Tuesday, December 28, 2010

Өдрийн тэмдэглэл



...Үлгэр үнэн болж, үлгэрийн баатрууд амилан, би өөрөө үлгэрт гол баатар болсон өнөө цагийнхан үнэмшихээргүй, итгэхээргүй хачин жигтэй явдлууд ар араасаа цуварсаар өнөөдрийг хүрчихлээ. Хэрэв багш минь байгаагүй бол, төрсөн хүү болон үеэл дүү охин бөө болон энэ үлгэр нэг жилийн өмнөөс эхлээгүй бол, анхны зээ охин Анунгоо минь алтан амиа алдан байж биднийг сэрээгээгүй бол өдийд би алдарт Шар хаданд өөрийгөө үнэхээр галзуурчихсан юм байна гэж бодоод л эдгэчих санаатай эмээ уугаад, тариагаа тариулаад л томоотой байж эсвэл үнэхээр галзуурчихсан торон дотор үсчээд байж байх байсан биз.

     Гэвч Монголд маань маш олон бөө удгад төрж, төрсөөр байгаа, төрөх ч болох энэ цаг үед тэдний л нэгэн адил угаа авсан би түүхээ заавал бичиж үлдээх даалгавар аван 35 үсгээ ар өвөрт нь хэлхэж хэвтэх юм гэж хэн санах билээ. Номыг тусгай толгойтой эрдэмтэн мэргэд л зохиож бид түүнийг нь уншдаг гэдэгт итгэдэг би  өөрт тохиосон энэ хэдэн жилийн үйл явдлыг тоймлон хүргэх шалтгаан нь даанч зугтах аргагүйгээр хэлээ унжуулан бууж өгсөн миний амьдралын хувь заяа билээ.


     Итгэнэ үү байна уу, шоолно уу, доромжилно уу та нарын эрх ч заавал энэ тухай түмэнд мэдэгдэн өөрийн амар амгалан, тайван амьдрал, төрсөн биеэ золиослон Тэнгэрт тангараг өргөн тушаасан тэр өдрөөс хойш түүхээ бичин үлдээх нэг даалгавраа биелүүлж байгаа минь энэ билээ.  Энэ түүх нь өчүүхэн улаач миний хувийн богино хэдхэн сарын түүх ч гэсэн  шинэ ирэн зуунд морилж ирж байгаа Тэнгэрийн хүсэл, түүний үе үеийн улаачдын амьдруулсан ,өнгөрүүлсэн бодит түүх болно. Мөн ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНы эргэн Хөх Монголдоо заларч хэлсэн үг, хийсэн ажлуудын товч түүх, яг одоо энэ цагт амилаад байгаа бодит бумбын эриний эхлэл, газар дэлхийн хүмүүсээс шалтгаалан амьдрах уу, эс амьдрах уу нь үргэлжлэх дэлхий ертөнцийн амьдралын утга учрын нэгээхэн цаг хугацааны бодит болсон явдал болохыг ойлгоно уу! Энэ бол үлгэрийн далай биш үнэн явдал.

     2011 оны 3 сарын 24нөөс л би өдөр өдөрт нь хагас дутуу өдрийн тэмдэглэлээ амжуулж бичих болтлоо яагаад байгаагаа ч сайн ойлгохгүй ихэд л будилж явлаа. Хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй их ажил ундарч хоол, нойроо хассан би ядаргаанд орон хагас өдөр хэвтэж байж л энэ түүх гэгчийг бичих ямар хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн юм. Гэсэн ч надад их ажил байнаа. Яаж бичиж дуусч, яаж хэвлэн, яаж хүмүүст хүргэх вэ, ямар их шүүмжлэл, хардлага сэрдлэг ирж, хөөрхий намайг алах гэж дайрах болоо гэх мэт ургуулан бодоход үнэхээр хэцүү байгаа ч үнэн юм үнэнээрээ сайхан. Үнэн ялдаг хойно үүрэг хүлээсэн Тэнгэрийн улаач шүүдээ яая гэхэв гээд бичиж эхэллээ. Яг одоогоор надад итгэх хүн ч алга, туслах хүн ч алга, таних хүн ч алга. Гэвч ганц дайчин  ганцаардахгүй ээ. Газар дээр ганцаараа ч, галав ертөнц миний талд байгаа болохоор би хэнгэрэгээ ч авч, үзгээ ч авсан учир минь энээ.

     Гэхдээ Та минь ээ, би огт зохиолч биш, бас тийм дадлага туршлага үгүй. Ерийн нэгэн учраас найруулгын алдаа малдаа, үсгийн алдаа малдааг нь өөрсдөө засаад уншаарай. Шинэ бичгийн дүрэм гараад их л өөр бичдэг болсон гэсэн. Би чинь аль амбасан 80 оны амьтан болно. Тэнгэрийн зарлиг биелүүлэх улаач гэдэг нэг үгээр тушаал авсан цэрэг гэсэн үг. Чадваргүй байлаа ч Заа л гээд түүхээ, болсон бүхэнг бичиж байна.

