Tuesday, November 28, 2017

ХҮҮХДҮҮД ЮУ СУРАХ НЬ ЧУХАЛ ВЭ


Хувийн сургуулиудын төлбөрийн хүснэгтийг хараад дуугүй байж чадахгүй нээ. Хэн нь хүүхдээ юундаа сургах, хэдийгээ төлөх нь хамаагүй байлаа ч эцэг эхийн нөлөөгөөр энэхүү орчинд өсч буй тэдгээр үрс ч Монголын маань ирээдүй учраас анхаарч бас бодох сэрэх зүйл бас байх юм.

Өндөр төлбөртэй сургуулиудын давуу талыг хүмүүс тухтай орчинтой, илүү олон зүйлд сургадаг, сонгосон хичээлийг нь мэрэгшлийн өндөр чадвартай багш заана, цөөн хүүхэдтэй учраас багш нар хүүхэд нэг бүрчлэн анхаарч ажиллана. гадаад багштай, хариуцлага өндөртэй, аюул багатай, том болоод өндөр мэдлэгтэй болж, гадаадад ажиллахад дөхөмтэй, сайхан амьдарна гэх мэт олон зүйлийг бодон сонголтоо хийдэг. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүх л зүйлээ зарж чадах сэтгэл зүрх, хайр байгаа нь маргаангүй ээ.
Гэвч бидний хүүхдүүд ирээдүйд хаана ямар газар амьдрах билээ, юу сурч мэдвэл зохистой билээ, амьдралд хир бэлтгэгдсэн билээ, ирээдүйн аав ээж болох чадвартай болох энэ тэр гээд олон асуудлыг нь тоохгүй, өөрсдийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдийнхөө золиосонд хүүхдээ дарангуйлдаг аж.

Хэл ярианы хөгжил нь дөнгөж эхлэж, ярьж эхлэх гэж байгаа үрсээ харь хэлний орос, англи хэлний цэцэрлэгт албадан өгнө. Монгол хэл гэдэг бол яг л энэ Монгол нутаг, цаг агаартаа зохицсон, үндэсний дархлаа тогтоосон үг авиатай. Монголоороо ярьж байж л Монгол сэтгэхүйтэй болохоос биш орсоор, англиар эхнээс нь үг заагаад яриулаад сургахад сэтгэхүйн гажиг, тархины алдаа гарч эхэлдэг.Гэтэл энэ хүүхдүүдээ ирээдүйд Орос улсад элчингээр явуулах гээд байгаа юм уу? Англи улсад дарга хийлгэх, тэнд шар авгайтай болгох, эсвэл шар нөхөрт гаргах зорилготой юмуу? Монголоороо төгс ярьж, Монголоороо сэтгэж бодож сурч, тархины цэгц нь боловсорсны дараа харь хэл сургаж болно шүү дээ. Ингэж сураагүй байхад заавал амьдралын ухааны зөрүү, сэтгэхүйн зөрүү гардаг нь жам гэдгийг олон жилийн туршлага, ажиглалтаараа ойлгож мэдлээ, би. Дээрээс нь Онгодууд үүнийг батлан учир шалтгааныг нь, онолыг нь заасан бөлгөө.

Хичээл яах вэ, үүнийг бүр орхиё. Цалинг нь авсан багш нар үүнтэй зууралдаж байгаа учир үүнийг бүр ярихаа азнаад хүүхдийн өсч буй орчныг дахин сайн ажицгаая.

Монголд энгийн сургуульд нэг ширээн дээр 3 хүүхэд суун хичээллэж, нэг анги 50, 60 хүүхэдтэй болох нь энүүхэнд болжээ. Ийм ширээн дээр хичээллэж буй хүүхдээс зөв суу, цэвэрхэн бич гэж шаардах эрх үнэндээ алга. Багш нар нь дунд нь л баахан ганцаар яриад ядарч орхино. Иймээс хичнээн сайн багш байлаа ч ачаалал даах даахгүй махан бие нь асуудалд орох нь жам. Яагаад 60 хүүхэдтэй бол ангиа хуваагаад бас дахин нэг анги бүрдүүлж болдоггүй вэ? Сургуульд үзэх хичээлийн цаг, багшийн хүрэлцээ, боловсролын яамнаас баталсан тэр олон хичээлүүдээс болоод мөн дээрээс нь эндээс гарах арга чарга хайж, хүүхдүүдэд санаа тавих сэтгэл дутах, багшийн ур чадвар муу байх, хүүхдийн анхаарал сулрах, чадамж сул байх эцэг эхийн үл тоолт зэрэг олон асуудал бий.

