Thursday, February 26, 2015

Жуух бичиг


Амар байна уу? Дахиад л жуух бичиг үйлдэж шидлэхээс өөргүй шалтгаан гарав. Амаа татаад, ажлаа хиймээр байдаг. Гэтэл болохгүй юмаа. 

Усны зангилаан эзэн Ноён уулын төлөө өлсөж тэмцэх Монгол ИрГүн-үүдээ хог руу чулуудаж хаяад буузанд яарсан, хууль биш гууль үйлдвэрлэгчдийн хандыг хага дарж өгөх байх гээд эцсийн найдвараа эцэг Элбэгдоржид бичиж илгээтэл хариу алга.  Монгол түмний төлөөх үйлээр нь хариугаа харсу гэж өөрийгөө хуурч байтал ган хийж ганц боловч хошгируулсангүй шив. Хошгирч суувал ядахдаа сэтгэлд тавтайсан. Ёстой дугааргүй тэнэгт захиа бичиж горьдлого тасарсан ч арга үгүй дээ айлын авгайтай хэрэлдэж доошоо орохгүй гээд гүрийгээ биз, бууз ууцны цаг дуусч ажлын цаг эхлэхээр арга хэмжээгээ авах байх гээд харж суутал Монгол Улсын ерөнхийлөгч иргэн Элбэгдорж: “Их хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгах уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө би бодох уу. Монголдоо би хайртай” гэсэн үгс нь фэйсээр тэнэж тэртээ холын харийн нөхөрт өврөө нээгээд өршөөн соёрхож, Монголчууддаа бол нуруугаа харуулж өлсөж үхвэл үх, шоронд хатвал хат гэж алаг дэлхийн үрсийг арьсны өнгөөр, авдаг өгдөгөөр нь алагчилсан байхын. Тэгтэл зовоод шийдээд байх асуудал биш байлтай.

Монголоо хараалгах уу гэнэ үү??? Хэрвээ Ерөнхийлөгч чи өөрийгөө бодвол болгоомжилсон болгоомжлоогүй Монгол түмэн чамайг хараана. Хараагаад ч эхэлжээ. Ерөөсөн ерөөл олоодохдоо чи. Чиний энэ тэнэг үг чинь юу гэжийгаан. Тэр зайгуул эрийг суллахгүй бол Монголыг хараана гээ юу? Хараа гээд хэлэл дээ тэдэнд. Чиний нутагт лам нь ч байна, бөө нь ч байна. Ард чинь асаалттай ардууд байж л байнадаг. Үзье гэхгүй яасын. Айгаад байвал өмнөөс чинь би үзэлцэе тэгвэл.

Үргэлжлээд ...Би өөрийгөө хараалгах уу гэнэ үү. Ойлгосонгүй. Монголдоо чи  хараагдах шийдвэрийг сонгоо юу? Эсвэл бас тэд чамайг хараана гээ юу?
Монголоо бодвол яана гэсэн юм бэ, тэд? Хэлчээч дээ. Хиргисүүр болгоод өгөх Монголын үр садууд байж л байна. Улсаа өмөөрөх босоо орших зүрх байж л байна.
Өөрийгөө бодох уу? гэж гансрах учраа тайлбарлаачээ. Харийн талд орохоор Хамаг Монгол минь өөрийг чинь үзэн ядахыг мэдээд хэлээд байгаа юмуу? Энд чинь ямар нэг шантааж байгааг харийн нутагт баригдаад зовох хаан ард түмэндээ хэлэхдээ үлгэрт гардаг эвэртэй үхрээ өмнөө туугаад ишиг хургаа яагаарай, яагаарай ч билээ. Ай хаан би жаргаж байна...гээд сэжим өгсөн үг юмуу?

Монголдоо би хайртай... гэж хаяагаа манажээ. Монголдоо хайртай юм бол тэгээд харуулаач. Харь элгийн хүнээс дарамт ирээд хулчийсан байж яахав ойлгоод бид туслаж болно, харин зөрүүлээд Монгол түмний эх орончдыг суллаач, өлсөж буй учрыг сонсооч, Ноён уултай очиж уулзаач, гадны хүүхэлдэй болсон мэт дүрээ тайлбарлаач. Хайрыг чинь мэдрэхгүй байна, харахгүй байна, сонсогдохгүй байна.

Энэ асуудлаас чинь гарах хялбар арга олон байна. Нэгт, ард түмэнд үнэнээ хэлчих зүгээр. Хоёрт, чамайг л зовоогоод байгаа бол буучихаач дээ. Биднээс зугтаад байгаа шигээ л ерөнхийлөгчөөс зугтчих. Харийнхан чамайг харааж дарамталлаа ч чи алга болчих юм чинь яахын, шинэ ерөнхийлөгчтэй учраа олох хэрэг гарна. Харин чи Монголоосоо нүүрээ буруулбал удам дамжин жигшигдэнэ. Үнэнээ хэлээд өрөнд орсноо учирлаад, тэдний үнэн төрхийг илчилбэл Монгол түмэн Төрөө, Төрийн тэргүүнээ хаяж оддог нь биш. Хамтраад тэмцэж чадна, өмнөөс чинь тэднийг самраад өгч чадна. Ард түмэн ч энэ үгийг сайтар шинжиж бодоцгоож, Ерөнхийлөгч Элбэгдорж яг  яачихаад байгааг нь оношлох хэрэгтэй. Өвчилсөн бол засаад, нэмэргүй бол огтлоод унагах ёстой.Монголд хайртай энэ толгой өөрийнх нь орны төлөө өлссөн олныг огт тоосонгүй, түүний өрөөснүүд бидний зурсан гарын үсэгтэй цаасыг үгүй хийж орхиод ханасангүй мөнгөөр өлссөн гэдэг хоч зүүж даапаалахыг хараад тэссэнгүй тэмцэлд өдөөгдлөө би. 

