Saturday, October 6, 2012

Түмэн онгодын чуулганы Тэнгэрийн дуудлага


2012 оны 10 сарын 06-нд 16 цагт айлтгав.
http://kiwi6.com/file/5d6u7zgsfi

Түмэн онгодын чуулганы Тэнгэрийн дуудлага

Эргэх энэ хорвоо дээр
Хөвсөлзөх энэ .... дээр
Түмэн олны амьдран ахуйд
Хар цагаан нь ээлжлэн байж
Хамаг төр нь тэгширдэг билээ
Наран саран ээлжилдгийн адил
Най тухлах цаг нь ирдэг


Хүмүүний энэ орчлон дээр
Хар бүхэн дэлгэрэх цаг нь байвч
Харыг ч цайруулах
Түмнийг ч нэгтгэх
Цаг нь бас л ирдэг юм
Түүний нэгэн адилаар
Цаг нь иржээ үрс минь

Сэтгэл зүрхээ нэгтгээд
Итгэл оюундаа зоригдол бий болгож
Түмэн олноо нэгтгээд
Их Монгол Улсаа
Эх дэлхийдээ зарлах цаг нь иржээ

Бөө гэгээн тархитнууд минь
Отог бүлээ засаж буйд чинь
Өргөн түмнээ гэгээрүүлэх гэж буйд чинь
Үнэхээр их талархаж байна

Нэгдэх цаг нь ирсэн бөлгөө
Нийлэх цаг нь ирж
Ганцаар яваад үйлэнд хүрэхгүй
Ганцаар зүтгээд оюун тань тунхаглахгүй

Өөрийн толгойтой
Өөрийн бодолтой
Ганцаар одлоо гээд
Нэгэн сэтгэлд үл нийцнэ

Нэгдэн нийлэх цаг нь иржээ
Нийт бүлээр улсаа байгуулъя
Нэгдэн нийлж төрөө босгоё
Их Монгол улсаа дэлхийдээ тунхаглая

Эх дэлхийн амин сүнс нь
Эргэх энэ орчлон дээрээ
Шаналан шаналан өвдөж байна
Эх дэлхийн өвчин шаналанг
Түмэнтээ нэгдэж тайтгаруулж өгье
Түмэн онгод нь чуулан байж
Эх дэлхийгээ эдгээн сэргээе

Мулгуу балчир үрсүүд
Энд тэндгүй будилж явна
Түүнийг нэгтгэх түмэн олон минь
Түүнийг нэгтгэх эрдэм шидэт төгс
Эрхэс хүчит бөө нар минь
Нэгдэцгээе

Хүч тэнхээгээ нэгтгэн уухайлж
Хүмүүн ардаа гэгээрэлд хөтлөе
Мэдвэл зохихуйн үнэнийг түгээж
Мэдсэн бүгдээ түмэндээ илгээе
Олон ард минь ойлгож ухаараач
Оюун бодлоо цэгцэлж цэгнээч
Яах гэж юуны төлөө Хэрхэн амьдрах гэж
Хүмүүн болж вэ?

Хүмүүн болсон эл заяандаа
Юу хийх гэж төрсөнөө ухаар
Үхэх төрөх нь үнэн бөлгөө
Амьдран орших нь үнэн бөлгөө
Амьдран оршихдоо хийсэн үйлээ
Тэнгэртээ түгээх шидийг олооч
Түмэн олон хүчит бөө нар минь
Хүч чадлаа гайхуулаад
Хүсэл зоригоо нэгтгээд
Эх дэлхийгээ аврах
Эх дэлхийгээ эмнэн эмчлэх
Тэр л хүчийг гайхуулан үзүүлээч

Бие биендээ үзүүлээд байгаа
Тэр л их шидээ
Эх дэлхийгээ энэрэн асрахад
Ашиглан гайхуулах хэрэгтэй бус уу
Их Монгол улсын нэгдэл
Энэ дэлхийг аврах бус уу

Отог бүлээр таран бутарлаа гээд
Их Монгол улс минь
Хаашаа одох вэ
Хаагуур гүйх вэ
Оюун бодлоо нэгтгэн байж
Орчих төрийг бадраая
Төр улсаа бадраан байж
Түмэн олноо цэгцлэе
Түмэн олноо цэгцлэн байж
Эх дэлхийгээ аврая

