Tuesday, June 19, 2012

СОНГУУЛЬ СОНГУУЛЬ СОНГУУЛЬ


Сонгууль гэх сонин ажил аль хэдийн ирчихсэн бужигнаж эхэлжээ. Ажиглаад харахаар дэвшигчид нь бахь байдгаараа л Чи шүү Би ч яах вэ Чинийхээ төлөө л зүтгэе гэсэн сайхан инээж фотошопдон зургаа ч янзалсан сайхан ярьж санаагаа далдалсан том том далбагар зургууд их байлаа.
Харин Сонгогчид нь ингэж л байдаг юм гэсэн аятай дөжирсөн байх юм. Хаан суудалд суух нэг өдрөө сонгогчид идэвхитэй ашиглан өөрийнхөө төлөө зөв сонгууль өгч идэвхитэй оролцоосой. Нам гэхээсээ илүү  ядахдаа хэн юу гэж уриа дэвшүүлсэнийг хараад уншаад тэр хүний бодол санааг цоо мэргэнээр тунгаан бодоосой.
Хичнээн сайн хүн нэр дэвшээд гарсан ч нийт гарагсад нь НАМ гэх бузар санаатнуудын саварт байвал яалт ч үгүй дарагддаг гэдгийг та нар энэ олон жилд мэдсэн байх. Хичнээн сайн юм хийгээд зүтгээд шударга байх гэтэл нийтээрээ бөөрөлхөөд л өшигчөөд байдаг. Харин олон сайн хүн гарвал энэ явдал зогсож л таараа. Яавал олон зөв бодолтой сайн хүнийг гаргах вэ бид. Мөрийн хөтөлбөрийг нь залхууралгүй уншиж үзээчээ, хэлсэн гоё үгүүдийг нь сонжиж ухаарцгаая.
Би л лав уул ус, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч Мөнхбаяр болон түүний багийнханыг 100 байтугай 1000 хувь дэмжиж байна. Үхсэнийх нь дараа л баатар байлаа, сайн хүн байлаа гэдэг нөхдүүд амьд баатруудаа олж хараасай билээ. Угаасаа цаг үе нь ч энэ хүмүүсийг дэмжин гаргаж ирэхгүй бол бид тусгаар тогтнол байтугай амьдрах газар уух ус, хөрвөөх зүлэг ногоогүй болж байгааг АНХААР.  Монгол түмний амьтай байх уу үгүй юу гэдэг энэ хүмүүс л хамгаалах болоод байгаа цаг үе ирснийг ухаараасай. Иймээс нутаг орон, байгаль, ус ургамал, тусгаар тогтнол гэх сэтгэлтэн бүхнийг хайр найргүй сонгоцгоох нь зөв. Үүнийг л сөгдөн байж гуймаар, уйлан байж мөргөж хүсмээр байна. Үүнийг Тэнгэрээс биш та бүхнээс, Монгол түмнээс л гуйж байна даа. Монгол түмэн минь ивээх болтугай.
