Sunday, September 9, 2012

2012.12.21-ний тухай дээд буурлуудын айлтгал

Амар амгалан байцгаана уу. Аянгат алс Европ яваад ирснээс хойш адал явдлууд арай дэндүү үргэлжилсээр өдрийн тэмдэглэлээ ч бичих завгүй, ээжтэйгээ ч тухтай суугаад цай уучих цаггүй болсоор удлаа.


Нэгэн сайхан нартай, завтай өдрөө өнгөрсөн түүхүүдээ нөхөн бичиж тавих бөгөөд хүн байтугай би өөрөө ч ангаймаар адал явдлууд үргэлжилэн уулзах хүний тоо ихсэн, хийх үйл маань ч арвижин нөхөр хүүхдээ ч танихаа байтлаа унтаа дээр нь ороод унтаа дээр нь гардаг сонин шог амьдрал нэгэнт эхэлжээ.

Яаралтайгаар блогтоо галзуу хүний өдрийн тэмдэглэлээ үе үе бичиж тавихгүй бол дайснууд нь баярлаж бас цагдаа ч гэнэ үү юу ч гэнэ үү ирээд тахил энээ тэрээг нь хураагаад дахиж Хаан буусан гэх солиорохоо болино гээд л ам өгөөд таг болсон гээд л цуурсан байхым, харин уншдагууд нь майл бичин яач уу? Ийчуу??? гээд л сурдаг болжээ.

Уг нь би өдөрт болсон юмаа л бичиж байвал амар байсан ч гараар хийх үйл ихсээд бас надтай холбогдоод  халдвар авсан хүний тоо огцом өссөн учраас олон хүний өмнөөс ХАРИУЦЛАГА үүрэх гээч хачин ядаргаатай ажил байдгийг л ухаарлаа. Нэгэн жилийн өмнө би зөвхөн өөрт тохиосон явдлуудаа л бичиж байсан бол одоо маш олон сонин түүхүүдийн гэрч болсон олон түмэнтэй уулзсан учраас тус бүр тэдний тухай, хэрхэн танилцсан, ямар адал явдалд орооцолдов гээд бичихээс гадна тэдний итгэл, сэтгэл, амьдралд хариуцлага хүссэн хүсээгүй үүрэх болжээ.

Хүн бүрт хүрч санаа тавихыг бодох боловч хүний тоо ихсэх хирээр хатуу, зөөлөн амьдрал, хүслээс үл хамаарах Жаяг гээч яалт ч үгүй байдаг юм байна. Жишээ нь Гэрлийн өргөөнд олон янзын авиртай, олон янзын түүхтэй, олон янзаар боссон, олон янзаар боддог сэтгэдэг гэх мэт хүмүүс цуглажээ.
Миний түүхийг мэддэг та бүхэн намайг амар жимэр амьдралд дуртай, зожиг ганцаардмал, хурал хуйд дургүйг маш сайн мэдэх байх. Гэвч хамаг юм замбараагаа алдаж, би өөрөө түүхийнхээ боол мэт болжээ.

Энэ л төрсөн ганц толгойтой, дөрвөн мөчит бие маань нэг л амтай болохоор хүссэн бүхэнтэй уулзаж ярих ч завгүй болчихов. Сэтгэл байлаа ч зовлон байдаг л болтой. Нөхөртэйгөө нэг чатлах юмсан гэж хэдэн сар бодоод чадахгүй, хүүтэйгээ нэг өдөр гэртээ өнжих юмсан гээд ч чадахгүй нь дургүй хүрэм.

Гэгээн болон үрсүүд маань гэртээ ирсэн бөгөөд Гэгээн маань тураад, өндөр болжээ. Тэр Ээждээ хайртай гэж бичсэн бичгээ барьсаар л онгоц буудал дээр уулзангуут л гаргаж өгөв. Тэгээд аав танд хайртай гэж хэлээрэй гэсэн шүү энд бичсэн байгаа гээд өгтөл нөхөр маань нэрийн хуудсаа өгчээ. Хахаха инээдтэй юм. Нэрийн хуудсаа өгөөд байхдаа яахав дээ. Уулзаагүй хэдэн сар болоод намайг мартсан байх гэж бодсон байхдаа.
За гэрийн амьдрал товчдоо нэг иймэрхүү ч Тэнгэрийн ажилд маань санаагүй, бодоогүй, зүүдлээгүй юм гарав.

Намайг Монголд ирүүлэх болсон шалтгаан 1000 улаач, түмэн Онгодын чуулган гээчээс л бүх юм эхтэй. Би бодохдоо их л амархан юм бодож байв. За хэдэн хүн цуглавал тэд нартай нь хамт хээр бөөлдөгөөрөө л бөөлөөд Хаан маань голд нь Тэнгэрээс өгсөн тэр загварынх нь дагуу л суугаад л болоо юм байх гэж төсөөлж байлаа. Өглөө эрт морин цагаас хождолгүй л очих нь миний үүрэг, тэгээд үүргээ биелүүлчихээд буцах учир чухам л нэг сүртэй бэлтгэл энээ тэрээ хэрэг үгүй байв.

Гэвч 9 сарын 1 нд доор сийрүүлсэн захиаснуудыг Буурлууд хэлэв. Юу гэнэ үү. Таван өдөр шөнө харанхуй болбол тасралтгүй бөөлөх ёстой, Мангасын  Хаантай байлдана ч гэнэ үү.... Гажиг гажиг юмс сонсоод итгэсэнгүй. Үтэр түргэн Хадам Буурлуудыг зорин уулзаж энэ нэг хачин юмс Үнэн Үгүйг асуув. Хадам Буурал намайг үйлээ хий, өдий болтол ойлгоогүй яваа юу гээд л зэмлээд: Бид өмнө тавьсан андгайндаа үнэнч хүмүүс нэг л хэлсэн болоо, чиний жанжидуудаас таван хүнийг гурван жил бөөлсөн хэмжээний дайнд аваачих маш их нууц үйлүүд зааж сургаж байгаа билээ. Цаг нь болохоор чухал нууц юмсыг бид хэлж өгнө гэх юм.

Зооооозозозөөөө юутай ч би байтугай бид нар Таваа байг гэхэд дор хаяж гурав, чадуул нэг бүтэн өдөр шөнөжин хэнгэргийн дуу таслахгүй бөөлөх чухал асуудалтайгаа ойлгоод Пүүх Паах хөлдөх юм биш үү, зузаан нэхий гутал өмсөх үү, галаа яаж таслахгүй байхав ч гэх мэтийн асуудлын тэмдэгүүд ар араасаа хөврөв. Төмөр хэнгэрэг хийх үү, том арьсанд суух уу гээд л... сандралдав.