Харанхуй бүдүүлгийн туйлд төөрсөн
Гарах замаа үл олсон
Гашуун зовлонгийн туйлд унасан
Шаналан бүгдийг биенээс нь ховхлоё
Зовсон нэгэнд нь тусалсан
Түмэн олон бөө нар минь
Зовлонт ардынхаа үйлийн үрийг
Эх дэлхийн үйлийн үрийг
Энэ биеэрээ туулан яваа
Эгэлгүй шидэт бөө нар минь
Эрхэс тэнгэрээс заяасан
Эрдэм шидэт бөө нар минь
Хүч юугаа гайхуулаач
Өвөг дээдсийн хүчийг үзүүлээч
Эх дэлхийгээ тэнхрүүлэн тэтгээч
Хүмүүн ардаа нэгтгэн залаач
Оюун бодолд нь гэгээрлийг түгээгээч
Олон түмнээ залан удирдаач

Эд мөнгөнд шүтэх нь үгүй
Шид юунд нь шунал нь үгүй
Тийм л нэгэн сэтгэлтэй бөө нар минь
Оюун бодлоо нэгтгэн захирч
Газар дэлхийгээ доргитол бөөлөөч
Тэнгэртээ хүртэл хэнгэргээ нүдээч
Түмэн олноороо нэгдэн нийлье
Төгөлдөр энэ төрөө түвшитгэн хадгалъя
Ард түмэн нь төвшин амгалан бол
Ахуй төр нь төвшин амгалан
Энэ бие нь амар тайван бол
Эгэл төр минь амар тайван

Эх дэлхийн маань амин хэлхээ
Энүүхэндээ тасрах гээд байна
Тэнгэр эцгийн шаналан зовлон
Түмэн ардыг зовоож байна
Эх дэлхийн өвчин зовлон
Түмэн ардыг минь өвтгөж байна

Хайрлаа нь үгүй газар
Хайрлаа нь үгүй ус нь
Шүтээ нь үгүй төр нь
Шүүгээ нь үгүй түмэн
Их засаг хууль нь хаана байна
Эгэлгүй энэ төр нь хаана байна
Түмэн олны нэгдэл нь хаа байна
Төвшин төрийн амгалан нь хаа байна
Хэн үүнийг байгуулах вэ
Хийх үйл нь хаа байна
Тэнгэрийн тамгатай үрс нь
Хаагуур дэмий однов

Төрдөө зүтгэхийг хүсэх аваас
Зоригдол болгон биелүүлэх аваас
Тэнгэр эцгийн ивээлийг хүртэж
Газар эхийн шимийг хүртэж
Гайхамшигт энэ шидийг цуглуулж
Түмэн ардаа энэрэх
Түвшин амгаланд нь залах
Алдар нэр дуу уухайгаар
Аялгуулан байж эгшиглүүлэн байна
Эх дэлхийдээ эргэн залраач
Түмэн онгод нь дэлхийдээ залраач
Төгөлдөр их түүхээ бүтээгээч
Хан хурмаст нь үйлээ хийгээч
Хар лус нь дэлхийгээ цэвэрлээч
Олон түмэн ардын оюун бодлыг нь
Түмэн олон бөө нар минь
Гэгээрэлд нь хөтөлж айлдаач

Онгод бүр нь
Дээд тэнгэрийн дуу уухайг дуулсан бол
Их Тэнгэрийн зарлиг юуг
Эл совиндоо мэдсэн бол
Дуулсан мэдсэн бүгдээрээ
Нэгдэн нийлэхийг уриалж байна
Хар тийрэнг энэ дэлхийгээс
Ховх татан устгаж даръя
Хүч юугаа нэтгэе
Хүмүүн заяаг дээшлүүлье

Эх дэлхий дээр
Хүмүүн гэх заяа нь дордоод байна
Хүмүүн нь хүмүүнээ байхаа байж
Сэтгэл зүрх нь шаналж байна
Хүмүүн нь адгуус болж
Хүн нь хүнээ барьж байна
Хүн нь хүнээ хөнөөж байна