За үүнийг бүр больё. Ингээд баян сургуулийн жаргал, ядуу сургуулийн зовлон 2 ыг яриад байвал тэрний таргалсан, энэний турсан хоёр яг тэнцэнэ гэдэг шиг юм болох нь байна. Эсрэг тэсрэгийн 2 туйлын тухай мэт болов ч УЛСЫН гэх тодотголтой сургуулиуд заавал тийм муу байх албатай юм уу, багш нь авсан цалиндаа тааруулж хичээл заагаад байгаа муу хаашаа юм гэмээр ёс суртахуун болон хариуцлага бас байх л ёстой. Багшийн ажлын үр дүн нь хичээл заалгасан сурагчид нь хир ойлгосон байхаар дүгнэгдэнэ биз дээ. Хүүхдүүд нь сайн байгаад багш цалин нь муу байвал яанам бэ? Гэтэл цалин муу байна хүүхдүүдэд чинь хагас мэдлэг олгоно гэж барьцаалж байвал ийм багш нэртэн байгаад ч хэрэггүй. Сурлага, сургуулийн тав тух, ширээ сандал, ёс суртахуун, эцэг эхийн оролцоо, урлаг соёл , олон нийтийн ажлаас гадна хүмүүсийн анзаарч ярьдаггүй, санаанд нь ордоггүй, сайн мууг нь бодохыг хүсдэггүй үзэгдэж, харагдаж, дүн тавьдаггүй ч зайлшгүй нөлөөлж байдаг зүйлсийн тухай бичье.

Хүүхэд гэдэг бол хүүхэд. Баян байна уу, ядуу байна уу одоохондоо тэд яг л адилхан хүүхдүүд. Ёстой л нөгөө цагаан цааснууд. Хүүхдүүдэд хувийн ч бай, хувьсгалын ч бай багш нар адилхан л хичээл зааж байгаа. Учир нь боловсролын яамнаас бас тэрийгээ нэг юм хянахтайгаа болохоор багахан зэргийн цаг болон зохион байгуулалтын л ялгаатай. Учир нь Японыг А болтол нь хуулсан Шинэ Монгол, Америк Англиа хуулсан Орчлон сургууль бай, Баянхошууны захын сургууль, Хөдөө орон нутгийн сургууль ч бай Монгол гэх нутаг дэвсгэрт харьяалагдаж, болосролын яам гэгчээр хянуулж байгаагаараа адилхан учраас заах хичээлүүд нь ерөнхийдөө ижил.

Харин яс юман дээрээ ахуй орчин хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ? Хүн гээч хүн болохын тулд юу хийж сурч, мэдэж, ямар дадалд сурч, нийхэмийн анхан шатны мэдвэл зохих юм юу болоо?

Миний бага хүү гадаадад сурч байгаад ирж Монгол хэлээ сурахын тулд тусгай сургалттай төлбөртэй сургуульд нэг жил суралцсан юм. 15 хүүхэдтэй ангид сурч, сайн багшийн анхаарал халамжаар Монгол хэлээ сурсан ч бүх хичээлийнхээ суурьт төдий л сайн болоогүй байгаа. Харин одоо ангидаа 50 гаран хүүхэдтэй энгийн сургуульд орсон. Ширээн дээрээ шахалдаад, сууж бичиж чадахгүй байгаагаа хэлэв. Аль нь чамд илүү сайхан байна гэж асуухад олон хүүхэдтэй ангитай одоо байгаа маань хамгийн сайхан байна гэсэн юм. Багш хичээл заахад анхаарч бас даалгавраа хийчихэд болно. Олон найзтай болж, өдөр бүр сонин ихтэй гоё байдаг. Хуучин сургуульд уйтгартай, чимээгүй. Найз нар маань яг л надтай адилхан байсан. Харин энд бид олуул болохоор багш ч бидэнтэй их ажиллаад, багш илүү их арга хэрэглэж хичээл заадаг нь сонирхолтой гоё байна гэсэн юм.Эцэг эхчүүдийн зүгээс нэмж ширээ сандал авцгаан хүүхдүүд 2, 2 оороо суудаг болсон ч сурлага, хичээлийн ойлголт муудаж сул дүн авч л байна. Эцэг эх болон багшийн анхаарал сулрах өчүүхэн ч орон зай байхад л хүүхэд сугараад унах нь их юм. Гэвч хүүхэд юм сурахдаа амархан, жаахан анхаарал тавиад хичээллүүлж, ажиллахад л дороо хичээлээ гүйцээд ирдэг толгой сайтай болохоор арай өөр арга барилаар ажиллахад болно л гэж боддог.

