Friday, October 5, 2012

2012.12.21-нд болох Түмэн Онгодын чуулганы тухайд


Хүн бүрийн анхаарлыг татсан 12 оны 12 сарын 21 гэх өдрийн тухайд миний амьдрал ингэж холбогдох ч гэж дээ. Блог уншдаг хүмүүс бол эртнээс мэднэ. Хааны Бөө нарт зориулсан айлтгалд бөөлөх цаг хугацааг 12 сарын 21 морин цагт гэж амбасан үед бичсэндээ.  Мөн зарим нэг ухвар мөчид хүний мууд дуртай хүмүүсийн захианд хариу болгон өгүүлэн Түмэн Онгодын чуулганы талаар өгүүлэн тайлбарлах боллоо.


Гурван гол зорилготой бөөлөөн болно.
Нэгд:  Хүн төрөлхтөн, дэлхийн сайн сайхны төлөө 1000 улаач, түмэн Онгод чуулах нь эв нэгдлийн бэлэг тэмдэг, энэрэл ухаарлын гэрэл гэгээ юм. 
Хоёрт: Хар Сүнсний Хаанчлалтай тэмцэн хар бүхний эсрэг бөөлнө.
Гуравт: Шинэ эринийг угтан шинэ амгалан амьдралын бэлэгдэл сайн сайхны төлөөх бөөлөө юм.

Зорилгуудын тайлбар.
      1. Алив нэг зорилгын төлөө хүмүүс эвлэлдэн нэгдэж алив нэг ажлыг зохион байгуулна гэдэг бол маш том ажил үйл явдал бөгөөд тэр хирээрээ нэгдэн нягтарч хамтарч ажиллана. Ялангуяа Онгод Тэнгэрүүд ч улаач нар ч нэгдэн өөр хоорондоо хаялга, атаархалгүй нэгэн үйлд зүтгэнэ гэдэг бол өөрөө маш нарийн зохион байгуулалт, дэг жаяг, анхаарал болгоомж, хариуцлага шаардах бөлгөө. Хэрвээ энэ хүмүүс өөрийн амар жаргал, тав тухаа бодвол дулаахан газар жишээ нь бөхийн өргөө мэт талбай томтой газар лам нар цуглан ном уншдаг шиг хийж болох, өвлийн хүйтэнд гадаа бөөллөө ч тав зургаан цаг бөөлөөд л болох бус уу.  Гэтэл хэнгэрэгийн дуу таслалгүй, гурван өдөр шөнө бөөлнө гэдэг бол агуу их зохион байгуулалт, их нарийн  хүнд хэцүү ажил юм.

Гурван өдөр нартай, сартай, харанхуй алинд ч нарийн зохион байгуулалттай бөөлнө гэдэг газарт байгаа биднээс их тэвчээр, ухаан шаардана.

Энэ бол шалгуур юм. Хөх Монгол үрс бөө нарынхаа ухааныг, тэвчээрийг шалгасан шалгуур гэж би бодож байна. Учир нь би ганцаар дөрвөн өдөр шөнөжин Буурлуудаа буулган бөөлж байсан түүх бий. Нэг балга ч ус уухгүйгээр бууж байсан билээ. Хугацаа дуусахад ам хатаж уруул омголтсон байснаас өөрөөр би их зовоогүй юмдаг. Улаач хүний хувьд энэ бол шалгуур энэ их үйлийг дааж давах нуу, Тэнгэрийн үйлдээ үнэнч байх нуу, махан биеэ бодох нуу гэх мэт олон зүйлийн шалгуур болно.

Амин хувиа боддог бөө ард олны төлөө, эх дэлхийн төлөө биеэ золиослон сэтгэл гаргаж чадах уу үгүй юу? Тэд хүн муулах, мэдэмхийрэхээс өөр ямар ч ажил хийдэггүйгээрээ онцлог. Гаргаад ирдээ үзье гэхэд ганц бүтээл үгүй. Харин түмний төлөө махан биеэ зовоо гэвэл сураг ч үгүй. Байгаль амьтай гэж ярих мөртөө мод баглан хадаг уяна, мод сугалж аван тахилга хийнэ.

Түмэн Онгодын Чуулган нь бид та бүхнийг даая та нар бидэнд мөнгө төл гэсэн биш, элдэв шоу уран бүтээл огт биш юм. Зөвхөн сэтгэл зүрхээрээ нэгдсэн, үр хойчдоо санаа зовсон, эх дэлхий газар шороогоо хайрласан бүхэн Тэнгэрийн даалгавар нэгэн үйлээ л гүйцэлдүүлэх энгийн боловч эгэлгүй нэг үйл нь болно. Энгийн гэдгийн учир нь Тэнгэрийн үйлийн нэгээхэн л хэсэг байнга л хийдэг үйл юм. Эгэлгүй гэдэг нь хоног хугацаа, цаг түүхийн эрин солигдох нь хүмүүний амьдрал бүрт таараад байдаггүй гайхамшигт ховор тохиол учир шинэ бүхнийг угтах сайн сайхныг бэлэгшээх агуу их үйл бөлгөө.

