Monday, May 30, 2016

Хаадын оршуулгын тухайд


Амар байцгаана уу? 

“Ноён” ууланд шунагчид давж заалджээ. Учирлаж байгаа нь өр тавьсан гэнэ. Хийхийн өмнө бодоход яасан юм бэ? Хүний нутгийн уул үгүй болж, ус ширгэх нь ямар хамаа байна. Алтаар авдраа дүүргэж, амьдралаа тансаг болгоно гээд хахуул өгч хийснээ өрөвдүүлэх гэнэ.

Гэвч дэлхий гэгч нь нэг л бөөрөнхий билээ. “Ноён” уул бол дэлхийн өмч. Хар, цагаан, улаан арьстан дэлхий гэж байдаггүй. Хөхрөх ганц дэлхийдээ л хүн төрөлхтөн бүчин оршдог. Хүн төрөлхтөн байгаа байгаа газартаа эх дэлхийгээ хамгаалан орших хариуцлага үүрч амьдрахыг Тэнгэр эцэг зөвшөөрдөг. Илүүд шунаад бугшаад ирвэл устгадаг байгалийн хуультай. Иймээс л эртний хаадуудын зарлигт хүртэл “Хэрхэхийг Тэнгэр мэднэ” гэдэг байжээ.

Дэлхий хүнтэй адил бүтэцтэй ч хүн шиг төрж, үржиж шинэ дэлхий хүүхэд бүтээж чаддаггүйг сана. Харин хүн та төрж, үржиж чадах ч хэдэн миллард хүн, амьтан, ургамлыг дэлхий ээж шиг тэжээж, тэтгэж чадахгүй билээ.

Канадын Сентерра Голд, түүний охин Бороо голд компаныхан өөрсдийгөө өрөвдүүлэхийг хүсчээ. Тэд Дэлхийг биш, Монголыг биш, Уулыг биш, зөвхөн алтыг л бодно. Та нарын хийж байгаа үйлдэл дэлхийг хүнээр төсөөлбөл цус гүйх судаснуудаа барьцаалаад мөнгө зээлж, гоо сайхны хагалгаанд орохтой ижил биш үү. Мэсээр бүтэх хөөрхөн царай, баян төрх чинь цусгүй бол хатаж, хагарч, өмөрч унах бус уу. 

Алт бол эх дэлхийн хөрөнгө, түүний өмч. Дэлхий алтаараа баярхдаггүй. Алт усыг цуглуулж, усны судлуудыг нээж, олон үрсээ ундаалах ундааг нь бэлдэхэд тусладаг. Нүүрс бол усыг цэвэрлэж шүүж өгнө. 

Эх дэлхий хүнээс гадна, амьтан, ургамлыг тэжээдгийг яагаад мартаа вэ? Дэлхийн олон амьтад баян хүн та нар шиг ус худалдаж авч ууж чадах уу? Хичнээн амьтад усгүй хатаж үхэх бол, хичнээн ургамал усгүй хатаж үгүй болох бол тооцож үзсэн үү. Цэцэг бүрийн тоог, ургамал бүрийн тоог, мод бүрийн тоог, ургамлаас хооллох шимэгчдийн тоог, нисэх зөгий, ялаадын тоог, хулгана зурамны тоог, тэнд амьдрах бусад амьдын тоог, төрлийг тооцож үзсэн үү. Тэдний гэр бүлд хэрхэн сүйтгэл авчирахаа тооцож үзсэн үү. Дэлхий ээжийн нэг хэсэг цэвэр усны зангилаа, газрын гагнаас алтыг устгаснаар Евро, Азид амьдрах хүмүүсийн мөхлийг түргэтгэж байгаагаа тооцсон уу? Үүний хажууд та нарын өр өчүүхэн төдий учир өрөвдүүлэх гээд хэрэггүй ээ.

Учиргүй юм гэж үгүй. Монголчуудыг алт сандайлсан гуйлгачид гэж та бүхэн шоолдог. Алтыг Монгол өвөг дээдсүүд хэм хэмжээндээ л хэрэглэхээс хэтрүүлж хэрэглэхийг цээрлэдэг байсан. Тиймээс ч бидний өвүг дээдүүд жамд зохицон амьдарч, байгалиа хайрлан, эргэж ургаж төлжих хугацааг нь олгох гэж нүүдэг байсан. Усаа хайрлан жаяг, засагтаа тэмдэглэн үлдээдэг байсан. Мөнхийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд нүүдэллэдэг байснаас тэнэх дуртайдаа зовлогоо зулгааж амьдардаггүй байсан.Тэд өөрийгөө тэжээхийн тулд мал, амьтнаа, байгалиа хайрлаж, тэдний төлөө нүүж амьдардаг байсан юм. Хашаа хороонд хорьчихоод алж иддэг биш, амьдрах хугацаанд нь таатай байлгаж, дуртай өвсийг нь идүүлж,олон олноор үржих төлжих боломжоор нь хангаж, идүүлэхийн тулд ургамлыг ургах бололцоог олгож, хэрэглэсэн бол нөхөн төлжүүлэх зарчмаар хариуцлага хүлээн нүүн явдаг нүүдэлчин ардууд байсан юм.

