мэтийн будлиунуудад тааруулсан байж магад.
За тэгж байтал хүргэн хүрээд ирэв. Дүүгээ ч дуудав. Дүү охин уйлах ажээ. Уг нь бараг айлд очоод хичнээн удсан ч албан ёсны юм гэдэг аймаар байдаг бололтой. Улаанбаатарт байдаг нь яамай. Хөдөө бол ингээд л уул давуулаад аваад явчуул ёстой утгагүй тэнэг юм байна. Гэртээ ирэхээ болино гэсэн үг биз дээ. Маанээ бод мээ хум. Азаар Улаанбаатарт ойрхон хороололд байсан нь азтай. Өдрийн хэд л орж гарч болно гэсэн үг.
Нөхөр дуу дуул хэмээн шаардаж аав нь уулын тухай дуу дуулав. Ээж нь Мөнгөн цагаан хөлгөө бариад дүүлж явнаа гээд л нисэгчийн дуу дуулав. Нөхөр маань за уулнаас өндөр дүүлүүлээд нисэх бэлэг дэмбэрэлтэй дуу дуулав гэлээ. Тэрний ам ер нь дуугүй байна гэж байхгүй. Найр наадам хэсч хамаг уур уцаар барж уушиг зүрх савсайлгаж явсных иймэрхүү юманд нүүр тахлах үг яриа, дуутай шуутай болсон нь яамайдаа. Ккк. Иймэрхүү юманд л Буурлууд бэлдэж байж дээ хахаха. Би ч ингэж бодож чадаж байна гэдэг Буурлуудын буян байхдаа. Яанаа одоо. Ханиа хайрын нүдээр хялайн харав. Хахаха.
Морь цагаа таллаад л эвтэй найртайгаар дүүгээ өгөөд явууллаа. Удаа ч үгүй Соно зайран ирхэд нь энэ тухай сонин хэлтэл Надад хэлэхгүй яагаав хэмээн ууртай дуугарав. Маша: Бүх юм өнгөрсөөн, Бантан тас, Арвын түүз болсон гэв. Би: Өчигдөр шөнө л сонслоо ийм юм болох тухай. Тэгээд ч чи хичээлээ таслах учир хэлээд юухэвдээ гэхэд Таслаж л таараа шдээ гэлээ. Хайн энэ одоо өөрөө ямар эхнэр гуйлгаж биднийг чирэгдүүлэх болоо. Бүсгүйчүүдийг хурдхан борлуулж л байсан нь дээр дээ ер нь хэмээн би бодлоо. Тэр үед нээг их ёс горим сахидаг юм шаарддаг худууд таарвал аав нь ааш нь хөдлөөд, би залхуу хүрээд түвэг гээд больчихож мэдэх л байхдаа.
Гарын авлага баймаар юм. Бэрийг хэрхэн гуйх вэ? Хэн хэн явах ву , юу гэж хэлэх вэ? Бэрийн тал яах уу, гуйх тал нь яадын гуйлгадаг тал нь яадын гээд л тов тодорхой гарын авлагагүй бол болохоо болих нь. Сүркагаа борлуулахдаа л тушлагатай үзнээ хөө. Зарим айлууд нөгөө талаа нам согтоон мөлхүүлдэг гээ биз дээ. Ийм хүмүүс таарвал манайх л лав таарахгүй байхаа. Ер нь ёс заншил гээч их хэцүү юм байна. Хамгийн амраар нь нөгөө талынхантайгаа Дисконд ордын муу яадын. Бодсон чинь сонин санагдчихлаа. Хоёр тал нь бүжгээрээ байлдвал өнөөдрийн манай худын аав ээж нь яаж бүжиглэх болоо. Далтай гэсэн байхаа. Брейкдээд л чавчаад л сүйд хийвэл яанаа. Манай ээж бөндийчөөд яаж намилзах болоо Хааахахаха ёстой инээдтэй юм байна. Манайх ч шатрын хүү Гэгээнийгээ урдаа гаргачихаад  хараад байж байх биз. Гэгээн ууртайгаар хөмсгөө зангидаж байгаад л бүжиглэж өгөх биз. Бэр гуйх билүү Сүй тавих билүү нэг иймэрхүү ёслолд санамсаргүй байж байгаад л хоёр удаа орчихлоо доо.
