Saturday, February 20, 2016

Орчуулагчдын хэв шинж




БууЭрЭл: Ер нь хэлмэрч буюу орчуулагч нар үгийг өөр нэгэнд дамжуулахдаа тухайн хүнийхээ сэтгэл зүйг таниулах гэсэн утгатай үг. Тэнд нэмэлт үг ашиглаж болдог. Хэр зөв оновчтой тайлбарласнаас улс төр амар амгалан болдог. Иймээс хэлээрээ мэс хийдэг илдчингийн хувьд энд орчуулагч хүний толгой их ажиллах ёстой.
Памбагар Үр чамайг юунд бэлдэж байгааг чи ухаж байна уу? Өнөөдрийн чиний сургалт. Чи өөрийгөө хэлээрээ байлдах гэж улаач болжээ гэж төсөөлөөд үз. Өөрөөр хэлбэл ил цус гаргахаас урьтаж энд чи байлдаанаа дуусгана. Энэ бол бүх хошуутнуудын хувьд баримталдаг дүрэм нь. Чи буруудаад сэтгэл дутуудаад талбарт гарах аваас чиний дутуу хийсэн үр дүнд цусан дуслууд газрыг ундаалдаг. Харин чиний шүлс хэдий чинээ их үсэрнэ төдий чинээ зөв сэтгэлгээ үүсч газрыг хөлсөөрөө дэвтээдэг. 
Түрүүнд бид нар замбараагүй өгүүлбэрийг харсан. Хамгийн гол нь тэр хүмүүний хамгийн эхэнд дурдаж байгаа таван үгэнд тухайн өгүүлбэрийн маань амин чанар нь байдаг юм. Хүн ярихдаа тэгж ярьдаг. Хамгийн өгүүлэхийг хүсч байгаа зүйлээ эхэнд нь тавьдаг. Гэвч сонсогч хүн эсрэгээрээ дүгнэж хэлсэн сүүлийн үгийг л тогтоож авдаг. Тиймээс эхлэл төгсгөл хоёр ахиад зангирах ёстой. Тойрог болж байх ёстой болно. Далд бид нар юу хэлэх гээд байгаа санаагаа илэрхийлнэ.

Аянгат: Хошуутнуудад ямар ямар хошуутнууд орох уу? Улаан хошуут, шаазгай, хэрээ гээд. Эд нар яагаад ялгаатай байгаа юм бол оо? 

БууЭрЭл: Орчуулагчийн хэв шинжийг хэлээд байгаа юм.

1. ТОНШУУЛ. Үгийг үгээр нь орчуулдаг хүнийг тоншуул гэнэ. Гол утга санааг огт анхаардаггүй. Нэг үг нөгөө үг рүү яаж хөрвөдгийг л мэддэг. Тийм учраас тоншуул буюу мод нүдэх тэр амьтантай зүйрлэсэн юм. “Сандал дээр суулаа” гэхэд яг нөгөө хэл дээр нь бүр тэр нутгийн зүйр цэцэн үг байсан ч хамаагүй “Сандал дээр суулаа” гэдгээр нь хэлнэ. Жишээ нь: Монгол зүйр цэцэн үг “Хүн ахтай дээл захтай”. Түүнийг англи руу “Хүн ахтай, дээл захтай”-р нь махчилж орчуулна. Түүнийг тоншуул гэдэг юм. Тэгвэл гадаад хүн түүний гүн утгыг нь ойлгохгүй. Хүнд ах байдаг, дээлэнд зах байдаг гэж орчуулах нь байна. Тэгвэл “Дээл” гэж үг бас гараад ирнэ. Энэ үгийг гадаад хүн мэдэхгүй. Тоншуул бол өгүүлэмжийг нь орчуулахгүй үгийг нь махчилж, тулгаж орчуулна. Ерөнхийдөө тоншуул орчуулагчид арвин баялаг үг байдаггүй. Хүн гэдэг үгийг илэрхийлэх олон үг байна шүү дээ. Тэдэн дундаас хамгийн хямдхан үгийг нь авах жишээтэй. 