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэж өмнө нь өөрсдөө мөнгөөр өлсөж өнөө цагийн ухах бүхнийхээ бэлтгэлийг хийж, гадны хөрөнгө оруулагчдын гар хөл болж байсныг мунхаг би л лав мэдсэнгүй явжээ. Харин одоо цагт мөнгөөр өлсүүлэхэд Монголд юун ес, аравхан хүн өлсөх гэж түм бумаараа өлсөнө шүү. Хоногийн 500 000 гэл үү, болилдоо 1000 байсан ч хог түүж амьдарч байгаа хүмүүсээс эхлээд эмзэг бүлгийнхэнээс өгсүүлээд өртэй буман олноороо очиж өлсөх ажил хийж чадна за. Учир нь эгэл ард мөнгө олоход дэндүү хэцүү амьдрал, өрийн сүлжээг та нар бий болгосон. Монголд өргүй хүн хайгаад хайгаад байхгүй гэж Алтанхуяг хөгц хэлсэн шүү дээ. Ирээдүйд төрөх ёстой төрмөлүүд чинь ч яахав төрөөд төлчихнө гэснээс болж Монгол хүн хүүхэд төрүүлэхээс айх сэтгэлзүйг өгсөн.

Байгаль дэлхийг бузарлаж байдаг гэмтэн хүний төлөө биш байгалийн төлөө өлсөхөд хоногийн хагас сая харин ч багадаж байгаа биз дээ. Тэмцэгчдийн хооронд яс хаяж, түмнийг төөрөлдүүлэхийг зорьж байгаа чинь таалагдахгүй байна.

Гэвч эх орноо хайрлахад мөнгөөр биеэ үнэлэх сэтгэлзүй, ёсзүй, удамзүй Монгол яс, цустай хүнд байдаггүй юм. Юун өлсөх энэ юу ч биш. Үе үедээ атга шорооны төлөө амиа өргөсний хүчинд Монгол гэх өчүүхэн газар нутагт тусгаар амьдарч байгаагаа сана. Шорооны төлөө мөнгө авч өлслөө гэж даравгараа мэдэхгүй даапаалж байгаад
                "Миний нутгийн шороог бургиавал
                Дэр авч үхсү, би
                Таван тусгаарыг минь тараах аваас
                Дэр авч үхсү, би
                Хэрхэхийг Мөнх Хөх Тэнгэр та мэдсү" гээд л сэрчих Монгол хүний яс, цусанд нь шингэсэн газар шороондоо амиа өргөж, золиос болохоороо бахархах  унтсан эсийг сэрээчихвэл ёстой уйлах хэцүү, инээх хэцүү болохыг удгүн хүний хувьд сануулж анхааруулъя.
 Монгол оронд хүн цааш харуулахад цаазгүй учраас цаана чинь өөрөөс төрсөн үрээ хүртэл хөнөөдөг болсныг анхаарууштай. Монгол түмэн тогоон дотроо хэрэлдэж болно, хэлэлцэж болно харин  алалцаж болохгүй ээ. 90 оны өлсгөлөнгөөр энэ бүхнийг тооцоолоод ясаа хаясан, тэжээсэн хүнээ бэлдсэн гадныханы л идэш болно.

Адилхан л аавын хүү, ээжийн охин алдаатай ч юмуу, үгүй ч юмуу. Мөн чанарыг нь таньж, бодол оюуныг нь олонд таниулж, Төрийн түшээдээ ойлгог гээд захиа бичиж асуулт асуух надад үнэндээ захиа бичих зав, хүний мууг үзэх сэтгэл байхгүй ээ. Тэнгэрийнхээ үйлэнд шамдаж толгой өндийх завгүй амьдрах хэдхэн тоот насандаа Онгод Тэнгэрүүдийн үгийг аль болох ихээр тэмдэглэн бичиж, олон түмэндээ тараах гол зорилготой. Гэвч амар тайван үйлээ хийх сэтгэл, ажлаа хийх нөхцлийг минь үгүй хийж миний хүний эрхэнд Төрийн та нар халдаад байна.
Хүний эрхийн төлөө өлссөн учраас ойлгох байх гээд тэр хэлээр чинь бас ярья. Зундаа тахилгаар Монгол орныхоо уул, ус онгон байгалиар явж Онгод Тэнгэрүүдээ баярлуулж, өвөлдөө оюун бодлоо цэгцэлж олох ухаандаа суралцаж, мэдсэн сурснаа хавар намартаа шавь нартаа заадаг удган миний байтухай Өвгүд Онгодуудын минь эрхэнд халдаад байна Төрийн та нар.
Үрийг минь утаагүй амьсгалуулна гээд  Мянганы сорил гэж шал тэнэг нэртэй гадаадынхантай нийлж хичнээн төгрөг зусаллаа та нар. Үр дүнд нь үр байтухай ач, зээ минь төрөөд ч гэрээсээ төөрөхөөр утаан дунд амьдарсан хэвээр байна. Нэг л их зуух зарсан хүмүүс, хаа байна тэр утаагүй болсон чинь...