Энэ тухайгаа Онгодтой ярилцахад. 

Монголчууд бид хүүхдийг орчинд нь сургах аргаа илүү их боловсруулсан улс. Нэг газар олноор нь чихчээд, хөдөлгөөнгүй суулгаж зааж байх зав муутай учраас ахуйдаа сургахдаа олон төрлийн аргаар сургачихдаг л байсан юмсан. 

Хүүхдийн нас биений онцлог, сэтгэхүйн хөгжил, зан аашинд тааруулаад олон тоглоом, ухаанаар сурганаа. Мөн нас насанд нь тохируулан ямар мэдлэг олгох вэ гэдэг л маш чухал. Эхлээд хүүхэд байх бололцоог нь хангачихаад дараа нь том хүн болгох бололцоог нь нээж өгдөг юм гэж Онгод хэлсэн нь сонирхолтой. 

Хүүхэд байхын тулд хөгжилдөж бас бие нь өсч, нийхэмшиж, харилцаанд суралцаж байж хүн болох суурь нь тавигддаг. Та нарын алдаа бол удирдагч, дарга, агуу хүн болгоно гээд хүүхдүүдээ хэтэрхий их ачаалал өгч байдаг. Нас насанд нь таарсан, мэдвэл зохихуйн мэдлэгийг өөрсдөө та нар судлаж мэдсэн үү? Цөөхөн хүүхэдтэй ангид өгч, их хичээлээр шахаж, хүүхдийн урам зориг, итгэл сэтгэлийг өөрийнхөө мунхаг хүслээрээ дарангуйлдаг. Ингэж бэлддэггүй юмаа. Хүн гэж нийхэмдээ амьдардаг өөрөөр хэлбэл бүлгээрээ амьдардаг амьтанлаг шинжтэй. Хүн чинь амьтан мөн биз дээ Айааааннн. Би буруу яриад байна уу? Амьтнаас хүн бодож сэтгэдэгээрээ л ялгаатай гэж та нар мунхардаг. Бусад амьтан ч бодож сэтгэж, хөдөлмөрлөж амьдардаг. Хоолоо олж иднэ гэдэг ч бас нэг төрлийн хөдөлмөр. Амьтан бүрт өөр өөрийн амьдрах арга ухаан бий. Хүн амьтнаас ялгарах юм нь илүү ихийг бүтээж бас сөнөөж чаддагаараа л ялгаатай. Олон дунд өөрийгөө зөвшөөрүүлэх, орой манлайд нь гартлаа хүүхэд тэмцэлдэж, бас хичээж, олон янзын оршил ахуй байдаг гэдгийг харж, таньж, харилцаж байж ухаан нь тэлж, амьдралын мөн чанарт суралцдаг. Тэмцэлдэж сурахад ч учир бий. Мууг жигшиж, сайныг дагахын тулд юу нь сайн мууг ялгаж чаддаг, хэрхэн давах ухааныг орчин нь олгох ёстой.