2. ШААЗГАЙ. Хэрэглээний хэлтэй хүмүүсийг шаазгай орчуулагчид гэж хэлдэг. Өөрийн мэргэжлийн хэлийг гайгүй сайн гадарлачихна. Тэр талдаа үгийн баялаг сайтай. Шаазгай нар бол бүхнийг өөрийн өнцгөөс тайлбарлахыг хичээнэ. Эмч хүн байлаа гэхэд анагаахын арвин үгтэй. Гэтэл тэр анагаахын үгээрээ бүх ярианд яриад байна. Нийтэд хамаарсан үгтэй биш. Бүхнийг анагаахаар тайлбарлахыг хичээдэг. За дахиад түрүүнийхээ жишээн дээр очъё. “Хүн ахтай, дээл захтай” гэх зүйр үгийн утгыг эмч хүн бол мэргэжлийн үг арай илүү оруулан тайлбарлах аваас: “Түрүүлж төрсөн хүнийг ах гэнэ генетикийн удамшлыг хадгалсан ч гэсэн дүү хүн бол биологийн насын хувьд дүү учраас түрүүлж төрсөн нь амьдралын туршлагаа хүндэлж түүнээс суралцан аж төрөх ёстой”. Эс бөгөөс түүнийгээ өөр нэгэн зүйлтэй дүйцүүлэх юм бол хувцсанд толгой оруулдаг нүх байдаг. Тэр нүхээр хорвоо дэлхий дээр эхийн хэвлийгээс эхэлж төрсөн хүн толгойгоо оруулж дараад нь тэрний дадал туршлагаар эхийн хэвлийгээс удаахад төрсөн хүн толгойгоо оруулах учраас түрүүлж төрсөн хүнээ хүндлэх ёстой”. Учир нь түрүүлж төрсөн хүнд амьдралын дадлага туршлага их бий. Иймэрхүү орчуулга хийнэ. Харин зураач бол бүхэн дээр жишээ аваад зурган дээр тайлбарлаад байна гэсэн үг. Иймэрхүү орчуулагчдыг шаазгай гэдэг. 

3. УЛААН ХОШУУТ. Харьцангуй арвин туршлагатай. Улаан хошуут бол нэг соёлд илүү давамгай шүтэн бишрэгч орчуулагчдыг хэлдэг. Тэдний хэл унаган хэл шиг байдаг. Аа гэхдээ аль соёлыг нь илүү шүтэн биширч байна тэр талаа давамгай гарган орчуулна. Өөрөөр хэлбэл аль нэг хэл нь түүнд илүү ойрхон байдаг гэсэн үг. Ихэвчлэн харьд сурсан, харьд өссөн үрс ийм байна. Учир нь харийн соёлд тэд илүү бишрэлтэй байдаг тул өөрийнхөө төрсөн хэлийг бага зэрэг доош нь хийж нөгөө талаа давамгай болгож ярих гээд байдаг. Монгол хэлээ бага мэддэг, гадаад хэлээ сайн мэддэг гэсэн үг. Үүнийг нөгөө жишээн дээрээ аваачвал “Хүн ахтай дээл захтай” гэсэн орчуулгыг нөгөө хэлийнхээ зүйр цэцэн үг болгон хувьсгаж чадна. “Түрүүлж гарсан нар маргааш гарсан нараас илүү тод гэх зэрэгтэй. Зүйрлэлүүдийг хэлж чаддаг. Иймэрхүү орчуулагч бол сайн. Илүү өндөр түвшнийх гэсэн үг. Нэг соёлыг шүтэн бишрэгч учраас нэгэн гэм алдаа байдаг нь өөрт ашигтайгаа л ярина. Хувь хүн өөртөө ашигтайгаар ч байж болно. Тэр орчуулгаас илүү чухал нь юу вэ гэдгийг бодож ярьдаг. Ингэснээр хоёр өгүүлэгчийн яриан дунд завсар гаргах гээд байх алдаатай. Орчуулагчийн тухайн цаг үеийн сэтгэлзүй их чухал байдаг. Тийм алдаатай орчуулагчдыг улаан хошуут хэлдэг. 

