Sunday, July 3, 2016

Бяцхан Улаач


Амар байцгаана уу? Миний блогийг уншигч андууд минь ээ. 

Завгүй байсаар хичнээн ч удаа өдрийн тэмдэглэлээ оруулсангүй вэ. Өдрийн биш жилийн тэмдэглэл л болох нь байна. Онгод Тэнгэрүүдээсээ суралцсан он жилүүд маань ололт амжилтаар дүүрэн байлаа. Гэвч ар гэр минь юу болсон нь магад миний ижил бөө заяат эмэгтэйчүүдэд минь чухал байхаа. Учир нь маш олон эмэгтэйчүүд бөө болсноос болж гэр бүлийн асуудалд нь түвэг учирч түүнийг давж гарах гэж их тэвчээр шаардах амьдралд унадаг. Та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө бичсэнээр нөхөр маань өөр оронд бага хүүтэй минь ажиллаж амьдарч, би бөөгөө хийсээр өнгөрсөн он жилүүдийг үдлээ. Жилдээ нэг удаа тэр ирэх юмуу, би очиж нэг сар хиртэй хамт амьдарч байтал 5 жил өнгөрсөн байх юм. Түүнийг Монголд зуны амралтаараа ирэхэд би хөдөө тахилгад явчихсан байж таарна. Хальт мульт ирж уулзаад таван үг ч солих завгүйгээр яваад өгнө. 

Онгод Тэнгэрүүд минь ивээн тэтгэж морь жилдээ нэг зээ, 2 ач хүү, төрсөн дүү нэг хүүтэй болж нөхөр минь өвөө, би эмээ болчихдог байна ш дээ. Ноднин өвөл нөхөр Монголдоо ирэхэд нь ач, зээ нартайгаа, халуун ам бүлээрээ хамтдаа байж он гаргах гэж баярлаж байсан ч Онгодууд маань Америкт очиж бөөлөх шаардлагатай хэмээв. Он гаргаад болёооо, би гэр бүлийнхэнтэйгээ хамт баймаар байна гэхэд: Тэгж болноо. Гэвч Америкт л тусах нэгэн одон айгийн нөлөө, хугарлаар дэлхийн үржихүйн хүрд, наран сүлжээг тэтгэн бөөлөх учиртай. Манай Монголд тэр одон ай хэдэн зуун жилийн дараа ирэхээр тойрог замаар явдаг юм даа. Чи 300 наслаж чадах уу гэж билээ. Дор хаяж дахиад 60 наслаж чадна гэвэл өөрийнхөөрөө бол гэвээ.

Энэ үед би Дэлхийн дулаарлын эсрэг чуулсан олон улсын хуралд Парист суугаад ирэв. Гэгээн маань бие нь өвдөж, угаа яаралтай авах болсон учраас онгоцноос бууж ирүүтээ Онгодыг нь залж өгөв. Манай өргөөний улаачид маань Гэгээний бүх л зүйлд дэм болон бэлдэлцэж, өргөө гэрт хүлээж байлаа. Тэр өдөр уйлаагүй хүн үгүй. Өрөвдөх, айх, хайхах юм юм л болсон бизээ. 
Монголдоо тавхан хонуутаа Америк аргагүйн эрхэнд явахад нөхөр болон Гэгээн хүү маань бас хамтдаа явцгаав. Үйлийнхээ заавраар би Америкийг бүтэн тойрох аялалтай байсан учраас машинаар Шилүүхэй улаачийн хамтаар нөхөр, хүү хоёртойгоо тойрлоо. Олон олон Монголчууд минь замд тосон авч өргөө гэртээ хонуулж, цайлж, амрааж байсанд үнэхээр хайхмаар байлаа. 

Зам зууртаа надтай уулзахыг хүссэн Гэрлийн өргөөний дэмжигч нартай уулзалт хийв. Америкт болсон үйлүүдийг дараа завтайдаа дэлгэрүүлж бичих бөгөөд надад тусласан олон Монголчуудынхаа тухай бичнээ. Миний уулзалтын хажуугаар нөхөр маань бас өөрийн түүхээ, үзэл бодлоо хэлэхэд нь би маш их хайхав. Тэрээр анх надтай учирсан болон миний бөө болсон паян, өөрт тохиолдсон хэцүү зүйлс, намайг ойлгож тэвчихэд гаргасан сэтгэлийн тэнхээгээ олон хүнд ярьж өгөхөд түүний бөөгийн тухай ойлголт өөрчлөгдөж, биднийг дэмждэг болсныг сонсоод их баярлав. Ганцаар амьдарсан олон жилдээ нөхөр маань их зүйлийг ухаарч бодож ойлгосон байв. Би гэдэг хүн чинь улсын ажил гээд гэр бүлээ мартсан байжээ. Гэр бүлийнхээ төлөө зүтгэх ёстой шүү хэмээн хүмүүст хэлж байлаа. Энэ хүн намайг блогтоо их айхтараар бичдэг ч би чинь бас ч гэж гайгүй шүү. Архи уухаа больж, аятай сайхан болж, энэ сайхан Тэнгэрийн ажлыг ойлгодог болсоон. Эр хүний хувьд бодоод үзвэл хэцүү биз дээ. Эхнэргүй юм шиг л хэдэн жил амьдарлаа. Бөө болоод намайгаа тоохоо ч больжээ. Үргэлж л завгүй байх юм. Тэнгэр сайхан зохицуулж намайг алс газар цөлжээ. Хэрэв тэгээгүй бол би юу гэж солиорч эхнэрээ их зовоох байсан болдоо. Аягүй бол Тэнгэрийнх нь ажлыг хийлгэхгүй их саад болох байсан биз. Алсад байсан тулдаа их зүйлийг ойлголоо. Гэр бүлийн зүгээс бөө хүнээ сайн дэмжиж тэтгэж байгаарай гэж захиж хэлж байхыг нь сонсоод хөөрхий минь дээ, миний хань хатуухан зовлон тууллаа даа гэж өрөвдөж байв.