Гэтэл баячуудын хүүхдүүд гээд анхнаас нь ойлголт өгөх сургуульд өрсөлдөж үрсээ өгчихөөд өөрсдийн тэнэг сэтгэхүйдээ хүүхдүүдийг албадан сургаж байна. Баян ядуугийн ойлголтоор би илүүдээ их мөнгөтэй, алдартай сургуульд явж байна гэх ойлголттой, бүгдийг мөнгөөр хэмжсэн ёс суртахуунтай газарт эдээр өрсөлдөх ухааныг суулган, цөөхөн хэдэн ганцаардсан ижил арга барилаар хүмүүжсэн, хайрцаглагдсан сэтгэхүй нь хөгжсөн ижил орчинд хүүхдүүдээ аваачиж хорьдог. Тэд ажил хийж сурахгүй, амьдралаас хол хөндий, бусдыг ялгаварлан гадуурхах үзэлтэй, ашиг сонирхлын орчинтой боловсон шоронд ихээхэн мөнгө төлж суулгаж байгаагаа ухаарахгүй юм. Дэлхийн стандартад таарсан боловсрол гэнэ шүү. Хэн тэгээд байгаа юм бэ? Тэгвэл дэлхийгээрээ гэгээрчихсэн, үлгэрлэх орон болсон нь хаа байгаан. Тэр алдарт Америк, Японд чинь ч өдөр бүр гэмт хэрэг гарсаар, баян ядуугийн ялгаа өндөр, ёс суртахууны хэм хэмжээ доор, байгаль амьтай харьцаж мэддэггүй, өвчин зовлон асар их байгаа. Бидний үе Их Монгол улсад эмнэлэггүй, шоронгүй, цагдаагүй нийхэм байгуулж чадаж байсан юм шүү. Түүнийг хийсэн нь хаа байна. Улам л олон эмийг туршилтанд оруулж, улам л олон янзын өвчлөл гарч, улам л олон шорон гяндан барьж, улам л олон хууль сахиулагч нар ажиллаад ажиллаад жинхэнэ хүн гэж ямар байх ёстойг мэдээгүй л явцгааж байнадаг.

За чиний хүүхэд чинь тэгээд том боловсрол эзэмшлээ гээд хэнийг удирдах юм бэ? Монгол хүнийг, Монгол нутагт удирдана биз дээ. Эсвэл Америкт очоод удирдах юм уу? Өршөөгөөрэй тэр Америк чинь бас өөрсдийн үндсэн хүүхдүүдээ сургаж, бэлдэж, ирээдүйгээ атгуулах бодлоготой л байж таараа. Ямар ч улс оронд өөрийн орны иргүн ээ түрүүнд тавьдаг нь жам ёс. Эхлээд тэдний албан ёсны иргүнүүд ажил төрөлдөө орно. Аа харин дараа нь өөр улсын иргүн үнэхээр онцгой байж гэмээн нь ажилд орно. Гэхдээ хэзээ ч тэр хүн Төрд ч бай ямар нэгэн зүйлд туслах л байдаг. Хамгийн томоор нь бодоод үз. Хаан болж чадахгүй. Чамд тэр үндэстэн итгэхгүй. Чи тэр нутагт мэндэлээгүй, өсөөгүй, өөрсдөд нь хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшээгүй, эцэг эх удам судрыг нь тэд мэдэмгүй учраас энд сурсан хүүхэд чинь бүүр ч ихийг туулж байж л тэр нутагт хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. 

Юун том ажил хийх байтухай нэг бараан дээр л та нар Бэрээнд бас Э хуулбар гэдэг бил үү. Хуулбар Бэрээнд гэгч чинь ганц бараан дээр яадаг билээ. Тэгвэл бүхэл бүтэн боловсрол, улсын эрх ашиг хөндөгдөх зүйл дээр яах вэ? Ямархан их зүйлд тэмүүлүүлэн бэлдэнэ вэ? Эхлээд ул суурьтай бодож өөрийн Тэнгэрийн санаагаа таньж мэдчээд үрийнхээ ирээдүйг тооцож бэлд.

Хэрвээ Монголд харин манлайлагч болговол арай хялбар байх шүү. Гэвч Монголд манлайлагч болно гэвэл Монгол хөрсийг таньж байж хийдэг юм. Монгол хүнтэй ажиллаж байж, Монгол сэтгэхүйгээр сэтгэж байж, Монгол орчинд нь тааруулж байж амьдардаг юм шүү дээ. Эргэх 4 улирлыг нь тооцож, амьдрах чадварыг олоогүй байж гадны бүхнийг хуулна гэвэл насгүй зүйл. Тэсгэм хүйтнийг үзээгүй орныг дууриавал Монголын тэсгэм хүйтнийг хэрхэн давах вэ? гээд л их зүйл бий. Иймд эхлээд Монголоо таниул, Монголоо сайн мэдэж байж бусдыг нээж мэддэг юм. Өөрийнхөө хэлийг төгс сурч, өөрийнхөө удамшилт ухаанаа бүрэн таньсан хүн бусдыг ойлгох, бусадтай харьцахдаа сайн байдаг ул суурьтай. Нялхаас нь англи, орос хэл сургах эцэг, эхчүүд энэ талаар бодсон уу? Анхаарцгаа. Өөрийн муйхар бодлоо бүү нялх үрст тулга. Хоолоо зажлаад идэх, хувцсаа тоглоомоо эвхээд хураах, бөгсөө хэрхэн арчихад нь эхлээд сургаж дадуулах хэрэгтэй дээ. Тэгээд нийхэмээрээ буюу нийтээрээ амьдрах орчинд сургах хэрэгтэй.