Гэгээрэл үгүй хижүүд нь
Энд тэндгүй гүйлдэж байна
Тархи оюунд нь гэгээрлийг түгээгээд
Хар сүнсийг нь ховх татъя
Хар тийрэнгийн үйлийг нь тасалж
Эзэн биеийг нь гэгээрүүлье
Эзэн сүнсийг нь биенд нь залъя

Тэр л үйлийг хийх хүмүүс
Хар тийрэн орших газаргүй
Хүмүүний маханд зүтгэх чадалгүй
Хүчин мохос болох бус уу
Түмэн ардын гэгээрэл нь энэ бус уу
Түмэн ардын гэгээрлийг бий болговоос
Эх дэлхий маань хар тийрэнгээс ангижрах болно
Түүнийг хэн хийх вэ
Түүнийг хэн хийнэ гэж хүлээнэ вэ
Хүч чадлаа мэдэрч буй бол
Цээжээ дэлдэн Монгол үр гэдгээ мэдэж буй бол
Хөх толбот Дээд Тэнгэрийн үр гэдгээ мэддэг бол
Түмэн онгодоо чуулуулан байж
Түмэн ардаа нэгтгэн байж
Их үйлэндээ нэгдэн зүтгэе
Ард олноо нэгтгэн тэтгэе

Сэтгэл зүрхийг нь дагуулан байж
Төрөө дээдэлдэг түмэн больё
Төр улс нь ард иргэдээ
Айх аюулгүй энх тунх
Өвдөх өвчингүй шаналах зовлонгүй
Шорон үгүй төрийг байгуулъя
Төвшин амгаланг тунхаглан зарлая
Эл үйлийг зорилго болгоё
Зорилго болсон үйлэндээ нэгдээч
Отог бүлүүд олноор нэгдээч

Түмэн олон бөө нар минь
Андын журмаа эргэн санаач
Анд барилдан эргэн нэгдээч
Хийсэн үйлээ эргэн уучлаач
Өссөн занасан тэр л хонзонгоо дарж айлдаач
Санасан өсөө тайтгаруулж
Эл цагаасаа хойш түмэн арддаа зүтгэх
Их үйлэндээ нэгдэн айлдаач

Улаач үрсээ ухааруулж өгөөч
Улаач үрс нь андын тангараг тавилцаач
Андын журмандаа нэгдэлцээч
Анд болон биесээ тэтгэж
Анд болон биесээ дэмнэж
Түмэндээ нэгдэж
Төгөлдөр их улсаа байгуулаач

Урд цагийн андын журам барилдсан
Өвөг дээдсээ эргэн санаач
Өс хонзонгоо даран айлдаач
Эрхэс тэнгэрийн дор нэгдэн нийлээч
Тэнгэр эцгийг ганцыг мэдрээч
Дэлхий ээж маань ганцханг мэдрээч
Наран эцэг маань ганцханг ухаараач
Саран эжий маань ганцханг мэдээч
Ганцхан бүгдийн дор нэгдэн нийлье
Тэр бүхний төлөө нэгдэн уухайлъя

Их Монгол улсаа
Дэлхийд тунхаглан уухайлъя
Эрдэм чадалт үрсээ
Дэлхийд гайхуулан оршооё
Эх дэлхийдээ орон зайгаа эзэгнүүлэн төрье
Балчир үрсээ эрдэм юунд нь сургаж айлдая
Өндөр дээд буурал өвгүүдээ
Дуудан дуудан биедээ залаач
Өндөр дээд өвгөд буурлуудаа
Энэхэн оюундаа оршоон тогтноогооч

Түмэн олон бөө нар минь нэгдэхийг уриалж байна
Их Хаант төрөө эргэн мандуулъя
Эх дэлхийн харыг Хаант засгаараа даръя
Буруу явсан бүгдийг нь
Будилж төөрсөн бүгдийг нь
Нэгэн замд нь чиглүүлэн айлд