Мөн орифлэйм гэж овоглосон Оюунгэрэл хатагтайг дэмжих нь миний үүрэг. Энэ хүний тухай бөө болохоос ч өмнө түүх,  хэлсэн үгийг нь уншаад бахархан байсан билээ. Ямар их зовлон шаналал, саад бэрхшээлийг даван туулж байж босч ирээ вэ сэтгэлийн хат гэж аугуу юмаа, жинхэнэ монгол эмэгтэй хүн гэж боддог байв. Уулзаж учирч явсангүй, орифлэймынх нь бүтээгдэхүүнийг хэрэглэж явсангүй. Аймаар үнэтэй брэндийн тоснууд байдаг түүнээс үнэ бага хирнээ олон хүнд зориулсан тос л юм байх ухааны юм бодсоноос сонирхож ч байсангүй. Гэтэл тос байтугай л юм зардаг юм шиг байналээ. Би гоо сайхны тал дээр бүдүүлэг авгай шүү дээ. Хөдөө тэнэсээр хамрын үзүүр хамгийн түрүүнд сайртдаг. Нүүрнээс хамгийн урт хэсэг болохоор аргагүй биз. Хавтгайгаар нь бодвол уулын орой мэт наранд ойр газар шүү дээ. Миний дүү нар л санаа нь зовоод сүүлийн үед гоё газар аваачин нүүр ам нааш цааш болгон илж таалан тослуулдаг болгоод байгаа юм. Аюулын ирмэгт очихоор нь  нэг амь тариа шиг тос түрхдэг учир намайг орифлеймын нэг захирал гэж бүү хардаарай.  Үүнийг би юунд зориуд хэлэв. Айл бүрт бөө, орифлейм хоёр гээд л нэг амьтан чухам л уурсан байсан билээ. Айл бүрт орифлэймыг хүргэж чадна гэдэг бол нарийн ухаан шүү. Энэ хүн төрд гарвал Монголыг яаж баяжуулахаа мэднэ. Газар шороогоо ухаж биш юмхнаар юм хийгээд амьдралаа өөд татчих хатан ухаантай гэж би боднож найднам. Би л лав чадахгүйдэг Оюунгэрэл шиг байж. Энэ хүн бол миний хүндэлж хайрладаг эмэгтэй.
Гэтэл Уянга гэж нэг хөөрхөн шар амьтан бий. Эгдүүтэй хөөрхөн.Тэгсэн хирнээ хэнээс айхгүй Хуц гэж хэлж чаддаг. Ёстой гоё. Надад энэ зан чанар дайчин шинж нь маш таалагддаг. Ганц юм нь таалагддаггүй. Амлалт нэхдэг. Тэрийг нэхээд хэрэггүй. Харин түүнийг нурааж хаян өөр улс орны баялагийг Хужаа нарт өгөхгүй, хужаа нарыг Монголоос хөөнө, хүн байгалиа хамгаална гээд зүтгэвэл бүр гоё болно. Түүний сэтгэл зүрхэнд энэ бүхэн байгаа гэдэгт итгэдэг учраас би дэмжиж байна. Нэг санамсаргүй тохиолдол болсон юм. Үүний учрыг би сайн ойлгоогүй ч ямар ч байсан Уянга бол Хааны хайртай үрсийн нэг гэдгийг өөрийн нүдээр харж өөрийн биеэр мэдэрсэн юмдаг. Нэг удаа Уянга санамсаргүй тохиолоор Хаантай уулзчихсан юмдаг. Гэтэл Хаан бүр маш их мэгшин уйлж байсан.
Жилийн өмнө намайг хэн ч танидаггүй байхад би талбай дээр буурлуудтайгаа Гал Холбоог дэмжин жагсаал хийдэг байлаа. Тэр үед Уянгааг барин тэднээс ардууд шаардлага хүргүүлэн буцаан аваад индэр дээр үг хэлж байхад доор нь би Хаантай хамт харж байсан юмдаг. Энэ тухай харин Хаан айлдан бидний үед эх хүн, хатдыг ямар их хайрлан хүндэлж байлаа. Гэтэл одоо үг хэлж тэмцсэнийх төлөө яаж залхаан гутаан доромжилж байна вэ гээд л их харамсан уйлж байсан юм. Эмэгтэй хүнийг яасан муухай ад үзэж, яасан муухай гутаан доромжилдог болоо вэ гээд уйлж байсан. Эх орон ард түмнийхээ төлөө үг хэлж тэмцсэн эмэгтэйчүүдийг монгол түмэн маань хайрлан хүндэлж ХАТАН хэмээн дээдэлдэг байсан үе өнгөрчээ. Одоо бол худалч, банзал, янхан гээд л өөрийнх нь төлөө үг хэлэхэд л ад үзэн гутаан доромжлох болжээ. Энэ бол нийгэмийн маш том доройтол. Монголчууд шиг маш олон алдарт Хатадтай өөр улс орон хаа байна. Хатдууд нь ч дайчин ухаантай, эр хүнээс дутахгүй дайн байлдаанд оролцдог ар өврийн бүх л ажлыг амжуулдаг, эр нөхөртөө түшиг тулгууртай байдаг. Монголд гутлаа чирж, нусаа цувуулсан доожоогүй эмэгтэйчүүд ховордог. Одоо ямар олон эхчүүд ар гэрээ нуруундаа үүрч, шүдэндээ зууж яваа билээ. Жаахан сийрэг бодох цаг нь болжээ хүмүүс ээ.
