Thursday, April 26, 2012

Монголдоо 2. Багштай уулзав

За тэгтэл өглөө өдөр орой шөнөжин ажил ихтэй байснаас болоод холын аянд гарах хоёр хоногоор хойшлов. Юу ч бэлдэж чадаагүй байв. Эхний өдөр нь чухал хүмүүстэйгээ утсаар ярин бас зайлшгүй ороод гарах ёстой айлуудаар хальт хальт гучин минутаар орон гүйлээ. Харин багшийндаа тухлан хоёр цаг суулаа.

Аянгат эх орондоо богино хугацаагаар ирлээ

За тэгээд Аянгат эх орондоо богино хугацаагаар долоо хонохдоо өргөөнийхөнийгөө ч шуугиулан, өөр бусдыг ч шуугиулчихав. Бөө группэд ярилцлага хийе гэж урьжээ. Заа л гэлээ. Дөрвөн хүнтэй ярилцах биш байцаагдан заалгах өдөр байсан болтойдог. За тэрний тухай бичээд яахав дээ бэлэн юм чинь хуулаад л блогтоо тавьчихсаныг хүмүүс уншина бизээ. Харин би завгүй байсан учир бодлоо бичиж амжсангүй байсаар олон өдөр өнгөрчээ. Янзтай сайхан эд мөрийн баримтуудаа блогтоо тавьлаа. Хэдэн зууны дараа ч энэ ярилцлага уншигдан өнөө цагийн мэдэмхий хирнээ таг харанхуйн жишээ бөөнүүдийг тольдох болно доо.

Буурлын сургаал /Видео бичлэг/



2012 оны 4 сард хийсэн дүрс бичлэг. Онгодын сургаалийг дор сийрүүлэн бичив.

Ахуй бие нь тэнхээтэй ч
Ахуй төр нь ганхахад ард минь шаналдаг юм.

Харин төр нь ардынхаа тусад биш ард нь төрийнхөө түвшингийн тулд биш дээд доодгүй ард хаадгүй өөр өөрсдийн тусыг яасан ихээр нь боддог юм бэ, Өөрөө өөрсдийн жаргалыг яасан ихээр эн тэргүүнд тавьдаг юм бэ?

Эх орондоо ирлээ

Энэ өдөр би эх орондоо ирлээ. Зайран хүү маань тослоо. Уйлаад л байлаа замын турш. Хүүгээ их санажээ.Уг нь ирээд уулзах хүн их байсан ч даанч Солонгос Японоор өглөө үдэшгүй аялсаар Мээеэгийн ядаргаанд хэт орж чих дүлийрэн тагларч, нүд бүлцийн хавдаж найгаж ганхсан юм эх нутагтаа иржээ. За амьтан хүнтэй ч уулзаад яахав дээ. Дүлийрээд яриаг нь сонсохгүй юм чинь яахын гээд санаа амар байв.  За тэгээд л гэрийнхэн маань сандарч сайн гэсэн бүхнийг л ам руу минь чихэв. Тэгсэн ч босох бүртээ улам л ядраад байлаа. Иймээс нойрны эм ууж унтах гэтэл унтдаггүй ээ. Ямар хачин юм бэ унтахгүй юм гэж бодоод дахиад нэгийг уучихав. Маргааш нь зүүдлээд л байв. Аймаар нөгөө л байнга зүүдэлдэг Хар үерээ зүүдэлсээр арай гэж сэрлээ. Энэ нэг балай үерийг би байнга зүүдэлдэг юм. Ус нь хав хар үер байнга багаас минь зүүдлэгддэг. Тэгээд л босоод гадуурх ажлаа амжуулах гэтэл өдрийн хоёр цаг өнгөрч байв. Шал шог эм байна ш дээ. Хамаг цаг аваад. Гэвч бие арай дээр болсон байв.