Утаагаар утаж биднийг өвчний үүр болгуутаа бас л эрүүл мэндийн Мянганы сорил гэдэг зовсон тэнэгүүдэд тусламж нэрээр ороод бүх л салбарыг нь самарч хаях судалгаа шинжилгээ, тоо баримтыг авдаг гадны тагнуулын байгуулагатайгаа нийлээд өвчилсөн өвчнийг минь хүртэл үнэлж шулдаг болжээ. Мянганы тусламж гэхгүй Сорил байхдаа яахав дээ. Нэрийг нь боддоо. Туршилтын туулай, сорилын орон болж Монгол ханав. Алив юманд үр дүн нь чухал болохоос өгүүлэмж нь чухал биш. Энэ сорилоор чинь тэгээд өөдөлсөн юм хаа байгаан. Өвчлөл улам нэмэгдэв, үнэ улам ихсэв. Утаанаас зугтаад хөдөө очоод амьдарсу гэтэл амьдралын баталгаа алга. Нэг өглөө сэрэхэд л танай гэрийн буурь доор молор эрдэнэ, хонины хашаанд чинь алт байна гээд хөөгөөд унах хүний эрхтэй орон болж бидний хүний эрх хөндөгдөөд байна.

Далан мянга талаар нэг тарааж айл бүрт архичдын тоог нэмж, эхнэр нөхрийн хэрүүл, нулимсаар архины үйлдвэр чинь баяжсан. Хорин мянга хотлоор нэг тараасан нэртэй ч хожоо чинь хэд нугалж авсан та нар. Тараахын өмнө, тэр үед байсан амьдралын баталгаа үгүй болж авах бүхэн үнэд орж, өгсөн нэртэй эргээд шулдагаа та нар Харвардын Их Сургуульд тоо заалгасан гэж хуцаж байна.  Хэрүүл хийснийг нь 13 р зуундаа оч, хөгжил гэж өөр байдын гэж хөөх мөртөө асуудалд орвол өөрсдөө үнэнээ хэлээд буудаг соёлыг нь сураагүй чинь муу сурсны чинь баталгаа. Орон сууц давхарлан дуурайх хирнээ, эмх цэгц, зохион байгуулалтыг нь, орц гарцаа тоочиж сураагүй чинь нойлын ногоон тэг байсны чинь баталгаа гэж бодож байнадаг. Тэгвэл 13 р зуунд байгалиа хайрлаад хүрдэггүй байсан хуультай байсан юм шүү.
Тэвчиж суусаар тэвчээр алдарч үүнийгээ мэдүүлээд хэлэхээр хэлээ гаргана, жагсахаар тараана, хашгирахаар хууль ярина, өлсөхөөр өлсүүлэхгүй, хэрэлдэхээр хошногоо харуулаад алга болно, захиа бичихээр хариу үгүй яамаар байна, яалгах гээд байгаа юм бол.

Өмнө нь суудлаасаа хусагдах жилийн өмнө мөнгө амлаад л, манай хаалга үүдийг байна байн онголзуулаад л, намайг л гээч дээ, чамайг л гэе би чинь гэж сурталчлаад л, цай уухад чинь хань болсу гээд аяган дээр зургаа зурж, нэрээ өгөөд байсан яасан. Харах бүрт цаг чинь болсу гээд хананд минь хүртэл дүүжлэгдээд байсан яасан. Энэ жилээс их тодорч оодорч байх чинь. Муугийн ёр уу, сайны билэгдэл үү. Дарангуйлал тогтоох бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд сайтар хуульчилж, Нам гээчээр бусдыгаа өөчлөн дарж, мөнгө гээчээр сонгогдогчоо зэрэглэж бэлдсээр бүрэн бэлтгэлээ хангаа юу гэж хардах болов. Аль ч нам нь унасан унаагүй ялгаагүй ар хударгаараа суудлаа наймаалцсан хувалзууд ээлжлэн Төр-д эргэлдэх нарийн төмөр зам тавиа юу гэж хардах болов. Харж шинжилцгээ Монгол түмэн минь.

Далим үсэргээд Монгол түмний нүдний хог, шүдний чигчээс болоод байгаа Баярцогт хэмээгдэгчээс асуулт асуучихая. Өмнөөс ичээд хэцүү юм зүгээр.

Нэг: Чи Ар Монгол юмуу аль эсвэл Хятадын Монгол юмуу? Албан ёсоор хариултаа өгөөчээ. Ар Монгол бол ажлаа сайн хийхийн тулд дахиад тооны сургуульд сур. Хятадын Монгол бол Монгол Төрийн ажил хийх визээ, урилгаа үзүүл гэмээр байна.Тэгэхгүй бол Монгол улсын Цусан Тусгаар Тогтнолд харш хүн Төрд байгаа нь чиний буруу.