Хүмүүс өнөөх л МАНАН сөнөтүгэй, АН усттугай, МАХН зайлтугай гээд л хэдэн улс гүрнүүд шиг дайтан байх юм. Юунд НАМААР ТАЛЦАН МОНГОЛЫГ МӨХӨӨХ гээд байна вэ.
Намаар нь биш хувь хүний хийсэн бүтээсэн ажлаар, хувь хүний зан чанараар Төрийн түшээдээ сонгох цаг ирсэн юм биш үү.
Жишээ нь би Баянзүрх дүүргийн засаг дарга Батзориг гэж хүнийг бас дэмждэг. Мөн Иргэдийн ямар юм ч гэнэ үү юманд нэр дэвшиж байгаа Алтансүх гэж хүнийг бас өө ашгүй дээ Өөөдөө Өөөдөө л гэж ерөөдөг.  Баянзүрхээр явах зуур энэ хүмүүсийн зургийг хараад баярлав. Учир нь хийсэн ажлыг нь нүдээр харсан учраас шүү дээ. Хэдэн жилийн өмнө Зүрх Хайрханд маш их мод бут тариулж байхад тэнд амьдардаг хорооных учраас чухам гэр бүлээрээ очин мод тарьсан. Баянзүрх Хайрханыг нутгийнх нь нөхдүүд ёстой элэг эмтэрмээр модыг нь хядаж сахал нь цухуйсан эр хүний эрүү шиг юм болгочихсон байсандаг.  Харин дүүргээс мод тариулаад бүр хашаа барин худаг гарган манаач айл буулгаж байсан. Мод тариулчаад л шоу хийгээд хаядаг байтал энэ хүмүүс хамгаалан цааш ургуулах гэж хичээн зүтгэж байгаа нь таалагдав.
Дүүргийн тохижилтын ажил их хийдэг. Яг л мод тариад услаад, хашаа хайс хийгээд эзэнтэй байлгадаг учраас бусад дүүргийг бодвол хамаагүй ногоон дүүрэг. Баянгол дүүргийнхээс л лав өөр. Тэд нар хужаагийн ногоон дэвсгэр авчирч газар бүтээж ТЭНЭГ ЭРГҮҮ ТОЛГОЙтойгоо зарлаад байгаа биз дээ.  Яасан их мөнгө үрж гадаа газар дэвсэх хүний нүд хуурах тэнэг санааг АМГАЛАН гэх тэр дарга нь дэмжээ вэ. Газрыг хүртэл Хужаагийн бүтээлгээр бүтээх Баянгол дүүргийн мангар даргуудтай харьцуулаад үзчих дээ. Нэг нь хужаа бүтээлгээр гадаах хөрсийг дэвсэн нүд хуурна, нөгөөх нь амьд мод тарин арчилж тордоно. Хэн нь бидний төлөө байна вэ? Хэн нь байгальд хайртай байна вэ? Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбай гэх юм бараг үгүй болтлоо устан мөнгөтэй бүхэн нүх сүв болгонг битүүлэн овоолно. Баянзүрх дүүрэгт нийтийн эзэмшлийн талбай харин ч арай илүү хэд харагддаг.
Энэ мэтээр дүүрэг дүүргээр харагдах өнгөөр нь ядахдаа тэр засаг даргуудыг тольдож харцгаая. Баянзүрхт хамгийн таагүй муу нь зам болон үерийн асуудал байдагт тэд гарвал анхаарна бизээ. Үлгэр жишээ үлээвэр найрал замыг номоор нь цагдаж байгаад тавиулчихвал ч бүр гоё доо.