4. ХӨХӨӨ. Энэ нь улаан хошуутын эсрэг өөрийн соёлоо бахдан биширч харийн соёлыг сайн мэддэг ч өөрийнхийгөө давамгай болгож онгирох дуртай орчуулагч. Энэ орчуулагч нар харь хэлийг илүү гүн мэдсэн байх нь олонтой. Тиймээс харь хэлийг яаж доош хийх вэ гэдгээ мэддэг. Яаж энэ үндэстэн илэрхийлж байгаа уугуул хэл нь нөгөө талдаа хүчтэй байх вэ гэдгийг бодож хэлдэг. Хөхөө орчуулагчдын алдаатай тал нь хэрэв нөгөө соёлдоо илүүтэй байвал ярьж буй харь хэлэндээ энэ алдаагаа бас гаргаж Монгол руу орчуулахдаа нөгөө талаа хэтэрхий өндөр өргөх гээд байдаг талтай. Улаан хошуутыг бодвол эрх ашгаа төдийлөн их дөвийлгөөд байхгүй харьцангуй хүний зүрх сэтгэл рүү хандсан орчуулгатай.


5. ХЭРЭЭ. Тухайн нөхцөл байдалд үгнээс илүү өөр юу байгааг анзаарахыг хичээдэг. Тухайн хүмүүсийнхээ сэтгэлгээнд зориулж орчуулга хийдэг орчуулагчид. Үүнд хэлний өндөр чадвар биш мэдрэмжийн өндөр чадвартай үрс байна. Өөрөөр хэлбэл үгээр зураглал илэрхийлэгчид. Энэ улаан хошуут, хөхөө, хэрээ бол хэлийг гүйцэд эзэмшсэн үрс байх нь олон. 






6. ЧОГЧИГО. Хамгийн дээд зэргийн орчуулагч буюу чогчиго. Жижигхэн болжмор шиг их сайхан дуутай шувуу бий. Хоёр ярилцаж байгаа хүнээс ч илүү хоёр хэлийг шүтэн биширдэг. Ер нь хэл гэдэг зүйлийг шүтэн биширч сэтгэлийн тольтод хэн хэнд нь зөв болгож хэлдэг чадвартангууд. Тухайн нөхцөл байдлаа ч анзаардаг. Юуны төлөө энэ яриаг ярьж байгааг ч ухамсарладаг. Их мэдрэмжтэй орчуулагчид. Ярианаас даваад ирж байгаа биз. Илэрхийлэх гэж байгаа илэрхийлэмжид ярих гэж байгаа хоёрын ярианы чиг хандлагыг урьдаас мэдэрдэг. 


Жишээлбэл: Нэг талд Монгол хаан нөгөө талд Чин гүрний хаан байна гэж сэтгэе. Хоёулаа бие биенээ үзэн ядсан шинж чанартай. Гэвч тэр хоёр хоёулаа энхийг хүсч дайн гаргахгүй байх зоригдолтой байлаа ч үзэн ядалт нь түрүүлж гарч хэн хэнийхээ үгийг эсэргүүцэх гэсэн дотоод тэмцэлтэй. Иймд үйл явдлыг орчуулагч гартаа атгадаг. Хоёулангийнх нь зорилгыг мэдэж байгаа учраас тэр хоёрыг зөв шийдвэрт очих ёстой гэдэгт нь яриаг чиглүүлэн бүр цаашлаад зохион ярьдаг. Болохгүй ээ, Хан үндэстний одоогийн нөхцөл байдал тийм тийм тийм гэж давхар нэмэлт яриануудыг хийх жишээтэй. Өөрөөр хэлбэл хоёулантай нь тулж харьцана. Нөгөө талд Монголчууд тийм тийм тийм гээд аль алинд нь дөнгө бас ташуур болж өгөх чадвартай. Жинхэнэ дайчид. Жинхэнэ баатрууд. Харамсалтай нь тэдний нэр түүхэнд үлддэггүй. Учир нь бүгд орчуулагч гэдэг нэрээр тухайн үйл явдлыг гараагүй дайны баатруудыг мартдаг. Орчуулагчид дундаа бол тэд баатрууд. Гэтэл мэдрэмжгүй хандаж буруу орчуулга хийхэд дайн гарна. Гэвч чогчигууд хэзээ ч дайн гаргаж байгаагүй.