Хоёр: Оюу Толгойн ашгийг ойлгохгүй ээ та нар тоо мэддэггүй юмнууд гээд байсан. Одоо Оюу Толгойн ашгийг чинь тоотой баримттай нь, тооцоотой данстай нь, үртэй дүнтэй нь үзмээр байна. Энэ бол хумсын толион чинээ чамтай холбогдсон зөвхөн нэг жишээ. Монгол Улсын Хилийн тусгаар тогтнол аюулгүй байдалд тэнцэхгүй чиний нэг ял. Тоо мэддэггүй хүн толгойд сууж тэнцэхгүй.

Гурав: Төрийн өмчийн сургуулиудыг хувьд өгөх хэрэгтэй гэх цуунд чиний нэр цохиж явах юм. Өмнө нь та нар өлсөж нэг хулхидсан, мөн хувьчилж нэг хулхидсан. Ашгийг нь хуваана, та нар амаа ангайгаад л хүлээгээд сууж бай гэсэн шүү дээ. Мөн ч их амаа ангайв, ам чилэх байтухай эрүү гацчихсан байнадаг. Ходоод ч, халаас ч хоосров. Хувьчлал нэрээр хэн авах нь тодорхой. Хувьчилж аваад үнэ ханш нь өсөх нь тодорхой. Өчнөөн л хувийн байгуулага байж л байна. Хувийн сургууль байж л байнадаг. Дуртай юм бол өөрсдөө бүтээгээд, хийгээд авахгүй бэлэн тогтсон байр сав, багш оюутан, ном сонинтой нь бүхнийг залгих санаатай юу? Хувьд гарлаа гэхэд чамд таалагдсан нь багш болж, чамд таалагдсан хичээлийг зааж, чамд таалагдсан ажлыг явуулж, чи таалснаараа Монголын ирээдүй удирдагчдын, ажилчдын, эрдэмтдийн, багш нарын тархийг угаах нь тодорхой. Төрийн өмчийн тогтсон сургуулиудыг авна гэвэл бослого гарах байлгүй. Монгол улс ирээдүйн боловсон хүчнээ сургаж бэлдэх эрхээ, хяналтаа чамд өгвөл ирээдүйд өөрсдийгөө хэний хүүхэд, хаана төрснөө мартсан, Хөх Монголоо Хар Хятад гээд инээж суух эрдэмтэд олон болно. Монгол Улсын Тархины тусгаар тогтнолд гай болохоосоо өмнө зайлж үз.

Дөрөв: Бурхан шашны номонд ч ордог эх үрэн зургаан зүйл хэмээгчийн өлгий нутаг болсон түүхт их  Монгол улсыг минь Хятадын Монгол гэж цагаан цаасан дээр хар бэхээр бичиж гарын үсгээ зурсан Төрийн түшээ чи өв соёлын үнэ цэнийг ухаж мэдэхгүй. Түүх соёлоо таньж мэдэхгүй, өвөг дээдсээ хүндэлж мэдэхгүй учраас хэлэх үг алга. Монгол Улсын Соёлын тусгаар тогтнолыг устгахаасаа өмнө тонилж хайрла.

Тав: Төдийгөөс өдий хүртэл болсон Монгол Улс оршихын Тэнгэрийн таван Жамын хууль цаазыг зөрчин Төрийн түшээ хүний мэдлэг боловсрол, мөрдөх мөрдлөг бүрийг уландаа гишгэсэн Баярцогт чамд эцэст нь Монгол хүний соёл алга. Буруу нь бултад илэрсэн байтал үе үе зурагтаар цэцэрхэж зүрхний өвчин хөндөөд байх дүр төрхөнд чинь ичиж улайх булчирхай чинь ажиллахаа больжээ. Монголын хуулийг худалдаж авч болоод байж болно. Жамын хуулийг худалдаж авахад төлбөр чинь хүрэхгүй байна. Монгол Улсын Засгийн тусгаар тогтнолоос арилж үз. Бүү сэвтүүлээд бай гэмээр байна.

Баярцогтоо  хүүхэд минь чамд зориулж Онгодын айлдсан хичээлийг тавьж өгье. Үйлийн үрээ нимгэлж, үйлийн өрөө цайруулах хугацаа чамд бага үлдсэн ч Монгол Тэнгэр энэрэнгүй байдаг. Эрх мэдэл чамд байна. Үйлдэж буй үйлэндээ анхаарч, үлдээж нуусан мөнгөндөө төрөх газар барьж өгвөл яасын. Монголын үрс маш олон болоход хувь нэмэрээ оруулж, Оюу Толгой ордын ойжилтонд анхаарч үр удмаа бодмоор юм. Удам дамжсан гамшгаас гарах гарц нь хохиролоо барагдуулах орь ганц ЧуКур-тай гэж Монгол суу ухаанд бичээстэй бий. Олж уншаад алдаагаа зас. Дэлхийд чамд өмнө нь хэн ч хэзээ ч зааж байгаагүй хичээлийг уншиж үз дээ.

УЛС БАЙХЫН ҮНДЭС

Улс байна хэмээх нь таван нөхцөл бүрдсэний тэмдэг юм. 
  • Эхнийх нь УЛ ЭС хэмээх хөвүүн бөгөөд үүнийг бид ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ гэж нэрийддэг.
  • Удаах нь УЛ СУУРЬ хэмээх нутаг бөгөөд үүнийг ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
  • Гутгаарт УЛ СОЁЛ. Энэ нь орон зай цаг хугацаанаас болж буй зонхилгоо үйлдэл юм. Үүнийг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
  • Дөрөвдүгээрт энэ зонхилгоо үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ. Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
  • Тавдах нь бие биедээ сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм. Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ хэмээнэ. 

Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ. Тэгвэл Монгол улс нь бусад улсаас ялгарах Монгол гэж өмөөрөх зүрх юу болохыг өгүүлюү.



Нэг. Цусан тусгаар тогтнол.

Монгол цус хэмээх нь бие өлчир, тархины торлог элбэгтэй, нүдэн хараа хурц, шанаа өндөр, хамрын голч нь нам, магнай уужуу, бараан долгионт үстэй, шар хулдуу царайтай, тавхай жижиг, хуруу уртавтар сарвуу гартай, булчингийн эс шигүү, хэнхэрцэг цээж уужуу, богино тахимаараа майга, өдий УЛ ЭСТ хүмүүсийг МОНГОЛ гэж нэрийднэ. Бидний ул эс ийм болой.

Энэ дүр төрх бүрэлдэхдээ хүмүүн босоо голчоор өндийх тэр мөчөөс Алтай, Хангай, Жодоотны цаг агаарын тахал зовлон нь нийХэмийн хөгжил, Нэүрэт төрд нөлөөлөн байж бүрэлдүүлсэн дүр төрх юм. Тэгэхээр бид энэ л нутагт төрж өссөн.


Хоёр. Хилийн тусгаар тусгаар тогтнол

Алтай, Хангай, Жодоотны эрс тэс уур амьсгалт эл нутаг нь бидний хүмүүн дүр төрхөнд нөлөөлсөн, уугуул нутгийн хувьд бидний өмч болно. Өмч гэдэг нь өмөөрөн хамгаалж, өвлүүлэн үлдээх гэх утгат үг болно. Өмч нь өнөө цаг шиг зарж зарцуулан, золигт гаргаж залилж худалдах гэх утгат үг биш юм. Анхаартухай.

Эл нутгийн онцлог нь эмзэг хөрсөн давхрагатай, сийрэг бодгалийн нутагшилтай, талхлалтанд амар өртөж харин сэргэхдээ удаа, талхлалт нь шимт мандалт дэлхийд бүрнээ тарж хохироох хүчтэй ийм нутаг болой. Нар, сартын зэрэгцсэн орон тул халуун хүйтний харшилтайгаар халдвар турхаг газар авахаас сэрэмжилтүхэй. 

Гэвч энэ цаг уурын онцлог нь олон зүйлийн бодгалийн амьдрах орон зайг хязгаарладаг. Ийм тул цөөн бодгаль нарын торлог амьдралын хэвшилтэй. Нэг нь үгүй болвол торлог задарч бүх бодгаль хөнөөгдөх аюултай. Иймээс Мангдай (хүн) багшран амьдрахад тохиромжгүй нутагт орно.

Үүнтэй уялдаж бидний бодьгалын УлЭсэд үржүүлэгч охидоос илүүтэй хамгаалагч хүү төрөх магадлал өндөртэй. Гэвч өнөө цагт хоол хүнсний учгаас хамааран охид илүү төрдөг болсон. Монгол нутагт ургадаггүй жимс амттан энд нөлөөлж буй. Учиг нь охин их төрдөг хүнсийг идэж охин их төрүүлж буй.


Гурав. Ахуйн тусгаар тогтнол

Ийм бэрхтэй нутагт эзэн болсон бид хатуу болоод хэврэгт захирагдан нүүдэлчин болсон улбаатай. Үүнд хамаатуулж бидний соёл: 


  • Талын хавсаргыг давж дуугарах "Уртын дуу" 
  • Ан амьтантай харилцах нарийн "Заншил" 
  • Багахан зүйлээр ихийг бүтээх "Ур дүй" 
  • Хязгаарлагдмал нөөцөөс хамааралт Олон үйлдэлт "Хэрэглээ" 
  • Энэ хэрэглээг урт наслах ёстой гэх "Ухаан" 
  • Цаашлаад хог хаягдалгүй байж бүрэн хэрэглэх "Зуршил" 
  • Байгаа зүйлээрээ бүхнээ болгох "Тархины хөгжил" 
  • Богино үгсээр олныг илтгэх "Үг ярианы онцлог" 
  • Сэтгэлгээнд тулгуурлаж бүтсэн "Харилцаа, тоглоом" 
  • Амар хялбар "орон гэр" 
  • Манай сийрэг хүн амтай тохирсон "Засаг ухаан"
Эрс тэрс уур амьсгалаас болж эд хадгалах боломжгүйг тооцсон, оюуны өвийг үлдээхийн тулд хэрэглэх болсон ам улбаалан дамжих "Цээжлэх ухаан" Эд бултаараа Монгол соёл юм.