Ингээд л би Гэрлийн Өргөөнд Бүхэл бүтэн Таван Өдөр шөнө харанхуй байвал Та нар яах вэ гэсэн асуултыг тавьж хүмүүсийн санаа бодлыг тандав.
Янз янз л байдаг юм байна. Гэвч эндээс би маш олон зүйлийг ажиглан харж, санаа авав. Өмнө нь НАСА болон өөр бусад шашны байгууллагууд бас бөө нар, шинжлэх ухааны судалгаа энээ тэрээ байсан ч манай Буурлууд юм хэлэхгүй болохоор нь тоох ч үгүй явлаа.
За тэгээд харанхуй болсон ч яахав дээ. Гэртээ гал түлээд л сайхан унтаад л болоо ш дээ. Нэг эхний өдөр бөөлөө хийчихнэ. Тэр юу уддаг юм сайндаа л Морин цаг гээч хоёр цаг л болоо гэх ухааны юм бодож байв.

Гэвч тасралтгүй өдөр шөнөгүй БӨӨЛ гэхийг сонсоод сандарч өгөв. Би ганцаараараа даалгавар авсан бол өөр биз дээ. Урд би тэгж бөөлж байсан түүх бий. Гэтэл надтай хамт байгаа өргөөний улаач нар маань бас хамтдаа гэх нь ямар их ажил, зохион байгуулалт асуудлууд гарах нь ойлгомжтой. Машинаараа оччоод л ирэхгүй нь, хонохнээ. Бид гал тойроод хэнгэрэг нүдээд үсчээд байсан ч түшээ болон бусад нь хөлдөж үхнэ биз дээ. Хэн сайн дураараа тэнд очиж хөлдөж үхдэгийн, ямар зун биш 12 сар шүү дээ. Гэр хэрэгтэй гэх мэтээр л ажил ундрах болжээ.

Энэ бөөлөө бол хуучныг үдэж, шинэ эринийг эхлүүлэх, Монгол түмнийхээ сайн сайхны төлөөх сэтгэл зүрхтэй хүмүүсийн нэгдэл, хүсэл юм. Гэтэл хар харанхуйд Хар Сүнсний Хаантай байлдана гэхийг сонсоод шоконд орсон билээ. Хэдэн жилийн дараа л болох биз гэж байтал хаяанд тулсныг мэдсэнгүй.

За Бөө ойлгодоггүй нөхдүүд бол Сүнснүүдийн дайн гэхээр солиотой юм гэж бодох биз. Хэрэв Сүнс гэж байдаггүй байсан бол Бөө байтугай ЛАМ, ХРЭЭСТ, ЛАЛ ч байхгүй байсан бизээ. Хүн үхэхээр нь 49 хоног моног гэж хийхгүй биз дээ адаглаад л. Энэ бүхэн байж байгаа учраас СҮНС гэж бодит байдаг зүйл гэдэгт л өөрөө нэг бодох хэрэг гарч дээ.

Домог үлгэр бийг сана. Нарыг РАХУ гэж мангас залгиад л гэх мэт.... Мөн бодит түүх дээр бас нэг гадаадын жуулчин Монголчуудыг сар хиртэх үед тогоо шанагаа нүдэж айдаг гээд л бичсэн байдаг. Дэлхийн талыг эзэлж явсан цөстэй ард түмэн харанхуй болоход айгаад байх нь сонин л байна шүү. Энэ бол Хар Сүнс гэдгийг мэддэгтээ, түүнийг хөөж үргээж тогоо нүддэг байсны л бодит баталгаа юм. Монголчууд нээрээ мундаг юмаа. Учиргүй юм гэж алга.

За тэгээд та нар таван өдөр харанхуй шөнө болно гээд л айгаад байх юм байхгүй. Элдэв юм нөөцлөөд байх хэрэг ч үгүй. Яагаад гэвэл дэлхий сөнөж байгаа юм биш. Зудтай хүйтэн өвлийг хэрхэн давахаа л бэлдэхэд болоо. Үүнийг сударт ч урьдчилан мэдэж, тосч бэлдэж, тэсч гарах гээд бичсэн байгаа. Зунжингаа л хэний охин том болж уу, хэний айраг исэж үү гээд л хэсч явдаг нөхдүүд хадлангаа ч авахгүй байсаар хэдэн малаа бардаг шүү дээ. Бөмбийтөл бэлдсэнгүүд нь цэмбийтэл даваад л гарсан байдагдаа.

Өмнө ийм эрин солигдох үе хэд хэд байсан бөгөөд харин Хааны үед тохиох болоход маш сайн бэлдэн бөөлснөөс дөнгөж нар хиртээд л өнгөрсөн түүхтэй гэж байсан. Хаан нь байгаа юм чинь арай ч тав хонохгүй байлгүй дээ. Тэгэхээр харанхуй 5 өдөр болох алба ч үгүй, бид сайн бөөлбөл Нар манддагаараа мандвал Жинхэнэ ялалт баяр хөөр болох бус уу. Хамгийн гол нь хүйтнээс халшралгүй эв нэгдлээ үзүүлэн, тасралтгүй нэг өдөр шөнө бөөлхөд л Хар Сүнсний Хааныг хүчээ авахаас ч өмнө устгах бусуу.  Хэрэв гурав, таван өдөр харанхуй байвал яалт ч үгүй бид тасралтгүй наран мандтал л хэнгэрэг нүдэх үйлтэй юм байна. Болзошгүй юманд сэтгэлийн тэнхээтэй, хаттай, эв нэгдэлтэй, мэдлэгтэй, бэлтгэлтэй л байвал бидний зорилго биелэх нь тодорхой.

Гэтэл хүний мууд дуртай ахархан нэгэн ингэж ярьж байх юм. Аянгат таван өдөр харанхуй болно гээд солиорч байна. Яг ш дээ. Тийм юм болохгүй бол тэр шараа болоод нүд болно гэх юм. Кккккккк..... Яанадаа яана. Өөрөө Бөө хүн бодох учиртай. Түмний төлөө, сайн сайхны төлөө өвлийн хүйтэнд хэнгэргээ дэлдээд бүтэн өдөр шөнөгүй таслалгүй үйлээ хийх зориг зүрх өөрт  чинь байна уу л гэж асуумаар байна. Ямар геннисийн номд орох гэж байгаа биш дээ.

Би ганцаар донгоссонгүй, зохиосонгүй. Олон олон зөнчид, шинжлэх ухааныхан хэлж, ямартаа ч тэр өдөр шинэ эрин эхлэх болно гэдгийг дэлхий тэр чигээрээ хүлээн зөвшөөрсөн бөлгөө.

Гагц харанхуй болох уу, үгүй юу гэдэг л хүмүүс янз янзаар маргалдан байгаа билээ. Харанхуй болсон ч болоогүй ч тэр өдөр Аянгат бөөлөө хийхийг блогтоо аль эрт л зарласан байсандаг. Харанхуй ч бай, гэрэлтэй ч бай бөөлөх нь тодорхой.

Гэвч болзошгүй юмыг хэлж сануулж бэлтгүүлэх нь хүн чанар, хүний мөс бус уу. Зөвхөн өөрсдөө юмыг яаж мэдэхэв гэж бэлдэж хэн ч чадна. Харин бусад маань муу юм болоход бэлтгэлтэй, давж гарах чадвартай, хамтаараа гарах юмсан гэх сэтгэл хэнд байгаа нь чухал бус уу.