Монгол хаад, хатад өөдлөхдөө голчлон хоёр янзаар оршуулах зан үйлээ хийлгэдэг байсан. 

Нэг нь үлдэх биеэ газарт энгийн оршоож дээр нь мод тарихыг зөвлөнө. Сүнс нь хальж Тэнгэртээ одсон ч үлдэх биеэ эх дэлхийдээ зориулж, газар дэлхийгээ тослон, мод ургах тэжээл болгон өргөнө. Эртний хан, хаадуудын булш дээр 5 мод тарьсан бол 5 тусгаар тогтнолоо сахин хамгаалдаг, 7 мод тарьсан бол 7 дээд эцгийн зөнд гэгээрсэн, 12 мод тарьсан бол 12 дээд эцгийн зөнд гэгээрсэн үйлтэн байжээ гэж тодорхойлогдоно. Ийм газар малчид мал маллахгүй, холуур манан хамгаалж, догшин газар хэмээн шүтэж шүншиглэн, “Ихэс"-ийн газар хэмээн хүндэтгэнэ. “Ихэс"-ийн газарт оршоох хаан, хатан, жанжид, мэргэд, баатрын оршуулганаас бүтсэн их ой, сайхан байгальтай газар Хэнтий аймагт одоо ч бий.Тэндээс та сарайж сэрийсэн олон хөшөө дурсгал олохгүй, харин их сайхан ой, онцгой тарьсан моддуудыг олж харна.Оршиж байсан ихэмсэг төрхөө Ой мод болгон үлдээсэн хаад, хатдуудын санаа агуу билээ. 

Хоёрт: Би үхсэн ч газар дэлхийнхээ төлөө, эх Монголынхоо төлөө гэх хатуу тангарагт, бөөгийн задаар хийгдсэн оршуулах зан үйлээр өөрийн биеэ үлдээсэн хан, хатад, алдартангууд. Энэ нь газрын зангилаа, усны зангилаа газруудыг тэмдэглэсэн “ Ноён”, “Хан”, “ Түшээ” нэртэй хайрхдуудын газрыг биеэрээ тамгалан баталгаажуулж, ясаа тавьдаг зан үйлтэй. Баталгаа нь Монголд ийм ижил нэртэй уул олон бий. Үг дутаа юу? Нэр дутуу юу? Гагц учир шалтгаан ард нь бий. Доош харсан гурвалжингийн хүч чадал юу вэ? Тэднийг хөндөх аваас бөөгийн зан үйлийн хараал, жатгануудын оньс нээгдэн түүнд халдсан хэн болов ч, ямар ч улс оронд гай дуудагдана.

Тэнд халдагсад “Хүлцэл өчих" –өөс нааш ямар ч шидтэн, алдартан, шашин, бөө түүнийг зогсоож чадахгүй. Хүлцэл өчих нь “АЛДААНЫХАА ХОХИРЛЫГ НӨХӨХ” орь ганцхан үндэсний ЧуКур-тай хэмээн “ Хөх Монголыг Нүүдлийн Соёлоор Бадраах Их Засаг-ийн Алтан Дээд ГэрИэ” сударт өгүүлсэн байдаг. Хэдий хирээр хөндсөн төдий хирийн төлбөрийг Амиараа, Сүнсээрээ, Үр Удмаараа, Улс үндэстнээрээ нөхөн төлөх ёстой.Энд түүнийг ухуулахыг зогсоогоогүй Монгол ч өөрөө орно. Хэлж ирэх, хийсэж ирэх чимээтэй, чимээгүй зовлонг ард түмэн өөрсдөө туулдаг юм. Төдий чинээн цус нулимсыг үзэж байж хохирлоо төлдөг жамтай. Сэхээрч, гэгээрч, тэмцэж байж зовлонг туулахгүй бол Тэнгэр чамайг тоохгүй ээ. Иймээс үүнийг сануулж мөн сударт: Угтаж мэдэж, Тосч бэлдэж, Тэсч магад гарах Үндэсний гурван ЧуКур-тай гээд заачихсан нь буй. Худал гэвэл шалгаад үз. Сударт Хөх Монгол Монголоороо байх бүх л арга ухааны нууцууд бий. Төрийг удирдах тархи чинь хүрэхгүй бол судрыг тайлж, тахиж, хэрэглэ гэж зөвлөе.