Маша маань энэ хүйтэнд толгой нүцгэн байгаад үглэтэл Түмэн Онгодын Чуулганд малгайгаа өргөсөн тухай хуучлав.
Голын галд хийсэн ганга, арцны шуудайнуудыг нэгтгээд нэг болгосон байсныг нэг хүн шууд гал руу хийж байгааг харан сандран гүйж очоод автал шар гээд явчихаж. Цагаан үнэгэн малгайных нь нэг тал хуйхлагджээ. Хими цэвэрлэгээнд өгөх гэтэл авахгүй хэмээн загнуулж гэнэ. Хадам ээж нь шарласан талыг нь тайрч өгтөл нэг тал нь сэгсгэр нөгөө тал нь алга болчихсон гээд л бөөн сүрээр ярив. Болгоомжтой байхгүй гэтэл Юу харин ч Түмэн онгодын чуулганд буян болсон байгаа биздээ үнэгэн малгайгаа ч хайрлахгүй шуудай аваад хэмээлээ. Ер нь галд шар тос, ганга, арцнаас өөр юу ч хийхгүй гэдгийг олон хэлсэн байтал яахаараа шуудай шидэх зүрх гардаг байнаа.
Хүмүүс алив үйлийнхээ тухай сайтар мэдэж уншиж, мэдлэгтэй баймаар санагдлаа. Хорьсон зүйлээс ганц хоёр ёс алдагдах дөхжээ. Мөн алив зүйлүүдийг олсон хүмүүс авч ирж өгч байсан ч зарим нэг зүйл олдоогүй байгааг анхаарна уу. Нэг махир хутга олдохгүй байгаа. Өөр бусдыг олсныг эздүүдэд өгсөн. Мөн олон нийтийн дундын өмчийг хүн бүр хариуцаж санаа таьж баймаар. Жишээ нь жигүүр бүрт сүх авчирч өгсөн бөгөөд нийтдээ арван сүх болсон. Гэтэл гурван сүх нь буцаж ирсэн бөгөөд бусад нь байхгүй байв. Энэ юу гэсэн үг вэ. Нийтийн юмыг хэрэглэсэн бол энд тэнд хаях биш заавал буцаан эздүүдэд нь хүлээлгэж өгч сурах хэрэгтэй. Олны газар бие биенээ танихгүй олон хүн үймэх тусам сонор сэрэмж сайтай. Бүгд хариуцлагатай, үнэнч шударга байж дараа нь ярих, шүүмжлэх биш тэр дор нь арга хэмжээ авч сурах хэрэгтэй. ХАМАР ХАРАГДВАЛ ХАРИЛЦАН ХАЯА ХАРАГДВАЛ ХАРИУЦАХ гэж юуны учир Хатны сударт бичсэнийг санацгаа. Үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Би хараагүй танихгүй хүн гээд явахын оронд танилцан бүртгэж, миний юм биш гээд орхихын оронд асуун сураглан ажиж, эзэнд нь өгч сурахгүй бол нийтийн өмчийг хичнээнээр үрэгдүүлж, хэдийдээ гэгээрэн, хэдийдээ дэмч нар болох вэ. Олсон бол заавал олон түмэнд хэлж эзнийг нь олж өгч, нийтийн юмыг хэрэглэсэн бол заавал буцаан өгч, данс тооцоог номын дагуу хийж сурах хэрэгтэй. Салан задгай байсаар байвал яаж нэг баг болж яаж ажил хийж сурах вэ. Хамтын гэдэг юманд суралцахгүй бол хамтаараа суралцаад байх хэрэг байхгүй. Нэгийнхээ төлөө зүтгэхгүй бол нийтээрээ нэгдээд байх хэрэг байхгүй.