Одоо ч өвлийн хар хүйтнээр бөгс онжиго нь гарсан юбкатай, толгой нүцгэн охид залуус гүйлдэн байдаг. Ирээдүйд монголын эх, эцэг болох энэ нөхдүүд эрүүл байвал зүгээрсэн. Эрүүл Монгол болъё гэвэл энэ бүхнээс эхэлмээр. Өвлийн хүйтэнд манай өвөг дээдүүд дулаан лоовууз, үстэй дээл өмсдөг байсан болохоос нимгэн богино торгон бандааштайгаа морио унаад сэвээд байсныг хэн санаж байна.

Иймээс хэн нэгнийг гоочлохдоо гол бус хэний төлөө юу гэж санаа тавьж байгааг бодож баймаарсан.
Нэгэнт энэ бөөлөөг хийхэд ХААН маш хатуу шаардлага тавьсан бөгөөд намайг шүтдэг, Аянгатыг сайн гэх хүн гол биш нэгэнт цуглаж байгаа нь бусад нөхдөө л хүндэлж нэг баг болон ажиллаж, нэг санаатай, нэг зорилготой, биенийхээ төлөө сэтгэл тавих улаач нар л цуглах ёстой.

Тэрнээс биш хэн дээр яаж босоод, ямар хувцас өмсөөд байгаа нь чухал биш, бусдыгаа хүндэлдэг, чин сэтгэлээсээ улаач хүний ёс суртахууныг дагах нэгэн байх ёстой гэж зарлигдсан билээ. Гэтэл зарим улаач нар ирчихээд өөнтөгчлөх, бусдыгаа гоочлох, биеэ тоох, хов хутгах, хооронд нь яс хаях, өргөөнөөс зохиох ажилд оролцохгүй гэх мэт зохисгүй үйл хийхэд ихэд дургүйцэн өөрөө үйлээ дураараа хийж яваг бүү өргөөнд оруул. Гэмээ ухаараад бусдыг хүндэлж сурч байж ирэг гээд хэд хэдэн улаач нарыг гэрлийн өргөөнөөс гаргав. Гэтэл гарсан зарим нь хорсоод мөн ч инээдтэй юм ярин байх юм. Улаач болсон үүргээ ухамсарлатугай!  Бусдыгаа хүндэлж байж л өөрийгөө хүндлүүлнэ гэдгээ ямагт санаж явцгаа!!! Бид нэгдэж байж үйл хийх гэж байгаа болохоос бус Хааны жүжгийн шоунд оролцох гэж дүр аваагүйг санаж явцгаа!

Та чинь 1000 улаач түмэн Онгодын чуулган хийнэ гэчихээд яаж байгаа юм бэ гэхэд Би тоо хөөдөггүй. 1000 ч бай, 10 ч бай сэтгэл нийлсэн, нэг нэгнийгээ гэх улаач нар л хэрэгтэй болохоос тоог гүйцээх гэсэн үүргээ ухаагүй хэн ч хэрэггүй гэж уурсав. Иймээс өргөөнөөс зохиогдох ажлуудад идэвхитэй оролцдог улаач нарт илүү ихийг зааж байлаа.

Онгод орой дээрээсээ нурдаггүй
Ёроолоосоо нурдаг
Энэ замбын улаач нар үүргээ биелүүлэхгүй, ухамсарлахгүй бол Онгод Тэнгэрүүдтэй нь шүүнэ дээ хэмээсэн билээ. За тэгээд би үе үе Онгод Буурлуудынхаа хэлсэн үгүүд болон судартай холбоотой айлдсан айлдвар нараас нь нууц бишүүдийг нь нийтэд дэлгэж байх болноо.

Ер нь энэ өвлийн удаан бөөлөөн тухай эргэцүүлэн бодоод үзээрэй. Хэн өвчтэй юм шиг ямар ч хэрэггүй хар хүйтэнд өдөр шөнөгүй гадаа бөөлөхийг хүсэх билээ. Тийм л бөөлөх дуртай юм бол гэртээ дулаан галын дэргэд бөөлөөд л сууж байхыг хэн ч хориогүй. Гэтэл заавал олуул нийлж, гадаа хүйтэнд бөөлөх учир шалтгаан нь том үйл учраас л хийж байгааг ухаартугай!

Бид хар муу бүхэн хуучин эринтэй далд орж, Хар Сүнсний Хаанчлалтай тэмцэн түмэн олноо аврах, Эх дэлхий ээжийгээ аврах, Шинэ сайхан эринийг хүн зоноороо талархан хүлээн авах бөөлөө хийх гол зорилготой билээ. Тэрнээс бид хэн нэгний захиалгаар, нэр төрийн төлөө, алт эрдэнэс бөөгнүүлэхээр цуглан бөөлөхгүй билээ.

ОНГОД гэдэг бол мөн чанар нь СҮНС билээ. Тэгвэл хүмүүн болон газар дэлхийн сайн сайхны төлөө тэд бууж ирэн, сургаал юугаан айлдаж, муугаас сэрэмжлүүлж, түмэн олонд Дэм болон байгааг мэднэ. Тэгвэл түүний ижил ХАР СҮНСнүүд их бийг л ухаарах хэрэгтэй.

Эдгээр ХАР СҮНСҮҮД хүн зоныг хорлож амьдардаг. Нэг ёсондоо хүний махан биеийг Сайн болон Муу хоёр СҮНС булаалдах цаган иржээ.

Саяхан Дархан хотоос нэгэн хүүг эцэг эх болон эгч нь дагуулан ирсэн юм. Хүний нүд рүү харах дургүй, хүнийг хүн гэж ч тоох шинжгүй, хэний ч үгийг үл тоон ихэрхэж дуртай дургүй хөдлөх тэр хүү чухам л хүний өмнөөс амьдарч байх мэт авир гаргана. Аргаа барсан тэд юунд олуулаа энэ хүүг авчирав их л зовоосон нь илэрхий.

Гэвч түүнийг маш хүчтэй биежсэн Хар Сүнс эзэмдсэн байлаа. Ерөнхийдөө хүүтэй өөрийнх нь зовлонгийн тухай ярилцаж шинж тэмдэгүүдийг нь тайлбарлан хэлснээр тэр хүү ам нээж, өөрийнхөө тухай ярьж эхэлсэн бөгөөд түүний заслыг хийж өгсөн бөлгөө. Гэвч тэр дагаж ирсэн Сүнснүүд өргөөний хоёр шинэ улаач руу дайран орж ийм захиаг надад өгснийг толилуулая.