Өөрийнхөөрөө тэс зөрүүд миний арга эвийг олж, бяцхан хүүгээ гахай болтол бордсон нөхрийнхөө хүч хөдөлмөрийг хараад өрөвдөхгүй ч яахав дээ. Гэгээн хэдэн давхар харвинтай, бандайсан цагаан хүү болон иржээ. Надтай Гэгээн явбал хөдөө гадаа тэнэсээр, хоолтой хоолгүй явсаар хорчийсон хар юм болгодог болохоор нөхөр маань хүүхэддээ хир их анхаарал тавьж арчилсан нь бордсоноор нь тодорхойлогдоно. Тэр гэрийн авгайн ажлыг хийж, угааж цэвэрлэх, хоол унд хийх, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ тоглуулах гээд л ганцаараа олон жилийг давгүй хийгээд гарчээ.

Аа харин би Монгол болон дэлхийн олон орноор хэрэн хэсч бөөлөө хийн, суурин байх хугацаандаа ном судруудаа гаргахдаа Монголд байх ээж, дүү, том хүүхдүүдтэйгээ ч тухтай уулзаж чадаагүй. Зайран том хүү маань европод хамт бөөлөхөөр явахдаа л онгоцны суудалд зэрэгцэн сууж ээжтэйгээ хэдэн цаг хамт байх хугацаа гарч байв. Ар гэрийн ажлаа мартсан ийм нэгэн бөө болжээ би. Аа харин олж мэдсэн, огшиж сэрсэн, ухаарч уярсан, уурсаж догширсон нь олон түүхийг давжээ хөөрхий. Гэгээн нэгэнт бөө болсон учир заавал Монголд байх хэрэгтэй болов. Бяцхан түүнийг бөөгийн хүнд хэцүү амьдралд хүний газар яаж ганцааранг нь байлгахав гээд Монголдоо авч үлдэн нөхөр гадны орон руугаа явлаа. Энэ удаа тэрээр хүүхэдгүй учраас ганцаардлын туйлыг үзсэн бололтой байнга утсаар ярина. Сэтгэл нь хямарч, хурдан харьмаар байна гэж үглэн хэдхэн сарыг л тэвчиж өнгөрөөв.

Тэгж байтал тэр оронд асар хүчтэй далайн шуурга ирж байна гэж нөхөр утсаар ярилаа. Далайн шуурганаас хойш хэд хоног холбогдох гээд чадсангүй. Тэндээ байж бай гэдэг би бээр нөхөртэйгөө холбоо барих гээд чадсангүй, санаа зовон ажлаа ч хийж чадахаа болив. Далайн шуурга хүчтэй болж тэр улсад цахилгаан тасарч, олон хүн үхэж, хүнд хохирол гарсан ч манай байшингийн дээвэр л жаахан нурснаас бусдаар гайгүй гэнэ. Тог ирж та нартай холбогдлоо гэж сэтгэл амраав. Цунами болуул орчлонгоос авралгүй арчигдах далайн тэр арлын орноос нөхрөө хурдан ир, эндээ байсан нь дээр юм байна гэж ярилцав. Ингээд нөхөр бэлтгэлээ хангасаар Гэгээн бид 2-ыг хурдан ирж гэрээ нүүлгэхэд тусла гэснээр тэр арлын оронд очоод эр нөхрөө олж ирвээ хөөрхий.

Монголдоо ирсэн ч бид завгүй байх бөгөөд өөр хоорондоо ч 5 үг солих зай гарсангүй. Олон ач, зээ нараа харан инээж баясавч тэднийхээ эрх чөлөө, тусгаар амьдрал, уух ус, гишгих газар, амьсгалах агаарын төлөө бүр ч хүчтэй тэмцэлдэхгүй бол болохооргүйгээр нийгэм намайг зүгээр байлгахгүй, зүгээр суулгахгүй болжээ. Өлмийдөө гишгэх газаргүй болохоосоо өмнө өнгөт дэлхийдээ ийм ч бөөлөө, тийм ч бөөлөө хий, ийм ч ном хэрэгтэй тийм ч ном хэрэгтэй гээд Онгодууд ч намайг чөлөөлөхгүй байгаагаас өдрийн тэмдэглэл минь жилийн тэмдэглэл болчихжээ өршөөнө биз ээ.