За Сүхбаатар дүүрэг бол бөөн шамбааралдаан, түгжээний дүүрэг учир өнгөрсөн. Нураалтай нь биш яана уу? Тархины түгжээ мултлах ажил л зохион байгуулбал болохоос өөр юугаа хийж юугаа сайжруулхав дээ.  Сиймхий газар олох ч  бэрх, бөөн хараал зүхэл, уур унтуу.  Сонгинохайрхан бол миний бодлоор хамгийн онц муу дүүрэг гэж боддог. Ядаж байхад хамаг сайхан Сонгинохайрхан уулын хавь газраа ухуулан, бөөн том ачааны машинд бид нядлуулах дөхөн зовж явдаг. Чингэлтэй дүүрэг бас бөөн бөөн асуудал. Байгаль орчин уул нурууг мэддэггүй шүтлэггүй тэнэгүүд олширсон газар. Уулын хажууг ухаад л хашаа байраа өндөр дэнж дээр тогтооно. Уулыг ямар аймшиггүй ухаж  гэрээ барьж байнаа. Засаг дарга, газрын албаныхан нь огт тоодоггүй болохоор л ингэж дураараа жиргэж байгаа байхдаа.
За тэгээд л Лхавгажав байна. Тэр сайн юм хийж чадна гэх мэтээр маш давгүй хүмүүс бас байнаа байна.
Мөрийн хөтөлбөрүүдээс Ардын Намын хөтөлбөрийн уриа давгүй байв. МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ гэжээ. Юутай сайхан үг үү. Гэвч яаж ямар хэлбэрээр сайхан амьдрах гэдгээ тодорхойлж байгааг нь ухаарч сайтар гүнзгий унших хэрэгтэй. Нийтээрээ баяжин, газар шороогоо ухсаны мөнгөөр амьдралаа тансаг болгох юм цухуйж байна уу, нийтээрээ гэгээрч эх орноо байгалиа хайрлах, эрдэм оюунаа дээдлэх нүү гэх мэт сайхан амьдрал гэдгээ хэрхэн тодорхойлсоныг нь уншаарай. 
Тэгтэл ичиж амьдар гэж зөвлөмөөр мөн олон хүн байх юм. Жишээ нь ЭКОгийн муу нэрт захирал. Миний мэдэхийн ЭКО барьсан байшин гээд л үргэлж л хараал идэж оршин суугчидаа бухимдуулсан муу нэртэй хүн байдаг байсандаг. Сонин уншдаггүй юм байхдаа өөрийх нь бүтээл үргэлж муу үнэлгээ авдаг гэдгийг мэдээгүй их хуралд суухаар санаархжээ.  Яанаа яанаа яанаа нөгөө худалч Батбаярын зураг Сонгинохайрханд байх юм. Тэр чухам айл бүр 2 өрөө байр арвын түүз гээд л Баянзүрхээс сонгогдож байсан биз дээ. Хотын дарга байсан маамны каша.  Насанд хүрээгүй болохоор тэр үед худлаа ярьж байсан юм байлгүйдээ. Одоо Сонгинохайрханд юу амлаад байгаа юм болдоо. Шоооог шог шог. Уур хүрчлээ. Би түүний нэрийг дугуйлаад хариугүй хоёр өрөө байр аваад амьдрах дөхсөн шүү. Бид амласнаа биелүүлж түүнийг бөөрөнхийлсөн харин тэр биднийг доош нь жийгээд л өнхөрүүлчихсэндэг. Дахиж гэнэднээ гонж заа. Хотод түгжрээд гай болохгүй зай болоод амьдрах гэж хичээсэн ч болдоггүй л юм байналээ.
Мөнх Оргил гэнэ шүү бас. Яажийгаан одоо. Хар долоон сарын нэгэнд хууль зүйн сайд байсан биз дээ. Яаааамар ч хариуцлага хүлээгээгүй. Хүлээх ч үгүй хүлээнээ гонж амьтан бололтой.  Уваа яршиг яршиг  уур хүрчихлээ. Хүмүүс мэдэх байлгүй түвэг зүгээр. Энэ мэт худалч тойрог завшигч нарыг дахин дахин сонгоод байх хэрэг ер алга. Хийсэн бүтээсэнтэй үнэнч шударга хүмүүс бол ямар хамаатай юм. Сонгогдоно л биз.