Эрдэм шидэт бөө нар минь
Эрхэс төр дороо
Их хаан дороо нэгдэн нийлье
Дуу уухайгаа нэгдэн уухайлъя
Уухайн түрлэгт төрөө санаач
Уухайн түрлэгт баатар жанждууд маань хаа байна
Төр улсаа төвшитгөх
Түмэн олон мэргидүүд маань хаана байна

Эрдэм чадлаа гайхуулаад
Эл төрөө засахаар
Балчир улаачаа хатгаад
Балчир улаачаа дагуулаад
Гараад ирээч мэргэдүүд минь
Гараад ирээч
Ихэс дээдсүүд минь
Хаа байна тэр Ихсүүд
Хаа байна тэр мэргэдүүд
Сургаал айлддаг өвгөд маань хаана байна
Суу билгээ түгээсэн эрдэм мэдлэг оюун ухаан төгс
Өвгөд минь хаана байна
Гараад ирээч

Улаач үрсээ дагуулаад
Эрдэм чадлаа өвлүүлээд
Эх түүхээ сэргээгээд
Хаант төрөө мандуулаад
Хачин ихээр шидээ ахиулаад
Хачин ихээр оюунаа гайхуулаад
Мэдлэг чадвараа гайхуулаад
Улаач үрс нь гараад ир
Бөө нар минь гараад ир
Нэгдэн нийлье түмэн минь
Их улсаа бүтээн залъя
Эх дэлхийгээ нэгтгэн аврая
Энэ биеэ үл хайрлая

Улаач үрс бүр сонордоцгоо
Эх дэлхий Их Монгол улсынхаа төлөө
Алдхан биеэ бүү хайрла
Их Монгол улсаа байгуулахаар
Эх дэлхийгээ байгуулахаар
Алдхан биеэ хайрлалгүй зүтгэсэн тэр л улаачийг
Тэнгэр нь түшээд авна
Алдхан биеэ бүү хайрла
Ахуй төр минь бүү алдраг
Төвшин биеэ бүү хайрла
Төр улс минь түвшитгэн тогтног
Ухаарцгаа улаач нар минь
Ухаарцгаа бөө нар минь
Өвөг дээдсээсээ асууж нэг хайрла

Эгэл ардын заслыг хийж
Эгэл ардыг иллэг барьж
Өвчин хуучаас нь зовлон бүгдээс нь салгалаа гээд
Төр улс маань засагдах нь хаа байна
Түмэн олон маань гэгээрэх нь хаа байна

Үйлээ нэгтгээд зорилгоо биелүүлээд
Зорилгоо нэгтгээд нэгэнтээ зүтгэвэл
Түмэн ард маань дагах бус уу
Үйл хэргээ нэгтгэх бус уу

Ухаарцгаа олон бөө нар минь
Ухаарцгаа зайран удгадууд минь
Дээдийн дээдийг буулгасан
Өвгөд дээдсээ хүндэлдэг
Өвөг дээдсийнхээ оюуныг дээдэлсэн тэр л улаач
Хүчирхэг бөө нарыг
Нэгдэн нийлж хүчээ гайхуулж
Төр улсаа дэлхийдээ тунхаглах
Тэр л чадалтай бүхнийг дуудаж байна

Чадна гэдэгтээ итгэж байвал гараад ир
Нэгдэнэ гэдэгтээ итгэж байвал
Эзэн Хаандаа нэгдэн зүтгэе
Тэнгэр эцэгтээ нэгдэн зүтгэе
Түмэн онгодоо дэлхийдээ залъя

Хайрлахгүй байна уу энэ дэлхийгээ
Харамсалтай бус байна уу энэ төр чинь
Харамсаж байвал гараад ир
Хайрлаж байвал зүтгээд ир
Чадал юуг чинь үүнд л сориё
Эрдэм юуг чинь түүнд л шалгая
Эрдэмтэй чадалтай бүхэн
Цээжээ дэлдэх бүхнийг дуудаж байна
Дуу уухайгаа нэгтгэж
Эх дэлхийн төлөө
Хар сүнснүүдийг дарахын төлөө
Аян дайндаа уриалан дуудъя
Ахуй төрөө засан засаглая
Түмэн олон минь нэгдэн нэгтгэе
Төр улс минь мандан бадраг
Түмэн олон маань
Төрдөө зүтгэг.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.