Амьдралд сайн муу юу ч тохиолдсон тэвчиж гарч, тэмцэж давж, зүтгэж амьдрахгүй бол Тэнгэрээс унах азанд хувь тавилангаа даатгаад сууна гэж угаасаа байдаггүй бололтойдог. Зорьсон хэргийнхээ эцсийг үзэхээр тэмүүлэх намайг ойлгосон нөхөр маань одоо миний талд бат зогсчээ. Ингээд байвал би юу гэж ярдаглахын гээд л би ч бас арай гайгүй болжээ. Онгод Тэнгэрүүд минь бууж олиггүй намайг засч бас гэрийг минь засч өгсөнд гялайн талархаад ч барахгүйнээ.Юу юунаас илүүтэй тархины алдааг минь олж өгч засуулдаг гэдгийг улаач бүхэн минь мэдэж, тэднээс ид шид, их мөнгө, азын сугалаа шаардахаасаа өмнө юу ухааруулах гээд байна, би буруу амьдарч байж уу, би хэрхэх вэ, тэднээс юу суралцах вэ, түүнийгээ хэрхэн биелүүлэх вэ гэдгээ бодож хийсэн нь дээр гэдгийг ойлгуулсан, эсэргүүний нөхрийг минь хүртэл эсэргүүцэлгүй болгож өгсөн Онгодууддаа талархаад баршгүй. 

Тэнгэрийн сорил гээч бас хатуухан даваа шүү дээ. Чи өөрийгөө хамгийн ойрын хүндээ ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж чадахгүй бол ямар юмных нь улаач байхав дээ. Бусдад хэрхэн юу гэж тайлбарлаж, яаж ойлгуулах вэ гэдгийн л эхлэх сургалт байх ажээ. Иймээс эр нөхөртөө ч юмуу, эхнэртээ гомдоод хэрэггүй, намайг ойлгосонгүй гэж гутраад хэрэггүй. Харин энэ бол ийм учиртай сорилго, би яаж үүнийг даван туулж, хэрхэн улаач болох вэ гэдгээ бодох аваас сэтгэл санаа чинь ч бачимдаад байхгүй гэдгийг заяа нэгт эмэгтэйчүүддээ зөвлөмөөр байна. Би үүнийг дуулж сонсож биш туулж, давж ирсэн бөлгөө. Ккк. Олон өдөр гомдлын нулимс урсгаж, өөрийнхөө азгүй тахиаг гайхаж байсан үе бий надад. Ийм ч олон улаач нар надтай таарч асууж зөвлөгөө авдаг. Нөхөр нь бөө боллоо гээд зодох, эхнэр нь хаяад явах, элдвээр доромжлох гэх мэтчилэн бүр ч хэцүү асуудлуудтай олон улаач бий.

Чи түүнийг давж чадахгүй бол цааш ахихад, тэвчээр, ухаанд чинь хүч хүрэхгүй гэдгийг ойлгож, үгээр үзэлцэхээсээ илүүтэй хийсэн бүтээснээрээ, өөрийгөө өөрчилснөөрөө тэднийг ухааруулна. Эерэг сайнаар бодож, өөрөө л хичээж, тэдэнд түвэг болохгүй ч үйлээ үлгэр жишээ хийж чадах аваас тэд ойлгодог юм шүү. Ингээд өөрөө гүйж ирээд л түшээ чинь болно шүү дээ. Өөрийгөө зас эхлээд, үзэл бодлоо чөлөөлж, алс холоор сэтгэж, өргөн дэлгэрээр олон салаагаар гарцыг хайх хэрэгтэй. Энд л өвгүд чинь сургадаг. Гэтэл үүнийг нь хийгээгүй байж Онгодоо авчаад байхад олиггүй байлгав гээд өөрөөсөө биш бусдаас өө хайгаад байвал Тэнгэр чамд итгэж дараагийн заяаг өгөхгүй гэдгийг л мэдэж аваарай. Үзэл бодол нь хашигдмал хаалттай байх аваас өөдтэй зүйлс учраад байдаггүй юм. Учир нь энэ бодол, итгэлд чинь сэв суулгаж хар сүнснүүд довтолдог юм даа.

Тэгээд гэрээ засна даа.

Зовлонг хамтдаа туулж гарахыг эхнэр нөхөр, 
Зовлогоо хувааж хайрлахыг эр эм хоёр, 
Зулзагануудаа хамтдаа хамгаалахыг эцэг эх хоёр
Зүүгдсээр үхэхийг эмээ, өвөө хоёр гэдгийн байна гэж мэдэж авав оо Аянгат.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.