Сонгуулийг сайн зөв хүнийг нь таньж  доорхи хүлээсийг нь  мэргэн буудацгаахыг бүх сонгогчиддоо уриалж байна. Сайн буудуулвал эгзэгтэй байсан хүлээс нь алдуурч тэд маань хөөрч өндөр суудалд морилж бид сэтгэл амар дөрвөн жил дагаж намирах учиртай. Дөрвөн жил бид ядахдаа улс орондоо санаа зовж, Төрд уур хүрэхгүй зөвхөн гэр орноо болгоод байвал аштай юу ядахдаа. Хүмүүсийн уриа гэж их учиртай. Зарим нь зүгээр л шууд хошин шогийн зураг тавиад л Цогоо гуай хэнийг сонгох вэ? Цогоо нь: Баярсайханыг гэнэ шүү. Монгол Төр хошин шог юм уу, ямар ч зорилго, ямар ч утгагүй ийм лоозун дэвшүүлсэн хүнээр гэрээ удирдуулаад үзэхээрээ л нэг болсон бизээ. Зарим нь баялагийг тэгш хуваана гэнэ шүү. Яг тэгш хувааж харагдаасай. Хуваах, авах, цөлмөхөө л зорилго болгосон бусуу. зкзкзкзкзк халуун орны шувуугаа саначихлаа. Тэр байсан бол яг энэ мөчид зкзкзкзк гэнэдээ. 

сайхан амрав уу? Та. Таны сонгуулийн тухай бичсэнийг уншлаа.Эх орондоо сайхан амьдаръя--гэдэг уриа бол Ардчилсан намын биш Монгол ардын намын уриа шүү... Энэ бол Сүх жанжны байгуулсан нам. 10,000 үйлдвэрийг монголдоо байгуулаад гадагш гарсан хүмүүсээ дуудаж ирүүлэн БАЯЛАГАА ШУУРЧ БИШ ХАДГАЛЖ НӨӨЦӨЛЖ ХҮРТЭЭД 100% АРД ИРГЭДИЙН МЭДЭЛД ӨГЬЕ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нам болой кккк УДГАНаа. Таны үгийг олон хүн дагадаг нэгэн ёсны сурталчилгаа болох тул "ХАЙРТ НАМ"аа өмгөөлөн яаран сандран бичив.кккк Учир нь энэ сонгуулиар 2 удаа намыг сонгох сонголт бий. Дээр нь дэмжиж буй 3 хүнээ УИХ-д дугуйлах гээд 6 удаа дугуй тэмдэгийг дүүргэн будаж "төр барилцах" учиртай .Үүнийг мэдэж байгаа бол,өршөөгөөрэй ХЭМЭЭН МАЙЛ ИРСНИЙГ ШИГТГЭВ. 
 ......
Яанаа одоо би цуурчихсан давхиж явсан байна шүү. Сонгуулийн суртчилгаа ч дор нь залруулга явуулж байна.  Би Европоор явсан тэмдэглэлээ удахгүй оруулна. Олон газраар явж байхдаа Монголчуудынхаа гадаад оронд хэрхэн зовж буйг харж явлаа. Энэ бол эцсийн эцэст МУУ ТӨРИЙН БУРУУ гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ.  Монголдоо сайхан амьдрах нөхцөлгүй болсноос хүний газар тэнэж явах олон Монголчуудтай уулзсан билээ. Тэд бүгд Монголоо санадаг, хайртай байдаг. Төр сайн бол Ард тогтоно доо. Иймээс зөв Төр байгуулж чадвал Монголчууд Монголдоо сайхан амьдрах нь дамжиггүй.

Өнөө гарагт майл иржээ нэг Та Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр гэж андуурчээ МАН ын хөтөлбөр шүү гэжээ. Алдаа хийсэнд өршөөгөөрөй. Майлыг сийрүүлбэл:
Сонгогчид оо зөв хүнээ сонгож зөв төрөө цогцлуулцгаая.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.