Соёлын тухай ярьвал нэг жишээ авъя:

Морин хуур бол хөгжим мөн. Үүнийг Хятад хүн тоглож чадах уу? Япон хүн тоглож чадах уу? Бүрэн чадна, бүрэн боломжтой. Гэвч үүнийг ингүүлэхгүйн тулд хамгаалах учиг нь юу вэ? Япон хүн, Хятад хүн морин хуураар Япон, Хятад аялгууг эгшиглүүлэх учраас тэр cэтгэлгээний онцлог ондоо юм. Морин хуураар Монгол хүн морины янцгаахыг гаргана, жороог, давхиаг илэрхийлэхийг хичээнэ. Тэгвэл Хятад хүн морин хуураар буудайн шагшираа, цохны хиржигнээнийг дуугаргана. Энэ нь Хятад хүнд тааламжтай Монгол хүнд нийцэхгүй байх учиг нь Алтайн, Хангай, Жодоотны нутагт тариа шагширч, цох хиржигнэдэггүй. Япон хүн морин хуураар цагаан буудайн талбай нам гүм борооны дусал, далайн давалгаа давстай агаарыг илэрхийлдэг. Давстай агаар нь зөөлөн бөгөөд илэх мэт мэдрэгддэг. Монгол агаар нь хуурай ширүүн алгадах мэт мэдрэгддэг онцлогтой.

Энэхүү өөрийн мэдрэмжийг илэрхийлсэн Япон хүн Япон түмэндээ бишрэгдэнэ. Харин Монгол хүн тэр эгшигийг сонсвол морин хуур маань уйлах мэт сонсогдоно. Учиг нь хэтэрхий удаан хэмнэлтэй. Тэд уйлагнаж дуулдаг бид ульж дуулдаг. Учиг нь хатуу агаарт уйлагнаад байвал роолой бачуураад ульж дуулахаас аргагүй. Монголд их ярих тусам яригч хүний хоолой өвддөг. Хатуу агаарт ярих, дуулах хоолой амар хатдаг. Үүнтэй холбоотойгоор Монголчууд бид олон эгшигт бус олон гийгүүлэгчтэй хэлтэй. Долоон эгшиг, хорин долоон гийгүүлэгч байгаан учиг тэр. Үндэс саармаг арван гурван эгшигтэй. Саармаг эгшигийн учиг бол харьт хэлтнүүд манай Монголд нөлөөлсний мөр юм.

Тухайлбал: Узуур нь Манжаас болоод язгуур гэх болсон. Хумбан малгай нь Түргээс болоод “Юүдэн малгай” болсон. Элээ нь талын шүүрэгч шувуу. Түүний нэг төрөл “Илээ” шувуу нь хадны шүүрэгч шувуу утгатай боловч түүнийг Ёл шувуу болгосон нь Түргээс болсон гэх мэт. Ингэж авиа ондоошихоос авахуулаад үг эзэгнэх хүртэл нөлөөлсөн харийн үгс бий. Үг эзэгнэх нь Орос, Англи, Түвд, Хятад, Тангуд үгс гээд олон буй. Гэвч нэг том онцлог буй. Эдгээр харь үгнүүд язгуур үгнээс үргэлж хатуурч бахалгын орон зайд хэлэгддэг. Ингэж Алтай, Хангай, Жодоотны хатуу агаарт дасдаг.

Өмсөх хувцсан дээр жишээ авъя. Дээлийн онцлог: Алгадах мэт хүчтэй салхилах салхи нь задгай энгэрт цамцанд хормойлон орж өгссөөр захаар гарч уушигт цээжийг хатгаалах аюултай. Ялангуяа хавар намрын сэрүүн улиралд үүнээс болж ханиад томуу тусна. Ийм учир бид хуягийг заавал давхар зузаан энгэртэй, хормойгоос хүйтэн салхи өгсөхөөс сэрэмжилж бүсэлхийгээр бүслэнэ. Учиг нь Алтай, Хангай, Жодоотны салхи бүсэлхийнээс доош хүчтэй бөгөөд хүйтэн салхилдаг. Хуй угалз мэт эргүүлэг байдаг тул хүн, мод таарвал түүнийг ороон өгсдөг онцлогтой. Иймээс Монгол хүн доороосоо даарахыг цээрлэдэг. 

Зуны цагт жин буух гэх үзэгдэл байх тул газар огцом хүйтэрдэг. Хөл бас доод үеэр нимгэн байвал амархан өвднө. Монгол хүүхнүүд савны хий гэх доороос даарсан өвчнөөс зүс алдаж нуруу шархирч, хэвлий базалж, шээс суларч сарын хир өвдөлттэй ирж, тамир буурч даралт ихсэх болоод багасах өвчинд нэрвэгддэг. Монголчууд тосон хоол зонхилон хүртэх тул биеийн илч хадгалах давуу талтай боловч халуун, хүйтний харшилт цаг агаараас болж цусны бөглөрөл гэх өвчинд амар нэрвэгддэг. Ялангуяа бэлхүүс хэвлий доороос даарвал элэгний хатуурал гэх өвчинд нэрвэгдэнэ. 

Яагаад Монгол хүн Монгол нутагт Монголоороо байх ёстой юм? Яагаад Япон хүн Монголд нутагшихгүй, яагаад Америк хүн Монголд нутагшихгүй нь уул ус, узуур эс нь өөр болохоос тэр юм. Тиймээс Монголд амьдарюу хэмээвээс Монгол ахуйгаар сэтгэж Монгол заншлаа дагаж Монгол хувцсаа өмсөх хэрэгцээ байна.