Тэгвэл ядуусын гэж гоочлох болсон улсын сургуулийн олон балчир хүүхдүүд дунд сайн муу, сайхан муухай, элдэв бүрийн хүмүүжил, элдэв янзын учрал олон янз байна гэсэн үг. Эндээс сайн мууг харж таньж, олонтой харьцаж үзэж, нэгнээ хүндэлж хамтарч амьдарч суралцана. Уралдаж тэмцэлдэх нь хүртэл 15 хүнээс илүү гарах, 60 хүнээс илүү гарахын ялгааг сана. Олон найз нартай болно гэдэг дэм дэмэндээ, нүүр ихтэй л болдог юм. 15 хүүхэд л таньдаг байхад 60 хүүхэд таньдаг 2 ын ялгаа чинь тэр шударга ёсны сонгуульд чинь нөлөөлж, сонгууль болохоор л цаасанд дүрсээ хэвлэн хог шиг тараадаг тэр сонгуулийг чинь өөрчилдөг юм. Алдраар, хийсэн бүтээсэн зүйлсээр, илүү гавшхай хөдөлмөрөөр зүтгэлээрээ ижил олон андаасаа, үеийнхнээсээ манлайлж гарч сурч байж ирээдүйн удирдагч болдог юм. Тэгэхээр өнөөгийн та нарын сонгууль гэдэг цаас чинь хуурамч болоод л одоо та нар уйлаад сууж байна, дээрээс нь овшаар гэж шинэ үг сураад, өөрсдөө Төрөө сонгочихоод өөрсдөө Төрөө зүхээд байгаагийн ул суурь энэ бяцхан хүүхдүүдээс чинь сургуулиас чинь эхэлдэг юм шүү дээ. 

Олон хүүхдүүдтэй байх тусам эцэг эх та нар бас анхаарал чинь сулрахгүй. Хичээл хийж байна уу яаж байна гээд. Тэгэхгүй 15 хан хүүхэдтэй ажиллах багшид бүхнийг даатгаад та нар хүүхдүүдтэйгээ холдож одно. Иймээс сайнтай муутай бүгдийг нь давхар тооцож суралцах хэрэгтэй гэж билээ. Мөн хэтэрхий том мэрэгшилтэн бэлдэнэ гэж бодолгүй хүн байх амьдралд нь сурга. Хоолоо олоод идэх аргад нь суралцуул. Ямар дадал, ямар авьяас, ямар чадвараараа тэр хүүхэд амьдрах түүнийг нь нээхэд тусла. Хамгийн том сайхан мэрэгшил гэж өөрсдийн чадаагүй юмандаа хүүхдийг албадан сургаж, хөөргөж хөвшүүлсээр дарга болгож, сайд болгож, суудалд залчаад хэдхэн жилд эргээд навс шаварт хутгаж, үгээр булшилж, өтлөхдөө хүний нүүр харах газаргүй, үр удамдаа нэр нүүргүй, үлдээсэн мөр нь гүн хар өнөөгийн сайдтангууд чинь цагтаа хүүхэд л байсан. Энэ Монгол улсад чинь сурсан та нарын олгож байгаа боловсролын чинь үнэн дүр төрх юм. Чи хамгийн сайныг, оройн дээдэд хүргэхээр хүүхдээ бэлдэсэн. Оройн дээдэд хүрлээ, гэтэл гарсан бүхэн унаад ойчоод байгааг харцгаа. Иймд ул суурь чинь буруу байна. Үндэс суурь чинь ялзарсан байна. Өөрийн юмыг биш хүний юмыг таньж мэдэлгүй хуулсан чинь энэ байна гэж дүгнэцгээ. Гэвч одоохондоо энэ дарга нар чинь өндөр боловсролоо харин ч гадны оронд эзэмшээд энэ шүү дээ. Гэтэл тэр чигээр нь хуулаад, төрсөн цагаас нь сургаад байгаа одооны тарьсан үрсүүд толгойд гарахын цагт Монгол хүн биш, гадны хүн ч биш, гадны мал майлах цаг дөхөөд байна шүү.