Монгол хаадуудын булшны онцлог нь доош ухсан пирамид хэлбэртэй байдаг. Тэд үхээд Тэнгэрт сүнсээ дэгдээе гэж сэтгэн дээш харсан пирамид хийлгэдэггүй, харин эсрэгээрээ доош харсан тэгш өнцөгт гурвалжинд биеэ оршооно. Учир нь би үхсэн ч ард иргэд та бүхнийхээ дор оршиж, тэтгэж ивээж явна. Эх дэлхийн гүнд сүнсээ түгжин, үүрэг хариуцлагаа эх дэлхий, газар орны төлөө ямагт хариуцан сахиж явна хэмээн тангараглаж ийнхүү доош харсан гурвалжинд түгждэг бөөгийн задтай холбоотой. Томоохон хаан, хатан-ы оршоох зан үйлд л ингэж доош харсан пирамид ухуулна. Иймээс сэрэмжлүүлэх, сэхээрүүлэх үүднээс энэхүү зүйлсийг дахин анхааруулъя. Магад Тэнгэрлэг гэж онгирох дуртай Монголчуудыг Тэнгэр нь хаяад одоход тийчилж орилоод ч өнгөрсөн болох вий гэж санаа зовно. 

Нэг гэмтний тарьсан гайг ний олноороо үүрдэг нь жам бөгөөд усны зангилаа, газрын гагнаас газрын алтыг үгүй хийж, дэлхийн хөрс шорооны гагнаасыг салган, цэвэр усны нөөцгүй болгох төсөөлөшгүй их хохирлыг хэдхэн зуунхан тэрбум төгрөгөөр сэтгэн, өнөөдрөөр бодон мансуурч байвал сэрэх хэрэгтэй. Чи хэдий чинээ өөрт заяаснаас хэтрүүлэн хэрэглэнэ түүний хирээр өөрийн удмын хоолоо үгүй хийдэг гэдгээ санах хэрэгтэй. 

Уул усаа худалдан, хахуул авилга авснаа нууж гадна, дотно хийх гэж тэмцэлдэх хүмүүс үнэндээ бүтэн нойртой хонодоггүй, дотроо оволзох айдсаа дарах гэж өөрөө өөртэйгөө тэмцэлдэх чи өөрийгөө нэг ажаарай. Өрөөл нэгнээ ч ажаад үз. 

Дотор сүнс чинь аль хэдийн айдсаасаа болоод, ичгүүрээсээ болоод дэгдсэн байгаа. Харин чамайг чи биш бирд, шуналын хар сүнснүүд эзэмдэн, цочих, айх, санаа зовох, хүйт даах, хар муу бодлууд санаанд чинь эргэлдэж, өөрийгөө хүртэл хардах, өнгө ялгахаа больтлоо шунал дуудаж байгааг анзаарна бизээ. Нүд чинь ширүүнээр гялалзаж, өрвөс сөрвөс хийн, өөрийн эрхгүй давчдах чи, өмнө нь ийм байсан үгүйгээ л нэг саначих, атаач зан айдастай чинь зууралдаж, авгай хүүхдийн ч үнэ цэнэ үгүйрч, авах дон чамайг хатгадаг болсон байна.

Өргөө гэртээ нэмсэн өнгөт чулуу бүр чинь амьтай учраас нутгаа санаж байгаагаа чамд уйлан үглэж, адгийн аргаар гар дамнасан мөнгө бүрийн бузар нь ахуй бүхэнд чинь нүүрлэн уйтгар нэмж, ойр тойрныхон ч нөлөөнд нь орж орилж хашгичдаг авгай, ойвор гон зантай хүүхдүүдтэй болсноо нэг ажчихраарай. Халуун биш хүйтэн урсгал хаа сайгүй чамайг дагадаг болсныг ажаарай. Хар сүнсний боол болсноо мэдэрч, үхсэн ч салахгүйг нь таниарай. Өндрийн өндрөөс унах тусам өвдөлт ихтэйг ухаарна буй зээ.

Бурууг бусдаас хайхаар өөрийгөө ч гэсэн уншигч та тольдоорой. Хэн мөнгө өгнө, амаа ангайгаад сууж бай хүссэн бүхнийг чинь өгнө гэсэн хүмүүсийг өөрийн толгойгоо мэдүүлэхээр өндөр сэнтийд залж сонгодог билээ. Бид нар.

Бид мэдсээр байж дуугүй байсныхаа төлөө, ард нь алгаа тосож нөлөөлснийхөө төлөө, ухаараагүйнхээ төлөө, авахыг хүсэгчийг дэмжсэнийхээ төлөө бас л хариуцлага үүрэх нь Жам юм. Өөрсдөө сэхээрээгүй байж бусдыг бузар гэх сэтгэлгээнээсээ салж өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. 

Аянгат удгүн

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.