Хий үзэгдлүүдийн тухай анх сонсож, орооцолдож эхэлсэн түүхийн эхлэл 

     2005 оны зун. Миний өсгөсөн балчир дүү минь аль хэдийн өсч том болон миний гэрт гадаахи хамаг л ажилд тусладаг болжээ. Би жаргах цаг иржээ. Жаргаж ч байлаа.Нэг удаа тэр: “Эгчээ миний найзын нэг танил далдыг мэддэг лаг хүн гэнээ. Тэрүүгээр би ном сонин уншуулмаар байна” гээд л бид хоёр бэлдэх юмсыг бэлдэн гэртээ залав. Манайд их л сайхан ааштай, сайхан сэтгэлтэй, нүдэнд дулаахан Энхээ  удган айлчлан ирснээс л энэ түүх эхэлсэн юм.

     Тэр “анайх саяхан бөө залаа юу?” Үгүй ээ. “Лам авчраа юу?” Үгүй ээ.  “Тэгвэл танайх их л том юмны даалтанд байдаг айл бололтой. Миний зүрх өвдөөд бие салганаад нэг хэсэг эвгүй боллоо” гээд л номоо уншиж байснаа. “Танай хүү чинь хэрэгтэй байна” дууд гэлээ. Манай нөхөр Христчин бөгөөд элдэв лам хуврага, бөө удганд дургүй учраас хүүгээ аваад явчихсан байв. Би утасдан цагийн дараа тэр хоёр ирэн нөхөр нөгөө өрөө рүү орон хүү өрөөнд гүйж орж ирлээ. Тэгээд тав, арван минут бололгүй татаад унаад өгөв. Энхээ эгч юм уншин илж, бид сандран гүйлдэж байтал сэргэлээ. Хүү маань хэлэхдээ: “Маш их гүнзгий хар ангалруу унаж байтал нэг хүчтэй гар намайг татаж авчирсан” гэж сэргээд хэлэв.

     Тэр өдөр Энхээ удган: “Хүү болон намайг сахиустай юм байна, бөө болох ёстой” гэж анх удаа хэлэн бид мэл гайхав. Юун бөө, манайд лам ч байдаггүй тийм удам судар ч үгүй гэлээ. Гэтэл “Аав чинь буруу оршуулагдаж одоо хүртэл хөөрч чадахгүй байна гэнэ. Дахин оршуулах хэрэгтэй” гээд хэд хоногийн дараа бэлтгэл хийгээд уулзан дахин оршуулах ёслол хийсэн билээ. Бид бөөг огт ойлгоогүй ч гэсэн үнэхээр миний аав 20 жил газар хэвтсэн хэвээр байвал яанаа гэж сандарч, сэтгэл зовсондоо тэр ёслолыг хийсэн юм. Дахин оршуулчихаад ирэхэд аав маань тэр удганы биед ирэн бидэнд : Их баярлалаа. Аав нь Атаа таван тэнгэртээ гараад их сайхан боллоо. Охин минь чи хүүхэд гаргах хэрэгтэй. Уг нь ихэр байх ёстой ч нас чинь явж бие чинь дийлэхгүй байх, нөгөө ихрийг нь нэг дүүд чинь өгнө” гэхэд би мэл гайхаж хүүхэд гаргах дуртай байнаа гэхдээ маш хэцүү байна. Байрандаа багтахгүй бид арай гэж л байгаа. Их бэлтгэл хэрэгтэй гэхэд “Бүх юмаа шинэ ирэх хүүхэд өөрөө бэлдчихнээ санаа зоволтгүй” гэж хэлсэн.
Түүнээс хойш удалгүй хоёр сарын дараа би жирэмсэн болж, гурван сарын дараанаас л ажил ундран бид бүгд их ажиллан,  мөнгө олонээжийнхээ авч өгсөн газарт байшин барьж эхэлсэн. Тэр мөнгөөрөө хашаагаа барин, байшингийнхаа суурийг тавиад зээл аван байраа барьж дуусган одоо тэндээ амьдардаг болсон нь яахын аргагүй үнэн юмдаа. Би дөнгөж жирэмсэн болуут л түүний нэр миний тархинд шивнэгдэн нэрлэгдсэн ч Монголчууд шинэ төрөх хүүхдэд нэр өгдөггүй заншилтай тул гэрийнхэн минь эсэргүүцэн, нэрийг нь ч шүүмжилж байсан ч тэр нэрний эзэн хүү мэндлэн эрүүл энх өссөн юм.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.