Олон хүүхдүүд биенээсээ суралцах, олон ухаан амьдралд сурга. Тархины хөгжлөөс гадна биеийн хөгжлийг нь онцгой анхаар. Монголоор сэтгүүлж сургаагүй байж бусдыг дууриах нь балаг авчирдаг. Амьдралаас тасархай, газардаж мэддэггүй сансрын удирдагч нарын гай нь Монголд хөрсөө таниагүй нөхдүүдийн гай. Монгол ахуйд сургаж хөдөлмөр хийлгэж үзүүл. Дөрвөлжин танхимын боловсролыг хөдөө талыг таниагүй ухаантай заагаагүй байж Монголын ирээдүй гэж бүү ярьцгаа.

Үг, Харилцаанд суралцаагүй ганцаардмал, хязгаарлагдмал орон зайнд бэлтгэгдсэн тархины алдаануудыг эцэг эхчүүд өөрсдөө бүтээдэг. Амьдрах ухаанд эхлээд хүүхдийг бэлдэж байж, хүн болгох ухаанд хүргэнэ. Тэндээсээ харин мэрэгших ухаанд суралцдаг юм даа. Та нар хүүхэд төрөөд 5 нас хүрэхэд нь цүнх бариулаад оройн дээд суудалд суулгахыг санаархаж байна. Энд чинь золиос их байдаг юм. Жамын юмыг бүү өөрсдийнхөөрөө бүтээ.

Гадны хэл соёлыг сурлаа гэхэд хар нялхаас нь албадан сургах хэрэг юу байна. Тэр хэлний үгсийн сан нэмэгдэх үү, хасагдах уу, Суръя л гэж хичээвэл хэдий насанд ч төгс сурч болдог л юм. Эх хэлээ бүрэн мэдэхгүйн балгаар хүний хэлний ч үнэ цэнийг гутаадаг болсноо ойлгоцгоо. Хүний хэлний үнэ цэнийг мэдэхгүйн балгаар хүний соёлыг дууриахдаа ч мөн чанарыг нь худал хийж, ухаанд нь суралцаагүйн гай их байгаа нь хүний эрх гээчийг нь хулгайн эрхээр ойлгосон төрд шургалсан луйварчид, баруунд боловсрол эзэмшсэн гэх мэдлэгтэнгүүд чинь бэлхнээ гэрчилж байна. Гүйцэд ухаж ойлгосон бол хуулийг чандлан биелүүлэх байтал хуулийг гажуудуулж байгаа нь дутуу сурсны хар гай биш гэж үү. Ул ухааныг нь ойлгоогүй өнгөц ухаарсны гай нь эргээд түүнийг өндрөөс унагаж нэр нүүргүй болгож байна. Шорон шоронд илгээ л гэнэ, гэвч нэр хугарна гэдэг яс хугарснаас ч долоон дор гэдгийг, хийснийхээ үйлийн үр, амьдарсныхөө мөрийг эргээд харахад үлдэх муу нэр, муухай мөрнөөс өөр юм алга байна. Өв соёл алга гэж мөөрөх болтлоо оюунаа доройтуулна гэдэг өөрийгөө таниагүй хүний л шинж. Хүний юмыг өлөн долон хийж сурсны л хар гай. Эцэг эхийнх нь өгсөн суурь хүмүүжил, харь хэлний, харь боловсролын гай нь тэр гэж билээ. 
Үүнийг сонсоод би бас өөрийн бодоогүй зүйлсээ бодож, алив юмыг цогцоор нь бодохгүй бол болдоггүйг бас сэрж санав. Миний 2 том хүүхэд энэ алдааны үлгэр жишээ. Тэд Японд өсөж, ажил сурдаг насандаа өглөөнөөс орой болтол сургууль дээр өнжиж сурсны гайг бид эдлэж байна. Хичнээн Япон хүн мэт ярьж сурсан ч тэд Монголд харьяалалтай. Монгол хүнтэйгээ сууж, Монгол хүүхдүүд гаргацгаасан. Бодлын зөрүү, амьдралын зөрүү, ахуйн зөрүүний гайг бид эдэлцгээн эргээд том 2 хүүхэддээ мөнгөний үнэ цэнэ, ахуйн эмх цэгцийн үнэ цэнэ, амьдралаа зохицуулах хөрсний үнэ цэнийг ойлгуулах гэж нэгэнт дадал болсон тархины алдаан дээр асуудалтай тулгарч байна. Бага хүү ч багадаа гадны оронд амьдарсны балгыг бага дээр нь засахгүй бол болохгүйг бас л оройтон мэдэрч байна. Одоо л Монгол хүн болохын тулд өөрсдийн хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг дээр ирж байгаа. 