Дээрээс нь Монгол хүн дээл хэрэглэхийн учиг нь: гэнэтийн учигт хурдан өмсдөг, хээр хөдөөд төөрлөө гэхэд хучих гэх зэрэг хэрэгцээнээс хөдөөний дүр төрх энэ оршино. Гэвч энэ дээл нь бороотой Япон, манантай Англид ер зохихгүй. Элсэн шуурга тавьж байдаг нутагт ер зохихгүй. Учиг нь дээлийг дулаан байхыг бодож хийдэг тул чийгэнд амар нэвчдэг тул чийгт оронд жиндүүлэх аюултай. 

Ахуйн хэрэгцээнээс болоод ханцуй уужуу байдаг тул ил задгай нүхүүдээр элс шороот нутагт элс шигэх аюултай. Монгол бол нартай газар. Тиймээс нарны саравчлагат тэргүүн нь үндсэн тэргүүн болно. Хааяа байгаль ээж аашаа хувиргаж салхиар ташуурддаг тул чихэвч заавал байдаг. Бороо орвол ус чийг авахуулахгүйн тулд ардаа шуудуутай залаатай байдаг. Хомбон буюу юүдэн малгай бороо ороход нүүр лүү ус оруулахгүйгээр, хойшоогоо хүзүү рүү урсаж захаар ус оруулахгүй, нуруу дагуулан гадуур нь ус гоожуулна. Нар гарвал урд саравчаа буулгана, хавсарга тавибал хоёр чихийг буулгана, бороо орвол араа буулгаж залаагаа унжуулна. Ингэснээр нуруугаа дагуулж урсгана гэх мэтчилэн Монгол аж ахуйд шалгарсан байна.


Дөрөв. Тархин Тусгаар Тогтнол

Дөрөвдэх нь Тархин тусгаар тогтнол. Сэтгэлгээний онцлог. Хүн бүр тэр тусмаа амьтан бүр тархитай. Амь бүр тархитай. Тэр тархинуудаас Монгол тархи юугаараа ялгаатай вэ?

-Монгол хүн хатуу ширүүн цаг агаар бэрх амьдралын улбаанаас тэвчээртэй тархитай болсон.
-Удаахдаа байгалийн хатуугаас таньсан мөнх бусыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хатуужилтай. 
-Гуравдугаар онцлог нь нарийн холбоотой орших байгаль дэлхийгээс сурсан уялдаа холбоотойгоор сэтгэдэг.

Цохьвол өвдөнө гэсэн сэтгэлгээтэй. Өвдөж байна гэдэг нь хохирсон гэдгийг мэддэг. Хохироосон юм чинь хохироосноо төлөх ёстой гэсэн араа харсан сэтгэхүйтэй. Үүнийгээ өөртөө гарамгай ашиглаж чаддаг. Тиймээс Монгол хүн амиа хичээдэг. Бусад хүний төлөө үхнэ гэж байхгүй ч өөрийн амин хайртай зүйлдээ амиа хайрладаггүй. Энэ амин хайртай зүйл нь хоёр зүйл бий. Нэгт өөрийн амь, Хоёрт өөрийн аминаас тасарсан нэгэн. Өөрөөр хэлбэл үхэл хоолой дээр чинь ирвэл хөдлөж чадна, үр болоод удамд чинь аюул ирвэл хөдлөнө. Бусад зүйлд хөдөлдөггүй.

Өөрийнхөө болоод үрийнхээ амийг маш их нандигнадаг. Амь бүхэн амиа хичээгээд хохирсон болгоноо төлүүлэн авч дийлвэл Төрд засагч байх хэрэг байхгүй. Чи хохирлоо, чамайг хохироосон хүн хохирлоо төлвөл тэнд зохицуулагч хэрэг байдаггүй. Энэ л сэтгэхүй нь цөөн Монголчуудыг өнөө хүртэл амьдруулсаар байна. Гэвч амин хувиа хичээх үзэл нь буруудах, хэтийдэх цагт тархи өөрөө өөрийгөө хянагч засагч болж бууж ирээд ниргэдэг. Энэ уялдааг байгаль дэлхийд амин сүнсээ сүлж МонТоБэМун бодис буюу хөх толбоор гаргаж авсан бөө үрсийг бидэнд хяналт болгож өвлүүлэн үлдээсэн.

Чи бөө болох болсон нь угтай гэж хэлүүлсэн нь, угаа ав гэж зэмлүүлсэн нь: Чи маш амин хувиа хичээсэн хүн болж төлөвшин тэр тархины дохио нь Тэнгэрт хүргэсэн гэсэн үг. БууЭрЭлүүд (Онгод, Буурлууд) бууж эхлээд чиний буруутсан тархийг засаад дараа нь чиний эргэн тойрон дахь буруу заяаг засдаг. Энэ бол Тэнгэр заяа, Тэнгэрийн хяналт. Тэгэхээр дохиогоо ажиллуулсан нь та нарын буруу. Хайр найргүйгээр шахаж, хохироож, тэмцэх гэсэн чиний гаргаж болох муу үйлдлээс урьтах гэсэн шалтгаанаар БууЭрЭлүүд бууж тархийг чинь засах гээд байнам. Маш их тэсвэртэй, дасан зохицох, амиа хичээх чадвартайгаараа Монгол хүний тархи нь бусдаас онцлогтой.