... Сарвайснаа бид авч дийлнэ
Заяатайгаа бид завсаргүй манана
Сорно, Хоослоно, Амийг нь зээлнэ
Зоосны нүхээр гарах улаан махыг чинь шулж
Бид заавал дуусгана, улам шунуулна

Зоолттой бид бүхнийг эзэлнэ
Бидний ноёрхол ид өрнөхөд
Мунхаг мулгуунууд, сохор дүлийнүүд
Биеэ дор нь эзлүүлнэ

Заавал ч үгүй бид иднэ, ялна, сорно, бүхнийг нь
Замбуулан бидний өмнө сөхрөнө
Бид бүхнийг эзэгнэнэ.
Олдсон биенээс нь хэзээ ч салахгүй
Орилуулж санаа минь амарна

Хормой бүхнийг нь эзлэнэ
Улаан хоолойг нь боож
Орилоон дуунаар нь бид урамшин
Их хүчийг хураана

Урам зоргийг нь хурдан мохооно
Уруудах зам руу түргэн оруулна
Урагш үгүй тэд ухаажиж амжихгүй
Ухаажих ч сөхөөг өгөхгүй
Заавал ч үгүй бидний ялалт ирнэ

Нүд болсон ухархайд минь
Тод үзэгдэнэ
Тамлага мөдхөн эхэлнэ
Тас харанхуйд Хаанчлал эхэлнэ

Хоолойг нь бооно
Харсан бүхнээ зооно
Зовлогыг нь шулна
Шүүсийг нь шахна

Цусыг нь сорно
Махыг нь шарна
Амийг нь таслана
Үрийг нь тамлана
Хүүг нь иднэ
Хүслээр нь наадна
Удмаар нь тоглоно
Урагш үгүй болгон тамлана

Үггүй болтол нь мунхруулна
Нүдийг нь ухна
Нулимсыг нь барна
Баймааргүй болтол нь амьдруулна

Удмаар нь, улсаар нь
Тивээр нь сүйрүүлж байж санаа минь амарна
Мөд бид эндээс ховхрохгүй
Мунхаг хүн олон байх тусмаа
Бид ялна
Мөдхөн бидний жаргал эхэлнэ
Хахахаха

Ховхрохгүй, харагдахгүй
Хаа ч бид ноёрхоно
Золгүй байх нь хамаагүй
Заавал миний хүсэл биелэнэ

Усыг чинь бузарлана
Уураар чинь биежинэ
Ясанд чинь шингэнэ
Хүрдийг чинь зэврээнэ
Хүүхэн хонгорыг эзэмдэнэ
Хараал урсган
Үрээ үлдээнэ

Харанхуй тархиар хөлжүүлж
Үхээр газар өнжүүлж
Үнэт эдлэлд шунуулж
Үйлээн бид гүйцээнэ.

Өөрийнх нь биеийг шимэгчилж
Өндөр буурлыг чинь сэвтээж
Үр удмыг чинь үгүйрүүлнэ
Үнэхээр бид ялах болно
Үүрдийн минь жаргал ирэх цаг
Үүд хаяанд иржээ
Хахаха...... гээд л чихэнд нь шивнэж хэлсээр бичүүлэн хоёр улаач балчир гайхан гайхан гайхсаар хоёр талаас Чөөгийгийн захиаг авчирч өгөв.

Харин ч гижиг хүргэдэг байна ш дээ. Давардаг гэнээ тэд гээд гарын атга чангарах зуур би улам хүч орж байлаа.

Учир нь хэд хоногийн өмнө өргөөнд засал хийлгэхээр хоёр охиноо дагуулан ирсэн хүнд сонин явдал тохиосныг өргөөний хүүхдүүд баримтжуулан бичиж бичлэг хийснийг би үзсэн юм. Айж гайхсан өргөөний хүүхдүүд сандралдан Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлэн хашгирч сандралдан өргөөний зөвлөх удганыг дуудан байж тэр хүмүүсээс Чөөгийг нь гарган явуулжээ. Би тэр үед тэдэнтэй таарсангүй.

Бүтэн цаг гаран хашгиран сэгсчиж элдвээр хашигчин үглэх түүнд Чөтгөр орон нааджээ. Цагийн дараа биеэс нь гарсны дараа тэр охин: Юу болоод байнаа, яаж байнаа хэмээн уйлсан байв. Гэтэл тэр дүүгээ чамаас л болж байгаан хэмээн загнах ажээ. Дүү нь удган гэв үү. Юутай ч дүүгээ загнан уурлахын оронд юу болов, яагаад гэдгийг ухаж ойлгон цааш учрыг олох л ёстой байж дээ. Чөөгийнүүд илт дайрч давшлан өргөөнд ирж агсам тавьж Миний дүү Чингис хааныг буулгана, Бид хаан гэж хашгирах ажээ.

Ийм Хаанууд байвал яанаа яана. Азаар бичлэгийг бичиж авчээ. Дараа охины нүүрийг таглаад баримтжуулан цаг нь болохоор тавих болно. Тэгтэл сүүлдээ байтлаа захиа дамжуулдаг байна ш дээ. Кккккк
Хар Сүнснүүд ийм болтлоо хүчирхэг болжээ. Эзэмдэе гэсэн бүхнээ эзэмддэг болсон байгааг харж байна уу. Гэтэл манай Онгодуудын утсаар ярьсан бичлэг одоо хүртэл ОД СОД болсоор хавийн амьтны цэцэрхэлийн бай болсоор...

Чааваас даа Чөөгийн хэмжээнд ч хөдөлж чадахгүй Буурлуудтай бөө нар яаж ийм биежсэн Чөөгийнүүдтэй байлдах, хөөх болж байнаа. Уг нь тэдний өвөө эмээ нар орж ирээд цай уугаад, ам нь яриад, гар нь хөдлөөд л хүний гүзээ илдэг биздээ. Чухам гал дээгүүр хариавал чухам л хүчтэй бөө байна гээд л сүйд болно. Тэгснээ утсаар ярих болохоор Онгодууд огт чадахгүй ийм юм байж болохгүй гэж мэдэмхийрнэ. Хийж буй үйлийг нь боддоо утсаар ярих шиг амархан хөдөлгөөн хаа байна. Гар нь хөдлөөд л утсыг авлаа ганц л товч дарлаа, ам нь ангайгаад л ярилаа.

Хаахахаха яанаа одоо. Энийг байж боломгүй үйлдэл гэх улаач нар өвөө эмээ нараа, өөрийн удам судраа доромжилчих юм байна л доо. Өчүүхэн зүйл хийж чадахгүй байж тэд яах гэж бууж хүнд засал хийнэ гэж өргөл авдаг юм бэ??? Ямар юмандаа засал хийх гээд байгаа юм. Хүч гэж хариу ч үгүй юм биш үү.
Хүний муу муухайг зайлуулж харагдахгүй үзэгдэхгүйг засах нь тэдний үйл байлтай. Гэтэл Хар Сүнсүүд шууд ороё гэсэн хүндээ ороод хэлье гэсэн үгээ дамжуулж байгааг харж бодоосой билээ. Худлаа гэвэл харин ч бичлэг нь байгаа, баримттай нотлох олон хүн байгаа нь яамай даа.
Хар Сүнснүүд Харанхуйгаар хөгжиж, харанхуй тэнэгүүдийг эзэмдэхдээ бүүр ч гаргууд билээ. Хар санааг даган биежиж хар үйлээ хийдэг юм. Хүний махан биеийг эзэмдэн сууж явах нь хий бие хийсгэлэн дүртэнгүүдийн жаргал бус уу.