Бид сайн дураараа зөвхөн сэтгэл, итгэл, хайраар жигүүрлэн Тэнгэрийн үйлийг хийн, өвөг дээдүүдээ хүндлэн бишрэх агуу их сэтгэлийн бэлэг билээ.  Бидэнд элдэв нэр алдар огтоос хэрэггүй бөгөөд харин бидний нэрс сударт өвөг дээдүүдийнхээ нэртэйгээ, удмын бахархал болон бичигдэх болно.  Бид өөрсдийн удмын өвөг Дээдүүдийнхээ үйл хэргээр бахархдаг, шүтдэг, дээдэлдэг эгэл нэгэн улаач нар учраас яах гэж хүн болж төрөв, яах гэж улаач болов үүргээ ухамсарлан дуу хоолойгоо түгээх учиртай хүмүүс юм.

     2. Хар Сүнстэй байлдах. Хаан Дээдэс анх ирэхдээ л Хар Сүнснүүдтэй үзэгдэхгүй харагдахгүй цусгүй дайн хийнэ гэж байсныг унштугай. Бидэнд өвөг Дээдүүдийн маань сүнс залардаг билээ. Нэгэнт сүнс байдаг бол Хар нь бас байх нь тодорхой. Хар Сүнсүүд хүн төрөлхтөнийг эзэмдэн хар муу үйл болгонд уруу татан амиа хорлох, архидах, хэрүүл зодоон, тэмцэл, шунал бүхнийг дэвэргэн байгааг эрхбиш Бөө нэртэнгүүд байтугай Шарын Лам нар Христийн пастор нар ч мэднэ биз дээ.  Олон олноороо цугласан бөө нар маань энэ хар их эрчим Хар бүхнийг устгахаар хэц хэнгэрэгийн дуугаа хадаан, уухайн түрлэгээ уухайлан өдий болтол саад болж байсан дөнгө бүхнийг үлдэн хөөхөөр нэгдэн бөөлнө. Нэгхэн хүчтэн байгаад яах юм нижгээд хүчтэн байвал ямар их аугуу үйл хийх нь тодорхой.

    3. Шинэ мянган, оюун ухааны эринийг Монгол Бөө нар талархалтайгаар бахархалтайгаар хэнгэргээ нижигнүүлэн Хурайлан өлгийдөн авах болно.  Түмэн Онгодын баяр бахдал хөөрийг улаач үрс нь хамтдаа мэдрэн шинэ эриндээ эрч хүчтэй орж, ГЭГЭЭРЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ үйлсдээ шамдан ертөнц дэлхийд Тэнгэрийн ариун алтан судрын нууцыг дэлгэнэ дээ. Өвгөдийнхөө гутаагдсан нэрийг цэвэрлэн, тэдний агуу гайхамшигт оюун ухааны баталгаа болгоныг үрс болгон нь тал талаасаа авчирч дэлгэн нууц бүрийг тайлан, Монгол Суу Ухааныг дэлхийд таниулан хүн төрөлхтөн бидний өвгөдөөс суралцах эрин албан ёсоор эхлэх болно. Монгол хүний суу билэг Бөө Гэгээн Тархинд ертөнц сөгдөн мөргөх болно.

Ийм л зорилготой энгийн бөгөөд эгэлгүй Онгодын чуулган л болох учиртай. Энх тунх цагт энэ бүхнийг хийж чадах аваас 13 р зуунд үзүүлсэн өвгөдийн амжилтын нууцаас дөнгөж суралцах төдий эхлэл болж цааш цаашид бүр ч олноор ухааран ойлгон нэгдэн нягтарч улсаараа, тивээрээ, дэлхийгээрээ нэгдэн оюун ухааныг хүндлэн, билэг оюуныг дээдлэх эхний л нэгхэн элсэн ширхэг болно.  Элсэн ширхэгтэй зүйрлэн буйг сайн анхаараарай. Энэ чуулган бол энгийн нэг элсэн ширхэгний дайтай өчүүхэн төдий л ажил юм. Цаашид хийх гэгээрлийн их ажил олон олон улаач бөө Дэмч нарыг төрүүлэн Монголд минь Мөр нь Гүн Мөргүнүүд, цэцэн цэлмэг Мэргэнүүд, Ухаантан, Гэгээнтэнгүүд түм бумаараа төрөн гарах учиртай.

Сүүлийн үед хүмүүс дэлхий сөнөх нь гээд л их юм болж байгаа аж. Дэлхий сөнөх биш хүн төрөлхтөний тэнэг мулгуунууд сөнөх шинэ эрин юмсан. Гадны бүхнийг шүтэгчид, өвөг дээдүүдээ дорд үзэгчид, түүхээ гутаан доромжлогсод, мэдэмхийрэгсэд нүүр хийх газаргүй болтлоо ичих цаг нь ирнэ. Учир нь  ТОЛУЙ ХААНЫ ХАТАН СОРХАГТАНИ БЭХИ ХАТНЫ
ХӨХ МОНГОЛЫГ НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ ИХ ЗАСАГИЙН АЛТАН ДЭЭД ГЭРИЭ болон НИЙХЭМЭЭР БАДРААХ, ТӨРӨӨР БАДРААХ гэх мэт цуврал судруудын нууц тайлагдан батлагдаж алдар нь мандан түгэн дэлгэрэх болно.