Монгол хүн хувьсамтгай. Энэ нь амиа хичээсэн зантай холбоотой. Би мундагаа гэх нь дасан зохицох чадамж өндөртэйгээс улбаатай. Энэ онцлогоос шалтгаалж Монголчууд үргэлж хүнээр хийлгэх гээд байдаг. Монгол хүнийг хичнээн тамалсан ч, зодсон ч тэсч үлдэх чадвартай. Гол нь мөд тасардаггүй буюу долоон голтой гэх үгийг сана. Өөрөөр хэлбэл эрүү шүүлт, амьдралын дарамтанд тэсвэртэй учиг тэр бүр амиа хорлох гээд байх нь үгүй. Ер нь бол тэмцээд байх тэмцэгч чадамжтайг хэлдэг. Хэрвээ Монгол хүн зовж байхад ямар нэг түүнээс гарах гох дэгээг ажвал уран ашигладаг. Мөн боломж гарч ирэхгүй байхад тэсвэрлэн хүлээж чаддаг. Энэ гурван чадамжаа ашиглаж чадахгүй бол Тэр Монгол хүнээ байж байгаан шинж. Бөө гэгээн тархи нь та нар буруу замаар будаа тээгээд бүр гаараад ирэхэд хяналтын тархи болж ирдэг.

Би болбоос Монгол хүнийг тагтаатай адил гэж боддог. Жижиг шувуудыг бодвол тагтаа хамгийн тэсвэртэй нь. Маш залхуу, тиймэрхүү бүдүүн хамхай шувуу. Хүч гээч нь өөрөө юу юм бэ? Чиний чадаж байгаа юмыг хэн нэгэн чамаас илүү чадаж байгаа хүн нь хүчтэй байдаг. Хүчинд туршлага хэрэггүй. Туршлага байвал яг чамтай адил хийнэ. Үйлдэл давтах учраас. Учиг нь хүч гэдэг нь чиний хийж байгааг чамаас ондоо төгс хийж чадахыг хэлнэ. 

Нэг хүн хүчтэй байдаггүй. Нэг хүнийг хүчтэй байна гэх хэм хэмжигдэхүүн байдаггүй. Учиг нь хоёр хүн өрсөлдөж байж ялсан нь хүчтэй гэж хэлэгддэг. Ганцаараа юм өргөж байхад хүч биш булчингаа дадалж байгаа дасгал юм. Харин өрөөл нэгэнд харуулаад магтагдан миалагдана гэдэг нь өөрөө хүч.

Хамгийн дээд хүч нь улсыг ичээхээр илэрнэ. Жишээ нь: Японд бөх барилдахад хамгийн том бөхийг давна гэдэг хамгийн их хүч юм. Гэхдээ Монгол аргаар биш Япон дүрмээр нь өөрсдийнх нь үйлдлийг төгс хийж давж чадахдаа хүч оршино. 

Хамгийн том ялагдал гэдэг нь өөрийгөө өмөөрөөд нэг ч үг хэлж чадахгүй, тэр тусмаа улсаа өмөөрөөд нэг ч үг хэлж чадахгүй мэдлэг дутахад юм. Ядахдаа нэг удаа нэг үгээр өөрийгөө, Монголоо, эцэг эхээ, эх нутгаа өмөөрч чадахгүй байна гэдэг бол гутамшигт ялагдал болно. Өөрийг чинь, Монголыг чинь гутаахад тэвчиж сонсоно гэдэг нь хамгийн их гутамшигт ялагдал юм. Тэрний оронд ялгадас цуглуулсан хонхор далайд сэлсэн нь дээр. Бохирын шуудуу, ялгадаст далайд сэлэх тэнэгийг чинь гайхсан ч тэр өөрөө чадахгүйдээ ядахнаа чиний эр зоригийг бахархана.

Хамгийн их бахархлыг мэдрэе гэвэл бусдаар хүлээн зөвшөөрүүлэх. Ялсаныг чинь бусад илэрхийлэх, "Чи ялжээ" гэж бусад чамд хэлэх тэр агшинд хамаг их бахархал хүчийг амтлана. Бусад нь чамтай өрсөлдөх санаагүй бол чи үнэхээр хүчтэй болжээ. Учиг нь чи тэдний тархинд боломжгүй зүйлийг сийлж чадсан. Дараагийн ялагдал иртэл чи дархлагдана. Гэхдээ цаг хугацаа орон зайд чи ялагдах нь гарцаагүй. Энэ бол тархи юм.



Тав. ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ.

Хил хязгаар, уул усаараа хэм хэмжээтэй
Соёл үйлдэгдэж болох орон зайгаар хэм хэмжээтэй
Үг баялгаар хэм хэмжээтэй

Гэвч тархи хэм хэмжээг тогтооход бэрх. Иймээс ЗАСАГ гэгчээр түүнд албадан хэмжихийг тогтоон өгдөг. Энэ бол засгийн тусгаар тогтнол. Зөвшөөрөх үйлдэлд хэм хэмжээ үгүй, чи сэтгэж байвал үйлдэнэ. Харин хохироож болохгүй орон зайг “засаг” тодорхойлж байдаг юм. Тархинд хязгаар тогтоож өгөх гурван арга буй.

1. Хориглох
2. Үлгэрлэх
3. Засах гурван арга юм.

Заавал есөн удаа уншаарай.

Аянгат.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.