Залуу охины биеийг эзэмдэн ирж агсам тавин, засал хүсэн ирсэн хүнээр дамжин ирээд балчир улаач нарыг хатган захиа  өгч чадна гэдэг бас л аугуу бус уу. Хар Сүнсүүд ийм л байна даа УЛААЧ НАРАА!
Та нар тэдэнтэй тэмцэж байж л Зон олны зовлонг зоон дээрээ үүрэх тавилантайгаа, ийм ажил хийх үүрэгтэйгээ ойлгодог уу?  Яах гэж Сүнсүүд бууж ирээд байгаа юм бэ? Худлаа юм бол над дээр, чам дээр яах гэж Буурлууд бууж ирээд байгаа юм бэ? Тэд ирчихээд ямар үйл хийдэг юм бэ? Чи хийгээд байгаа юм уу? Буурлууд чинь хийгээд байгаа юм уу?

Лам яах гэж байдаг юм бэ? Бөө яах гэж байдаг юм бэ? Хэн нь ч байсан энгийн хүний нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, далдын зовлонг гэтэлгэх гэж хоногийн хоол хороож хорвоо ертөнцөд сууж байгаа бус уу. Өөрийн ажлаа ухаардаггүй нөхдүүд Аянгатад утсаар ярьдаг Албин наалдаж гээд цэцэрхэж байх хооронд Албингууд чинь ямар их хүчээ авсан, өөрсдийн чинь өвөө нар чинь ямар хүчгүй байгааг ухаараасай. Хүрээд ирээ утсаар яаж ярихыг нь өвөөд чинь заагаад өгье гэхээр сураг ч үгүй алга болох байж Тэнгэрийн тухай мэдэмхийрэхээ болойсой гэж бодном.

Үйлээ хийхдээ хэнтэй, юутай, яаж хийдэг тухайгаа энгийнээр л нэг бодоод үзэхэд гэмгүй. Мөн хэний төлөө чи бөө болсноо бодоод үз. Хар Сүнснээс хүн зоныг хамгаалуулхаар илгээсэн байтал арван төгрөг бодоод байх хэрэг үгүй. Үйлээ л ухаарчихвал бүх зүйлийн учир олдоно. Иймээс л энэ хүнд хэцүү үйлд надтай хамт мөр зэрэгцэн зогсох улаач нарыг урин дуудаж байгаа билээ. Тэрнээс биш нэг талбай дээр ганган дээл нөмрөөд гажиг жүжиг тоглох гэж бөөлдөггүйг сайтар ухаараасай!!!

Доор нэгэн айлтгалуудыг сийрүүлэн бичсэн бөлгөө.

12 сарын 21ны тухай болох үйл явдлын тухай дээд буурлуудын үгийг дамжуулна уу...хэмээн бидний арваад хүмүүс Буурлуудаас хүслээ.

....Бөөлөөн болохоос өмнө их элсэн далайг амь оруулж эжийн хэвлийгээс авсан тэр алт эрдэнэсийг эргүүлэн саванд нь дуудах дуудлагыг хийх учиртай....

...... таславчтай хамгийн эхний эгнээ нь ..... гэж хойшоогоо явдаг гэхдээ нэгнийгээ ерөөсөө хаахааргүй, хамгийн эхний тойрог нь ... өөр суудалтай .....нарны цацраг шиг..... хэсэг байна.
Цацраг шиг цацарч байгаа. Агаараас харах юм бол яг эргэлдэж байгаа ..... шиг харагдана. (Тэнгэрээс өгсөн тоонуудыг .... хэмээн нууцлав)

....Гэгээн цагаан өдөр гэнэт харанхуй болохыг харна
Гэрэл сүүдэр 2 ээлжлэхийг харна
Хамгийн сүүлчийн удаа гэдгийг
Харсан болгон ухахгүй
Харсных нь зол болно
Хараагүйнх нь хохь болно

Алтан нарны амийг энэ газар дээр буулгана
Аугуу том үйлийг улаач балчрууд хийнэ
Аврага том түүдэг дээр наран ээжийг баясгана
Аврал хайрын дууг тэд урин дуудна.

Хааш хаашаагаа .... хүн алдлаад зогсох тэр тойрогт
Тэнгэрийн наран мандана
Дэлхийн өнцөг буланд
Ил гал бүр дээр
Наран ээжийн цацраг оч үсрэн асна
Бүлээцэх сэтгэл түүнд бадран бадрана
Энэ эрэн дуусаж буйг түмэн олон ухна

Саран ээжийн амь энэ дэлхий дээр морилно
Сайхан сүүний үнэр нь хамар цоргин анхилна
Зөөлөн бүүвэйн дуугаар дэлхийг бүүвэйлэн амраана
Зүрх сэтгэл юугаар улаач үрс тэмцэнэ

Таван өдөр, Таван шөнө
Наран саран ээлжлэх тэр агшинд
Хором мөч бүхэн ухаарлын мөч байх болно

Хурц илдний үзүүрт
Хар мангасыг устгахаар
Хуй юунаасаа гаргаж
Хий биетэнг устгах

Өрлөг жанжидын дайчид
Тив, дэлхийгээр гүйлдэн
Энд тэнд нуугдах бүхий л хий биетэнг
Сайн мууг ялгалгүй
Сайхан муухайг ялгалгүй
Тэмцэлдсэн болгоныг
Тэрсэлсэн болгоныг үгүй хийнэ

Харсан үзсэн бүхэндээ үнэмшихгүй ч
Харсан болгон түүх болон үлдэх
Тэртээх нэгэн өдрийн
Түүхийн шаргал хуудаснаа
Энэ дэлхий дээр буух хар сүнснүүд бүгд
Хар нүхлүү хуйлран одно

Нэгэн галын дөл бөхөхөд
Нэгэн аймгийн дөл бөхнө
Зүрх сэтгэл нь хортон болсон
Зөн мэдрэмж нь үгүй болсон
Нэгэн аймаг бөхлөө л биз тэр яадгийн
Нэгэн сүнс үхэхэд нэгэн шүдэнз хугарана

Мөхсөн болгон учиртай
Эх дэлхийгээ бузарласан
Бузар савар болгон мохно
Мохсон бүхэн зангилаатай
Наран ээжийг залгих тэр хар мангасын
Үр үндэс өндөг бүгдийг
Дэлхийгээс цэвэрлэх болно

Таван өдрийн турш үйлээ хийх бидэнд
Унд усыг минь зөөх улаач үрс байхад л чухал
Шид юу дутна гэж юундаа айсан юм
Шийдвэртэй сэтгэл
Дөрвөн мөчин байхад л хангалттай бус уу