Гэвч хүүхдүүд маань хаа очиж Монголдоо л хайртай учраас Монголдоо л амьдрах гэж хүсдэг. Нөхөр залуу насаа гадны оронд сурахад зориулж доктор хамгаалав. Мөн гадны оронд нэгэн сургуулийнх нь захирлыг 4 жил хийж үзсэн. Нөхөр бид 2 залуу насаа гадны орнуудад өнгөрөөсөн учраас Монголынхоо үнэ цэнийг яс махаараа мэднэ. Иймээс сурсан мэдснээрээ гадны оронд ажиллах биш, Монголдоо тайван амьдрахыг илүүд үздэг. Мөн маш олон гадны оронд ажиллаж амьдарч байгаа Монголчуудтай ярилцаж, зовлон жаргалыг нь хуваалцаж явдаг хүний хувьд нийтлэг өөр зовлонгуудыг сайн мэднээ.

Сар бүрд ихээхэн мөнгө орж ирлээ ч, гуниг гэж зүрхнээс уяатай байдаг. Цаг агаар, уур амьсгал нь маш түвэгтэй. Гадны хүнтэй сэтгэлээсээ инээж наргиж болдоггүй. Сэтгэхүй нь өөр байдаг. Санаандгүй хэлсэн үг, үйлдэл аюул дагуулах магадлалтай. Тэр улс өөрийн иргэнээ л өмөөрөхөөс гадны орныхныг өмөөрч тэнэгтэхгүй. Мөнгөний тоонд болж гадаад явдаг ч ирээд Монголд тэр мөнгөөрөө дахиад л амьдралаа босгохоор эхнээс нь эхэлдгийг мэддэггүй. Мөн сүнсний хоол дутагдаж, өөрөөр хэлбэл батерэй дуусч эхлэн цаанаасаа биеийн тамир тэнхээ өөдлөхөө байнаа. Дараа нь эрүүл мэнд маш хурдтайгаар үгүй болж эхэлдэг.

Мөнгөний тоо нь их ч тэр оронд идэж ууж, байрандаа төлж, татвар өгдөгөө тооцдоггүй. Мөнгөний тоо бол тоо л гэдгийг ухаж дийлдэггүй л юм даа. Явж явж Монголдоо ирэхэд чиний орон тоог хэн нэгэн бат эзэлчихээд өмнөөс чинь өмхийгөө тавьж, өөр боломж олгохгүйн тулд үхэн хатан тэмцэлддэг. Чи эргээд Монголд ажил, амьдрал, гэрээ бүхнийг шинээр 0 ээс дахин эхэлдэг. 

Гэвч төрсөн нутгийн давуу тал бас их бий. Миний сүнсний хоол арвин учир дорхноо сэхлээ авна. Монголд бол миний цагдаа намайг хамгаалахгүй ч би өөрийгөө өмөөрөх арвин их хэлний баялагаа багаасаа сурсан байдаг. Бас танил тал олон бий. Гадаадад яахын, төрөлх хэлийг нь өөрийгөө өмөөртлөө эзэмшиж чаддаггүй л юм. Модон хэдэн үг л мэдэхээс, нарийн үгсийг нь ухааныг нь тэр ард түмэн өөрсдөө амьдралдаа сурчихсан байдаг. Намайг өмөөрөх маш олон хүн байхгүй сайндаа танил худлаа инээсэн хэдэн хүнээс хэтрэхгүй. Тэд тэгтэл чиний төлөө гүйх үү. Бага наснаасаа өвөр түрийндээ ортлоо найзалж дассан биш. Тийм хүн ховроо ховор. Тэнд ганц мөнгө л, бүүр их мөнгө л хүчтэй. Чамайг өмгөөлөх бүх хүний сэтгэхүйд эхлээд нутаг нэгтнээ өмөөрөх зан цаанаасаа л суугаастай байдаг. Монголд бол яахын мөнгөгүй байсан ч өмөөрөх ард түмэн бий. Муусайн хулгайчууд, мөнгөөр шийдлээ гэж хараалцах ижил олон ард түмэн бий. Сэтгэлээрээ ч гэсэн өмөөрүүлнэ гэдэг бол аз жаргал шүү.



No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.