Ялангуяа залуучууд энэ тал дээр маш сул, салан задгай байсан. Гэвч сүхний ир олоод авчирч өгсөн залуу улаач бий. Энэ хүү шиг л байж сурах хэрэгтэй. Санхүү болон нийтийн өмчийн тал дээр өргөөний залуу улаач нар маш салан задгай, дураараа шийд гарган дур дураараа үйлдэл хийдэг. Ямар ч баримт хөтлөхдөө салан задгай, хариуцсан эзэн олдох нь ховор, хариуцлагагүйн алдаанууд ихээр давтагдаж байсныг анхааруулж байна.
 Жижиг Сажиг гэлтгүй алдаа оноог эртхэн засаж залруулж хамтаараа бурууд хурц, мэдээлэл сайтайгаар ярин харсан үзсэн хүн бүхэн гайхах биш харин бүгд хэлж ярин сэргийлж бүгд нэгдэн эсэргүүцэж арга хэмжээ авч байхыг Өргөөнийхөнд анхааруулж байна. Иймээс цааш цаашдын үйлэнд бүх хүмүүс сайн анхааралтай байж, очиж буй бүх хүнийг сайтар ухуулан сэнхрүүлэх нь хэрэгтэйг бүү мартаарай. Огт архи хэрэглэж болохгүй гэж байтал ганц хүн согтуу явж харагдсан нь гал манагчыг хүргэж өгсөн хүний танил бас хамт явж байсан гэнэ. Энэ хүнийг харсан бол яагаад хэн нь ч хурдан арга хэмжээ аван хэн гэдэг хаанаас ирсэн хаана байгааг тодруулах, удирдах зөвлөлийнхөнд хэлэх арга хэмжээг аваагүйг асууж байна.  Ийм хүнээр хүргүүлэх ч хэрэггүйг анхнаасаа сайтар бүгд хариуцлагатай журамтай байхыг хатуугаар цаашид анхааруулж байна.  Энэнээс өөрөөр хэв журмын элдэв зөрчил гарсангүй. Цаашдаа тахилгад оролцох хүмүүст бүх улаач , түшээ нар онцгой анхааруулж шаардаж байгаарай. Үйлчилгээний ажил хийхээр ирэх хүмүүст дүрэм журмаа марталгүй сануулж байх нь зүйтэй санагдлаа. Хүмүүст хоол, цай, аарцаар үйлчлэх болон өөр үйлчилгээ хийх хүмүүс гэх мэт бүх л ямар нэг хэлбэрээр холбогдох хүмүүст дараа дараадаа маш сайн ухуулж байгаарай. Манай өргөөний улаач болон түшээ нар архи хэрэглэдэггүйг сайтар анхаараарай.
Бие биендээ найдаж болох ч гаднаас олон хүн ирж буй тохиолдолд бүгд сонор сэрэмжтэй, шаардлага өндөр байгаарай. Ааш авирдаа гол биш арга эвийг олон зохицуулахдаа гол учир өргөөний улаач бүр энэ ёс суртахуун энэ дүрэм журамд суралцан хэвшүүлэхийг уриалж байна. Түмэн Онгодын Чуулганаас сайтар суралцан мэдэж авч цаашид анхаарах зүйлсүүдийг товч бичлээ. Бага сага зөрчил гэлтгүй анхаарч сургамжлан суртугай. Цаашид нийтээр бөөлөх, нийтээр хөдөө хээр тахилгад явах бүр шаардах учир одооноос хүн бүр санатугай. Алдаан дээрээ суралцаж байж ахиж дэвшдэг бөгөөд алдааг бага юм, нэр сүр унтраана гэх мэтээр нууж хаах нь хамгийн утгагүй учраас ил тод байх ёстой.
Үүний хажуугаар ололтой талуудаа ч сайтар бодон бахархаж харин хэтрүүлж онгирохгүй байх ёс журамд суралцана даа.



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.