Даарч бээрнэ гэж юундаа айсан юм
Дагжин чичрэх сэтгэлийг чинь
Бид дулаацуулах бус уу
Хором мөч бүхэн
Ухаарлых байна гэж хатуу анхааруулж байна

Бүү ай, Бүү зүрхшээ
Нэгэн сэтгэлийн дор
Нэгэн тугийн дор
Хэц хэнгэргээ дэлд

Хар муу сүнсний дарангуйлалыг
Хамаг буй бүхний хорон санааг
Ухан гаргаж
Уудлан ухаж
Бугшисан бул болгоныг
Бугшисан идээ болгоныг
Бугшисан товруу болгоныг
Шахан гаргаж
Шахан хөөж

Энэ дэлхийгээс хөөж
Тэнгэрт байх хар нүх
Тэнгэрийн хар эрлэглүү
Дэгдээх болно

Хүйтэн зүрхтэн болохоос
Айгаагүй байтал эмээгээд
Хүйтэн салхинд жиндэнэ гэж
Юундаа айсан юм

Хаана байна тэр Дайчин чанар
Хаана байна тэр Хааны үр сад
Сэтгэлд чинь гал байхад
Том түүдгээр яадаг юм

Наран ээжийг баярлуулах гэж
Түүдэг асаагаа биздээ
Өөрсдийгөө дулаалж бөмбийлэх гэж
Юундаа айсан юм

Өнө их зовлонг хураасан үр удам
Өтгөс дээдсийнхээ үйл лайг
Энэ биедээ шингээн
Ухаарал юуг өөртөө шингээн ав
Удам судрынхаа зовлонг
Өөртөө шингээн ав

Үхвэл үхнэ л биз
Өлгийдөөд авая Буурлууд чинь
Үйлээ хийсийм гээд
Өрөвдөн тэтгэе Буурлууд чинь

Ухвар мөчид бодлоосоо салж чадахгүй бол
Ухаан бодлоо цэгцлэхгүй бол

Хуучин эринийг үдэж
Шинэ цагийг угтах
Баатарлаг тэр улаач нар гэж яахан тэмцэх билээ
Хуран цуглах олныг бултаар нь дуудаж
Булгилах зүрхнийхээ гал цогийг тэдэнд бишрүүл

Хар муу бүхнээ устгаж дайтахыг
Хар муу бүхнийг хорвоогоос халиулахын төлөө
Түрхэн зуурын зовлонг гэтлэж гарна даа үрс минь
Түүдэг юуныхаа элчинд баясан цэнгэнэ дээ үрс минь

Дэлхий ээжийнхээ амийг тэтгэж
Газар ус юуг нь галаар сэргээж
Арга билэг юуг нь тэнцүүлэн байж
Хар сүнс бүхэн энэ
Дэлхийгээс минь одоход

Ирэх шинэ цаг нь
Гэрэл гэгээ цацруулж
Амьд үлдсэн бүхэн
Шинэ цагийн эх болно

Дахин наран ургах тэр өдөр ирнэ
Дааж давашгүй мэт санагдсан бүхэн далд орчихсон
Сэтгэл санааг нь амирлуулсан
Түмэн олонд тунхаглах тун

ИХ ГАЛЫН ТАХИЛГА
НАРАН ӨЖИЙГ
ДЭЛХИЙД УРИХ ЁСЛОЛ гэж

Түмэн олонд зарлах тун
Дэлхий ээжийг хамгаалан тахих ёслол гэж
Түмэн олонд зарлах тун
Ухаарах тун


Энэ бол энгийн нэгэн үйл биш
Анхаарсан сонордсон болгон нь
Аврал юуг хүртэх болно
Атаа чөтөө энэ цагт зангидсан ч
Аврал эрэн гуйх болно

Лус юу нь хөлдөөд ирэхэд
Хумс юу нь хатаад ирэхэд
Уруул юу нь хөхрөөд ирэхэд
Уучлал гуйгаад ирэх болно
Бүү ай ...  Даараахгүй ... Дагжихгүй,  
Чичрэхгүй, Хөлдөхгүй, Үхэхгүй

Шинэ цагийн эхлэл
Их хүйтэн салхиар эхлэж
Ээх нарнаар жаргах болно
Сайхан бүхэн өмнө чинь ирж

Тэнгэрт нэгэн үүл байхгүй
Газарт нэгэн толбо байхгүй
Хөв хөх тэнгэрийн дор
Цав цагаан тал угтаж
Хүмүүний сэтгэл тэрүүн адил
Гэгээлэг болно гэж ерөөе дөө

Сүүн цагаан сэтгэлтэй бүхэн
Саруул сайхан ухаантан бүхэн
Хайр энэрлээр дүүрэн бүхэн
Энэ хатуу цагийг даваад гарах болно

Хар муухай бүхнийг сэтгэлдээ тээсэн
Хар сүнтэнг итгэлдээ шингээсэн
Энэ бүх хүмүүс амиа тасрах тэр л агшинд
Амь гуйгаад гал дээр ирэх болно

Энэ дэлхийн бүх хүн
Энэ дэлхий ээжийн хүйсэн
Эгэлгүй Монгол орон
Энд байдаг гэдгийг мэдрэн цуглах болно

Тив тивийн бүх л үрс
Галаа өрдөн гуйх болно
Гал юугаа харан өршөөл эрэн
Ухаарсан болгоны амийг өршөөж

Хар муу санаатай
Ухаарал юуг хүсэхгүй үрс
Хөнжилдөө хөлдөн өглөөн нарнаар
Мөс болон хагарах болно доо
Мянган давхар дэхтий өмссөн ч хөлдөх л болно
Халуун дулаан галын дэргэд байлаа гээд
Хөлдсөн бие чинь гэсэхгүй дээ

Хүний амийг хулгайллаа гээд
Хүрэл зүрх чинь гэсэхгүй
Харсан болгоноо өөртөө наалаа гээд
Хайран гэгдэх амь чинь аврагдахгүй
Хөлдүү зүрхтэн дахиж гэсэхгүй



Сиймгэр нимгэн хувцастай байсан ч
Сэтгэл юугынхаа галаар амьдрах л цаг даа
Хүйтэн жавар байлаа гээд
Хацрыг чинь хөлдөөхгүй
Сэтгэл юуныхаа галаар амьд үлдэх цаг
Сэтгэл юуныхаа ариунаар амьд үлдэх эрин
Оюун санааныхаа цайлганаар амьдрах эрин зуун
Онгод тэнгэрийнхээ үгээр хүлэг хийх эрин

Энэ бол дэлхий ээжийн их цэвэрлэгээ

Хөлдвөл хөлднө биз хэнд хамаатай юм
Үхвэл үхнэ л биз өршөөл ирээгүйн хохь
Эрэн зуун болгонд давтагддаг түүхтэй юм жамтай юм
Урд нь зургаан удаа болсон л юмдаг
Тэсээд л ирсэн биздээ

Даван туулсаар л ирсэн биздээ
Дайчин чанараа хаана гээчихээд
Далдыг ертөнцийг таниж мэдчихээд
Давшгүй гэсэн болгоныг давж гүйцэлдүүлчихээд
Дагтаршисан олон сүнсийг хурааж дийлэхгүй гэчихээд