Аянгат: Жишээлбэл тийм ямар хүмүүс байсан бэ? 

БууЭрЭл: Эзэн дээдсийн таван Чингийн хэлэнд гарамгай Үсүн өвгүн байна. Үсүн өвгүн орчуулга хийх юм бол хэзээ ч Хятадтай дайн хийхгүй. Хятад ч Монголтой байлдахгүй. Энхийг барьж чаддаг. Харамсалтай нь Үсүн өвгүн өөд болсноос хойш Хятад руу байлдах байлдаан ихсээд унасан. Үсүн өвгүн өөд болсноос хойш Хятадууд Монгол руу түрэмгийлэх нь олширсон. Энд бод. Нөхцөл байдлыг тайлбарлаж байсан чогчиго өвгүн Үсүн хэр сайн орчуулагч байж хоёр талын нийхэм-ийг тогтоон барьж байсан зангилаа байсныг төсөөлөөд үз. Иймдээ ч Эзэн дээдэст баруун зүгийн аян дайнаа дуусгах хугацаа хожиж өгч байсан юм. Амь насаараа, хэлээрээ хэрэм барьж өгч байсан. Ийм гавшгай сайхан хүн байна. Эзэн дээдэс баруун зүгийн дайныг хийж дуусаад нилээд их газар нутгийг эзэлсний дараагаар Хятадууд асуудал тарьж эхэлсэн шүү дээ. Тэр бүхний ард хэн байсан юм? Тэр болтол хятадууд яагаад Монгол руу дайтахгүй байсан юм? Энд орчуулагч тэр гэрээ хэлэлцээрийг атгаж байсан Үсүн өвгүний гавъяа байгаа юм. 