Энэ судрууд амилан хүмүүсийг гэгээрүүлж, сувдаг шунаг бүхэн шившиг болох болно. Судрыг хулгайлан тайлсан нэр зүүгчид, судраас будаа идэн өөрсдийгөө магтагсад, судрыг ёс бус шуналаар ашиглагчид, судрыг мэдэмхийрэгчид, судрыг үгүйсгэгчид  Тэнгэрийн гэсхээлийг хүртэн нэр нь сэвтэж шившиглэгдэнэ.

Оюун ухааны шинэ эрин гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бодит байдлыг шүтэгчдэд хандахад Дэлхий ээж аль эрт л цэвэрлэгээгээ явуулж л байгаа. Маргааш л сөнөх гэнэ үү. Үгүй шүү аль эртнээс л сануулан ЭЗЭН ЭРХТЭЙ нь хэн бэ гэдгээ мэдрүүлэн Хүчит хар шуурга, Далайн догшрол Цүнами, Гал түймэрүүд, Дайн дажинууд, Газар хөдлөл, Шинэ өвчнүүдээр мэдрүүлж л байсандаг. Мэдрүүлсээр ч байх болно.

Гэтэл Монгол мангар үрс та нар яагаад газар хөдлөл, галт шуурга, усан далайн хамлагад автаагүйгээ Аз,  Өвөг Буурлуудын минь амиараа хамгаалж бидэнд өвлүүлсэн үнэт газар гэж мэдрэхгүй байна. Үгүй ядахдаа өвөл зуд болоход л дулаан байж тосч бэлд, давж гар гэсний төлөө судрыг зүхэн,  дуугарсан сануулсан бүхнийг үгүйсгэн цэцэрхэнэ вэ.  Арай гэж бариад амьдарч байсан гэрийг чинь цунами ирээд түрээд хөвүүлсэнгүй, хар салхи ирээд хамаад явсангүй, галт шуурга ирээд галдсангүй, газар хөдлөөд нураачихсангүй. Гэвч энэ зовлонг олон улсын ард түмнүүд мэдэрч үхэл хагацал, нулимсаар үддэг.

Монголчуудыг ажаад байхад чухам газар хөдлөнө, галт уул дэлбэрнэ гэх мэт гамшиг зовлон сонсох бүр л хотоос зугтаад ГЭР гэх шоовдорлуугаа л хошуурах юм даа. Яагаад гэвэл гэрийг нүүлгээд аваад явж болно. Нураад унасан ч дороос нь өндийгөөд гараад ирнэ.  Халуунд хамаг юмыг нь хүн шиг нимгэлээд л энд тэндээс нь шуугаад салхилуулна. Хүйтэнд бас дулаан хувцас өмсүүлээд л дотроос нь гал түлж болно. Чөөгийнүүд цугладаггүй далдын онцлогтой. Алга болсон ч  дахиад босгох боломжтой. Үнэ нь гайгүй гээд л магтаад байвал урсаад байх юм.  Үүнийг ХӨХ МОНГОЛЫГ НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ гээд байгаа юм даа нөхдөө.  Голсон юм голд орно гэж энэдээ.

Хав Харанхуй болж хамаг бүхэн хөлдөнө гэх сургаар л МОНГОЛ ГЭРЭЭ санах чинь НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ гэдэг чинь юм. Энэ бол уг судар өнгөрсөн үйл явдлын судар биш энэ цагийн зөгнөл болсон судар болох баталгаа. Урьдчилж мэдээд, Тосч бэлдээд Тэсч гарах гэдэг сургаал болбоос ХӨХ МОНГОЛЫГ НҮҮДЛИЙН СОЁЛООР БАДРААХ  судрын гол агуулга билээ. Байгалийн болзошгүй бүхэнд бэлтгэлтэй байн байгальтайгаа зохицон амьдрах нь чухал гэдгийг өвөг дээдүүд сургаал юундаа зориуд сануулан бидэнд хүргэсэн нь өнөө цагт болох энэ хөгийн үзэгдлүүдийг урьдчилж мэдээд тохуурхсан бизээ.

Төр Засаг нь яагаад өдий хүртэл судруудыг уншин судлан анхаарал тавихгүй, түмэн олонд суртчилахгүй дарна вэ. Тэгсэн хирнээ далайн чандаас ч юмуу газрын гаваас гарч ирэх гадаадын цэцэрхэгч бүрийг өөгшүүлэн биширч, зурагт радиогоороо яриулан, зулгуйдан тосч гүйн мөргөж  үг бүрийг нь үнэтэйг гайхан, унгас бүрийнх нь үнэрийн сайхныг магтана вэ. Айлаас эрэхээр авдраа уудла гэж мэнд мэлтийж амьд арзайх хамгийн сайн боломжыг өвөг дээдүүд маань л өвлүүлэн үлдээснийг санатугай.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.