Харсан үзсэн болгондоо итгэхгүй гэчихээд
Хайлж урсахыг нь мэдэрчихээд харчихаад
Хаашаа явж байгааг нь тольдон үзчихээд
Хаа сайгүй тэнүүчлэх сүнсийг нь устгаж мөхөөчихөөд

Сэтгэл юундаа хоргодож юунд чилээх гэсэн юм
Газар дэлхий дээр хураасан хөрөнгө чинь
Энэ цаг ирэхэд тус нэмэр болохгүй
Зүрх сэтгэлдээ хураасан эрдэм чинь
Энэ хатуу цагыг туулхад гал болон дүрэлзэж
Амь юугы чинь аврана

Дутуу харчихаад дутуу сонсчихоод
Юугаа дэмийрэх гэсэн юм
Юунд нь айсан юм
Юу сонсчихоод юугаа хараад
Сэтгэлээ мигшээж, зүрхээ мохооно

Айж бэргэхийн оронд
Биедээ шид хүчээ хураах нь
Дариухан харамгүй ихээр цуглуулсан
Дулаан хувцас, хоол идэх юм
Зооглох ундаа, унтах хөнжлөө
Бэлдэхээс илүүтэй тустай байхсан.

Шидийн 99 зэвсэг байхад
Ар гэр аливаа бүхэнд санаа зовох хэрэггүй
Улаач үрэн оюун ухаанаа
Ухамсар юугаа тайван чөлөөлөхөд л болно

Өндөр дээд байхад юуных нь айсан юм
Өргөн түмнээ авраад л гарна
Аврая гэсэн болгоноо сэтгэлдээ тээж
Аливаа бүхнийг итгэлдээ багтааж

Гал юугаа бадраан итгэлийн галаар
Бүхнийг дийлэх цаг нь ирсээн
Түмэн олон минь сонордох тун
Том түүдгийн дэргэд ирсэн хүн болгон
Сэтгэл юугаа цэвэр байлгах болно

Эдгээр 1351 улаачид дэм болж тэтгэл болж
Хүчийг нь нэмж хөлий нь хурдасгаж
Үйлий нь олон арвин болгох учиртай
Аль болох олноор ирж
Аливаа үйлд нь хүч нэмж
Сэтгэл юугаар Дэм болж
Тэнгэртээ жаргасан нарыг
Тэнд нь дахин мандуулна даа үрс минь
Тэнгэртээ асан сарыг
Тэнд нь мандуулах учиртай

Бяцхан бяцхан багачууд битгий ай
Гэм хор хийгээгүй тэд нүцгэн байсан ч даарахгүй
Сэтгэлийн галаар л эл бүгдыг давах учир
Хүйтэрнэ гэж бүү ай үнэндээ Өвлийн л Өвөл
Урьдын л адил байх учиртай

Гагцхүү наран арилаж
Хүний итгэл мөхөх цагт
Хичнээн дулаан байсан ч
Хөлдөж үхэх нь гарцаагүй шүү дээ

Хөх саран ургахад газар дээр үлдсэн түмний
Мэлмий юу нь нээгдэж
Хар цагаан бүхнийг өөд уруугүй харж
Далд ертөнцтэй тэнгэр юутайгаа
Хүн бүхэн нэгдэх цаг ирнэ

Наран ээжий баруун зүгээс мандаж гарахад
Энэ цаг энэ хатуу бүхэн дуусаж
Шинэ эрин эхэлж тэсэж үлдсэн түмэн олон
Шинэ бүхнийг хайр энэрлээр дүүрэн байлгахыг
Сэтгэл юундаа оюун юундаа хурааж мэдрэх болно

Харцныхаа галыг бөхөөхгүй
Хүсэл зоригоосоо няцахгүй
Хан тэнгэрээс урвахгүй
Хайран амиасаа хайрлахгүй зүтгэвээс
Хагацлын үүдийг өөрөө татахгүй ... өөрөө чи татахгүй

Харсан болгоноосоо айх хэрэггүй
Хөлчүүрэх шаарлагагүй, нэхэлгүй, дагалгүй
Хүний юманд шуналтах хэрэггүй
Өөрийн биеэ бөөцийлөх хэрэггүй
Өнө олонд дэмтэй байхаа санаж явбал зохилтой

Өргөн түмнээ дэмнэн тэтгэхэд нь туслаж
Өнчирсөн хүүхэд ч бай асран тойлж
Өнөө маргаашийг харалгүй
Өнө мөнхийн жаргал ирнэ гэдэгт бат итгэж
Өөд уруугүй зүтгэх хэрэгтэй

Гурван зүйлийг цээрлэх хэрэгтэй эл бөгөөс
Том түүдгийг унтрааж үл болно
Галт усыг бие бөгөөс сэтгэлдээ бүү хүртээ
Эл улаачидруу элдэв янзын хараал жатга хийж
Элдэв янзаар оролдохыг санах хэрэг үгүй
Эргээд ХАР ТОЛГОЙд чинь буух учир тэвчтүгэй

Хуйларсан хар хүчит салхи
Юуны учир дэгддэг вэ?
Эргэлзсэн олон, шунасан бүхэн,
Хураасан хөрөнгө бүхэн
Хуйларсан хар салхинд одох болно

Явсан болгоны араас сэтгэл юугээ бүү чилээ
Одсон болгоны араас сэтгэл юугээ бүү чилээ
Тэнгэрт хальсан болгоны араас санаагаа бүү чилээ
Тэртээ зүгрүү учиртай явсан байгаа
Галт түүдгэндээ ойртож
Хэнгэрэгний уухайнд зоригжин
Дэлдэх хэнгэргэндээ нөмөр нөөлгөнд нь дулаацацгаа

Төмөр хэц хэмээх нь 
Тэр их дуу чимээг хэлсэн юм
Юуных нь төмрөөр Хэц хийнэ гэж  ха ха ха...
Үрс багачууд тэнэгхэн байна даа

Аугаа шидийг олсон
Алдарт булдруут хэцээ
Онцгой шидийг олсон
Гурвалжин, дугуй хэцээ
Тэнгэр эрхэсийг эвээх зургаан талт хэцээ
Олон ертөнцийг бэлгэдсэн
Онцгой сайхан хэцээ

Ил галны дэргэд
Ивээл юуных нь дэргэд
Тэнгэрт цуурайттал
Газарт мандтал дэлд

Сайхан хөгжим эгшиглүүлнэ
Есөн морин хууртай
Есөн сайхан дуучин
Ерөөл билэгдэлийг тавьж
Эл болгоныг эхлүүлнэ

Наран тэнгэртээ мандахад
Түмэн олон дуучин
Түүх эхэлж буйг зарлан тунхаглана
Ядарсан олон улаач
Тэмцсэн олон буурал

Олон сайхан дээдэс
Онцгой сайхан тэнгэрүүддээ
Бахдал хөөрийг бадрааж
Сайн сайхныг жаргал юуг эхлүүлж
Их найрыг үйлдэнэ биз ээ

Үйлэндаа гаргууд сайн шамдацгаа
Үг чинь ихтэй, үйл чинь хоцроод байгааг
Ажихгүй л яваа үрс байна.
Үгээгүй дорой болчихоогүй цагт
Үйлээ үргэлжлүүл, бүү тасалдуул

Эл цагаас өмнө үрс минь
Та нартаа дахин захин санахад
81 удаа найр наадам хийхгүйхэн шиг
Хээр гаран хүч юугаа сэлбэвэл сайн сан даа.