За тэгээд хамгийн төгсгөлд нь Дээд Тэнгэрийн унаган орчуулагч нар байна аа. Хамгийн дээд талд. Зүгээр л хүний сэтгэлийг толь шиг гаргадаг орчуулагч нар. Юутай ч зүйрлэшгүй толины тусгалууд. Тэгж орчуулна. Хэзээ ч орчуулагч нар тийм чадвартай байж чаддаггүй. Сайндаа чогчиго хүрвэл их юм. Гэвч хорвоод ховорхон тийм орчуулагч нар байдаг. Тэд бол орчуулагч дундаа л Тэнгэр эцэг нь юм даа. Тэднийгээ унаган буюу хийморилог гэдгээр нь нэрлэж үлдээсэн юм. 
Аянгат: Монголд тийм хүн байсан уу? 
БууЭрЭл: Нэг хоёрхон байсан. Өөрөө өөрийнхөө хэлийг орчуулахдаа л тийм байхгүй юу. 
Аянгат: Тэр чинь юу гэсэн үг юм? 
БууЭрЭл: Өөрөөр хэлбэл чиний хэлний түвшин сайн бөгөөд хоёр гурван хэлэнд нэвтэрхий бол өөрөө өөрийнхөө үгийг орчуулахдаа тийм чадвартай байна. 
Памбагар Үр: Дипломат ёсонд улсын эзэн хаан өөрөө сайн хэл мэддэг байлаа ч тэд нар өөрсдөө ярьдаггүй заавал хэлмэрчээр яриулдаг биз дээ? 
БууЭрЭл: Тэгдэг. Унаган орчуулагч нар хаанд зүтгэсэн явдал байдаг. Гэхдээ хаан төрд тэгтлээ бас алдаршиж чадаагүй. Чогчиго шиг л бас сүүдэрт нуугдаад үлдсэн. Тэд юугаар мөнхөрсөн бэ хэмээвэл ном зохиол хөрвүүлснээр л мөнхөрсөн. Учир нь харь хэлний соёл номыг нөгөө хүмүүнийхээ бахдал зүрх бишрэлд нь оруулж бүр нөгөө оронд дагаар орохдоо баясалтайгаар бууж өгч би энэ улсын даяаршилд багтмаар байна гэж хаанд нь мөргөж сөгдөх тэр их туульсыг өгүүлсэн тэр л орчуулагчдыг унаган хийморь гэж нэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл хүний хайж байгаа зүрхний эрлийг, сэтгэлийн эрлийг бичих нь тунхаглаж бахдал уйллыг төрүүлж омогшил бардамналыг мэдрүүлж бэхэн тулааныг хийж байсан орчуулагчид юм. Хоёр хүний яриаг орчуулахаасаа илүү тэд нар хүмүүсийн зүрх сэтгэлд бэхээр зураг зурсан нь олон байдаг юм. Үүнийг шаазгай, улаан хошуут, хөхөө, хэрээ, чогчиго нар орчуулаад хийнэ л дээ. Гэвч хэзээ ч тэд нар шиг нэг хэлнээс нөгөө рүү зураглал бүтээж зүрх сэтгэлд сийчиж байгаагүй. Тэд нэг соёлыг нөгөөд бишрүүлэх чадамжтай. Орчуулга, аман орчуулга хийсэн ч тийм чадварыг эзэмшсэн хүмүүсийг хэлнэ 
Аянгат: Одоо маш олон хэлмэрч улаач нар төрөөд байгаа шүү дээ. Эд нар Онгодоосоо юу сурах ёстой юм? 
БууЭрЭл: За ухаандаа шаазгай түвшинд хүрэх ёстой. Цаашлаад унаган хүмүүний зүрх сэтгэлд тухайн соёлыг бахдан биширч, дагаар орохыг хүсэх тэр туульсыг хайлах зүрхэнд хүрэх тухайн үндэстэн ястан өөрөө хүртэл эрэлхийлж байдаг тэр үгийн амийг атгах ёстой юм. Нэг хүн өөрийнхөө хэлэнд ч тэр зүрх сэтгэлийн үгийг гаргаж дийлдэггүй. 
Одоо та нарын мэдэхээр Чойном Орос хэлэнд ч, Монгол хэлэнд ч унаган орчуулагч. Аль алины хүмүүсийг уйлуулж чадна. Орос хэлэнд хүртэл түүний бичвэр шүлгийг хүн бахаддаг, Монгол хэлэнд ч түүний шүлгийг бахаддаг. Тэр өгүүлэмжээр нь Оросууд ч Монголоо биширдэг, Монгол нь ч Оросоо биширдэг. Энэ нөхцлийг бүрдүүлэгчид байх учиртай. 

Аянгат: Чойном гуай унаган орчуулагч байсан хэрэг үү?

БууЭрЭл: Тэр бол зэвэрсэн унага. Буруу цагтаа төрсөн унага. Тэр их авъяас тэр буруу цагт хэнд ч хэрэггүйгээр дуусчихсан учраас зэвэрсэн унага гэж байгаа юм. Харамсалтай нь тэр бол сүнсний чадамж учраас ховорхон төрнө. Тийм сүнсний чадвартайгаа мэдэхгүй олон үрс одоо ч байна. Үгээ биширч чадах юм бол, үгээр хүний зүрхийг сийчиж чадах юм бол тийм чадвар дотор нь нуугдан буй олон үр бий. Иймээс л чамд олон хэлмэрч улаач шавь нар бий шүү дээ. Гэвч гагцхүү тэрийг хөдөлмөрөөрөө л тодолно шүү дээ. Харин өөртөө итгэлгүй, залхуураад байвал ямар ч хөг авахгүй унтарч үгүй болно.