Алтан судрыг тайлж
Эх дэлхийн амийг олж
Алтан хэлхээ бүгдийг амиулаалан байж
Энэ цагийг угтан тосож
Тэсэн гарах хэрэгтэй.
Ард түмэндээ түгээ.
Олон түмнийг авар.
Сэтгэл юуг нь зас
Итгэл юуг нь олцогоо.
Айдас юуг нь салгаж
Амь юуг нь сэргээ.

Уул усыг амилуул
Ургамал юуг тэтгэ.
Амин зүрхний хэлхээг
Сэтгэл юуг нь холбо

Алтан дэлхийн амийг
Тасарсан хэлхээг холбож
Амин урсгалыг нь олж тэтгэ
Алтан судар дээр энэ бүгдийг
Өгүүлэн нууцлан бичсэн
Энэ бүхнийг олж сэргээ

Гарцаагүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэ
Итгэлээ бүү мохоо
Зүрхээ бүү сульдуул

Биеэ засаагүй байж
Гэрээ засаагүй байж
Яахин төрөө засах
Эхлээд
Судар юугаа тайлж биеэ зас
Судар юугаа түгээж гэрээ зас
Судар юугаа өргөж төрөөн зас

Сурсан мэдсэнээ бусаддаа
Харамгүй түгээж хуваалц
Эргээд өөрт чинь
Тус нь ирнэ гэдгийг бүү март

Олноор цуглаж чимхэн чимхэн
Оломгүй далайг хусан хусан
Суу билгийг ухааран байж  
Судар юугаа тайл

Хөөрхий тэр үрс өдөр шөнөгүй өнхрөөд
Элэг юугаараа  эргэлдэн
Хэрхэн яаж судрыг тайлахав дээ
Цаас хуудас бүрийг эргүүллээ гээд
Үг бүрийг гаднаас нь харлаа гээд
Хэдэн холбосон хачин дуудлагатай үгээс өөр
Юуг ч олж харахгүй

Мөн чанар үгний түлхүүр цоожыг нь
Нээгээгүй цагт  түлхүүргүй байж
Хэрхэн цоожыг нээх билээ.
Судрыг одооноос дор хаяж
23 гурвалжин болж байж тайлах учиртай.
Түүнээс олон түүнээс их
Гурвалжингууд байгаа даа

Хоосон хаалга хэд хэд балбаад
Тогшиж буйтай адил агаар нэгэн буй за.
Огтлолцсон өнцөг бүрэн учрыг ухааран
Өнцөгийг нь амилуулаагүй байж
Хэрхэн тайлж учрыг нь мэдэх билээ дээ.

Үг бүрийг мөр бүрийг
Тунгаан бодож задлан сэтгэж ухаарцгаа.
Дэлхий даяар тараасан мэдлэг бүхэн учиртай.
Энэ  бүхнийг хураан цуглуулан байж
Энэ бүхнийг нэгтгэн базаж байж
Алтан судрын уялага бүхэн гарч ирэх болно

Судрын дээдсүүд цуглалаа гээд
Сурах юм юусан билээ.
Үгний учрыг тайллаа гээд ухах юу билээ?

Уялага бүрийн ард үндэс бий
Үндэс бүрийн ард оньс бий
Оньс бүрийн ард түгжээ бий
Түгжээ бүрийн ард түлхүүр үг бий
Түлхүүр үгний сэжмийг гаргахад
Түлхүүр байгаа газар луу нь
Тэр өнгө нь алтан өнгийн утас болж
Тайлагдах түлхүүрийн шид гэрэлтэнэ
Шид гэрэлтэх нүхээр олж харахад
судрын утга бүр нь тайлагдана.

108 түүх бий. 108 тамга бий. 108 үр бий.
Эл үр болгоныг тамга юуны учрыг тайлж
Түүх юуг зарлан тунгаах аваас
Түвшин сайхан амьдралыг дэлгэх учир бус гэжүү
Тамга юу нь таарсан үр бүр
Тамлага юунаас айж үйлдээ зүтгэвэл таарах бус уу?

108 үр бүрт өөрийн гэсэн түлхүүр цоож бий
Эх дэлхий юунаас үүссэнийг
Алтан судраас олж ух
Түүнийг ухамгүй байж хаашаа нисээд байна

Замбараагүй цоожилсон судрын
Замбарааг олох хэрэгтэй
Эх дэлхийн үүсэл цагаас
Энэ бидний үен хүртлэх бүрэн түүхийг
Эгнүүлэн тавьбаас бүрэн судар болох ажгуу

Ээжтэйгээ санах үгийг түлхүүр болгон
Эв эеийг олон 108 түлхүүрийн эзэн болж
Бие биеээс нь мэдлэг юуг нь
Өвгөд юугынхаа үгийг сонсож
Түүх юугынх нь түгжээг тайлж
Түвшин сайхан амьдралын утга учрыг олох тун

Хий, Тоос,Чийг гурав энэ дэлхийг бүтээсэн.
Энэ бүхнээс судраа эхлүүл
Түлхүүр үгний эх нь
Үүнээс цааш нь өөрсдөө олцгоо
1 3 5 7 9 12 энэ хүртэл нь түлхүүр үгнүүдийг тоолцгоо.
Энэ үг бүхнийг судраас олцгоо.

Ухаанаа хурцал.
Үүнээс цааш түүхийг шинээр бичнэ 
Энэ судрыг дахин бичнэ
Ирээдүй цагийг шинээр бичнэ
Дэмч үрсүүд шинээр төрнө
Энэ бүхнийг бичих оюундаа
Дэмч үрсүүд тунгаан бодож
Эртнээс бэлдэх шаардлагатай

Юунд дээшээ харж хэвтэн
Ийш тийшээ холбирч бултана вэ
Цаг нь ирчихээд байхад
Залхуу балчир үрсүүд
Хаагуур гүйлдээд байна

Судраа барьж дэлхийгээ авар
Шинэ эриний түүхийг бичицгээ үрсүүд...........


Хэмээн Буурлууд хэлснийг дуу хураагуураар хурааж аваад л сийрүүлэн бичив. Маш олон айлтгалууд өдрөөс өдөрт хөврөх учир надад туслан цаг заваа гарган сонсогдохтой үгүйтэй хурдан хөврөх үгсийг буулган бичиж өгч буй өргөөний хүүхдүүддээ ихэд гялайснаа хэлье.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.