Аянгат: Яавал дээр вэ тэр үрс?
БууЭрЭл: БууЭрЭл-тайгаа, өөртэйгөө ажиллах хэрэгтэй байна. Гэвч хэлэн дээр бол өөртэйгөө ажиллана гэдэг их чухал. БууЭрЭл гэдэг бол өөрийн Монгол хэлээ таньж мэдэх түлхүүр болно. Гэвч дийлэнхидээ харь хэлэн дээр чадахгүй. Тиймээс бас учир дутагдалтай. Тэгэхээр одоо үгэн дээрээ очъё. Аль аль хэл нь арвин баялаг үгтэй. Тухайн үг ямар нөхцөлд хэнд уншигдахаар юу бодогдуулдаг гэдгээрээ бас хувьсамтгай. Үүнийг мэдэрдэг хүмүүс шаазгайгаас дээш орчуулагч болно. Үг өөрөө оньсоготой. Ганц үг өөрөө оньсоготой байхад өгүүлэмж болоод ирэхээрээ яах уу? 

Иймээс орчуулагч хүмүүний хийх нэгэн зүйл бол орчуулахаасаа өмнө нэг удаа ер нь гурван удаа аль аль хүмүүнтэй биечлэн уулзаж зан авирыг нь таньж тухайн харилцах гэж байгаа хүний зорилгыг нь сонсож байх хэрэгтэй. Энэ бол дүрэм. Шууд анхны орчуулга хийнэ гэдэг бол аль ч орчуулагчийн хувьд бэрхшээл болдог. Тухайн хүнийхээ мэдээллийг авч байж орчуулга хийнэ. Тоншуулууд үүнийг хийж чаддаггүй юм аа. Учир нь тэд үгэндээ хүртэл эзэн бус учраас. 
Одоо та хоёрын дунд би орчуулга хийх гэж байна гэж бодъё. Памбагар Үр гэж ямар хүн бэ? Гурван өдөр ярилцаад гурван удаагийн уулзалтад чиний үгийн баялгийг би сонсоно. Чиний зоригдол энэ хүнтэй яагаад уулзах гэж байгааг сонсоно. За дараад нь би Аянгаттай уулзаж яагаад Памбагар Үртэй уулзах гэж байгааг сонсоно. Мөн давхар үгийн баялгийг нь сонсоно. Надад үг дутна. Энэ бол гарцаагүй асуудал. Жишээ нь Аянгат бөө хүн. Нөгөө харьцах энгийн хүнд бөөгийн үгнүүд байхгүй байвал яах вэ? Би яаж орчуулах вэ? Хуяг гэдэг үгийг би бас мэдэхгүй байж болно. Хуяг гэхээр би баатрын хувцас боддог. Гэтэл хуяглах гэж бөө хүн хэлвэл бөөгийн хувцсаа өмсөхийг хэлжээ гэдгийг ухаарна. За тэгэхээр би энд яаж орчуулга хийх үү? Ингэж тунгааж үгийн баялгаа зөв гаргаж ирнэ. Энгийн хүнд хуяг гэж хэлж болохгүй учраас бөөгийн өмсдөг хувцас гэдгээр нь хэлнэ. Үүнийг хуяг гэдгээр чиний үгийг баяжуулна. Гурван удаагийн сануулга хэлсний дараагаар тэр үг чамд тогтоно. Тэгснээр би хуяг гэж дараа нь богино үгээр хэлэхэд орчуулга ойлгомжтой болж эхэлнэ.

Памбагар Үр: Хүн үг цээжлэхээр ямар хугацаа хэрэгтэй юм бол? Та дээр хэлж байсан шүү дээ. Юмыг уншаад 21 хоногийн дотор мартдаг гээд. 
БууЭрЭл: Хэл амархан сурмаар байна уу чи? 
Памбагар Үр: Харин сонирхоод л. Үг тогтоох чинь өөрөө бас 3 удаагийн үйлдлээр гэж хэллээ шүү дээ. 
БууЭрЭл: Гурван удаагийн үйлдэл. 
Памбагар Үр: Ямар хугацаа давтамжтайгаар? 
БууЭрЭл: Нэг өдөр ч байсан болно. 
Памбагар Үр: Жишээлбэл нэгхэн өдөр л танд би энэ чинь салфетка, салфетка, салфетка гээд хэлүүлчихэд та дараа нь “Энэ чинь салфетка юм байна” гээд харна гэсэн үг үү?

БууЭрЭл: Эхнийх нь. Салбайдаг тийм үү? Яагаад салбайдаг гэдэг нэртэй юм? За харж бай миний үйлдлийг би энэ салбайдгыг чинь хайрцгаас нь татаад автал далбайгаад л, салбайгаад л гараад ирлээ. Би үүнийг үйлдлээр нь таньж байгаа биз дээ? Өө энэ салбайчихсан. Хар аа. Энд би харж байна. Мөн би түүнийг аваад хөдөлгөж чагнаж үзэхдээ дуу чимээг сонсож байна. Би энэ үгийг мэдэрч байна. Энэ тохиолдолд миний тархины таван мэдрэхүйгээр үүссэн нэг эсэнд боловсорсон үг ойролцоогоор хорин нэгэн хоногийн настай. Би үүнийг хорин нэгэн хоногт салбайдаг гэдгээр мартахгүй. За удаахад нь би хэрэглэлээ. Энэ миний хэрэглээний нэг хэсэг биш ч гэсэн би үүнийг хэрэглэлээ. Салбайдгийг. Удаахад нь өөртөө төлөвшүүлсэн. Ингэснээр миний салбайдаг гэдэг үг нэг жил хүртэл наслах боломжтой болж байна. За би хэрэглэчихсэн энэ үгийг. Би мэдэрчихсэн, хэрэглэчихсэн. Гурав дахь нь түүнийг өөр зүйрлэлтэйгээр холбоно. Энэ салбайдаг гэдэг бол мод юм. Тийм үү? Яаж бүтсэн. Мод юм тэгээд модыг маш нарийхан зомголдуулан тайрч байгаад нэг бүхэллэг салбайдаг болгоод хий дэмий хаяж байна. Харуусал гашуудал мэдэрч байна тийм үү? Ингэснээр энэ салбайдаг гэдэг үг миний тархинаас салахгүй болно. Баяр хөөр, хэрэглээ, гуниг гутрал гурав. Энэ гурав байгаа цагт үг мартагддаггүй.

Памбагар Үр: Яагаад гуниг гутрал гэж? 
БууЭрЭл: Хүн алдаж болно гэдгээ мэдэж байж үгээ хямгаддаг тархины зүй тогтолтой. 
Памбагар Үр: За салфетка бол яахав уйлах үедээ хэрэглэлээ гэж бодъё. Тэгвэл өөр хэрэглээний юмыг гунигтай холбоно гэж үү? Заавал гунигтай холбох хэрэгтэй юм уу? 
БууЭрЭл: Хэрэв амархнаар маш урт хугацаанд хадгалахыг хүсч л байгаа бол тэр үгийг.
Памбагар Үр: Тэгэхээр нэг үгийг цээжлэхдээ баярлаж үзээд л, гуниглаж үзээд л тэгээд хэрэглээд
БууЭрЭл: Ерөнхийдөө чи баяртай байхдаа нэг сонссон үг, хэрэглэж байхдаа дадсан үг, гуниж байхдаа дадсан үг нэг цэг дээр тулах цагт тэр үг мартагддаггүй. Зүгээр нэг зүйр цэцэн үг байсан ч хамаагүй. Үг тогтоно гэдэг сэтгэл хөөрөлтэй хамааралтай.
Памбагар Үр: Сэтгэл хөөрөлтэй холбоотой гэхээр буцаад нөгөө сүнстэй холбоотой юу? 
БууЭрЭл: Буцаад л сүнсэнд хадгалагдах тухай байхгүй юу. Нэгэнт сүнсэнд хадгалагдсан бол мартагдахгүй. Тиймээс 3 хэмжээнд тэнцэж байж үг сүнсэнд хадгалагддаг. Тэгэхээр нэг зүйлийн тухай нилээн их мэдлэгтэй байж байж үг хадгалагдах нь. За өгүүлбэр орчуулах. Үүнд амин цэг нь хаана байна вэ? Өөрөө ухаж дийлэхгүй байвал орчуулга хийнэ гэж байдаггүй. Тухайн зүйлийг. Тиймийн учир өмнөх тэр суурь гурван удаа гэдэг зүйлийг заавал хийж байх ёстой. 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.